Showing posts with label Дурсамж. Show all posts
Showing posts with label Дурсамж. Show all posts

Monday, March 09, 2020

Утсан харилцаа

No photo description available.

Воис хараад хэвтэж байтал галын өрөөнд түчигнүүлээд байсан хүүхэд нэг ийм юм бариад ороод ирэв. Хар багын сайхан дурсамжууд тархиар нэвт шувт сүнгэнээд л явчихлаа. Намайг бүүр багад манайх Сэлэнгийн Сүхбаатарт байсан юм. Манайх Мурзилка, Ровесник, бас Юный консруктор ч бил үү тийм сэтгүүлүүд их захиалдаг байж билээ. Эдгээрийн аль нэгнийх нь өөрсдөө хийж болох янз бүрийн туршилтуудтай булан байдгаас нь аав бид хоёр их юм хийдэг байж билээ. Нээх зугаатай байдагсан. Тэрнийгээ санан байж охинтойгоо энэ утсан холбоогоор нь баахан харилцаж, далжиганалаа. Ямар үзэгдэл, ямар зарчмаар ингэж дуу дамжаад байгааг нь ч тайлбарлаж өглөө. Сэтгэл хангалуун болов. Хүүхэд өөрөө санаачлагатай байхаар бас их аятайхан юм өө. Проактив хүнийг хааяа реактив болгож молгоод. 😛

Thursday, March 05, 2020

Rating

Унтах гээд л элдэв юм бодоод хэвтэж байтал гэнэт нэг юм санаанд оров. Эртний юм л даа. Энэ дугуй жийгээд явж байгаа нөхөр ханиад хүрсэн тул би тариа хийх хэрэгтэй болоод аав ээж хоёрт хөдөлгөхгүй барьж бай гэсэн чинь шууд зугтаасан.

- Өө бид хоёрын рэйтинг уначихна. Дуусдаггүй рэйтингтэйгээрээ чи өөрөө учраа ол, - гэж байгаам. Би тэгээд тэр чарлаад тэлчилж байгаа хүүхдийг гагцаараа яаж тарих ёстой юм, бүү мэд. Бодсон чинь гэнэт “уур” хүрчихлээ. Хаха.

#ЭнэрлэнгийнЯриа


Tuesday, November 19, 2019

Үнсье, барья

Зүрхний андтайгаа "найз"-ласны 12 жилийн ой болж байгаа гэж фэйсбүүкээс сануулж байх юм. Өглөө харчихаад "Үнсье, барья" гэж бичих санаатай сууж байтал нөхөр өрсөөд мэссэнжэрээр мэнд хүргэчихлээ. Өрсүүлсэндээ шар хөдлөөд энэ постыг оруулж байна.

Өөр нэг зүрхний андтай гурвуулаа нэг удаа Зулзага явж билээ. Рэд хот чили пэппэрсийн энэ дууг сонсоод яг энэ эхлэл дээрх шиг нь л явж байхдаа их таашаалтай сонсож байснаа санагалзав. Үхтлээ инээж байснаа ч бас. Тэр аяллаас үлдсэн зургийг харж хааяа сайхан мишээдэг ээ.

Road trippin' with my two favorite allies
Fully loaded we got snacks and supplies
It's time to leave this town
It's time to steal away
Let's go get lost
Anywhere in the U.S.A.

Let's go get lost
Let's go get lost

Замд гарцгаая аа зүрхний хоёр андтайгаа
Зугаа болгох хүнс, зууш дүүрэн бэлдээстэй
Зайлъя энэ хотоос
Цаг нөхцөөе гадуур
Алга болоод өгье
Америкийн хаа ч юм

Алга болцгооё
Алга болцгооё

гэгээд л сайхан явж билээ.

Өө тийн бараг мартах шахлаа, "хайртай шүү, үнсье!"


Thursday, August 29, 2019

Nostalgia

Халх голын дайны ой болж байгаа энэ цаг үед "Ахмад дайчин" нагац ааваа дурсан сууна даа. 1945 оны чөлөөлөх дайнд оролцохоор баруун хязгаараас дорно зүг хийсэн Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 6 дугаар морьт дивизийн морин марш болбоос Чингис хааны үеэс хойшх монгол цэргийн хамгийн том хэмжээний морин марш байсан гэж ярьдаг байж билээ. Яг тулаанд бол оролцож амжаагүй л гэдэг юм. "Байлдах гээд явсаар байгаад арай хийж очтол дайн дуусчихсан" гээд инээж байсансан. Хихихи гээд их доогтой инээдэг нь их хөгжилтэй санагддаг байж билээ. Яг тулаанд оролцоогүй болохоор тэгсэн үү анхандаа "Ахмад дайчин" өгөөгүй байж байгаад нэлээн сүүлд өгсөн. "Байлдаагүй хүнд өгдөг нь яаж байгаам бол" гээд инээж байсан юмдаг. Шархадны чиглэлд өвөөгөөс гадна хоёр ч бил үү ахмад дайчин явдаг. Тэгээд нэг нь харагдахаа байчихсан чинь "Хөөрхий үхчихсэн юм болов уу даа" гээд үгүйлэнгүй ярьж байсан.

Мануусыг нэлээн том болсон хойно том нагац ахыг "Ахмад дайчин" гэсэн медалиар шагнадаг юм. Уг нь ч хөөрхий насаараа цэргийн байгууллагад ажиллаж, ангийн захирагч хүртэл хийж байсан хурандаа цолтой том хүн л дээ. Өвөө гуай шоолоод байгаа юм. "Чөлөөлөх дайны үеэр сураг ч үгүй байсан хүн шүү дээ" гээд л хихихи инээх. Нагац аав минь гэж их шооч хүн байлаа даа. Ер нь хоёр өвөө маань хоёулаа л сүрхий шооч хүн байсан юм байна шүү, одоо ингээд бодоход. Хөгшин аав гэхэд залуудаа хэдэн найзтайгаа нийлээд нэг нөхрөө барьж аваад морин дээр нь буруу харуулж мордуулж ганзагаар нь даруулаад, гарыг нь ард нь хүлэнгүүтээ ташуурдчихаж байсан гэдэг юм. Нөгөөх нь зайлуул хэр удаж байж гэртээ харьсан юм байгаам бүү мэд. Юу бодогдож байсан бол доо гэхээс л инээд хүрээд байдаг. Эр улсын тоглоом хатуу гэдэг л энэ байх даа. Хүн дамшиглаж, шоолох дуртай зан маань энэ хоёр хүнээс л угшилтай бололтой гэж.

Thursday, July 25, 2019

Рутгер Хауэр төрлөө арилжжээ

Рутгер Хауэр төрлөө арилжжээ. 1982 оны БлэйдРаннерын төгсгөлийн энэ хэсгээр л төсөөлөгдөөд байдаг юм. Сөрөг голдуу дүрээр л үлдэж дээ.

"Хүмүүс та нарын итгэж ч чадахгүй олон зүйлсийг би үзсэн. Довтлох хөлгүүд Орионы мөргөцгийн тэрүүхэнд дүрэлзтэл шатаж байлаа. Таннхаузерийн хаалганы тэрүүхэнтэй түнэр харанхуйд с-цацраг гялалзаж байхыг ч би харсан. Тэр бүх агшнууд цаг хугацаанд үрэгдэж одно. Яг л бороонд урсах нулимс шиг. Үхэх цаг боллоо."


Thursday, June 20, 2019

Дурсамж

Хааяа ингээд зөв зүгээр сууж байхад аавын тухай ч юм уу эсвэл өөр хэн нэгний тухай ч юм уу нэг тийм тэнүүлч дурсамж шурд гээд л ороод ирдэг шүү.

