Showing posts with label Уран зохиол. Show all posts
Showing posts with label Уран зохиол. Show all posts

Monday, May 13, 2019

“АЛСУУР ДАЯЛЖ АНХНЫ ЗОРИЛГОДОО ХӨТЛӨХҮЙ” ГЭДЭГ МЭХ ХЭРЭГЛЭСЭН МИНЬ

Миний биеийг захиран зарцуулах эрхтэй гэрийн ерөнхий сайдаас гадна нэг Атамантай хүн билээ. Өрхийн тэргүүн хэмээх бэлэгдлийн чанартай цол төдий гэдгийг манай гэр бүл доторх удирдлагын тогтолцоо яв цав харуулдгийг хааяа бодож гүн санаа алдах явдал мэр сэр бий. Гэхдээ удирдлагын тогтолцооны энэхүү гажуудлаас болоод үүрэг нөлөө нойл зааж байгаа юу гэвэл бас үгүй юм. Жишээлэхэд, би вээр Атаманы төрөл бүрийн боловсролын асуудалд хөндлөнгийн болон дотоодын аудитын үүргийг давхар хаших ба хааяа сурган хүмүүжүүлэгчийн үүрэг гүйцэтгэгч ч хийх нь бий. (мэдэж байгаа, тогтолцооны гажуудал, системийн завхрал, ашиг сонирхлын зөрчил бүгд байгаа)

Сүүлийн үед коачинг, менторинг гэх болсон арга хэмжээг Атаманы а гэж анх дугарсан үеэс хэрэгжүүлж эхэлсэн байдаг юм. Гэхдээ энэ арга хэмжээ зөв хэрэгжсэн үедээ хүлээн авагч нь коач буюу ментороосоо өөрийн амьдралд хэрэгтэй зөвлөгөө, сэтгэл санааны дэмжлэг авдаг бол минийх шал эсрэгээрээ билээ. Юу гэвэл, би түүнийг мэндлэнгүүт өөрийн хамсаатан болгох атгаг төлөвлөгөө шууд боловсруулсан юм. Уншсан ном, үзсэн киногоо сэтгэл сэргэтэл чөлөөтэй ярьж суудаг хамсаатантай болсноор гэр бүл доторх миний байр суурь өндөр байх болно гэж тооцоолсон хэрэг л дээ.

Одоо ингээд 8-9 жилийн мастер төлөвлөгөөний хэрэгжиж байгаа байдлыг харахад дуртай зүйл бүр дээр нь дөрөөлж тэр чиглэлийн гайгүй шиг кинонуудыг санал болгон хамт үзэх замаар ерөнхийдөө нэлээн амжилт олоод байгаа. Цаашдаа ч энэ эрчээрээ гайгүй сайн явах боломжтой гэсэн хэтийн төлөв харагдаж байна.

Хэрхэн хэрэгжүүлэв ээ хэмээвээс.
Эхний ээлжинд дада дүдү гээд байж байх үед нь хурц тод өнгөтэй, хөгжүүн хөхиүн дуу хууртай кинонууд үзүүлэх. Энэ үед киног дуу хууртай байж болдог гэдгийг таниулах зориулалттай тул болж өгвөл өөрийн дуртай кинонуудыг үзүүлэх хэрэгтэй. Бас өөрийн дуртай дуунуудыг сонсгож чихэнд нь дасгавал зохино. Кино болон хөгжмийн сонголт хийх эрх надад байсан тул энэ үе шат их амархан байсан.

Хамаг ухаан уралдуулах үе шат нөхрийн гарт зурагтын удирдлага очсон үед тохионо. Өмнөх үе шатандаа бэлтгэл ажиллагааг маш сайн хийсэн бол энэ үе тийм ч хэцүү биш. Өөрөөр нь сонголт хийлгэж байгаа мэт харагдуулах хэрэгтэй. Хоёр юм уу гурван киног санал болгож алийг нь үзэх хүсэлтэй байгааг байнга асууж бай. Ер нь бол нөхрийг сонголтоо өөрөө хийж байна гэсэн сэтгэгдэлтэй л явуулах хэрэгтэй. Манайхны сонгууль шиг л. Сонголтыг нь харин өөрөө бэлдэж өгнө. Ер нь бол эхэн үед аль болох өргөн хүрээтэй явуулах хэрэгтэй. Юу хүсч байгааг нь өгч байгаа мэт харагдахаар. Миний хувьд дуу хөгжмийн тал дээр голдуу өөрийн дуртай дуу хуурыг сонсгож байсан ба цаг үедээ хит болж байгаа орчин үеийн дуунуудаас аль болох зайлсхийхийг хичээсэн. Өөрөө том болохоороо тэртэй тэргүй сонсох байх гэж бодож явдаг тул аль болох хөгжмийн мэдрэмж суулгах болов уу гэж бодсон дуу хуурт гол анхаарлаа хандуулсан. Рок дуунууд, поп дуунууд аль алийг нь л сонсгож байсны ачаар одоо аавын дуртай гэх тодотголтой дуунуудыг дагаад сонсдог болсон. Кэйпопыг бол ерөөсөө шууд хорио цээрт оруулсан. Хүмүүс нь гоё ганган, дууны ая, бүжгийн хөдөлгөөн нь энгийн бөгөөд дагаад аялахуйц байдаг тул хүмүүсийг амархан урхиддаг. Тиймээс бүр огт сонсгох хэрэггүй. “Аав та яагаад Солонгосуудад дургүй байдаг юм бэ?” гэж асуусан удаа бий. Тэр үед нь зохих үнэн тайлбарыг өгсөн болно.

Киноны хувьд өөрийн айконик гэж бодсон хэд хэдэн сонгодог бүтээлүүдийг насанд нь тохируулаад үзүүлсээр ирсэн ба одоо миний атаман суперкалифражилистикэкспиалидошиус гэдэг үгийг 4 секундэд бүтэн хэлж чаддаг болсон. Миний урхидах үндсэн аргуудын нэг бол нэг кинон дээр гардаг өөр нэг киноны тухай хэсэгт ач холбогдол өгч нөхрийг анзааруулах. Жишээ болгон хэлэхэд, Мэри Поппинсыг зүгээр шууд үзүүлэх гэж оролдоход анхандаа тийм ч дуртай байгаагүй. Хуучны кино байна гээд. Тэгэхээр нь Марвелийн “Галактикийн хамгаалагчид” киноны хоёрдугаар ангийг үзүүллээ. Ёонду тэнгэрээс бууж ирж байхад нь “Чи яг Мэри Поппинс шиг харагдаж байна” гэдэг хэсэг дээр би зориуд өргөлт өгөв. “Нээрээ яг Мэри Поппинс шиг байна шүү” гэж атаманд сонсогдохуйц хэлэхэд нөхрийн сонирхол хөдөлж юун хүн болохыг лавлахад нь би Ютүб дээрээс өмнө нь хайж бэлдсэн байсан бичлэгийг үзүүллээ. Суперкалифражилистикэкспиалидошиус гэдэг дууг үзүүлэнгээ түүнийг багадаа энэ үгийг хэлж чадахгүй супадош гэж хэлж байсныг нь сануулж шарыг нь жаахан малтав. Галактикийн хамгаалагч нарыг үзэж дуусаад шууд Мэри Поппинсыг үзэх хүсэлт ирэв. Би ч үүнд бас бэлдээд хамгийн гоё блүрэй бичлэгтэйг татаж авсан байсан тул шууд үзүүллээ. Ингээд манай атаман 2019 оны 2 дугаар сарын 14-нийг тэсэн ядан хүлээж эхэлсэн юм даа. Эмили Блантын тоглосон хоёрдугаар анги нь энэ өдөр нээлтээ хийнэ гэдгийг өөрөө гүүглдэж олж мэдсэн юм. Ер нь миний хэлсэн юмнуудыг давхар гүүглдэж, юүтүбдэж шалгадаг зуршилтай болсон байгааг нь би их сайшааж байгаа. Кино хэлэхээр заавал трэйлерийг нь шалгана.



Хамгийн сүүлийн амжилт гэвэл Студио Гиблид орууллаа. Анх хоёр жилийн өмнө Мононокэ гүнжийг шууд үзүүлэх гэж оролдоход “хэлийг нь ойлгохгүй” хэмээн эрс эсэргүүцэж байсан тул би түр хойш тавиад байсан билээ. Сүүлийн үед нөхөр атаман хайр дурлалын сэдэвтэй кино болон номыг нэн хүчтэй сонирхох болсонтой холбогдуулаад ойрмогхон гарсан Чиний нэр... хэмээх хөөрхөн хүүхэлдэйг үзүүлж хорхойг нь хөдөлгөв. Нихон хэлээр нь яриулаад, англи орчуулгыг дэлгэцийн доогуур урсгах маягаар. Ер нь өөрөө нэтфликсээс голцуу ингэж үзэж дассан болохоор Гиблийд оруулах цаг нь болсон гэж үзсэн хэрэг л дээ. Чиний нэрийн дараа шууд Мононокэ гүнжийг үзүүлсэн. Ер нь хүчирхэг эмэгтэйчүүдтэй кинонд дуртай нөхөр юм байгаам. Тэгээд тэндээс үргэлжлүүлээд Понё, Кикигийн хүргэлтийн үйлчилгээ, Ховлын нүүдэг шилтгээн, Чихиро энэ тэр гээд дамжиж өгсөөн. Арай л Гэрэлт цохнуудын булш руу оруулчихаагүй. Уйлуулдаг кино үзэх үү гэхэд яахын гэхээр нь тэгээд больсон. Гэхдээ ямар ч байсан “Япон хүүхэлдэй үзье л даа” гэдэг болсоон.

Анх атаманы бичиг үсэг тайлагдаагүй байдалд хязгаарлагдаад сүүдэр ший, дуу хуурт түлхүү анхаарч ажиллахдаа ном уншлагыг орхигдуулсан нэг том алдаа буй. Энэ алдааг ойрын үед шаргуу засах зорилгоор түүний дуртай кинонуудын нэг болох Харри Поттерын бүрэн цувралыг англи хэлээр бэлдсэн ба Монгол нь хараахан гарч дуусаагүй. Бөгжний эзний Хоббитыг бас аваад хажууд нь тавьчихсан. Силмариллион, Бөгжний эзэн зэргийг бол цагийн явцад авахаар төлөвлөсөн байгаа. Одоогоор уншихад хэлний бэрхшээл их гарах байх гэж бодож байгаа юм. Ер нь нэг их хүчлэхгүй ч ном уншаарай гэж үе үе дугарсхийгээд л байж байна.

Зургийн эх сурвалж: https://www.theguardian.com/film/2018/nov/23/mary-poppins-why-we-need-a-spoonful-of-sugar-more-than-ever

Thursday, May 02, 2019

Ренчин гуай гурван үеийн намтар

Ренчин гуай гурван үеийн намтраа ийнхүү бичсэн нь үнэхээр сонирхолтой. Хэд хэдэн талаар тустай уншлага болов.

Тэргүүн зэрэгт, юм орчуулдаг хүний хувьд монгол хэлний найруулга, үгийн сонголт, зарим нэг хуучин хэллэгийн хэрэглээ зэргийг таньж мэдэх чухал ач холбогдолтой.

Тэгээд мэдээж өвөг эцэг, эцэг эх, өөрийн нь үед болж байсан түүхэн үйл явдлуудыг хөндлөнгөөс харж, оролцож явсан хүний хувьд их үнэтэй мэдээллүүдийг өгүүлжээ. Бас тухайн үеийн хүмүүсийн байр байдал, өөрийн зан чанарыг ч томруун харуулсан хэд хэдэн тохиолдол байна.

Ер нь их сайхан уншууртай нийтлэл оруулжээ.

Эш татваас:

...Сухбаатар жанжин Хүрээ чөлөөлөхөөр мордохын өмнө намайг сургуульд явуулж өгнө гэж, ямар мэргэжлийн сургууль хийх вэ? гэж асуухад нь хязгаарын яамнаас Дээд шивээний эмэгтэй орос эмч Бурмакинаар тэр Алтанбулаг хавийн ардын дунд тэмбүү, хүйтний эм тариа хийлгэж, эмчилсэн хүний тоогоор хөлс олгож, орос хэлтэйгээр намайг өртөөний тэргэний мориор тэр эмчийн хамт долоон хоногт нэг хоёр явуулж байсны улмаас эмч болбол хэрэгтэй юм байна гэж бодсоноо хэлэхэд минь бидэнд эмч хэдий л бол хэдийг Зөвлөлт Засагт Орос Улс туслан ирүүлнэ. Өвчинд орос, монгол өвчин гэж байдаггүй юм. Монгол бичиг соёлын тухайд бидэнд өөрийн эрдэмтэн их хэрэг болно. Чи хэл бичгийн сайн сургуульд явбал дээр гэж сануулан зөвлөсөн нь одоо миний эрхлэн оролдож буй хэл соёлын мэргэжлийн замыг Сүхбаатар жанжин, холч мэргэн бодлогоор зааж өгснийг санахад, жанжны ачийг умарташгүй биширч явдаг.


