Thursday, August 29, 2019

Nostalgia

Халх голын дайны ой болж байгаа энэ цаг үед "Ахмад дайчин" нагац ааваа дурсан сууна даа. 1945 оны чөлөөлөх дайнд оролцохоор баруун хязгаараас дорно зүг хийсэн Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 6 дугаар морьт дивизийн морин марш болбоос Чингис хааны үеэс хойшх монгол цэргийн хамгийн том хэмжээний морин марш байсан гэж ярьдаг байж билээ. Яг тулаанд бол оролцож амжаагүй л гэдэг юм. "Байлдах гээд явсаар байгаад арай хийж очтол дайн дуусчихсан" гээд инээж байсансан. Хихихи гээд их доогтой инээдэг нь их хөгжилтэй санагддаг байж билээ. Яг тулаанд оролцоогүй болохоор тэгсэн үү анхандаа "Ахмад дайчин" өгөөгүй байж байгаад нэлээн сүүлд өгсөн. "Байлдаагүй хүнд өгдөг нь яаж байгаам бол" гээд инээж байсан юмдаг. Шархадны чиглэлд өвөөгөөс гадна хоёр ч бил үү ахмад дайчин явдаг. Тэгээд нэг нь харагдахаа байчихсан чинь "Хөөрхий үхчихсэн юм болов уу даа" гээд үгүйлэнгүй ярьж байсан.

Мануусыг нэлээн том болсон хойно том нагац ахыг "Ахмад дайчин" гэсэн медалиар шагнадаг юм. Уг нь ч хөөрхий насаараа цэргийн байгууллагад ажиллаж, ангийн захирагч хүртэл хийж байсан хурандаа цолтой том хүн л дээ. Өвөө гуай шоолоод байгаа юм. "Чөлөөлөх дайны үеэр сураг ч үгүй байсан хүн шүү дээ" гээд л хихихи инээх. Нагац аав минь гэж их шооч хүн байлаа даа. Ер нь хоёр өвөө маань хоёулаа л сүрхий шооч хүн байсан юм байна шүү, одоо ингээд бодоход. Хөгшин аав гэхэд залуудаа хэдэн найзтайгаа нийлээд нэг нөхрөө барьж аваад морин дээр нь буруу харуулж мордуулж ганзагаар нь даруулаад, гарыг нь ард нь хүлэнгүүтээ ташуурдчихаж байсан гэдэг юм. Нөгөөх нь зайлуул хэр удаж байж гэртээ харьсан юм байгаам бүү мэд. Юу бодогдож байсан бол доо гэхээс л инээд хүрээд байдаг. Эр улсын тоглоом хатуу гэдэг л энэ байх даа. Хүн дамшиглаж, шоолох дуртай зан маань энэ хоёр хүнээс л угшилтай бололтой гэж.

No comments: