Showing posts with label Тэмдэглэл. Show all posts
Showing posts with label Тэмдэглэл. Show all posts

Friday, March 13, 2020

АЛУУРЧНЫ ЭРЭЛД


Ёстой солиотой нийтлэл уншлаа. Энэ бараг ойрын хэдэн жилийн дотор кино болж гарах байх.

1996 оны 6 сард Айдахо Фоллс гэж хотод 18 настай Анжи Додж гэж эмэгтэйг гэрт нь хүчиндээд, хоолойг нь хэрчиж алсан хэрэг гарчээ. Хэргийн газарт үзлэг хийсэн цагдаа нар алуурчны үрийн шингэнийг талийгчийн биеэс олсон нь хэргийг амархан шийдчих байх гэсэн итгэл төрүүлжээ. Үрийн шингэнээс ДНХ-ийн дээж аваад, харьцуулаад л болчих юм байх гэж бодоцгоож. Гэтэл нөгөө ДНХ-тэй таарах сэжигтэн байдаггүй. Тэр хавиар байсан хамаг хүмүүсийн үрийн шингэнээс дээж авж харьцуулаад алиныхтай нь ч таарсангүй. Мухардалд оржээ. Ядахад мөрдөн байцаагч нар нь жирийн эргүүлийн цагдаа хийж байгаад тушаал дэвшсэн туршлагагүй нөхөд байж таарсан байна. Хаа газрын хийцгүйрээд дэмий зөнгөртөж байдаг залуусын нэг болох Кристофер Тапп гэж хүүгээс ч бас дээж авсан байна. Нөхрийнх мэдээж таарсангүй. Хэрэг бараг унтрах тийшээ хандахад охины ээж Кэрол Додж аргаа барж эхэлсэн байна. Байнга цагдаагийн газраар орж хэргийн явцыг асууж улиг болсон ба цагдаагийн газрын ар талаас ордог хаалгыг бараг “Кэролын хаалга” гэж нэрлэхдээ тулсан байжээ. 5000 долларын шагнал амлаад ч хэргийн талаар мэдээлэл, сураг гарсангүй. “Гашуудалдаа солиорч яваа ээж байна” гээд хүмүүс ч олигтой хайхраагүй байна.

Ингээд хэрэг бараг замхарч байтал аллагаас яг долоон сарын дараа зэргэлдээх муж улсад Кристофер Таппын сайн найз Бенжамин Хоббс гэж нөхөр нэгэн эмэгтэйд хутга тулган хүчирхийлсэн хэргээр баривчлагджээ. Анжиг алсан арга барилтай төстэй байна гэж мөрдөн байцаагч нар үзээд Айдахо Фоллсоос гаралтай мань хүн дээр хэрэг үүсгэхээр шийдэв. Таппыг ирж мэдүүлэг өг гэж. “Би тэр өдөр өөр газар өөр эмэгтэйтэй байсан. Энэ хэргийн талаар юу ч мэдэхгүй” гэж цаадах нь ирэнгүүтээ шууд л хэлсэн гэдэг. Уг нь нөгөөх дээр нь хэрэг үүсгэх гэж байсан мөрдөгч нар яваандаа Тапп тэр хоёрыг хамтраад энэ хэргийг үйлдсэн байж болох юм гэсэн дүгнэлтэд хүрчээ. Цагдаа нар Хоббсыг хэрэгт сэжиглэж байгаа гээд түүнийг барихад хэрэг болох мэдээлэл нэхсээр байсан боловч нөхөр юу ч мэдэхгүй гэж зүтгээд л байж. Гурван долоо хоногийн дотор 9 удаа байцаагдаж, долоон удаа полиграфт орж (үнэн худлыг шалгагч) нийтдээ 100 гаруй цагийн турш эрчимтэй байцаагдсан байна. Байцаалтын явцын бичлэг дээрээс харахад харваас жаахан хүү уйлан барин ярьж байгааг сүүлд нь хүмүүс харжээ. Цагдаа нар “чи худлаа хэлээд байна полиграф хэзээ ч худлаа хэлдэггүй”, “чамайг цаазаар аваачна”, “хийн танхимд хордуулна”, “бидэнтэй хамтарч, хэргээ хүлээвэл ял өгөхгүй” гэхчлэн сүрдүүлсээр байж. Сүүлдээ хүү ядраад, цагдаа нараас салахын түүс болж, залхсандаа цагдаа нарын хэлсэн янз бүрийн хувилбарыг зөвшөөрч эхэлсэн байна. Нийтдээ байцаалтын явцад зургаан өөр хувилбар хэлсэн байдаг. Аллага болж байхад өрөөнд хамт байсан гэж хүлээн зөвшөөрөхөд нь мань хоёрын үрийн шингэнээс дээж авч шалгасан ч таарсангүй. Цагдаа нар ахиад өөр хүн хамт байсан юм биш үү гээд байцаахад нь хүү ахиад өөр нэг хүний нэр хэлж. Тэр нөхрийнх нь ч бас таарсангүй. Ингээд цагдаа нар түүнийг худал мэдүүлэг өглөө гээд өмнө тохиролцсон ял хүлээлгэхгүй гэдэг тохироогоо цуцалжээ. Хэргийг хүлээхгүй бол чамайг цаазаар аваачна гэж сүрдүүлсээр байсан тул хөөрхий Кристофер Тапп амиа аврахын тулд хэргийг хүлээжээ. Гэтэл нөгөө хоёрыг нь суллаж явуулангуутаа Таппыг хүн амины хэргээр буруутган баривчилж орхих нь тэр. Хамаг эд мөрийн баримтаар биш гэдэг нь нотлогдсоор байхад тэр шүү. “Өөрийгөө авч гарах гэж үгээр нь явсаар байгаад нүхэнд хэтэрхийн гүн орчихсон” гэж сүүлд нь тэрээр ярьсан байна. 1998 онд болсон шүүх хурал дээр гэрчийн этгээд түүнийг нэгэн үдэшлэг дээр аллагын тухай ярьж байхыг сонссон гэх мэт мэдүүлэг өгсөн ба тангарагтнууд 13 цаг орчим хэлэлцээд Таппыг хүчин, санаатай аллага, үхлийн аюултай хүйтэн зэвсэг хэрэглэсэн гэх хэргүүдэд буруутай хэмээн шийдэж, улмаар шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноожээ. Шийдвэрийг сонсуутаа сандал дээрээ лагхийн унаад толгойгоо барин гасалж байгаа зураг нь ч хэвлэл мэдээллээр тухайн үедээ их тархсан байдаг гэнэ. Хүмүүс бүр түүнийг цаазаар авах ял оноохыг хүсч байсан гэдэг.

Кэрол Додж цагдаа нарт уурласан хэвээрээ л байв. Таппыг уг хэрэгт буруутай гэж яв цав нотлох юу ч байгаагүйн дээр нөгөө гайтай ДНХ хэнийх гэдгийг нь мэддэггүй. Цагдаа нар болохоор өөр нэг хүн цуг байсан байх, Тапп тэр хүнийг илчлэхгүй байна гэсэн болохоор л Кэрол уурлаад байж. Тэгээд өнөө ДНХ хэнийх болохыг олж илрүүлэхээр чармайж эхлэв. Тапп хуульчидтайгаа хамт гэм буруугүй гэдгээ баталж шоронгоос гарахаар тэмцэж, Кэрол охиныхоо биеэс гарсан ДНХ-ийн эзнийг олох гэж зүтгээд аль аль нь л бүтэл муутай явсаар 2009 онтой золгож, алуурчны ДНХ гэмт хэрэгтнүүдийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд нэвтэрсэн ч бас л үр дүнгүй. Кэрол хэдэн жилийн дараа ДНХ-ийн шинжилгээ хийдэг нэг компанитай холбоо тогтоож өнөөх дээжээ шалгуулахад сэжигтэн нь 85% цагаан арьстай хүн болох нь тогтоогджээ. Кэрол үргэлжлүүлээд судлаад л байж. Тэгсээр улсын шүүх эмнэлэг, ДНХ-ийн шилдэг мэргэжилтэн доктор Грег Хампикиан гэдэг хүнтэй холбогдож. Мань хүн энэ хэргийн талаар хэдийн мэддэг болсон байжээ. Тапп хуульчдаараа дамжуулан түүнтэй холбоо тогтоож өөрийнх нь гэм бурууг тодруулж өгөхийг хүссэн байсан аж. Доктор Хампикиан нь “Айдахогийн гэм буруугүй улс” хэмээх төсөл үүсгээд хэрэгжүүлж байсан үе гэнэ. Хилс хэргээр ял үүрч байгаа хүмүүсийг өмгөөлөх чиглэлээр ажилладаг төсөл юм байна. Ингээд хоёр талаас хүсэлт авсан доктор Хампикиан дадлагынхаа оюутанд нөгөө байцаалтын бичлэгүүдийг судлах үүрэг өгтөл цаадах нь тун удалгүй “Энэ хүү буруугүй юм байна. Цагдаа нар хамаг үгийг нь хэлж өгсөн байна” гэсээр ороод иржээ. Ингээд тэд хэргийг шийдвэрлэхээр авсан байна. Энэ хэргийг үйлдсэн байж мэдэх хүн бүрээс ДНХ-ийн шинжилгээ авахыг хүссэн боловч улсаас зөвшөөрсөнгүй. Нөхөд нөгөө дээжийг олон нийтийн ашигладаг ancestry.ком зэрэг сайтуудын өгөгдлийн баазууд дахь мэдээлэлтэй харьцуулж эхлэв. Тэндээс төстэй байж мэдэх нэг хүнийг олсон боловч бас л тохирсонгүй. Кристофер Таппыг хэрэгт буруутай, бас хамтран зүтгэгч байсан гэдэгт бат итгэлтэй байлаа. Мэдээллийн эрх чөлөөний хуулийн дагуу орон нутгийн сониныхон Таппын байцаалтын үеийн бичлэгүүдийг олж авсныгаа Кэролд үзүүлсэн байна. Нийт 25 цагийн бичлэгийг үзсэний дараагаар тэрээр Таппыг охиных нь аллагад буруугүй гэдэгт бүрэн итгэжээ. Ингээд хилс хэргээр буруутгагдан хоригдож байгаа Таппыг чөлөөлүүлэхээр тэмцэж эхлэв. Энэ бол 2016 он. Бараг хорин жил шахам шоронд хоригдсоных нь дараа. Цагдаа нар хэрхэн хүч хэрэглэж, тулгах замаар хэргийг нь хүлээлгэсний олон нийтэд дэлгэж тэмцсээр байгаад нөхрийн хэргийг прокуророор шалгуулж, цаадуул нь ялыг нь хэвээр үлдээгээд хугацааг нь дуусгаж өгье гэсэн санал тавьж. Тапп зөвшөөрсөнгүй. Тэгэхээр нь за тэгвэл хүчингийн хэрэгт буруугүй гээд, нөгөө хоёр хэрэгт буруутай хэвээр нь гээд хугацааг нь дуусгаж өгье гэхэд хорин жил шоронд хилсээр суусан Кристофер Тапп зөвшөөрчээ. Ингээд 2017 оны 3 сарын 22-ны өдөр суллагдсан байна.

Ингээд Крис суллагдсан ч өнөөх ДНХ-ийн эзэн олдоогүй цагт түүний гэм буруугүйг батлах юм юу ч байсангүй. 2017 он гэхэд Айдахо Фоллсын цагдаагийн дарга солигдов. Тэр үед 12 хүний аминд хүрч, 45 хүнийг хүчиндсэн Калифорнийн “Алтан мужийн алуурчин” хэмээх гэмт хэрэгтнийг илрүүлэхэд генетикийн удам судлал гэх шинэ технологи маш том хувь нэмэр оруулсан байна. Үндсэндээ гэмт хэргийн газраас олдсон ДНХ-ийн мэдээллийг олон нийтийн ancentry.ком гэх мэт сайтууд дээрх мэдээлэлтэй харьцуулдаг гэнэ. Цагдаа нар уг технологийг энэ хэрэгт голлон хэрэглэхээр болжээ. Тэд Сесе Мур гэх мэргэжилтэнтэй холбогдож энэ талаар хамтран ажиллахыг хүссэн боловч наадах нь дургүйцжээ. Дээжийг хэтэрхий олон жил хадгалагдаж, муудсан байх гэж үзсэн болохоор тэр гэнэ. Кэрол түүнтэй уулзаж гуйж гувшсаар байгаад арайхийн зөвшөөрүүлсэн тул 2018 оны зун өнөөх дээжийг судалж эхэлжээ. Аз болоход дээж олигтой муудаж шалиагүй байв. Дээжээс олдсон гениэр удмын шинжилгээ хийж явсаар Кларенс Уссери гэж хүний үр удам байж болох юм хэмээн тогтоожээ. Төрсний гэрчилгээ болон эмгэнэлийн бичгээр мөшгисөөр байгаад 1996 оны үед хэрэг үйлдсэн байж болох насны 6 хүнийг олж илрүүлсний нэг нь тухайн үед Айдаход амьдарч байсан болж таарав. Цагдаа нар нөгөө хүнээс дээж автал таарсангүй. Үлдсэн тавынх нь ч бас. Ингээд ахиад л мухардалд оржээ. Тэр гэр бүлээс л гаралтай хүн гэж бат итгэсэн байсан болохоор Мур юу өнгөрөөчихснөө баахан шалгажээ. Нэг нөхрийн анхны гэрлэлт л сэжигтэй санагдаад байж. Нэлээн залуудаа сууж байгаад шууд салсан юм байна. Их дээр үед, бас залуудаа байсан болохоор хүүхэд шуухадтэй эсэх нь тодорхойгүй. Ингээд байж байтал Миссүри мужийн нэгэн номын сангаас хариу нь олджээ. Өнөөх салсан Хэлэн Дорнелл гэх эмэгтэйгийнх нь эмгэнэл гараад ирэх нь тэр. Өөд болсон эмээ нь хүү болон ач хүүтэй байсныг, бас тэд нар нь төрсөн эцгийнхээ биш хойд эцгийнхээ Дриппс хэмээх овгийг авсан гэдгийг тэр эмгэнэлээс мэдэж авав. Тэгээд өнөөх ач хүү Дриппс нь Айдахо Фоллст 1996 онд амьдарч байснаар барахгүй алуулсан охины яг эсрэг талын байшинд амьдардаг байсныг нь олж мэдэцгээжээ. Анх хэрэг гарахад байцаагдаж байсан олон хүний дунд ч бас багтсан байж. Ингээд мань хүнээс ДНХ-ийн дээж авах ажиллагаа эхэлжээ. Нэлээн дагаж байж арайхын татсан тамхиных нь акуркийг авч шинжилгээнд өгөхөд хариу нь яг таарсан байна. Ийнхүү хорин жил, нэг зуун шинжилгээний дараа анх удаа таарсан гэх хариу гарч ирэв. Цагдаа нар Брайан Лэйи Дриппс хэмээх шинэ нэртэй боллоо. Баривчлаад цагдаагийн газар авчраад таван цаг орчим байцаагаад, ДНХ-ийн мэдээллийг үзүүлсний эцэс өнөөх нь тамхи нэхээд “За нөхөд өө, энийг бичлэгт оруулсан нь дээр байх шүү” гэж хэлээд хэргээ улайсан байна. Анжи Додж бүсгүйг хүчиндээд, алснаа хүлээгээд, хэрэг үйлдэхдээ ганцаараа байсан гэж хэлжээ. Түүний шүүх хурал 2021 оны 7 дугаар сард болохоор товлогдсон байна. Өөрөө буруугүй хэмээн мэтгэж байгаа бөгөөд шүүхээс буруутай нь батлагдвал ялын дээд хэмжээ авна.