1. 2. ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЖИНХЭНЭ ГИШҮҮН, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР РИНЧЕН МИНИЙ ГУРВАН ҮЕИЙН ТҮҮХ

Ринчен миний өвөг эцэг эртний Йөншөөв овогт Бямбаагийн Буд (1842-1913) хар бичин жил Түшээт хаан аймгийн Буурын голд төрсөн гэдэг. Тэр үеийн хошуу засгийн нэрийг багадаа сонсч явсан боловч, нас ахиж мартамхай болоод санаанаас гарчээ. Тэр ч байтугай 1924 онд хойшоо сургуульд явахдаа авгатайгаа Буурын голд өвөг эцгийн өвөлжөөн дээр хүрэлцэн очиж, арцаар сан тавиулан, чулуунаас нь авч явсан минь одоо хүртэл санаанд байдаг боловч тэрнээс хойш тэр хавиар яваагүй тул одоо очоод олохгүй байх.

Мянга найман зуугаад оны үеэр нэг их зуд болж, өвөг эцэг үхэр, хонь ямаагаа үхүүлж, бэрх байдалд ороод гэр бараагаа хэдэн тэмээнд ачиж, хэдэн адуутайгаа монгол Хяраанаар дамжин орос Хяраан орж тэндээс Их нуга гэдэг газар хүрч, орос хааны нутаг хөвч мод сайтай, өнтэй сайхан алба татвар хөнгөн, Ар газраас урд гарсан Ач авгад, Харнууд, Хатгин, Цонгоол, Сартуул омогтон амар сайхан суудаг гэж хэлэлцэж байсан цаг, бас Өндөр гэгээнээс Оросын нутаг амгалан, хойш орж нутаглахад үр хүүхдэд сайн гэсэн үгээр нүүж, хилийн хасаг цэргийн Цонгоол ястны Харьяастайн станц гэдгийг нэг зуун цэргийн дансанд Бужгай гэдэг нэрээ Бямбаагийн хүү Буд гэж оруулан, хасаг цэргийн албанд орж, ан гөрөө сайн учир үнэг, буга, хүдэр баавгай агнаж, орос Торгово гэдэг худалдаачинд ангийн үс худалдан бог малтай болж, нутаг зохиод мал өсөөд, тэмээнд нутаг зохихгүй учраас дөрвөн хошуу малтай болсон гэдэгсэн. Эцгээс гурав гэдэгсэн. Тэдний Амгалан занги гэж нэг өвгөн миний багад явдагсан. Бас хэдэн эмгэд, авга эгч, Охий гэж өвөг эцгийн садангийнхан гэж миний багад малгай гутал, дээл цагаан сараар бэлэглэн өгдөг байсан. Одоогийн Булган аймгийн Йөншөөвийнхний дунд түүний үр угсаа бий боловч, өвгөд эмгэдийн нэрийг мартаад, үр угсаагий нь одоо мэдэхгүй болж, төрөл мултарчихлаа гэдэг нь миний үед үзэгджээ.

Өвөг эцэг монголтой, бар бичмэлийн олон номтой, тэр дунд Ойрадын Зая бандидын Хар Эрчис, Аалайн хийдэд байх үед орчууллаа гэсэн модон барын сонин “Юм” гэдэг судартай; зуны бага сарын наймнаас арван таван хүртэл монгол “Юм” хур гэж зориутлан Буурын голд гэр барьж, нутгийн монголтой өвгөд харцуул долоон хоног монголоор уншдаг байсан нь хуучин Түшээт хан аймгийн нэг хэсэг нутаг, тэр уламжлал Өнжүүлд хүртэл монгол “Юм” мөн тэр үеэр харцуул уншдаг ёс гэмингийн үе хүртэл байсан уламжлалтай байсан нь надад сонин санагддаг.

Өвөг эцэг орос хэл, гагцхүү хасаг морин цэргийн команд төдий мэддэг тийм нэгэн малчин өвгөн залуудаа хилийн хасаг цэргийн харуулын албанд явалцаж байсан гэдэгсэн. 1918 (?) оны зун Их нуга гэдэг нутагтаа морин тэргээр явж байгаад нас барсан. Богдын хүрээ, Утай, Намхай, Будал, Гүмбүм гэдэг газар мөргөл хийж олон удаа явсан гэдэгсэн.

МИНИЙ ЭМЭГ ЭХ ӨРЛҮҮД ОВОГТОЙ БАЖИЙ (1835-1928) хөхөгчин хонин жилтэй, Усан зүйл гэдэг газар төрсөн гэдэгсэн. Одоо Өвөрхангайн нутаг, чухам ямар сум болохыг мэдэхгүй. Түшээт хаан Гомбодоржийн хатны нэг аягачин охин Өндөр гэгээнийг төрөхөд хөхнөөс нь сүү гарсан бэлэг зохиолдсон тул түүний удмын хүн гэлцдэгсэн. Тэгээд гурван жилд нэг удаа заавал Амарбаясгалан хийд орж мөргөл хийж, тэндээс Богдын хүрээ, мөн Утай, Намхай Будал гэдэг газар Богдын хүрээнээс Өрлүүд аймгийнхны мөргөлчинтэй явж мөргөл хийдэг, Хятад газар бас Жийдаан хуушааны сүм үзлээ гэж, Жийдаан хуушааны намтар үздэг тийм хүн байсан. Өвөр хошуу нутгаар явахдаа сурсан гэж утсаар зүү ороох, хатгамлахдаа сүрхий, уран гартай малчин эмэгтэй байсан. Үлгэр домог их мэддэг, Утай, Бээжингээр явснаа их ярьдаг нэгэн тийм эмгэн. Өвөг эцгийг нас барсан жил, намар нь өтөлсөн хойноо өвгөдийнхөө нутагт ясаа тавина гэж Хиагтын Наймаа хотын зүүнтээ, одооны Алтанбулаг хотын бууринд Дамбадугарын дуганы баруунтай, өргөөшөө хорин алд, уртаашаа наян алд газар, Заргачийн яамны хэмжин олгосон газар ахмад хүү Бадамцэрэнгийн хамт намаржин өвөлжиж, хойт намар нь гэмин ирээд, тэр газрын баруунтаа орос цэргийн модон хуаран байсан, гэмин цэрэг орж, цэргийн ойр байж болохгүй гэж нүүлгэж байсан.

Сүхбаатарын сэм хил давах үеэс таньдаг байсан. Хожим Хиагтын Наймаа хот ардын журамын цэрэг гэминг хөөн зайлуулахад Сүхбаатарын монгол цэрэгт хүч зузаатган Улаан цэргийнхэн ар талаас нь дэмжин туслана гэж тэр хавийн айлаа монгол нэхий дээл, малгай түр зээлэн, хормойд нь даавуун дээр дугаар тавин дотоод хормойд нь хадаж байхад өвөг эцгийн хоёр дээл, лоовууз түр хэрэглүүлэхээр өгч байсан билээ. Тэр хавийн ардууд цөм нэгэн адил дээл, малгай түр хэрэглүүлэн өгч байсан үе.

Намайг энд хотод байх үе 1928 онд нас барж, Буурын голын дээдсийн алтан өлгийд ясаа тавиулсан гэдэг. Насаараа мал, гэрийн ажил хийсээр явсан хүн.

РИНЧЕН МИНИЙ ЭЦЭГ РАДНААЖАВ (1874-1921) хөх хонин жилтэй, Буурын голд төрсөн гэдэг. Ах Бадамцэрэнтэй эцгийн хоёр хүү. Эцэг Бужгай, эх Бажийн хамт зудын жил элс, нарс модтой нөмөр дулаан өвөлжөөнд бууснаа миний багад ярьдагсан. Хасаг цэргийн эр хүйст багачуулын дансанд бүртгүүлээд, Монголчуудын дунд Шивээ, оросоор Кяхта гэдэгт хэлмэрчийн сургуульд орж, тэндээсээ Богдын хүрээ орж хичээнгүй сайд Цэрэндоржоор манж, хятад хэл бичиг заалган, Орос улсын хүрээнээ суудаг консул Шишмаревын тусламжаар Бээжин орж хятад хэл бичиг, мөн манжийг оролдож, Хиагтын хязгаарын комиссарын яаманд манж, хятад, монгол хэлний орчуулагчийн алба 1913 он хүртэл хааж, Хаант орос, Юаншикайн Хятад, Өөртөөн засах Монгол улсын гэрээнд хэлмэрчлэн оролцож, “Эрдэнийн очир” гэдэг монгол одонгоор шагнуулж байсан. Сайн ноён хан Намнансүрэн, Ханд чин ван, түшмэл Хайсан, Цэрэнчимэд да лам тэргүүтэн тэр үед хаант Орос улсаас тусламж эрин явсан монгол төлөөлөгчдийн ажилд туслалцан оролцож, тэд мөн Дээд Шивээ, оросоор тэр үед Троицкосавск хот, одоо Хиагт хот гэж өөрчилсөн хотод Хиагтын голын эргийн гудамжинд Шишмарев гэдэг хүрээний орос консулын танил айлын хашаа байшинг өвөг эцгийн хөрөнгөөр худалдаж, 1908 оны хавьд Хиагтын Наймаа хотын зүүнтээ эсгий гэртэй байснаа нүүн орсонд тусгаар тогтнолын 1911-1913 оны үеэр Петербург орох төлөөлөгчид үргэлж хонон өнжин манай аавынхаар явдаг байсан.

Хятадаас тусгаарлан салах хөдөлгөөн үүсэж Хаант Орос, Юан Ши Кайн Хятад, Гадаад монгол гурван улсын хэлэлцээр болоход орос, монгол, хятад хэлтэйн учир тэр хэлэлцээрт хэлмэрчээр оролцож байсан билээ. Тэгээд Хүрээ, Улиастай, Хиагтын Наймаа хотод Бээжингээс гурван жилээр суудаг хятад заргачийг монгол болгоход хятадтай, оростой, манжтай монголтой, уг гарал нь манайхны хүн юм гэж Магсар хурц, Хичээнгүй Цэрэндорж, Намсрай ван, Ханд чин ван тэргүүтэн, эцгийг Хиагтын Наймаа хотын заргачийн яаманд заргачаар суулгана гэж гүнгийн зэрэг шагнаж, заргач болгох тухай хилийн комиссар Хитровой хурандаад мэдэгдсэнд орчуулагчийн албан хэрэгт осолдсон гэж мушгисанд Дээд шивээнд орос шүүхээр Хитровой комиссартай заргалдаж, орчуулагчийн албанаас бүрмөсөн чөлөө мэдүүлж байсан билээ. Тэгж байтал нэгдүгээр дайн эхлээд, шархтан цэргийг эмчлэн сувилах сайн дурын олон нийтийн хөрөнгө тусламжаар эмчлэх отряд гэдгийг хөрөнгө хуримтлаж байгуулахад Байгалийн өмнөхи бага ястны хөрөнгөөр байгуулсан нэг отрядын төлөөлөгч нь болж, хээрийн нэгэн эмнэлэг хариуцан 1914 онд дайны газар эмнэлгийн отрядын хамт явж, Австрийн цэрэгтэй байлдах фронтод яваад 1917 онд буцаж ирсэн билээ. Зөвлөлт засаг удалгүй тогтоход хилийн харуулын албаны хасаг цэргийн станцыг устгах хөдөлгөөнд оролцон, Харьяастайн станцын зургааныг буулгаж, атаман хэргэмтэй станцын эрх баригчдыг халан, сумын захиргаа байгуулалцаад, цагааны цэрэг дараа нь нутгийн Зөвлөлт засгийг устгахад, станцыг буулган устгалцахад оролцож сумын захиргаа болгосон хэрэгт цагаан цэргийн эрхтэнд баривчлагдаж Дунд шивээний улаан хуаран гэдэг орос хаант засгийн хилийн цэргийн хуаранд хоригдож байтал цагаантан дарагдаж шоронгоос мултран гарч ирсан билээ. Тэгж байтал, Хүрээнээс Хиагтын Наймаа хотод гэмин хүрч ирээд, хүрээнээс доктор Цибэгтаров гэдэг эмч (манай эцгийн ахтай ураг төрөл барилдсан) Их нугын хасаг цэргийн их эмчийн мэргэжилтэй хүн эцэгт бичиг захиа явуулан, бас цааш нь уламжлуулдаг байсны дотор Кучеренко, Гембаржевскийн нэр дээр хүргүүлэх захиаг ч эцэг явуулахдаа өртөөний таних шуудангийнханд Хиагтын Наймаа хотын Норов тайжид битгий мэдэгдээрэй, яршиг түвэг өдүүлэх, хов жив, хэл аманд дуртай муу хүн гэж захидагсан. Норов тайж гэж орос ярианы үгтэй, архинд дуртай, үргэлж хөлчүү явдаг нэг тайж хүн, Хиагтын Наймаа хотын заргачийн яаманд, чухам ямар албатайгий нь бүү мэд тийм нэг хүн гэминтэй хамт алга болсондог. Сүхбаатар хил давж гарахдаа цахарын Өлзийдүүрэн гүн, тэр Норов тайж хоёроос их л болгоомжилж явсныг би санаж байна.

