Showing posts with label Сонирхолтой. Show all posts
Showing posts with label Сонирхолтой. Show all posts

Friday, March 13, 2020

АЛУУРЧНЫ ЭРЭЛД


Ёстой солиотой нийтлэл уншлаа. Энэ бараг ойрын хэдэн жилийн дотор кино болж гарах байх.

1996 оны 6 сард Айдахо Фоллс гэж хотод 18 настай Анжи Додж гэж эмэгтэйг гэрт нь хүчиндээд, хоолойг нь хэрчиж алсан хэрэг гарчээ. Хэргийн газарт үзлэг хийсэн цагдаа нар алуурчны үрийн шингэнийг талийгчийн биеэс олсон нь хэргийг амархан шийдчих байх гэсэн итгэл төрүүлжээ. Үрийн шингэнээс ДНХ-ийн дээж аваад, харьцуулаад л болчих юм байх гэж бодоцгоож. Гэтэл нөгөө ДНХ-тэй таарах сэжигтэн байдаггүй. Тэр хавиар байсан хамаг хүмүүсийн үрийн шингэнээс дээж авж харьцуулаад алиныхтай нь ч таарсангүй. Мухардалд оржээ. Ядахад мөрдөн байцаагч нар нь жирийн эргүүлийн цагдаа хийж байгаад тушаал дэвшсэн туршлагагүй нөхөд байж таарсан байна. Хаа газрын хийцгүйрээд дэмий зөнгөртөж байдаг залуусын нэг болох Кристофер Тапп гэж хүүгээс ч бас дээж авсан байна. Нөхрийнх мэдээж таарсангүй. Хэрэг бараг унтрах тийшээ хандахад охины ээж Кэрол Додж аргаа барж эхэлсэн байна. Байнга цагдаагийн газраар орж хэргийн явцыг асууж улиг болсон ба цагдаагийн газрын ар талаас ордог хаалгыг бараг “Кэролын хаалга” гэж нэрлэхдээ тулсан байжээ. 5000 долларын шагнал амлаад ч хэргийн талаар мэдээлэл, сураг гарсангүй. “Гашуудалдаа солиорч яваа ээж байна” гээд хүмүүс ч олигтой хайхраагүй байна.

Ингээд хэрэг бараг замхарч байтал аллагаас яг долоон сарын дараа зэргэлдээх муж улсад Кристофер Таппын сайн найз Бенжамин Хоббс гэж нөхөр нэгэн эмэгтэйд хутга тулган хүчирхийлсэн хэргээр баривчлагджээ. Анжиг алсан арга барилтай төстэй байна гэж мөрдөн байцаагч нар үзээд Айдахо Фоллсоос гаралтай мань хүн дээр хэрэг үүсгэхээр шийдэв. Таппыг ирж мэдүүлэг өг гэж. “Би тэр өдөр өөр газар өөр эмэгтэйтэй байсан. Энэ хэргийн талаар юу ч мэдэхгүй” гэж цаадах нь ирэнгүүтээ шууд л хэлсэн гэдэг. Уг нь нөгөөх дээр нь хэрэг үүсгэх гэж байсан мөрдөгч нар яваандаа Тапп тэр хоёрыг хамтраад энэ хэргийг үйлдсэн байж болох юм гэсэн дүгнэлтэд хүрчээ. Цагдаа нар Хоббсыг хэрэгт сэжиглэж байгаа гээд түүнийг барихад хэрэг болох мэдээлэл нэхсээр байсан боловч нөхөр юу ч мэдэхгүй гэж зүтгээд л байж. Гурван долоо хоногийн дотор 9 удаа байцаагдаж, долоон удаа полиграфт орж (үнэн худлыг шалгагч) нийтдээ 100 гаруй цагийн турш эрчимтэй байцаагдсан байна. Байцаалтын явцын бичлэг дээрээс харахад харваас жаахан хүү уйлан барин ярьж байгааг сүүлд нь хүмүүс харжээ. Цагдаа нар “чи худлаа хэлээд байна полиграф хэзээ ч худлаа хэлдэггүй”, “чамайг цаазаар аваачна”, “хийн танхимд хордуулна”, “бидэнтэй хамтарч, хэргээ хүлээвэл ял өгөхгүй” гэхчлэн сүрдүүлсээр байж. Сүүлдээ хүү ядраад, цагдаа нараас салахын түүс болж, залхсандаа цагдаа нарын хэлсэн янз бүрийн хувилбарыг зөвшөөрч эхэлсэн байна. Нийтдээ байцаалтын явцад зургаан өөр хувилбар хэлсэн байдаг. Аллага болж байхад өрөөнд хамт байсан гэж хүлээн зөвшөөрөхөд нь мань хоёрын үрийн шингэнээс дээж авч шалгасан ч таарсангүй. Цагдаа нар ахиад өөр хүн хамт байсан юм биш үү гээд байцаахад нь хүү ахиад өөр нэг хүний нэр хэлж. Тэр нөхрийнх нь ч бас таарсангүй. Ингээд цагдаа нар түүнийг худал мэдүүлэг өглөө гээд өмнө тохиролцсон ял хүлээлгэхгүй гэдэг тохироогоо цуцалжээ. Хэргийг хүлээхгүй бол чамайг цаазаар аваачна гэж сүрдүүлсээр байсан тул хөөрхий Кристофер Тапп амиа аврахын тулд хэргийг хүлээжээ. Гэтэл нөгөө хоёрыг нь суллаж явуулангуутаа Таппыг хүн амины хэргээр буруутган баривчилж орхих нь тэр. Хамаг эд мөрийн баримтаар биш гэдэг нь нотлогдсоор байхад тэр шүү. “Өөрийгөө авч гарах гэж үгээр нь явсаар байгаад нүхэнд хэтэрхийн гүн орчихсон” гэж сүүлд нь тэрээр ярьсан байна. 1998 онд болсон шүүх хурал дээр гэрчийн этгээд түүнийг нэгэн үдэшлэг дээр аллагын тухай ярьж байхыг сонссон гэх мэт мэдүүлэг өгсөн ба тангарагтнууд 13 цаг орчим хэлэлцээд Таппыг хүчин, санаатай аллага, үхлийн аюултай хүйтэн зэвсэг хэрэглэсэн гэх хэргүүдэд буруутай хэмээн шийдэж, улмаар шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноожээ. Шийдвэрийг сонсуутаа сандал дээрээ лагхийн унаад толгойгоо барин гасалж байгаа зураг нь ч хэвлэл мэдээллээр тухайн үедээ их тархсан байдаг гэнэ. Хүмүүс бүр түүнийг цаазаар авах ял оноохыг хүсч байсан гэдэг.

Кэрол Додж цагдаа нарт уурласан хэвээрээ л байв. Таппыг уг хэрэгт буруутай гэж яв цав нотлох юу ч байгаагүйн дээр нөгөө гайтай ДНХ хэнийх гэдгийг нь мэддэггүй. Цагдаа нар болохоор өөр нэг хүн цуг байсан байх, Тапп тэр хүнийг илчлэхгүй байна гэсэн болохоор л Кэрол уурлаад байж. Тэгээд өнөө ДНХ хэнийх болохыг олж илрүүлэхээр чармайж эхлэв. Тапп хуульчидтайгаа хамт гэм буруугүй гэдгээ баталж шоронгоос гарахаар тэмцэж, Кэрол охиныхоо биеэс гарсан ДНХ-ийн эзнийг олох гэж зүтгээд аль аль нь л бүтэл муутай явсаар 2009 онтой золгож, алуурчны ДНХ гэмт хэрэгтнүүдийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд нэвтэрсэн ч бас л үр дүнгүй. Кэрол хэдэн жилийн дараа ДНХ-ийн шинжилгээ хийдэг нэг компанитай холбоо тогтоож өнөөх дээжээ шалгуулахад сэжигтэн нь 85% цагаан арьстай хүн болох нь тогтоогджээ. Кэрол үргэлжлүүлээд судлаад л байж. Тэгсээр улсын шүүх эмнэлэг, ДНХ-ийн шилдэг мэргэжилтэн доктор Грег Хампикиан гэдэг хүнтэй холбогдож. Мань хүн энэ хэргийн талаар хэдийн мэддэг болсон байжээ. Тапп хуульчдаараа дамжуулан түүнтэй холбоо тогтоож өөрийнх нь гэм бурууг тодруулж өгөхийг хүссэн байсан аж. Доктор Хампикиан нь “Айдахогийн гэм буруугүй улс” хэмээх төсөл үүсгээд хэрэгжүүлж байсан үе гэнэ. Хилс хэргээр ял үүрч байгаа хүмүүсийг өмгөөлөх чиглэлээр ажилладаг төсөл юм байна. Ингээд хоёр талаас хүсэлт авсан доктор Хампикиан дадлагынхаа оюутанд нөгөө байцаалтын бичлэгүүдийг судлах үүрэг өгтөл цаадах нь тун удалгүй “Энэ хүү буруугүй юм байна. Цагдаа нар хамаг үгийг нь хэлж өгсөн байна” гэсээр ороод иржээ. Ингээд тэд хэргийг шийдвэрлэхээр авсан байна. Энэ хэргийг үйлдсэн байж мэдэх хүн бүрээс ДНХ-ийн шинжилгээ авахыг хүссэн боловч улсаас зөвшөөрсөнгүй. Нөхөд нөгөө дээжийг олон нийтийн ашигладаг ancestry.ком зэрэг сайтуудын өгөгдлийн баазууд дахь мэдээлэлтэй харьцуулж эхлэв. Тэндээс төстэй байж мэдэх нэг хүнийг олсон боловч бас л тохирсонгүй. Кристофер Таппыг хэрэгт буруутай, бас хамтран зүтгэгч байсан гэдэгт бат итгэлтэй байлаа. Мэдээллийн эрх чөлөөний хуулийн дагуу орон нутгийн сониныхон Таппын байцаалтын үеийн бичлэгүүдийг олж авсныгаа Кэролд үзүүлсэн байна. Нийт 25 цагийн бичлэгийг үзсэний дараагаар тэрээр Таппыг охиных нь аллагад буруугүй гэдэгт бүрэн итгэжээ. Ингээд хилс хэргээр буруутгагдан хоригдож байгаа Таппыг чөлөөлүүлэхээр тэмцэж эхлэв. Энэ бол 2016 он. Бараг хорин жил шахам шоронд хоригдсоных нь дараа. Цагдаа нар хэрхэн хүч хэрэглэж, тулгах замаар хэргийг нь хүлээлгэсний олон нийтэд дэлгэж тэмцсээр байгаад нөхрийн хэргийг прокуророор шалгуулж, цаадуул нь ялыг нь хэвээр үлдээгээд хугацааг нь дуусгаж өгье гэсэн санал тавьж. Тапп зөвшөөрсөнгүй. Тэгэхээр нь за тэгвэл хүчингийн хэрэгт буруугүй гээд, нөгөө хоёр хэрэгт буруутай хэвээр нь гээд хугацааг нь дуусгаж өгье гэхэд хорин жил шоронд хилсээр суусан Кристофер Тапп зөвшөөрчээ. Ингээд 2017 оны 3 сарын 22-ны өдөр суллагдсан байна.

