Showing posts with label Кино. Show all posts
Showing posts with label Кино. Show all posts

Monday, March 09, 2020

АЗ ЖАРГАЛ



“Амьдрал нулимсанд дургүй” гэж монголоор гаргадаг киноны энэ нэг хэсэгт би дуртай. Олон гоё хэсэг бий л дээ. Гошагийн гутал руу хардаг хэсэг, архи хундагаладаг хэсэг гэх мэт. Гэхдээ энэ хэсэг л их аятайхан санагддаг. Александрагийн найз залууг хуучин найз залуу нь хэдэн залуутай нийлж дээрэлхээд байгааг сонссон Гоша найзтайгаа ирж тусалдаг. Энэ Александрад багадаа хальт шохоорхол зарлаж байсан даа. Хараад л баймаар сайхан эмэгтэй.

***

- Ээжид хэлэх үү?

- Хэрэггүй дээ.

- Хэлмээр санагдаад байна аа. Та ёстой жинхэнэ эр хүн юм.

- Байдаг л эрэгтэй шүү дээ. Халамжлах бас шийдэмгий байх бол эр хүний л хийх ёстой ажил. Эмэгтэй хүнийг хоол унд хийдэг гээд магтан дуулаад байдаггүй биз дээ?

- Би бол хоолонд таг шүү.

- Яах вэ, заагаад өгчихнө.

- Гога, та үргэлжлүүлээд суралцъя гэж бодож байгаагүй юу?


- Яах гэж?

- Та сайн дарга болох ч байсан юм бил үү.

- Яах юм, хүн болгон дарга болох албатай юм уу?

- Албагүй л дээ, гэхдээ бүгд л хүсдэг.

- Ромд нэг тийм хаан байсан юм. Диоклетиан гээд. Эзэнт гүрнийхээ ид цэцэглэн хөгжиж байх үед эрх мэдлээсээ татгалзаад, хөдөө явчихсан гэдэг юм. Эргэж ирээч ээ энэ тэр гэж гуйцгаахад нь “Миний ургуулсан байцааг харсан бол намайг ятгах гэхээ болино доо, та нар” гэж хариулсан гэдэг.

- Тэгээд хариагүй юм уу?

- Хариагүй ээ. Гэхдээ түүхэнд мэдэгдэж байгаа ганц тохиолдол нь энэ байх л даа.

- Та тэгэхээр байцаа ургуулах сонирхолтой байгаа юм биз дээ?

- Би дуртай юмаа л хийх сонирхолтой байна. Хүмүүсийн хошуураад байгаа юм руу, эсвэл хийх ёстой, ашигтай гэж бодсон юмыг биш. Би ажилдаа дуртай, намайг очихоор хамаг юм хөдөлж эхэлдэг болохоор. Найзууддаа хайртай, хэзээ ч уйддаггүй, үргэлж шинэ байдаг болохоор. Ээжид чинь хайртай, яагаад гэвэл... яагаад гэвэл хайртай болохоороо л тэр. Юундаа инээгээд байгаа юм?

- Тантай ч уйдахгүй юм аа. Тэгэхээр та хамгийн аз жаргалтай хүн байх нь ээ?

- Яг ч гүйцэт жаргалтай биш юм аа. Одоо ганц аяга ундаа уучихвал хамгийн аз жаргалтай хүн болох гээд байна.

Монголчлон бантагнасан Д.Цогчулуун
2020.03.09

Зургийн эх сурвалж: https://kino.rambler.ru/actors/43738429-kak-segodnya-vyglyadit-aleksandra-iz-filma-moskva-slezam-ne-verit/

Бичлэгийн хаяг: https://www.youtube.com/watch?v=WbNrLyrhI9I


Tuesday, March 03, 2020

ЯМХ ЯМХААР



“Монологийг монголчлох аян”-ы ээлжит бичвэр. Аль Пачиногийн олон сайхан дүрүүдийн нэг болох дасгалжуулагч Тони Д'Аматогийн үгийг энд тэндхийн олон бичлэгт ашиглаж харагддаг. Багийнхныхаа урам зоригийг хурцлах энэ үгийг монголчилъюу гэж бодов.

***

Юу гэж хэлэхээ би сайн мэдэхгүй байна. Та бид мэргэжлийн замналынхаа хамгийн том шалгуурын өмнө ирлээ. Одоо зайлах аргагүй, багаараа хамтдаа сэхнэ эсвэл унана. Ямх ямхаар, дайралт нэг бүрээр эцсийг нь тултал үзнэ. Та бид яг одоо тамд байна. Ингээд балбуулж нүдүүлээд байгаад байж болно эсвэл тулсан саадыг сөрөн дайрч гэрэлд гарч болно. Хамтдаа ямх ямхаар мацаад гарч чадна.

Би та нарын өмнөөс хийж чадахгүй, дэндүү хөгширсөн байна. Залуус та бүхнийг ингээд тойруулж хараад, өөрийгөө өдий насны хүний хийж болох хамаг буруу сонголтуудыг хийснийг бодож сууна. Хамаг мөнгө төгрөгөө үрэн таран хийгээд, хайртай дотнын гэсэн хүмүүсээ бүгдийг нь өөрөөсөө хөндийрүүлчихэж. Одоо бүр толины өмнө зогсож өөрийгөө харахаас ч зүрхшээх болсон байна.

Хөгшрөхийн хэрээр амьдрал чамаас байгаа бүхнийг чинь булааж эхэлдэг. Хорвоогийн жам тэр. Энийг зөвхөн алдаж байж л ухаардаг. Амьдрал бол яг л хөлбөмбөг шиг ямх зайн төлөөх тэмцэл юм гэдгийг та нар ойлгоно. Учир нь амьдралд ч тэр, хөлбөмбөгт ч тэр алдаа гаргах боломж маш бага. Хагас алхам илүүдэх юм уу дутуудахад хамаг юм зөрөөд явчих үе бий. Бас хагас агшин эртдүүлэх юм уу хоцроход л барьцгүй болж алдах нь ч бий. Бидэнд ус агаар мэт хэрэгтэй эдгээр ямх ямхууд бидний эргэн тойронд байна. Тоглолтын агшин, хором бүрийг эдгээр ямхын чинээ зай бүрдүүлж байдаг. Бүгдээрээ хамтдаа энэ ямх зайн төлөө тэмцэх ёстой. Хамаг биеэ дайчлаад, бусдыгаа түлхээд ч болов зүтгэх хэрэгтэй. Яагаад гэвэл ямхын төдий энэ зай бүгд нийлээд ялах, ялагдахын зөрүү, үхэх сэхэхийн зааг болдог.

Энэ ямх зайн төлөө үхэн хатан зүтгэдэг хүн ялан дийлдэг гэдгийг би баттай хэлэх байна. Өөрийнхөө төлөө ямх зайг ч алдахгүй зүтгэж байвал чи амьдралд урагшилж чадах болно. Амьдрал тийм л байдаг, улаан нүүрэнд тулаад ирснийг дайраад гарах ёстой. Та нарыг би зүтгүүлж чадахгүй. Харин та нар хажуудаа зогсож буй залуус руу хар. Мөр зэрэгцээд энэ ямх зайн төлөө тэмцэхэд бэлэн хүмүүс харагдаж байгаа байх. Чиний төлөө, багийн төлөө хамаг чадлаа шавхан дайчлах хүмүүс харагдаж байгаа байх, чи ч бас тэдэнд тэгж харагдаж байгаа. Баг гэж тийм байдаг, хамтдаа сэхнэ, чадахгүй бол ганц ганцаараа үхэцгээнэ. Хөлбөмбөг гэж ийм байдаг, ийм ч байх ёстой юм. Одоо тэгэхээр, та нар яамаар байна?

Монголчлон бантагнасан Д.Цогчулуун
2020.03.03

Зургийн эх сурвалж: https://twitter.com/espn/status/1076519003504427008

Бичлэгийн хаяг: https://www.youtube.com/watch?v=_b7bgtu2O4E


Sunday, March 01, 2020

ИХЭНХ ХҮҮХНҮҮД ТЭГДЭГ



“Монологийг монголчлох аян”-ы ээлжит бичвэр. За сүүлийн хэдэн бичвэр ч дээ, монолог гэхээсээ илүү диалог тал руугаа л хэлбийчихлээ. Ганцаараа ярихаар моно, хоёулаа ярихаар диа гэдэг бол гурвуулаа ярилцахыг юу гэх вэ? Триалог гэх үү, хаха.

Өнөөдрийн диалог бол романтик инээдмийн кинонуудын дунд гэрэлт цамхаг болон мөнхөрсөн хэсгүүдийн нэг билээ. Харри Саллитай танилцсан тухай гардаг киноны хамгийн алдартай гэж болох хэсгүүдийн нэг л дээ. Мэг Райан, Билли Кристал хоёр. Салли хүүхнүүдийн тухай, Харри эрчүүдийн тухай ярилцдаг. Тэр сүүлд гарч байгаа эгээ бол найруулагчийн ээж.

***

Салли:
- Чамтай орооцолдоогүйдээ би баярлаж явдаг шүү. Тэгсэн бол өврөөс нь өглөөний гурван цагт гулгаж гараад гэртээ харьж шилээврээ ч юм уу цэвэрлэнэ гээд явдаг хүүхнүүдийн чинь нэг болох байсан биз. Ядахад танайд ил зуух байхгүй. Байгаа үгүй нь ч надад хамаагүй л дээ.

Харри:
- Чи юундаа бухимдаад байгаа юм бэ? Ямар чиний тухай яриад байгаа биш.

- Мөн. Чи бүх эмэгтэйчүүдийн өөдөөс ингээд зогсож байна. Би эмэгтэй хүн.

- Надад ч нэг их таатай санагддаггүй. Гэлээ гээд гомдож уйлаад байгаа хүн сонсогдохгүй л байна.

- Тэгэлгүй яадаг юм. Юу юугүй хаалгаар гараад явчихаар яаж сонсож амжих юм.

- Цагийг гайгүй сайхан л өнгөрөөдөг гэж би бодож байгаа.

- Яаж мэдэж байгаа юм?

- Яаж мэдэж байгаа юм гэсэн чинь юу гэсэн үг юм? Мэдэлгүй яадын.

- Тэд нар яадаг болохоор уу?

- Тийм ээ, яадаг болохоор нь.

- Тэднүүсийн жинхэнээсээ яаж байгаа үгүйг нь чи яаж мэдэж байгаа юм?

- Юу гэх гээд байна аа, тэднүүсийг худлаагаасаа дур тавьдаг гэх гээд байна уу?