Гэмин Дунд шивээний улаан хуаранг эзлэн Дээд шивээнд орж ирээд хотын зөвлөлийг бүслэн, Дээд шивээний ардууд Зөвлөлөө бүслүүлсэнд жагсаал хийж хорин оны хавар эсэргүүцэл тавин, улаан даавуун дээр “Зөвлөлүүд мандтугай” гэсэн лоозон барьцгаан явахад гэмин цэрэг тархаан буудаж байсан тэр үес Эрхүүгээс Янсон гэдэг хүнээс шуудангаар бичиг захиа ирж байдагсан. Борис Шумяцкийн нэртэй утас ч ирдэг байсан. Эрхүүд монгол сонин гарах болж байна. Түүнд юм бичнэ гэж ноороглож байсныг үзсэн. Хожим Эрхүүд чулуун бараар гардаг “Монголын үнэн” гэдэг тэр сонинд гаргасныг би олж үзсэн. Одоо ч үзвэл эцгийн үг найруулгыг мэдэх тул танина. Мөн хорин оны намар Сүхбаатар хүрээнээс хүрч ирээд Наймаа хотод буулгүй, Алтанбулаг гэдэг болсон хот, тэр үед Дамбадугарын дуган, хашаа байшинтай, Улаан бургас хавийн, мөн Хиагтын Наймаа хотын зод ч нар хааяа хурал ном хийгээд байсан тэр дуганы баруун талд өргөөшөө хорин алд, уртаашаа наян алд газар олгож, Богд хаант засгаас эцгийн Хиагтын Наймаа хотын заргач болгоход орон хашаа босгох газар олгосонд нь эмэг эх салхинд нөмөрлөж, хойд талаасаа гурав дөрвөн алд халхавч сургааг өрөөсөн тал хашаа босгож, гэр малаараа оршин, яг баруун талд нь орос комиссарын харуулын цэргийн хуаран гэж нэг урт модон байшин байсанд гэмин цэрэг хуарагнаад, цэргийн ойр айл буулгахгүй, монгол захиргаанаас газар олгосон бичиг хүчингүй гэж нүүлгэхэд эцэг оролцон эмэг эхийн гэрийг нүүлгэн өөр газар тохинуулж байтал Сүхбаатар ирж, Жамъяан гүнгийн бичиг аавд өгч, хил нэвтрэхэд туслан Дээд шивээгээр цаашаа явах тухайд нь зохигчидтай нь хэлэлцэж өгнө үү гэж байсныг би санаж Сүх гэхээс Сүхбаатар гэж тэр үед хараахан алдаршаагүй, орос хасаг цэргийн монгол болгочихсон цолтой гялалзсан залуу эр байсныг санаж байна. Манайхан Сүхбаатарыг хил давахдаа ташуур дотроо бичиг нуун гарсан гэдэг домог үг хойно гарч, Хувьсгалын музейн дарга байсан бүдүүн Раднабазар хотод гучаад оны үес нэг хүрэн суман ташуур музейн хашаанд гэртээ өрөмдөж байхыг би нүдээр үзсэн. Энэ яаж байгаа юм бэ? гэхэд, Сүхбаатар хил давахдаа ташуур нүхэлж, бичгээ хийж гарсан гэдэг үг бий. Түүнийг баримттай болгож музейн даргын хувиар түүхэн холбогдолтой үзмэрийн зүйл болгож музейд тавина гэж байсныг би нүдээр үзэж, чихээр сонссон.

Одоо музейд маань тэр бүдүүн Раднабазарын “бүтээсэн” ташуур, бас сонсвол, Алтанбулагт Сүхбаатарын музей байгуулахад бас нэг ташуур хийж, Зөвлөлтийн Дээд шивээ (одоо Хиагт гэж нэр сольсон) хотод музейд гуравдугаар ташуур бий болсон гэж сонслоо. Гурвуулаа зохиомол зүйл. Сүхбаатар хил нэвтлэн гарахдаа Хиагтын Наймаа хотын урд хаалгаар заргачийн яамны хажуугаар гол гудамжаар нь хойшоо хаалга гарч, хил нэвтрэх бичиг үздэг гэмингийн постоор гараагүй, Алтанбулаг гэж Зөвлөлтийн нутагт Наймаа хотоос зүүн тийш, Дамбадугарын хавийн хэдэн айлын морь малаа усалж, уух усаа тэрэгтэй нэг нь тэргэнд ачсан гангаар, тэрэггүй нэг нь хоёр дугуйтай урт модонд хувин зүүж ус барин, өглөө орой үргэлж адуу малаа усалдаг Алтанбулаг гэдэг худагт хүрэлцэн очиход, Наймаа хотын ард байдаг гэмин пост хардаг ч үгүй, газрын гүдгэрт тэр гэмин харагддаг ч үгүй, тэр худагт морио усалж нэг орой туршин явахад, би, бас миний үеийн нэг Самбуу гэдэг, хожим цэргийн дарга болсон нэг хүүтэй хамт явалцан морио услаад сүүлд тэр замаар Сүхбаатар хил санаа амар давж гарсан билээ. Би үүнийг тун сайн мэднэ. Тэр цагаас Сүхбаатарын царайг үзэж таних болсон билээ.

Сүхбаатарын гарч явснаас нилээд хойно, нилээн хүйтэн болж байх үес гэмин манай эцгийг эмэг эхийн гэрээ барьж, бичиг цаасны савтай хамт авч, Наймаа хотын заргачийн яамнаа гар хөлийн гав гинж зүүн хориод, эргүүл оруулахгүй байсан билээ. Судар бичгийн хүрээлэнгийн Жамъян сайд, миний эцгийг сайн таньдаг, надад их элэгсэг дотно байдаг тэр өтгөс эрдэмтэн намайг хүрээлэнд ажиллаж байхад, гэминд баригдаж, эрүү шүүлт тулгуулаад, эцэгт чинь захиа явуулж, Сүхбаатарт туслаарай гэж захиа явуулснаа аргагүй хүлээснээс болж эцэг чинь гэминд баригдсан нь харамсалтай боловч, ардын нам засгийн төлөө халуун сэтгэлээр туслалцаж байсан нь хожим чамд санаж явахад сайхан бий гэж байсан билээ. Эцгийг баригдахад, тэр үеийн Бүгд Найрамдах Алс Дорнод Улсын дэвсгэр нутагт хил дагуу газар, Ар Хиагт хүртэл хорин дөрвөн км газар орж, Сэлэнгийн цаад бие нь Зөвлөлт Оросын нутаг гэж байсан үүнд манай эмэг эх машид гаслан гашуудаж, Бүгд Найрамдах Алс Дорнод Улсын консулд мэдүүлэн, консул нь Эрхүүд Янсон гэдэг, мөн Шумяцки гэдэг хүнд утас явуулан, Наймаа хотод буй гэмингийн яаманд эцгийг суллахын шаардлага тавьж байсан боловч, гэмингийн эрх баригчид хүлээн хэрэгсдэггүй байсан юм. Тэгж байтал Хүрээг Барон эзэлж, гэмингийн суурь муудаад ирэхэд Бүгд Найрамдах Алс Дорнод Улсын консултай гэмингийн харилцаа эелдэг болж, Ви Гуань Фа, оросоор Быков гэдэг байсан худалдааны иргэдийн ахлагч нь консулын шаардлагыг хангана гэж консулынхнаар үзэгддэг боллоо гэж байтал, удалгүй эцгийг суллан гаргасан билээ. Эцэг гэмингийн шоронд бие зүдэрлээ гэж хөдөө бие сувилуулаар явсан хойно монгол цагаан сар болж, Алтанбулагт байсан миний багш Билигсайхан, хурал болно. Чи төлөөлөгчид цай идээ барьж үйлчил гэж, манайд гурван хоног хурал болсон. Дээд шивээний зүүн биед уулын бэлд нэг бяцхан хашаа ганц дүнзэн байшинтай Лувсангийнх гэдгийнд Сүхбаатар буудаллаж, миний дүү Норов, хурлын төлөөлөгчдийг айлд бууцгаасныг холбоо барьж явсан билээ. Энэ тухай миний дүү, Улаан-Үдэд оросоор нэг товч тэмдэглэл нийтэлсэн зүйл бий. Борисов, Элбэгдорж Ринчино, Гочитски, Балмацуу нарын зэрэг Коминтерний Алс дорнодын хэлтсээр ирсэн төлөөлөгчдийн зүс тэхэд би таньсан билээ.

1921 оны зун барон Унгерний цэрэг Хиагтын хавьд байлдах үес миний эцэг Цөхийн хошуу яам гэдэг Байгалийн өмнөх Буриад монголын нутгийн захиргаанаа гэгээрлийн хэлтсийн эрхлэгчээр сонгогдож ажиллаж байх үес Охин булаг буюу оросоор Окиноключи гэдэг тосгоны орос цэрэг эцгийг баривчлан, Охин булагт хороосон билээ. Тэр үед эцгийг Эрхүү дэх Коминтерний Алс дорнодын хэлтсээс Янсон, Шумяцки нар утас ирүүлэн дуудаж байсанд эх гомдол мэдүүлж, Коминтернийн төлөөлөгч Амгаевт эцгийг хилсээр амь үрэгдсэний холбогдолтныг шийтгүүлэхийг мэдүүлсэнд, зохигчдийг баривчилж, Бүгд Найрамдах Алс Дорнод Улсын төв Чит хотын дээд шүүхээр байцааж байна гэсэн билээ. 1972 онд Новосибирск хотод Зөвлөлтийн Академийн Сибирийн салбараар орох үес Чит хотын нэгэн түүхчин эрдэмтэн Читийн архивт 1921 онд эцгийг чинь хороосон хэрэгтнийг байцаан мөрдөхөд, ташааран эндүүрч тэр бэрх үеэр осолдож хороосон гэсэн өчиг мэдүүлэг бий. Читээр явбал хаа байгааг архиваас олж үзүүлж болно гэж байсанд, Амгаевын тэр үед тухайн гэмт хэрэгтнийг бариввчлан шийтгүүлж байгаа гэсэн нь үнэн болохыг олж мэдсэн билээ.

РИНЧЕН МИНИЙ ЭХ БОРЖГИН ОВОГТ САМДАНГИЙН ДУЛАМ. Хөх мичин жилтэй (1884), одоо ертэй. Цогт хунтайжийн хүү Хонтгорын хүү Охин хунтайж гэдгийг угсааны хүн. Цогт хун тайжийн цэрэг, Лэгдэн хааны цэргийн хамт дарагдахад Өвөрлөгчдийн Авга хошуунд нэг сум цэрэг өрхтэй үлдэж, Охин гэдэг хүүтэй болсон нь, Охиныг эрийн цээнд хүрсэн үес Ар, Өвөр монгол Манжийг дагаж, чуулган чуулах үес (бодвол, Долнуурын чуулган болов уу? Миний эхийн хадгалдаг бичмэл түүхэнд тэр чуулганы хаа хуралдсаныг дурдсангүй) манжийг даган баясалцах хэсэг ноёд, Цогт хунтайжийг үзэн ядаж, Өөлдийн гэгээн гүүш хааныг шулмас Цогтыг дарсан гэж ач хүү болох Охиныг ар, өврийн хооронд үймүүлж байна. Олны сэтгэл эвдэн хорлож, угсаа баллаж байна гэцгээж Түмэдийн Эрдэнэ хун тайж гэдэг ноён “Чуулганд гурван хоног хутгаа гаргаж, ханцуй дотроо хумсаа авч байгаа нь урдын Цогт ноёноос илүү шулам гарах гээд байна. Авгасын дөрвөн хошуунаас гарах болж биш үү” гэж Охиныг барихаар санал гаргахад их чуулганы ноёд санал нийлж, Охиныг баривчилсанд оргож гараад, зуун тавин хуяг цэргээ ар гэрийн хамтаар дагуулан, нэхүүл цэрэгтэй тулсаар Мэнэнгийн талаар байлдан гарч, Орос улсын нутагт хүрээд, оршин суух газар нутаг олгохыг эрэн, Орос цагаан хаанд дагаар орж, гэрээ бичигт үсэг зуран, хил сахин харна хэмээн Цөх голын хавиар нутаг заалган, цэрэг өрхийн хамт дагаар орсонд орших нутагтаа нэг булаг бүхий газрыг Охин булаг гэж нэрлэцгээн нэгэн дов газар өвөлждөг болсон нь Охин дов гэж үр угсаа нь тахидаг болсон үүнээ Охин сайдын туг гэж цагаан бартай хөх туг, өмсөж явсан хөө хуяг, ган дуулга, нум саадаг сэлмийг Охин довыг овоо босгон тахидаг болсонд 1929 он хүртэл тахиж, нэг хүн, Охин сайдын тэр тугчны удмынхнаас туг цэнгүүлэхэд хуяг дуулга өмсөн, мөнгөн агсарга бүсэнд нум саадаг, сэлэм хуягийг агсан зогсдог байсан гэдэгсэн.

