Showing posts with label Creepy. Show all posts
Showing posts with label Creepy. Show all posts

Sunday, August 31, 2014

Харанхуй

2

Алганы хонхорхойд тогтсон усыг хамартаа сорж хэсэг байлгаснаа дахин доошоо урсгав. Угаалтуурын цагаан паалан ёроол түүний хүрэнтэж нөжирсөн цусаар хучигджээ. Ар дагзан дээрээсээ цэв хүйтэн усаар шүршээд хэсэг болж байгаа болохоор толгой хага таших мэт өвчин бага ч гэсэн намдсан мэт. Дахиад хэсэг гоожуулчихад хамрын цус тогтох болов уу? Эсвэл зүгээр хөвөнгөөр бөглөчихөөд гардаг ч юм бил үү? Цагтаа очоогүй хүнийг яадгийг мэднэ шүү дээ. Тэдний эгнээнд орж байснаас үхсэн нь дээр гэж хэлдэг хүмүүсийг ойлгохгүй юм. Үхлийг хайх хэрэггүй биш үү? Эцэстээ хүн болгон дээр ирэх тэр уулзалтыг аль болох хойшлуулж байсан нь дээр гэж би үзнэ. Тасралтгүй мэт үргэлжлэх энэ толгойн өвчнийг зогсоох төгс арга тэр л байна. Эрүүл ухаан хаана хэрэгтэй юм бэ. Өнөөдөр болж байхад маргааш хэнд хамаатай юм. Ёс суртахуун, хүнлэг, төвшин сэтгэл гэнэ шүү, муу баас. Эднийд байрлаж болно гэж бодсон тэр өдрийг ёстой хараал идээсэй. Новш гэж энэ толгойны өвчин алах нь ээ. Бушуухан Цогоо дээр очих юмсан. За байз уржигдрын боодлын мөнгийг өгөөгүй байдаг. Ганц ширхэгийг гуйж авч байгаад өрөнд нь явж өгдөг ч юм бил үү? Ядаж байхад дандаа санаандгүй газар луу явуулахыг яана. П****, энэ Идэрээ нээрээ, үхсэнээ хийж хамаг боодол урсгачихав аа. Хохь нь муу новш хүн өдөхөөр ингэж байгаа юм. Энэ яагаад босохгүй байгаа юм бол? Тоосго илүүдчихэв үү? Сая босоод наашаа орох гэж явахад хөл нь татганаад хөдөлж байсан шүү дээ. Ийм нарийн голтой хүн гэж юу байх вэ дээ. Зүгээр ухаан алдаа биз. Дараа хүний юманд хамаагүй хүрэхгүй биз. Хичээл хэрэгтэй шүү. За байз Цогоо чинь юунд дуртай билээ? Аятайхан хөлд нь сууж байгаад ганц удаа аргалчих юмсан. Өрөнд явж өгвөл хоёр боодлыг шагналд өгдөг байсан хэвээрээ болов уу? За ашгүй цус тогтчихлоо. Нээрээ Цогоо чинь ном, хөгжим гэхээр үхдэг байсан гэж ярьдаг байсан. Энэ Идэрээгийн хэдэн номноос аваачаад өгчихье. Ганц удаагийн хэрэглээ өгчих байлгүй дээ. Амьсгаа гэж энэ бүдүүн баагий нээрээ яаж ингэж хөлжиж чадав аа. За энэ хэдийг авчихад болох байлгүй дээ. Өчигдрийн хар үстэй хүүхэн байгаа болов уу? Буцахдаа гэрээр нь дайраад гарна аа. Орой харин хэнийд хонох вэ? Идэрээ бид хоёр ч дахиж уулзана гэж лөөлөө болоо байлгүй.