Ингээд Крис суллагдсан ч өнөөх ДНХ-ийн эзэн олдоогүй цагт түүний гэм буруугүйг батлах юм юу ч байсангүй. 2017 он гэхэд Айдахо Фоллсын цагдаагийн дарга солигдов. Тэр үед 12 хүний аминд хүрч, 45 хүнийг хүчиндсэн Калифорнийн “Алтан мужийн алуурчин” хэмээх гэмт хэрэгтнийг илрүүлэхэд генетикийн удам судлал гэх шинэ технологи маш том хувь нэмэр оруулсан байна. Үндсэндээ гэмт хэргийн газраас олдсон ДНХ-ийн мэдээллийг олон нийтийн ancentry.ком гэх мэт сайтууд дээрх мэдээлэлтэй харьцуулдаг гэнэ. Цагдаа нар уг технологийг энэ хэрэгт голлон хэрэглэхээр болжээ. Тэд Сесе Мур гэх мэргэжилтэнтэй холбогдож энэ талаар хамтран ажиллахыг хүссэн боловч наадах нь дургүйцжээ. Дээжийг хэтэрхий олон жил хадгалагдаж, муудсан байх гэж үзсэн болохоор тэр гэнэ. Кэрол түүнтэй уулзаж гуйж гувшсаар байгаад арайхийн зөвшөөрүүлсэн тул 2018 оны зун өнөөх дээжийг судалж эхэлжээ. Аз болоход дээж олигтой муудаж шалиагүй байв. Дээжээс олдсон гениэр удмын шинжилгээ хийж явсаар Кларенс Уссери гэж хүний үр удам байж болох юм хэмээн тогтоожээ. Төрсний гэрчилгээ болон эмгэнэлийн бичгээр мөшгисөөр байгаад 1996 оны үед хэрэг үйлдсэн байж болох насны 6 хүнийг олж илрүүлсний нэг нь тухайн үед Айдаход амьдарч байсан болж таарав. Цагдаа нар нөгөө хүнээс дээж автал таарсангүй. Үлдсэн тавынх нь ч бас. Ингээд ахиад л мухардалд оржээ. Тэр гэр бүлээс л гаралтай хүн гэж бат итгэсэн байсан болохоор Мур юу өнгөрөөчихснөө баахан шалгажээ. Нэг нөхрийн анхны гэрлэлт л сэжигтэй санагдаад байж. Нэлээн залуудаа сууж байгаад шууд салсан юм байна. Их дээр үед, бас залуудаа байсан болохоор хүүхэд шуухадтэй эсэх нь тодорхойгүй. Ингээд байж байтал Миссүри мужийн нэгэн номын сангаас хариу нь олджээ. Өнөөх салсан Хэлэн Дорнелл гэх эмэгтэйгийнх нь эмгэнэл гараад ирэх нь тэр. Өөд болсон эмээ нь хүү болон ач хүүтэй байсныг, бас тэд нар нь төрсөн эцгийнхээ биш хойд эцгийнхээ Дриппс хэмээх овгийг авсан гэдгийг тэр эмгэнэлээс мэдэж авав. Тэгээд өнөөх ач хүү Дриппс нь Айдахо Фоллст 1996 онд амьдарч байснаар барахгүй алуулсан охины яг эсрэг талын байшинд амьдардаг байсныг нь олж мэдэцгээжээ. Анх хэрэг гарахад байцаагдаж байсан олон хүний дунд ч бас багтсан байж. Ингээд мань хүнээс ДНХ-ийн дээж авах ажиллагаа эхэлжээ. Нэлээн дагаж байж арайхын татсан тамхиных нь акуркийг авч шинжилгээнд өгөхөд хариу нь яг таарсан байна. Ийнхүү хорин жил, нэг зуун шинжилгээний дараа анх удаа таарсан гэх хариу гарч ирэв. Цагдаа нар Брайан Лэйи Дриппс хэмээх шинэ нэртэй боллоо. Баривчлаад цагдаагийн газар авчраад таван цаг орчим байцаагаад, ДНХ-ийн мэдээллийг үзүүлсний эцэс өнөөх нь тамхи нэхээд “За нөхөд өө, энийг бичлэгт оруулсан нь дээр байх шүү” гэж хэлээд хэргээ улайсан байна. Анжи Додж бүсгүйг хүчиндээд, алснаа хүлээгээд, хэрэг үйлдэхдээ ганцаараа байсан гэж хэлжээ. Түүний шүүх хурал 2021 оны 7 дугаар сард болохоор товлогдсон байна. Өөрөө буруугүй хэмээн мэтгэж байгаа бөгөөд шүүхээс буруутай нь батлагдвал ялын дээд хэмжээ авна.

Гэмт этгээдийг баривчилсныхаа дараа Кэролд хэн гэдэг хүн, хаанаас баривчилснаа дуулгах гэж маш олуулаа цуглажээ. ДНХ-ийн шинжилгээнийхэн, цагдаа нар гээд гэрт багтахгүй олон хүн ирсэн нь уг хэргийн мөрдөх ажлын өрнөл, явцад түүний хэр их нөлөөтэй оролцсоныг харуулж байгаа юм. Нэрийг нь сонсоод л Кэрол сандлаасаа гулсаад унаж. Энэ хүнээс ДНХ-ийн дээж аваад өгөөчээ гэж зөндөө гуйж гувшаад бараагүй, тухайн үед энэ хүнээс мэдүүлэг авсан цагдаа нар тайландаа тусгаагүй гэх мэт маш олон алдаа завхралууд байсан байна. "Энэ хэргийг бүүр 23 жилийн өмнө илрүүлэх боломжтой байсан байна гэж бодохоор би маш их уурлаж байна. Би бүр үүдэн дээр нь сууж байсан. Охиноо оршуулчихаад гэрт нь очоод цонхоор нь харж байхдаа ч тэднийх рүү харж байсан байна шүү дээ. Маш ойрхон мөртөө дэндүү хол" хэмээн Кэрол Додж харамсан ярьжээ.

Хэрэг үйлдсэн хүн олдсоноор Кристофер Таппын өмнөх хэргийг цагаатгах ажил улам эрчимтэй явагдаж 2019 оны 7 дугаар сард албан ёсоор цагаатгажээ. Нөхөр одоо Айдахо Фоллс хотын захиргаатай шүүхдэлцэхээр төлөвлөж байгаа юм байна. Мөн түүнд тохиолдсон энэ явдлаас улбаалж муж улсаас хилс хэргээр буруутгагдаж ял эдэлсэн хүмүүст нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл гарч байгаа гэнэ.

Энэ хүртэл тогтож уншсан бол ТА шүү гэе даа. БиБиСи дээрх “The mother and the murderer” (https://www.bbc.co.uk/news/extra/u5IdEAokvl/idaho-falls-murder-of-angie-dodge) хэмээх Гарет Эвансын нийтлэлээс тоймлож базсан Д.Цогчулуун

2020.03.13

Wednesday, December 11, 2019

Soul Asylum – Runaway Train

Босуулын унаа буцна гэж байхгүй
Буруу замаар ганц л чиглэлд
Хаа нэгтээг зорих ёстой ч юм шиг
Харин би тэнд нь алга, энд ч бас алга 
Босуулын унаанд ганц тасалбар авлаа
Бороонд тачигнатал хөхрөх солиот аятай
Зохицож эс чадна амьдралд, ялимгүй солиорол
Зовлон бүхнийг сөрөхөөс л ядаж амар биш үү. 
гэсэн утга бүхий үгтэй энэ дууны клип тухайн үедээ их л өвөрмөц санагддаг байж билээ. Гоцлооч Дэйв Пирнерийн зохиосон энэ дуу анх гараад л хүн болгонд таалагдсан ба дууны амжилт нь ямар клип гаргахаас бараг шууд шалтгаалаад байж.

Энэ талаар Дэйв ийнхүү өгүүлжээ.

Миний хувьд яг ингээд дууны клип жинхэнэ амьдралтай огтлолцож байгаад үнэндээ итгэмээргүй санагдаж байсан. Тухайн үед ёстой күүл санагдаж билээ, хүмүүсийг дуугаараа хөгжөөхийн хажуугаар бодит ертөнцөд эерэг нөлөө үзүүлнэ гэхээр. Иймэрхүү явдал хангалттай олон болохгүй шүү дээ. Нэг л мэдэхэд хийгдчихсэн дээ. Манай клипийг найруулсан Тони Кэй нэг өдөр “Сүүний сав, сүүний сав” гээд л үглээд байлаа. Юун тухай яриад байгааг нь асуусан чинь “Энэ сүүний саван дээр байгаа хүүхдүүд ээ. Бид тэднийг олох ёстой” гэсэн. Шууд л пөөх гэж бодогдсон. Зарим хүмүүс ерөөсөө ойлгохгүй байлаа. Тэднүүс “Энэ клипээрээ цомгоо сурталчлах ёстой юм биш үү. Тануус ямар нэгэн олон нийтийн юм уу улс төрийн зорилго сурталчлах ёсгүй шүү дээ” гэж ирээд л. Харин мануус “Тийм л дээ. Гэхдээ оролдоод үзэхэд болохгүй гэж үү?” гээд л. Хамтран ажиллагсадтайгаа хүртэл ингэж сөргөлдөж байсан даа. Яаж ийгээд л тухайн үед тогтолцооны эсрэг юм хийчихсэн. Би хувьдаа үүнийг их сайн амжилт гэж боддог.

Энэ клипийг хийхэд The Center for Missing and Exploited Children буюу Алдуул болон дарамтлуулсан хүүхдүүдэд туслах төв хэмээх байгууллагатай хамтарч ажиллаж байсан ба энэ бичлэгийн Америк хувилбарт орсон 36 хүүхдээс 26 нь олдсон байдаг байна. Энэ хувилбараас гадна Их Британи, Австрали зэрэг улсуудын хувилбарууд гарч байж.

Бүтэлтэй хэргүүдээс гадна харамсалтай хэргүүд ч гарч байжээ. Гитарчин Мөрфи нэгэн удаагийн ярилцлагад хэлснээр бол “Клипийн төгсгөл хэсэгт гарч байгаа алга болсон гэх охины аав нь эхнэртэйгээ хүүхдээ хэн нь авах талаар шүүхдэлцэж байхад хүүхэд нь гэрээсээ зугтсан гэж ярьж байсан ч сүүлд мэдэхэд эхнэр нь охиноо хөнөөгөөд, хашаандаа булчихсан байсан” гэнэ. Эвгүй эвгүй явдлууд ч олон байсан юм байна.



Ямартаа ч тухайн үедээ нэлээн шинэлэг клип хийсэн нь олон гэр бүлийг бүрэн бүтэн болгосон буянтай хамтлаг ажээ. Сүүлд Жэйми Н Коммонс, Скаилар Грэй хоёрын дуулсан шинэ хувилбараар ахиад гарсныг нь харж суухдаа энийг бичвэй.


Thursday, December 05, 2019

Шинжлэх ухаан сэтгүүлээс...

Шинжлэх ухаан сэтгүүлээс 2019 онд шинжлэх ухааны салбарт гаргасан үсрэнгүй дэвшлүүд дундаас хамгийн онцлох мэдээ аль нь байсныг асууж байгаа юм байна. Миний хувьд Хар нүхний фото зургийг бодитоор гаргаж авсан явдалд сэтгэл их хөдөлж байсан болохоор тэр мэдээлэлд саналаа өглөө. Та нөхөд ямарт нь санал өгөх вэ?