1972 онд Дотоод яамны түшмэл Магсар хурц гэдэг хүн, Тагна урианхайг Ард улс болгон, Улиастайн захиргаанаас салгах асуудал үүсэн гарах үес Тагнын сайд урианхай ер нь Улиастайд хамаагүй гэдгийн баримт бий гэж Зөвлөлтийн элчин сайдынхны нэг төлөөлөгч нь Охин сайд Цагаан хаанд дагаар орж, нутаг ус олгуулав гэсэн гэрээ бичгийг Москвагаас ирүүлснийг үзүүлсэнд Монголын сайд Охин гэдгийн гарын үсэг бүхий гэрээ, ер Тагнын соёд урианхайд огт холбогдолгүй бичиг байсныг зөвлөлтийн гадаад яамныхан Охин сайд гэснийг сойод гэж ташаарснаа хүлээсэн билээ гэж байсныг үзвэл, Охин сайдын дагаар орсон гэрээ бичиг сайхан хадгалагдсаар ирсэн байна.

Миний эх Дулам монголоор уншиж чадахаас урдын заншлаар бичиг үсэг үзэхээс бичих сургууль хийгээгүй, гэрийн багш дагаж монголтой болсон. Орос ярианы үг мэдэх боловч унших төдийгөөс цаашгүй, гэрийн ажил хийсээр ирсэн хүн. Одоо Улаан-Үдэд миний дүү Норовынд байдаг.

Дүү Норов надаас хоёр дүү, хонин жилтэй. Дундад боловсролтой, багшийн мэргэжилтэй. Одоо тэтгэвэрт гарч буянаа эдлэн сууж байгаа. Зөвлөлтийн эх орны дайны үед морин цэрэгт явж, фронтын газар, Сталинград, Польш нутгаар морин цэргийн хээрийн тагнуул хийж, монгол газраас ирсэн бэлгийн мориор дайн дуустал явж, “Слава” гэдэг цэргийн одны бүх зэргийг, бас Улаан одон, Цэргийн улаан туг зэргийн гавьяаны одонтой, уг нь Норовсамбуу нэртэй боловч, цэрэгт Борис Владимирович гэж нөхөд нь нэрлэн заншаад, элэнцэг эмэг Бямбаагийн нэрээр Бимбайн гэж явснаа фронтын нөхөд нь, мөн дарга нар нь Борис Владимирович Бимбаев гэж одон шагналын нэр дэвшүүлэхэд оруулснаар овог нэр нь тийм болоод яваа гэдэг.

Дүү Дамдинсүрэн, мөн охин дүү Эрдэнэ гэж байснаа цөм нас барж, ганц дүү Норов Буриад АССР-ийн Улаан-үдэ хотод эхийнхээ хамт хоёул суудаг. Дайнд явсан хойно нь гэргий нь нэгэн хүүгийн хамт салаад явсан тул, тэднийг би зүс үзээгүй, нэрийг ч мэдэхгүй. Өндөр настай эхийгээ өргөнө, ээжтэй санаа нийцэхгүй эхнэр авбал эхийн сэтгэл чилээнэ гээд гэргий дахин aвсангүй.

РИНЧЕН МИНИЙ БИЕ Хөхөгчин могой жил (1905 оны 11-р сарын 21-нээ) Хиагтын Наймаа хотын зүүнтээ, одоо Алтанбулаг хот болсон газар төрсөн. Долоотойдоо Билигсайхан гэдэг манж, монголтой бичгийн хүнд шавь орж, монгол манж бичиг заалгаж, намайг төрсний хойт өдөр нь Хараагийн дар эхийн хувилгаан лам хүрч ирэн Ринчендорж гэж нэр өгөөд, хийддээ лам болгоно гэснээр нь төвд цагаан толгой, Итгэл зэргийг заалгаж байгаад, Дээд шивээний дунд сургуульд монгол сурагчид Хүрээнээс ирж орсон үес тэр дундад сургуулийн дээд ангийн нэгэн орос сурагчаар мөн Орос улсын хязгаарын комиссын манж, монгол хэлний орчуулагч Каленов гэдгийн гэрээр орос бичгийн хэл заалгаж, 1914 онд тэр Дээд шивээний орос сургуульд бэлтгэл ангид шалгуулан ороод, Октябрийн хувьсгалын үес Зөвлөлтийн хоёрдугаар шатны сургууль төгсгөөд 1920 онд манай эцгийн дээд Шивээний байшинд намын анхдугаар их хуралд багш Билигсайханы захиагаар хурлын төлөөлөгчдийг үйлчилж, цай идээгий нь оруулж, гурван хоногийн хуралд айлд буусан төлөөлөгчдийг зарлах, ирүүлэх ажилд гүйж явсан билээ.

Хиагтын Наймаа хотын гэминг ардын журамт цэрэг байлдан авч байх үед тэр байлдааныг үзэж, Сүхбаатарыг Зөвлөлтийн цэргийн дарга нартай мөн Унгарын Ротт доктортой гэмингийн Наймаа хотод энгийн иргэн, орос хятад хүнийг хороосныг комисслон үзэхэд Билигсайхан багшийг дагалдан хэл залгуулж явсан. Тэгээд Билигсайхан багш, Ардын Түр Засгийн газраас байгуулсан Хязгаарын яамны сайд болсон хойно 1921 оны дөрвөн сарын 15-нд дуудуулж, Хязгаарын яамны тал бичээчээр мөн Билигсайхан багшийн шавь Ханд гэгчтэй нэг бичээчийн орон тооны цалинг хуваан хоёулаа тал бичээч болж, энэ төрийн цалин хишиг хүртэн алба хааж эхэлсэн билээ. Мөн сайд Билигсайхан багштайгаа, бас Сүхбаатар, Лосол, Хатанбаатар Магсаржавтай Бүгд Найрамдах Алс Дорнод Улсын консул Макстенектэй албан хэрэг хэлэлцэх хэлмэрчээр олон удаа явж, Унгернийг бариад хамт хоригдсон Бишрэлт гүн Сундуйг татан авах хэлэлцээнд хэлмэрчлэн, Сундуй гүнгийн хоригдож байсан шоронд Унгернтэй хамт байхад нь багшийн хамт очиж хэрхэн яаж бароныг барьсан зэргийг бароны дэргэд нь ярьж байсныг сонссон билээ. Түүнийг хэдэн жилийн өмнө “Утга зохиол” сонинд дуртгал бичиж, Унгерн Фон Штернберг гэдгийн нэрийг монголчилбол Одон уулын муухай зант гэсэн үг болохоор тэр өгүүлэлдээ дуртган бичсэн билээ.

Сухбаатар жанжин Хүрээ чөлөөлөхөөр мордохын өмнө намайг сургуульд явуулж өгнө гэж, ямар мэргэжлийн сургууль хийх вэ? гэж асуухад нь хязгаарын яамнаас Дээд шивээний эмэгтэй орос эмч Бурмакинаар тэр Алтанбулаг хавийн ардын дунд тэмбүү, хүйтний эм тариа хийлгэж, эмчилсэн хүний тоогоор хөлс олгож, орос хэлтэйгээр намайг өртөөний тэргэний мориор тэр эмчийн хамт долоон хоногт нэг хоёр явуулж байсны улмаас эмч болбол хэрэгтэй юм байна гэж бодсоноо хэлэхэд минь бидэнд эмч хэдий л бол хэдийг Зөвлөлт Засагт Орос Улс туслан ирүүлнэ. Өвчинд орос, монгол өвчин гэж байдаггүй юм. Монгол бичиг соёлын тухайд бидэнд өөрийн эрдэмтэн их хэрэг болно. Чи хэл бичгийн сайн сургуульд явбал дээр гэж сануулан зөвлөсөн нь одоо миний эрхлэн оролдож буй хэл соёлын мэргэжлийн замыг Сүхбаатар жанжин, холч мэргэн бодлогоор зааж өгснийг санахад, жанжны ачийг умарташгүй биширч явдаг.

Зөвлөлтөд 1924 онд дээд сургуульд явж, Ленинградын дорно дахины хэлний хүрээлэнд суралцаж байх үес яг 1925 оны намар Зөвлөлтийн Шинжлэх Ухааны Академийн 200 жилийн ой болж, түүнд оролцсон монгол төлөөлөгч, Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Цэвээн доктор, Хүрээлэнгийн төвд үсгийн орчуулагч Шагш Ленинградад хүрэлцэн ирж, Академийн ерөнхийлөгч, академич Карлински, эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Олденбургтай хэлэлцэн, Цэвээн доктор тэр үеийн засгийн газрын гишүүн, Гэгээрүүлэх яамны зөвлөх байсан учир, монгол оюутны дундаас эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэж өгнө үү гэж хүсэлт тавьсанд, арван найман оюутнаас дөрвөн хүнийг жинхэнэ дундад боловсролтойн учир сонгон Академийн Азийн музей, Ленинградын их сургуулийн авиазүйн лабораторид хэл бичгийн хүрээлэнгийн хичээлээс гадуур удирдуулан монголч, академич Владимирцов; энэтхэг судлалч, академич Ольденбург; төвдөч, академич Щербатской; дорно дахины түүхч, академич Бартольд; түрэг хэлний профессор, академич Юдахин; авиазүйн тухайд академич Щерба, хэл түүхийн мэргэжилтэн, академич Марр; монголч академич Козин; нангиадач, академич Алексеев нарын есөн академичаар гурван жил тусгай лекц хичээл заалган удирдуулж, 1927 оны зун Гэгээрүүлэх яамны харьяа байсан Судар бичгийн хүрээлэнд ажиллаж, монгол хэл бичиг, ардын билиг (фольклор), угсаатны судлал, утга зохиол түүх судлал оролдсоор ирлээ.

1921 онд Алтанбулаг хотноо анх залуучуудын 7-р үүр байгуулахаар Чойбалсан, Дэжид-Одсэр хүрэлцэн ирэхэд, Чойбалсан Эвлэлийн гишүүнд элс гэж Дэжид-Одсэр бичгийн боловсролыг шалгах гэсэнд нэг орой шөнө дөл хүртэл Дэжид-Одсэр дан шүлгээр юм бичиж, хариу шүлэг бич гэж, хэд хэдэн хуудас муутуу цаас дээр хариу бичүүлэхэд асуусан зүйл ёгт тул зарим зүйлийг юу гэсэн санааг сайн ухаарахгүй боловч, лавлан асуухаас бэрхшээж, мөн битүүлэг ёгт хариу бичсэн зохиогч Дэжид-Одсэр өөрийнхөө бодсон зүйлд оноон зохицуулж их л урамшиж санаа найруулга сайн байна.

Чойбалсанд мэдэгдэнэ гэж дараа нь хурал дээр сайшаалын үг хэлж гишүүнд элссэн билээ. Ленинград хотод бидний оюутан бас эвлэлийн үүртэй байсан. Тэгээд 1929 онд Төв хорооны суртлын хэлтсээс хувьсгалт уран зохиолчдын анхны бүлгэм байгуулахад нэр оролцон, бүлгэмийн таван тэргүүлэгчийн нэгээр сонгогдож байсан. Тэр үед боржгин Дашдоржийн Нацагдоржийг гишүүн болгоно уу? гэж Хүрээлэнд надтай ажиллаж байсан Нацагдоржийн нэр дурдахад тэр үеийн суртлын хэлтсийн эрхлэгч (Гэндэн билүү, нэрийг мартжээ) тайж, сонгуулийн эрхгүй болсон хүнийг болгохгүй гэж надад хариулж байсан. Хожим, Алтанбулагт бага сургуулийн захирал байгаад, намайг мөн сургуулийн багш байх үес, сайн танил Дунгарын Чимид, КУТВ-ийн сургуулиас ирээд бүлгэмийг өөрчлөн өргөтгөхөд Нацагдоржийг МАРЗ гэдэг зохиолчдын байгууллагын гишүүн болгосон юм. Гэтэл анхны бүлгэмийн гишүүн гэж одоо бичицгээх болсон нь, тэр үеийн “Үнэн” сонинд анхны бүлгэмийн гишүүн, товчооны гишүүдийн нэрийн жагсаал нийтлээстэйд хэвлэлийн тэр баримтыг хүртэл үзээгүй санаагаар зохиож бичдэг, мөн Марксын “Капитал” орчуулж байсан гэх зэргээр бичдэг зүйл үзэгддэг нь сайн хэлэн гэсэн юмандаа бодитой баримт анхаардаггүй юм шиг санагддагийг энд дурдан хэлмээр бодогдлоо. Зүүний нугалаа завхрал эхэлж байх 1929-30 оны үес мөн сонин сонин юм өнгөрүүлэн үзсэнээ одоо эргэцүүлэн нэхэн бодоход одооны хөгжил, нийтийн ухамсар юутай өөр болж вэ? хэмээн санагдах ажээ.