3

Ялаа. Цээжин дээр гүйлдэх ялаанууд үнэхээр төвөгтэй. Хичнээн ч олуулаа байгаа юм. Яасан муухай өмхий үнэртэй газар вэ. Толгой нь таллаад айхтар их өвдөхөд гараараа дарах санаатай хөдлөх гэсэн чинь чадсангүй. Новш. Яагаад хөдөлдөггүй билээ. Харанхуй байгаа юм болов уу эсвэл нүдээ нээж чадахгүй байна уу? За байз юу боллоо. Идэрээгийнхээс гарсан. Цогоо дээр очсон. За яах вэ зодуулах бол байх. Хаа очиж хоншоортой зан гаргасан шүү. Тэндээс гарч өр цуглуулах хүмүүстэй цуг явсан. Энэ гар яагаад хөдлөхгүй байна аа. За байз нэг эмчээс өр нэхнэ гэж ярьж байсан. Байр луу нь орж явахад гэнэт харанхуй оргиод явчихсан даа. Дагзны энд их хөндүүр байхын. Араас цохьсон юм болов уу? Тэгмээргүй юм. Цогоогийн хүмүүс ард явж байсан шүү дээ. Байз энэ нүд яагаад өвдөөд байгаа юм бол. Харанхуйд нүд дасдаг даа. Ийм харанхуй байгаа юм байх даа. Магадгүй толгойн өвчнөөс болоод дасч өгөхгүй байгаа юм болов уу? Нүд эргэлдүүлэхээр мэдрэгддэг биз дээ? Юу болоод байна аа? Аягандаа байгаа нүд мэдрэгддэг биз дээ? Сохорчихов уу? Сохор хүмүүс нүдээ мэдэрдэг биз дээ? Аньсага чийгтээд мэдрэгдмээр юм. Түнэр харанхуй. Харанхуй. Тас харанхуй. Хав хар. Сүүдрийн сүүдэр. Нөгөө хүн нь нүдний эмч гэж Цогоо хэллүү? Новш чинь хоёр боодлынхоо төлөө намайг шийтгэсэн юм байх даа? Өртэй хүмүүсээс эрхтэн авдаг гэж ярьж байсан даа дээхэн. Минийх тэгэхдээ тийм ч их биш шүү дээ. Тэрний төлөө нүд авна гэж байхгүй дээ. Үгүй байлгүй дээ. Би зүүдэлж байгаа юм болов уу? Зүүд ийм бодит байхгүй дээ. Зүүдэндээ өмхий үнэрийг мэдэрнэ гэж байхгүй. Гар хүлээтэй байгаа юм болов уу? Хуруугаа хөдөлгөж ч болохгүй байна гэж баймгүй юм. Хуруу бас тасарсан юм болов уу? Цогоогийн нэг хүн яг ард явж байсан даа. Араас цохиж унагаад хамаг эрхтэн хулгайлчихна гэж байхгүй дээ. Цогоогоос хүмүүс их айдаг. Өөрөө ч хэрцгий гэж хүмүүс ярьдаг. Ийм харгислал үйлдэх хүн мөн үү харин. Хоёрхон боодол шүү дээ. Тэрнээс өмнө авсан бүх боодлуудынхаа мөнгийг бүрэн өгдөг байсан. Ийм хүнийг шийтгэнэ гэж үү? Ухархайгаар хатгуулж өвдөж байна. Аньж, нээж байгаагаа мэдрэхгүй юм. Гар хөдлөхгүй ч өвдөхгүй. Бас хуруунууд мэдрэгдэхгүй. Новш гэж ямар газар байгаа юм бол оо. Юу болоод байна аа. Би үхчихсэн юм болов уу? Үхчихвэл яадгийг хэн мэдэхгүй шүү дээ. Тархи нь амьд мөртөө зүрх нь зогсчихсон байдаг гэж хаанаас билээ уншиж байсан санагдах юм. Ямар аймаар юм бэ? Тархи хүчилтөрөгчөөр дутахаараа ингэж өвддөг юм болов уу? Цогоо намайг алчихаж байгаа юм байх даа? Эсвэл би өөрөө осолдоод үхчихэв үү? Ер нь үхсэн гэдгийг яаж мэдэх юм бэ? Гэрэлтэй туннель энэ тэр харагддаг гээгүй юм уу? За тэр ч тэгээд эмнэлэгт үхэж байсан нөхдийн яриа байх аа. Ямар над шиг харанхуй подизонд араасаа дагздуулсан биш. Аа новш гэж там диваажин. Над шиг хогийн новш тамд л очих байх. Там гэж байхгүй шүү дээ. Тэр чинь амьдрал. Би үхсэн бол амьдрал дууссан гэсэн үг. Үхэл. Юуны эхлэл вэ? Харанхуй?