Гэмт этгээдийг баривчилсныхаа дараа Кэролд хэн гэдэг хүн, хаанаас баривчилснаа дуулгах гэж маш олуулаа цуглажээ. ДНХ-ийн шинжилгээнийхэн, цагдаа нар гээд гэрт багтахгүй олон хүн ирсэн нь уг хэргийн мөрдөх ажлын өрнөл, явцад түүний хэр их нөлөөтэй оролцсоныг харуулж байгаа юм. Нэрийг нь сонсоод л Кэрол сандлаасаа гулсаад унаж. Энэ хүнээс ДНХ-ийн дээж аваад өгөөчээ гэж зөндөө гуйж гувшаад бараагүй, тухайн үед энэ хүнээс мэдүүлэг авсан цагдаа нар тайландаа тусгаагүй гэх мэт маш олон алдаа завхралууд байсан байна. "Энэ хэргийг бүүр 23 жилийн өмнө илрүүлэх боломжтой байсан байна гэж бодохоор би маш их уурлаж байна. Би бүр үүдэн дээр нь сууж байсан. Охиноо оршуулчихаад гэрт нь очоод цонхоор нь харж байхдаа ч тэднийх рүү харж байсан байна шүү дээ. Маш ойрхон мөртөө дэндүү хол" хэмээн Кэрол Додж харамсан ярьжээ.

Хэрэг үйлдсэн хүн олдсоноор Кристофер Таппын өмнөх хэргийг цагаатгах ажил улам эрчимтэй явагдаж 2019 оны 7 дугаар сард албан ёсоор цагаатгажээ. Нөхөр одоо Айдахо Фоллс хотын захиргаатай шүүхдэлцэхээр төлөвлөж байгаа юм байна. Мөн түүнд тохиолдсон энэ явдлаас улбаалж муж улсаас хилс хэргээр буруутгагдаж ял эдэлсэн хүмүүст нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл гарч байгаа гэнэ.

Энэ хүртэл тогтож уншсан бол ТА шүү гэе даа. БиБиСи дээрх “The mother and the murderer” (https://www.bbc.co.uk/news/extra/u5IdEAokvl/idaho-falls-murder-of-angie-dodge) хэмээх Гарет Эвансын нийтлэлээс тоймлож базсан Д.Цогчулуун

2020.03.13

Wednesday, October 16, 2019

I HOPE MY DEATH MAKES MORE CENTS THAN MY LIFE



Жокэрын тэмдэглэлдээ бичсэн энэ өгүүлбэр дэлгэцнээ хоёр гурван ч удаа гардаг шиг санагдана. Яг энэ утгаар нь харвал “Миний үхэл амьдралаас минь илүү мөнгө хийгээсэй гэж найдна” гэсэн утга илэрхийлж байгаа. Гэхдээ зөв бичих дүрмээр өвчилсөн миний хувьд энэ өгүүлбэр арай өөр утгатай байж болох юм гэж бодогдоод болохгүй байгаа юм. Хошин үзүүлбэр үзээд олны дунд ганцаараа тэс хөндлөн инээж суухдаа мань хүн дэвтэртээ нэг өгүүлбэр тэмдэглэдэг. Сексийн тухай хошигнол үргэлж амжилттай байдаг гэсэн утгатай юм бичихдээ “alwase” гэж бичсэн нь нүдэнд тороход зөв бичих дүрэм мэддэггүй зүгээр л сонссоноороо, дуудлагаар нь биччихдэг хүмүүс олон байдгийн нэг юм болов уу гэж бодоод өнгөрсөн. Тэгээд киноны төгсгөл хэсэгт нөхрийн хийхээр товлосон зэвүүн killing joke нь яг энэ өгүүлбэртэй уялдмаар бодогдоод болдоггүй. Миний бодлоор "Сэтгэцийн өвчтэй ганцаардмал хүнийг нийгмээрээ гадуурхаж, хог новш шиг үзвэл юу болох вэ? Хүртэх ёстойгоо л хүртэнэ!" гэж хэлэхээсээ өмнө “I HOPE MY DEATH MAKES MORE SENSE THAN MY LIFE” гэж хэлэхээр төлөвлөсөн байсан байх. Энэ тохиолдолд өмнө хэлсэн мөнгө төгрөгтэй холбоотой утга алга болж “Миний үхэл амьдралаас минь илүү утгатай байгаасай” гэсэн санаа илэрхийлнэ. Хүртэх ёстойг нь хүртээхгүй харин өөрийнхөө үхлээр нийгэмд дохио өгөхийг хүсч байж уу дээ? Даан ч мань хөтлөгчийн хандлага Артурын санааг хувиргачихсан. Уг нь нэлээн хүлцэнгүй маягтай, үхэхийнхээ өмнө хүчтэй цоролзон шатаж дуусах тайз болгохоор энэ нэвтрүүлгийг сонгочихсон орж ирсэн боловч яг нэвтрүүлгийн явцад санаагаа өөрчилж кинон дээрх үр дүнд хүргэдэг.

Киногоо үзэж дуусахад энэ тухай бодол сэтгэлийн мухарт эргэлдээд л байлаа. Сэтгэл гутралд орсон, нийгмээс ангид байна гэж өөртөө гутарсан хүмүүст чин үнэн сэтгэлийн дэм дутдаг бололтой. Ганцаараа байна гэдэг ганцаардахын нэр биш гэдэг шиг олонтойгоо байлаа гээд сэтгэл гутралгүй гэсэн үг бас биш болой. Бидний сайн мэдэх Чэстэр Бэннингтон, Робин Виллиамс зэрэг эрчүүд сэтгэл гутралаа барьж дийлэлгүй амиа егүүтгэсэн нь үүний нотолгоо ч байж болно. Сэтгэлийн дэм гэх юмны сүүдэр ч байхгүй болсон Артур шиг улсын өмнө үнэндээ кинонд гардагтай ижил хоёр төрлийн хоёр сонголт л тулгардаг гэнэ. Саяхан болоод өнгөрсөн “Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр”-ийн хүрээнд гаргасан мэдээллээс харвал дэлхий дээр 40 секунд тутам нэг хүн амиа егүүтгэж байна гэх. Сэтгэл гутралдаа дотроосоо идэгдэж байсан ч гаднаа ил харуулалгүй кинонд гардаг шиг “жаргалтай царайлж” (put on a happy face) явсаар эцэстээ тэвчээрийн хязгаарт тулж буцах тасалбараа эрт захиалан одсон байна. “Эр хүн” байхын нэг сул тал гэх үү? Сэтгэцийн эрүүл мэндийн талаар ингээд мэдүүлж байгаа нь сайн боловч мэдүүлээд зогсохгүй бас сэргийлэх арга хэмжээ авах хэмжээний сэтгэл зүйг хүн ардад суулгамаар санагдаг болсон. Дотно найз нөхдийнхөө ааш аягт анзааргатай байж, элдэв бичвэрүүдийг нь анхаарч баймаар санагддаг юм. Санаа зовоосон зүйлс хуваалцаад, бичээд эхэлбэл тандаж үзэхэд илүүдэхгүй гэж бодоод ганц хоёр хүнд чат бичиж байсан тохиолдол бий. Яахав зүгээр л эморч байсан байж болох ч “тэгэхэд бичсэнсэн бол?” гэж өөрөөсөө асууж байснаас хамаагүй дээр л дээ.

Киноноос үүдэн амьдралын чухал асуудлаар ийнхүү хэсэг бодолхийлсэн түүх оршвай. (Одоо Жокэрын талаар ахиж бичихгүй ээ)

Цогоо аут.
2019.10.16

Зургийн эх сурвалж: https://www.thelivemirror.com/joaquin-phoenix-joker-quotes/

Thursday, October 10, 2019

КИНО ЯРЬЯ - ЖОКЭР

Анхаар: Яг үйл явдлыг нь ярихгүйг хичээсэн ч гэсэн агуулгын хувьд споилер байж болохуйц юмс байгаа тул киногоо үзээгүй улс үзсэнийхээ дараа уншина уу.



Удтал тэвчин хүлээсэн Жокэроо өчигдөр үзэж, сэтгэлийн цэнгэл эдлэв. Ер нь ингэж үзвэрийн турш жаргаж суусан кино ховор талдаа хамгийн сүүлд гэвэл Галзуу Максын Хилэнт замыг үзэж гарч ирэхдээ нэг тийм сэтгэгдэлтэй байсан санагдана. Дуу, дүрсийн хувьд бол үнэхээр чих болоод нүд баясгахаар. Жокэрын сууц, байгаа орчин, явж байгаа газрууд нь үргэлж нэг тийм бараан, давчуу харагдаж байсан нь дотоод сэтгэлийнх нь байгаа байдлыг харуулах гэснийх байх гэж бодож суулаа.

Үзэж байхдаа түүний мөнхий дайсан Бэтмэнийг өөрийн эрхгүй бодож байв. Готам хотын байгаа байдал, хүн ардын бухимдал гээд ижил хөрснөөс эсрэг тэсрэгийн хоёр туйл мэндэлж дээ. Нэг нь энэ холион бантан дундаас итгэл найдварын гэрэл болон тодорч, сүүдэрт бугшсан муу муухайг үлдэн хөөхөөр тэмцдэг бол нөгөөх нь харин харанхуйд гэтэн мярайх хилэнт бодлууд, адын хүсэлд тэвчээрийн хязгаараас даван гарах хүч олгодог. Нолан Харанхуйн хөлөг баатар гурамсан бүтээлд Брюс Вэйн хэлдэг. “Би айдсын бэлэг тэмдэг болж, гэмт хэрэгтнүүдийн зүрхэнд айдас хураана” гэж. Харин хорвоогийн шударга бус үйлдлүүд, баян хоосны ялгаа, өдөр тутам нухчин дарлах амьдралын хүнд хүчирт туйлдан шантарсан улсын хувьд Жокэрын үйлдэл өвсөнд хаясан шүдэнз шиг л нөлөө үзүүлж байгаа юм. Эгэл ардын уур хилэнгийн бэлэг тэмдэг гэж би дотроо бодсон. “Хуульгүй байсансан бол алаад хаячих юмсан” гэж дотроо зэвүүцэн боддог бүхнийг чинь хэн нэгэн хүн гарч ирээд хийгээд эхэлбэл яах вэ?

"What do you get when you cross a mentally ill loner with a society that abandons him and treats him like trash? You get what you f**kin' deserve!"

(Сэтгэцийн өвчтэй ганцаардмал хүнийг нийгмээрээ гадуурхаж, хог новш шиг үзвэл юу болох вэ? Хүртэх ёстойгоо л хүртэнэ!)

ДиСигийн баатруудтай киноноос шал ангид байх зориулалттай кино гэдгийг мэдэж байсан ч гэсэн нэг тийм хөнгөн харуусал бас төрөөд амжсан. Гэхдээ яг ийм уур амьсгалтайгаар хийнэ гэвэл Бэтмэн, Сүисаид скваад хоёроос бусад нь гомбоо болох байх л даа.

Monday, May 13, 2019

“АЛСУУР ДАЯЛЖ АНХНЫ ЗОРИЛГОДОО ХӨТЛӨХҮЙ” ГЭДЭГ МЭХ ХЭРЭГЛЭСЭН МИНЬ

Миний биеийг захиран зарцуулах эрхтэй гэрийн ерөнхий сайдаас гадна нэг Атамантай хүн билээ. Өрхийн тэргүүн хэмээх бэлэгдлийн чанартай цол төдий гэдгийг манай гэр бүл доторх удирдлагын тогтолцоо яв цав харуулдгийг хааяа бодож гүн санаа алдах явдал мэр сэр бий. Гэхдээ удирдлагын тогтолцооны энэхүү гажуудлаас болоод үүрэг нөлөө нойл зааж байгаа юу гэвэл бас үгүй юм. Жишээлэхэд, би вээр Атаманы төрөл бүрийн боловсролын асуудалд хөндлөнгийн болон дотоодын аудитын үүргийг давхар хаших ба хааяа сурган хүмүүжүүлэгчийн үүрэг гүйцэтгэгч ч хийх нь бий. (мэдэж байгаа, тогтолцооны гажуудал, системийн завхрал, ашиг сонирхлын зөрчил бүгд байгаа)

Сүүлийн үед коачинг, менторинг гэх болсон арга хэмжээг Атаманы а гэж анх дугарсан үеэс хэрэгжүүлж эхэлсэн байдаг юм. Гэхдээ энэ арга хэмжээ зөв хэрэгжсэн үедээ хүлээн авагч нь коач буюу ментороосоо өөрийн амьдралд хэрэгтэй зөвлөгөө, сэтгэл санааны дэмжлэг авдаг бол минийх шал эсрэгээрээ билээ. Юу гэвэл, би түүнийг мэндлэнгүүт өөрийн хамсаатан болгох атгаг төлөвлөгөө шууд боловсруулсан юм. Уншсан ном, үзсэн киногоо сэтгэл сэргэтэл чөлөөтэй ярьж суудаг хамсаатантай болсноор гэр бүл доторх миний байр суурь өндөр байх болно гэж тооцоолсон хэрэг л дээ.