Санал асуулгад буй дөрвөн мэдээллийг энд хураангуйлан талбив. Тухайн мэргэжлийнх нь хүн биш тул чиглүүлсхийгээд л.

1. Эболаг анагаах үр дүнтэй эмчилгээ
2. Хар нүхний фото зураг
3. Уушгины хүнд өвчний эмчилгээ
4. Денисовын хүний төрхийг гаргасан. Төвдийн өндөрлөгөөс олдсон эрүүний ясны үлдэгдлээс боловсруулж гаргасан гэнэ.



https://www.sciencemag.org/news/2019/12/finalists-are-vote-2019-people-s-choice-breakthrough-year

Wednesday, December 04, 2019

Healthcare cost in the US

Саяхан Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, сөрөг хүчин болох Хөдөлмөрийн намын тэргүүн Жэрэми Корбин хоёрын мэтгэлцээний үеэр Корбин цаадхыгаа Брэкситийн дараа Америктай хийх хэлэлцээрээр Их Британийн эрүүл мэндийн үйлчилгээг Америкийн талд хариуцуулах тухай ярилцаж тохирсон байсан тухай баримтыг илчилсэн билээ. Лондон хотын захирагч байсан Борис Жонсон, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хоёр хоёулаа энэ яриаг үгүйсгэж байгаа ч гэсэн ер нь бараг үнэн бололтой.

За тэдний улс төр ч яах вэ харин энэ Америкийн эрүүл мэндийн үйлчилгээний хөлс, төлбөр гэж нээрээ тэнгэрийн үнэтэй байдаг юм байна шүү. Ер нь хэцүү гэж сонсож байсан л даа, мэр сэр. Энэ бичлэг дээр мэдээж жаахан дэгсдүүлсэн байж мэдэх л дээ, ядаж л дунджаар тэд гэж хэлж байгаа нь бодвол дунджаасаа жаахан дээхнүүр үнийг хэлдэг ч юм уу. Гэхдээ л аймаар байна шүү дээ. Түргэн тусламж дуудлагаар ирэхдээ 2500 доллар, эмнэлэгт амаржихад 10000 доллар, төрүүлсэн хүүхэдтэйгээ “skin to skin contact” үүсгэхэд 40 доллар ч гэх шиг. Аймаар юм.

Монголын тухай ч ярихаа больё. Солонгосын эрүүл мэндийн даатгалын систем бол ёстой гоё шүү. Солонгост байнга оршин суугаа бүх хүн улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хамрагдах ёстой. Би гэхэд сарын 50 мянга орчим вон төлдөг. Уг нь 100 орчим мянган вон, гэхдээ үлдсэнийг нь улсаас. Тэгээд миний даатгалд гэр бүлийн бүх гишүүд хамрагдаад явдаг. Даатгалтай хүнд бол эмнэлгийн үйлчилгээ үнэн гоё, урамтай хямдарна шүү дээ. Одоо жишээ нь эмнэлэгт очоод үзүүлээд, шинжилгээ өгч, эм бичүүлээд гарахад нийтдээ бараг 60-70 хувь хямдарна. Наад зах нь эмийн сангаас 30-40 мянгын эмийг 10-15 мянган воноор авч байх жишээтэй. Атаархмаар шүү.


Tuesday, December 03, 2019

Витни Хьюстон

Өнөө өглөө ирээд сонссон эхний дуу. Витни Хьюстон энэ бичлэг дээрээ их хөөрхөн харагддаг. Дуу нь ч нэг тийм аятайхан, хөнгөхөөн. Яг нэг тиймэрхүү рэгги маягийн ч гэмээр юм уу. Гэгээлэг. “Учир нь гэвэл чиний хайр минийх, миний хайр ч чинийх, үүрдийн амьдрал ч биднийг салгаж дийлэхгүй, Амистадын гинж ч биднийг барьж дийлэхгүй” гэж ирээд л.

Далимдуулаад ярихад, Амистад гэж киног үзсэн хүмүүс байгаа бол энэ үгийг учрыг мэдэх байх. Мэдэхгүй улсад товчхон хэлэхэд Амистад гэж усан онгоцоор Африкийн олзны улсыг боол болгон худалдах гэж тээвэрлэж явах замд нь нөхөд бослого гаргаад хөлгийн удирдлагыг авсан ба Америкт газардахад нь хөлгийн эзэд боолуудыг өөрсдийн өмч хэмээн буцааж авахыг завдаж бөөн шүүх цагдаа болцгоосон байдаг юм. Америкийн дээд шүүхээс тэдгээр боолуудыг хэн нэгний өмч биш эрх чөлөөт иргэж гэж шийдвэрлэсэн нь боолын дэглэмийг нураахад жинтэй хувь нэмэр оруулсан түүхэн шийдвэр байсан гэдэг билээ.

За дуугаа дагаад дуулаарай:

Чиний хайр бол минийх
Минийх ч бас чинийх
Үүрдийн амьдрал мануусыг салгаж дийлэхгүй
Амистадын гинж ч биднийг хорьж чадахгүй


Wednesday, November 27, 2019

Хүнээ судлахгүй бол...

Хүнээ судалж байж шүүмжлэхгүй бол ингэнэ шүү дээ.

Парламентийн нэгэн гишүүн нөгөөхөөсөө асуулт асуухдаа:
- Миний л мэдэхээр түүнд эдийн засгийн ухааны зэрэг цол үгүй... - гэж хэлэхэд цаадах нь:

- Та миний сийвийг тоож хараагүй бололтой. Би Эдийн засгийн ухааны профессор байсан, одоо ч хэвээрээ байгаа. - гэж хариулаад амыг нь таглажээ.

Брэкситээс үүдэх эдийн засгийн үр дагаварын тухай ярилцаж байхдаа ийнхүү мэтгэлцсэн байна.

Би нэг удаа энэ хүн шиг ингэж ам руугаа алгадуулах шахаж байсан тохиол буй. Хүний эрхийн төлөө тэмцдэг найзынхаа фэйсбүүкийн пост дээр "эмэгтэйчүүд ер нь дарлуулаад байгаа юм байдаг ч юм уу дөө" гэх маягийн коммэнт бичээд хаясан чинь яг тэр чиглэлээр өч төчнөөн жил тэмцээд, ажиллаад явж байгаа хүнтэй цэц булаалдсан байж таардаг юм. Ид халчихсан бичиж байтал миний муу найз намайг сэрэмжлүүлж цаашдын ичгүүрээс ангижруулж билээ.


Thursday, November 21, 2019

Billy chip

Ер нь болж өгвөл эерэг, өөдрөг юм бичиж, тарааж байх хүсэлтэй явдаг хүн билээ би.

Сая харин энийг хараад өөрийн эрхгүй хуваалцмаар санагдав. 20 настайдаа мотоциклийн ослоор өөд болсон дүүгийнхээ дурсгалд зориулаад гэр бүлийнхэн нь ийм жетон гаргасан байна. Дээр нь өөд болохоосоо өмнө ээж рүүгээ бичсэн эцсийн үгийг бичсэн гэнэ.

Яаж ашиглах вэ гэхээр энэ жетоныг кофе шопоос худалдаж аваад хүнд бэлэг маягаар өгнө. Нөгөө хүн нь тэр жетоныг барьж энэ кофе шопт ирээд үнэд нь таарах умдааг захиалж уух гэх мэт. Яахав купон шиг л, гэхдээ ингээд харахад өөд болсон талийгчийнх нь тухай хүмүүс сайнаар дурсаж ярих шалтгаан болох ч юм шиг. Энэ залуу амьддаа их тусархуу хүн байсныг нь санагалзаж ийнхүү дурсаж байгаа гэнэ. Манайд ч бас нэг иймэрхүү туршлага нэвтрүүлбэл болохгүй гэх юм байхгүй л санагдаж байна.

Кофе шопуудад бас нэг түгээмэл үйлчилгээ байдаг нь илүү кофе авч "хүлээлгэнд" оруулах. Хэрэг болсон нэгэн орж ирээд "хүлээлгэнд" кофе байгаа бол авч уучихаад гараад явдаг гэхчлэн иймэрхүү бусдад хандсан үйлчилгээг дэлгэрүүлээсэй. Байдаг бол сурталчлаасай.

Сайн сайхан дэлгэрээсэй.


Tuesday, November 19, 2019

OK boomer!

Сүүлийн үед нэлээн түгээмэл хэрэглэгдэх болсон хэлцүүдийн нэг “OK boomer” гэдгээс үүдэн энэ бичвэрийг сийрүүлж байна аа. Сэтгэлгээ нь хоцрогдож хуучирсан, бусдыг ойлгох чадваргүй, голдуу ахмад үеийн нөхдийг шоглож шинэ үеийнхэн ийнхүү хэлдэг болсон байна. "Өвгөцүүлтэй яриад байх юм алга" гэсэн л утга юм уу даа. Жаахан доромж тал руугаа. Ямар үеийнхэн нь ямар үеийнхнээ шоолоод байгаа юм бэ? гэсэн асуултын дагуу гүүглдээд иймэрхүү мэдээлэл олсноо та бүхэнд бас хэрэг болуужин хэмээн ийнхүү хуваалцаж байна аа. Ер нь ч барууны хэвлэл мэдээлэлд энэ нэр томъёог түгээмэл хэрэглэдэг болсон тул товчхон ч атугай ийнхүү мэдээлэл өгсү.

Ерөнхийдөө барууныхныг доорх маягаар 7 үе болгон хувааж үзээд байгаа юм байна.

- Алдуул үе (The Lost Generation)
- Аугаа үе (The Greatest Generation)
- Аниргүй үе (The Silent Generation)
- Хүүхдийн давалгааныхан (Baby Boomers)
- Икс үе (Generation X)
- Мянганыхан (Generation Y, Millenials)
- Зэт үе (Generation Z, Gen Z)



Алдуул үе
Энэ үе нь Дэлхийн 1-р дайны дараа эхэлсэн үе. Алдуул гэдэг нь дайнаас амьд гарсан улс нийтээрээ дайны дараа “баримжаа үгүй, төөрсөн, хандах зүг чиггүй” байсан учраас бөөн эргэлзээ, балмагдлын дунд байсан гэсэн утгаараа оноосон нэр юм байна. 1920-иод оны үед Парист оршин сууж асан америкийн зохиолчид, урлагийнхан тухайн үеийг хоорондоо ийнхүү нэрлэн ярилцдаг байснаас үүдэн энэ нэршил тогтсон байна. Ялангуяа Эрнст Хэмингуэй 1926 оны “Нар бас мандав” романдаа “Та бүхэн бүгд алдуул үе” гэж бичсэнээр түгээмэл хэрэглэгдэх болсон байна. Энэ үеийнхэнд нь ихэвчлэн 1883-1900 оны хооронд төрсөн улсыг хамардаг. Хамгийн эцсийн төлөөлөгч нь болох Наби Тажима гэж хүн 2018 оны 4-р сарын 21-нд өөд болсноор уг үеийнхэн бүрэн дуусчээ.

Аугаа үе
Аугаа үеийнхэн нь 1900-аад оны эхнээс 1920-иод оны дунд болон сүүл хавь хүртэлх үеийг хамардаг. Энэ үеийг бас G.I. Generation (G.I. гэдэг нь G.I. of G.I. буюу Government Issue and General Issue гэсэн утгатай Америкийн цэргийнхний хэлц юм байна), Дэлхийн 2-р дайны үе гэхчлэн хэлдэг байна. Аугаа үеийнхэн бол Дэлхийн 2-р дайны шууд оролцогчид, мөн Америкийн их хямралын хүндийг үүрэгчид байжээ. Аугаа үеийнхэн гэдэг нэршил нь 1998 онд Америкийн сэтгүүлч Том Брокавын нийтлүүлсэн номын нэрээс эхтэй юм. Тус номд энэ үеийнхнийг Их хямрал, 2-р дайны үед насанд хүрцгээсэн ба нэр алдарт гарахын тулд биш хийх ёстой зөв юмны төлөө тулалдаж байсан хэмээн тодорхойлжээ. Тэдний үед радио, телефон зэрэг технологийн үсрэнгүй хөгжлүүд явагдсан ба хүмүүсийн тэгш бус орлого, эдийн засгийн хөгжил цэцэглэлт ч бас явагдсан байна.

Аниргүй үе
Энэ үед 1920-иод оны төгсгөлөөс 1940-өөд оны эхэн хавийнхан хамаарна. Энэ үеийн залуусаас гол цөм нь бүрдэж асан МакКарти ерөнхийлөгчийн үеийн залуус аливаа зүйлийг эсэргүүцэж дуу хоолойгоо илэрхийлэхээс ихээхэн айдаг байсан гэдэг. Аниргүй хэмээх нэршил нь яг хаанаас үүсэлтэй нь төдийлөн тодорхой биш бөгөөд хамгийн анх Time сэтгүүлийн 1951 оны 11-р сарын 5-ны дугаарын “Залуу үеийнхэн” хэмээх нийтлэлд “аниргүй үеийнхэн” гэсэн нэр томъёог ашигласан байна. Энэ үеийнхэн Солонгосын дайнд оролцсон гэдгээрээ тодорхойлогддог. Мөн энэ үеийн төлөөлөгчдийн тоо харьцангуй цөөн байдаг нь өмнөх том дайнууд, хямралаас болж айлууд цөөн хүүхэдтэй байдгаас болсон байна. Энэ үеийнхнийг бас “Азтай” гэж нэрлэх явдал байдаг гэнэ. Яагаад гэвэл яг дайн, хямралуудын дараа эдийн засаг сэргэж эхэлж байх үед насанд хүрч таарцгаасан болохоор. Мөн тэднийг Барууны ертөнц, Америк улсыг өөд нь татсан үеийнхэн гэж үздэг зарим улс ч бий гэнэ.

Хүүхдийн давалгааныхан
Манайхаар бол “Алтан гахай жилийнхэн” гэсэн ч болох юм уу. Нөхдийг 1946-1964 онуудын хооронд төрсөн улс бүрдүүлдэг байна. Баруун Европ, Хойд Америкийнханд бол энэ үе нь дайны дараах төрийн тусламжийн үрээр байр сууц, боловсрол мэдлэгээр түлхүү хангагдаж таарсан тул нэлээн эрх ямбатай үе гэгдэцгээдэг. Өмнөх үеийнхнээсээ биеийн эрүүл мэнд, идэвх зүтгэлээр хавьгүй илүү бөгөөд дэлхий дахины байдлыг цагийн эрхээр сайжирна гэсэн бат итгэлтэй өсөж торницгоосон. Энэ үед орлогын хэмжээ оргилдоо хүрсэн тул хүнс, хувцас хэрэглэл нэн арвин байсны хажуугаар тэтгэврийн, “дунд насны хямралын” гэх мэт дагуур бүтээгдэхүүнүүд хүртэл түгээмэл болж байсан. Өөрсдийгөө өмнөх болон дараагийн үеүдээсээ тэс өөр, онцгой үе гэж үзэх хандлагатай. (OK boomer!)

Икс үе
За энэ үеийнхэн нь болбаас 1960-аад оны дундаас 1980-аад оны дунд хүртэлх улсыг хамардаг юм байна аа. Үүнийг сийрүүлэгч би бол яг энэ үеийн хүн болж таарч байгаа юм. Нийгмийн үнэт зүйлс ихээр шилжин өөрчлөгдөж байх үед хүүхэд нас нь тохиож таарсан үе бөгөөд гэр бүл салалт газар авч, гэрээс гадуур хүүхэд асрах үйлчилгээ төдийлөн түгээгүй байсан учраас жирэмсэн эмэгтэйчүүд ихээр хөдөлмөр эрхэлж байсан үе юм. Залуу насандаа “МТВ үеийнхэн” гэгдэж байсан. 1990-ээд оны үеэр эднийг биеэ оторлогчид, их мэдэгчид, ойворгон улс гэхчлэн гоочлох явдал их байжээ. Икс үеийнхний соёл урлагт үзүүлсэн гол нөлөө нь бол гранж рок, хип хоп хөгжмүүд, мөн инди кинонууд. (яг энэ мөрийг бичиж байхдаа Гүү Гүү Доллс хамтлагийн Айрис дууг сонсож суулаа) Харин судалгаагаар тэднийг дунд насандаа ирээд нэлээн идэвхтэй, ажил амьдралын тэнцвэрийг гайгүй сайн олсон улс байна гэдгийг тогтоосон байна. Бизнест овоо нүдтэй улс гэж энэ үеийнхнийг тодорхойлжээ.

Мянганыхан
Мянганыхан буюу заримдаа Игрэг үеийнхэн гэгдэх үе нь Икс болон Зэт үеийнхний дунд талын нөхөд юм аа. 1980-аад оны эхэн хэсгээс 90-ээд оны сүүл шинэ мянганы эхэн хавийнхныг энэ бүлэгт хамаатуулан тоолдог ба нийтээр 1981-1996 оныхныг мянганыхан гэж үзэх нь түгээмэл ажээ. Тэднийг заримдаа “давалгааныхны цуурай” гэх ба энэ нь юуны өмнө тухайн үед төрөлтийн зэрэг огцом ихэссэнээс болсон, бас нөгөөтэйгүүр хүүхдийн давалгааны үеийнхний хүүхдүүд гэдгээрээ ч бас ийнхүү нэрлэгддэг. Энэ үеийнхний түгээмэл шинж нь яг мэдээллийн технологийн эрин үед насанд хүрч таараад, элдэв тоон технологи, нийгмийн цахим сүлжээг төвөггүй хэрэглэж чаддагт оршино. Энэ үеийнхнийг бас “Би үеийнхэн” гэж тодорхойлох нь бий. Биеэ ихэд тоох, ихэрхүү нарциссист зан авир түгээмэл гаргадаг болохоор тэр гэнэ.

Зэт үе
Товчлоод ЖэнЗи гэж дууддаг. Ерөнхийдөө 1990-ээд оны сүүлээр төрсөн улсыг энэ үеийнхэн гэж үзэж байгаа. Маш залуугаасаа тоон технологи, интернэт, нийгмийн цахим сүлжээг ашиглаж сурсан гэхчлэн энэ үеийг тодорхойлдог. Экономист сэтгүүлд энэ үеийнхнийг өмнөх үеүдээс илүү их сурч боловсорсон, илүү зан сайтайн дээр илүү стресс, сэтгэл гутралтай хэмээн тодорхойлсон байдаг.

Энэ дээр бичсэн бүхэн Баруун Европ болон Хойд Америкийнхнийг ерөнхийд нь томъёолсон үеүд бөгөөд эхний хэд нь манай монголчуудын хувьд төдийлөн хамааралгүй байх магадлалтай. Гэхдээ Мянганыхан юм уу эсвэл Икс үеийнхнээс эхлээд угаасаа дэлхий хавтгайраад явчихсан учраас нэлээн дөхөмцүү байж мэдэх юм шиг санагдлаа. Яахав дэлгэрүүлж унших сонирхолтой хүмүүс эх сурвалжаас нь орж харна биз.

Энэ бичсэнтэйгээ холбоод сонирхуулахад нэг нийтлэл дээр яг одоо Хонконгод өрнөж байгаа тэмцлийн утга учрыг тус хотын удирдлагын дээд түвшинд байгаа улс огт ойлгохгүй, сэтгэл нийлэхгүй харин ч гайхаад байгааг нь энэ үеийн ялгаагаар тайлбарласан байна билээ. Нийтлэлд өгүүлснээр бол удирдлагад байгаа нөхөд давалгааныхан бөгөөд тэмцэгчдийн гол цөмийнхөн нь мянганыхан буюу миллениалууд байгаа юм. Сонирхсон улс энэ талаар нэмж уншиж болно.

Википедиагийн энэ нийтлэл дээрээс хураангуйлан бантагнасан Цогоо
https://en.wikipedia.org/wiki/Generation

Зургийг өөрөө үйлдэв.

Tuesday, October 29, 2019

БҮРГЭДИЙН УТСЫГ ЦЭНЭГЛЭЕ



Оросын эрдэмтэд бүргэдийн нүүдлийг судлахаар хэд хэдэн бүргэдийг байршил тэмдэглэсэн зурвас илгээх төхөөрөмжөөр тоноглоод тавьж л дээ. Нөхдийг үсрээд л Казахстан орно биз гэж бодож байтал Мин гэж нэг далжийсан нөхөр цаашаа давраад тэндээсээ Иран руу гараад шидчихэж. Уг нь Казахстанаас Орос руу нэг зурвас нь 15 рубль байдаг юм байна. (Төгрөгөөр бодвол 635.85) Гэтэл Иранаас бол 49 рубль буюу 2077.11 төгрөгөөр нэг зурвас илгээдэг гэнэ. Хамаг төсвийг нь дангаараа цохиод барахгүй дээр нь нэмээд өрөнд оруулж орхиж л дээ. Аргаа барсан эрдэмтэд олон нийтээс тусламж хүсч сан бүрдүүлээд 100 мянга гаруй рубль босгосон байна. Тэдний бүтэлгүй явдлыг Оросын гар утасны оператор Мегафон олж мэдээд цуглуулсан мөнгөөр нь өрийг хаагаад, цаашдаа тусгай тариф санал болгож тусласан гэнэ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe-50180781

Thursday, May 02, 2019

Greta Thunberg

16 настай Швед охин хоолой чичрүүлэн байж ЕХ-ны удирлагуудад цаг уурын өөрчлөлтийн тухай, биологийн маш олон төрөл зүйл өдөр бүр бүрмөсөн устаж үгүй болж байгаа тухай илтгэл тавьжээ. Өнөөгийн удирдагчдын босгож чадахгүй байгаа, босгохыг хүсэхгүй байгаа тэр ирээдүйд амьдрах хүний хувьд дуу хоолойгоо ингэж хүргэж явж байна шүү дээ.

Ялангуяа "To do your best is no longer good enough. We must all do the seemingly impossible." (Чадлаараа хичээхэд болчих байсан үе өнгөрсөн. Одоо бид бүтэх боломжгүй мэт зүйлийг бүтээх ёстой) гэж хэлсэн нь орой руу орох шиг болов.