1

Өө, Идэрээ?

Tuesday, November 02, 2010

Миний багын бодол


Багадаа би их юм бодомтгой хүү байсан юм. Ном их уншдаг байсан болохоороо номон дээрхтэйгээ төстэй явдлуудыг дотроо ургуулан бодож суудаг асан. 

Амьдралын тухай
Үхлийн тухай би нэг удаа их удаан бодож байсан юмдаг. Амьдрал бол үхлийн үүдний өрөөн дэх хүлээлт гэж нэг газраас уншаад тэрэндээ бат итгэж бушуухан энэ амьдралыг дуусгаж дараагийнх руугаа орохсон гэж их яарах үе бас нэг хэсэг байсныг одоо бодохоор аймаар санагддаг юм. Ная гаран наслаад амьдралын хамаг юмыг үзэж дууссан хүн аятай амьдралаас уйдаж хэсэг явж байв. Зайлуул тэгэхэд бодож байснаа гүйцээсэн бол хайр дурлал, секс, гэр бүл хамгийн гол нь хүүхэдтэй байхын жаргалыг мэдэлгүй нөгөө ертөнцөд очих байж. Тэгээд хамгийн харамсалтай нь нөгөө ертөнцийн жаргалыг харьцуулах жишиг байхгүй учраас энэ хоёр ертөнцийг үнэлэх үнэлэмж байхгүй болох байж гэж бодохоор нэг л онцгүй. Энэ ертөнц маань нөгөөгөөс юугаараа илүүг би мэдэхгүй ч ядаж энд маань ийм юм байсан шүү гэсэн мэдээлэлтэйгээр тийшээ очихыг би одоо илүүд үзэж байгаа.

Тэр үед юу үзэж туулчихаад амьдралаас тэгтлээ уйдсанаа би одоо санадаггүй юм. Өвчин зовлон аз болоход намайг болон миний ойр тойрныхныг дайралгүй тойрч байсан. Үхэл хагацал зуурдаар биш ирдэг жамаараа ирж явж байсан. Бүтэлгүй дурлал битгий хэл дурлах, хайрлах гэдэг үгийг би зүгээр л монгол хэлний үгсийн сангийн жирийн нэг үг гэж боддог байсан. За тэр сексийн таашаал гэдгийг мэдрэх нь бүү хэл "хүүхэн" гэдэг үгийг хэлэхээсээ ичиж нүүр улайдаг байсан гэж бод. Амьтан хүнд дээрэлхүүлж байсан уу гэж үү? Үгүй чиш. Их сургуулийн 4 дүгээр күрсдээ л анх хүнтэй зодолдож, зодуулж үзэж байсан. Энэ блогийн хаа нэгтэй тэр талаараа дэлгэрэнгүй бичиж байсан санагдаж байна. 

Ямартаа ч амьдралаас нэгэнтээ их уйдаж, үхэл ямар байдаг бол гэж их бодож байсан юмдаг.