Судар бичгийн хүрээлэнд 1928 оноос бэлтгэж, Ишдорж багшаар орчуулгасан Лункевичийн Түмэн бодисын судлал гэдэг 40 дэвтэр гаргах гэж, Зөвлөлтөөс зургийн бар ирүүлэн эхэлж хэдэн дэвтэр гаргаж байтал, Рубакины хэвлэн нийтэлсэн ерөнхий боловсролын үндэс тавих тэр хөөрхөн цувралыг хуучин хаант оросын балар юм гаргалаа гэж зогсоолгосон билээ. Гэтэл хэдэн жилийн өмнө Зөвлөлтийн хэвлэл тэрхүү Рубакиныг ихэд сайшаан магтаж, орос ардын боловсролд их хувь нэмэр оруулсан, соён гийгүүлэгч гэж ач гавъяагий нь тэмдэглэснийг үзвэл, тэр аятайхан зохиол нь тэр үед монголоор гарч байвал, ардын боловсролд юутай билээ. Тэнгэр, газар, цахилгаан зэргийг тайлбарлаж, шашны мухар сүсгийн эсрэг чиглүүлсэн тэр шинжлэх ухааны хялбарчлан ухуулж нэвтрүүлсэн зохиол орчуулах гэж хүч гаргасан, мөн Зөвлөлтөөс бар зургийг захиалан худалдаж авсан маань нэгэн үеийн учир мэдэхгүйгээс үрэгдсэн нь нэхэн бодоход харамсалтай боловч, яая гэхэв, тэр үеийн боловсролын хэр тийм л байж дээ гэхээс дээ. Нацагдоржийг Пушкины зохиол орчуулахад нь утга найруулгыг нь засалцан нийлж байхад Бадрах дарга Нацов зөвлөхтэйгээ хүрч ирээд та хоёр тайж помещикийн зохиол орчуулж суудаг нь юу билээ гэж зэмлэн байсныг санахад, одоо уншигч бүхэн тэр Пушкины “Анчар” тэргүүтэн зохиолыг бахархан амтархаж, тайж помещикийн зохиол гэж үздэггүйг бодоход сонин санагддаг.

Тэр үед монгол Ганжуурын байдлыг тодорхойлсон гарчиг хийж, хэн зохиосон, энэтхэгээс хэн төвд болгосон, төвдөөс хэн монгол болгосныг төгсгөлийн үгээр бүртгэн зохио гэж Хүрээлэнгээс над 1927 онд даалгасныг хийж гүйцээн, цаашид Данжуурын монгол орчуулгын гарчиг эхэлтэл, буруушаан шүүмжилж, Хүрээлэнгийнхэн Ганжуур орчуулж байна гэж зогсоох тогтоол гарч байсан билээ. Тэгтэл, Унгарын Академиас мөнхүү монгол Ганжуурын миний хийж байсан тэр гарчгийг академич Лигетигээр хийлгэж, 1943 онд хэвлүүлэн гаргаснаа монгол утга зохиолын судлалд нэртэй нэмэр орууллаа гэж бахархан үздэг байна. Гэтэл би тэр гарчигаа 1943 он гарсан хойно Хүрээлэнгээр хэвлүүлэх гээд барсангүй билээ. Одоо тэгэхэд манай Академи хөгжиж, дорно зүгийн судлалын тэр мэт зүйлийг анхаардаг болсон нь, Зөвлөлтийн хөгжил, шинжлэх ухааны бадрал нь монголд бас тусч, манай соёл хөгжиж байгаад баярлан бахдаж, есөн академич багш нарын минь заан удирдаж чиглүүлснээр нь зүтгэсээр ирсэн миний биеийг өтлөх насанд өндөр хөгжлийг үзэж зориг сэргэн буй.

Эвлэлийн гишүүнээс 25 хүрэхдээ хотын гуравдугаар хорооны намын үүрт гишүүн болоод, хоёрдугаар цэвэрлэлтийн үеэр Намнан уулын хошууны их Дамдинсүрэн нарын шалгах комисс ирж, надтай зохиолчдын бүлгэмд оролцсон тэр хүнийг 17 онд Цэвээн Жамсранов докторын зураг гартаа өргөн барьж авахуулсан зургийг нь та яасан бялдууч хүн бэ? Зургаа авахуулах мөртөө ингэж бялбуурдан авахуулж байх гэж хэлсэнд минь их л дургүйцэж байсан юм. Тэгээд шалгалтын үеэс намайг чи тэр баруунтны үүр болсон Судар бичгийн хүрээлэнд Жамсрановын удирдлагыг шүтдэг хүн биз гэж шүүмжлэн, мөн үүрийн гишүүн, Сангийн яамны сайд, Довчингоос, тэгж арай дэндүүлж байгаа юм биш үү. Эрдэмтний удирдсан газрын оюутан хүн эрдэм шинжилгээндээ удирдлагыг дагах нь журам шүү дээ гэж байсан боловч, тогтоол уншихдаа их Дамдинсүрэн мөн л үгээ хэлж, намайг яамнаас хөөсөн тушаал сонсгожээ. Тэр үес Дашдоржийн Нацагдорж гишүүнийхээ бат илэрхийлэх хураалгачихсан, Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийж байсан Мэргэн Гомбожав феодал гэж намаас хөөгдөөд, би үнэн санаанаасаа намын суртал баримталдаг гэж өргөдөл өргөөд, сонинд тэр үес хөөгдсөн хүний өргөдлийг хэрэгсэхгүй болголоо гэж нийтэлж байсан үес, Судар бичгийн хүрээлэнд Базар гэдэг нэг ажилчин, Мандах гэсэн хүн, Жамьян гүн Жамсранов хоёрыг шүүмжилж бай гэж үйлдвэрчний хурал дээр хэлж байсан үес, ер дахин гишүүн болъё гэж өргөдөл өргөөд Мэргэн Гомбожав нарын адил “шургах гэсэн этгээдийн өргөдлийг хэрэгсэхгүй болголоо” гэж байснаас дотроо л сэтгэл үнэнчээр ажиллая даа гэж өнгөрүүлсэн билээ. Хожим 1934 оны үеэс Хүрээлэнгийн тэргүүлэгч гишүүн болсон Элдэв-Очирыг КУТВ-ын үеэс таних тул, ингэж ингэж би гишүүнээс хөөгдсөн юм аа гэхэд Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан тэр хүн алдаа болсон хэрэг. Чи дахиж өргөдөл өг. даах нэг гишүүн нь би болъё, нөгөө нэг нь Хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Цэеэрэгзэн чамайг таних тул болох байх гэж дурдсанд, өргөдөл гаргаж гишүүн болтол, 37 оны хоморгонд ороод, зүүд зөнд ч ороогүй юм сонсон үзэж, 1942 оны дөрвөн сард, Дотоод яамны мөрдөн байцаах шоронгийн хүрээнээс нэг шөнө гарч, хэд хоноод “Үнэн” сонинд төв хорооноос заагдан бүгд 16 жил сонины ажил хийгээд, 1956 онд Унгарт доктор зэрэг хамгаалж, 1958 онд Шинжлэх ухааны хүрээлэнд зүтгэхээр шилжин ажиллаж, Хүрээлэнг Академи болгоход Хүрээлэнгийн жинхэнэ гишүүнээс Академийн гишүүн болж, дараагаар нь Унгарын Академийн хүндэт гишүүн 1970 онд боллоо.

Засгаас “Цогт тайж” киноны зохиол зохиосонд минь Төрийн шагнал 1945 онд хүртээсэн. Тэмдгий нь аваад, мөнгөн шагналыг Ленинградын бүслэлтэнд өнчирсөн хүүхэд, өтгөст өргөж, эрдэм сургасан хотынхоо өмнө журмыг гүйцэтгэсэн. “Үнэн” сонинд байх үес “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавъяаны одон” шагнуулж, 1971 онд засгаас хоёрдахь удаагаа “Хөдөлмөрийн гавъяаны одон” хүртэж, төрийн дээд шагналын хариуг чин үнэнч хөдөлмөрөөр хариулах үүргээ үргэлж бодсоор явдаг аа.

Зөвлөлтийн зохиолчдын хорооноос ноднин, уржнан хошоод жуух бичиг гардуулж, мөхөс бие тус хоёр улсын утга зохиолын хэлхээ зузаатгахад өчүүхэн нэмэр оруулсныг тэмдэглэж, хөхүүлсэнд мөн л ах дүү хоёр орны зузаан найрамдал, харилцан утга соёлоо мэдэлцэхэд нь хирээрээ нэмэрлэхийн үүрэг бүхүйг бодож явдаг.

Энэ завсар хэвлүүлсэн зүйлийн нэрсийг бүртгэн гаргахад нэлээд цаг орох тул, дэлгэр бүртгэж чадсангүй. Орос, англи, герман, франц хэлээр нийтэлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл Зөвлөлт улс, Унгар, Польш, Чехословак, Герман, Энэтхэг, Япон, Финлянд, Холландын эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлд гарсан зүйл бий.

XVI жарны хөх барс жилийн улаан барс сарын
цагаан хулгана өдөр.

Жич. Монголын бичгийн их хүмүүсийн нэг, Монголын түүхэнд эртээс нэрээ гаргасан Юншөөбүү, Боржигон (Цонгоол Боржигон), Өрлүүд овгийг хөвүүн "Монголоо л гэсээр яваад" энэ насаа элээсэн Юншөөбүү Ринчен гуайг "Цагааны оргодол", " Цагаачийг цагаа хатгана, цагаан морийг ногоо хатгана" гэх мэт гүтгэн доромжилсоны дараа Тэрбээр Ю.Цэдэнбал даргад бичсэн 70 хуудас захиандаа ийнхүү гурван үеийн түүхээ оруулжээ.

Фэйсбүүк дээрх "Билгүүн номч Еншөөбү Б.Ринчен" бүлгэмээс хуулав. 

Saturday, April 20, 2019

ЛОГИК ҮГҮЙСГЭЛ

ЛОГИК ҮГҮЙСГЭЛ
Зохиолч Ховард Шөнфэлд, 1951 он



Хиллбүрт Хүүпэр Аспасиа товлосон хуваарийн дагуу Харвард Их Сургуулийн шинэ улирлын нээлтэд илтгэл тавихаар лекцийн танхимд хүүхдийн тэргэн дээрээ сууж байв. Өмнө нь хэдэн мянган оюутнууд сууцгаана. Нялх суутныг ямар сэдвээр ярих бол хэмээн оюутнууд тэсэж ядан шивнэлдэцгээнэ.

Хүүпер тэргэн дээрээсээ урагш бөхийн чимээгээ аядахыг анхааруулан гараа өргөв.

- Өнөөдөр би энд хүний оюун ухааны үүслийн талаар хэлэлцэх болно. Хүмүүн төрөлхтөний оюун ухааныг удамшил тодорхойлдог уу, эсвэл орчин тодорхойлох уу? Эсвэл энэхүү машид хэтрүүлэн үнэлэгдсэн үзэгдлийг хөгжүүлэхэд энэ хоёр хоёул оролцсон болов уу? Миний үзэж байгаагаар бол оюун ухаан гэдэг нь бидний тухайн мөчид хүртэж буй хүнсний төрлийн үр дагавар болно. Миний өөрийн оршихуй үүнийг баталж байна. Хүүхдийн орны хашлага, манжин идсээр байгаад л би дэлхийн хамгийн ухаантай хүүхэд боллоо шүү дээ.

Хүүпер түр азнав. Танхимын арын эгнээнд хоёр оюутан Хүүперийн санааг хэлэлцээд ухаан алга.

- Хэрвээ түүний хэлж байгаа үнэн бол, удамшил болон орчны аль нь ч хүмүүний оюун ухааны хөгжилд хувь нэмэргүй юм, - гэж эхний оюутан хэллээ.

- Яг тийм, - гэж хоёр дахь нь зөвшөөрөв.

Эдгээр залуус идэш хүнсийг орчны нэг хэсэг гэж тоолгүй орхигдуулсан нь мэдээжийн хэрэг байлаа. Тэд хоёул сургуулийнхаа хүндэт оюутнууд бөгөөд хоёулаа ФайБэтаКаппа түлхүүрийн эзэн, эрдэм шинжилгээний хүрээний бүхий л төрлийн өргөмжлөл шагналыг хүртэж, багш нар болон бусад оюутнуудынхаа хүндэтгэлийг хүлээсэн, товчхондоо бүхий л төрлийн боловсрол сургалтын тогтолцоонд хамгийн шилдэг хэмээн үнэлэгдсэн оюутнууд билээ.

- Хэрвээ, удамшил болон орчны аль нь ч оюун ухааны хөгжилд нөлөөгүй юм бол бидэнд өдийг хүртэл заасан зүйлс худал болох нь, - хэмээн эхний оюутан өгүүлэв.

- Гэхдээ бидэнд заасан зүйлс баримтад тулгуурласан шүү дээ, - гэж хоёр дахь оюутан мэтгэлээ.

- Тэр үнэн. Тэгэхээр Хүүперийн хэлсэн худлаа болж таарах нь ээ.

- Хүүперийн хэлсэн зүйл худлаа гэвэл тэрээр хүүхдийн орны хөндлөвч мод, манжин идсээр ухаалаг болоогүй, бас тэгээд хоёр насандаа докторын зэрэг хүртээгүй, тэргэн дээрээсээ коллежийн оюутнуудад илтгэл тавиагүй байж таарна аа.

- Түүний хэлсэн үг худлаа бол наадах чинь үнэн болно.

- Түүний хэлсэн үг бол яахын аргагүй худлаа гэдгийг хоёулаа тогтоосон шүү дээ.

- Тэгсэн.

- Тэгвэл Хүүпер гэж байхгүй. Хэрвээ тэр одоо, өнгөрсөн болон ирээдүй цагт оршин байна гэвэл логикийн дүрэмд харш болно. Тиймээс тэрээр огт байхгүй, - хэмээн эхний оюутан бат итгэлтэй хэллээ.