Ойрмогхон НҮБ-ийн бил үү хаанахын билээ "Цаг уурын өөрчлөлт"-ийн тухай тайланг харсан. Дэлхийн бүх улсууд тэр асуудал дээр ач холбогдол өгөөд цаг уурын өөрчлөлтөд нөлөөлөхүйц хүчин зүйлүүдээ хянаад яваад байвал болохоор гэж хэлэгдэж байсан түвшинг аль эрт давж гараад одоо бол ерөөсөө сүйрлийн зам руу орсон байна гэж ойлгосон. Зарим улсууд байгаль хамгаалах, ногоон эдийн засаг гэх мэт зүйлсийг маш амжилттай хэрэгжүүлж, үлгэр жишээ болж байгаа ч үнэхээр бусад нь хичээхгүй байхад ганцаардаж байна.

Манай Монголд цаг уурын өөрчлөлт, хүлэмжийн хий, ногоон эдийн засаг гэж ярих нь битгий хэл зүгээр л байгаль хамгаалах тухай ярьж байгаа газар ч огт алга. Байгаль орчин гэж ярихаараа уул уурхайн компанитай тэмцэнэ гэх. Уул уурхайн компаниас цаана өч төчнөөн асуудал байна шүү дээ. Цөлжилт, хөрсний, агаарын, усны бохирдлууд, цэнгэг усны хомсдол, тоос шороо, шимт хөрс гээд бичээд байвал барагдахгүй. БНХАУ-ынхан аль эртнээс элсэн цөлүүдээ ургамалжуулах "Хятадын ногоон хэрэм" гэж хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд одоо үр дүн нь эхнээсээ гарч байна гэж өчигдөр интернэтээс харсан. Толгойтой газар яасан сайхан юм бэ.

Ерөнхийлөгч Элбэгдорж нэг удаа "Ногоон хэрэм" гэж яриадахсан юм. Их дээр үед л дээ. Одоогийн улс төрийнхний тооллоор бол бараг гэрлийн жилийн тэртээ байх. Ээлжит нэгэн хошгоруулалт байсан болж таарах шиг боллоо. Өөрөөр бол манайд юу ч алга. Зуун модны тэнд гадаадын иргэн өөрийн хөрөнгөөр өч төчнөөн мод суулгаад ойжуулаад өгснийг нь элсний карьер хийх гээд лиценз авчихсан, шүүхдэлцээд явж байгаа. Туулын шугуй гэж бидний үеийнхний дурсамжид л үлдэх янзтай, энэ эрчээрээ бол.

Энэ охины хэлсэнчлэн "орон гэр минь салж унаж байх үед орон гэрээ авч үлдэхийн тулд тодорхой хэмжээнд сандрах ёстой" байна аа. Хүмүүс ээ, энэ талаар бүгдээрээ ярьцгаая л даа.


Saturday, April 06, 2019

Хан академи

Боловсролын системийн тухай найзын минь бичвэрийн доорх сэтгэгдэл дунд нэг хүн алт шиг сайхан мэдээлэл шигтгээд орхисон байсныг өчигдөр олж уншаад жигтэйхэн баярлаж билээ.

Хан Академи гэж эчнээ сургалтын цахим талбар байдгийг бүгд мэдэх байх. Тэднийхэн бага ангийн хүүхдийн хөтөлбөр санал болгодог гэдгийг тэрхүү сэтгэгдлээс хараад орж үзвэй. Үнэхээр сайхан эд байна. Хүүхдийнхээ нэрээр бүртгэл үүсгэж ороод үзүүлэхийг сонирхсон хичээлүүдээ сонгоод сонгоод явчихна. Би охины тооны хичээл, монгол хэлний мэдлэгт жаахан сэтгэл чилж явдаг тул эндээс боломжтойгоор нь тооны хичээлийг түлхүү үзүүлье гэж шийдсэн.

Өнөө өглөө нөхөрт үүнийг танилцуулаад бүртгэлээр нь оруулж тооны хичээлийг одоо байгаа ангийнх нь түвшинд буюу 4-р ангийнхаар нь үзүүлтэл нэн дуртай үзэж эхлэв. Зарим нэг ойлгохгүй байсан юмсаа ч ойлголоо гэж өөрөө хэлж байна. Бараг суурин дээрээ 12 бичлэг үзээд, бас хөөрхөн хэдэн бодлого бодоод өөрийн хэр түвшинд явааг сориод авчихаж байгаа юм. Хамгийн аятайхан нь хүүхдийн хэр явцтай байгааг би өөрийн бүртгэлээр ийнхүү ороод харах боломжтой. Одоохондоо тоогоор нь жаал дагнаж байгаад физик, химийн хичээлүүдийг үзүүлэх бодолтой байна. Англи хэлний дүрэм, Америкийн түүх энэ тэр гэсэн хичээлүүд ч байна. Ямар ч гэсэн мат, хими, физик гэх мэт байгалийн ухаануудын суурийг нь аятайхан тавиад өгчихвөл хэн хэндээ амар юм уу гэж ихэд олзуурхсанаа нүүрномын өргөн түмэнтэй хуваалцюу хэмээв.

Охины хичээлийн явцыг ингээд харчих боломжтой
Миний хувьд анх англи хэл сурч байхдаа яг ингээд хичээл дээр хэрэглэдэг англи үгсийг төдийлөн сайн мэдэхгүй нэлээн төвөг болж байсан болохоор охиндоо анхнаас нь ингээд заалгах боломж олдож байгаад их баяртай байгаа. Англи хэлний мэдлэг сайжрахын дээр бусад хичээлүүдээ ч ингээд ойлгомжтойгоор заалгаад явчихвал ёстой хэн хэндээ амар байна. Бичлэгээ хамтдаа үзээд, хааяа түр зогсознож байгаад хажуугаас нь монголоор тайлбарлаад явчихад бол яг болж байгаа юм.

Буян нь дэлгэрсэн https://www.khanacademy.org/ дээрх мэдээллийг хуваалцсан Д.Цогчулуун гэж хүн байна аа. Сургуулийн насны хүүхдүүдтэй улсад хэрэг болуужин, цааш нь түгээгээрэй.

Tuesday, March 05, 2019

Автын үзлэг

Ойрмогхон автомашинаа үзлэгт хамруулав. Хоёр жилдээ нэг удаа үзүүлэх ёстой байдаг юм байна. Манайхан шиг улсын бүх автомашиныг зэрэг үзэж нерв бардаггүй, машин тус бүрийн улсад анх бүртгүүлсэн өдөр нь үзчихдэг гэнэ ээ. Одоо жишээ нь манай тэрэг анх 2 дугаар сарын 25-нд бүртгүүлсэн бол хоёр жил тутамд энэ өдрөөс өмнө, оройтлоо гэхэд үүнээс хойш нэг сарын дотор үзлэг оношилгоонд орж байх ёстой байдаг нь их таалагдав.

Болзолт өдрөөс нь өмнө оношилгооны газар руу яваад очлоо. Цомхоон газар байна. Мөнгө хураах, үйлчлүүлэгчдийн хүлээх зориулалттай нэг жижиг байшин, байшин ч гэж дээ тоноглосон контейнер л юм, тэгээд үзлэгийн бас нэг жижиг байшин хоёулаа нийлээд ёстой л 0.07 га газар дээр өлхөн багтахаар юм. Олон машин байх юм байх гэж бодтол ёстой хөл хөдөлгөөнгүй нам гүм газар байна. Очоод зогсонгуут нэг механик залуу ирээд нөгөө контейнер руу орохыг заагаад өөрөө тэргийг маань нөгөө жижиг байшингийн тийшээ аваачаад зогсоочихов. Заасан газар руу нь ороход үзлэг оношилгооны мөнгө гээд 50 мянга жаахан гаран вон хурааж байна. Төгрөгөөр бол 100 мянга гаран юм уу даа. Тэгээд л хүлээгээд суучихаж байгаа юм. Тэр доор миний тэргийг үзлэг оруулж байгааг харангаа кофе уусан шиг. Гэрэл чийдэнг нь шалгаад л, дээгүүр доогуур нь шагайж янз бүрийн багажаар хэмжилт хийж байх бололтой, тойроод л. Нэг их удсангүй ээ. Гучин минут орчим л болов. Доошоо буугаад очиход “Элдэв асуудал алга. Ахиад хоёр жилийн дараа уулзацгаая” гэх маягийн юм хэлээд мэхийн ёслоод үлдэв.

Гэрэл зураг буулгаж авахаа мартсан тул интернэтээс төстэй зураг авч хэрэглэв. (https://kr.polomap.com/%EA%B0%95%EB%A6%89%EC%8B%9C/8015)
Үзлэгийн энэхүү цэг нь ажлын таван хоног дээр Бямба гарагийн үдээс өмнө ажилладаг юм байна. Бямба гарагт бол цаг товлож байж үздэг гэнэ. Бусад өдөр нь бол үдээс хойш 16 цаг хүртэл хүлээж аваад үздэг гэж байна. Би үдийн цайнаас жаахан өмнө ирсэн тул миний араас ахиад хоёр тэрэг ирж үзүүлсэн. Намайг явах гэж байхад нэг нь дуусаад араас гарч байгаа харагдсан. Ажиллах хүчний хувьд гэвэл инээд хүрмээр цомхон юм. Хоёр механик, тэгээд мөнгө хураагч нэг бүсгүй. Ингээд автын үзлэгийг улс даяар тогтсон нэг хугацаанд биш жил тойрон иймэрхүү маягаар хийдэг болчихвол хаа хаанаа их амар байх биш үү гэж бодсоор би ажил руугаа явсан даа.

Монголд автын үзлэг, оношилгоонд өөрийн биеэр бол орж үзээгүй л дээ. Харин хажуугаар нь явж үзсэн. Хавийн газрын хөдөлгөөнийг хязгаарласан их дараалал, бөөн “яриа, хөөрөө” болсон л газар байдаг юм билээ. Солонгосын эндэх шиг ийм аятайхан цэгцтэй байдаг бол хичнээн сайхан гэж бодож байлаа. Угаасаа Солонгосын ихэнх юманд иймэрхүү маягаар атаархаад явдаг юм өө. Эмнэлгийн үйлчилгээ, даатгал, татварын бүртгэл, хоорондын уялдаа холбоо гэх мэтийг яриад ч баршгүй мэт.

Жич: Монголд ийм зохицуулалттай болсон байсныг мэдээгүй ийнхүү шүүмжилжээ.



Thursday, February 28, 2019

Гудайж гутраагүй буурал

Эх сурвалж: Толгойлогч.мн сайт дээр гарсан нийтлэлийг хуулж хадгалав. Уншууртай юм.

Ринчен гуайн өөд болсны дараа Америкийн хэвлэлд “Монголын Солженицын нас барлаа” гэж бичсэн хэмээн дуулдсан.




Бямбын Ринчен хэмээх агуу хүний тухай сайхан сайхан нийтлэлүүд зөндөө. Гэхдээ Соёлын гавьяат зүтгэлтэн, шүүмж судлаач, орчуулагч Ц.Хасбаатар гуайн их хүний тухай бичсэн нийтлэлийг эс уншваас харамсалтай санагдана. 