Үхлийн тухай
Дээр хэлсэнчлэн үхлийг би амьдралын дараагийн шат гэж боддог байсан юм. Үхэл гээд бодохоор асар том, уудам, харанхуй, ер бусын нууцлаг. Нууцлаг учраас аливаа сониуч хүмүүсийг соронз адил татдаг байсан байх. Хэрвээ би эрдэмтэн байсан бол Франкеншэйн шиг туршилт хийж үхсэнийг амьдруулах оролдого хийж, тэднээс амьдралын дараа юу болсоныг дэлгэрэнгүй лавлах байсан байх даа. Нээрээ амьдралын дараа гэж хэлсэнийх нэг бодлоо тулгачихъя. Хүмүүс үхлийн дараах амьдрал гэж их ярьдгийг би хувьдаа буруу гэж боддог. Амьдрал нь дуусч байгаа учраас амьдралын дараах үхэл гэж ярьвал их зохимжтой юм болов уу? Нэгэнт амьдрал нь төгсөж үхэл залгаж байгаа учраас тэр шүү дээ.

За тэгээд амьдрал онцгүй санагдсан учраас би үхэх талаар бодож эхэллээ. Үхэх их олон арга байдгийг угаасаа мэдэж цөхөх юм байхгүй байсан. Амиа хорлож байгаа хүмүүс ихэвчлэн өндрөөс унах, өөрийгөө боомилох, судсаа ханах, эм уух зэрэг аргуудаас сонгодог байсан байх. Өндрөөс унахыг би шууд хасч хаясан. Яагаад ч юм хүний амьдралын сүүлчийн хором зуун шиг удаан өнгөрдөг байх гэж би бат итгэж байсан болохоор зуун жил унахыг хүсээгүй байх л даа. Тэгээд урдаас улам ойртон ирж байгаа хатуу асфальтан хучлагатай талбай нэг их хүсээд байхаар зүйл биш санагдсан гэх үү дээ. Өөрийгөө боомилохыг ч би бас эхний бодолтоор хассан. Санаандгүй байдлаар өөрийнхөө хоолойг нэг удаа хальт боох шахаж байсан болохоор тэр эвгүй дурсамж намайг хорьж дийлсэн байх. Ер нь тэгээд намайг олсон хүнд нус, нулимс, шүлс, баасандаа хутгалдсан, тэгээд хэл нь алд дэлэм унжсан дүр зураг тэгтлээ таалагдана гэж бодоогүй л дээ. Эм уух гэдэг аргыг би санхүүгийн боломжоос шалтгаалаад хассан. За тэгээд мөнгө олдсон ч бай, нэг муу арван жилийн сурагчид нойрсуулах эм тэгж олноор өгөх аптек олдох байсан уу үгүй юу гэдэг бас л эргэлзээтэй. Ямар кинон дээр гардаг шиг аскорбины хүчил их хэмжээгээр идэлтэй нь биш. 


Тэгээд хамгийн зовлон багатай бөгөөд боломжтой хувилбар нь дүүрэн ваннтай усанд орж хэвтэж байгаад судсаа ханах л юм байна даа гэж би эцсийн дүгнэлтэд хүрэв. За тэгээд яг яаж үйлдвэл дээр байдаг бол гэж хэсэг бодов. Гарын бугалган тус газар хөндлөн ганц хэрчээд хаявал их цус гарч байгаа тухай кинон дээрээс харсан. Тэгэхдээ тэр буруу гэж би бодож байлаа. Яагаад гэвэл судас жоохон газраа зүсэгдэх учраас их хэмжээний цус бүлэгнэж цус алдалтыг зогсоох байх гэж. Тиймээс үүнийг хийх зөв арга бол хоёр гарын судсыг туушид нь их урт огтолж доош унжуулах. Ингэснээр их хэмжээний цус богино хугацаанд алдаж, улмаар үхэх боломжтой.

Ингэж бодоод би хэзээ үхвэл зохимжтой талаар хэсэг бодов. Өглөө үхвэл хүмүүсийг ажилдаа явахад саад болох юм байна. Өдөр үхэхээр ганцаараа бас жаахан эвгүй юм байна. Орой үхэхээр ажлаасаа ядраад ирж байгаа хүмүүст бас л саад болох юм байна. Шөнө гэхээр бас хүмүүсийг унтуулж амраахгүй гэх зэргээр бодож байгаад ер нь өдөр нь дээр юм байна гэж шийдэв. 