Аав минь уг нь ёстой жинхэнэ аядуу зөөлөн хүн юм. Хүнтэй муудалцаж шөргөөлдөж байхыг нь би л лав тоотой хэдхэн харсан байх. Байсан бол бараг гарын таван хуруунд л багтана биз. Харин нэг удаа хэлсэн үг нь муухай жинтэй бууж билээ. Нөхцөл байдлыг нь мэдэхгүй ч аавын ажлаас халсан нэг нөхөр уучлалт гуйж ирээд ажилд эргүүлж аваач энэ тэр гэсэн юм байсан шиг санаж байна. Тэгэхэд нь аав "Би бөөлжсөн бөөлжсөө эргүүлж иддэг хүн биш" гэж эрс хэлсэн юмдаг. Пөөх гэж бодсон. Наанаа зөөлөн мөртөө цаанаа тийм тулгууртай хүн дээ.

Tuesday, June 11, 2019

МАНАЙ БАЯРАА АХ

Миний багад манай үеэл Баяраа ах гэж күүлийн туйл болсон ах байлаа. Байлаа ч гэж одоо ч гэсэн байгаа л даа. Хөдөөний би чинь хотод ирэхээрээ Баяраа ахыг харж алмайрдаг байв шүү. Сэлэнгэд байхдаа нэг удаа Майкл Жексоны сарнаа алхаж байхыг харчихаад мэл гайхаж цэл хөхрөхдөө “Манай Баяраа ах яг чадна даа” гэж бодож байж билээ. Тэрнээс хойхон хотод ирээд Баяраа ахыг барьж авангуутаа Майкл Жексон агаар дээр хөвж арагшаагаа явж байсныг дуурайж чадах уу гэж шалав. Ах ч бараг уухайн тас арагшаагаа яваад үзүүлчихэв ээ. Би нэг л дурамжхан. Жексон чинь газарт хүрэхгүй л яваад байсан даа гэх маягтай. Ах татаад уначихсан. Газарт хүрэхгүй яаж явдаг юм гээд. Залуухан бас туранхай байхдаа их царайлаг санагддаг байсан юмдаг. Сүүлд дуучин Ашер гарч ирээд U got it bad энэ тэр гээд дуулаад эхлэхэд яг л манай Баяраа ахын залуугийн төрх яг харагдаж байж билээ.

Гоё бүжиглэхээс гадна бас их гоё зурдаг. Манай нагацууд ер нь гарын дүйтэй, элдэвтэй улс байдаг юм. Ахын дэвтэр дээр янз бүрийн зөгнөлт өгүүллэгүүд, бас тэр өгүүллэгүүдийн агуулгатай нийцүүлж ахын зурсан гоё гоё комикс шиг зурагнууд дүүрэн. Бакь бакь булчинтай залуучууд, хүүхнүүд гээд л. Тэгээд их гоё ирээдүйн юм шиг мөлгөр тэрэгнүүд гэхчлэн янз бүрийн юмнууд. Яг энэ хавсаргасан зураг дээрх шиг. Тэгэхэд би адал явдлын оргил болсон Ахмад Грантын хүүхдүүд, Нууцат арал гэх мэтийг уншиж амжаагүй байсан үе л дээ. Ахын дэвтэр бол миний хувьд энэ чиглэлийн юмсад яахын аргагүй дурлуулсан эд. Тэр үед ахын дэвтрээс уншиж байсан өгүүллэгүүдийг одоо ахиад уншиж үзмээр л санагддаг юм.



Орчуулсан өгүүллэгүүддээ зүүчих санаатай элдэв зураг хайж байх болгондоо энийг эргэн санадаг болохоор ингээд пост болгоод оруулчихлаа.

Зургийн эх сурвалж: http://trustbanksuriname.com/spaceship-drawing/spaceship-drawing-how-to-draw-a-spaceship-spaceship-drawing-easy/

Sunday, March 10, 2019

Dire Straits - Зэвсэг нэгт ахан дүүс

2002/03 оны алдад биднүүс Let it be гээд бааранд орж тэндхийн Черчил гэдэг хөөстийг их зооглодог байв. Бараг орой болгон орж суудаг байсан учраас тэндхийн дижэй эд нартай нь мэндийн зөрөөтэй болчихсон. Гөлийсөн хог чинь нэг удаа тэнд төрсөн өдрөөрөө сууж байхад "За манай байнгын үйлчлүүлэгч Цогоодоо..." гэж ирээд дуу тавьж өгч байсан гар даа. хаха. Гэхдээ тэр залуу миний хөгжмийн сонирхолд маш том хувь нэмэр оруулж өгсөн ачтан юм. Нэрийг нь мэдэхгүй л дээ. Нэг өдөр сууж байтал нэг хуудас цаас бариад хүрээд ирэв. Баахан хамтлагийн нэрүүд одоо санаж байгаагаа энэ Dire straits, The Who, Def Leppard, Motley Crew энэ тэр гээд хуучны нэлээн хэдэн хамтлагуудын нэртэй жагсаалт. Бид нарыг айтигийн компанид ажилладаг, интернэтээс дуу хуур татаж өгч чадна гэж мэддэг байсан юм л даа. Тэр хамтлагуудын цомгуудыг интернэтээс татаад файлаар өгөөч гэлээ. Бид хэд тэгэхэд КазаА ашигладаг байсан юм. Хайж олоод татаж цуглуулах гэж овоо хэдэн өдөр болсон. Тэгээд татсан дуунуудаасаа сонсож байгаад л энэ Даир Страйтст ухаангүй дуртай болчихсон хүн дээ. Яагаад ч юм гитарынх нь аялгуунд нь ховсдуулаад л.

Эдний олон сайхан дуунуудаас магадгүй хамгийн их сонссон, сонсох дуртай дуу энэ байх. Дууны үгийг их анхаарч, аялгуунд нь нааж сонсох дуртай болохоор ингээд орчуулчихмаар санагдаад байдаг юм. Марк Ноффлер өөрөө энэ дууныхаа талаар ярихдаа "Үхэж буй цэргийн яриа" гэж хэлсэн удаатай.

Dire Straits - Зэвсэг нэгт ахан дүүс

Будан хөшиглөсөн эдгээр уулс
Одоо миний гэр болов, гэвч
Өргөн тал хөндий нутагт
Өөрийн минь гэр хэвээр

Хөдөө нутаг, мал ахуйдаа
Хэзээ нэгэн цаг чи харина
Зэвсэг нэгт ахан дүүсийнхээ төлөө
Галт шуурганд дүрэлзэн шатсаар
Гаслант талбарыг туучихаа зогсоно.

Тарчлан зовохыг чинь би харсан
Байлдаан ширүүсч, алалдан тулалдах бүрийд
Бие сэтгэл минь шимшрэн шаналж байвч
Айдас, зовлонгоо тэвчсээр
Алхам ч холдолгүй үргэлж хамтдаа
Зэвсэг нэгт ахан дүүс минь

Дэндүү олон өөр өөр ертөнцүүд
Тоолшгүй олон өөр өөр наран
Хорвоо ертөнц ганцхан атал
Хүмүүн бидний хувьд дэндүү олон
Гэрэлт наран ийнхүү тамыг зорив.


Saturday, March 09, 2019

Лэд Зэппэлин

Гялтганасан бүхэн алт гэж итгээд
Гандирсын оронд хүргэх шат худалдаж авсан
Гэнэхэн нэгэн ахайтан байжээ...

гэж ирээд л эхэлдэг нэг сайхан дуу бий. Хэзээ нэгэн цагт зохиогдож байсан бүх дуунуудаас хамгийн шилдэг нь гэж яригдах нь ч бий. Лэд Зэппэлиний ганц энэ дуу ч биш ер нь гайхамшигтай дуунууд олонтой. Түүнийг нь хүлээн зөвшөөрч Карнеги цэнтэрт хүндэтгэл үзүүлсэн байна. Бас нэгэн домог болсон Зүрхэн хэмээх хамтлаг энэ дууг дуулж хүндэтгэл үзүүлжээ. Бас их аятайхан дуулжээ гэж бодож байна. Энэ видеоны доорх нэг сэтгэгдэл гоё санагдлаа. "Жимми Пэйжийн ганцаараа тоглосныг эдний гурван гитарчин хамжиж байна шүү" гэсэн утгатай. Сайхаан.

Тугалган агаарын бөмбөлгөөр хөөрч Валхалла руу очицгоох нь тодорхой Лэд Зэппэлин.