Одоо ингээд 8-9 жилийн мастер төлөвлөгөөний хэрэгжиж байгаа байдлыг харахад дуртай зүйл бүр дээр нь дөрөөлж тэр чиглэлийн гайгүй шиг кинонуудыг санал болгон хамт үзэх замаар ерөнхийдөө нэлээн амжилт олоод байгаа. Цаашдаа ч энэ эрчээрээ гайгүй сайн явах боломжтой гэсэн хэтийн төлөв харагдаж байна.

Хэрхэн хэрэгжүүлэв ээ хэмээвээс.
Эхний ээлжинд дада дүдү гээд байж байх үед нь хурц тод өнгөтэй, хөгжүүн хөхиүн дуу хууртай кинонууд үзүүлэх. Энэ үед киног дуу хууртай байж болдог гэдгийг таниулах зориулалттай тул болж өгвөл өөрийн дуртай кинонуудыг үзүүлэх хэрэгтэй. Бас өөрийн дуртай дуунуудыг сонсгож чихэнд нь дасгавал зохино. Кино болон хөгжмийн сонголт хийх эрх надад байсан тул энэ үе шат их амархан байсан.

Хамаг ухаан уралдуулах үе шат нөхрийн гарт зурагтын удирдлага очсон үед тохионо. Өмнөх үе шатандаа бэлтгэл ажиллагааг маш сайн хийсэн бол энэ үе тийм ч хэцүү биш. Өөрөөр нь сонголт хийлгэж байгаа мэт харагдуулах хэрэгтэй. Хоёр юм уу гурван киног санал болгож алийг нь үзэх хүсэлтэй байгааг байнга асууж бай. Ер нь бол нөхрийг сонголтоо өөрөө хийж байна гэсэн сэтгэгдэлтэй л явуулах хэрэгтэй. Манайхны сонгууль шиг л. Сонголтыг нь харин өөрөө бэлдэж өгнө. Ер нь бол эхэн үед аль болох өргөн хүрээтэй явуулах хэрэгтэй. Юу хүсч байгааг нь өгч байгаа мэт харагдахаар. Миний хувьд дуу хөгжмийн тал дээр голдуу өөрийн дуртай дуу хуурыг сонсгож байсан ба цаг үедээ хит болж байгаа орчин үеийн дуунуудаас аль болох зайлсхийхийг хичээсэн. Өөрөө том болохоороо тэртэй тэргүй сонсох байх гэж бодож явдаг тул аль болох хөгжмийн мэдрэмж суулгах болов уу гэж бодсон дуу хуурт гол анхаарлаа хандуулсан. Рок дуунууд, поп дуунууд аль алийг нь л сонсгож байсны ачаар одоо аавын дуртай гэх тодотголтой дуунуудыг дагаад сонсдог болсон. Кэйпопыг бол ерөөсөө шууд хорио цээрт оруулсан. Хүмүүс нь гоё ганган, дууны ая, бүжгийн хөдөлгөөн нь энгийн бөгөөд дагаад аялахуйц байдаг тул хүмүүсийг амархан урхиддаг. Тиймээс бүр огт сонсгох хэрэггүй. “Аав та яагаад Солонгосуудад дургүй байдаг юм бэ?” гэж асуусан удаа бий. Тэр үед нь зохих үнэн тайлбарыг өгсөн болно.

Киноны хувьд өөрийн айконик гэж бодсон хэд хэдэн сонгодог бүтээлүүдийг насанд нь тохируулаад үзүүлсээр ирсэн ба одоо миний атаман суперкалифражилистикэкспиалидошиус гэдэг үгийг 4 секундэд бүтэн хэлж чаддаг болсон. Миний урхидах үндсэн аргуудын нэг бол нэг кинон дээр гардаг өөр нэг киноны тухай хэсэгт ач холбогдол өгч нөхрийг анзааруулах. Жишээ болгон хэлэхэд, Мэри Поппинсыг зүгээр шууд үзүүлэх гэж оролдоход анхандаа тийм ч дуртай байгаагүй. Хуучны кино байна гээд. Тэгэхээр нь Марвелийн “Галактикийн хамгаалагчид” киноны хоёрдугаар ангийг үзүүллээ. Ёонду тэнгэрээс бууж ирж байхад нь “Чи яг Мэри Поппинс шиг харагдаж байна” гэдэг хэсэг дээр би зориуд өргөлт өгөв. “Нээрээ яг Мэри Поппинс шиг байна шүү” гэж атаманд сонсогдохуйц хэлэхэд нөхрийн сонирхол хөдөлж юун хүн болохыг лавлахад нь би Ютүб дээрээс өмнө нь хайж бэлдсэн байсан бичлэгийг үзүүллээ. Суперкалифражилистикэкспиалидошиус гэдэг дууг үзүүлэнгээ түүнийг багадаа энэ үгийг хэлж чадахгүй супадош гэж хэлж байсныг нь сануулж шарыг нь жаахан малтав. Галактикийн хамгаалагч нарыг үзэж дуусаад шууд Мэри Поппинсыг үзэх хүсэлт ирэв. Би ч үүнд бас бэлдээд хамгийн гоё блүрэй бичлэгтэйг татаж авсан байсан тул шууд үзүүллээ. Ингээд манай атаман 2019 оны 2 дугаар сарын 14-нийг тэсэн ядан хүлээж эхэлсэн юм даа. Эмили Блантын тоглосон хоёрдугаар анги нь энэ өдөр нээлтээ хийнэ гэдгийг өөрөө гүүглдэж олж мэдсэн юм. Ер нь миний хэлсэн юмнуудыг давхар гүүглдэж, юүтүбдэж шалгадаг зуршилтай болсон байгааг нь би их сайшааж байгаа. Кино хэлэхээр заавал трэйлерийг нь шалгана.



Хамгийн сүүлийн амжилт гэвэл Студио Гиблид орууллаа. Анх хоёр жилийн өмнө Мононокэ гүнжийг шууд үзүүлэх гэж оролдоход “хэлийг нь ойлгохгүй” хэмээн эрс эсэргүүцэж байсан тул би түр хойш тавиад байсан билээ. Сүүлийн үед нөхөр атаман хайр дурлалын сэдэвтэй кино болон номыг нэн хүчтэй сонирхох болсонтой холбогдуулаад ойрмогхон гарсан Чиний нэр... хэмээх хөөрхөн хүүхэлдэйг үзүүлж хорхойг нь хөдөлгөв. Нихон хэлээр нь яриулаад, англи орчуулгыг дэлгэцийн доогуур урсгах маягаар. Ер нь өөрөө нэтфликсээс голцуу ингэж үзэж дассан болохоор Гиблийд оруулах цаг нь болсон гэж үзсэн хэрэг л дээ. Чиний нэрийн дараа шууд Мононокэ гүнжийг үзүүлсэн. Ер нь хүчирхэг эмэгтэйчүүдтэй кинонд дуртай нөхөр юм байгаам. Тэгээд тэндээс үргэлжлүүлээд Понё, Кикигийн хүргэлтийн үйлчилгээ, Ховлын нүүдэг шилтгээн, Чихиро энэ тэр гээд дамжиж өгсөөн. Арай л Гэрэлт цохнуудын булш руу оруулчихаагүй. Уйлуулдаг кино үзэх үү гэхэд яахын гэхээр нь тэгээд больсон. Гэхдээ ямар ч байсан “Япон хүүхэлдэй үзье л даа” гэдэг болсоон.

Анх атаманы бичиг үсэг тайлагдаагүй байдалд хязгаарлагдаад сүүдэр ший, дуу хуурт түлхүү анхаарч ажиллахдаа ном уншлагыг орхигдуулсан нэг том алдаа буй. Энэ алдааг ойрын үед шаргуу засах зорилгоор түүний дуртай кинонуудын нэг болох Харри Поттерын бүрэн цувралыг англи хэлээр бэлдсэн ба Монгол нь хараахан гарч дуусаагүй. Бөгжний эзний Хоббитыг бас аваад хажууд нь тавьчихсан. Силмариллион, Бөгжний эзэн зэргийг бол цагийн явцад авахаар төлөвлөсөн байгаа. Одоогоор уншихад хэлний бэрхшээл их гарах байх гэж бодож байгаа юм. Ер нь нэг их хүчлэхгүй ч ном уншаарай гэж үе үе дугарсхийгээд л байж байна.

Зургийн эх сурвалж: https://www.theguardian.com/film/2018/nov/23/mary-poppins-why-we-need-a-spoonful-of-sugar-more-than-ever

Saturday, May 04, 2019

НЭГЭН ХӨВГҮҮНИЙ ТУХАЙ

Ер нь кино бүрээс хамгийн таалагдсан хэсэг гэж байдаг. Миний хувьд энэ “НЭГЭН ХӨВГҮҮНИЙ ТУХАЙ” гээд кинотой анх арван хэдэн жилийн өмнө танилцсанаас хойш жилдээ ядаж нэг үзчихээд байдаг болсон юм. Энэ киноны хамгийн их таалагдсан хэсэг нь ерөнхийдөө энэ үзэгдэл байх. Гоё хэсэг ихтэй л дээ. Харилцан яриа энэ тэр гээд ер нь күүл кино.


Бичлэг дээрх үзэгдэл бол Маркус гээд хөвгүүн ээжийгээ баярлуулах гэж сургуулийн концертод дуулж байгаа хэсэг юм. Ээж нь нөхөртөө хаягдаж хүүтэйгээ үлдсэнээсээ хойш сэтгэл санаа тогтворгүй болж улмаар амиа хорлох оролдлого хийж байсан. Амиа хорлох оролдлого бүтэлгүйтэж сэтгэл санаа нь арай дээрдсэн хэдий ч сүүлийн үед өглөөгүүр гэнэтхэн уйлаад эхэлсэн нь хүүгийн сэтгэлийг түгшээд, нэгэнтээ ээжийнх нь хэлсэн “Чамайг дуулахаар миний сэтгэл цэлмэх юм” гэж хэлсэн үгийг санаж концертод дуулахаар шийддэг. Энэ шийдвэрээ найз Виллдээ хэлэхэд “Бүтэхгүй санаа. Олон нийтийн өмнө өөрийгөө алж байгаа хэрэг болно” гэж хэлсэн боловч Маркус нэгэнт шийдсэн байв.

Маркусын найз Вилл бол гуч гаран насны эрх чөлөөт иргэн. Аавынх нь эрт галавт зохиосон дууны зохиогчийн эрхийн татварыг хүртдэгийнхээ буянаар ямар ч ажил хийхгүй амьдардаг түүний амьдрал юу ч үгүй хоосон. Вилл ч амьдралдаа сэтгэл хангалуун. Хүүхнүүдтэй зугаацаж байгаад харьцаа нь яг ноцтой болох гээд ирэхийн алдад бушуухан салж сэтгэл амардаг байсан ч уулзаж байсан нэг бүсгүй нь түүнээс өрсөж харьцаагаа цэглэсэн удаатай. Яагаад гэдгийг нь ганц бие эх байснаас болов гэж ойлгосон Вилл тэрнээс хойш ганц бие бүсгүйчүүдтэй явж байхаар шийдэж нэг эмэгтэйг товлосон нь мөнөөх Маркусын ээжтэй найз байж таардаг.

Уг нь анх уулзахдаа нэг нэгэндээ тэгтлээ таалагдаагүй ч яаж ийгээд найзууд болчихдог. Яаж яваад найз болсныг ярьчихвал киног үзэх гэж бодсон улсад сонирхолгүй болчих байх тиймээс зүгээр л энэ үзэгдэл яагаад надад таалагддаг тухай ярья. Дээр хэлсэнчлэн Вилл энэ шийдвэрийг Маркусын хувьд амиа хорлосон хэрэг болно гэж үздэгийн учир нь нөхөр өөрөө хүмүүст нээлттэй байх дургүй. Магадгүй бага залуудаа Маркус шиг нөхөр байсан ч байж болох. Гашуун туршлагаасаа болоод өөрийнхөө амьдралд хэнийг ч оруулах дургүй, зүгээр л санаа зовох зүйлгүй амьдралын өнгөн хэсгийг илбээд өнгөрөхийг илүүд үзэж байсан болов уу гэж бодогддог юм. Маркуст өөрөө найр тавиагүй ч нөгөөх нь түүний амьдралд дайрч орж ирээд өөрийн гэсэн байр суурь эзлээд авчихсаныг явцын дунд ойлгодог.

Маркусыг болзошгүй ичгүүрээс гаргах гэж энд ингээд ирсэн боловч нөгөөх нь шийдвэртээ үнэнч. Яг л Виллийн бодож байсан шиг Маркусын үзүүлбэр харсаар байтал гамшиг болон хувирч байхад Вилл түүнийг аварч орж ирдэг. Гэхдээ үнэндээ Вилл өөрийгөө аварч байгаа хэрэг юм. Маркуст туслах гэсэндээ өөрийнхөө айдсыг давж гарч ирж байгааг нь хараад үзэгчдийн дунд сууж байсан дурлалт бүсгүйн сэтгэл хөдөлж байгаа нь Вилл түүний бодсон шиг хоосон хүн биш байжээ гэдгийг ухаарсных байх. Виллийн хувьд хэдий танихгүй ч энэ олон хүний өмнө гарч дуулна гэдэг бол түүний хувьд ерөөсөө хүмүүсийн бодол чухал биш болж өөрийн гэсэн үнэт зүйл буюу Маркусын нөхөрлөл хэр үнэтэй болсныг харуулж байгаа хэрэг.