Шийдвэрийн тухай
За тэгээд нэг сайхан нартай өдөр үхнэ дээ гэж бодсон чинь амьдрал жигтэйхэн амттай санагдаад эхлэв ээ. Энэ нар, сар, мод, уулсыг амьдралынхаа хамгийн сүүлийн удаа харж байгаа гэж бодохоор хайран санагдаад, хараад л баймаар болж эхлэв. Хүүхдийн инээд, хүмүүсийн бужигнаан, дуртай кино, эмээ өвөө, аав ээж, хайртай дүү нар минь... Надаас хойш яана даа гэсэн өрөвчхөн бодол санаанаас гарахгүй. Харахаар л өрөвдөөд эд нар минь яана даа гэж. Тэдний амьдралыг өөрийгөө байхгүйгээр төсөөлж үзлээ. Угаасаа одоо байгаагаас нэг их онцын ялгаагүй санагдав. Бүгд л байгаараа байж байх юм. Яахав ам бүл 5 гэж л бүртгүүлэх юм даа. 

Бүхэл бүтэн хүн байхгүй болоод байхад энэ айлын юу ч өөрчлөгдөхгүй байна гэнэ ээ гэж би хилэгнэн бодов. Тэгээд буруутанг хайлаа. Мэдээж надаас өөр хэн байхав дээ. Айлын том гэдгээ мэддэг ч тэр үүргээ гүйцэтгэдэггүй нь надад айхтар харамсалтай санагдав. Дүү нартаа үлгэр дуурайл болох ёстой хүн чинь байгаа байхгүй нь мэдэгдэхгүй орчлонгийн үнэт зайг дэмий бөглөөд явдаг болохыг мэдээд их уур хүрч байна аа. Мэдээж хэнд ч хэрэггүй амьдарч байгаа юм чинь миний үхэл бас хэнд ч харуусал авчрахгүй. Намайг үхсэний дараа хэн ч дурсахгүй. Миний гэх юм хойно маань үлдэхгүй гэсэн харамсалтай үнэн намайг гүйцээд ирэхийн алдад би ерөөсөө үхэхээ түр хойшлуулъя гэж бодлоо. Тэртэй тэргүй хэзээ ч үхэж болох юм чинь ядаж хэсэг хүнд хэрэгтэй амьдраад авъя гэж шийдлээ. 

Тэр өдөр үхлийн тухай хэсэг бодсон бодол маань амьдрах юм бол олигтойхон шиг амьдрах хэрэгтэй гэсэн шийдвэрээр дуусч билээ.

Wednesday, October 15, 2008

Зvvд

Би Шархадны цэнхэр автобусаар явж байна. Нэг таньдаг хvнтэйгээ цуг явж байгаа бололтой. Яагаад ч юм Шархадны автобус Ялалтын урд замаар явж байхын. Тэгснээ гэнэт Байгалийн Тvvхийн Музейн урд уулзвараар баруун тийш эргээд Нийслэлийн Захиргааны урдуур уруудаад Санк-Петербургийн урдуур явахаар зvvн тийш эргэлээ.

Тэгсэн чинь Санкт-Петербургийн байшин асар том барилга байхыг би анзаарав. Дөнгөж баригдаж байгаа. Тэгээд тэр шинэ баригдаж байгаа байшин руу өгсvvлээд асар том төмөр рам тавьчихсан байна. Зvйрлvvлж хэлэхийн бол Хажууд нь баригдаж байгаа төмөр рамтай барилгын төмөр рамыг байшин налуулаад тавьсан мэт. Тэгээд тэр рам өөд баахан хvмvvс авирч байна. Барилгачид нь ажил руугаа гарч байгаа юм байна гэж би бодов.