- Магадгүй.

- За зайл аа.

- Яасан? Хүүхнүүдийн ихэнх нь ядаж ганц юм уу хоёр удаа дүр үзүүлдэг.

- Тэгвэл надтай л лав дүр үзүүлээгүй.

- Яаж мэдэж байгаа юм?

- Мэдэж л таараа.

- Өө, нээрэн тийм. Мартчихсан байна. Чи чинь эр хүн шүү дээ.

- Наадах чинь юу гэсэн үг юм?

- Юу ч гээгүй. Зүгээр л бүх эрчүүд өөрт нь тийм юм болж байгаагүй гэдэгт итгэлтэй байхад ихэнх хүүхнүүд дор хаяж ганц хоёр удаа тэгж байсан гэхээр та өөрөө тоолоод үзэхгүй юу.

- Намайг арай ялгаж чадахгүй гэж бодоод байгаа юм биш биз дээ?

- Чадахгүй ээ.

- За зайлаарай.

- ... [Салли дур ханаж байгаа дүр үзүүлж эхэлнэ.]

- Зүгээр үү?

- ... [Салли үргэлжлүүлэн “Тийм ээ, тийм ээ, бурхан минь, яг тэнд, бурхан минь” гэхчлэн чангаар ширээ балбаад орилж гарна]

Саллиг нүд салгалгүй ширтэж байсан үйлчлүүлэгч:

- Тэр эмэгтэйн идэж байгаагаас авъя.

Монголчлон бантагнасан Д.Цогчулуун
2020.03.01



Зургийн эх сурвалж: https://www.imdb.com/title/tt0098635/

Бичлэгийн хаяг: https://www.youtube.com/watch?v=6pQgbEEFPq0

Сонирхуулахад флашмобчид энэ хэсгийг дуурайжээ: https://www.youtube.com/watch?v=shC016PnxPs

БАЯРТАЙ, ХҮҮ МИНЬ



“Монологийг монголчлох аян” хэмээх буруу нэрт аяны ээлжит бичвэр. “Би хорин настай” гээд Марлен Хуциевын киног Мэндээ найзын санал болгосноор үзэж байж билээ. Киноноос хамгийн дотно үлдсэн хэсэг энэ аав хүү хоёрын яриа. Сая Tathagata хэмээх Мэндээ ахиад л санал болгохоор нь монголчлохоор зориглов. Миний орос хэл тийм ч сайн биш тул харилцан ярианы амийг нь тасалчихаагүй байгаа даа гэж зовох маягтай.

***

- Сууж бай. Чи бүр ийм том болжээ. Энэ гэргий чинь үү?

- Үгүй ээ, дүү.

- Дүү гэнэ ээ? Нэр нь хэн билээ?

- Верка.

- Вера. Эх чинь хаачаав?

- Жижүүртэй байгаа.

- Чи бас ажиллана биз?

- Тийм ээ.

- Ийм хоёр хүүхэдтэй болчих юм гэж ерөөсөө бодож байгаагүй шүү. Чи намайг санадаг уу?

- Та арай хөгшин байсан шиг санадаг. Та нар бүгд л тийм байсан даа.

- Биднүүс яг л та нар шиг байсан шүү дээ.

- Таны ирсэн их сайн боллоо.

- Юу болоо вэ? Надад хэлж болох уу?

- Болно оо. Та надад олон юм тайлбарлах хэрэгтэй байна.

- Би юу тайлбарлах гэж...

- Бүгдийг нь. Танаас өөр хэнд ч тан шиг ингэж итгэхгүй. Зөвлөлдөх хэрэгтэй байна, яг одоо танаар маш их...

- Аяархан. Найзуудыг минь сэрээчих нь.

- Тэд амьд юм уу?

- Мэдэхгүй ээ, надаас өмнө алуулсан улсыг л харуулж чадах байна. Түүнийг, бас түүнийг. Бүгдийг нь өглөө их эрт, таван цагийн довтолгооны үеэр алчихсан.

- Харин таныг?

- Намайг маргааш нь, бас л өглөө, бас л довтолгооны үеэр. Шөнө нь бороотой байж билээ, намар л даа.

- Аймаар байсан уу?

- Аймаар. Ой дундуур “Ура” гээд л гүйцгээж байлаа, найзууд хажууд энд тэнд унацгаагаад л, бид огт зогсохгүй цаашаа гүйгээд л. Ойд угаасаа хэцүү, хаанаас буудаад байгаа нь мэдэгдэхгүй.

- Та мэдсэн үү, таныг...

- Мэдээгүй ээ, амьд гарах байх л гэж бодож явсан. Дараа нь ойлгосон, гүйцээ. Хүмүүс цаашаа гүйлдээд л, хэн нь гүйцэт гүйснийг ч мэдэх юм алга.

- Харамсалтай юм аа, цаг бага байдаг.

- Тийм ээ.

- Бид уулзана гэж мэдэж байсан. Уулзах нь гарцаагүй байсан. Тантай ингээд ярилцахсан гэж, маш олон юмны тухай, чухал юмсын тухай, хамгийн чухал юмсын тухай ингээд ярилцах юмсан гэж би үргэлж хүсдэг байсан. Ойлгож байна уу?
- Тийм ээ.

- Хүмүүстэй зөндөө л ярьж байсан, гэхдээ ингээд өөрийн дотно хүнтэйгээ ярихыг хүссэн зүйлсийнхээ тухай ярих эрх надад байсан биз дээ.

- Надад ч бас байсан, тэгэх боломж ганц ч гарсангүй.

- Миний буруу бий гэж үү?

- Надад ч бас буруу байхгүй, надад сонголт байгаагүй. Би чиний төлөө үүнийг тулгая.

- Харин би таны төлөө. Тэр үед тантай зэрэгцээд явж байхсан.

- Хэрэггүй ээ.

- Тэгвэл юу хэрэгтэй гэж?

- Амьдрах.

- Яаж амьдрах? Яаж?

- Чи хэдэн настай билээ?

- 23.

- Харин би 21.

- ...

- За би явлаа.

- Явлаа гэж үү?

- Тийм ээ, явалгүй болохгүй нь. Нөхөд минь хүлээж байна.

- Аав аа.

- Үүрд баяртай. Удахгүй өглөө болох нь, чи ажилтай биз. Чамд атаархаж байна аа. Яг одоо Москвагийнхаа гудамжаар явахыг л маш их хүсч байна. Энэ дэлхийн хот, манай дэлхийн хамгийн гоё хот. Үүрд баяртай, хүү минь. Жил ирэх тусам бид хоёрын насны зөрүү холдоно. Чи надаас хөгшин болно. Чамд эх орноо захиж үлдээе. Бас миний хүн чанар чиний өмнө эцсээ хүртэл цэвэр ариун хэвээр. Чи харин өөрийнхийгөө заавал, сонсож байна уу, заавал цэвэр байлгах ёстой. Амжилт хүсье. Намайг битгий мартаарай, за юу?


Монголчлон бантагнасан Д.Цогчулуун

2020.03.01

Зургийг ютүбын бичлэг дээрээс татав. Бичлэгийн хаяг: https://www.youtube.com/watch?v=2Tq3NftpxLo


Saturday, February 29, 2020

ХАЙР



“Монологийг монголчлох аян”-ы ээлжит бичвэр. Нэг аймаар поп пост явсаан. Тэсэн ядсаар үзсэн Интерстелларыг шинжлэх ухааны баримтат кино биш шүү гэж сануулсан явдал энэ яриагаар ингэсгээд эхэлсэн байдаг юм. Күпер Бранд хоёр хайрын тухай ярив.

***

- Чи чинь эрдэмтэн хүн шүү дээ, Бранд.

- Яг тийм болохоор миний хэлэхийг сонс, хайр гэж бидний бодож олсон зүйл биш. Ажиглах боломжтой, хүчирхэг. Ямар нэг утга учиртай байх ёстой доо.

- Тийм ээ, хайр утга учиртай. Нийгмийн хэрэглүүр, нийгмийн холбоо, хүүхэд шуухад өсгөх гэх мэт.

- Өөд болсон хүмүүсээ бид хайрладаг шүү дээ. Тэрэнд ямар нийгмийн хэрэглээ байна?

- Ямар ч алга.

- Магадгүй бүр том утга учиртай байх, бидний ойлгож ухаарч амжаагүй ч юм уу. Магадгүй бидний мэдэрч ойлгож чадахгүй дээд түвшний хэмжээсийн эд өлөг, ул мөр ч юм бил үү. Би гэхэд хэдэн арван жил хараагүй хүндээ ертөнцийн нөгөө мухраас тэмүүлж байдаг, тэр хүн маань бараг л өөд болсон ч байж магадгүй. Бидний мэдэж байгаа цаг хугацаа, орон зайн хэмжээсийг туулаад гарах чадалтай ганц зүйл бол хайр л байна. Бүрэн ойлгож чадахгүй ч гэсэн үүнд л итгээд үзэх ёстой ч юм бил үү. Тийм ээ, Күүпер. Яг тийм. Волфыг ахиад ганц удаа харж ч магадгүй гэж бодохоор сэтгэл минь хөдөлж байна. Гэхдээ тэглээ гээд миний буруу гэсэн үг биш шүү дээ.

- Үнэнийг хэлэхэд, Амелиа минь, тун магадгүй юм шүү.

Монголчлон бантагнасан Д.Цогчулуун
2020.02.29

Зургийн эх сурвалж: https://gramho.com/explore-hashtag/ameliabrand

Бичлэгийн хаяг: https://youtu.be/L2Brm4g4HPU


Friday, February 28, 2020

АХИЦ



“Монологийг монголчлох аян”-ы ээлжит бичвэр. Хүний махан хүнстэй, хүрэл чулуун зүрхтэй доктор Ханнибал Лектертэй анх танилцаж байсан хэсгийг монголчлохоор зориг шулуудан орвай. Кларис Старлингийг дагаад тэр камер луу очиж билээ.

***

Хуяг: Цаашаа яваад сүүлийн камерт байгаа. Баруун талаа бариад яваарай. Би танд сандал бэлдсэн.

Кларис: Баярлалаа.

Хуяг: Би таныг харж байх болно. Та чадна аа.

Харанхуйгаас: Надад чиний ал үнэртэж байна.

Др. Лектер: Өглөөний мэнд.

Кларис: Доктор Лектер. Намайг Кларис Старлинг гэдэг. Тантай ярилцаж болохсон болов уу?

- Жак Кроуфордынхны нэг байх гэж бодож байна.

- Тийм ээ, би тэдний нэг.

- Таны үнэмлэхийг харж болох уу?

- Мэдээж.

- Ахиад жаахан ойртуулаач, ойрхон. Долоо хоногийн дараа хугацаа нь дуусах юм байна. Холбооны мөрдөх товчооны жинхэнэ ажилтан биш юм аа?

- Би... Би академийг дүүргэж амжаагүй байгаа.

- Жак Кроуфорд над руу сонсогч явуулжээ?

- Тэгсэн. Би сонсогч. Танаас суралцах гэж ирсэн. Тэгж чадах үгүйг минь та өөрөө дотроо шийдчихэж болох уу?

- Таны хувьд ялимгүй эгзэгтэй л юм боллоо, агент Старлинг. Та суугаач. За, тийм байж. Миггс чамд юу гэж хэлэв? Яагаав энэ хажуугийн камерын “Давтан Миггс”. Чам руу архираад байх шиг байсан. Юу гэж хэлэв?

- Тэр “Надад чиний ал үнэртэж байна” гэж хэлсэн.

- Аан тийм үү. Надад бол үнэртэхгүй байна. Та Эвиан арьсны крем хэрэглэдэг, заримдаа L'Air du Temps сүрчиг хэрэглэдэг ч өнөөдөр хэрэглээгүй.

- Таны зурсан зургууд уу, доктор оо?

- Тийм ээ. Дуомог Бэлвэдэрээс харсан байдал. Та Флоренцыг мэдэх үү?

- Энэ их нарийн чимхлүүр хэсгүүд цээжин дэх дурсамжаас гэж үү?

- Цээжин дэх дурсамжууд минь наддаа үзэгдэх байдал болсон шүү дээ.

- Доктор Лектер, магадгүй та наад цээжин дэх дурсамжаараа манай энэ асуумжид хэрэглүүлэх юм биш...

- Үгүй, үгүй, үгүй ээ. Та тун гайгүй явж байсан шүү дээ, боловсон зан гаргаж, хариу хүлээж аваад Миггсийн хэлсэн ичгүүртэй үнэн үгийг итгэж хэлснээрээ харилцан итгэлцэл үүсгэсэн байсан, гэтэл энэ асуумжийн тухай ингэж хиам чихэж байгаа юм шиг түрээд орж байдаг. Ингэж болохгүй.

- Энийг хараад өгөөч л гэлээ шүү дээ. Харах үгүйгээ хэл л дээ.

- Жак Кроуфорд үнэхээр завгүй байгаа юм байна даа, нэг муу оюутан гар хөлийн үзүүрт зараад. Тэр шинэ нөхрийг ангуучилж байгаа юу, Буффало Билл гэл үү. Яасан ч сахилгагүй хүү вэ дээ! Яагаад Буффало Билл гэдэг болсныг нь мэдэхгүй биз? Хэлээч. Сонин дээр тэр талаар нь бичихгүй юм.

- Канзас хотын хүн амины хэргийн тасгийнхны онцгүй хошигнолоос эхлэлтэй юм. Тэднүүс энэ нөхөр бөхөө өвчдөг юм байна гэж ярьсан гэдэг.

- Яагаад арьсыг нь өвчдөг гэж та бодож байна даа, агент Старлинг? Мэргэн ухаанаа айлдаж гийгүүлээч.

- Сэтгэлийг нь хөдөлгөдөг байх. Ихэнх цуврал алуурчид хувьдаа цом маягийн зүйлс хадгалдаг.

- Надад байгаагүй.

- Үгүй. Та өөрийнхийгөө идчихдэг байсан.

- Наадхаа наашаа өг дөө.

- Өө, агент Старлинг... та энэ муухай мохоо эдээрээ намайг жиргэх гээ юу?

- Үгүй. Би зүгээр л таны мэдлэгийг...

- Чи ч ойгүй амбицтай хүн юм аа, тийм үү? Энэ гоё цүнх, хямд гуталтайгаа чи надад ямар харагдаж байгаагаа мэдэх үү? Хөдөөний хөөсөн мантуу шиг. Гайгүй сайн зүлгэсэн ч олигтой мэдрэмжгүй олив долив гэсэн хөөсөн мантуу. Уураг сайтай хоол идэж байсан болохоор яс чинь овоо гайгүй урт ургажээ, гэхдээ л чи хог ургамал шиг цагаан арьст өвөг дээдсээсээ ганц үе дөнгөж өнгөрөөд байгаа биз, тийм үү офицер Старлинг? Арилгах гээд чадахгүй байгаа энэ аялга чинь, цэвэр Вэст Виржинийх. Эцэг чинь юу хийдэг байсан бэ, хонгор минь? Нүүрсний уурхайчин уу? Дэнлүүний үнэр нэвчсэн байсан уу? Хөвгүүд чамайг яасан амархан олдог байв! Элдэв машины арын суудлууд дээр эрээ цээргүй оролдуулж байхдаа тэндээс гарах гэсэн ганц л мөрөөдөлтэй. Хаашаа ч хамаагүй гарах гээ биз, тийм үү? Гараад зүтгэсэн газар нь Холбооны... Мөрдөх... Товчоо.

- Та их гярхай юм, доктор Лектер. Гэхдээ наад ажигч гярхайгаа өөр дээрээ бүрэн ашиглаж чадах хэмжээний зоригтой юм уу? Чадах уу? Өөрийгөө харж байгаад үнэн байдлыг бич л дээ. Аягүй бол айна биз.

- Чанга гар юм биз дээ, тийм үү?

- Хангалттай хэмжээнд. Тийм.

- Бас өөрийгөө байдаг л нэг гэж бодох дургүй. Тийм байвал ямар муухай вэ! Ямартаа ч та бол байдаг л нэгнээс тэс өөр хүн юм, офицер Старлинг. Зүгээр л тийм байхаас айх айдас л байна. Өршөөж болгооно уу, өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

- Асуумж яах болов?

- Санал хураалтаар ирсэн нэг хүн миний янзыг үзэж билээ. Би элгийг нь шошоор амталж идээд, Кианти дарсаар даруулсан... Сургууль руугаа буцаад нис дээ, жижигхэн Старлинг минь.

- Агент Старлинг... Агент Старлинг!

- Таныг ингэмээргүй байлаа. Боловсон бус зан бол миний хувьд ярихын аргагүй муухай зүйл.

- Тэгвэл наад асуумжаа надад бөглөөд өг.

- Үгүй. Гэхдээ би чамайг баярлуулъя... Таны хамгийн дуртай юмаа хийх боломж олгоё, Кларис Старлинг.

- Тэр нь юу юм бэ, доктор Лектер?

- Ахиц, мэдээж хэрэг. Анхааралтай сонс. Өөрийнхөө гүн рүү маш сайн тольд. Сплит хот руу очоод Мофет ахайтантай уулз, миний өвчтөн байсан юм. М-О-Ф-Е-Т... Одоо яв. Яв. Миггс ахиад гаргаж амжихгүй байх гэж бодож байна, хичнээн галзуу байсан ч гэсэн, тийм биз?

Монголчлон бантагнасан Д.Цогчулуун
2020.02.28

Жич: "Сургууль руугаа буцаад нис дээ, жижигхэн Старлинг минь." гэдэг хэсэг дээр Старлинг гэж монголоор хар тодол гэдэг шувууг хэлсэн ч байж магадгүй.

Зургийн эх сурвалж: https://www.imdb.com/title/tt0102926/

Бичлэгийн хаяг: https://www.youtube.com/watch?v=SoZ1e5kjjcs


СЭР ЭНТОНИ ХОПКИНС



"Хурга майлахаа болино" кинон дээрх хэсгээс нь монголчилсон бичвэрээс улбаалж вики ухаж байгаад сонирхолтой санагдсан хэсгийг ийнхүү тоймлон базлаа. Таалан унших болуужин.

Ханнибал Лектерт тоглосон тухай 

Энэ дүрээрээ 1991 оны Оскарын шилдэг эрэгтэй дүрийн шагнал авсан. Эмэгтэйг нь Жоди Фостер авч, кино нь шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол гээд гол шагналуудыг түүсэн байна. Ханнибалын талаар өөрөө “Алуурчдынхаа дунд Робинхүүд маягийн л юм даа. Юу гэдэг билээ дээ, засрахгүй бүдүүлэг хүмүүсийг алдаг” гэж ярьсан байдаг.

Түүний бүтээсэн Ханнибал Лектерийг Америкийн киноны хүрээлэнгийнхэн “Кинон дээрх хамгийн шилдэг дайсан” хэмээн цоллосон удаатай. Найруулагч Жонатан Дэммэ уг дүрд Британи хүн тоглуулахыг хүсч байсан ба энэ талаар Жоди Фостер “Лектер бол бусдаар өөрийн бодлыг гүйцэлдүүлэгч, үгээрээ бусдыг урхидан татдаг хүн. Шекспир маягийн мангас байлгахыг хүссэн” гэж хэлж байж. Дүр сонгон шалгаруулалтын үеэр мань хүн Лондон руу буцаж очоод манайхны ЧиоЧиоСан гэдэг Эрвээхий ахайтан жүжигт тоглож байсан байна. Холливудад олон жил байж байгаад киноны замналдаа залхаад хаячихсан байсан учраас “Миний амьдралын тэр хэсэг одоо боллоо, бүлэг дууссан. Энд өөр замнал үүсгээд ВэстЭнд хавиар эргэлдэж, БиБиСигийн гайгүй шиг дүрүүдэд тоглосон шиг үлдсэн амьдралаа гүйцээе дээ” гэж байсан байна.

Жүжиглэх арга барил

Түүний дүрдээ бэлдэх арга барил нь маш алдартай. Шаардлагатай гэж үзсэн тоогоороо үгээ давтаж бэлддэг гэнэ. Заримдаа 200 дахин давтаж байж үг нь бодож санах шаардлагагүй зүгээр л аманд ороод ирдэг болдог гэж ярьж байж. Ингэж бэлдсэний хүчээр яг зураг авалтын үеэр зүгээр л энгийн ярьж байгаа мэт байдлаар жүжиглэдэг. Ингэж үгээ ягштал бэлдэх нь зарим жижиг сажиг имповизац хийхэд нь дөхөмтэй байдаг ч зохиолын дагуу явахгүй хазайгаад байдаг, эсвэл олон удаагийн зураг авалт шаардаад байдаг найруулагч нартай ажиллахад нь бүр төвөг болдог байна. Хопкинсын өөрийнх нь хэлснээр бол нэгэнт зураг авалт дууссан бол хэлээд дууссан үгийг тархинаасаа шууд арчаад хаячихдаг байна.