Гэтэл үзүүлбэрийн дундаас эхлээд өөр зүйл харагдаж эхэлдэг. Маркус дуугаа дуусгачихаад байхад Вилл үргэлжлүүлсээр байдаг хэсэг л дээ.
He sang as if he knew me in all my dark despair
And then he looked right through me as if I wasn't there
Монголчилбол:
Бухимдаж цөхөрсөн намайг
Бүрэн гүйцэт мэдэх ч юм шиг
Дуугаан үргэлжлүүлж дуулсаар
Нэвт харна, намайг байхгүй мэт
гэж дуулдаг хэсэг дээр бол яахын аргагүй өөрийнхөө тухай дуулдаг. Нүдээ аниж байгаад л... Удаан хугацаанд бариад, түгжчихсэн байсан сэтгэл нь сагаж халгихдаа ийнхүү тайзан дээр нүдээ анин дуундаа автахад хүргэлээ дээ гэж би боддог юм. Заримдаа зүгээр л сайхан дуулаад өөрийгөө чөлөөлчихмөөр санагддаг шүү дээ.
Өө-өө-өө-лаалааалаа ...
Харин аз болоход тайзны ард зогсож байсан хүү бөмбөг шидэж авардаг.

So, there I was, killing them softly with my song... Or rather, being killed, and not that softly either... (Ингээд би байж байлаа, дуугаараа тэднийг зөөлхөн алаад... үнэндээ алуулаад, бас тийм ч зөөлөн биш) гэдэг хэсэг дээр дандаа инээд хүрдэг. Ямар ч хамаагүй кинон дээр үе үе ингээд үгээр наадаж байгаа хэсгүүдийг харахаар их таатай байдаг юм.

Үзээд суухад үнэхээр сайхан кино. Хөнгөн чанарын кино л доо. Гэхдээ үзээд дуусахад нэг тийм сайхан мэдрэмж төрүүлдэг. Эр хүн бүр өөрийн гэсэн арал дээр амьдардаг. Вилл энэ үгээр өөрийгөө тодорхойлдог ч арал дээр байлаа гээд бусдаас өөрийгөө тусгаарлах албагүй юм гэдгийг ойлгоод кино дуусдаг. Үнэндээ киноны нэрэнд буй НЭГЭН ХӨВГҮҮН нь Маркус биш Вилл юм.

Хью Грантын олон дүрүүдээс энэ дүр л миний хамгийн дуртай дүр байх. Бас Маркуст тоглосон Николас Холтыг одоо ингээд гайгүй том жүжигчин болж байгааг харах их таатай санагддаг. Яагаад ч юм хар багаас нь мэддэг хамаатны хүүхэд сайн явж байгааг хараад өмнөөс нь баярлах шиг мэдрэмж төрдөг гэх үү дээ.

Tuesday, March 05, 2019

Автын үзлэг

Ойрмогхон автомашинаа үзлэгт хамруулав. Хоёр жилдээ нэг удаа үзүүлэх ёстой байдаг юм байна. Манайхан шиг улсын бүх автомашиныг зэрэг үзэж нерв бардаггүй, машин тус бүрийн улсад анх бүртгүүлсэн өдөр нь үзчихдэг гэнэ ээ. Одоо жишээ нь манай тэрэг анх 2 дугаар сарын 25-нд бүртгүүлсэн бол хоёр жил тутамд энэ өдрөөс өмнө, оройтлоо гэхэд үүнээс хойш нэг сарын дотор үзлэг оношилгоонд орж байх ёстой байдаг нь их таалагдав.

Болзолт өдрөөс нь өмнө оношилгооны газар руу яваад очлоо. Цомхоон газар байна. Мөнгө хураах, үйлчлүүлэгчдийн хүлээх зориулалттай нэг жижиг байшин, байшин ч гэж дээ тоноглосон контейнер л юм, тэгээд үзлэгийн бас нэг жижиг байшин хоёулаа нийлээд ёстой л 0.07 га газар дээр өлхөн багтахаар юм. Олон машин байх юм байх гэж бодтол ёстой хөл хөдөлгөөнгүй нам гүм газар байна. Очоод зогсонгуут нэг механик залуу ирээд нөгөө контейнер руу орохыг заагаад өөрөө тэргийг маань нөгөө жижиг байшингийн тийшээ аваачаад зогсоочихов. Заасан газар руу нь ороход үзлэг оношилгооны мөнгө гээд 50 мянга жаахан гаран вон хурааж байна. Төгрөгөөр бол 100 мянга гаран юм уу даа. Тэгээд л хүлээгээд суучихаж байгаа юм. Тэр доор миний тэргийг үзлэг оруулж байгааг харангаа кофе уусан шиг. Гэрэл чийдэнг нь шалгаад л, дээгүүр доогуур нь шагайж янз бүрийн багажаар хэмжилт хийж байх бололтой, тойроод л. Нэг их удсангүй ээ. Гучин минут орчим л болов. Доошоо буугаад очиход “Элдэв асуудал алга. Ахиад хоёр жилийн дараа уулзацгаая” гэх маягийн юм хэлээд мэхийн ёслоод үлдэв.

Гэрэл зураг буулгаж авахаа мартсан тул интернэтээс төстэй зураг авч хэрэглэв. (https://kr.polomap.com/%EA%B0%95%EB%A6%89%EC%8B%9C/8015)
Үзлэгийн энэхүү цэг нь ажлын таван хоног дээр Бямба гарагийн үдээс өмнө ажилладаг юм байна. Бямба гарагт бол цаг товлож байж үздэг гэнэ. Бусад өдөр нь бол үдээс хойш 16 цаг хүртэл хүлээж аваад үздэг гэж байна. Би үдийн цайнаас жаахан өмнө ирсэн тул миний араас ахиад хоёр тэрэг ирж үзүүлсэн. Намайг явах гэж байхад нэг нь дуусаад араас гарч байгаа харагдсан. Ажиллах хүчний хувьд гэвэл инээд хүрмээр цомхон юм. Хоёр механик, тэгээд мөнгө хураагч нэг бүсгүй. Ингээд автын үзлэгийг улс даяар тогтсон нэг хугацаанд биш жил тойрон иймэрхүү маягаар хийдэг болчихвол хаа хаанаа их амар байх биш үү гэж бодсоор би ажил руугаа явсан даа.

Монголд автын үзлэг, оношилгоонд өөрийн биеэр бол орж үзээгүй л дээ. Харин хажуугаар нь явж үзсэн. Хавийн газрын хөдөлгөөнийг хязгаарласан их дараалал, бөөн “яриа, хөөрөө” болсон л газар байдаг юм билээ. Солонгосын эндэх шиг ийм аятайхан цэгцтэй байдаг бол хичнээн сайхан гэж бодож байлаа. Угаасаа Солонгосын ихэнх юманд иймэрхүү маягаар атаархаад явдаг юм өө. Эмнэлгийн үйлчилгээ, даатгал, татварын бүртгэл, хоорондын уялдаа холбоо гэх мэтийг яриад ч баршгүй мэт.

Жич: Монголд ийм зохицуулалттай болсон байсныг мэдээгүй ийнхүү шүүмжилжээ.



Monday, March 04, 2019

Serenade

Энэ бичлэгийг бас үе үе үздэг. Дуу нь их гоёос гадна бичлэг дээр байгаа улс их сайхан санагддаг юм.

Марион Котиярын нүд нь гялтганаад л дууг бол чухам сайхан мэдэрч байгаа юм. Лили Аллен ч гэсэн Марион руу харж ялдам инээмсэглээд л. Үүүү ааааа гэдэг хэсэг бол үнэхээр гоё. Ер нь бүхэлдээ Лилигийн Марионд зориулсан серенад ч юм шиг.

Эгэлхэн минь хаа одоо вэ?
Нас минь явахын хэрээр найдаж болох нэгнийг хүсэх болж
Хэзээ намайг оруулахаа хэлж өгөөч
Хүлээсээр цөхөрч байна, хаа нэгтэйгээс эхэлмээр
Зав гаргаач, нэг тийшээ явъя
Зориуд үүний тухай ярилцахаар
Зөвхөн бидний мэдэх тэр газар руугаа явцгаая.


Friday, February 15, 2019

САР БУЛААЛДАХ

Бага байхад “Оргил булаалдах” гэж тоглоом тоглодог байлаа. Уулын оргил ч юм уу, эсвэл томхон шиг толгойн оргил өөд зэрэг гүйлдээд хэн түрүүлж хүрсэн нь хождог. Дүрэм нь ойлгомжтой, энгийн сайхан тоглоом. Тэрэнтэй төстэй нэг “тоглоом”олон жилийн өмнө явагдаад өнгөрснийг бүгд мэднэ дээ. Сансар огторгуйг эзэгнэх гэж ЗХУ, АНУ хоёр уралдаад, оросууд анх хүн хөөргөхөд, америкууд саран дээр анх хүн буулгаснаар ерөнхийдөө уралдаан нь замхарсан. Яг хэн нь хожсоныг тодорхой хэлж чадахгүй боловч, ямар ч байсан хүн төрөлхтөн тэрнээс нь зөндөө хожсон гэдэг нь баттай. Энэхүү уралдааны ачаар боловсролын салбар, мэдээллийн технологи, цаг уурын салбарууд үсрэнгүй хөгжсөн нь бол маргаангүй үнэн юм.

Тэгэхээр энэ цаг үед ахиад нэг уралдаан эрчээ авч эхэлж байна. The Moon Race гэж нэртэй ашгийн бус байгууллагыг хэд хэдэн хувийн компани, байгууллагууд нийлж байгуулсан ба технологийн шийдлээ боловсруулж хөгжүүлээд 2024 он гэхэд сар руу аялахаар төлөвлөж байгаа юм. Үүнийхээ хүрээнд дэлхий даяар уралдаан зарлаад байгаа бөгөөд эрчим хүч, нөөц баялгийн үйлдвэрлэл, боловсруулалтын чиглэлд тодорхой технологи болосвруулахыг уриалж байгаа юм байна. Сарны усыг савлах, сарны ногоон байгууламжийг дэмжих гэх мэт чиглэлд түлхүү анхаарал тавих гэх мэт. Уралдаан 2019 оны 10 дугаар сард International Astronautical Congress буюу Олон улсын сансар, ус судлалын конгрессын үеэр гараагаа эхлэнэ.

Зүгээр мэдээллийн чанартай хэлэхэд, сарны гадаргуу нь Цельсийн 127-173 градус хүйтэн байдаг ба дээр нь радиаци, татах хүч сул (Дэлхийн татах хүчнээс зургаа дахин бага) гэх мэт хүндрэлүүд бий. Мөн түүнчлэн саран дээрх нэг хоног Дэлхийн 29 хоногтой тэнцүү учраас хоёр долоо хоногийн нар, хоёр долоо хоногийн сүүдэр үргэлжилнэ гэсэн үг. Уралдаанд оролцох технологиуд энэ нөхцлүүдэд ажиллах чадвартай байх ёстой юм байна. Урьдчилсан байдлаар “Сарны тосгон”-ыг газар доорх байгууламж маягаар байгуулж, тэр хавийн ашигт малтмалын нөөц бололцоог ашиглаж байхаар тооцоолж байгаа юм гэнэ ээ.

НАСА, Сарны уралдаан зэрэг байгууллагуудаас гадна БНХАУ энэ чиглэлээр эрчимтэй судалгаа хийж байгааг манайхан сайн мэдэж байгаа байх аа. Саяхан саран дээр судалгааны тандуул буулгаж зураг хөрөг явуулаад байсныг мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай дамжуулсан.

Элдэв эх үүсвэрийн мэдээллүүдээс базаж нэгтгэсэн учир дэлгэрэнгүй мэдээлэл сонирхсон улс доорх холбоосуудаар дамжин үзнэ үү.

Мэдээллийн эх сурвалжууд:
https://en.wikipedia.org/wiki/Space_Race
https://www.space.com/42010-moon-race-lunar-tech-2024-blue-origin-airbus.html
https://www.themoonrace.org/en/challenges/themoonrace
http://www.bbc.com/future/story/20190201-how-easy-will-it-be-to-build-a-moon-base

Төгсгөлд нь хэлэхэд энэ 2019 оны 7-р сарын 20-ны өдөр Аполло 11 хөлөг сарны гадаргуу дээр буусны 50 жилийн ой болно. Зүгээр л хэлсийн.

#ШалдарБулдар

Цогоо, аут.


Thursday, February 14, 2019

ЦАХИЛЖ ЯВАА ГӨРӨӨС

Дарма Батбаяр гуайн туужаас төрсөн сэтгэгдэл 

Цахилж яваа гөрөөсийг би их олон удаа уншсан. Богинохон болохоор нь байсхийгээд л барьж авч уншдаг хэдэн номуудын минь нэг юм. Анх уншихдаа юу бодож үлдсэнийг бүү мэд. Юу ч ойлгоогүй зүгээр л уншаад өнгөрсөн ч байж мэднэ. Нэлээн хойно л ахин дахин унших бүрийдээ их бадрангуй сэтгэлтэй үлддэг болсон санагдана. Хайргүй болоод орхиж явсан нөхрөөсөө хөл хүндтэй үлдэж байгаа Дэжид, хүү Цэдэн-Иш хоёртой цуг аадар борооноор сэтгэл түгшин суухдаа “Хөөрхий дөө, бүсгүй хүн шүү дээ” гэж өөрийн эрхгүй өр өвдөн уншдагсан. Сүүлд уншихдаа “Манай Дэжид ч нуруутай бүсгүй дээ” гэсэн нэг бахархалархуу юм мэдэрсэн юмдаг. Нэг л зохиолыг ингээд олон дахин уншсаар байгаад Дэжидийг хэзээний таньдаг болсон мэт санагдаж, хэдийгээр унших болгонд дандаа л хийдэг тэр үйлдлээ хийж байгаа ч тухай бүрт нь “уухайс, ёстой зөв” хэмээн урамшуулан бодох болсон хүн билээ би. Хүний дотор хэр их амьдрал, хэр их эрч хүч байгааг зовлонд хэр нугарч байгаагаар нь харж болох юм гэж уншсан олон номоосоо ойлгох болсон ба ялангуяа энэ зохиолоос амьдралын хүнд цохилтод хүч мөхөстөөд сөхөрч болох ч хэсэг амсхийгээд улам хүчтэй урагшилж болох юм гэдгийг маш сайн ухаарсан.