Санкт-Петербургийн хойд тадын хоёр урсгал бvхий замыг их том машинаар хөндлөн зогсоож хаасан байна. Би баруун тийш хартал Энхтайвны гvvр лvv явах замыг бас тагласан байна. Жолооч бас тэгж харсан бололтой шууд л зvvн тийшээ дараад нөгөө зам хааж зогссон машины хажуугаар чихээд оров. Яг чихэж оронгоо нөгөө рамнаас зайлж зvvн тийшээ дарна. Харин рамын хажуугаар гарахдаа зэрэгцээд тасхийх нэг чимээ гарлаа. Нөгөө рамыг шvргэлээ дээ гэж би бодох юм.

Би жолоочийн ард зогсож байсан болохоор ерөнхийдөө болж байгаа бvх юмыг хараад л явж байлаа. Рамыг өнгөрсний дараа би замын хойд хэсэгт асар том хоёр нvх ухсан байхыг анзаарлаа. "Пөөх ямар том нvх вэ?" гэж би дуу алдахад хэн ч хариулсангvй. Жолооч баруун тийшээ мушгиж нvхний хажуугаар явлаа. Хоёр дахь нvхний амсрын ойролцоо ирж байхад би автобус дээшээ өргөгдөж байхыг мэдэрлээ. Хоёр дахь нvх жижигрээд явчихлээр нь тэр. Миний бодсоноор бол автобусны урд хэсэг дээшээ цоройх маягтай өргөгдөж байсан байх. Тэгэхдээ надад тэнцвэр алдах янз бvрийн мэдрэмж төрсөнгvй.

Буцаад буухын алдад би эргэж хартал нөгөө аварга том рам чинь унаж байх юм. Мурийж сарийгаад уначихсан. Тээр дээрээс доошоо нисэж байгаа хvмvvс, унасан раманд шальчийтлаа дарагдаж vхсэн хvмvvс гээд баахан нvд хальтирмаар vзэгдлvvд харагдана. Гэвч би харамсах, айх ямар ч мэдрэмжийг мэдэрсэнгvй. Буцаад урагшаа автобусны явж байгаа чиглэл рvv харахад жолооч маань төв замаар явж байна.

Гэнэт кадр солигдож бид нэг нарийн гудамжинд явж байна. Миний бодлоор бол бид Гадаад Явдлын Яамны уулзвараар баруун тийшээ эргэсэн мэт. Гэхдээ нэг өөр гудамж. Ойролцоогоор дvрсэлж хэлдэх юм бол, Тавдугаар сургуулийн урд талын уулзвараар эргээд хуучин нэрээр бол Төлөвлөгөөийн комиссын тийшээ явдаг гудамж. Yйлдвэр Худалдааны Яам энэ тэр байдаг гудамж юм уу даа.Тэрэнтэй л адилхан харагдсан юм. Тэр гудамжаар ороод явж байсан чинь Даяар Монгол Хөдөлгөөнийхөн шиг баахан залуучууд зогсож байна. Тэд дээшээ ямар нэг юмыг шимтэн ажиглана. Магадгvй нөгөө нуран унаж байгаа байшинг л харж байсан байх. Тэгсэн чинь жолооч нөгөө хөдөлгөөний толгойлогчийг мөрлөчихлөө. Толгойлогч дээшээ харсан хэвээр жолоочийг тайтгаруулан мөрийг нь алгадна. Автобус жолоодоод явж байгаа хvн яаж явган хvнийг мөрлөдөгийг би гайхан бодлоо.

Би сэрчлээ. Ашгvй зvvд байсан байна гэж би бодох юм. Хэн нэгнийд байгаа бололтой. Тvрvvний зvvдийг хэн нэгэнд яримаар санагдаад болдоггvй. Тэгсэн чинь автобусын жолооч ороод ирлээ. Янз нь миний таньдаг хvн бололтой. Өрөөнд бас өөр хvн байна. Жолоочоос өмнө тэнд байсан бололтой. Харсан чинь аавын бага дvv байна. Нөгөө жолооч аавын дvv рvv хандаж ярилцахдаа "амьдаа" гэж хэлэхийг бодоход Оюунболд гэдэг юм шиг байхын. Эсвэл зvгээр л болдоо гэдэг байх. Маниусын vеийн л гар бололтой. Би жолоочид зvvдээ ярихыг оролдоно. Нэг л сонирхолгvй санагдсан бололтой манай авгатай ярилцаад байхаар нь миний урам хугарч зvvдээ ярихаа болилоо.