Үгээ маш сайн цээжилдгээрээ алдартай Хопкинс гуай Шекспирийн жүжгүүд, шүлэг найраг цээжлэх замаар тархины бэлтгэл хийдэг. Стивэн Спилбэргийн Амистад кинонд тоглож байх үедээ шүүх танхимд хэлдэг долоон хуудас үгийг ганц удаагийн оролдлогоор шууд цээжээр хэлж зургийн багийнхныг алмайруулсан байна. Мэл гайхаж, цэл хөхөрсөн Спилбэрг үүнээс нь хойш түүнийг Тони гэж дуудахаас татгалзаад зураг дуусан дуустал “Сэр Энтони” гэж дуудсаар байсан гэнэ.

Төрөлх Уэлсын Порт Талбот хотноо өсөн торниж байх бага балчир ахуйдаа л хүмүүсийг амархан айлгадаг байсан тухайгаа Хопкинс 2016 оны нэг ярилцлагад дурджээ.

- Яаж гэдгээ мэдэхгүй, гэхдээ ямар ч байсан хүмүүсийн юунаас илүү айдгийг мэдчихээд л байдаг байсан. Гудмынхаа охидод Дракулагийн тухай яриад л цк-цк-цк (Кларис Карлингтай уулзахдаа дугардаг шиг) гэхэд л тэд пижигнэтэл зугтаад алга болдог байлаа.

Ханнибалд яаж тоглосон талаараа:

- Тэднүүс яг яаж тоглуулах санаатай байгааг мэдэхгүй байсан болохоороо би өөртөө л бэлдээд байсан юм. Тэгээд Жоди Фостерт хэлсэн анхны үг маань “Өглөөний мэнд, чи Жак Кроуфордынхны нэг байх тийм үү?” гэсэн үг байлаа. Бүгд л хөшиж орхисон. Нам гүм. Тэгснээ продюсерүүдийн нэг нь “Хоо новш гэж, яг наадхаараа яваарай” гэж хэлсэн.

Тоймлож базсан Д.Цогчулуун
2020.02.28

Зургийн эх сурвалж: https://www.imdb.com/name/nm0000164/

Мэдээллийн эх сурвалж: https://en.wikipedia.org/wiki/Anthony_Hopkins

Thursday, February 27, 2020

АЙДАС



“Монологийг монголчлох аян”-ы ээлжит бичлэг оршвай. Улаан луу гэж кино шиг кино байна. “Хурга майлахаа болино” гэж телевизүүдээр гаргадаг байсан кинон дээрх хүний махан хүнст доктор Ханнибал Лэктэрийн тухай гардаг. Айдсын тухай бодлоо сонирхолтой хэлдгийг нь монголчлооч хэмээн найз Zandaгийн санал болгосныг ёсоор болгосу.

***

- Надад таны бодол хэрэгтэй байна.

- За тэгвэл нэг ийм бодол... чиний наад хямдхан усны чинь цаанаас айдас ханх тавьж байна. Чамаас айдас ханхалж байна, Вилл. Гэхдээ чи аймхай хүн биш. Чи надаас айдаг хэдий ч ингээд хүрээд ирсэн. Энэ бүрэг хүүгээс айх мөртөө эрсээр ирсэн. Ойлгохгүй байна гэж үү, Вилл? Чи яг надтай ижилхэн учраас л намайг барьж чадсан. Бидний төсөөлөх чадвар гэж үгүйсэн бол энэ бусадтай яг адилхан... мулгуу байхгүй юу. Айдас бол... чи бидний багаж зэмсгийн төлөөс. Гэхдээ би чамд үүнийг тэвчихэд тусалж чадна.

Монголчлон бантагнасан Д.Цогчулуун
2020.02.27

Зургийн эх сурвалж: http://djstormsblog.com/2011/04/11/the-10-greatest-movie-villians/

Бичлэгийн хаяг: https://www.youtube.com/watch?v=KtK9XYY1hms


ХЭД ВЭ?



“Монологийг монголчлох аян”-ы ээлжит бичвэр. Туко гэхээр одоогийн хүүхдүүд Туко Саламанкаг боддог байж магад. Харин манай үеийнхэн бол өнөө царай муут Тукогоо бодно шүү дээ. “Сайн, муу, хэрцгий” гэж монголчлоод гаргадаг байсан киноны ганц чимэг болсон дүр дээ. Эннио Морриконы алдарт “Алтны хийрхэл” аялгуун дээр оршуулгын газраар хөндлөн гулд гүйж байгаа, ваннтай усан дотроосоо “Буудах ёстой бол зүгээр л бууд, битгий чалчаад бай” гэж хэлдэг хэсгүүд дээр элэг авах дөхдөг бол, “Миний муу ах, хөөрхий, намайг үлд гэж зөндөө ятгаад. Хүний ах гэж ийм дээ” гэсэн цайлган худал үгээрээ хүний зүрх уяраадаг тийм сайхан дүр. Энэ киноноос миний хамгийн дуртай хэсгүүдийн нэг энэ байгаа юм. Буу худалдан авах явцын дунд бараа болон худалдагч нь эвгүй солигддог хэсэг дээ.

***

- Өршөөгөөрэй, дэлгүүр хааж байна.
- Гар буу?
- ...
- ГАР БУУ!
- Энд хамаг сайнуудыг нь тавьсан байгаа. Ремингтон, Кольт, Фаррут, Смит Вессон, Кольт, цэргийнх, Жоселин, ахиад Ремингтон, тэгээд энэ...
- Болно, хангалттай.
- ...
- Сум.
- Буугаа шалгах бол ийшээг...
- Алив явъя.
- ...
- Сум.
- ...
- Хэд вэ?
- Хорин доллар.
- Үгүй.
- Тавин доллар.
- Хэд вэ?
- Зуун доллар.
- ...
- Хоёр зуун доллар. Надад байгаа нь энэ байна!
- Алив нааш ир!

Монголчилж бантагнасан Д.Цогчулуун
2020.02.27

Зургийн эх сурвалж: http://www.imfdb.org/wiki/Good,_the_Bad_and_the_Ugly,_The

Бичлэгийн хаяг: https://youtu.be/SR3aIzfNMXM


Wednesday, February 26, 2020

ГАЛЗУУРЦГАА



“Монологийг монголчлох аян”-ы ээлжит бичвэр. Сүлжээ гээд киноны “Би галзууртлаа хилэгнэж байна” хэмээх алдарт Сидней Люмэгийн энэ хэсгийг ойрмогхон Буниа Жавхаа найзын цагийн хүрднээс харж байснаа санаж, хайж олоод монголчлов. Киног нь үзээгүй л дээ, гэхдээ энэ яриа гоё санагдаад.

***

Юмс муу байгааг би хэлэх шаардлагагүй. Бүгдээрээ л муу байгааг нь мэдэж байна. Гутармаар. Хүн бүр ажилгүй, эсвэл ажлаа алдах вий гэсэн айдастай. Бүхэл дэвсгэрт нь бутархайн үнэ ч хүрэхгүй. Банкнууд хямралтай. Худалдагч нар лангуун доороо буу зэхээстэй. Танхай балмадууд талаар нэг тарцгааж, биднийг гэх хэн ч ойр хавьд алга. Энэ талаар одоо ярья. Агаар амьсгалах аргагүй бохир байгааг бид мэднэ. Хоол хүнс ч гэж идэхийн аргагүй. Тэгээд бид зурагтынхаа өмнө хадагдаж, мэдээ харж байхад хөтлөгч нь энэ өдөр хүн амины хэрэг 15, онц хэрцгий гэмт хэрэг 63 гарсан байна хэмээн жишим ч үгүй, бүр ийм л байх ёстой юм шиг мэдээлээд байж байдаг. Юмс муу байгааг бид мэдэж байгаа. Муугаас ч долоон дор байгаа. Галзуурч солиормоор. Хаа сайгүй галзуурал, солиорол газар авсан болохоор гарч орохоо ч байчихсан юм шиг. Гэр гэртээ бүгэх хооронд хорвоо дэлхий улам хумигдан жижигрэх тусам бидний хэлж чадах ганц зүйл “Биднийг зочны өрөөнд минь тайван орхи л доо. Талх шарагч, телевизор, төмөр бүслүүртэй дугуйтай минь орхиж үз, бид юу ч ярихгүй” гэхээс өөр юу ч биш. Тэгэх тусам чинь би тайван орхихгүй дээ. Та нарыг хилэгнээсэй гэж хүсч байна. Та нарыг тэмцэж, босоосой гэж хүсч байна. Тойргийнхоо гишүүнд гомдол бичээсэй гэж хүсэхгүй байна, яагаад гэвэл би бичих юмыг чинь хэлж мэдэхгүй. Гутрал, инфляци, Оросуудын талаар, гудамжинд уйлж хашгачих талаар ч мэдэх юм надад алга. Мэдэж байгаа минь гэвэл юуны өмнө хилэгнэх л хэрэгтэй. “Би бол хүн. Новш гэж, миний амьдралд утга учир бий” гэж чи хэлэх ёстой. Тиймээс яг одоо босцгоо. Бүгд сандал дээрээсээ хөндийрцгөө. Бүгд яг одоо босч очоод цонхоороо цухуйж байгаад, хоолойныхоо чинээгээр “Би галзууртлаа хилэгнэж байна, цаашдаа тэсэх арга алга!” гэж бархирцгаа. Юмс өөрчлөгдөх ёстой, нөхөд минь. Тануус хилэгнэх ёстой. Тануус “Би галзууртлаа хилэгнэж байна, цаашдаа тэсэх арга алга!” гэж хэлэх ёстой. Тэгсний дараагаар л бүгдээрээ энэ гутрал, инфляци, газрын тосны үнийн талаар юу хийх ёстойгоо мэдэх болно. Гэхдээ юуны өмнө сандал дээрээсээ хөндийрч цонхоороо цухуйж байгаад, хоолойныхоо чинээгээр “Би галзууртлаа хилэгнэж байна, цаашдаа тэсэх арга алга!” гэж бархирах ёстой.