Хүний ой гэдэг тун хэврэгхэн солонго зэрэглээ мэт сонин үзэгдэл юм. Цагийн эрхээр өнгөсөн явдал сүлжилдэж хутгалдах нь буй. Андуурах, будилах, самуурах нь ч наад захын хэрэг. Ор тас мартагдах нь ч их. Зарим үйл явдал нүдэнд тов тодхон харагдах атлаа зарим нь бүр түүрхэн жирэлзэнэ. Аливаа дуртгалд болгоомжтой хандах хэрэгтэй гэлцдэг нь түмэн зөв. Тиймээс ч дурсамж бичсэн хүн андуу ташаа зүйл орсон байх вий гэж болгоомжлон, уншигч олноос уучлал гуйдаг байх. Би ч гэсэн уншигчдаас уучлал эрэн байж Ринчен гуайн тухай санаанд үлдсэн дурсамжаа товчхон бичье гэж бодлоо.

Ринчен гуайг би 1942 оны зун анх харж билээ. Туул голын хөвөөнд УУ булан хэмээх газар пионерын зуслан байгуулагдаад биднийг амарч байхад нээх ёслол нь болж Маршал Чойбалсан, Цэдэнбал, Янжмаа зэрэг нам засгийн удирдагчид очиж билээ. Тэгэхэд Ринчен гуай бас очсон. “Үнэн” сонинд ажиллаж байсан байх. Туг өргөлцөөд өндөр модон индэр дээрээс овог нэрийг минь асууж тэмдэглэж авсан санагдана.

Москвагийн их сургуулийн сэтгүүлзүйн ангид сурч байхдаа тавин хоёр оны зун би нутагтаа ирж “Үнэн” сонины газар дадлага хийсэн юм. Тэр үед Ринчен гуай, Раднаа гуай хоёр “Үнэн” сонины орос хэлний редакцид ажиллаж байлаа. Тэр хоёр Монголоос орос руу орчуулга хийнэ. Ринчен гуайн дэргэд хэд хоног ажилласан минь надад их л аз завшаантай хэрэг болсон. Ажилд минь тусална, зааж зөвлөнө, сонин хачин юм ярина. Тэр үед сонссон, дуулсан зарим зүйл санаанд үлджээ. Нэг хүн Ринчен гуайд дэнлүү гэдэг чинь хятад үг байна. Фонарь гэвэл яасан юм бэ гэж хэлжээ. Ринчен гуай: “арван тавны сар нь агаар тэнгэртээ фонарь даа, арван тавтай Шожу нь аав ээждээ фонарь даа” гэж дуулах болж байна уу?” гэж хариулжээ.

“Семейственность” гэдэг үг ямар утгатай вэ? гэж нэг хүнийг асуухад “толгой хагарсан ч малгайдаа тохой хугарсан ч ханцуйндаа “ гэсэн нэг утга байж болох юм биш үү гэж хариулсан байдаг. Намайг хэвлэх үйлдвэрт ажиллаж байхад ахмад нөхөд Ринчен гуайн тухай их хуучилдаг сан. Дөчин хэдэн онд Ринчен гуай хэвлэх үйлдвэрийг шүүмжлээд “зуун ямаанд жаран ухна” гэдэг шог найруулал “Үнэн” сонинд бичжээ. Их олон даргатай байсан учир тийнхүү бичжээ. Тэгсэн чинь удалгүй өөрийг нь хэвлэх үйлдвэрийн даргаар тавьчихжээ. Тэгэхэд нь хэвлэх үйлдвэрийнхэн жаран ухны оронд ганц том ухна ирлээ гэж наргиа болгон ярилцаж байсан гэдэг.

Дайны үед хууль ч чанга байж Ринчен гуай ажлын цагийг өөрөө бүртгэдэг, ажил таслагчдыг шийтгэдэг, хөөдөг шүүхэд шилжүүлдэг ширүүн дарга байсан гэж ярилцдаг сан. Намайг улсын хэвлэлд ажиллаж байхад Ринчен гуай хааяа мөнгө цохиулахаар орж ирнэ. Сонин юм ярина, тамхи татна. Тамхи татангууд “можно подстрелить” гээд миний тамхинаас татна. Тамхи л бол тамхи. Голно шилнэ гэж байхгүй. Бөө мөргөлийн тухай, алмасны тухай тун сонин юм ярьдаг сан. Ринчен гуай бол ном сонин орчуулж сурахад минь зааж зөвлөж бас урам хайрлаж байсан номын багш, ачтан түшигтэй хүн байсан юм. Зохиолчдын 2-р их хуралд тавьсан илтгэлдээ Ч.Чимэд бид хоёрын тухай баярламаар сайхан үг хэлж байж билээ.

Ринчен гуай хүнийг дээр доор хөгшин залуу, эрдэмтэй эрдэмгүй гэж ялгадаггүй, хэнтэй ч гэсэн ярих, маргах дуртай байсан билээ. Хүн бүхнийг, өөрөөсөө олон дүү хүнийг ч “та” гэж хүндэтгэнэ. Юм асуухад уриалгахан хариулж өгнө. Ихэрхэж ундууцах, дургүйлхэж байхыг нь би үзээгүй. Орчуулагчид бид байн байн утасдаж орчуулж дийлэхгүй үг өгүүлбэрээ залхтал нь асууж мөн ч их цагийг нь үрсэн дээ.

Бидний хэдийд ч гэсэн утасдаж байдаг найдвартай үйлчилгээтэй “лавлах товчоо” байж билээ. “Шагающий экскаватор” гэдэг үг анх нэвтэрч байх үед бид Ринчен гуайг “большая шагающая энциклопедия” гэж хоорондоо ярилцдаг байсан. Үнэхээр ч олон талын мэдлэгтэй хүн байсан. Улс төр, гүн ухаан, түүх, түмэн бодис, уран зохиол, шашин, техникийн салбарын ямар ч үг асуусан орчуулан хэлж өгөхийг л хичээнэ. Заримдаа “та утасаа тавилгүй жаахан хүлээгээрэй” гэнэ. Тэгээд өрнө дорны олон хэлний толь үзээд энэ үгийг чинь ингэж орчуулбал дүйх болов уу гэж хэлнэ.

Тавин хэдэн онд Чехийн сэтгүүлч Ян Яну (Би түүнд үйлчилж байсан юм) Монголч эрдэмтэн Поуха хоёрыг нутаг буцахад “Алтай” зочид буудалд дайллага хийж билээ. Тэр дайллага дээр Ринчен гуай: “Миний багш академич Владимирцов малчин ардын утаатай бор гэрт хонож үзээгүй хүн жинхэнэ Монголч эрдэмтэн болж чадахгүй гэж хэлдэг сэн. Эрдэмтэн Поуха надтай хамт Монгол орноор олон мянган километр аялж малчин ардын маань гэрт хонож ном судар, ахуй байдалтай нь танилцлаа...” гэж хэлж байсныг санаж байна. Поуха Ринчен гуай шиг аяархан нам дуутай, шогч маягийн нүдэнд дулаахан өвгөн байжээ. Налайхын уурхай үзэхээр Ян яну бид хоёртой хамт явсан юм. Тэнд Поуха гуай Монголоор ер ярьдаггүй байснаа “би Монгол морь хармаар байна” гэж надад Монголоор хэлж билээ. Ринчен гуай хэлж өгсөн байх.

Жаран хэдэн онд Ринчен гуай барууны оронд явах замдаа Москвад буухад нь онгоцны буудалд очиж уузлаа. Ринчен гуай хүрэн дээл өмсч мөнгөн товруутай суран бүс бүсэлжээ. Ачаагаа авах болсон чинь чемоданых нь цоож эвдэрчихсэн байлаа. Онгоцны буудлын үйлчлэгч нарт “онгоцонд өгөхөд бүтэн л байсан юм даа” гэж гомдол нэхээд салдаггүй. Буурал урт үс, гоё сахалтай хачин хувцастай унждаг өмдтэй дорно зүгийн сүрлэг өвгөн оросоор дуржигнатал ярьж байхыг ойр тойрны зорчигчид их л сонирхон харж байлаа. Нэг хүн “энэ өвгөн лав галзуу хүрсэн байх” гэж хэлж байж билээ.

Ринчен гуайтай дайллага цайллага дээр олон удаа тааралдсан. Жаран насны ойгоор гэрт нь очсон. Хөлчүүртлээ ууж байхыг нь ер үзээгүй. Тавиад оны эхээр Д. Сэнгээ “даруулга хэрэгтэй “ шүлэгтээ “ёс дэглэмгүй , онгиргон сагсуу , танхайрч явдаг, өмхөрсөн феодализмын лаг шавраас өрөөсөн хөлөө сугалж чадаагүй” гэх зэргээр Ринчен гуайг дайрч доромжилсон. Арай хожуу нэг хурал дээр “Ринчен бол национализмын шар аалз мөн”... “шүлсэндээ залуучуудыг орооцолдуулж байна...” гэж нэг эрдэмтэн шүүмжилсэн гэсэн .(тэр залуучуудын дотор миний нэр ч орж байсан сурагтай ).

Тавиад оны сүүлчээр Ринчен гуайн эсрэг айхтар компани өрнөлөө. “Үнэн” сонинд “Бидний эгнээнд хөрөнгөтний үзэлтэнд байр байхгүй”, “Үндэсний явцуу үзлийн элдвийн илрэлтэй шийдвэртэй тэмцье. “(Зохиолч Ж.Пүрэв, Ш.Нацагдорж нарын зэрэг 5 хүн), “Хөдөлмөр” сонинд “Бид аргадахгүй” гэсэн нэртэй өгүүллүүд нийтлэгдлээ. “Үнэн” сонинд Ринчен уулаасаа жижиг хөрөнгөтний үндэсний явцуу үзэлтэй, хувьсгалын үзэл хүмүүжлийг шингээж аваагүй хүн гэж бичсэн байлаа. “Хөрөнгөтний онгиргон сагсуу дээрэнгүй зан авираа татвал таарна, тийм этгээд бидэнд хэрэггүй, үзэл санаагаа засвал зол, эс засвал бид аргадахгүй” гэж “Хөдөлмөр” сонинд бичиж байлаа. “Бид аргадахгүй” гэсэн тэр өгүүлэлд бас Б.Ринченгийн номыг редакторлаж гаргасан Ц.Хасбаатар, Д.Тарваа, М.Дарамванчиг нарыг “хөдөлмөрчин түмний социалист ухамсрыг хордуулах” хор найруулж байсан… гэсэн үг бий. Одоо уншихад гучин хэдэн оны улс төрийн хэрэгтний ялын төлөвлөгөө шиг л санагдаж байна. Сэтгэлд жавар хургам үг мөн ч олон дуулсан даа.

Тэр үед иймэрхүү юм бичиж, бичүүлж, хянаж, баталж хэвлүүлж байсан хүмүүс одоо шал ондоо болчихсон зарим нь Б.Ринчений уран бүтээлийн тухай томхон хөрөг бичиж байна. Б.Ринчен бол Монголын соёлд үнэнхүү хайртай, ихийг мэддэг зохиолч байсан гэж бичжээ. Үүнийг би “баг зүүж өөрчлөн байгуулалтын төлөө тэмцэгчийн дүрд жүжиглэж байна” гэж үзэхгүй. Өөрчлөн байгуулалтыг өөрөөсөө эхэлж байна л гэж үзнэ. Буруу гэсэн юм зөв болдог. Хараалгасан хүн ерөөлгөх учир ч бий. Ерөөлгөсөн хүн хараалгах ч учир бий. Жамтай юм жамаараа л явж байна. Ринчен гуайд шүүмжлүүлж байсан зохиолч, шүүмжлэгч, судлаач, орчуулагчид тэр үед хариугаа авахаар мөн ч их “онгодтой” хөдөлцгөөсөн дөө. Үг хэлэх хариутай. өөд гарах уруутай гэдэг Моцарт (авьяастай), Сальери (авьяасгүй) зөрчилдөөн ямагт байсан, хойшид ч үргэлжилсээр байх болно.