Би ТИС-ийнхээ корридороор явж байна. Бодвол нэг давхарт байдаг Уул Уурхайн Инженерийн Сургууль руу очиж яваа бололтой.

/Энийг бичихээс өмнө би ТИС-ийн 2 дугаар байрны зохион байгуулалтыг тайлбарлах хэрэгтэй байх Бас яг vйл явдлууд энд болох учраас газруудыг дугаарлачихвал амар байх байх. Хоёрдугаар байрны хаалгаар оронгуут зvvн талд нэгдvгээр давхар луу өгссөн болон нойль давхар луу уруудсан шат байдаг.нэгдvгээр давхар луу өгссөн шатаар гараад баруун тийш эргээд хэсэг алхахад дээшээ болон доошоо явсан шат байдаг.Эхний шатны төгсгөл хэсгийг 1 дvгээр цэг гэе. Харин хоёр дахь шатны хажуугийн талбайг 2 дугаар цэг гэе.

Шатаар өгсөлгvй цаашаа жаахан явахад баруун талд хоолны газар, зvvн гар талд Уул Уурхайн Инженерийн сургууль руу орсон хаалга байдаг. Хоолны газрын vvдний орчмыг 3 дугаар цэг гэв. Уул Уурхайн Сургуулийн хаалгаар ороход сургултын албаны өрөө байдаг. Баруун тийшээ огцом эргээд дахиад зvvн тийшээ эргээд тэгээд баруун эргээд гэх мэтчилэн анх орж байгаа хvнд бол нэлээн толгой эргэм зохион байгуулалттай байгаан.За тэгээд сургалтын албаны цаана жорлон, тэндээс баруун эргээд хэсэг явахад 26 ноймерын өрөө байдаг. За тэгээд зvvд рvvгээ vргэлжилцгээе/

Нэг давхарт гарч ирээд УУИС руу орохоор явж байхдаа анзаарвал хоолны газар төмөр хаалгатай байна. Бvргэд хаалганууд байдаг даа яг тийм. Янз нь хоолны газар биш болсон бололтой. Yvдэнд нь буюу 3 дугаар цэг дээр сандал тавьсан байна. Сандал дээр миний өмнө нь ажиллаж байсан компанийн захирлын ах сууж байх юм. Тэр ах хvv дvvгээ нас барснаас жил бил vv хоёр жилийн дараа нас барсан юм. Бууралдуухан vстэй, туранхай, том нvдтэй настайвтар ах хvv намайг цоо ширтэнэ. Нvд салгахгvй.

Эвгvй мэдрэмж төрж байсан ч гэсэн би шулуухан явсаар УУИС-ийн хаалга руу очоод яг орохынхоо алдад хажуу тийш Бааяа ахын сууж байсан суудал руу харсан чинь суусан хэвээр боловч толгой байхгvй зөвхөн хоосон мөр байлаа. Бvр хvзvv ч байхгvй шууд vргэлжилсэн мөр. Аймаар зэвvvн харагдсан учраас дотроос бvvр зарсхийсэн мэдрэмж надаар дvvрээд би тэсэлгvй орилоод гvйлээ. Хамаг чадлаараа бархираад хvмvvсийн дундуур дайран гvйж сургалтын албаны хаалга өнгөрөөд жорлонгийн тийшээ гvйлээ. Жорлонгийн тэнд очоод орилоод сууж байхдаа хvмvvсийг хартал бvгд намайг гайхан харж байна. Над руу гайхан шагайх оюутан залуусын дундаас Бааяа ахын буурал толгой цухуйхад би "Наад хар хувцастай хvнээ цохиод аваарай" хэмээн хамаг чадлаараа бархирлаа.