Бүтнээрээ:


Thursday, January 31, 2019

Үелэх системийн ой

Менделеевийн үелэх системийн 150 насны ой өнөөдөр тохиож байгаа юм байна. Төрсөн өдрийн мэнд хүргэе ээ!

Дарханы 7-р сургуулийн химийн сонгоны анги даасан Дашдаваа багшдаа баярлаж явдагаа энэ дашрамд илэрхийлье ээ. Химийн бодисоор дүүрэн модон чемоданаасаа юу гаргаж ирээд, ямар туршилт хийж үзүүлэх бол гэж их хүлээдэгсэн.


Friday, January 04, 2019

AFC Stadium Tour

Арван хэдэн жил дэмжихдээ "Хэзээ нэгэн цагт очно доо" гэж бодоод л явдаг байсан ариун сүмдээ ийнхүү нэг мөргөж, гороолоод ирэв. Аньсага чийгтэж үзэж байна. Хүний хүсэлд хязгаар байдаггүй юм болохоор "Дараа нэг ирж тоглолт үзнэ ээ" гэсэн бодолтой гарлаа. Уг нь сая Брайтонтой хийсэн тоглолтыг үзсэн л дээ. Гэхдээ айлын талбай дээр биш эзэн багийн хувиар тоглохыг хармаар санагдаад.

#AFCStadiumTour






Monday, December 03, 2018

Гөлийсөн муур

Саявтархан эхнэртэйгээ сугадалцаад алхаж явтал нэг муур яг буруу талаас гарч ирээд зам хөндлөн алхдаг юм даа. Тэгэхээр нь би:

- Өө нохой, муу гөлийсөн муур өврөөс гараад явчихлаа, гэхэд эхнэр асууж байна.
- Өврөөс гарахаар яадаг юм?
- Гарзтай шт.
- Өө тэгээд чинийхээс гарсан юм минийх рүү орчихно биз дээ?
- Юу гэсэн үг юм?
- Эмэгтэйчүүд чинь буруу энгэртэй дээлтэй байдаг биз дээ?
- Нээрээ тийм бил үү? гэсэн харилцан яриа болоод өнгөрч билээ.

Хүүхнээ зөв талдаа сугадаж явахын ач тус аа гэж.

Sunday, December 02, 2018

Тинэйшиус ди - ӨРГӨЛ

Жак Блак ер нь күүл гар л даа. Байгаа байдал, тоглож байгаа кинонууд энэ тэр гээд л. Энэ дуун дээр гэхэд л зүгээр үлгэр ярьчихаж байгаа мөртөө ёстой хүүрнэн өгүүлнэ гэдэг шиг л балай авч байгаа юм. Үүнийг эс өгүүлэн үлгэрийг ярих ину:

ӨРГӨЛ

"Энэ бол дэлхийн хамгийн гоё дуу" өргөл. Эрт дээр үед манай энэ дүү Кайл бид хоёр урт гэгчийн замаар хамтдаа замын унаанд дайгдчих санаатай явж байлаа. Гэтэл гэнэт гялалзсан гялгар чөтгөр замын голд гараад ирэв. Тэгээд тэр хэлрүүн:

- Ертөнцийн хамгийн гоё дууг дуулахгүй бол сүнсийг чинь залгиж орхино шүү.

Тэгэхээр нь Кайл бид хоёр хоёр биенээ нэгэнтээ хараад, - Тэгье ээ, л гэлээ. Тэгээд толгойд орсон эхний дууг тоглож эхлэсэн нь харин яг дэлхийн хамгийн шилдэг дуу байж таарсан юм. Үнэхээр дэлхийн хамгийн гоё дуу байлаа. Нүд рүү минь хараад л үнэнийг мэдэж болно. Нэг дээр нэгийг нэмээд хоёр, ахиад нэгийг нэмбэл гурав болно гэдэг шиг л яахын аргагүй хувь тавилан байсан юм. Буман жилдээ ганц удаа ч юм уу наран гялайж, саран гийгүүлээд, өвс ургамал нахиалдаг. Муу адгуусны манарсныг хэлэх хэрэг ч байхгүй биз. Шөвгөр үзүүртэй сүүлээ шавхуурдаад л нам болов. Тэгээд биднээс асууруун:

- Сахиулсан тэнгэрүүд үү, таануус?

Хариуд нь бид:

- Үгүй чиш. Бид бол хүмүүс.

Рок. Энэ бол дэлхийн хамгийн шилдэг дуу биш ээ. Зүгээр л дуун өргөл. Дэлхийн хамгийн гоё дуугаа санаж чадахгүй байгаа. Үгүй ээ, үгүй. Тэр л хорвоогийн хамгийн гоё дуу байсансан. Экээнь охсон тэр нэг дуу хорвоогийн хамгийн сайхан дуу байсан юмсан. Хамгийн сонирхолтой нь юу гээч найзууд аа. Тэр нэгэн шөнө бидний дуулсан дуу одоогийн энэ дуунаас тэс ондоо байж билээ. Энэ бол зүгээр л дуун өргөл. Итгэж үзээрэй. Ай нөхөр минь чи тэнд байсан ч болоосой. Саналыг чинь сонсохсон. Ай сда. Бурхан минь. Бурхны авралаа гэж. Зогсож чадахгүйдээ бүр гайхаж орхисон доо.

Гээд үлгэр дуусвай. Дууны дундуур Жак Блакийн далжиганаж байгаа, ярианы өнгө өгсөж уруудаж байгаа нь үнэн донжтой. Арын бусад зэмсгүүд ч үнэхээр гоё. Марзганаад байгаа юм шиг мөртөө мангар сериүс. Тэртэй хоёр мянгаад оны эхээр Тинэйшиус дитэй, тэр тусмаа энэхүү Өргөлтэй, танилцуулсан "үүлэн үст" хэмээх мэргэн бууч Мэрсэр Хадбаатар анддаа талархаж явдгаа үүгээр илэрхийлсү.


Wednesday, November 28, 2018

Чамд хайртай гэж ойрд би хэлэл үү?

Арван жил яахын аргагүй хурдан өнгөрчээ. Ай даа, чамайгаа хайрлахгүй байх арга алга л. Биеэн тасдаад гаргаж өгсөн бээлийн чинээ жаахан охин чинь том том ярьсан бие хүн болчихож. Бэр, хүргэн гэж хоёр талдаа бишүүрхэнгүй очицгоож байсан улс одоо аль хэдийн хүү, охин нь болж дотноссон байна. Арван жилд юуг эс үзэв дээ, хоёулаа. Алдаа ч байсан, оноо нь ч байсан. Халуун бүлээрээ хамтдаа байгаа маань л хамгийн сайхан нь юм даа.

Хайртай хүнтэйгээ хуваалцсан аз жаргал л чухам аз жаргал гэж ярьдагсан. Чамайгаа инээлгэх би хамгаас дуртай. Олон юм бодохгүй охинтойгоо хамт намайг шоолж чанга хөхрөхөд чинь миний хамаг асуудал нам гүмтэй хамт алга болох шиг санагддаг. Олон нийтийн газар тэнэг үйлдэл хийж чамайг инээлгэх бас гоё байдаг. Хүмүүсээс ичих, намайг шоолох хоёр мэдрэмж нүүрэнд чинь тодорч байгааг харж баясах хамгаас сайхан. Охинтойгоо зугаацаж байхыг минь харж зогсохдоо хайр ундруулан баясаж байгааг чинь би мэдэрдэг. Чинийхээ төлөө тэр мөчид би аз жаргалыг хамт эдэлдэг.

Салхин талд чинь алхаж нөмөрлөх би дуртай. Сэрүүн орой хүйтэн хөлийг чинь гэдсэндээ нааж дулаацуулах би дуртай. Ууртай байхад чинь улам дэвэргэж уурыг чинь барах бас сайхан байдаг. Уучлал гуйгаад гарын хоол ногоотой хуургаа хийж өгөх бас дуртай. Дулаан хөнжилдөө дугжирч байхад минь дуудаж босгоод шумуул алуулдагт чинь ч бас дуртай. Унтаж байхад ганцаараа баахан ярьчхаад сонссонгүй гэж бухимддагт чинь ч бас хайртай. Чамтайгаа хамт өнгөрөөж байгаа мөч бүхэндээ би хайртай. Цаашдаа ч бас олон жил хамтдаа байна гэхээр сэтгэл нэн дулаахан.