Монголчилж бантагнасан Д.Цогчулуун
2020.02.26

Зургийн эх сурвалж: https://nebraskaenergyobserver.wordpress.com/2016/07/25/mad-as-hell/

Бичлэгийн хаяг:
https://youtu.be/ZwMVMbmQBug


Wednesday, October 16, 2019

I HOPE MY DEATH MAKES MORE CENTS THAN MY LIFE



Жокэрын тэмдэглэлдээ бичсэн энэ өгүүлбэр дэлгэцнээ хоёр гурван ч удаа гардаг шиг санагдана. Яг энэ утгаар нь харвал “Миний үхэл амьдралаас минь илүү мөнгө хийгээсэй гэж найдна” гэсэн утга илэрхийлж байгаа. Гэхдээ зөв бичих дүрмээр өвчилсөн миний хувьд энэ өгүүлбэр арай өөр утгатай байж болох юм гэж бодогдоод болохгүй байгаа юм. Хошин үзүүлбэр үзээд олны дунд ганцаараа тэс хөндлөн инээж суухдаа мань хүн дэвтэртээ нэг өгүүлбэр тэмдэглэдэг. Сексийн тухай хошигнол үргэлж амжилттай байдаг гэсэн утгатай юм бичихдээ “alwase” гэж бичсэн нь нүдэнд тороход зөв бичих дүрэм мэддэггүй зүгээр л сонссоноороо, дуудлагаар нь биччихдэг хүмүүс олон байдгийн нэг юм болов уу гэж бодоод өнгөрсөн. Тэгээд киноны төгсгөл хэсэгт нөхрийн хийхээр товлосон зэвүүн killing joke нь яг энэ өгүүлбэртэй уялдмаар бодогдоод болдоггүй. Миний бодлоор "Сэтгэцийн өвчтэй ганцаардмал хүнийг нийгмээрээ гадуурхаж, хог новш шиг үзвэл юу болох вэ? Хүртэх ёстойгоо л хүртэнэ!" гэж хэлэхээсээ өмнө “I HOPE MY DEATH MAKES MORE SENSE THAN MY LIFE” гэж хэлэхээр төлөвлөсөн байсан байх. Энэ тохиолдолд өмнө хэлсэн мөнгө төгрөгтэй холбоотой утга алга болж “Миний үхэл амьдралаас минь илүү утгатай байгаасай” гэсэн санаа илэрхийлнэ. Хүртэх ёстойг нь хүртээхгүй харин өөрийнхөө үхлээр нийгэмд дохио өгөхийг хүсч байж уу дээ? Даан ч мань хөтлөгчийн хандлага Артурын санааг хувиргачихсан. Уг нь нэлээн хүлцэнгүй маягтай, үхэхийнхээ өмнө хүчтэй цоролзон шатаж дуусах тайз болгохоор энэ нэвтрүүлгийг сонгочихсон орж ирсэн боловч яг нэвтрүүлгийн явцад санаагаа өөрчилж кинон дээрх үр дүнд хүргэдэг.

Киногоо үзэж дуусахад энэ тухай бодол сэтгэлийн мухарт эргэлдээд л байлаа. Сэтгэл гутралд орсон, нийгмээс ангид байна гэж өөртөө гутарсан хүмүүст чин үнэн сэтгэлийн дэм дутдаг бололтой. Ганцаараа байна гэдэг ганцаардахын нэр биш гэдэг шиг олонтойгоо байлаа гээд сэтгэл гутралгүй гэсэн үг бас биш болой. Бидний сайн мэдэх Чэстэр Бэннингтон, Робин Виллиамс зэрэг эрчүүд сэтгэл гутралаа барьж дийлэлгүй амиа егүүтгэсэн нь үүний нотолгоо ч байж болно. Сэтгэлийн дэм гэх юмны сүүдэр ч байхгүй болсон Артур шиг улсын өмнө үнэндээ кинонд гардагтай ижил хоёр төрлийн хоёр сонголт л тулгардаг гэнэ. Саяхан болоод өнгөрсөн “Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр”-ийн хүрээнд гаргасан мэдээллээс харвал дэлхий дээр 40 секунд тутам нэг хүн амиа егүүтгэж байна гэх. Сэтгэл гутралдаа дотроосоо идэгдэж байсан ч гаднаа ил харуулалгүй кинонд гардаг шиг “жаргалтай царайлж” (put on a happy face) явсаар эцэстээ тэвчээрийн хязгаарт тулж буцах тасалбараа эрт захиалан одсон байна. “Эр хүн” байхын нэг сул тал гэх үү? Сэтгэцийн эрүүл мэндийн талаар ингээд мэдүүлж байгаа нь сайн боловч мэдүүлээд зогсохгүй бас сэргийлэх арга хэмжээ авах хэмжээний сэтгэл зүйг хүн ардад суулгамаар санагдаг болсон. Дотно найз нөхдийнхөө ааш аягт анзааргатай байж, элдэв бичвэрүүдийг нь анхаарч баймаар санагддаг юм. Санаа зовоосон зүйлс хуваалцаад, бичээд эхэлбэл тандаж үзэхэд илүүдэхгүй гэж бодоод ганц хоёр хүнд чат бичиж байсан тохиолдол бий. Яахав зүгээр л эморч байсан байж болох ч “тэгэхэд бичсэнсэн бол?” гэж өөрөөсөө асууж байснаас хамаагүй дээр л дээ.

Киноноос үүдэн амьдралын чухал асуудлаар ийнхүү хэсэг бодолхийлсэн түүх оршвай. (Одоо Жокэрын талаар ахиж бичихгүй ээ)

Цогоо аут.
2019.10.16

Зургийн эх сурвалж: https://www.thelivemirror.com/joaquin-phoenix-joker-quotes/

Thursday, October 10, 2019

КИНО ЯРЬЯ - ЖОКЭР

Анхаар: Яг үйл явдлыг нь ярихгүйг хичээсэн ч гэсэн агуулгын хувьд споилер байж болохуйц юмс байгаа тул киногоо үзээгүй улс үзсэнийхээ дараа уншина уу.



Удтал тэвчин хүлээсэн Жокэроо өчигдөр үзэж, сэтгэлийн цэнгэл эдлэв. Ер нь ингэж үзвэрийн турш жаргаж суусан кино ховор талдаа хамгийн сүүлд гэвэл Галзуу Максын Хилэнт замыг үзэж гарч ирэхдээ нэг тийм сэтгэгдэлтэй байсан санагдана. Дуу, дүрсийн хувьд бол үнэхээр чих болоод нүд баясгахаар. Жокэрын сууц, байгаа орчин, явж байгаа газрууд нь үргэлж нэг тийм бараан, давчуу харагдаж байсан нь дотоод сэтгэлийнх нь байгаа байдлыг харуулах гэснийх байх гэж бодож суулаа.

Үзэж байхдаа түүний мөнхий дайсан Бэтмэнийг өөрийн эрхгүй бодож байв. Готам хотын байгаа байдал, хүн ардын бухимдал гээд ижил хөрснөөс эсрэг тэсрэгийн хоёр туйл мэндэлж дээ. Нэг нь энэ холион бантан дундаас итгэл найдварын гэрэл болон тодорч, сүүдэрт бугшсан муу муухайг үлдэн хөөхөөр тэмцдэг бол нөгөөх нь харин харанхуйд гэтэн мярайх хилэнт бодлууд, адын хүсэлд тэвчээрийн хязгаараас даван гарах хүч олгодог. Нолан Харанхуйн хөлөг баатар гурамсан бүтээлд Брюс Вэйн хэлдэг. “Би айдсын бэлэг тэмдэг болж, гэмт хэрэгтнүүдийн зүрхэнд айдас хураана” гэж. Харин хорвоогийн шударга бус үйлдлүүд, баян хоосны ялгаа, өдөр тутам нухчин дарлах амьдралын хүнд хүчирт туйлдан шантарсан улсын хувьд Жокэрын үйлдэл өвсөнд хаясан шүдэнз шиг л нөлөө үзүүлж байгаа юм. Эгэл ардын уур хилэнгийн бэлэг тэмдэг гэж би дотроо бодсон. “Хуульгүй байсансан бол алаад хаячих юмсан” гэж дотроо зэвүүцэн боддог бүхнийг чинь хэн нэгэн хүн гарч ирээд хийгээд эхэлбэл яах вэ?

"What do you get when you cross a mentally ill loner with a society that abandons him and treats him like trash? You get what you f**kin' deserve!"

(Сэтгэцийн өвчтэй ганцаардмал хүнийг нийгмээрээ гадуурхаж, хог новш шиг үзвэл юу болох вэ? Хүртэх ёстойгоо л хүртэнэ!)

ДиСигийн баатруудтай киноноос шал ангид байх зориулалттай кино гэдгийг мэдэж байсан ч гэсэн нэг тийм хөнгөн харуусал бас төрөөд амжсан. Гэхдээ яг ийм уур амьсгалтайгаар хийнэ гэвэл Бэтмэн, Сүисаид скваад хоёроос бусад нь гомбоо болох байх л даа.

Saturday, September 28, 2019

Хөлдүүс

Зурагтаар Хөлдүүс гарч байна. Анна гүнж, Кристоф хоёр уулын уруу доошоо гулган унав. Кристофыг ирмэг дээр тэмтчиж байхад нь оосортой уулчны алх нисэж ирээд л... Атаман тэгтэл урдахаа нэг шимснээ наашаа хараад өгүүлрүүн:

- Хэрвээ Анна алхаа жаахан цаашаа шидсэн бол Кристофыг алах нь байна шүү дээ.

 #ЭнэрлэнгийнЯриа

Saturday, September 21, 2019

Хүүхдээрээ тоглов

Бямбын орой гээд гурвуулаа кино үзээд хэвтэж байв. “The Sun is also a Star” гээд кино. Би асуулаа:

- Түрүүн аав нь бачуураад "Хаана байна" гэж залгаад байснаа яагаад одоо больчихов?

Гэргий:

- Харин тийм. Чимээгүй болчхын. Чи залгаад асуугаач, - гэхээр нь би утсаа аваад дугаар оруулан залгаж эхлэв.

Энэ зуур хүүхэд киногоо орхиод бид хоёрыг нэлээн гайхсан байртай харж байна.

- Аав хаашаа залгаад байгаан? - гэхэд нь гэргий хариулруун:

- Аав руу нь л ярьж байшт. Яагаад чимээгүй болчив гээд.

- Гэхдээ ямар дугаараар ярихын?

- Өө тэгээд л ярина шүү дээ, - гэж хариулсны дараа л өөрөөр нь тоглоод байгааг мэдэж бид хоёртой нэгийгээ үзэхээр босч ирсэн бөлгөө.