Анх уншихдаа Дамбыг их буруутгадаг байлаа. “Эхнэр хүүхдээ хаяад явж л байдаг, хөгийн ч эр бол доо” гэж зэвүүрхэн боддог байв. Гэхдээ л хэдий сэтгэл хөрсөн ч нөгөө хоёрыгоо гэсээр байсан нь түүнийг бас ч гэж хүн сайтай залуу юм даа гэсэн сэтгэгдэл төрүүлж билээ. Тэгээд “уг нь хүн чанартай гайгүй байрын энэ залуу яагаад эхнэр хүүхдээ орхиход хүрэв?” гэсэн асуулт сэтгэлд минь урган гарахад мань эрийг өөрөөсөө нэг өмгөөлж үзэх санаа төрөв.

Дамбын хувьд жигтэйхэн аж ахуйч, арвич хямгач, гарын уртай гээд муулах юм байхгүй. Ажилсаг хүний сэтгэлд бусдын хийсэн юм барагтай бол хүрдэггүй тал байдаг болохоор юм бүгдийг хань ижлийнхээ өмнөөс орж хийсээр байгаад нөгөөхийгөө яахын аргагүй өөрөөсөө хамааралтай болгочихдог нэг тийм зүй тогтол шиг юм байдаг билээ. Хавь ойрынхны аж амьдралаас үүдэн гарсан дүгнэлт л дээ. Дамба, Дэжид хоёрт тиймэрхүү л юм болсон байх. Тэгээд ажилсаг шаламгай Дамбын нүдэнд санаачлагагүй, даруухан Дэжид нэг л унхиагүй хүн болж, сэтгэлийг нь хөдөлгөхөө болио биз. Нөгөөтэйгүүр хайр дурлалын асуудалд хүн бүр хувиа хичээдэг болохоор Дамба ч гэсэн бас юм мэдэрмээр л байсан байсан байлгүй. Тогоохүүг бараадаж эхэлсэн нь үүнээс л болсон. Өөрөөр хэлбэл Дамба Дэжид хоёрын харьцаа нэгэн хэвд орж тогтоход Дэжидийн сэтгэл хангалуун, Дамбынх дундуур хоцорсон ба Дамба дундуур сэтгэлээ Тогоохүүтэй нөхцөж дүүргэжээ. Дамбын талаас бодоход нэг иймэрхүү.

Гэхдээ Дэжидийн сэтгэл үнэхээр хангалуун байсан уу? Хэлэхэд хэцүү л юм. Түүнийг аминдаа арчаагүй, залхуу хэмээн Дамба бодон сууж байсан. Үнэхээр тийм гэж үү? Магадгүй. Гэхдээ дээр Дамбыг өмөөрсөн шигээ Дэжидийг ч бас өмөөрөхөд, мань хүн аавын гэрээс шууд авааль нөхрийн гарт ирсэн, амьдралдаа өөрийн дураар шийдвэр гаргаж байгаагүй бөгөөд үргэлж л хэн нэгнийг түшиж, дагасаар өдийг хүрсэн. Дамбаар хамаг шийдвэрийг гаргуулж өөрөө санаа амар суусаар ирсэн Дэжидэд амьдралын эрч хүч гэхээр юм байсангүй. Зүгээр л өдөр тутмын амьдрал. Нэгэн хэвийн. Өөрөөр хэлбэл Дэжидэд ерөөсөө хувь хүний хувиар хөгжих боломж гарч байгаагүй. Сэтгэлээр унаж, нөмөр нөөлөг хүсэмжлэх үедээ Жигжидэд дорой зан гаргасан боловч тэр дороо өөрийгөө татаж чаддаг. Амьдралын хүнд цохилтод хэрхэн хариу үзүүлэхээс тухайн хүний чанар илэрдэг гэж үзвэл Дэжид өөрийн мэддэггүй байсан хатуужлыг нөхөртөө хаягдсанаар олж уу гэлтэй.

Хөлөө бохироод хэвтэж байгаа гөрөөс гэж Дамбын харж байсан хүрэл цутгамал гөрөөс Дэжидийг зүүдэнд нь хаяад цахилан одож байгаагаар амьдралын эрч оргилон гарч, дараагийн амьдралдаа итгэл төгс алхан орж байгааг дүрслэв үү гэж бодогдоод байдаг юм.

Эндээс харахад ширгээд удсан хайр, ирэхгүй нь илэрхий халамжинд хоргодож аз жаргалгүй газар биесээ зовоон нэг нэгэндээ тээг болж хар яр хийн суух нь яав ч хүний амьдралын эрхэм зорилго биш ээ. “Чамайг аз жаргалгүй болгож байгаа зүйлсийг хаяж одох зоригтой байж үзээрэй” хэмээн оросын нэгэн кинон дээр ухаант өвгөн захьдагчлан өөрийн мэдэлгүй яваад орчихсон урхинаасаа зүтгээд гарч чадах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй гэж бас бодогддог. Гэхдээ мэдээж амьдралаа ийнхүү урхи болтол нь явахгүй байх нь хамгийн чухал зүйл биш гэж үү?

Номын сэтгэгдлээ сийрүүлсэн Цогоо

2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хуудаснаа залав.
Зургийн эх сурвалж: https://www.desibucket.com/animals/mammals/flying-deer/ 


Wednesday, January 16, 2019

Лабораторийн аялал

Байсхийгээд л нэг хэсэг хүмүүс манай лабораториор зочилно оо. Голдуу 20-30 хүний бүрэлдэхүүнтэй нэг юм уу хоёр бүлэг улс. Бага, дунд, ахлах сургуулийн багш нар, оюутан сурагчид, заримдаа албан байгууллагууд зохион байгуулалттайгаар ирж манай хүрээлэнгээр танилцах аялал хийнэ. Тэр болгонд манай багш хичнээн завгүй байсан ч их өндөр ач холбогдол өгч өөрөө ийнхүү мэдээлэл өгч тайлбарладаг.

Баяжуулалтын олон арга технологиудыг ерөнхийд нь ярьж өгөөд хөвүүлэн баяжуулах, хүндийн хүчээр ангилах, соронзон баяжуулалт, өнгөөр ялгах, хуванцар материалыг цахилгаан цэнэгээр нь ангилах зэрэг процессуудыг зориулалтын тоног төхөөрөмж ашиглан үзүүлэхэд зочдод их сонирхолтой байдаг.

Манай Монгол газарт энэ мэтээр багш, сурагчдыг тойрон аялал хийлгэж мэдлэг тэлэх арга хэмжээ хэр зохиогддог бол? Би ч оюутан болоод танилцах дадлага хийхдээ л иймэрхүү практик хэрэглээг анх харж байсан санагддаг юм.


Friday, January 04, 2019

AFC Stadium Tour

Арван хэдэн жил дэмжихдээ "Хэзээ нэгэн цагт очно доо" гэж бодоод л явдаг байсан ариун сүмдээ ийнхүү нэг мөргөж, гороолоод ирэв. Аньсага чийгтэж үзэж байна. Хүний хүсэлд хязгаар байдаггүй юм болохоор "Дараа нэг ирж тоглолт үзнэ ээ" гэсэн бодолтой гарлаа. Уг нь сая Брайтонтой хийсэн тоглолтыг үзсэн л дээ. Гэхдээ айлын талбай дээр биш эзэн багийн хувиар тоглохыг хармаар санагдаад.

#AFCStadiumTour






Monday, November 12, 2018

More than a manager

Өчигдөр тоглолт хүлээнгээ Бобби Робсоны тухай "More than a manager" гээд баримтат киног үзэв. Нас барахад нь хөлбөмбөгийнхөн тэр аяараа эмгэнэл илэрхийлж, гашуудаад тухайн үед бөөн юм болж байсан нь яахын аргагүй юм байна гэдгийг энэ киног үзэж байж ойлгов. Барсаг дасгалжуулж байсан гэдгийг нь мэддэг байсан ч муухай жийгдээд явсныг нь тэндээс бас мэдэв. Гөлийсөн күрэнүүд :P

Ер нь их сайхан өөдрөг, шаргуу дайчин хүн байжээ гэж бодогдов. Шоуриньо харин төгсгөл хавьд их аятайхан үг хэлчихлээ. Маш их үнэлж, хүндэтгэж явдаг юм байна. Их олон хүний хайрыг хүлээсэн болохоор мөнхийн хутгийг олсон гэсэнэрхүү утгатай юм. Яг сийрүүлбэл: "A person only dies when the last person that loves him dies." Монголчилбол: "Түүнд хайртай хамгийн сүүлийн хүн өөд болох хүртэл тухайн хүн амьдарсаар л байдаг" гэх маягийн. Саяхан гарсан Коко гээд хүүхэлдэйн кинон дээрхтэй ижил санаа юм уу даа гэж бодлоо.

Ер нь хувиа хичээж, довоо шарлуулаад явахын оронд хүн олонтойгоо, сэтгэл сайтай тус дэмтэй явбал ингээд үйл хэрэг нь үлдэж, нэр нь цагийг эзэлдэг юм байна даа гэж бодож явдаг маань улам л лавшрахуй.

Жич: Сайхан кино санал болгосон Nasanbat Khanoi анддаа талархмуй.


Sunday, June 24, 2018

"ХҮҮХДЭЭ УЙЛУУЛСАН НЬ" цувралаас...

(Red Turtle киног үзээгүй бөгөөд ойрын үед үзэх гэж байгаа хүн байвал энэ постыг алгассан нь бараг дээр байх. Яг үйл явдлыг нь ярихгүй ч санаа өгч магадгүй зүйлс байгаа тул зайлсхийгээрэй. Анхааруулсан шүү.)

Хэд хоногийн өмнө хүүхэдтэй цуг үзэх киногоо сонгох гэж хэсэг суулаа. Компьютер дээр байсан ДиСигийн цувралууд, Диснейгийн кинонуудыг гүйцээсэн бөгөөд заримыг нь хэдэнтээ давтан үзсэн тохиолдол байсан тул шинэ юм үзэхийг эрмэлзэв. Студио Гиблигийн кинонуудыг манай атаман нэг л тоож өгдөггүй. Хэлийг нь ойлгохгүй байна гэдгээр шалтаглаад тойроод гүйчих юм. Уг нь Мононокэ гүнж, Сэн энэ тэр гээд күүл мөртөө хөөрхөн охид байгаад байдаг. Тэгээд тойрч тойрч байгаад дараа ганцаараа үзье дээ гэж бодож байсан “Red turtle” киног эхлүүлчихлээ. Нөхөр эхэндээ нэлээн дургүй сууж байна. Сүүлдээ бүүр атийчихсан аймаар анхааралтай үзээд л байна.

Киноны дундуур бидний харилцан ярилцаж байсан үгсийн заримыг сийрүүлвээс:
- Далайн усыг яагаад ууж болдоггүй юм бэ?
- Борооны ус яагаад цэвэр байдаг юм?
- Азтай ах юм аа.
- Азгүй ах юм аа.
- Хөөрхий яст мэлхий үхчихлээ... Яагаад хүмүүс амьтан алдаг юм бэ?
- Эмэгтэй нь нүцгэн байх шиг байна!!
- Аав ээж хоёр нь үхчихсэн үү?
- Ээжийнх нь хөлнөөс цус гарч байна.
- Энэ хүү нь хаачих гээд байна? Ээжийг хаяад явчихаж байгаа юм байх даа???!
- Энэ хүү нь яагаад гуниглаад байгаа юм бол?
- Би л лав та хоёрыг хэзээ ч хаяж явахгүй!!
- Энэ хүү нь тэгээд хаашаа явж байгаа юм бол?
- Хань гэж юу юм?
- Хүү нь аягүй бол үхчихсэн байх аа. Хаана очсоныг нь гаргахгүй байна.
- Энэ ах яачив? Үхчихсэн үү?
- Яагаад үхчихэв?
- Эмэгтэй нь яагаад усан дотор зогсоод байна? Живэх гэж байгаа юм уу?
- Ямар гунигтай юм бэ.....
- Мэлхий болчихлоо. Яст мэлхий болчихлоо.
- Энэ яагаад яст мэлхий болчихов оо?
- Та яагаад надад ийм кино үзүүлж байгаа юм бэ?
- Яагаад дандаа ийм уйлуулдаг кино татаад байдаг юм бэ???

гээд цурхиртал хэсэг уйлав аа хөөрхий. Амьдрал ийм байдаг, хүн анхнаасаа ганцаараа байж байгаад, ханиа олж гэр бүл үүсгээд, хүүхэд нь ч бас цааш салбарлаад өөрийн гэрийг үүсгээд явдаг, хүүхэд шуухад нь явахаар аав ээж нь хоёулхнаа үлдээд, тэгээд өөд болцгоодог гээд амьдралыг ерөнхийд нь тайлбарлаж өгөөд нэмэр болсонгүй, эцсийн бүлэгт би шал дэмий кино татаж үзүүлсэн хүн болоод буруутаж дуусав. Ер нь тэгдийм дөө. Дандаа л миний буруу болдын. Тхх. Угаасаа.