Америк зохиолч Хэнри Ван Дайк нэгэнтээ хэлсэнчлэн: "Хүлээж байгаа хүнд цаг хэт удаан, айсан хүнд түргэн, гашуудсан хүнд урт, баярласан хүнд богино, харин хайрлаж дурласан хүнд цаг хугацаа үүрд мөнх байдаг."

ЧАМДАА ХАЙРТАЙ ШҮҮ!


Monday, October 08, 2018

Москвагийн бороо

Бороо шаагисан Москваг санаж байна
Борхон нүд чинь жаргалтай байжээ
Тэгэхэд Терри нь халтираад унасан юм
Тэнгэрт хальсан бөмбөг нь "Баяртай" гэж хэлсэн

Москвагийн бороо зүүдэнд алсаас шивэрнэ эээээээ

Челси болон Юнайтедын домог болон мөнхөрсөн Жон Терри зодог тайлжээ. Баяртай!!


Tuesday, May 22, 2018

БАЯРТАЙ, САНТИ!

Нарлаг Испанийн Малагаас арвантавхан саяар хулуусан эрдэнэ мину.

Хөлбөмбөгт хэлж ирдэггүй хийсч ирдэг гэмтлээс болж Арсеналынхаа төлөө сүүлийн жил хагас бараг тоглосонгүй. Хийлгэсэн хагалгаа нь бүтэлгүйтэж үхжил явагдаад ахиллын өсгийнөөс 8 см хүртэл идэгдсэн байсан гэж сүүлд уншиж байсан. Бараг босоод алхаж байвал дээдийн заяа гэж эмч нар хэлсэн гэнэм. Гарын шивээстэй хэсгийг арьснаас авч өсгийний арьсыг нөхсөн зургийг нь харж сэтгэл эмзэглэж л байлаа. Гоолдох бүрдээ гарт нь шивээстэй охиныхоо нэрийг үнсдэг байсансан.

Анх ирэхэд нь энэ шавилхан нөхөр ч дээ гээд жаахан эргэлзэнгүй байсан ч удалгүй бүхний хайртай тоглогч болчихсон байж билээ. Ихэнх тоглогч нар баруун, эсвэл зүүн хөлөөрөө тоглодог бол мань эр хоёулангаар нь яг ижилхэн тоглодог. Тэр чинээгээрээ маш аюултай байдаг байж билээ. Намхан нөхрийг айлынхан биедээд дээрэлхээд гараад ирэх байх гэхээр огт биедүүлэхгүй, бөмбөгөө ч алдахгүй жижигхэн зайнд ёстой ганган амьтан байлаа даа. Халл Ситид хийдэг тэр чөлөөт цохилт уу? Ай даа.

Арсеналын ютүб сувгийн видеонуудыг хааяа үзнэ ээ. Нөхөр тэнд байнга инээж л явна. Ер нь бэлтгэлийн үеийн зураг, бичлэг харж байхад тувт мишээл тодруулж явдаг. Ер нь хүмүүст тоглолтоороо ч тэр, харьцаагаар ч тэр баяр баясгалан төрүүлж явдаг хүн шиг харагддаг. Зургаахан жил болоод явж байгаа ч зохих ёсоор хүндэтгэлтэй үдэж өгч чадсангүй дээ. Аз тохиож ямар нэг клубтэй гэрээ байгуулж чадвал олон жилийн өмнө Эдуардод алга ташсан шиг Ашбуртон Гровсдоо түүнд зориулан дуугаа дуулж, алга нижигнүүлэн таших болтугай!

Өө-өө Сан-ти Ка-зооо-рлаааа
Өө-өө Сан-ти Ка-зооо-рлаааа
Өө-өө Сан-ти Ка-зооо-рлаааа



Friday, April 20, 2018

ВЭНГЭР АУТ

Арсэн Вэнгэр энэ улирлыг дуусгаад ажлаа өгөхөө зарлаж Гүүнервэрст тэсрэлт болов.



Сүүлийн хэдэн жилд урьдын хүчирхэг Арсеналаас нэр л үлдсэн байна гэдгийг хаа сайгүй ярьцгааж байна. Ана мана үзэлцдэг байсан Юнайтедын домогт тоглогч нар хуучны ногоон зүлгэн дээрх ширүүн тулаануудыг дурсахдаа тоглолтын өмнө хонгилд байхаас эхлээд л тоглогчдыг харж сүрддэг байсан тухайгаа ярьж, одоогийн бүрэлдэхүүнийг тавлаастай. Яагаад ийм байдалд хүрэв. Арсеналд анх ирэхдээ шинэ цагийн түүчээ болж, Арсеналын төдийгүй Английн хөлбөмбөгийн хөгжлийг шинэ шатанд гаргаж ирсэн хэмээн хүн бүр түүнийг үнэлдэг. Үнэхээр ч түүний Арсенал дахь эхний хэдэн жил амжилтаар дүүрэн байсан. Английн Премьер лигийн алтан цомтой клуб манайхаас өөр байхгүй шүү дээ.

Кристофер Ноланы Харанхуйн хөлөг баатар дээр Бэтмэний тухай прокурор Харви Дэнтийн хэлдэг үг сүүлийн хэдэн жил тувт Арсэн Вэнгэрийг санагдуулаад байдаг болсон юм. “Баатар чигээрээ үхэх юм уу хэт удаан амьдраад дайсан болж хувирах болно” гэж Бэтмэнийг хэлдэг ч эцсийн дүнд өөрийгөө хэлсэн байдаг. Яг энэн шиг цагтаа Арсеналын гэрэл цацруулсан хөлөг баатар байсан Арсэн Вэнгэр өнөөдөр ингээд WengerOut гэж хөөгдөхдөө тулжээ. Өөрийнх нь л буруу. Уржнан, тэрний урд жил, үгүй байг гэхэд өнгөрсөн жил нэр төртэйгээр салах ёс хийгээд явж болох байсан ч өөрөө тэгэхийг хүсэлгүй хайртай хэмээн зарладаг клубээ нуман тулгуурт оруулан байж хоёр жилийн гэрээ шинэчлэн байгуулсан. Гэрээгээ сунгах үгүйгээ зарлалгүй хэт удаан хүлээлгэсэн нь тоглогчдын сэтгэлзүйд сөргөөр нөлөөллөө гэж өөрөө ч өнгөрсөн зун хүлээн зөвшөөрсөн.

Миний мэдэхийн л Арсенал үргэлж шилжилтийн байдалд байсан клуб. Намайг дэмжиж эхэлдэг жил клубын ахлагч Патрик Виеираг зарчихсан. Цаадах нь явах дургүй байсан л гэдэг. Гэхдээ зарчихсан. Дараа нь Деннис, тэгээд Пирес, Люнберг, Анри гэхчлэн ойр ойрхон том нэрнүүдээс хагацаж гарсан. “Михайлд нэг бодол бий” гэж бүгд итгэж байсан болохоор юу ч хэлээгүй. Жилийн жилд л Арсенал үнэхээр гайхамшигтай сайхан хөлбөмбөг үзүүлж бахдам тоглож байсан ч нэг жижигхээн юм л дутаад байгаа юм шиг санагддаг байлаа. “За дараагийн улиралд Өвгөн учрыг нь олчихно оо” гэж бүгд найдсаар. Арсеналын залуус юу юугүй л пижигнүүлээд алга болно доо гэж хүн болгон дотроо эмээгээстэй. Юнайтедын 92 оны төгсөгч нар шиг үе тэнгийн шижигнэсэн залуус гарч ирэх нь үү гэж нэг хэсэг айлгасан шүү. Фабрегас, Хлеб, Фламини, Насритангууд. Аргагүй шүү дээ цоо шинэ цэнгэлдэхэд орсон банк, зээл энэ тэр гээд өч төчнөөн дарамтан дунд өдий зэрэгтэй яваа нь их юм гэж гүүнерүүд түүнийг өмөөрч байв. Анх цэнгэлдэх сольж байхад “Арсенал удахгүй аварга том цэнгэлдэхэд орж байгаад тивийн аваргуудын төлөө Барса, Баерн тэргүүтэнтэй ана мана үзэлцдэг болно” гэсэн амлалт өгч байсныг санаж байна.