#ЭнэрлэнгийнЯриа

Thursday, July 25, 2019

Рутгер Хауэр төрлөө арилжжээ

Рутгер Хауэр төрлөө арилжжээ. 1982 оны БлэйдРаннерын төгсгөлийн энэ хэсгээр л төсөөлөгдөөд байдаг юм. Сөрөг голдуу дүрээр л үлдэж дээ.

"Хүмүүс та нарын итгэж ч чадахгүй олон зүйлсийг би үзсэн. Довтлох хөлгүүд Орионы мөргөцгийн тэрүүхэнд дүрэлзтэл шатаж байлаа. Таннхаузерийн хаалганы тэрүүхэнтэй түнэр харанхуйд с-цацраг гялалзаж байхыг ч би харсан. Тэр бүх агшнууд цаг хугацаанд үрэгдэж одно. Яг л бороонд урсах нулимс шиг. Үхэх цаг боллоо."


Monday, May 13, 2019

“АЛСУУР ДАЯЛЖ АНХНЫ ЗОРИЛГОДОО ХӨТЛӨХҮЙ” ГЭДЭГ МЭХ ХЭРЭГЛЭСЭН МИНЬ

Миний биеийг захиран зарцуулах эрхтэй гэрийн ерөнхий сайдаас гадна нэг Атамантай хүн билээ. Өрхийн тэргүүн хэмээх бэлэгдлийн чанартай цол төдий гэдгийг манай гэр бүл доторх удирдлагын тогтолцоо яв цав харуулдгийг хааяа бодож гүн санаа алдах явдал мэр сэр бий. Гэхдээ удирдлагын тогтолцооны энэхүү гажуудлаас болоод үүрэг нөлөө нойл зааж байгаа юу гэвэл бас үгүй юм. Жишээлэхэд, би вээр Атаманы төрөл бүрийн боловсролын асуудалд хөндлөнгийн болон дотоодын аудитын үүргийг давхар хаших ба хааяа сурган хүмүүжүүлэгчийн үүрэг гүйцэтгэгч ч хийх нь бий. (мэдэж байгаа, тогтолцооны гажуудал, системийн завхрал, ашиг сонирхлын зөрчил бүгд байгаа)

Сүүлийн үед коачинг, менторинг гэх болсон арга хэмжээг Атаманы а гэж анх дугарсан үеэс хэрэгжүүлж эхэлсэн байдаг юм. Гэхдээ энэ арга хэмжээ зөв хэрэгжсэн үедээ хүлээн авагч нь коач буюу ментороосоо өөрийн амьдралд хэрэгтэй зөвлөгөө, сэтгэл санааны дэмжлэг авдаг бол минийх шал эсрэгээрээ билээ. Юу гэвэл, би түүнийг мэндлэнгүүт өөрийн хамсаатан болгох атгаг төлөвлөгөө шууд боловсруулсан юм. Уншсан ном, үзсэн киногоо сэтгэл сэргэтэл чөлөөтэй ярьж суудаг хамсаатантай болсноор гэр бүл доторх миний байр суурь өндөр байх болно гэж тооцоолсон хэрэг л дээ.

Одоо ингээд 8-9 жилийн мастер төлөвлөгөөний хэрэгжиж байгаа байдлыг харахад дуртай зүйл бүр дээр нь дөрөөлж тэр чиглэлийн гайгүй шиг кинонуудыг санал болгон хамт үзэх замаар ерөнхийдөө нэлээн амжилт олоод байгаа. Цаашдаа ч энэ эрчээрээ гайгүй сайн явах боломжтой гэсэн хэтийн төлөв харагдаж байна.

Хэрхэн хэрэгжүүлэв ээ хэмээвээс.
Эхний ээлжинд дада дүдү гээд байж байх үед нь хурц тод өнгөтэй, хөгжүүн хөхиүн дуу хууртай кинонууд үзүүлэх. Энэ үед киног дуу хууртай байж болдог гэдгийг таниулах зориулалттай тул болж өгвөл өөрийн дуртай кинонуудыг үзүүлэх хэрэгтэй. Бас өөрийн дуртай дуунуудыг сонсгож чихэнд нь дасгавал зохино. Кино болон хөгжмийн сонголт хийх эрх надад байсан тул энэ үе шат их амархан байсан.

Хамаг ухаан уралдуулах үе шат нөхрийн гарт зурагтын удирдлага очсон үед тохионо. Өмнөх үе шатандаа бэлтгэл ажиллагааг маш сайн хийсэн бол энэ үе тийм ч хэцүү биш. Өөрөөр нь сонголт хийлгэж байгаа мэт харагдуулах хэрэгтэй. Хоёр юм уу гурван киног санал болгож алийг нь үзэх хүсэлтэй байгааг байнга асууж бай. Ер нь бол нөхрийг сонголтоо өөрөө хийж байна гэсэн сэтгэгдэлтэй л явуулах хэрэгтэй. Манайхны сонгууль шиг л. Сонголтыг нь харин өөрөө бэлдэж өгнө. Ер нь бол эхэн үед аль болох өргөн хүрээтэй явуулах хэрэгтэй. Юу хүсч байгааг нь өгч байгаа мэт харагдахаар. Миний хувьд дуу хөгжмийн тал дээр голдуу өөрийн дуртай дуу хуурыг сонсгож байсан ба цаг үедээ хит болж байгаа орчин үеийн дуунуудаас аль болох зайлсхийхийг хичээсэн. Өөрөө том болохоороо тэртэй тэргүй сонсох байх гэж бодож явдаг тул аль болох хөгжмийн мэдрэмж суулгах болов уу гэж бодсон дуу хуурт гол анхаарлаа хандуулсан. Рок дуунууд, поп дуунууд аль алийг нь л сонсгож байсны ачаар одоо аавын дуртай гэх тодотголтой дуунуудыг дагаад сонсдог болсон. Кэйпопыг бол ерөөсөө шууд хорио цээрт оруулсан. Хүмүүс нь гоё ганган, дууны ая, бүжгийн хөдөлгөөн нь энгийн бөгөөд дагаад аялахуйц байдаг тул хүмүүсийг амархан урхиддаг. Тиймээс бүр огт сонсгох хэрэггүй. “Аав та яагаад Солонгосуудад дургүй байдаг юм бэ?” гэж асуусан удаа бий. Тэр үед нь зохих үнэн тайлбарыг өгсөн болно.

Киноны хувьд өөрийн айконик гэж бодсон хэд хэдэн сонгодог бүтээлүүдийг насанд нь тохируулаад үзүүлсээр ирсэн ба одоо миний атаман суперкалифражилистикэкспиалидошиус гэдэг үгийг 4 секундэд бүтэн хэлж чаддаг болсон. Миний урхидах үндсэн аргуудын нэг бол нэг кинон дээр гардаг өөр нэг киноны тухай хэсэгт ач холбогдол өгч нөхрийг анзааруулах. Жишээ болгон хэлэхэд, Мэри Поппинсыг зүгээр шууд үзүүлэх гэж оролдоход анхандаа тийм ч дуртай байгаагүй. Хуучны кино байна гээд. Тэгэхээр нь Марвелийн “Галактикийн хамгаалагчид” киноны хоёрдугаар ангийг үзүүллээ. Ёонду тэнгэрээс бууж ирж байхад нь “Чи яг Мэри Поппинс шиг харагдаж байна” гэдэг хэсэг дээр би зориуд өргөлт өгөв. “Нээрээ яг Мэри Поппинс шиг байна шүү” гэж атаманд сонсогдохуйц хэлэхэд нөхрийн сонирхол хөдөлж юун хүн болохыг лавлахад нь би Ютүб дээрээс өмнө нь хайж бэлдсэн байсан бичлэгийг үзүүллээ. Суперкалифражилистикэкспиалидошиус гэдэг дууг үзүүлэнгээ түүнийг багадаа энэ үгийг хэлж чадахгүй супадош гэж хэлж байсныг нь сануулж шарыг нь жаахан малтав. Галактикийн хамгаалагч нарыг үзэж дуусаад шууд Мэри Поппинсыг үзэх хүсэлт ирэв. Би ч үүнд бас бэлдээд хамгийн гоё блүрэй бичлэгтэйг татаж авсан байсан тул шууд үзүүллээ. Ингээд манай атаман 2019 оны 2 дугаар сарын 14-нийг тэсэн ядан хүлээж эхэлсэн юм даа. Эмили Блантын тоглосон хоёрдугаар анги нь энэ өдөр нээлтээ хийнэ гэдгийг өөрөө гүүглдэж олж мэдсэн юм. Ер нь миний хэлсэн юмнуудыг давхар гүүглдэж, юүтүбдэж шалгадаг зуршилтай болсон байгааг нь би их сайшааж байгаа. Кино хэлэхээр заавал трэйлерийг нь шалгана.



Хамгийн сүүлийн амжилт гэвэл Студио Гиблид орууллаа. Анх хоёр жилийн өмнө Мононокэ гүнжийг шууд үзүүлэх гэж оролдоход “хэлийг нь ойлгохгүй” хэмээн эрс эсэргүүцэж байсан тул би түр хойш тавиад байсан билээ. Сүүлийн үед нөхөр атаман хайр дурлалын сэдэвтэй кино болон номыг нэн хүчтэй сонирхох болсонтой холбогдуулаад ойрмогхон гарсан Чиний нэр... хэмээх хөөрхөн хүүхэлдэйг үзүүлж хорхойг нь хөдөлгөв. Нихон хэлээр нь яриулаад, англи орчуулгыг дэлгэцийн доогуур урсгах маягаар. Ер нь өөрөө нэтфликсээс голцуу ингэж үзэж дассан болохоор Гиблийд оруулах цаг нь болсон гэж үзсэн хэрэг л дээ. Чиний нэрийн дараа шууд Мононокэ гүнжийг үзүүлсэн. Ер нь хүчирхэг эмэгтэйчүүдтэй кинонд дуртай нөхөр юм байгаам. Тэгээд тэндээс үргэлжлүүлээд Понё, Кикигийн хүргэлтийн үйлчилгээ, Ховлын нүүдэг шилтгээн, Чихиро энэ тэр гээд дамжиж өгсөөн. Арай л Гэрэлт цохнуудын булш руу оруулчихаагүй. Уйлуулдаг кино үзэх үү гэхэд яахын гэхээр нь тэгээд больсон. Гэхдээ ямар ч байсан “Япон хүүхэлдэй үзье л даа” гэдэг болсоон.