Түүнийг энэ үгээ хэлж дуусав уу үгүй юу Хүүпер алга болж орхив. Бие нь цайрч эхэлснээ, тунгалаг боллоо. Тэгээд хэсэгхэн утаа пурхийгээд тэрээр оргүй алга боллоо. Түүнийг оршин байсан гэх аливаа баримт мэдээлэл бүгд мөнөөх хоёр логик сэтгэлгээтэй оюутны ачаар ямар ч ул мөргүй алга болов.

Арван жилийн дараа Хүүперийг алга болгосон өнөө хоёр оюутан Вашингтон хот руу явах галт тэргэнд сууж явна. Тэд хоёул алдар хүндтэй эрдэмтэд ба хүн төрөлхтөнд маш их нэмэр хандив оруулж, их сургуулийнхныхаа хүлээж байсан өндөр амжилтад бүх талаараа хүрчээ.

Нэг нь Манханттан төсөлд ажиллаж атомын бөмбөгийн боловсруулалтад хамаг цаг хугацаа, эрч хүчээ зориулжээ. Нөгөөх нь харин цоо шинэ хөнөөлт бактерийн төрөл илрүүлсэн нь дэлхийн бүхий л хүн амыг аравхан агшны дотор л хуйгаар нь устгаж мэдэх аюултай аж.

Хоёул Конгрессын хүндэтгэлийн одонг арван долоонтоо хүртэж, зэвсэгт хүчний хүрээнд олгодог бүхий л одон медалийг гүйцээсний дээр тэдний нэрээр АНУ-ын Тэнгисийн цэргийн ёслолын хорин буудлага үйлдэж хүндэтгэл үзүүлсэн, Үндэсний аж үйлдвэр эрхлэгчдийн холбооны хүндэт гишүүн, Ерөнхийлөгчийн илтгэлд арван хэдэнтээ эш татагдсан, хүмүүн төрөлхтөнд тод томруун танигдсан сайн үйлстэнгүүд билээ.

- Юу гээч хө, - гэж эхний сайн үйлстэн яриа өдөв.

- Юу гэнэ ээ, - гэж удаах сайн үйлстэн хариулна.

- Хоёулаа нялх Хүүпер дээр алдаа хийсэн шиг байна аа.

- Яахлээрээ?

- Цаадах чинь хүүхдийн орны хашлага, манжин идсээр байгаад л дэлхийн хамгийн ухаантай хүүхэд боллоо гэж хэлээгүй юу.

- Тэгсээн.

- Идэш хүнс чинь орчны нэг хэсэг шүү дээ.

- Юу гэж байгааг чинь ойлголоо. Тэгэхэд хэлж байсан зүйл нь бидэнд зааж байсан зүйлстэй огт харшилсан юм огт алга.

- Тэгэхээр түүний хэлсэн үнэн байж.

- Хэлсэн зүйлс нь үнэн юм бол тэр ч гэсэн амьд байх ёстой юм байна даа.

- Яг тийм.

- Яг л логикийн дагуу.

- Тэгвэл Хүүпер амьд. Хэрвээ тэр одоо, өнгөрсөн болон ирээдүй цагт оршин байхгүй гэвэл логикийн дүрэмд харш болно. Тиймээс тэрээр зүгээр л байгаа, - хэмээн хоёр сайн үйлстэн эрдэмтэд бат итгэлтэйгээр хэллээ. Тэднийг энэ үгээ хэлж дуусав уу үгүй юу Хүүпер гэнэт хоосон агаараас үүслээ. Түс тас нүргэлээд, цахилгаан цахиж сүр үзүүлснээ өнөөх чинь хүүхдийн тэргэн дээрээ суусан хэвээр гал тэрэгний суудлуудын хооронд бий болов.

- Ноёд оо, - хэмээн тэрээр резинэн зуултуураараа тэдний нүүр рүү зангаад, - үүнээс хойш аливаа зүйлийг яаран бүү дүгнэж байгаарай даа, - гэж хэлэв.

Гэхдээ тэгнэ гэдгийг нь хэдийн мэдэж байлаа.

Орчуулсан: Д.Цогчулуун (ЧҮНДЖ)
Зөгнөлт – 4
2019.03.29

Зургийн эх сурвалж: https://www.dreamstime.com/stock-illustration-vector-sketch-illustration-buggy-white-background-image77273853

Wednesday, April 17, 2019

БЭЛЭВСЭН

БЭЛЭВСЭН
Зохиолч Жулиа Лемир-Коссэт
(Widow by Julia Lemyre-Cossette)



Арлын хамгийн өндөр газарт суулгасан модон сандал дээр тэнгисийн зүг ширтэн суув. Цэлмэг хөх тэнгэр, доор нь байгаа тэнгис хоёул төгсгөлгүй мэт тэртээ алсран цэлэлзэх нь хаа нэгтээ очоод нийлэхийг хүсч буй мэт. Байгалийн үзэмж сэтгэл догдлуулам сайхан байсан ч миний сэтгэл үймэрч сэмрээд, хэзээ ч ахин олдохгүй зүйлээ тэсгэлгүй хүсэмжилнэ. Тэнгисийн давсархаг агаар наранд борлосон арьсыг минь зөөлөн илбэж, хөх даавуун даашинзны хормой хөл шүргэн дэрвэлзсээр. Тээр доор номин цэнхэр давалгаанууд эргийн жижиг агуйнуудыг нэлэнхүйд нь бүрхэн хуйларч, түрхрэх нь бүгтхэн сонсогдоно. Элсэн шаргал цохионууд дээрээс төөнөх нарны илчийг өөртөө шингээх мэт. Би ахиж гэрээ олох болов уу? “Зүрх байгаа газар гэр буй” гэлцдэг биз. Зүрх минь шаналлаар дүүрэн, гэр гэчихээр юм огт үгүй.

Эр нөхөр минь бараг гурван сарын өмнө өөд болсон, би бэлэвсэн. Гучин гурван настай, амжилттай бизнес эрхлэгч эмэгтэйг ийн нэрлэх нь үнэхээр санаанд оромгүй, тохиромжгүй мэт санагдана. Бэлэвсэн, бэлэвсэн... гэгдэх хүмүүс чинь үлгэрт гардаг ааштай хөгшин авгай нар байдаг биш бил үү? Үлгэрийг аймаар болгох зориулалттай хөгшин, үрчлээтэй, царай муутай авгайчууд. Гэвч ганц бие гэж хэлэхээр үүнээс долоон дор санагдах юм. Яг л нэг бүтэлгүйтчихсэн хүн шиг, гэтэл бидний бүх юм үнэхээр сайхан байсан шүү дээ. Бид жинхэнээсээ аз жаргалтай байсан. Би ямар хүний сонирхол татахааргүй, эсвэл ажилдаа хэт улайрч ажил амьдралын тэнцвэрээ алдаад ганцаар яваа хүн биш. Хүнтэй хамтд амьдарч, хариуцлага үүрч чаддаггүй хүн байгаа биш. Би бүгдийг нь хийсэн. Бүгдийг зохих ёсоор нь. Би аз жаргалаа олсон, жинхэнэ хайраа олсон байсан. Гэтэл амьдрал энэрэх сэтгэлгүйгээр намайг дээрэмдчихсэн.

Би хүмүүст ганц бие харагдахыг хүсэхгүй. Угаасаа ч ганцаар гэж санагдахгүй байна. Тайлж зүрхлэхгүй байгаа бөгжөө нэг л мэдэхэд хуруугаараа оролчихсон сууж байдаг. Зүрхлэхгүй, хүсэхгүй... Үнэнийг хэлэхэд бөгж байгаа тулдаа асуулт цөөн ч байх шиг, ялангуяа намайг хэн ч танихгүй, хэл нэвтрэлцэхгүй, миний явдлыг огт гадарлахгүй газар байгаа болохоор. Намайг сонирхсон эрчүүд хуруун дахийг минь хараад замаа хөөж одно. Хүмүүс миний амрагийн явдлыг сонирхож асуух ч үгүй. Намайг аз жаргалтайгаар гэрлэсэн гэж үзээд, тэр тайлбартаа сэтгэл хангалуун байх шиг. Бүтэлгүй болзоонууд, ядаргаатай найз залуусын тухай яриа илүү сонирхолтой байдаг байх л даа.

Тэгээд ч би түүнийгээ мэдэрсээр байгаа үед яаж ганцаар байх билээ. Тэр минь үргэлж надтай хамт байдаг. Бодолд минь. Зүрхэнд минь. Оршуулга, будаалгыг нь төлөвлөж байхдаа би яг л хоорондоо ярьж шийддэг байсан шигээ түүнтэй ярилцаж байлаа.

- Цэцгэнд яасан их мөнгө зарж байна аа? – хэмээн тэр минь намайг компьтер дээрээ сууж байхад араас өнгийн асууна – Солиормоор юм! Би одоо ямар нэг юмны хаан байгаа биш, ер нь надад цэцэгний хэрэг гэж юу байна?

- Чамд цэцэг хэрэгтэй байлгүй яах вэ? Бүх юм үзэсгэлэнтэй, донжтой байгаасай гэж би хүсч байна. – гэж би төсөөллийн нөхөртөө хариу хэлнэ.

- Гэхдээ тэнд байгааг нь би мэдэх ч үгүй шүү дээ. Мөнгөө хэмнэ л дээ. Ийм их цэцгийг худалдаж авахгүй байлаа гээд хүмүүс огт анзаарахгүй. Хэн ч анзаарахгүй дээ, хонгор минь.

- Оршуулган дээр чинь огт цэцэг байхгүй бол анзаарч л таарна даа. Чамтай салах ёс гүйцэтгэх үед бүх юм сайхан байгаасай гэж би хүсч байна. Чамайг хэр их хайрладаг байсныг минь хүмүүс мэдрээсэй гэж би хүсч байна. Итгэж үзээрэй, хонгор минь, намайг их мөнгө зарцууллаа гэж хэлэхгүй ч огт цэцэггүй байвал хорголоо тоолжээ гэж ярьцгаана шүү. Хүмүүсийн анхаарал цэцгэн дээр биш чам дээр байгаасай гэж хүсч байна. Тэгэхээр хүмүүст цэцэг алга даа гэж бодогдуулахгүйн тулд тэнд цэцэг байж байх ёстой, - гэж би өөрийн эрхгүй дуржигнуулан ярьж байгаагаа төсөөллөө. Түүнд заавал тайлбарлаж өгөх ёстой байсан шүү дээ.

- Пөөх. Би ёстой нэг ч үг ойлгосонгүй. – гэж тэр хариулав. Намайг дэмий сүржигнэлээ гэж бодохоороо даажигнан ирмэдэг шигээ ирмээд, - За, ойлголоо доо, чи минь л жаргалтай байвал цэцгүүдээ ав даа, гэхдээ хэт их мөнгө битгий зараарай, гуйж байна. – гэнэ.

Тэгээд мөрөөр минь чанга тэврэн энхрийлэх нь бараг л мэдрэгдсэн тул би буулт хийж захиалгынхаа тоог талд нь хүртэл буурууллаа. Түүний минь зөв дөө, би арай л хэтрүүлээд байсан юм.

Би галзуураагүй юм шүү. Огт үгүй. Энэ бол миний гашуудал. Хэрвээ сэтгэл зүйчтэй уулзаад асуувал тэд “намайг болсон явдалд дасан зохицуулах гэсэндээ оюун ухаан маань хуучин дурсамжин дундаас харилцан яриа зохиож байна” гэх маягийн юм хэлнэ гэж барьсан ч алзахгүй. Тэгсэн ч байж болох. Шаналсан зүрхийг анагаах зөөлөн түрхлэг шиг л. Эсвэл тэр минь жинхэнээсээ намайг тойроод явж байгаа байх. Эсвэл түүнийгээ тавьж явуулж чадахгүй байгаа миний буруу ч юм уу. Эсвэл бүгдээрээ ч юм уу.

Бэлэвсэн. Яасан жигтэй үг вэ.

Оршуулгын маргааш би унтлагын өрөөнийхөө толины өмнө зогсож байлаа. Түүнийгээ өөд болсноос хойш туж хуучин футболкийг нь өмсөж байсан юм. Бараг л намайг тэврээд байгаа юм шиг санагддаг. Бараг л. Урд өдөр нь дээш шууж боосон байсан үсээ задалж амжилгүй ядраад орон дээрээ унаад өгсөн болохоор орооцолдож, мушгирсан байлаа. Улайсан нүдийг минь тойроод хөхөмдүү сүүдэр унажээ. Өглөөн нарны гэрэл тусч байх тэр мөчид би толин дээрх тусгалаа харж байгаад тэр үгийг анх удаа чангаар хэлж үзлээ.

Бэлэвсэн.

Миний хоолой үнэхээр цочирдмоор сонсогдов.

Бэлэвсэн.

Ямар ч утгагүй үг.

Бэлэвсэн.

Хоосон үг.

Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн.

Нулимс мэлмэрсээр бөмбөрөн унаж хацар даган зугуухнаар халуу дүүгүүлэн урсав. Чихэнд нэг л наалдацгүй хөндий сонсогдоно. Намайг хэлээгүй ээ. Би огтоос биш. Би бэлэвсэн биш. Эр нөхөр минь зүгээр л өөд болсон.