Манайх шинэ цэнгэлдэхийн өрийн дарамтан доор “тарчилж” байх тэр үед Баерн бас шинээр цэнгэлдэх босгоод тийшээгээ нүүж орсныг хэн ч ярьдаггүй. Тэр хугацаанд тэд лав манайх шиг ингэж чацга царайлаагүй байх шүү. Магадгүй сайн тоглодог байсан болохоор нь өмөөрч шалтаг хэлэх шаардлага гараагүй ч юм бил үү. Ингээд нэг л мэдэхэд “шинэчлэл”, “эрч хүч”, “ялахын төлөөх эрмэлзэл” гэх мэт сэтгэл шошготой байсан Арсэн Вэнгэрийг хүмүүс “чөдөр тушаа”, “дарангуйлагч”, “амиа бодогч” гэхчлэн цоллодог болж эхэлсэн байлаа. Үргэлж хөдөлж, хөгжиж байгаа хөлбөмбөгийн ертөнцийн хурдыг гүйцэж чадахгүй, гүйцэхийг ч хүсэхгүй хойш чангаагаад байхаар арга ч үгүй биз. Улирлууд ээлж дараагаар өнгөрөхийн хэрээр талбай дээрх тоглолт илт муудаж, сэтгэлгүй зүтгэлгүй тоглогч нараар дүүрсээр. Улирлыг маш муу эхлүүлээд яван чангарах, эсвэл айхтар сайн эхлүүлээд явцын дунд эрч саарсаар салгалж дуусдаг зүй тогтол нэгэнт тогтжээ. Хуучны сайхан Арсеналаас сүг сүүдэр ч үлдсэнгүй. Шалтгаан нь юу вэ? Мөнгө? Тоглогч? Энэ олон жилд Арсенал клубын шийдвэр гаргах, асуудал шийдэх түвшинд ганц л хүн тогтмол байсан.

Английн нэг үг байдаг юм. A man should know when to leave the party.
Бас нэг үг. Better late than never.

Вэнгэрийг явж байгаа тухай сонссон талаараа бичиж эхэлтэл өөрийн бодож байснаасаа нэлээн таагүй ч гэмээр уур амьсгалтай юм биччихэж. Яалт ч үгүй өнөөгийн сэтгэгдэл энэ аж. Гэхдээ л яг ингээд “Вэнгэр явлаа” гэсэн мэдээлэл сонсохоор өөрийн эрхгүй гуниг төрж байгаа нь нэгэн эрин өндөрлөж байгааг эрхгүй мэдэрснийх буй за. Нөгөөтэйгүүр манхайн цайж байгаа үүрийн туяатай зэрэгцээд “Өнөөдөр ямар өдөр байх бол?” хэмээн үл мэдэг түгшүүртэй мэт боловч эрхгүй догдлонгуй мэдрэмж бас нэн таатай.

Ганц юманд маш их итгэлтэй байна. Олон жилийн дараа энэ цаг үеийг дурсахдаа Арсэн Вэнгэрийг “Арсеналын түүхэн дэх шилдэг менежерүүдийн нэг байсан даа” гэж бодох нь тодорхой. Гэхдээ өнөөдөр биш. Маргааш ч биш. Олон жилийн дараа.

САЙХАН ДУРСАМЖ ҮЛДЭЭСЭНД БАЯРЛАЛАА, НОЁН ВЭНГЭР, БАЯРТАЙ!

Wednesday, April 18, 2018

ГАЗ ЖАРАН ЕСТЭЙ ДУРСАМЖ


Хөгшин аавынхаа машины тухай дүү нартайгаа ярилцаж байгаад нэг явдлыг дурсав. Газ-69 гэж олны дунд нэршсэн тэрэг л дээ. Арай богиновтор 4 хаалгатайг нь А69, арай урт, арын кабинд ханаа дагасан вандан маягийн суудалтайг нь Б69 гэж ялгадаг байсныг хүмүүс мэддэг биз. Өвөөгийн тэрэг тийм урт суудалтай нь байсан юм. Уг нь даавуун бүхээгтэй байдгийг нь Монголын цаг уурт тохиромжтой, төмөр бүхээг болгож сайжруулсан тийм тэрэг байлаа.

Олон жилийн өмнө дөө. Нэг зун хүргэн ахынхан маань нутаг явахаар болов. Хүргэн ах, авга эгч, тэгэхэд дөнгөж мэндлээд удаагүй байсан Одноо дуу гурав маань Баян-Өлгий рүү онгоцоор явах болоход манайхан Дарханаас Улаанбаатар руу хүргэж өгсөн юм. Бөөнөөрөө чихээд л явсан. Газ-69ийн нэг авууштай нь тэр л дээ. Мааангар олон хүн ордог. Тэгээд манайхан хүнээ хүргэж өгөөд буцацгаав өө. Манайх гэр бүлээрээ, аав, ээж, дөрвөн хүүхэд, дээр нь аавын нэг найз, тэгээд авга ах Нямдорж. Удаан явцгаасан болохоор буцахдаа бүгд унтлаа. Арын кабиндаа манайхан гудас дэвсээд унтчихдаг байсан юм. Аав жолоо барьсаар байгаад ядарсан болохоор ахад түр шилжүүлээд, амрахаар хажуулсан байлаа. Ер нь бүгдээрээ л унтацгааж байсан. Дүү охин болон жолоо барьж байгаа ах хүү хоёроос бусад нь л даа.

Унтаж байтал нойрон дунд хэд хэд айхтар донслов. Тар няр буугаад л явчихсан. Дүү охины дуу хадаад л явчихлаа. Байдгаараа орилоод л байна. Нүдээ нээсэн чинь машины шал дээр харагдаж байх юм. Гайхаад хартал таазан дээр хэвтэж байна. Хамаг юм ундуй сундуй болсон. Унтаж байсан хоёр дүү бас гайхаж манарсан харцтай. Тэгээд бүгдээрээ гарцгаалаа машинаасаа. Таазан дээгүүр мөлхөөд урд талын жолоочийн хаалгаар л гарсан байх. Гараад хартал замын хажууд уруугаа харчихсан хэвтэж байдаг юм. Ээж ухаангүй. Чирч гулдраад гаргацгаалаа. Аавын хуйх нь урагдаад нүүр лүүгээ унжаад ороод ирчхэж. Дүү орилсоор л. Ах машинаа тойроод л гүйгээд байна. Дүүг доор нь орилоод байна гэж бодсон гэж сүүлд нь ярьж байсан. Нөхөр тэгэхэд аль эрт бидэнтэй цуг гараад ирчихсэн машины хажууд л орилоод байгаа юм. Ах сандарсандаа болоод харахгүй л хажуугаар нь гүйгээд байсан байна билээ.

За тэгээд ах машин тойрч гүйхээ болиод аавын толгойг боох ажиллагаа эхлэв. Тэр хооронд ээж ухаангүй хэвээрээ. Ээжийг сэргээх гэж янз бүрээр л үзсэн юм. Алгадаж малгадаад л. Тэгж байтал гэнэт өндийгөөд ирэв ээ. “Хүүхдүүд зүгээр үү?” “Зүгээр” гэнгүүт буцаад унаад өгсөн. Инээдмийн кинонд гардаг шиг л санагдаж байж билээ. Дахиад хэсэг татаж чангааж байгаад ээжийг босгож ирэнгүүт аавын толгойг ээж боолоо. Ахын боолт гэж сапирсан юм байсан л даа. Яг урагдсан хэсгийг нь тойруулаад л боочихсон байсан санагддаг юм. Хөөрхий сандарсан л даа. Тэгж байтал араас ирж явсан машинууд зогсоод яав ийв гэцгээгээд бид хэдийг суулгаж Баруунхараа хүргэж өгсөн. Баруунхараад манай садангийн айл байдаг байсан болохоор тэднийд очоод, аавыг эмнэлэгт хүргэж толгойд нь оёдол хийлгэж байж билээ. Машин хөмрөх үед жолоочийн суудлын арын завсарт хавчуулаад тавьсан байсан хорин литрийн канистрын амсар аавын толгойд тусч язласан байсныг сүүлд нь мэдсэн.