Анх атаманы бичиг үсэг тайлагдаагүй байдалд хязгаарлагдаад сүүдэр ший, дуу хуурт түлхүү анхаарч ажиллахдаа ном уншлагыг орхигдуулсан нэг том алдаа буй. Энэ алдааг ойрын үед шаргуу засах зорилгоор түүний дуртай кинонуудын нэг болох Харри Поттерын бүрэн цувралыг англи хэлээр бэлдсэн ба Монгол нь хараахан гарч дуусаагүй. Бөгжний эзний Хоббитыг бас аваад хажууд нь тавьчихсан. Силмариллион, Бөгжний эзэн зэргийг бол цагийн явцад авахаар төлөвлөсөн байгаа. Одоогоор уншихад хэлний бэрхшээл их гарах байх гэж бодож байгаа юм. Ер нь нэг их хүчлэхгүй ч ном уншаарай гэж үе үе дугарсхийгээд л байж байна.

Зургийн эх сурвалж: https://www.theguardian.com/film/2018/nov/23/mary-poppins-why-we-need-a-spoonful-of-sugar-more-than-ever

Saturday, May 04, 2019

НЭГЭН ХӨВГҮҮНИЙ ТУХАЙ

Ер нь кино бүрээс хамгийн таалагдсан хэсэг гэж байдаг. Миний хувьд энэ “НЭГЭН ХӨВГҮҮНИЙ ТУХАЙ” гээд кинотой анх арван хэдэн жилийн өмнө танилцсанаас хойш жилдээ ядаж нэг үзчихээд байдаг болсон юм. Энэ киноны хамгийн их таалагдсан хэсэг нь ерөнхийдөө энэ үзэгдэл байх. Гоё хэсэг ихтэй л дээ. Харилцан яриа энэ тэр гээд ер нь күүл кино.


Бичлэг дээрх үзэгдэл бол Маркус гээд хөвгүүн ээжийгээ баярлуулах гэж сургуулийн концертод дуулж байгаа хэсэг юм. Ээж нь нөхөртөө хаягдаж хүүтэйгээ үлдсэнээсээ хойш сэтгэл санаа тогтворгүй болж улмаар амиа хорлох оролдлого хийж байсан. Амиа хорлох оролдлого бүтэлгүйтэж сэтгэл санаа нь арай дээрдсэн хэдий ч сүүлийн үед өглөөгүүр гэнэтхэн уйлаад эхэлсэн нь хүүгийн сэтгэлийг түгшээд, нэгэнтээ ээжийнх нь хэлсэн “Чамайг дуулахаар миний сэтгэл цэлмэх юм” гэж хэлсэн үгийг санаж концертод дуулахаар шийддэг. Энэ шийдвэрээ найз Виллдээ хэлэхэд “Бүтэхгүй санаа. Олон нийтийн өмнө өөрийгөө алж байгаа хэрэг болно” гэж хэлсэн боловч Маркус нэгэнт шийдсэн байв.

Маркусын найз Вилл бол гуч гаран насны эрх чөлөөт иргэн. Аавынх нь эрт галавт зохиосон дууны зохиогчийн эрхийн татварыг хүртдэгийнхээ буянаар ямар ч ажил хийхгүй амьдардаг түүний амьдрал юу ч үгүй хоосон. Вилл ч амьдралдаа сэтгэл хангалуун. Хүүхнүүдтэй зугаацаж байгаад харьцаа нь яг ноцтой болох гээд ирэхийн алдад бушуухан салж сэтгэл амардаг байсан ч уулзаж байсан нэг бүсгүй нь түүнээс өрсөж харьцаагаа цэглэсэн удаатай. Яагаад гэдгийг нь ганц бие эх байснаас болов гэж ойлгосон Вилл тэрнээс хойш ганц бие бүсгүйчүүдтэй явж байхаар шийдэж нэг эмэгтэйг товлосон нь мөнөөх Маркусын ээжтэй найз байж таардаг.

Уг нь анх уулзахдаа нэг нэгэндээ тэгтлээ таалагдаагүй ч яаж ийгээд найзууд болчихдог. Яаж яваад найз болсныг ярьчихвал киног үзэх гэж бодсон улсад сонирхолгүй болчих байх тиймээс зүгээр л энэ үзэгдэл яагаад надад таалагддаг тухай ярья. Дээр хэлсэнчлэн Вилл энэ шийдвэрийг Маркусын хувьд амиа хорлосон хэрэг болно гэж үздэгийн учир нь нөхөр өөрөө хүмүүст нээлттэй байх дургүй. Магадгүй бага залуудаа Маркус шиг нөхөр байсан ч байж болох. Гашуун туршлагаасаа болоод өөрийнхөө амьдралд хэнийг ч оруулах дургүй, зүгээр л санаа зовох зүйлгүй амьдралын өнгөн хэсгийг илбээд өнгөрөхийг илүүд үзэж байсан болов уу гэж бодогддог юм. Маркуст өөрөө найр тавиагүй ч нөгөөх нь түүний амьдралд дайрч орж ирээд өөрийн гэсэн байр суурь эзлээд авчихсаныг явцын дунд ойлгодог.

Маркусыг болзошгүй ичгүүрээс гаргах гэж энд ингээд ирсэн боловч нөгөөх нь шийдвэртээ үнэнч. Яг л Виллийн бодож байсан шиг Маркусын үзүүлбэр харсаар байтал гамшиг болон хувирч байхад Вилл түүнийг аварч орж ирдэг. Гэхдээ үнэндээ Вилл өөрийгөө аварч байгаа хэрэг юм. Маркуст туслах гэсэндээ өөрийнхөө айдсыг давж гарч ирж байгааг нь хараад үзэгчдийн дунд сууж байсан дурлалт бүсгүйн сэтгэл хөдөлж байгаа нь Вилл түүний бодсон шиг хоосон хүн биш байжээ гэдгийг ухаарсных байх. Виллийн хувьд хэдий танихгүй ч энэ олон хүний өмнө гарч дуулна гэдэг бол түүний хувьд ерөөсөө хүмүүсийн бодол чухал биш болж өөрийн гэсэн үнэт зүйл буюу Маркусын нөхөрлөл хэр үнэтэй болсныг харуулж байгаа хэрэг.

Гэтэл үзүүлбэрийн дундаас эхлээд өөр зүйл харагдаж эхэлдэг. Маркус дуугаа дуусгачихаад байхад Вилл үргэлжлүүлсээр байдаг хэсэг л дээ.
He sang as if he knew me in all my dark despair
And then he looked right through me as if I wasn't there
Монголчилбол:
Бухимдаж цөхөрсөн намайг
Бүрэн гүйцэт мэдэх ч юм шиг
Дуугаан үргэлжлүүлж дуулсаар
Нэвт харна, намайг байхгүй мэт
гэж дуулдаг хэсэг дээр бол яахын аргагүй өөрийнхөө тухай дуулдаг. Нүдээ аниж байгаад л... Удаан хугацаанд бариад, түгжчихсэн байсан сэтгэл нь сагаж халгихдаа ийнхүү тайзан дээр нүдээ анин дуундаа автахад хүргэлээ дээ гэж би боддог юм. Заримдаа зүгээр л сайхан дуулаад өөрийгөө чөлөөлчихмөөр санагддаг шүү дээ.
Өө-өө-өө-лаалааалаа ...
Харин аз болоход тайзны ард зогсож байсан хүү бөмбөг шидэж авардаг.

So, there I was, killing them softly with my song... Or rather, being killed, and not that softly either... (Ингээд би байж байлаа, дуугаараа тэднийг зөөлхөн алаад... үнэндээ алуулаад, бас тийм ч зөөлөн биш) гэдэг хэсэг дээр дандаа инээд хүрдэг. Ямар ч хамаагүй кинон дээр үе үе ингээд үгээр наадаж байгаа хэсгүүдийг харахаар их таатай байдаг юм.

Үзээд суухад үнэхээр сайхан кино. Хөнгөн чанарын кино л доо. Гэхдээ үзээд дуусахад нэг тийм сайхан мэдрэмж төрүүлдэг. Эр хүн бүр өөрийн гэсэн арал дээр амьдардаг. Вилл энэ үгээр өөрийгөө тодорхойлдог ч арал дээр байлаа гээд бусдаас өөрийгөө тусгаарлах албагүй юм гэдгийг ойлгоод кино дуусдаг. Үнэндээ киноны нэрэнд буй НЭГЭН ХӨВГҮҮН нь Маркус биш Вилл юм.

Хью Грантын олон дүрүүдээс энэ дүр л миний хамгийн дуртай дүр байх. Бас Маркуст тоглосон Николас Холтыг одоо ингээд гайгүй том жүжигчин болж байгааг харах их таатай санагддаг. Яагаад ч юм хар багаас нь мэддэг хамаатны хүүхэд сайн явж байгааг хараад өмнөөс нь баярлах шиг мэдрэмж төрдөг гэх үү дээ.

Saturday, April 27, 2019

АУГАА ДАРАНГУЙЛАГЧИЙН МОНОЛОГ

Орчуулагчийн өмнөтгөл: Дэлхийн хошин урлагийн эцэг байх гэж миний бодож явдаг Чарлз Спенсер Чаплины "Аугаа дарангуйлагч" хэмээх кинон дээр гардаг энэхүү суут илтгэлийг анх сонсоод л хэзээ нэгэн цагт Монгол хэл рүүгээ орчуулахсан гэж мөрөөдөж эхэлсэн билээ. Үнэхээр хэдийд ч хэлсэн үнэнд нийцэх цагийг эзэлсэн энэхүү үгийг байнга санаж, сэрж явууштай. Түүх болоод үлдчихгүй ингээд хэзээд үнэн байгаад байдаг нь гунигтай юм шүү.



Намайг өршөөгөөрэй, би эзэн хаан болж чадашгүй нь. Миний хийх хэрэг биш. Би хэнийг ч захирч, булаан эзлэхийг хүсэхгүй байна. Харин ч болж өгвөл хүн бүрт тусалмаар байна. Жүүдүүдэд ч, бусдад нь ч, хар хүмүүст, бас цагаан хүмүүст. Хүмүүс бид бүгд нэг нэгэндээ туслах дуртай, хүн чанар нь угаас тийм. Нэг нэгнийхээ аз жаргалыг мэдэрч амьдрахыг хүсдэг. Нэгнийхээ гуниг гутралыг идэж биш. Нэгнээ үзэн ядаж, хорсож амьдрахыг бид хүсдэггүй. Дэлхий ертөнц дээр хүн бүрт орон зай бий, сайхан Дэлхий минь хүн бүрийг тэтгэх хангалттай нөөцтэй.