Монголч эрдэмтдийн анхдугаар их хуралд (1959) Ринчен гуайн зөвлөснөөр илтгэл тавих юм боллоо. Тэр үед би улсын хэвлэлийн газрын ерөнхий редактораар ажиллаж байлаа. Эрдэм шинжилгээний ажил огт хийж үзээгүй, уран зохиол сонирхохоос цаашгүй нэгэн байлаа. “Уран зохиолын төрөл зүйл” гэсэн нэг өгүүлэл бичсэн чинь Ринчен гуай үзээд болмоор байна гэсэн юм. Гэтэл нэг өдөр хуралд бэлтгэх комисын дарга утасдаад “Илтгэл чинь шаардлага хангаагүй байна” гэж хэллээ. Би эрдэм шинжилгээний ажлаас хол хөндий байсан болохоор нэг их юм бодсон ч үгүй. Харин хожим нь санахад тэр үед Ринчен гуайн эсрэг компани өрнөж “хань хамсаатны” нь гадуурхаж байсан явдал нөлөөлсөн ч байж магадгүй. Тэр илтгэл бүтэлгүй болсон ч гэсэн уран зохиолын судлалаар оролдох анхны минь алхам болсон юм. Хэрэв эсэргүүцэлтэй тулгараагүй бол уран зохиол судлах сонирхол минь өрнөлгүй тэр илтгэлээр төгсгөл болох ч байсан юм билүү.

Жаран хэдэн онд Монголын тухай тусгай дугаар гаргахаар Францаас гурван сэтгүүлч ирэхэд би бараа болж явсан юм. Тэд Ринчен гуайтай уулзаж билээ. Хэд хоногийн дараа Ринчен гуай нэг бичиг надад өгөөд “тэр сэтгүүлчдэд дамжуулна уу. Нутагтаа очоод Монголын тухай элдвийн муу юм бичих вий гэж бодоод битүү анхааруулах санаатай Монгол ардын нэг үлгэрийг францаар бичлээ. Санаа авах байх “ гэж хэлж билээ. Удалгүй Францаас Монголд зориулсан дугаараа ирүүллээ. Ринчен гуайтай ярьсан ярилцлагыг зурагтай нь (тал талаас нь авсан арваад зураг) тэр дугаартаа нийтэлсэн байсан. Уг сэтгүүлийг бидэнд олон хувь ирүүлсэн. Гэвч (тэр үед Ринчен гуай хавчигдаж дарагдаж байснаас ч болсон юм уу) тараахыг зөвшөөрөөгүй.

Жаран хэдэн онд Ринчен гуайн ном зохиолыг хэлэлцэх хурал Улсын номын сангийн 306 дугаар танхимд болсныг санаж байна.Ринчен гуай өөрөө ирээгүй. Мөн ч ширүүн шүүмжилцгээсэн дээ. Нэг хүн номыг нь редакторлаж гаргасан хүмүүсийг (тэдний дотор миний нэр орсон) шүүхэд шилжүүлж, Ринчений номнуудыг хураахыг шаардаж байсан. Тэр хурлын санал шүүмжлэлийг тэмдэглэж авсан эсэхийг би мэдэхгүй. Жаран хэдэн онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо Их тэнгэрийн аманд зохиолчдыг хүлээн авч уулзахад Цэдэнбал дарга Ринчен гуай руу хуруугаараа заагаад “энэ Ринчен намайг толгойгоороо биш” гэснээ ар доогуураа заасхийгээд “үүгээрээ боддог гэж хэлсэн” гэж ярьж байсан нь санаанаас гардаггүй юм. ЗХУКН-ын 10-р их хурлын дараа “урин цаг” эхэлсэн үе байсан болоод ч тэр үү, ер нь тэр уулзалт тун илэн далангүй байдалд болсон юм даг.

Ринчен гуай Монголчуудын түүхийг чулуун зэвсгийн үеэс аваад 20-р зууны дунд үе хүртэл уран зохиолын аргаар бичиж үлдээх төлөвлөгөөтэй байсан. Түүнээс нилээдийг бичиж хэвлүүлсэн. “Заан залуудай”, “Их нүүдэл”, “Нууцыг задруулсан захиа”, “Гүнж”, “Цогт тайж”, “Сандо амбан”, “Үүрийн туяа”… (Чингисийн тухай роман бичих бодолтой байгаа гэж ярьдаг сан. Бичсэн эсэхийг мэдэхгүй). Тэр үеийн үзэл суртлын амьсгал ч хэцүүхэн байсан даа. Хэл шинжлэл, гүн ухаан, улс төр, уран зохиолын орчуулга, орчуулгын онол, угсаатны зүй, урлагийн түүх, сэтгүүл зүй, нийтлэл, шог найруулал, тэмдэглэл, сурвалжлага… гэх мэтчилэн олон салбарт хүч нь тарамддаг байсан болохоор төлөвлөсөн зарим зүйлээ тухайлбал Чингисийн тухай зохиолоо бичиж амжаагүй ч байж болно.

Ринчен гуай гарынхаа сарвууны дээрх том сорвийг үзүүлээд “шоронд гавлуулж тамлуулж байсны үлдэгдэл” гэж хэлдэг сэн. “Мөрдөнд байцаагдаж байхад минь Качиков гэгч сургагч орж ирээд намайг байцааж байсан хүнд танай аавыг хэргээ хүлээсэн гэж хэлж байсан” гэж Ринчен гуай миний ахад ярьсан байна билээ. Миний аав намын сургуулийн багш Цэвэгжав 1937 онд баривчлагдаад мөрдөнд байхад нь Ринчен гуай бас тэнд хоригдож байжээ. Миний аав амь эрсдэж жараад онд цагаадсан, саявтар намын гишүүний нь сэргээсэн.

Нэгдүгээр арван жилийн дунд сургуулийн таван жилийн ойн хурал дээр Ринчен гуай хорин хэдэн онд тус сургуулийн захирлаар томилогдож ирээд миний ааваас ажлаа хүлээж авсан гэж ярьж байсан. Хэл зохиолын хүрээлэнгийн зэрэг цол олгох эрдмийн зөвлөлийн нэг хурал дээр Ринчен гуай “Зэрэг горилогчийн бүтээлийг хөнгөн хуудам, ёс төдий хэлэлцэж байна. Дараа нь болох дайллага цайллагыг л бодохоос биш уг ажлын чанарыг буурь суурьтай шүүмжлэн хэлэлцэхгүй байна” гэсэн утгатай үг хэлж байсныг санаж байна. Намайг гэрээр нь нэг ороход Ринчен гуай “Хятад хэл үзэж байна. Энэ таван жилд Мао Зе дуны зохиолоос унших санаатай гэж ярьж билээ. Бичгийн ширээн дээр нь яаж хэрэгтэй юм гэмээр эмх замбараагүй ном судар, бичиг цаас, бас латин, орос үсэгтэй бичгийн хоёр машин байдаг сан.

Ринчен гуайн тухай яриа хот хөдөөгүй түгж домог болжээ. Уржнан Завхан аймагт очиход минь тэндэхийн багш нар надад ингэж ярилаа. Ринчен гуай Чехийн эрдэмтэн Поухатай хамт тавиад оны сүүлчээр Завханд очжээ. Улиастай орох замын хажуугаар цохио хадан дээр олон хүний овог нэр, он сарыг цагаан будгаар бичсэн байхыг хараад Ринчен гуай: “Ээ харла! энд яасан олон хүн оршуулаа вэ?” гээд малгайгаа авч мэхийн ёсолсон гэнэ. Үүнийг дуулангуут сургуулийн багш сурагчид субботник хийж хадны бичээсийг арилгах гэж бөөн ажил болжээ. Бас Тосонцэнгэлд очиход нь сумын төв хог новшиндоо дарагдчихсан, энд тэндгүй овоолоостой яс харагджээ. Тэгээд Ринчен гуай Тосонцэнгэл чинь Ясанцэнгэл болчихсон байх шив” гэж хэлжээ. Сумын төвийнхөн сандарч маргааш нь бас субботник хийсэн хийж хогоо цэвэрлсэн юм гэдэг.

Ринчен гуай гэртээ юмаа бичиж суухад нь утас хангинаад, авахаар нь “Хаанах вэ? Хэн бэ? Хэдэн номер вэ?” гэж шалгаагаад амар заяа үзүүлдэггүй байжээ. Тэгээд Ринчен гуай мэргэн арга сүвэгчилжээ. Утсаа авангуут “Хүүр оршуулах газар “ гэдэг байжээ. Тэгэхэд нь цаад хүн нь “Ээ бурхан минь” гээд утсаа дор нь тавьчихдаг болсон гэлцдэг. Ринчен гуай гашуун, цэцэн үгээр ёжлох, шоглохдоо гойд авьяастай хүн байсан. Тэр нь заримдаа хэтэрдэг ч байсан болов уу. Алиа хошин, ёж, шог үгийг ойлгодог ч хүн байдаг, ойлгодоггүй ч хүн байдаг. Тэгэхээр зарим хүн зэвүүрхдэг байсныг буруушаах аргагүй. Их сургуульд багшилж байхдаа Ринчен гуайн нэг оюутан (дарга хүний эхнэр) хичээлээс хоцорч ирэхэд нь “Манз чинь оройтов уу, машин чинь саатав уу, зоог чинь оройтов уу, жолооч чинь хожимдов уу” гэж хэлсэн гэдэг. Тэр үе иймэрхүү үг ямаршуу дуулдах нь ойлгомжтой шүү дээ.

Зарим хүн одоо намайг хэлмэгдэгчийн дүр үзүүлж байна гэж шүүмжилж байна. Ринчен гуайн зохиолоос болж Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны тогтоолоор сануулга авч байсан тэр үед “догматикуудыг даган баясагч “гэдгээ огт ухаараагүй байж, ухаарах ч сэхээ байаагүй намаас хөөгдөх вий л гэж айж байсан. Одоо зохиолч, шүүмжлэгчид бие биеэ “дээрэмчин”, “панзчин” гэж элдвээр харааж байна. Ринчен гуайн эсрэг ширүүн компаны үед шүүмжлэлийн пян даах “дархлалтай “ болсон минь одоо харин хэрэг болж байна. “Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг” энэ үгийн үнэнийг Ринчен гуайн намтар бэлхнээ харуулж байнам биш үү. Ноднин нэг өвгөн: “Ринчен өөрөө шоронд хэдэн жил тамлуулснаа мартчихаад “Үүрийн туяа” романдаа Чойбалсанг магтсан” гэж надад ярьсан. Тэр нь ч үнэн. Маршал Х.Чойбалсанд ая тал засаагүй бол яах ч байсан юм билээ. Маршал Х.Чойбалсан Ринчен гуайн амийг нь хэлтрүүлсэн нь ч бас үнэн. Айж явбал аминд хэрэгтэй гэдэг л болсон байх. Хүн гэдэг хүн л шүү дээ. Үр хүүхдээ ч бодоо биз.