За тэгээд юу болсон бэ гэхээр ах хүү тамхи татна аа. Газ 69-ийн хаалганы цонх доошоо буудаггүй, урд талын жижигхэн салхивч, гурвалжингаар тамхиа гаргаж хаясан байгаа юм. Тэгтэл нүднийх нь буланд нөгөө тамхи шатахууны сав руу орчих шиг зэрвэс харагдаж л дээ. Гайхаад эргэж харахдаа жолоогоо зүүн тал руугаа цуг дарчихсан байгаа юм. Улаанбаатараас Дархан явах замд яг Баруунхараа руу урууддаг дээр нэг их сайхан шулуухан зам, хоёр талаараа наран цэцэг ургасан талбай байдгийн тэнд л дээ. Замын хажуугийн ховил руу шууд копутаараа шааж өндийж ирээд, хошуун дээрээ эргээд дээшээ хараад уначихсан гэдэг юм. Дүү охин сэрүүн, яг ахын ард суугаад зам руу харж явсан болохоор эхнээс нь авахуулаад л орилоод байсан гэсэн.

Тухайн үедээ миний хувьд төдийлөн аймаар санагдаагүй өнгөрсөн энэ явдлыг сүүлд бодохоор аймаар санагддаг юм. Даваадоржийнх гэдэг айл тэр чигээрээ байхгүй болж болох байж шүү дээ гэж бодогдоод. Яахав бага зэргийн хэтрүүлэгтэй л дээ. Аав толгойдоо оёдлын сорвитой болсноос өөр ямар ч хохиролгүй хал балгүй салснаа бодохоор азтай л өнгөрсөн санагддаг. Ахад харин нэг хэсэгтээ л хэцүү байсан байх даа хөөрхий. Дурсамж нэг иймэрхүү.

Thursday, September 28, 2017

Ц.Доржготов : Сүнсэнд шингэсэн гэмшил /Өгүүллэг/

"Утгын чимэг - 2008" уралдааны тэргүүн байрыг эзэлсэн Ц.Доржготовын "Сүнсэнд шингэсэн гэмшил" хэмээх энэ өгүүллэгийг Равдан гуайн уншсанаар 2009 онд үзээд ёстой цурхиртал уйлж билээ. Ганцаараа байсан болохоор ёстой ичиж нэрэлхэлгүй аваад хаясан. Нагац аав, ээж хоёр маань өөд болоод удаагүй ч байсныг хэлэх үү. Хөөрхий муу эмгэн нь эмээ шиг, өвгөн нь өвөө шиг санагдаад. Хоёулаа бие биенээ их л цаашлуулдаг буянтай ч хоёр хөгшин байж билээ. Өвөө маань нэг удаа "Төрийн хутгуур" гэж хэлж байсан юм шүү.

Ц.Доржготов : Сүнсэнд шингэсэн гэмшил /Өгүүллэг/

Сэдваанчиг Сэрээдэнэ хоёр дөрвөн ханатдаа утаа уугиулж дөнгөхөө болив. Нас гэж талийсан хоёр. Аргагүй л ийм болдог хорвоо байж. Эмгэн "Дулаан газар өвөлжинө" гээд охиныдоо төвлөж, өвгөн уулын мухрын өвөлжөөнд, отгон хүүгийндээ хоцорчээ. "Малын амьсгаа, хөх өтгөнөөсөө хол үхэхгүй" гэж Сэдваанчиг бөглөрөх гэж буй мэнгэртэй цээж хяхтнуулжээ. Аравдугаар анги дүүргээд сургуулиас завсардсан хоёр ач нь, отгон хүү бэр хоёрт нь бүл болохоор тэднийд өвгөнтэй хамт өвөлжив. Хоёр ач, отгон хүү бэртэйгээ Сэдваанчигт тун сайхан. Гэхдээ насыг хамт элээсэн эмгэнээ сэмхэн их үгүйлнэ. Тэрсхэн хоёр ач нь дүрсгүйтэх нь ядарсан өвгөнд халгаатай ч, "тэсвэрлэе" гэж хатуу шийдсэн учир нүд аньж, эрхи эргүүлсээр өдрийг барна. Хааяа амсхийх зуур хоёр ачдаа бөх ярьж, шилээ шөргөөж, цээж ханхалзуулах санаатай. Уг нь мань эр залуудаа бузгай барилдаж, сумын наадамд түрүүлж байсан агаад бяр нь багтахгүй бөх болж харагдахын тулд хоолойгоо шахаж бүдүүн дуугарах, их идэх гэж мангарлах, мөн бөхөрхүү алхаа гишгээгээр алцганаж явсан нас түүнд бий. Зөнөг өвөөгөө уйдсан хоёр ач нь ёргионо. Өвгөн янхир араг яс хэрзэгнүүлснээ юм бараг үзэхээ больсон мөндөр шиг хоёр цэхэр нүдээр ач нарынхаа бие бялдрыг шинжлэн гөлөрч гөлөрч,
-Та муу хоёр золигт уг нь бөхийн удам гарцаагүй байх ёстой сон гэж сөөнгөдөхөд эцэнхий нүүрт нь удахгүй учрах үхлээ мартсан баяр гийх агаад архаг мэнгэрийн цэр дүүрсэн цээж удахгүй унтрахын дохио юу гэлтэй, ой гутам хэржгэнэснээ нэгэн битүүхэн дорой авиа болон тээр цааш хяхтнасаар завхрав.

Өвгөн гэр дулаацсан хойно яарамгүй өндийнө. Нэг өглөө хоёр ач нь малдаа явахын өмнө дундаа түмпэнтэй мах тавьчихсан идэж сууснаа хоорондоо шивнэлдэж, хөхрөлдөөд байх юм. Өвгөн сэм харвал бөхийн удамт нөгөө хоёр чинь үхрийн бадруун сээр хуга шаах гэж буй бололтой. Ээлжлээд л нөгөө сээрийг нүцгэн нударгаараа дэлсэх юм. Сээр хугардаггүй ээ. Дахиад л гөвших юм. Өвгөн "Зөв! Дахиад сайн шаа!" гэж сэм дэмжив. Нөгөө хоёрын гар нь өвдсөн бололтой "ёо ёо" гээд гараа үлээцгээн, унан тусан хөхрөлдөж хөхрөлдөж, сээрээ хугалж дийлэлгүй гарцгаав. Өвгөн "Эвий нь л олсонгүй дээ. Тэрнээс биш сээр хуга шаадаг л юм гэсэн. Би тэгж сээр хугалж үзээгүй ээ. Хоёр хүү минь эвий нь л олсонгүй. Миний удамд сээр хуга шаах хүү заавал байх ёстой сон" гэж хэвтлээ.

Сэдваанчиг босож, бэрийнхээ гарын цайг зооглож, цагаан тос, зөөлөн боов шүдгүй амандаа маймарч сууснаа түмпэнтэй мах авч, амандаа үмхчихмээр зөөлөн юм эргүүлдэв. Тэгтэл хоёр ачий нь хугалж дийлээгүй мөлжүүртэйгээ үхрийн сээр нүдэнд тусчээ. Өвгөн сээрийг авч, эргүүлж тойруулж үзсэнээ хэрзгэр том ясан гараараа дэлсэж орхитол сээр хуга үсрээд, хоёр хэсэг болон түмпэнд тонхийн ойчив.