#ЭнэрлэнгийнЯриа 

Thursday, September 28, 2017

Ц.Доржготов : Сүнсэнд шингэсэн гэмшил /Өгүүллэг/

"Утгын чимэг - 2008" уралдааны тэргүүн байрыг эзэлсэн Ц.Доржготовын "Сүнсэнд шингэсэн гэмшил" хэмээх энэ өгүүллэгийг Равдан гуайн уншсанаар 2009 онд үзээд ёстой цурхиртал уйлж билээ. Ганцаараа байсан болохоор ёстой ичиж нэрэлхэлгүй аваад хаясан. Нагац аав, ээж хоёр маань өөд болоод удаагүй ч байсныг хэлэх үү. Хөөрхий муу эмгэн нь эмээ шиг, өвгөн нь өвөө шиг санагдаад. Хоёулаа бие биенээ их л цаашлуулдаг буянтай ч хоёр хөгшин байж билээ. Өвөө маань нэг удаа "Төрийн хутгуур" гэж хэлж байсан юм шүү.

Ц.Доржготов : Сүнсэнд шингэсэн гэмшил /Өгүүллэг/

Сэдваанчиг Сэрээдэнэ хоёр дөрвөн ханатдаа утаа уугиулж дөнгөхөө болив. Нас гэж талийсан хоёр. Аргагүй л ийм болдог хорвоо байж. Эмгэн "Дулаан газар өвөлжинө" гээд охиныдоо төвлөж, өвгөн уулын мухрын өвөлжөөнд, отгон хүүгийндээ хоцорчээ. "Малын амьсгаа, хөх өтгөнөөсөө хол үхэхгүй" гэж Сэдваанчиг бөглөрөх гэж буй мэнгэртэй цээж хяхтнуулжээ. Аравдугаар анги дүүргээд сургуулиас завсардсан хоёр ач нь, отгон хүү бэр хоёрт нь бүл болохоор тэднийд өвгөнтэй хамт өвөлжив. Хоёр ач, отгон хүү бэртэйгээ Сэдваанчигт тун сайхан. Гэхдээ насыг хамт элээсэн эмгэнээ сэмхэн их үгүйлнэ. Тэрсхэн хоёр ач нь дүрсгүйтэх нь ядарсан өвгөнд халгаатай ч, "тэсвэрлэе" гэж хатуу шийдсэн учир нүд аньж, эрхи эргүүлсээр өдрийг барна. Хааяа амсхийх зуур хоёр ачдаа бөх ярьж, шилээ шөргөөж, цээж ханхалзуулах санаатай. Уг нь мань эр залуудаа бузгай барилдаж, сумын наадамд түрүүлж байсан агаад бяр нь багтахгүй бөх болж харагдахын тулд хоолойгоо шахаж бүдүүн дуугарах, их идэх гэж мангарлах, мөн бөхөрхүү алхаа гишгээгээр алцганаж явсан нас түүнд бий. Зөнөг өвөөгөө уйдсан хоёр ач нь ёргионо. Өвгөн янхир араг яс хэрзэгнүүлснээ юм бараг үзэхээ больсон мөндөр шиг хоёр цэхэр нүдээр ач нарынхаа бие бялдрыг шинжлэн гөлөрч гөлөрч,
-Та муу хоёр золигт уг нь бөхийн удам гарцаагүй байх ёстой сон гэж сөөнгөдөхөд эцэнхий нүүрт нь удахгүй учрах үхлээ мартсан баяр гийх агаад архаг мэнгэрийн цэр дүүрсэн цээж удахгүй унтрахын дохио юу гэлтэй, ой гутам хэржгэнэснээ нэгэн битүүхэн дорой авиа болон тээр цааш хяхтнасаар завхрав.

Өвгөн гэр дулаацсан хойно яарамгүй өндийнө. Нэг өглөө хоёр ач нь малдаа явахын өмнө дундаа түмпэнтэй мах тавьчихсан идэж сууснаа хоорондоо шивнэлдэж, хөхрөлдөөд байх юм. Өвгөн сэм харвал бөхийн удамт нөгөө хоёр чинь үхрийн бадруун сээр хуга шаах гэж буй бололтой. Ээлжлээд л нөгөө сээрийг нүцгэн нударгаараа дэлсэх юм. Сээр хугардаггүй ээ. Дахиад л гөвших юм. Өвгөн "Зөв! Дахиад сайн шаа!" гэж сэм дэмжив. Нөгөө хоёрын гар нь өвдсөн бололтой "ёо ёо" гээд гараа үлээцгээн, унан тусан хөхрөлдөж хөхрөлдөж, сээрээ хугалж дийлэлгүй гарцгаав. Өвгөн "Эвий нь л олсонгүй дээ. Тэрнээс биш сээр хуга шаадаг л юм гэсэн. Би тэгж сээр хугалж үзээгүй ээ. Хоёр хүү минь эвий нь л олсонгүй. Миний удамд сээр хуга шаах хүү заавал байх ёстой сон" гэж хэвтлээ.

Сэдваанчиг босож, бэрийнхээ гарын цайг зооглож, цагаан тос, зөөлөн боов шүдгүй амандаа маймарч сууснаа түмпэнтэй мах авч, амандаа үмхчихмээр зөөлөн юм эргүүлдэв. Тэгтэл хоёр ачий нь хугалж дийлээгүй мөлжүүртэйгээ үхрийн сээр нүдэнд тусчээ. Өвгөн сээрийг авч, эргүүлж тойруулж үзсэнээ хэрзгэр том ясан гараараа дэлсэж орхитол сээр хуга үсрээд, хоёр хэсэг болон түмпэнд тонхийн ойчив.

Гайхсан бэрий нь нүд орой дээрээ гарснаа,
-Аав аа, та яасан мунадаг юм бэ гэж дуу алдахад Сэдваанчиг додигорхон зуумалзсан боловч, бярандаа таарсан хариу үг олсонгүй.

Эзгүй ууланд өвөлжингөө уйссан бэр, гадаа үхрийн зэл цэвэрлэж буй хоёрт, зэлүүд нутагт ховор юмны нэг, хөгжилтэй мэдээ дуулгаж, баясгахаар нөгөө хугархай сээрийг нэг нэгээр нь хоёр гартаа олимпийн бамбар мэт мандуулсаар гарч гүйлээ.

Өвгөн их маадгар "Хоёр ачийгаа хугарсан сээр үзээд яах бол?" хэмээн хэ хэ гэсээр хоцров.
Зэлний хүйдэс хамж байсан нөгөө хоёр руу бэргэн гүйж очоод хугархай сээрээ үзүүлж,
-Та муу хоёр үүнийг хар! Намайг харж байхад аав ганцхан шаагаад ингээд хоёр хэсэг болгочихлоо гэвэл нөгөө хоёр үхтлээ инээж,
-Үгүй ээ! Наад сээрийг чинь, бид хоёр өвөөд мэдэгдэлгүй төмрийн жижиг хөрөөгөөр сэм хөрөөдөөд, арай салгалгүй хөрөөдсөн газраа өөхөөр сайн шаваад тогтоочихсон юм. Харин та өвөөд битгий хэлээрэй! Бид хоёр өвөөгөө үхэхээс нь өмнө ганц сайн баярлуулах гэсэн юм гээд хоёул гэрт уралдан гүйж орлоо. Тэгээд бөх өвөөдөө,
-Өвөө та ямар мундаг юм бэ? Та яаж тэр үхрийн сээрийг хуга шааж чадав аа? Бид хоёр таван сарвуугаа бяцартал зөндөө гөвшөөд хугалж дийлээгүй юм шүү дээ?! гэвэл өвөө нь баяртайгаар,
-Юманд чинь эв гэж бас байдаг юм! Дан хар бяраар бөх болохгүй шүү гэж сургамжилсан харцаар мялаажээ.

Дүрсгүй, уйдсан хоёр ач нь "Өвөө та одоо ийм бяртай байгаа юм чинь залуудаа ёстой аварга бөх байсан байх аа" гээд толгой сэгсрэн магтлаа! Хоёр ачийнхаа магтаалыг Сэдваанчиг сонсоод сэтгэл нь хөөрсөндөө умс шиг хөх нүүрээ үрчийлгэн уйлах дөхөв. Ач нарын нь хоолой зангирсан хэдий ч, "Манай өвөө гартаа ямар аймаар хүчтэй юм бэ?" гэж шогширсоор. Өвөө нь хөөрч хэнхэлзсээр. Үндсэндээ тэр гурав ийнхүү наргиж, урт өвлийг барж буй билээ.

Хавар болж, газрын дор бууж, дулаарч, тараг сүү дэлгэрэх үед эмгэн Сэрээдэнэ хөдөөлж, хоёр биенээ санасан өвгөн эмгэн хоёр дөрвөн ханатаа юуны түрүү овойлгов. Хоёул тусдаа амьдрах нэг л ондоо. Сүүлийн жилүүдэд хоёул яльтай яльгүй юмнаас болж үг сөрмөлцөж, муудалцах, тэр ч байтугай, хэрэлдэх болсон гээч. Өвлийн хэдэн сарыг тус тусдаа өнгөрөөсөн хоёр хөгшин бие биедээ их л эелдэг хэд хонов.

Тэгтэл хэрэг бишидлээ. Олон хүүхэд, ач зээ нараасаа болж тэр хоёрын хэрүүл үүсдэг юм. Бас л тэгжээ. Өвгөн хэнийг зэмлэж, хэнийг буруутгана, тэр болгоныг эмгэн тас өмөөрнө. Өвгөнд энэ нь их лайтай. Эмгэн ямагт өвгөнийг үгүйсгэж, хүүхдүүдээ зөвтгөнө. Хүүхдүүдээ дэс дараалан зөвтгөж, өвгөн тэр болгонд, дэс дараалан буруудна. Хэрүүл ингэж цааш үргэлжлэхэд, эцэстээ өвгөний тэвчээр барагдаж, уур нь оргилж, байх суух газраа олж ядна. Уухилна. Оволзоно. Хүүхэд бүрээ зөвтгөж, өвгөнийг буруутгах гэж ухаангүй улайран зүтгэх эмгэндээ хэлэх муу үг олсонгүй. Дэмий л,
-Чи муу төрийн хутгуур гэж цоллов.
Хамгийн муу үгээ цээрлэлгүй хэлж, өшөөгөө авч буй нь тэр.
Хэрүүл дээр санаандгүй орж ирсэн отгон хүү нь, эргэнэг хавиар идэж уух юм хайнгаа, хоёр бие рүүгээ давшлан хэрэлдэж буй зөнөг эцэг эх хоёрыгоо харж харж,
-Яваад бай, яваад бай! Давшаад бай, давшаад бай гэж ташуур өгч, дохуурхаад гарч одов.
"Төрийн хутгуур" гэсэн үгний учрыг эмгэн сайн олоогүй ч сүрхий хорсчээ. Хэрүүлд улангасахаараа давахын төлөө хамгийн муухай хорон үг олж хэлэх гэж хорхойсдог эмгэний удмын гажиг сэдэрч,
-Чи өөрийгөө их сүрхий хүн гэж бодож байна уу? Тэр үхрийн сээрийг чинь, хоёр ач чинь төмрийн хөрөөгөөр хөрөөдөж, хөрөөдсөн ормоо царцуу өөхөөр шавж тогтоогоод чамайг дамшиглах гэж түмпэнд тавьчихсан юм гэсэн шүү, зөнөг толгойт оо! Чи муу хөрөөдсөн сээр хуга шаачихаад, зөнөгөө мэдэхгүй онгирч, хүүхдүүдийнхээ элэг доог болсноо одоо мэдэж ав!.. Хэлэх үггүй болов уу, хэрүүлч ээ?.. Ичиг, ичиг гэж хорыг нь малтав.

Өвгөн нэг л хачин, сэжигтэй, таг чимээгүй болчихсон гэнэ. Тэр дахиж үг унагасангүй. Хэвтээд өгч. Удалгүй өвгөний лагшин гэнэт чилээрхэв. Хамгийн аймшигтай нь өвгөн буруу харж хэвтчихээд дуугардаггүй. Эмгэн ухаангүй сандарлаа. Эр хүнийг эр чадлаар нь басамжилна гэдэг ийм аюултай ажээ. Сүүлдээ цөхөрсөн эмгэн өвгөндөө "Тэр сээр чинь хөрөөдөөгүй сээр байсан юм. Би уурандаа чамайг дийлэх гэж хөрөөдсөн сээр гэж худал хэлсэн юм" гэж аргадсан боловч Сэдваанчиг бас л дуугарсангүй. Өвгөн нь, тиймхэн залинд хууртагдахаар хүн биш гэдгийг Сэрээдэнэ чавганц дэндүү сайн мэдэх тул яаж ч чадахаа болилоо.

Өвгөн дуугарахгүй буруу харж хэвтсэн чигтээ хэд хоноод 90 насандаа амьсгал хураав. Эмгэн орилоод салдаггүй. "Би юунд тийм хэрэг хийв ээ?" гэж уйлаад, гэртээ хүн ороход дургүйцэж, гав ганцаар мэгшихийг хичээнэ. Хөөрхий тэр чавганц, бас удахгүй бололтой. Өвгөнөө гомдоогоод явуулчихсан. Өвгөн нь ганц удаа ч эргэж хараагүй. Ганц үг ч хэлээгүй. Ийм их харууслыг өтөл эмгэн даахгүй нь түмэн зөв. "Явах" гэж морио эмээллэчихсэн өвгөнд хөндлөнгийн ялимгүй шалтаг таарвал түүнийг аваад залрах эгзэгтэй мөч отож байсныг эмгэн анзаарсангүй. Өчүүхэн утсанд амь нь дөнгөж торж байсныг мэдсэнгүй. Эмгэний харуусал зүрхтэйгээ цуг мөхдөг болов уу, эсвэл сүнсэнд нь шингээд, хойт насанд нь буухиалдаг болов уу?.. Яадаг бол?..