Хэрэв Ринчен гуайг гучин хэдэн онд цаазаар авсан бол “Цогт тайж”, “Бэр цэцэг”, “Ану хатан” ч байхгүй, Маркс, Энгельс, Мольер, Гоголь, Мицкевич, Фучикийн зохиолын олигтой орчуулга ч байхгүй, хэл шинжлэлийн үнэтэй бүтээлүүд ч байхгүй байх байсан. Ганц хүн ийм их юм хийсэн гэж бодоход тэр үед алагдсан уран бүтээлийн өдий төдий сэхээтнүүдтэй хамт Монгол үндэсний суу билгийн ямар их нөөц баялаг газарт булагдаа вэ? Ямар сайхан утга уянгын цэцэгс цомирлогоо нээж амжилгүй эрэлгийн мэсний ирэнд хяргагдан унаа вэ? Харамсавч баршгүй, Монголын үндэсний соёлын олон зуун жил хуримтлагдсан аугаа их цэнэг Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн зэрэг бичгийн мэргэдийн оюун билгийг тэжээн тэтгэж, онгодыг нь сэргээж, зоригийг нь хөвчилж байсан билээ. Тиймээс ч тэд нар захиргаадан тушааж, муйхарлан тулгах арга ноёрхож байсан хэцүү үед ч санасан бодсоноосоо няцалгүй, нэр төрөө бодолгүй хүнд суртлын дарамт шахалтыг сөрж чадсан юм. Гэвч цагийн эрхийг дагаж тухайн үеэ зарим үед арга буюу өргөмжлөн магтахаас аргагүй байсан үе тэдэнд бий. Х.Чойбалсангийн ялт хэрэг сөхөгдөн илчлэгдэж байгаа өнөөгийн байр сууринаас бүр ч содон эвгүй харагдаж байгаа тэдний “нүглийг” түүх уучлах байх гэж бодож байна. Тэд нарын ноён нуруу гол чиглэл, шилдэг зохиол нь эцсийн эцэст уран бүтээлийнх нь хувь заяаг тодорхойлох учиртай.

Олон улсын уран зохиолын түүхэнд нэрт зохиолчид цагийн аясаар алдаж осолдож байсан баримт бишгүй бий. А.Пушкин Польшийн ард түмний бослогыг зэмлэн буруушааж, Ф.Достоевский харгис үзэл номлож. М.Горький сталинизмын үеийн хорих лагерийг магтаж байсан удаатай. Далан хэдэн онд би Ринчен гуайтай Сүхбаатарын талбайд дайралдсан. Царай нь их л ядрангуй байсан. Тэгэхэд “Би одоо хөгшин хонины насгүй боллоо... “Намын амьдрал” сэтгүүлд миний удам угсааг элдвээр дайрч гүтгэж бичсэн… би Брежнев, Цэдэнбал хоёрт захидал бичсэн” гэж ярьж билээ. Ринчен гуайн амьд сэрүүн байхад сүүлчийн удаа уулзаж байгаагаа тэр үед би мэдээгүй. Ринчен гуайн өөд болсны дараа Америкийн хэвлэлд “Монголын Солженицын нас барлаа” гэж бичсэн хэмээн дуулдсан.

Оршуулахад нь би Улсын номын сангийн 306 дугаар танхимд очиж салах ёс гүйцэтгэсэн. Тэр үед Ринчен гуайн нэр цээртэй хэвээрээ л байсан. Намын төв хорооны үзэл суртлын хэлтэст ажиллаж байсан болохоороо дарга нар юу гэх бол гэж дотроо эмээж л явлаа. Сүүнд халсан хүн тараг үлээнэ гэгч л болсон. Их найрагч Алигьери Дантегийн “Зорьсон замаараа л яв. Хүн юу л гэвэл гэж байг” гэсэн мэргэн үгийг “Үүрийн туяа” романы төгсгөлд иш татсан байдаг. Энэ үг Ринчен гуайн гол чиг баримтлал байсан. Ринчен гуай зорьсон замаасаа гажилгүй, үзэл бодлоосоо няцалгүй, ерөөлд сагсайлгүй, хараалд гудайлгүй Монголоо гэсээр байгаад насан өөд болсон доо.

Ц.Хасбаатар

Thursday, February 14, 2019

OPPORTUNITY

Улаан гаригийг тандахаар илгээхдээ удахгүй чадхийх биз дээ хэмээн бодож байсан Боломж хэмээх тандуул төхөөрөмж харин ч боломжоо ашиглан бүтэн 14 жил 293 хоног ажлаа хийжээ. Товлосон хугацаанаас 55 дахин удаан ажилласан гэсэн үг. Энэ хугацаанд Ангарагийн гадарга дээр нийт 45.16 км холхисон байна. Түүнтэй холбоо барих эцсийн оролдлогыг уржигдар хийсэн ч амжилт олоогүй аж. Хөөрхий минь улаан гаригийн шороог хөдөлгөсөөр яваа ч юм бил үү. Гэхдээ ямар ч байсан зорьсон хэргээ бүтээгээд, мэдсэн сурснаа дэлхийдээ илгээчихсээн. Буянт Opportunity таны гавьяаг магтан дуулъя!

Зураг болон мэдээллийн эх сурвалж:
https://www.iflscience.com/space/so-long-opportunity-and-thanks-for-all-the-science/


Tuesday, February 12, 2019

Шавжны тухай өгүүлэл

БиБиСи дээр энэ өгүүллийн тухай нийтлэл орсон байхаар нь халти сонирхлоо. Товчхондоо бол нийт шавжнуудын 40 гаруй хувьд нь устах аюул нүүрлээд байгаа юм байна. Лепидоптера (эрвээхий), хайменоптера (ялаа, зөгий, шоргоолж), цохны ангиуд хамгийн их хэлмэгдээд байгаа нь гэнэ. Мөн усны 4 ангийн шавж ихэнхи төрөл зүйлээ алдаад байгаа гэж байна. Үүний гол шалтгаан нь эрчимжүүлсэн газар тариалан, хотжилт. Дээр нь нэмээд шавж устгагч, бордоо зэрэг газар тариалангийн бохирдуулагч химийн бодисууд, шинээр нэвтрүүлсэн шавжны төрөл зүйлүүд, тэгээд цаг уурын өөрчлөлтийг үндсэн шалтгаануудаар нэрлэсэн байна. Дэлхийн янз бүрийн газар оронд шавжны тоо буурч, устан үгүй болж байгаа тухай тайлагнасан нийт 73 ажлыг нарийн судлан үзэж энэхүү өгүүллийг бичсэн байна. Сонирхсон улс нь уншина буй за. 

Эх сурвалж: https://www.sciencedirect.com/science/article/pii/S0006320718313636

Wednesday, January 30, 2019

Кои но ёкан

Кои но ёкан (恋の予感) гэж хэлц байдаг гэнэ ээ. Нихон үг юм байна. Хэн нэгнийг хараад "Энэ хүнд би дурлах нь тодорхой юм байна" гэсэн мэдрэмж төрж сэтгэл хөдлөн дотор сайхан болохыг ийнхүү үгээр илэрхийлжээ. Анхны харцаар дурлахыг өөр үгээр илэрхийлдэг гэнэ.

Энэ тухай: http://www.bbc.com/culture/story/20180103-the-untranslatable-japanese-phrase-that-predicts-love


Tuesday, January 29, 2019

Үү-үү юу ний-наа юу?

2015 онд Свиндон хотын цагдаа нар дуут дохиоллоо онцын шаардлагагүй үед ажиллуулсандаа уучлал хүсчээ. Уг нь 4 настай хэсэг хүүхдүүд цагдаагийн тэрэгний дохиолол "үү-үү" эсвэл "ний-наа" гэж дугардаг гэж маргалдаж байсныг зохицуулах зорилгоор дохиоллоо ажиллуулсан юм байна.

#ШалдарБулдар

Wednesday, January 16, 2019

Лабораторийн аялал

Байсхийгээд л нэг хэсэг хүмүүс манай лабораториор зочилно оо. Голдуу 20-30 хүний бүрэлдэхүүнтэй нэг юм уу хоёр бүлэг улс. Бага, дунд, ахлах сургуулийн багш нар, оюутан сурагчид, заримдаа албан байгууллагууд зохион байгуулалттайгаар ирж манай хүрээлэнгээр танилцах аялал хийнэ. Тэр болгонд манай багш хичнээн завгүй байсан ч их өндөр ач холбогдол өгч өөрөө ийнхүү мэдээлэл өгч тайлбарладаг.

Баяжуулалтын олон арга технологиудыг ерөнхийд нь ярьж өгөөд хөвүүлэн баяжуулах, хүндийн хүчээр ангилах, соронзон баяжуулалт, өнгөөр ялгах, хуванцар материалыг цахилгаан цэнэгээр нь ангилах зэрэг процессуудыг зориулалтын тоног төхөөрөмж ашиглан үзүүлэхэд зочдод их сонирхолтой байдаг.

Манай Монгол газарт энэ мэтээр багш, сурагчдыг тойрон аялал хийлгэж мэдлэг тэлэх арга хэмжээ хэр зохиогддог бол? Би ч оюутан болоод танилцах дадлага хийхдээ л иймэрхүү практик хэрэглээг анх харж байсан санагддаг юм.


Friday, January 04, 2019

AFC Stadium Tour

Арван хэдэн жил дэмжихдээ "Хэзээ нэгэн цагт очно доо" гэж бодоод л явдаг байсан ариун сүмдээ ийнхүү нэг мөргөж, гороолоод ирэв. Аньсага чийгтэж үзэж байна. Хүний хүсэлд хязгаар байдаггүй юм болохоор "Дараа нэг ирж тоглолт үзнэ ээ" гэсэн бодолтой гарлаа. Уг нь сая Брайтонтой хийсэн тоглолтыг үзсэн л дээ. Гэхдээ айлын талбай дээр биш эзэн багийн хувиар тоглохыг хармаар санагдаад.

#AFCStadiumTour






Thursday, December 06, 2018

Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл

ХИС-ийн Сэтгүүлзүй, медиа технологийн тэнхимийн 2-р ангийн оюутан Н.Энхтэнгэр "БУРХНААС ГУЙСАН НҮГЭЛТЭЙ ХҮСЭЛ" хэмээх бүтээлээрээ "Алтан үзэг" сэтгүүл зүйн оюутны улсын наадмын тэргүүн шагналыг хүртжээ.

Түүнийг нь сая уншаад эмзэглэв, самсаа шархирав. Ийм амьдралыг өнөөдөр ч туулж байж мэдэх олон хүүхдүүдийг бодож сэтгэл өвдлөө. Аминчхан л бодол юм даа гэхдээ ийм айхтар амьдрал үзүүлээгүй аав ээждээ талархан сөгдье. Аав минь ээжид гар хүрэх битгий хэл ширүүхэн ч загнаж байгаагүй хүн дээ. Хөгшин аав, нагац аав хоёр маань ч бас ерөөсөө орон гэртээ ам мурийж хэрэлдэж байгаагүй улс байдаг юм.

Унших хаяг нь: http://www.ub.life/p/16592