Тэр өдөр би Ром нисэх маргаашийнх нь тасалбар авч, ачаагаа бэлдэхээс өөр юм хийсэнгүй. Гэвч байгаа бүх хувцас минь намайг ганцаар болсон гэж сануулаад байсан болохоор олигтой хувцас ч авч чадсангүй, орхиж болшгүй түүнийхээ футболк, усны хувцас, дотуур хувцас, энгэсэг будаг сэлтээс гадна онгоцонд өмсөх жийнсэн өмд, футболк л авлаа. Цэцгэнд зарцуулах хэрэггүй гэж намайг ятгаж болиулсан мөнгийг нь Италид очоод шинээр хувцас худалдаж авахдаа хэрэглэж таарах ёстой байж.

Ромд очоод би ажлаас ирсэн бүх имэйл, дуудлагуудад хариул өгөлгүй хаялаа. Ажлынхан маань намайг эргэж ирэх эсэхийг мэдэх санаатай л холбоо барих гэж оролдсон болов уу. Би өөрөө ч яахаа мэдэх юм алга. Амальфи эрэг орох галт тэрэгний тасалбар авлаа. Авчирсан усны хувцсаа тэнд л өмсөж болох юм байна гэж бодсон хэрэг. Поситанод нэг цомхон байр оллоо. Уулын бэлд далай руу харсан том тагт бүхий жижигхэн ягаан зуслангийн байшин. Дүнхийсэн том уулын бэлд өчүүхэн гэдгээ мэдрэх сүрдэм. Надад таалагдаж байна. Анх ирэхдээ Итали хэл огт мэддэггүй байсан ч хоёр сарын дараа гэхэд хүнс базааж, тэнгисийн эргийн барнуудас лимончелло* захиалах, байрны эзэгтэйтэй яриа үүсгэн, ойр зуур явахаар бол зүг чигээ асуухтайгаа болжээ. Хэлний бэрхшээлтэй болохоор хавийн улстай төдий л дотносохгүй. Хүмүүст тэр талаар яриад байхгүй нь нэг бодлын сэтгэлд амар. Ярья гэсэн ч чадахгүй байсан биз.

Ихэнх өдрүүдийг чулуун тагтан дээрх олон өнгийн том жинтүүнүүд дээр суугаад дарс шимж, шинэхэн төмс, бяслаг, мах идэж өнгөрөөж байлаа. Авч ирсэн номондоо огт хүрээгүй, хажууд эвхээстэй хэвээр. Хавтсыг нь ч сөхөж чадахгүй юм шиг санагдах тул би оронд нь тэнгис өөд хараа бэлчээж, давалгаан цувааг ажигласаар өөрийн бодолдоо, дурсамждаа бэдрэн сууна. Доошоо эрэг рүү очоод хэдэн цагаар ч хамаагүй усанд сэлнэ. Сонин санагдаад гүнд шумбах амьсгалын баг худалдаад авчихсан. Уг нь гэрээс гарахдаа мартаж орхисон биеийн алчуур, шаахай зэргийг авах санаатай эргийн дэлгүүр орсон юм. Усны мандалд доош харан хөвж, доогуур сэлэлдэх загасыг ажиглангаа нил ягаан өнгийн хуванцар хоолойгоор тайван амьсгална. Загаснууд үнэхээр амгалан амьдрах юм, тойрч сэлээд л, идээд, үржээд. Ерөөс тэд ховсдох увдистай мэт. Тиймдээ ч тэр үү өдөр бүр давалгааны аясаар хөвөлзөнгөө тэднийг хараад л баймаар. Орон зайд замхарч, хэн ч биш болоод хаана ч эс орших мэт сэтгэн, хөвөөд.

Заримдаа би тосгоноор алхаж шүрэн зүүлт зэрэг өнгө бүрийн бараа өрөөтэй дэлгүүрүүдийг ажиглан явдаг. Зүймэл чулуун замтай гудамжаар зургаан ямхын шөвгөн өсгийт жийсэн бүсгүйн алхаж явахыг хараад, эр нөхөр минь миний бүсэлхийнээс тэврэн өөртөө наагаад тонгойж чихэнд минь, - Яагаад ийм гудамжинд тийм шөвгөн өсгийт өмсөөд алхахыг сайхан санаа гэж боддог юм бол? Шагайгаа мултлах гээ юм болов уу? – гэж шивнэж байгаа нь бараг л сонсогдсон. Яг тэр агшинд тэр минь хаа сайгүй байсан. Амьсгаа давчдуулж, хурууны үзүүрийг жирсхийлгээд. Би зогтусаад, өөрийн эрхгүй инээмсэглэн нүдээ анихад, түүний амьсгал хацар тэгээд чихэн дээр минь мэдрэгдсэн. Зүрх догдлон булиглаж, хацар халуу дүүгээд түүнтэйгээ хамт байх гэж чадлаараа тэмцсэн боловч нүдээ нээхэд минь дүүрэн хүнтэй гудамж хоосон цэлийгээд байж байхыг сэтгэлдээ мэдэрч байлаа. Тиймээс би нүдээ тас аниж, түүнтэйгээ дахиад ганц хором ч атугай хамт байв.

Урд шөнө нойр хулжаад унтаж чадахгүй байсан болохоор шөнө дунд гарч уул өөд алхав. Сарны гэрэлд жим даган ууланд гараад оргил дээрээс нар мандахыг, тэнгисийн мандлыг зүйрлэж хэлэмгүй яруу өнгөөр гэрэлтүүлэхийг харлаа. Үнэхээрийн үзэсгэлэн төгөлдөр байсан ч миний дотор хөндий хэвээр. Юу ч байхгүй хоосон. Тэр мөчид түүнийгээ мэдэрч чадаагүйдээ бачимдаж удтал уйллаа.

Тэндээс доош буугаад шууд боомт дээр очиж Капри хүрэх усан онгоцонд суув. Дэлхийн хамгийн сайхан арлуудын нэг гэх. Яагаад гэдэг нь илт байлаа. Үнэхээр өнгөлөг, зүсэн зүйлийн худалдаачин, загасчид боомт дээр багшралдаж, далайн эрэг тийш харсан өч төчнөөн зоогийн газрууд тасралтгүй үргэлжилсэн сайхан хот юм. Уулын оргил өөд хүргэх дүүжин сандлыг алгасаад овон товонтой нарийхан шороон жимээр өгсөв. Усан үзэм, оливийн модод, өнгө бүрийн цэцэгсээр хучигдсан сайхан байшингууд ээлж дараагаар өнгөрсөөр. Ягаан, шар, цэнхэр өнгийн жижигхэн байшингууд... Хоёр цаг орчим алхаад би түр амсхийж замд таарсан муурыг эрхлүүлэнгээ цэцэгсийн анхилуун үнэрийг таашааж, наранд биеэ ээн зогсов. Орой дээр байх хотын төв талбайд хүрэхдээ би бүр хөлөрч орхисон байсан тул модон сандал дээр тухлангаа өргөн хүрээтэй сүрлэн бүрх малгайн доороо нуугдлаа.

Ард минь хүн зон дүүрэн оволзох гудамжинд хүүхдүүд тойрон гүйлдэж эцэг эхээсээ желато** авч өгөхийг гуйн шуугилдаж, амраг хосууд янз бүрийн өнцгөөр зургаа татуулж, анд нөхөд мөстэй лимончелло шимэн хашаандаа налайж, нутгийн иргэд итали хүмүүсийн зангаар гараа савчуулан ярилцацгаана.

Бэлэвсэн.

Үгүй. Би бэлэвсэн байж чадахгүй. Яаж ч харсан энэ үгээр өөрийгөө төсөөлж чадахгүй нь. Ордоггүй, таардаггүй, таалагддаггүй гутал шиг байна.

Би сандлаас босч арлын гүн рүү, хүмүүсийн шуугианаас хол, вангийн цайз рүү явлаа. Сүрлэг байгууламж арлын хамгийн өндөр хэсэгт, эргийн цохион дээрээс тэнгисийг тольдон байрлах аж. Балгас гэхэд энэхүү асар том чулуун барилга хэвээ сайн хадгалжээ. Улаан чулуун хана нь өрөөнүүдийг таатай сэрүүн байлгах бөгөөд тэндээс гаруут үд дундын нар хайр найргүй шарж тэнгисийн сэвшээ салхи үлээхэд л жаахан арай дээрдэнэ. Ханын цаадтай эгц цохио шууд тэнгистэй залгах бөгөөд тэнгисийн давалгаа шуугин ирж хаданд цохисоор, цохисоор, цохисоор. Яг л миний зүрхний хэмнэл мэт жигд хэмнэлээр.

Би бөгжөө хуруунаасаа сугалан авч мөнгөн тойрог, мөсөн гоёлын нь гялалзахыг харлаа. Алгуурхнаар алгаа тэнийлгэн хажуу тийш эргүүлж бөгжийг цохио давуулан унагав. Усанд унах чимээг нь ч сонссонгүй, унаж байгаа барааг нь ч харъя гэсэнгүй.
Зүрх байгаа газар гэр буй, бас итали хэлний бэлэвсэн гэдэг үгийг би мэдэхгүй.

* Limoncello – Италийн өмнөд нутгийнхны түгээмэл хэрэглэдэг нимбэгийн дарс
** Gelato – Итали маягийн мөхөөлдөс

Орчуулсан: Д.Цогчулуун (ЧҮНДЖ)
2019.04.16

Эх сурвалж: https://www.writersdigest.com/
Зургийн эх сурвалж: Пинтерест

Friday, April 12, 2019

ГАРЦААГҮЙ АМИА ХОРЛОЛТ

ГАРЦААГҮЙ АМИА ХОРЛОЛТ
Зохиолч С. Фоулер Раит, 1951 он



- Ердөө л хоёрхон агшинд Дэлхий тэр аяараа дүрэлзэх галд автаад л алга болно, - хэмээн Н.Ю. Лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан гэргийдээ сонирхуулан ярина.

- Гэрэл ганц мэлтэсгээд л хорвоо ертөнцөөс нэг гараг үүрд алга болно. Хамгийн гайхалтай нь ерөөсөө маш энгийн байгаа юм. Зүгээр л хашааныхаа амбаар савандаа сууж байгаад л хийчхэж болохоор. Хэрэг болох зүйл нь ердөө л гуравхан бодис, маш амархан олдоцтой, тэгээд тэднийгээ тохирох хэмжээгээр холиод хуйлаастай халуун төмөр утас байхад болно.

- Тэгвэл тэр бодисуудыг нь бүрмөсөн устгаад байхгүй болгочихсон нь дээр юм биш үү? – хэмээн гэргий нь лавлав.

- Харамсалтай нь бүр маш түгээмэл тархсан, хаа сайгүй хэрэглэгддэг болохоор бүрмөсөн устгах ямар ч боломжгүй.

- Тэгэхээр энэ талаар ямар нэг тэнэг хүн, эсвэл бүр ямар ч авралгүй болсон гэмт хэрэгтэн ч юм уу олоод мэдчихвэл хүн төрөлхтөнтэй хамт гарагийн амиа хорлолт хийх боломжтой гэх гээд байна уу?

- Ойлгохгүй байх боломжгүй л дээ, – хэмээн мань судлаач гаансаа тайвнаар нэрэнгээ, - Гэхдээ одоогоор зөвхөн А зэрэглэлийн гуч орчим хүн л энэ талаар мэдэж байгаа. Орц найрлагын талаар хэнд ч хэлэхгүй гэж бид нууцын тангараг өргөсөн болохоор би чамд ч хэлж чадашгүй. Гэхдээ бидний дундаас хэн нэгэн нь одоо эсвэл хэзээ нэгэн цагт...

- Яаж яваад ийм олон хүн мэддэг болчихсон юм бэ?

- Нэгдүгээр зэрэглэлийнхний бүгдээрээ оролцдог долоо хоногийн хурлын үеэр ийм байж болох юм гэсэн яриа гарсан юм л даа. Бидний хэсэг хүмүүс тэр талаар тодорхой үе шат хүртэл нь туршилт хийгээд, цааш нь математикийн тооцоолол хийж үзсэн. Бүх гаргалгаа ижил үр дүнг зааж байна билээ. Туршилтаар заавал үзүүлж батлах боломжгүй ч дүгнэлтэд бол ямар ч эргэлзэх зүйл байхгүй.

- Тэгвэл энэ талаар бүх мэдээлэл баримтыг бүрэн устгаад, энэхүү түйтгэрт мэдлэгийг агуулж байгаа та нарын ой санамжаас ч гэсэн нэн даруй зайлуулах хэрэгтэй юм биш үү.

- Наад талаар чинь бидэнд ярилцсан зүйлс байгаа. Маргаашийн тусгай хурлаар ч бас ахин ярилцана. Тэр чиглэлд ч шийдвэр гарч магад. Гэхдээ ийм олон тооны улсын дунд үзэл бодлын зөрчил байх нь жирийн үзэгдэл шүү дээ. Манай өмнөх хурал дээр гурван хүн шууд л эсэргүүцсэн. Шинжлэх ухааны ямар ч мэдээлэлтэй тийнхүү харьцаж болохгүй гээд тэд эрс эсэргүүцсэн дээ. Гэхдээ нэг зовлонтой юм нь юу вэ гэвэл, тооцооллыг нь устгалаа ч гэсэн яг ажиллагаа, орц найрлага нь маш энгийн болохоор ой тойноос гарна гэж байхгүй, ялангуяа бидэн шиг улсынхаас бол бүр үгүй.