Тэнэг тоглоом оо гэж?!.. Заримдаа бас гай чирдэг ажээ!


Thursday, November 06, 2014

ӨВӨЛ АЙСУЙ!

Номын тэмдэглэл бичилгүй хэсэг болчихжээ. Тэгээд бодов. Ямар номын тухай бичих вэ гэж. Ойрмогхон уншсан хоёр роман байна. Уншсан гэж нэгийг нь дахин уншиж байгаа юм. Нөгөөх нь Жорж Мартины "Хаан ширээний тоглоом" буюу "Гал мөсний дуун" цувралын эхний дэвтэр л дээ. Монгол хэлнээ орчуулагдаад өчигдрөөс худалдаанд гарсан байна билээ. Кино нь ЭйчБиӨү сувгаар цуврал болон гараад нэгэнт 4 улирлыг үдсэний дараа номыг нь унших хүсэл төрж байгаа нь энэ л дээ. Аливаа киноноос зохиол нь хамаагүй сайн байдаг гэсэн теоремыг л батлах гэж үзсэн хэрэг. 

Зохиолын хувьд их сонирхолтой хэлбэрээр бичигдсэн. Гол дүрийн хэд хэдэн хүнийг сонгон авч болж буй үйл явдлыг тэдний харж буй өнцгөөс тайлбарласан нь миний хувьд их сонирхолтой шийдэл болж уу гэж санагдсан. Ингэсэн нь тухайн баатрыг ямар үзэл бодолтой, ямар зарчимтай, үүссэн нөхцөл байдалд ямархуу маягаар хандаж байгааг харахад их дөхөм болгож өгсөн юм шиг. Мөн бусад баатруудынхаа үйлдлүүдийг өөрийнхөөрөө хэрхэн тайлбарлаж байгааг ч бас харуулсан нь жинхэнэ амьдрал дээрх хүмүүсийн харилцаанд үл ойлголцол хэрхэн үүсдэгийг сануулах мэт. 


Кино нь гараад удаж байгаа болохоор ихэнхи хүмүүс энэ зохиолын талаар мэдэж байгаа байх л даа. Номыг нь уншчихсан хүмүүс ч олон байгаа байх. Тэгэхдээ энд гардаг үйл явдлыг цухас ч болох нь ээ тайлбарлахгүйгээр энэхүү романы тэмдэглэлийг бичнэ гэж байж болшгүй хэрэг биз. Үндсэндээ Долоон ванлиг дахь эртний сурвалжит 7 том гэр бүлийн эрх мэдлийн төлөөх тэмцлийг харуулсан гэж үзэж болно. Өвөл, зун нь хэдэн жилээр ч хамаагүй үргэлжлэх үлгэр домгийн энэ газрын Умард зүгийг илбэн тохинуулагч Винтерфэлийн Старкийн удмынхны тухай энэхүү номонд зонхилон өгүүлэх боловч энд гарах дүр бүр нь тунчиг сонирхолтой. Хүний орчлонд байдаг хар цагаан бүхэн энд байраа олсон ба хааны ордон дахь эрх мэдэл, шунал тачаал, хайр дурлал, эд баялгийн төлөөх чимээгүй бөгөөд цуст дайныг уншигч танд таалагдахгүй байх аргагүйгээр дүрсэлсэн.


Зохиолыг унших зуур би Старкийнхны бардам бөгөөд нэр төрөө эрхэмлэх, зарчимч занг өөрийн эрхгүй хүндэтгэх сэтгэл төрж байсан ч хажуугаар нь чухам энэ занг нь зэмлэн бодож байлаа. Өөрийн эрхгүй тэдний төлөө санаа тавьж, амьд гарчихаасай гэж далд хүсэхдээ ингэж бодож байсан хэрэг л дээ. Уншигч танд ямар хүн таалагддаг вэ? Бүх төрлийн хүмүүс энд бий. Ухаантайгаас тэнэг хүртэл, зальтайгаас бодь сэтгэлтэн хүртэл, эрэлхэг зоригтойгоос аймхай хулчгар хүртэл бүх төрлийн хүмүүс таны замд таарах бөгөөд үлгэр домгийн аварга чоноос авахуулаад луу хүртэл гарна. Гол болон туслах дүрийн баатруудын харилцан яриа болон хэлж байгаа үгсийг туйлын үнэн гэж хүлээн авахаа та бүхэн азнасан нь дээр гэдгийг юуны өмнө анхааруулах хэрэгтэй байх. Үнэхээр өрөвдөөд явж байсан хүн өр лүү чинь өшиглөөд ороод ирэх вий. 


Эхний энэ роман дээр үйл явдал 3 газар өрнөдөг. Эхнийх нь мэдээж Долоон ванлигийн нийслэл Кингс Ландинг хотод хамаг хор найруулах ажиллагаанууд явагдах ба олон жилийн өмнө бут цохигдож, нуран унасан Таргареэн вангийн удмаас амьд үлдсэн хүү, охин хоёр Дорно зүгт далайн чанадаас эргэн ирж, өшөө авахаар чөлөөт хотуудаар хэсүүчлэн тусламж эрнэ. Харин энэ эрх мэдлийн тэмцлээс тэс өмнөө тэмцэл Вэстэросын умард хэсэгт хэдэн зууны турш үргэлжилж байдаг. Тэнгис далайг гаталж ирсэн (Монголын нууц товчоо шиг бичмээр санагдаад) Анхны хүмүүс ямар нэгэн ер бусын хүчинтэй тулалдан ялж энэ газар нутагт эзэн суух болсон гэгдэх бөгөөд ялагдсан дайсны хүчнийг дахин ирүүлэхгүйн тулд асар том Ханыг байгуулсан гэж домогт өгүүлэх аж. Мөс болон чулуу ашиглан босгосон энэхүү хана нь хэдэн зуун фут өндөр бөгөөд өрнөөс дорно хүртэл хэдэн зуун миль газарт үргэлжлэн Долоон ванлигийг зэрлэг Умардаас тусгаарлаж байдаг. Ханыг Шөнийн харуулууд хэмээх хүчин хамгаалах бөгөөд энд бүх Долоон ванлигаас ирсэн цэргүүд тусгай тангараг өргөн зүтгэдэг. Нэгэнт тангараг өргөсөн шөнийн харуул эхнэр, хүүхэд авахгүй, эд хөрөнгө, газар нутаг болон эрх мэдэл эзэмшихгүйгээр нэгэн сэтгэлээр Долоон ванлигийн төлөө Ханан дээр зүтгэсээр насыг барах учиртай. 


Хатуу ширүүн умардын эзэд болох Винтерфэлийн Старк бол Роберт хааны багын найз. Тэдний нөмөр нөөлөг байсан Жон Аррин нас барж тэргүүн сайдын орон зай суларсан ба ван өөрийн найз Нэд Старкийг түүний оронд томилохоор Винтерфэлд ирснээр романы гол үйл явдал эхэлнэ. Төрсөн нутаг шигээ эрс зантай Старк хэдий дургүй байсан ч найзынх нь амь насанд аюул заналхийлж байж магадгүй талаар олж мэдсэн тул Өмнө зүг Кингс Ландинг руу явахаас өөр аргагүй байдалд орно. Сурвалжит гэр бүлүүд бүгд өөрсдийн уриатай бөгөөд Старкийнхны уриа “Өвөл айсуй”. 


Хэтэрхий нуршихаасаа өмнө ингээд өндөрлөе дөө. Өвөл айсуй!

Wednesday, August 13, 2014

Oh, Captain! My Captain!

Хамгийн дуртай жүжигчдийн маань нэг Робин Виллиамс өчигдөр хорвоог орхин оджээ. Анх “Хатагтай Доубтфайр” гээд кинон дээр танилцсанаас хойш хичнээн ч киног нь үзэж, инээхдээ инээж, уйлахдаа уйлж явсныг ёстой хэлж мэдэшгүй. Сэтгэлд хоногшсон олон дүр байдаг ч би ганц киног нь л ярья. Үнэнийг хэлэхэд тэр кинон дээр нөхөр өөрөө тийм ч сайн тоглоогүй гэж би боддог юм. Магадгүй инээдмийн кино биш болохоор тэр байх. 

Нас барсаныг нь мэдээд хүндэтгэл үзүүлэх зорилгоор 1989 онд гарсан Dead poets society гээд киног үзлээ. Үйл явдлын хувьд 1959 он хавьцаа хуучинсаг хэв маяг бүхий хөвгүүдийн дотуур байртай сургуульд дэвшилтэт сэтгэлгээ бүхий Англи хэл, уран зохиолын багш ноён Китинг ирж, улмаар хөвгүүдийг чөлөөтэй сэтгэж, өөрийн хүссэн зүйлээ хийх урам зориг өгч байгаа тухай гардаг юм. Анхны хичээл дээрээ хүүхдүүдийг сургуулийн алдрын танхимд дагуулан орж, бахархал болсон үе үеийн залуу сурагчдын зургийг харуулж байгаад Carpe diem гэдэг үг зааж өгнө. Латинаас хөрвүүлбэл “Seize the day” буюу утгачилах юм бол “тултал амьдрах” тухай. Энэ санаагаа батлахын тулд шүлгийн бадгийг ашигладаг юм.

Gather ye rosebuds while ye may, 
  Old Time is still a-flying;
And this same flower that smiles today
  Tomorrow will be dying.

Чадаж байгаа дээрээ дэлбээгээн цуглуул 
  Цаг хугацаа зогсолтгүй урагшилсаар 
Чам руу инээмсэглэн буй эдгээр цэцэгс
  Цаг нь болоод маргааш гэхэд үхэцгээх болно. (Муухан орчуулга болсныг би мэдэж байгаа.) 

Цаг хугацаа чамайг хүлээхгүй учраас хүсэл зоригоо хөөцөлдөх зав өөртөө гаргаж байхыг ноён Китинг хөвгүүдэд ойлгуулдаг. Тус дунд сургууль маш дэг жаягтай, хуучны хэв маягтай бөгөөд Айви лиг буюу Америкийн томоохон найман их сургуульд элсэх стандартын сургалттай. Ийм ч учраас том амбицтай эцэг эхчүүд хөвгүүдээ ирээдүйн хуульч, эмч гэх мэт хүндэтгэлтэй мэргэжлийн хүмүүс болгохын тулд энэ сургуульд өгдөг. Уран зохиолын хичээл тухайн хүмүүсийн ирээдүйн амьдралд огт чухал биш гэсэн нийтлэг ойлголттой, хөтөлбөр нь ч гэсэн тэрнийхээ дагуу. Яруу найргийг ойлгохын тулд түүний төгс байдлыг хэвтээ тэнхлэг, хэр чухал вэ гэдгийг босоо тэнхлэгт оруулаад огтлолцох цэг үүсэх талбайг тухайн яруу найргийг хэр гайхалтай вэ гэдгийг тодорхойлно гэх мэт марзан агуулга ч байх шиг. Эдгээрийг “баас” гэж үзсэн Ноён Китинг залуу хөвгүүдэд амьдралын үнэн зорилго бол хүний хүсэл тачаал, хайр дурлал бөгөөд хууль, инженер, эмнэлэг зэрэг мэргэжлүүд зүгээр л амьдралын хэрэглэгдэхүүн гэж сургана. 

Төрөлх сургуульдаа эргэн ирж багшилж байгаа ноён Китингийн тухай хөвгүүд судлахдаа багшийгаа “Dead poets society” буюу Өнгөрсөн найрагчдийн нийгэмлэг хэмээх сургуулиас гадуурх нууц бүлгэмийн гишүүн байсныг мэддэг. Романтик мөрөөдөлдөө хөтлөгдсөн залуус дуртай найргаа уншиж, онгодоо хөгжөөдөг байсныг мэдсэн хөвгүүд энэ бүлгэмийг нь сэргээнэ. Ноён Китингийн өвөрмөц заах арга барил хөвгүүдэд нөлөөгөө үзүүлж өөрсдийн хүссэн зүйлсийг хийж эхэлдэг. 

Төрүүлсэн үр, хүүхэддээ хайргүй эцэг эх гэж байдаггүй байх. Туулж өнгөрүүлсэн амьдрал, замналдаа харамсах зүйлгүй хүн ч гэж байдаггүй биз. Тийм ч учраас өөрийн хийсэн алдааг битгий давтаасай гэсэндээ, өөрт олдоогүй боломжийг хүүхдүүддээ гаргаж өгөхийг хүссэндээ бид хайртай хүүхдүүдээ бас бие даасан хувь хүн юм гэдгийг мартдаг. Хувь хүний чөлөөт сонголт гэсэн хамгийн үнэтэй зүйлийг мартаж тэдний өмнөөс шийдвэр гаргадаг. Зөвшөөрөөгүй тохиолдолд тэднийг нухчин дарж, өөрийн үйлдлийг тэдний сайн сайхны төлөө хэмээн өөртөө муйхраар итгүүлнэ. Хөөрхий хүүхдүүдэд эцэг эхийгээ сөрж зүрхлэх хүч байхгүй. Хангалттай хүч өөртөө хуримтлуулсан үед хэтэрхий оройтсон байх нь олонтаа. 

Кинон дээр гардаг зүйлсийг хэлэлгүйгээр эдгээрийг олигтой тайлбарлахад их төвөгтэй юм. Сонирхож уншсанд баярлалаа гэх үү дээ. Энэ киног үзээгүй хүн байвал яаралтай олж үзэхийг санал болгоё. Уран зохиол, яруу найраг, чөлөөт хүсэл, зүгээр амьд байх биш жинхэнээсээ амьдрах тухай. Кинон дээр амьдралынхаа мөрдлөг болгочихмоор үг, хэлц үгнүүд маш их гардаг. Ямар нэг киног дээр нь гардаг ганц үгээр илэрхийлэх боломжтой бол энэ кинон дээр маш олон алдартай шүлгүүд гардаг учраас тэрнийг нь гэж хэлэхэд их хэцүү юм. Гэхдээ яг ганцыг хэлнэ гэх юм бол “Oh, Captain! My Captain!” гэж хэлээд ширээн дээр зогсож байгаа эдгээр хүүхдүүд бүрэн төлөөлөх байх аа. 