Нэг мэдсэн чинь хvмvvс намайг гайхан харахаа байчиж. Би ч өөрөө тайвширчихаж. Бодвол тодорхой хугацаа өнгөрсөн бололтой. Би босч 26 ноймрын өрөө рvv очихоор явлаа. 26 руу дөхөөд очсон чинь 40 гаран 50 шахам насны 5, 6 эрэгтэй хvн шалан дээр хэвтэж байхын. Зарим нь буурал толгойтой. Цаашаагаа хvн явуулахгvй гэж эсэргvvцээд хэвтэж байгаа юм шиг харагдав. Дундуур нь гарах гэж зvтгэтэл бvгдээрээ уурлаж намайг загналаа. Тэгэхээр нь би зvтгээд нэмэргvйг ойлгоод буцахдаа тэднээс "Ганзориг байгаа болов уу?" гэж асуугаад гарав. Манай их сургуулийн ангийн залуу багшилдаг болохоор би тэрнийг асуусан юм шиг байна.

Буцаад явж байтал 2 дугаар цэг дээр нэг хvн ухаан алдаад уначихсан татаад хэвтэж байна. Тойроод баахан хvмvvс сандралдсан сонирхсон гэх мэт. Хувцас хунар байгаа байдлыг нь харахын бол юм мэддэг байрын. Yзмэрч, домч энэ тэр мэт л харагдаж байна. Нэг их сvртэй том эрхи баруун гартаа атгасан хvн байв. Би тэгээд өмнө нь зvvдэлсэн зvvднийхээ учрыг энэ хvнээс асуумаар юм байна гэж бодох юм. Тэгээд за юу ч гэсэн энэ хvнийг татаж дуусахаар нь асууя гээд 1 дvгээр цэг дээр очиж суув.

Сууж байхдаа нэг ном гаргаж ирээд уншиж байна. Хаанаас гаргаж ирээд эхнээс нь ч юм уу хаанаас нь ч уншиж байгаагаа мэдэх юм алга. Номон дээр бичсэн нь: "Ямар азаар би гадаад хэлний мэдлэгтэй юм бэ..." гээд хуудас дууслаа. Хойшоогоо эргvvлтэл нэлээн хэдэн хуудас давхар эргэчиж. Бvгдийг нь буцаан эргvvлсээр яг өөрийн уншиж байсан хэсгийн vргэлжлэл дээр очив. "... энэтхэг, санскрит, тvвд хэлээр цаашаагаа ориллоо." Энэний vргэлжлэл доод талын догол дээр шал өөр юм бичсэн байлаа. "Зарим хvмvvс янз бvрийн гаралтай нэр өгдөг. ... гэхчлэн" гээд уншиж байтал нөгөө хvн ухаан оров бололтой.

За очьё гээд бостол нэг эмэгтэй намайг хуруугаараа дуудна. Би тэр эмэгтэйг нөгөө төмөр хаалганаас гарч ирсэн гэж мэдэж байх юм. Яагаав нөгөө 3 дугаар цэг дээрх. Намайг тэр vзмэрчтэй уулзуулахгvй гэж бодсон бололтой. Яагаад ч юм тэр хоёр яг сөргөлддөг хоёр хvн гэж би мэдээд байх юм. Энэ авгай бас хоосонгvй хvн гэдгийг бас мэдээд байнаа. Тэр авгай руу харж байх зуур нөгөө vзмэрч босоод 2 дугаар цэг дээр байдаг шатаар доошоогоо уруудаад явчихав. Би авгайг тоолгvй vзмэрчийн хойноос гvйлээ. Яг хажууд нь очихын алдад би тасарсан юм. Бодюол сэрсэн байх. Эсвэл vргэлжлvvлээд зvvдэлсэн ч байх. Ямартаа ч миний санаж байгаа хэсэг энэ байна.