Гайхсан бэрий нь нүд орой дээрээ гарснаа,
-Аав аа, та яасан мунадаг юм бэ гэж дуу алдахад Сэдваанчиг додигорхон зуумалзсан боловч, бярандаа таарсан хариу үг олсонгүй.

Эзгүй ууланд өвөлжингөө уйссан бэр, гадаа үхрийн зэл цэвэрлэж буй хоёрт, зэлүүд нутагт ховор юмны нэг, хөгжилтэй мэдээ дуулгаж, баясгахаар нөгөө хугархай сээрийг нэг нэгээр нь хоёр гартаа олимпийн бамбар мэт мандуулсаар гарч гүйлээ.

Өвгөн их маадгар "Хоёр ачийгаа хугарсан сээр үзээд яах бол?" хэмээн хэ хэ гэсээр хоцров.
Зэлний хүйдэс хамж байсан нөгөө хоёр руу бэргэн гүйж очоод хугархай сээрээ үзүүлж,
-Та муу хоёр үүнийг хар! Намайг харж байхад аав ганцхан шаагаад ингээд хоёр хэсэг болгочихлоо гэвэл нөгөө хоёр үхтлээ инээж,
-Үгүй ээ! Наад сээрийг чинь, бид хоёр өвөөд мэдэгдэлгүй төмрийн жижиг хөрөөгөөр сэм хөрөөдөөд, арай салгалгүй хөрөөдсөн газраа өөхөөр сайн шаваад тогтоочихсон юм. Харин та өвөөд битгий хэлээрэй! Бид хоёр өвөөгөө үхэхээс нь өмнө ганц сайн баярлуулах гэсэн юм гээд хоёул гэрт уралдан гүйж орлоо. Тэгээд бөх өвөөдөө,
-Өвөө та ямар мундаг юм бэ? Та яаж тэр үхрийн сээрийг хуга шааж чадав аа? Бид хоёр таван сарвуугаа бяцартал зөндөө гөвшөөд хугалж дийлээгүй юм шүү дээ?! гэвэл өвөө нь баяртайгаар,
-Юманд чинь эв гэж бас байдаг юм! Дан хар бяраар бөх болохгүй шүү гэж сургамжилсан харцаар мялаажээ.

Дүрсгүй, уйдсан хоёр ач нь "Өвөө та одоо ийм бяртай байгаа юм чинь залуудаа ёстой аварга бөх байсан байх аа" гээд толгой сэгсрэн магтлаа! Хоёр ачийнхаа магтаалыг Сэдваанчиг сонсоод сэтгэл нь хөөрсөндөө умс шиг хөх нүүрээ үрчийлгэн уйлах дөхөв. Ач нарын нь хоолой зангирсан хэдий ч, "Манай өвөө гартаа ямар аймаар хүчтэй юм бэ?" гэж шогширсоор. Өвөө нь хөөрч хэнхэлзсээр. Үндсэндээ тэр гурав ийнхүү наргиж, урт өвлийг барж буй билээ.

Хавар болж, газрын дор бууж, дулаарч, тараг сүү дэлгэрэх үед эмгэн Сэрээдэнэ хөдөөлж, хоёр биенээ санасан өвгөн эмгэн хоёр дөрвөн ханатаа юуны түрүү овойлгов. Хоёул тусдаа амьдрах нэг л ондоо. Сүүлийн жилүүдэд хоёул яльтай яльгүй юмнаас болж үг сөрмөлцөж, муудалцах, тэр ч байтугай, хэрэлдэх болсон гээч. Өвлийн хэдэн сарыг тус тусдаа өнгөрөөсөн хоёр хөгшин бие биедээ их л эелдэг хэд хонов.

Тэгтэл хэрэг бишидлээ. Олон хүүхэд, ач зээ нараасаа болж тэр хоёрын хэрүүл үүсдэг юм. Бас л тэгжээ. Өвгөн хэнийг зэмлэж, хэнийг буруутгана, тэр болгоныг эмгэн тас өмөөрнө. Өвгөнд энэ нь их лайтай. Эмгэн ямагт өвгөнийг үгүйсгэж, хүүхдүүдээ зөвтгөнө. Хүүхдүүдээ дэс дараалан зөвтгөж, өвгөн тэр болгонд, дэс дараалан буруудна. Хэрүүл ингэж цааш үргэлжлэхэд, эцэстээ өвгөний тэвчээр барагдаж, уур нь оргилж, байх суух газраа олж ядна. Уухилна. Оволзоно. Хүүхэд бүрээ зөвтгөж, өвгөнийг буруутгах гэж ухаангүй улайран зүтгэх эмгэндээ хэлэх муу үг олсонгүй. Дэмий л,
-Чи муу төрийн хутгуур гэж цоллов.
Хамгийн муу үгээ цээрлэлгүй хэлж, өшөөгөө авч буй нь тэр.
Хэрүүл дээр санаандгүй орж ирсэн отгон хүү нь, эргэнэг хавиар идэж уух юм хайнгаа, хоёр бие рүүгээ давшлан хэрэлдэж буй зөнөг эцэг эх хоёрыгоо харж харж,
-Яваад бай, яваад бай! Давшаад бай, давшаад бай гэж ташуур өгч, дохуурхаад гарч одов.
"Төрийн хутгуур" гэсэн үгний учрыг эмгэн сайн олоогүй ч сүрхий хорсчээ. Хэрүүлд улангасахаараа давахын төлөө хамгийн муухай хорон үг олж хэлэх гэж хорхойсдог эмгэний удмын гажиг сэдэрч,
-Чи өөрийгөө их сүрхий хүн гэж бодож байна уу? Тэр үхрийн сээрийг чинь, хоёр ач чинь төмрийн хөрөөгөөр хөрөөдөж, хөрөөдсөн ормоо царцуу өөхөөр шавж тогтоогоод чамайг дамшиглах гэж түмпэнд тавьчихсан юм гэсэн шүү, зөнөг толгойт оо! Чи муу хөрөөдсөн сээр хуга шаачихаад, зөнөгөө мэдэхгүй онгирч, хүүхдүүдийнхээ элэг доог болсноо одоо мэдэж ав!.. Хэлэх үггүй болов уу, хэрүүлч ээ?.. Ичиг, ичиг гэж хорыг нь малтав.

Өвгөн нэг л хачин, сэжигтэй, таг чимээгүй болчихсон гэнэ. Тэр дахиж үг унагасангүй. Хэвтээд өгч. Удалгүй өвгөний лагшин гэнэт чилээрхэв. Хамгийн аймшигтай нь өвгөн буруу харж хэвтчихээд дуугардаггүй. Эмгэн ухаангүй сандарлаа. Эр хүнийг эр чадлаар нь басамжилна гэдэг ийм аюултай ажээ. Сүүлдээ цөхөрсөн эмгэн өвгөндөө "Тэр сээр чинь хөрөөдөөгүй сээр байсан юм. Би уурандаа чамайг дийлэх гэж хөрөөдсөн сээр гэж худал хэлсэн юм" гэж аргадсан боловч Сэдваанчиг бас л дуугарсангүй. Өвгөн нь, тиймхэн залинд хууртагдахаар хүн биш гэдгийг Сэрээдэнэ чавганц дэндүү сайн мэдэх тул яаж ч чадахаа болилоо.

Өвгөн дуугарахгүй буруу харж хэвтсэн чигтээ хэд хоноод 90 насандаа амьсгал хураав. Эмгэн орилоод салдаггүй. "Би юунд тийм хэрэг хийв ээ?" гэж уйлаад, гэртээ хүн ороход дургүйцэж, гав ганцаар мэгшихийг хичээнэ. Хөөрхий тэр чавганц, бас удахгүй бололтой. Өвгөнөө гомдоогоод явуулчихсан. Өвгөн нь ганц удаа ч эргэж хараагүй. Ганц үг ч хэлээгүй. Ийм их харууслыг өтөл эмгэн даахгүй нь түмэн зөв. "Явах" гэж морио эмээллэчихсэн өвгөнд хөндлөнгийн ялимгүй шалтаг таарвал түүнийг аваад залрах эгзэгтэй мөч отож байсныг эмгэн анзаарсангүй. Өчүүхэн утсанд амь нь дөнгөж торж байсныг мэдсэнгүй. Эмгэний харуусал зүрхтэйгээ цуг мөхдөг болов уу, эсвэл сүнсэнд нь шингээд, хойт насанд нь буухиалдаг болов уу?.. Яадаг бол?..