Амьдралын зам эрх чөлөөтэй, сайхан байж болно, гэвч бид тэр замаа алджээ. Шунал тачаал хүмүүсийн сэтгэлийг хордуулж, хорвоог хорслоор дүүргэж, биднийг уй гашуу, цусан далайд галуун цуваагаар хөтөлжээ. Бид хурдан явахыг сурсан ч өөрсдийгөө түгжиж орхиж. Буй бүхнийг минь олж өгөх машин техник маань биднийг улам бэлэнчлэнгэ болгож. Мэдлэг их хуримтлуулсан ч юм бүхнийг шүүмжлэх болж. Ухаан суусан ч уцаар бас ихдэж. Хэт их бодсоор мэдрэмж буурч. Машин техникээс илүү хүн чанар үгүйлэгдэнэ. Ухаалаг байхаас илүү сайхан сэтгэл, өрөвч занг үгүйлнэ. Эдгээр зан үгүй бол амьдрал харгис болж, бүх зүйл алдагдана.

Нисэх онгоц, радио холбоо биднийг улам ойртуулсан. Эдгээр бүтээлүүдийн оршин буй нь хүмүүн төрөлхтөнд сайн сайхныг урин дуудна биш үү, бүгд ахан дүүс байж, нэгэн цул байхыг уриална биш үү. Одоо л гэхэд миний дуу хоолой хорвоогийн хэдэн сая хүний сонорт хүрч байна. Цөхөрч ядарсан хэдэн сая эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд. Гэмгүй нэгнээ тамлан зовоож, хорьж цагддаг тогтолцооны хэлмэгдэгсдийн сонорт. Намайг сонсож буй улсад хэлэх үг минь “БҮҮ ШАНТАР”. Бидний дээгүүр нүүгэлтэн буй энэ их уй гашуу бол дайран өнгөрөх шунал тачаалын нүүдэл төдий болой. Хүмүүн төрөлхтөний өсөн дэвшихээс эмээсэн улсын тэчьядсан атаархал төдий. Үзэн ядалт, хорсол бүхэн цагийн эрхээр урсан одож, дарангуйлан захирагч бүхэн үхэж далдрахад хүмүүсээс булаасан эрх мэдэл эргээд хүмүүстээ шилжих болно. Мөхөх тавилан хүмүүст байсаар байгаа цагт эрх чөлөө хэзээ ч үл устана.

Цэргүүд ээ, эдгээр зэрлэгүүдэд бүү бууж өг, та нарыг үзэн яддаг тэр хүмүүст, та нарыг боолчлон захирдаг, амь амьдралыг чинь дураар чиглүүлдэг, хийх зүйлийг чинь тушаадаг, юу бодож юу мэдрэхийг чинь цагдан хорьдог тэдгээр хүмүүст бууж өгч болохгүй. Цэрэглэн барьж, идэх уухыг чинь хориглон, хонь мал мэт үзэж, хорон сум мэт ашиглаж байгаа хүмүүс. Эдгээр хуурмаг хүмүүст битгий бууж өг, хуурмаг зүрх, хуурмаг ухаантай хуурмаг хүмүүсийг сөр. Та нар хуурмаг биш. Та нар хонь мал биш. Та нар бол хүмүүс. Хүмүүн төрөлхтөний хайр сэтгэл зүрхэнд тань бий. Та нарт хорсол үгүй. Хайрлуулж үзээгүй нэгнээс л хорсол гардаг, хайрлуулж үзээгүй хуурмаг хүмүүсээс.

Цэргүүд ээ, боолчлолын төлөө бүү тулалд. Харин эрх чөлөөний төлөө тэмц. Судар номонд “Бурхны хаанчлал хүний дотор оршин буй” хэмээн заасан байдаг. Ганц хүн биш, бүлэг улс биш, харин бүх хүний дотор гэж хэлсэн. Та бүхний дотор. Та нар, хүмүүс та нар, хүчийг эзэмшдэг. Машин бүтээх хүч чадал. Аз жаргалыг бүтээх хүч чадал. Та нар, хүмүүс та нар, эрх чөлөө, аз жаргалыг бүтээх, энэ амьдралаа гайхамшигт адал явдал болгон хувиргах хүч чадлыг эзэмшдэг. Тиймээс ардчиллын нэрийг барьж энэхүү хүч чадлаа ашиглан нэгдэцгээе.

Шинэ ертөнцийн төлөө, хүн бүрт тааваар ажиллах боломж өгдөг, өсвөрийн залууд ирээдүй, өтөл настанд баталгаа өгдөг тийм ертөнцийн төлөө тэмцэцгээе. Ийм амлалтыг өргөсөөр энэ зэрлэгүүд хүчийг олсон. Гэвч тэд бол хуурамч. Амлалтдаа огт хүрээгүй. Хүрэх ч үгүй. Дарангуйлагч нар өөрсдийгөө чөлөөлөөд бусдыг боолчилдог. Тэгэхээр одоо, биелээгүй амлалтуудын төлөө тэмцэцгээе. Хорвоог чөлөөлөхийн төлөө тэмцэцгээе, улс үндэстнүүдийн хил заагийг арилгацгаая, шунал тачаал, үзэн ядалт, хорсол хонзогнолыг арилгацгаая. Шалтгаан учрыг олж тогтоодог, шинжлэх ухаан, шинэ дэвшлийн замаар хүмүүн төрөлхтөний аз жаргалыг цогцлоох тэр л ертөнцийн төлөө тэмцэцгээе.

Цэргүүд ээ, ардчиллын нэрийг барьж бүгд нэгдэцгээе!

Орчуулсан: Д.Цогчулуун (ЧҮНДЖ)
2019.04.18

Wednesday, April 24, 2019

ЧУЛУУН ШИЛТГЭЭНИЙ ЖЕННИ

"Хаан сэнтийний тоглоом" цувралын төгсгөлийн бүлгийн 2 дугаар анги дээр том юут Подрикийн дуулсан "Jenny of Oldstones" хэмээх дууны үгийг нөхөдтэйгээ хамтран монголчлов. Дууг Флоренс үнэхээр сайхан дуулж, клипний зураг гэж гайхамшигтай. Кино бүтээгчид олон сая фэнүүддээ энэ ангиар баяртай гэж хэлэх шиг боллоо. Сүүлийн анги хүртэл өч төчнөөн зүрх шархалж хоцрох учраас салах ёсыг эртхэн хийлгэж сэтгэл зүрхийг амрааюу гэсэн байх.



Халин одсон хаадын их танхимд
Ханьсаж Женни бүжнэ, сүнснүүдтэйгээ
Хаяад одсон, хайгаад олсон, бас
Хамгаас илүү хайрлаж асан тэдэнтэйгээ

Эрт цагт нөгчиж, тэнгэрт халин одоод,
Эдүгээ суу нь бүдгэрч, түүнд мартагдсан ч,
Чийг даасан хуучин чулуун танхимд
Чин зүрхний нь гуниг үргээн тойрон бүжнэ ээ.

Орхин одохыг бүсгүй хүсээгүйсэн, огтхон ч хүсээгүй,
Орхиж явахыг бүсгүй хүсээгүй, огтхон ч хүсээгүй ээ

Өдрийн турш, үдшийн бүрий хүртэл тэд бүжив.
Өргөн танхимд хүүгэх өлөн цаст шөнөөр ч бүжив.
Өвөл зун солигдож, ахиад л өвөл эгэх хүртэл
Өндөр хана хагарч, үйрэн унах хүртэл, тэд бүжив.

Орхин одохыг бүсгүй хүсээгүйсэн, огтхон ч хүсээгүй,
Орхиж явахыг бүсгүй хүсээгүй, огтхон ч хүсээгүй ээ
Орхин одохыг бүсгүй хүсээгүйсэн, огтхон ч хүсээгүй,
Орхиж явахыг бүсгүй хүсээгүй, огтхон ч хүсээгүй ээ

Халин одсон хаадын их танхимд
Ханьсаж Женни бүжнэ, сүнснүүдтэйгээ
Хаяад одсон, хайгаад олсон, бас
Хамгаас илүү хайрлаж асан тэдэнтэйгээ

2019.04.24
ЧҮНДЖ-ийнхэн хамтран сууж эх хэлнээ буулгав.

Хаантан
ДоЯам
Цогоо

Sunday, April 07, 2019

ХЭРВЭЭ ЧИ ИНЭЭМСЭГЛЭВЭЛ...

Хоакин Финиксийн тоглосон Жокер киноны трэйлер цацагдаж, газар газрын кино сонирхогчид болон ДиСичдийн сэтгэлийг хөвсөлзүүлж орхив. Ютүб дээр уг киноны трэйлерийн бичлэг доорх сэтгэгдлүүд дээр түмэн шаагилдаж, “Киног нь хийх хэрэг ч алга. Зөвхөн трэйлерээр нь л Хоакин андад Оскарыг нь өгчилгөе” хэмээн дүрэлзэцгээнэ. Трэйлерийн хувьд ярих юм алга. Жастис лигийн нөхдөөс ангид “Харанхуйн хөлөг баатар” гурамсан бүтээлтэй адилхан тусдаа маягийн кино гэж байгаа ч надад хамаа алга. ДиСигийн маань л нэр шавраас гарч цайрч байвал боллоо.

Трэйлер дээр хэрэглэгдсэн Нат Кинг Коолын “ИНЭЭМСЭГЛЭЛ” гээд дууг монголчиллоо. Таалан болгооно уу.

Зүрх чинь шимшрэвч инээмсэглэ
Зүсэгдэж урагдан байвч инээмсэглэ
Тэнгэрт үүл байгаа цагт, та тэвчиж л таарна
Айдас, гунигаа үлдэн инээмсэглэж л чадвал.
Инээмсэглээч, магадгүй маргаашнаас
Наран мандаж таныг ивээн гэрэлтүүлээ ч үү.

Өөдрөг дүрээр царайгаан гэрэлтүүлээч
Гуниг бүхнийг тэндээс арилгаач
Мэлтрэх нулимс анивчуут дусахад бэлэн хэдий
Ханцуй шамлан зүтгэх цаг одоо бус уу.
Уйллаа гээд яалтай ч билээ?
Амьдрал гэдэг сайхан гэдгийг
Инээмсэглэн байж мэднэ биш үү?

Ханцуй шамлан зүтгэх цаг одоо бус уу
Инээмсэглээч, уйллаа гээд яах билээ?
Амьдрал гэдэг сайхан гэдгийг
Инээмсэглэн л байж мэднэ биш үү?

Ballads Of The Day (1956) цомгоос.