2014.08.13


Monday, April 28, 2014

ЗУРААЧ-ЖАНГАРЧ

Аюулхайн тус газраа санаандгүй цохиулж үзсэн үү? Амьсгалж чадахгүй түгжрээд тэвдэхэд нүүр чинэрч, чих шуугина. Хэсэг байсны дараа амьсгалын гарах болон орох үйлдэл зэрэг хийгдэх үед амьсгалахгүй байснаасаа илүү самгардаж, давчиддаг. Амьдралын хамгийн сайхан хормуудад, сэтгэл хөдлөл хамгийн дээд цэгтээ тулахад үүнтэй тун төстэй мэдрэмж төрж, цээжинд халуу оргитол төөнөх нь бий. Аюурзанын "Цагаан Хар Улаан" романыг унших явцад энэ мэдрэмж хэд хэдэн удаа төрлөө.

Торгууд түмний эмгэнэлт түүх их нүүдлийн тухай уншиж өрөвдөх сэтгэл төрж байснаас өөрөөр тэдний тухай мэдлэг хомс миний хувьд энэ номыг анх барихдаа юу хүлээхээ ч мэдэхгүй харанхуй чигээр явж орчихов. Үнэхээр сайхан номыг уншихад сэтгэлд хүртэл өег мэдрэмж төрүүлж, уншаад дуусахын алдад өөрийн эрхгүй хөнгөн гуниг үлдээнэ. Би мэдээ орсон цагаасаа эхлээд л зураач хүмүүст атаархаж байсан юм шиг санагддаг юм. Бийрийн үзүүрийн хөнгөн хөдөлгөөнөөр музей, сүмүүдэд харж, айдаг асан бурхдын ширүүн дүрийг чивчийтэл нь татаж, дэлгэсэн зотон дээр тодруулан суух хайртай нагац эгчийнхээ төрх, ширээн дээрээ шавааруулан өрсөн өнгө өнгийн будгийн содон үнэрийг Рэнцэнраагийн урлангийн тухай уншсан хэсгээс өөрийн эрхгүй дахин харж, дахин үнэрлэв. Үнэхээр дотно санагдахад Рэнцэнрааг багаасаа л таньдаг байсан ч юм шиг. Рэнцэнраагийн дотор бужигнасаар тогтож байгаа шуургыг магадгүй өөр нэг уран бүтээлч Аюурзана л ойлгож, буулгасан байх.

Аливаа уран бүтээлч өөрийгөө байнга үзүүрлэн хурцалж, хорвоогийн сайхныг үргэлж өөр талаас нь хардаг баймааж нь мөнхийн хутгийг олсон үүрдийн бүтээлийг туурвих тавилантай. Байгаадаа сэтгэл ханаж, биеэ тоовол чиний хувьд дуусгал. Уран бүтээлчийн амьдрал нь дуусах замдаа орж байсан Рэнцэнраагийн хувьд өөрчлөлт байж болох хамгийн тааламжгүй чиглэлээр ирсэн ч Эрэлхэг цэрэг Швейкийн хэлсэнчлэн "Юмс яаж ч өөрчлөгдөж байсан сайн тал руугаа явж байдаг"-ийн нэг сайхан жишээ болжээ. Өдөр бүр дахин давтагдах амьдралын жижиг асуудлууд, өөрийн ая тухтай байдлыг эрхэмлэн суугч зураач залуу өссөн нутагтаа Жангарын туульстай танилцан, өөрийгөө шинээр нээж байгааг уншаад суух нь ээ өнөө цагийн хүмүүсийн амьдралын хамгийн түгээмэл дүр зураг нүднээ жирэлзэн өнгөрөв. Уг нь зохиолтой хамаагүй юм л даа. Тэгэхдээ үргэлжийн завгүй, үр хүүхдийнхээ төлөө, гэр бүлийн сайн сайхны төлөө хэмээн хэтэрхий улайран зүтгэх бидний үе тэнгийнхэн чухам эрхэмлэн үзэх тэр л гэр бүлээсээ холдон төсөөрч байгааг харж харуусдаг миний сэтгэлийн хашгарааны цуурай шиг санагдлаа. Жангар туульс хайлдаг хүмүүс цаанаасаа бөө байдаг гэсэнчлэн торгуудын Сохор жангарчийн жич Рэнцэнраа уран бүтээлчийн дуудлагаа нутаг орондоо очиж хүлээж авсан зураач-жангарч гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирээд байх юм. Хар уулын хүүхний сэтгэлийн уяа алдуурч эмнэлэгт хэвтсэний шалтгаан ч бас Рэнцэнраагийн онгодтой холбоотой юм болов уу? Жангарчийн хүссэн бүхэн биелдэг бус уу?

Рэнцэнраагийн түүхээс гадна энэ зохиолын сүнс болсон өөр нэг түүх байна. "Хүн амьтан нь гаднын гийчин ирмэгц л шууд газар руугаа шургачихдаг, магадгүй чимээ гаргахгүй гэсэндээ нохдынхоо хошногыг хайрдаг, хүүхдүүд нь уйлалгүй төрөөд, өвгөд нь үг дуугаралгүй, амьсгалаа ч ширүүхэн таталгүй үхдэг газар мэт" гэсэн хэсгийг уншаад үнэхээр өр өвдөм. Торгуудын их нүүдлийн тухай уншиж, сонсож байсан хүмүүс л энэ хэсгийг ойлгох байх. Үл ойлгох нь магадгүй ойлгохоосоо ч олон буй биз. Уран чамин үг уншаад сэтгэл нь хөдлөсгээд мартах нийтийн жишгээр л явна гэж бодохоор харуусал ч төрөх шиг.

Би уншсан ном бүрээсээ нэг дүрийг ихэд хайрладаг. Тэд ихэвчлэн гол дүрийн этгээдэд хачин ихээр нөлөөлж, зам мөрийг нь чиглүүлж өгч байдаг юм. Бусад номын хорхойтнуудад байдаг нь эргэлзээгүй энэ зуршлынхаа дагуу номоо уншиж эхлэхдээ өөрийн мэдэлгүй нөгөө дүрээ хайж эхэллээ. Эрэл амжилттай болж би бүр хоёрын хоёр дүр олов. Сохор жангарчийн тухай гарах болгонд насны бөгсөнд нүдэнд нь цагаа унаж бараг хараагүй болсон өвөө маань бодогдох шиг. Сохор болохоороо тэр үү хорвоогийн өнгөнд хуурталгүй, сэтгэлийн мэлмийгээр цэвэр өнгийг харж, үнэн төрхийг таньдаг болсон өвгөн жангарч миний өвөөтэй адил санагдаад сэтгэлд их дотно. Нөгөө дүр нь жангарч өвгөн Намаржаан. Элэнцэд нь ач санаж явдагтаа анх удаа уулзаж байгаа жич хүүд нь учиргүй дотноссон тэр ухаалаг өвгөн.

Номын тэмдэглэлээ дуусгах гээд сууж байх зуур нэг ийм бодол орж ирлээ. Орчин үед хүмүүс залхуу болсон гэж их ярьцгаадаг. Сүүлийн үеийн кинонуудыг нийтийн хүлээлтэд нийцүүлж төгсгөдөг болсон нь энэнтэй бас их хамааралтай юм болов уу гэж заримдаа бодогддог юм. Уншиж байгаа номууд дээр гол дүрийн баатрын цаашдын амьдралыг тоочин өгүүлж уншигчийн санааг амраах явдал ч түгээмэл болоод байх шиг. Харин Аюурзанын хувьд энэ түүний биш уншигчийн асуудал. Зохиол цаасан дээр төгссөн ч сэтгэлд үргэлжлэн зовоох нь таашаалтай. Цаашаа ямар замналаар явах бол гэж тааж ядахдаа номоо дахин эргүүлж сэжүүр хайх сэдэл төрүүлэх нь ч амттай.

2014.04.28

Tuesday, February 11, 2014

С.Анударын 4 биш 4 туужийн тухай



За тэмцээний тэмдэглэл явсан шүү хө.  (Тэмцээнд оролцохоор бичсэн юм.)

Философи гэсэн номыг авах шунал хөдөллөө. Тэгэхдээ юуны тухай тэмдэглэл бичдэг билээ гэж хэсэг бодов. Баахан номны нэрнүүд, номон дээр гардаг газар усны нэрс, үйл явдлууд, он сарууд гээд бөөн хэрэгтэй, хэрэггүй мэдээллүүд замбараагүй хөглөрч эхэллээ. Ийм ч юм бичье, тийм ч номны тухай гэхчлэн түмэн нэрс эргэлдэв. 

Тэгээд бодоод сууж байтал энэ их замбараагүй бодлууд дээхнэ үед миний уншиж байсан нэг туужтай их төстэй санагдав шүү. Уншиж байсан хүнтэй тэр бүр таараад байдаггүй нэг тийм тууж байдаг юм. Манай найз нараас хэд хэдэн хүн уншсан байдаг л даа. Үнэндээ тэд нараас анх мэдэж уншсан хэрэг. Зохиосон хүн нь их залуудаа бичээд, бас их залуудаа өөд болсон. 

Туужийн хэсгээс эш татвал:

Би – Нэг өдөр амьдарсан бол нэг өөдгүйтсэн гэсэн үг. 
Даваа – Тийм, хүн болгон амьдарсан, амьдарсан бүгдээрээ адгийн новш. Дараа нь үхээд ч нэмэргүй.
Би– Тийм. Ялангуяа хөгшчүүл. Гучаас илүү наслах бол өөдгүйтэл биш, завхай гэмт хэрэг.

Ингэж бичиж байсан хүн хорь гаруйхан насандаа өөд болсон нь их нууцлаг санагддаг байж билээ. Циркийн баруун хойно байдаг Хангай зочид буудлаас үсэрсэн гэнэ лээ гэсэн нэг цуурхал ч сонсож байсан удаатай. 

Зохиогчийн тухай яриаг цэглэж тууж руугаа оръё. Энэ туужийн нэр “4 биш 4”. Үйл явдлаараа хоорондоо сүлбэлдсэн тусдаа дөрвөн үйл явдлыг өгүүлэх дөрвөн бүлэг. Эхний хоёр бүлэгт гол үйл явдлууд нь ямар нэгэн дэс дараалалгүйгээр өрнөнө. Анх уншихад арван жилийн хүүхдийн замбараагүй зохион бичлэг шиг юм л байна гэж бодогдохоор боловч унших тусам намайг улам татаж байлаа. Бичлэгийн хэлбэр үнэхээр онцлог. Анх уншиж дуртай болсноосоо хойш жилдээ юм уу эсвэл хоёр жилдээ нэг удаа заавал уншдаг болсон юм. 

Унших тусам зохиолчийн ямар мундаг мэдрэмжтэй хүн байсныг анзаарч байх жишээтэй. Нийлмэл бүтэцтэй өгүүлбэр бараг байхгүй. Энгийн, ганц хоёр үгнээс бүрдсэн өгүүлбэр зонхилох учраас уншигчаас асар их анхаарал шаарддаг. Ялангуяа над шиг үйл явдлыг өөртөө нарийн төсөөлж унших дуртай хүнд энэ ёстой тамын ажил байлаа. Гэхдээ гоё ёо-ёо гэдэг шиг кайфтай байсан л даа. 

Номыг ер нь хүмүүс янз бүрээр уншдаг байх. Чимээгүй сууж, хэвтэж, эсвэл гадаа хүүхдийн тоглоомын талбай дээр, гэртээ хөгжим сонсоод гэх мэтээр. Би энэ туужийг бараг бүх байдлаар уншиж үзсэн байх. Эхний хэдэн тохиолдол ч санаандгүй болсон байх, харин сүүлдээ би аль болох өөр өөр нөхцөлд уншиж үзэхээр өөр мэдрэмж төрдөг юм биш байгаа гэж бодоод туршилт хийдэг болоод байгаа. 

Тууж дээр нэр дурдагддаг рок хамтлагуудын дуунуудыг сонсож байгаад унших юм бол хамгийн их кайфыг өгнө гэдгийг та бүхэндээ баяртайгаар мэдэгдье. Мэдээж тэр хөгжмийг та өөрөө сонирхдог бол шүү дээ. Sex Pistols, Metallica, Kreator гэх зэрэг тухайн үед моодонд орж байсан мундаг рок хамтлагуудын дуунууд тэгснээ 90-ээд оны Оросын рок хамтлагийн дуунууд гэх мэт. Ихэнх хүмүүсийн сонсдоггүй хамтлагууд. 

Гэхдээ энэ ном ч өөрөө бас хүн болгоны сонирхож уншаад байдаг ном биш. Баргийн хүн энийг хараад огт ойлгосонгүй, таалагдсангүй гэхчлэн гоочлох юм билээ. Би өөрөө тийм мундаг болчихоод уншаад байгаа ч юм биш л дээ. Зүгээр л ном дээр гарч байгаа үйл явдал, баатруудын бодох сэтгэх үелзлэл нь минийхтэй нийцэж байгаа хэрэг. Хэрвээ та өнөөдрийг хүртэл энэ зохиолч, энэ зохиолын тухай сонсоогүй байсан бол танд танилцуулахдаа таатай байна. Хэрвээ өмнө нь мэддэг байсан бол дахиад нэг уншаарай. 

Гэр бүл, төрөл төрөгсдөд нь эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр бичсэн бол уучлаарай. Ялангуяа тэр Хангай зочид буудлын тухай хэсэг дээр. Хүнээс анх тэр талаар сонсож, энэ номыг унших болсон болохоороо бичихгүй байж чадсангүй, ойлгоорой. 

Утгагүй нуршиж бавтнасан Цогоо

2013.12.18