Тэнэг тоглоом оо гэж?!.. Заримдаа бас гай чирдэг ажээ!


Friday, April 28, 2017

Багын явдал #5

Дарханы наахантай Гурван шар гээд нэг газар байлаа. Төмөрлөгийн үйлдвэр лүү даваад орохын наана жишүүлдсэн гурван шар байр байдгаас тийм нэртэй болсон газар л даа. Хөгшин аавынх маань Баян-Өлгийд хэдэн жил болоод эргэж Дарханд ирэхдээ хуучин байсан Тосгондоо биш тэр Гурван шард очиж буусан юм. Дарханы хот хоорондын автобусны буудлаас Хонгор, Номгон, Хөтөл явах автобусанд, эсвэл Сэлэнгээс Улаанбаатар явах галт тэргэнд сууж очихоос өөрөөр очих аргагүй нэг тийм газар байлаа. Зүүн өмнөхөн талд Долоон Буурал гэсэн нэртэй гэх нэрэндээ зохицсон бууралдуу уултай, баруун талаар Хараа голын хөндий үргэлжилсэн нэг тийм газар.

Амралтын өдрүүдээр тийшээ цөлөгддөг байлаа. Манай гэр Шинэ Дарханы хээтэй хорооллын хойд захад. Автобусны буудал Залуучууд театрын урд талд. Тийшээгээ гараад л алхчихдаг байлаа. Эсвэл Шинэ Дарханы тойрог дээрээс зам дагаад л алхчихдаг байв. Дүү нараа дагуулаад л. Дуу дуулна, олон долоон юм ярина, замын машинд гар өргөнө. Замдаа тоглоод л. Колонк, Дархан-2 өртөө, Төмөрлөг, өгсүүр, Гурван шар, тэгээд өвөөгийнх. Бараг л өдөржингөө юм болж байж очно оо. Заримдаа замын унаанд аз таарч дайгдчихвал эртхэн очоод өвөөгийндөө жаргаж эхэлнэ дээ. За яахав одоо л жаргал гэж дурсаж байгаагаас биш тухайн үедээ бол “ажил, ажил, ажил” гээд л үглэж байсан байх. Тэнд очоод удаагүй байхад нэг удаа нэлээн айхтар бороо ордог юм. Жаахан хонхордуу газар гэрээ барьчихсан байсан чинь ус тогтоод гэр тойроод нэлийсэн шалбааг. Манайхны цахилгааныг янзлахаар ирсэн байсан нэг хүнтэй өвөөгийн ярьж байхыг сонсох нь ээ цаад нөхөд өвөөг “Настай хүн байж яасан туршлагагүй юм бэ?” гээд зэмлэнгүй маягтай. Өвөө хариуд нь “Манай нутагт ийгээд хонхор газар гэр барьжим тавтай байдым л” гээд өөрийгөө өмөөрөөстэй. Өвөө маань ер нь их нямбай, байнга л ямар нэг юм хийгээд явж байдаг хүн байлаа. Юм их хичээж хийхээрээ уруулаа тас жимбийлгэчихсэн сууж байдаг занг нь аав, харин ааваас би авсан юм шиг байгаа юм. Би ч уруулаа жимбийлгэхээс цаашгүй л дээ. Залхуу. Гурван Шар дахь өвөөгийн тохижилтын ажил нэлээн явчихсан, бараг төгсөх шатандаа орох үед шинэхэн жорлонгоо барьж дуусаад ашиглалтад өгөх дөхөж байлаа. Бараг 2 гаран гүнзгий нүхтэй, цэмбийсэн банзан жорлон. Бараг хаалгыг нь тогтоож дуусав уу үгүй юу Галаа бид хоёр нөгөөхийг ашиглалтад оруулчихав. Ээлжиндээ хоёр хүн хүлээн авах хүчин чадалтай эд л дээ. Цайгаа уучихаад гарч ирсэн өвөө тэрнийг мэдээд маш их уурлав. Галаа бид хоёрт тэр доошоо буулгаж алсан баавгайгаа гаргаж хаяхыг тушааж билээ. Бид хоёр яах вэ хэрэг хийсэн хүмүүс гэмээ мэдрээд зэмээ чимээгүй л үүрсэн. Угаасаа өвөөгийн үг хууль юм чинь.

Өвөөгийнх маань цөөвтөр бог, саалийн хэдэн үнээ, уналгын хэдэн морьтой байлаа. Бид хэд эхэндээ өөрсдөө ээлжилж хонио хариулдаг байгаад сүүлд нэмэгдэж ирсэн айлуудын хонинуудыг нийлүүлж айл айлаараа ээлжлэн хонь хариулдаг болсон юм. Өглөө эртхэн өөрийнхөө хонийг хашаанаасаа тууж гараад Долоон Буурал тийшээ чиглүүлээд л явж байхад айлууд өөрсдийн хонийг нийлүүлээд нийлүүлээд нэлээн том сүрэг болчихдог байсансан. Үдэш хонио туугаад буцаад ирэхэд айл бүрээс хүмүүс гарч ирээд өөр өөрсдийн хонийг тус бүрийн хашаа руу тасдаж аваад л явна. Бүүр хөдөөний айлууд тэгж төвөг болдоггүй юм гэнэ лээ гэсхийгээд л төвөгшөөнгүй гарч хонио ялгаж авдаг байлаа. Манай нэг хонь алга танайд байна уу? гээд тэр хавийн айлуудаар явах ч энүүхэнд. Мань хэд ч гэхдээ малд нүдтэй хүүхдүүд байсан болохоор барагтай бол өөрийн хонийг айлын хашаа руу алдахгүй л дээ. Нэг үдэш хишиг өдрөөс хариад хонио ялгасхийгээд явж байтал Наранхишигийнх гэдэг байх аа тэр айлын нэг хүүхэд гэж нэлмийсэн хувцастай далбагар юм хонио туух гэж байгаа нь энэ гэж гэнэт гуугачаад унаж явсан морийг минь үргээгээд тэрүүгээр нэг юм болж билээ. Дороо цовхчиж бухахад нь уначих нь уу гэж их айж байж билээ. Яахав ер нь бол хэд хэд булгиулсны дараа унасан л даа. Албан ёсны тайлбараар бол дөрөөнөөс хөлөө мулталж аваад үсэрч буусан л гэдэг юм. Буухдаа жаахан хажуулсхийгээд л буучихсанаас биш.

Тэр Наранхишиг гэдэг айлыг яагаад тэгж сайн санаад байна гэхээр бас л өвөөтэй холбоотой. Өвөө ер нь хүмүүст их хоч нэр өгөх дуртай хүн байсан юм. Сөөкмайн жолдас, Жонгиш, Домбоон, Павг, Дөөшк, Колбас энэ тэр гэсэн нэртэй хүмүүс бий бий зарим нь тэр нэрээ одоо санаж л байгаа байх. Тэр Наранхишигийг өвөө Нарышкин гэж оросчилж дууддаг байсан нь санаанд их тодхон үлдчихсэн юм. Царай зүс нь ч одоо санаанд байхгүй л дээ. Гэхдээ нэр нь ингээд үлдчихэж.

Мал хартай холбоотой элдэв ажлуудад миний дөргүй байсан гэж ёстой аврал байхгүй. Хамаг балчир насаа ном уншиж өнгөрөөснөөс болоод бие туниа муутай, гар бядгүй гэж жигтэйхэн байжээ. Хонийг карлинтай усанд угаах, ноос хайчлах, малын хашаа хороо цэвэрлэх зэрэгт бол ёстой л хонь малтайгаа найзан дундаа ороод л явчихдаг байлаа. Өвөөд тэр бүрт загнуулна.