- Тэгвэл хамгийн ойлгомжтой юм нь... Ямарваа эсэргүүцэл тулгарвал, зүгээр миний бодлоор шүү дээ, тэр эсэргүүцээд байгаа нөхдийг аргалж барахааргүй элдэв балай юм хийчихээс нь өмнө урьтаад үхлийн танхимд түгжчихвэл болох юм биш үү.

Графтон санал нийлэв. Ярих юм ингээд дууссан тул гэргий нь унтахаар хажууллаа.

Нойр нь хулжчихжээ. Өнгөрдөг долоо хоногжингоо л тэрээр өчүүхэн төдий гомдонгуутаа дэлхийг тэр аяар нь сүйрүүлж чадах мэдлэг хүн бүрт байдаг ертөнцөд амьдарвал ямар байх тухай төсөөлж өнгөрөөсөн билээ. Удахгүй дурын увайгүй этгээдийн амнаас гараад ирж мэдэх “Миний хүссэнийг өгөхгүй бол бүгдээрээ цагийн дараа үхэцгээе” гэсэн сүрдүүлэг хамгийн зоригтой хүнийг ч хүртэл ахин бодоход хүргэнэ дээ.

Ийм юм болохгүй байсан ч гэсэн яг энэ мэдээлэл олон нийтэд нээлттэй байгаа үед Дэлхий маань хэр удаан тогтнох бол? Сар бүр л янз бүрийн яс угсааны, бүх төрлийн ажил алба эрхэлдэг хэдэн мянган хүн амиа хорлож байна. Тэдний дундаас бүгдийг араасаа чирээд сүр дуулиантай явах сонирхолтой хүн гарахгүй гэж үү? Энэ мэдлэгийг түмэнд түгээхэд Дэлхий ганц ч долоо хоног тэсэхгүй. Гэвч одоо яалтай ч билээ.

Гэтэл гүн нойрсож тархиа амраагаад, дөнгөж боссон гэргий нь цочиж уулгалмаар санаа хэллээ.

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү амьдралд ойр, хатуу шийдвэрүүдийг гаргах чадвартай. Гэргий нь унтаж буй хүүхэд рүүгээ харлаа, тэгээд хажуу өрөөнд унтаж буй нэг насаар эгч охиноо бодож байснаа ийнхүү хэлэв.

- Энэ гучин хүн цаашаагаа мэдлэг дамжуулахаас нь өмнө устгачихвал их сайн байхсан.
- Пээ, хонгор минь, ямар хүмүүс гэдгийг нь бодоод үзээч! Профессор Грибштейн, тэгээд доктор Торнтон, бас...
- Доктор Торнтон ч дээ. Надад лав анхнаасаа таалагдаж байгаагүй, - хэмээн гэргий нь энгийн л эмэгтэй хүний янзаар хариуллаа.

Тухайн үедээ энэ чивэлт бодлын талаар ахиж бодолгүй тэр чигт нь хаячихсан бөгөөд нөгөө цөөнх нэлээн хэдүүлээ болчихоод энэ мэдлэгийг тараах хэрэгтэй гэж яршиг болж Зөвлөл дээр бөөн хэрүүл болоогүй бол санаанд нь хэзээ ч орж ирэхгүй ч байж мэдэхээр байв. Нэг нь бүр энэ нээлтийн талаар олон нийтэд зарлан тунхаглаж, өөрсдөө Гучийн Зөвлөл болоод дэлхийг удирдан захирч, хүмүүс бидний өлмийд айдаст автан мөлхөх ёстой гэсэн юм ярьж байсныг яана... Тэр үед л үүнийг амархаан гэгч нь хийж болох юм гэж бодогдсон. Дараагийн хурал дээр бүгд ирэхэд би л ганцаараа байхгүй! Томуу тусаад босож ч чадахгүй болсон. Жинхнээсээ. Томуугийн шинж үзүүлэх амархан л даа. Дараагийн дайнд хэрэглэх үнэргүй хорт хийг туршихад арван долоохон агшны дотор хоёр зуун үхэр чадхийж билээ. Хурлын танхимын дээд тавиур дээрх цилиндр саванд байгаагаас ч бага хэмжээг хэрэглээд тэр шүү дээ! Тусгай хамгаалалтын зориулалтаар тэнд байлгадаг юм л даа. Маш найдвартай лацадсан. Гэхдээ зэврүүлэх чадалтай хүчлийг цилиндрийн ханан дээр асгаад идэх цагийг нь тохируулж болно. (Тэд яаж үхсэнээ ч мэдэж амжихгүй, ер нь хэн ч мэдэж чадахгүй гэдэг нь л чухал) Явж явж энэ их боломжийн санаа байна шүү. Сайхан сэтгэлтэй, ухаалаг, хайр булаам Мауд минь хүртэл үүнийг зөв зүйл гэж бодож байхад. Яг цаг нь тулаад бодоод байх нь ээ, тэр ч бас доктор Торнтонд дургүй болж таарав. Тэгээд ч үүний дараагаар мань эрийн албан тушаалын байдал ч хэмжээлшгүй сайжраад ирж байгаа юм.

Ингээд ээлжит Зөвлөлийн хурлаар төлөвлөгөөгөө хэрэгжүүлэв. Хэн ч түүнийг сэжиглэсэнгүй. Ганц алдаа нь зөвшөөрөх байх гэж бодоод Маудад хэлсэн явдал болов. Үнэхээр ч гэргий нь маргаангүй зөв гэж хэлжээ.

Одоо хамаг хүч түүний гарт төвлөрсөн тул хамгийн ухаалаг чиглэлийг сонгох хэрэгтэй хэмээн мань судлаач хэллээ.

Мауд олныг эргэцүүлэв. Олон зүйлийнх нь дунд эр нөхөр нь хэзээ нэгэн цагт өөд болохоор бол араасаа дагуулчихъя гэж бодох болов уу гэх эргэлзээ ч байлаа. Унтаж буй хүүхэд рүүгээ ахин нэг хараад амьдралд ойр зүйлийг хийв. Хор худалдаж авахад хэцүүгүй газар тэд амьдардаг. Өглөөний кофенд нь холиод өгчихсөн.

Эр нөхөр нь өөрийгөө өмнөх хорин есөн хүний үхэлд буруутай, бас хайхрамжгүйгээс болоод үлдчихлээ гэж ихэд гутрангуй, сэтгэл санаагаар унаад байсан тухай гэргий нь цурхиран хэлсэн тул амиа хорлосон явдал болох нь гарцаагүй. Гэргий өөрийн зүг ирэх хардлагыг арилгах нь зүйн хэрэг. Хоёр хүүхдийнхээ төлөө амьдрах хэрэгтэй биз дээ. Хэдэн сая хүний үхлийг тоодоггүй мөртөө хуулийнхан ганц хүний үхэл дээр хэрхэн сүржигнэдгийг тэрээр маш сайн мэдэх билээ.

Орчуулсан: Д.Цогчулуун (ЧҮНДЖ)
Зөгнөлт – 3
2019.04.12

Зургийн эх сурвалж: https://www.behance.net/gallery/58030919/My-jelly-brain-(overthinking)

Monday, April 08, 2019

ХИЧНЭЭН ЖАРГАЛТАЙ

ХИЧНЭЭН ЖАРГАЛТАЙ
Зохиолч Айзэк Азимов, 1951 он



Маржи тэр шөнийн тухай тэмдэглэлдээ хүртэл бичиж байсан удаатай. 2155 оны 5 дугаар сарын 17 гэж толгойлсон хуудсан дээр тэрбээр “Өнөөдөр Томми жинхэнэ ном олов!” гэж дурайлган бичжээ.

Их эртний ном байлаа. Маржийн хөгшин аав нэгэнтээ бага насныхаа тухай хуучлах зуураа түүнд хөгшин аав нь бүх түүх, үлгэрүүдийг цаасан дээр хэвлэж гаргадаг цаг үе байсан тухай ярьж байсныг дурсаж билээ. Шарлаж үрчийгээд дарайчихсан хуудсуудыг нь эргүүлэхэд дэлгэцэн дээгүүр урсаж өнгөрөх ёстой нөгөө үсэгнүүд нь огт хөдлөхгүй байрандаа байцгааж байсан нь их марзан санагдсансан. Тэгээд өмнөх хуудас уруу буцаагаад эргүүлэхэд эхэнд уншиж байсан үгс нь яг л тэр хэвээрээ байж байсныг яана.

- Арай ч дээ, хайран юм, - хэмээн Томми шогшроод - Нэг номыг уншиж дуусгаад ингээд хаячихдаг байсан юм байх даа. Манай зурагтын дэлгэц дээр л гэхэд хэдэн сая ном байгаа байх, цаана нь зөндөө зай бий. Би л лав тэрийг хаяж чадахгүй, - гэж ярив.

- Манайх ч гэсэн, - гэж Маржи хэллээ. Тэрээр арван нэгэн настай байсан бөгөөд Томмид байсан шиг тийм олон теленом харж байгаагүй билээ. Томми арван гуравтай.

- Хаанаас олоо вэ?
- Гэрээсээ, Дээврийн хөндийгөөс - гэж Томми номоо унших зуураа өөд харалгүй хариулав.
- Юун тухай юм бэ дээ?
- Сургууль.
Маржи дүрсхийгээд л явчихав.
- Сургууль аа? Сургуулийн тухай бичээд байх юу байдаг юм? Би сургуулийг жигшдэг.

Маржи угаас сургуулийг үздэггүй, одоо бүр ч илүү үзэн ядах болжээ. Оньсон багш нь газарзүйн хичээл дээр тувт шалгалт авсаар, түүний дүн нь улам муудсаар эцэстээ ээж нь гунигтайяа толгой сэгсрээд дүүргийн засварчинг дуудсан билээ.

Тэр хүн нь дүүрэн багаж, төмөр утас, тоног төхөөрөмж бүхий хайрцаг барьсан улаан царайтай, намхан махлаг эр байсан юм. Түүн рүү харж инээмсэглээд алим өгснөө багшийг тэр дор нь задлаад тавьчихсан. Буцааж угсарч чаддаггүй байгаасай хэмээн Маржи дэмий горьдсон ч засварчин ажлаа сайн мэддэг байсан тул цаг гарны дараа өнөөх муухай хар юм чинь хичээл зааж, асуулт асуудаг том дэлгэцтэйгээ эргээд л босоод ирж билээ. Энэ хэсэг нь тийм ч муухай биш. Харин Маржийн хамгийн дургүй хэсэг нь гэрийн даалгавар, шалгалтын хариугаа шургуулдаг уншууртай хэсэг нь байлаа. Аль зургаан настайд нь л бичүүлж сургасан товшуураар хичээлээ бичээд оруулахад оньсон багш нь тэр даруй шалгаад дүнг нь тавина.

Засварчин ажлаа дуусгаад аанай л инээмсэглээд түүний толгойг зөөлөн илбэжээ. Тэгээд ээжид нь хандан,
- Энэ жаахан охины буруу биш байна аа, Жонс ахайтаан. Газарзүйн хичээлийн хэсгийг арай түргэнээр тохируулчихсан байж. Заримдаа ингэдэг юм. Би хурдыг нь жаахан сааруулаад арван настны түвшинд тохируулчихлаа. Харин ч охины тань ерөнхий түвшин тун сайн байна шүү, - гэж хэлээд охины толгойг ахиад л зөөлөн илбэжээ.

Маржи гонсгор хоцров. Багшийг нь бүр аваад явчихаасай гэж дотроо тэсгэлгүй хүсэж байж л дээ. Томмигийн багшийн түүхийн хичээлийн хэсэг тэр чигтээ хоосорчихсон гээд нэг удаа аваад явчихаж байсан билээ.

Охин Томмид хандан,
- Ямар нь сургуулийн тухай юм бичдэг байна аа? гэж асуухад цаадах нь түүн рүү ихэрхүү янзтай харснаа,
- Яагаад гэвэл манайх шиг сургууль биш болохоор, мангар минь. Зуу зуун жилийн өмнө байсан хуучин маягийн сургуулийн тухай юм, гэлээ.

Тэгснээ үгээ зөөн алгуурхнаар,
- Зуу зуун жилийн өмнө, - гэж давтан хэлэв.

Маржи гомдлоо.

- Тэр олон жилийн өмнө ямар сургууль байсныг би яаж мэдэх юм, - гээд тэрээр Томмигийн араас тонгойн номыг хэсэг уншсанаа, - Тэдэнд бас багш байжээ, - гэж асуув.
- Мэдээж багш байж л таараа шүү дээ. Гэхдээ энгийн багш биш. Хүн байсан байна.
- Хүн гэнэ ээ? Хүн яаж багшилдаг юм бэ?
- Хүмүүс хөвгүүд охидод элдэв юм яриад, даалгавар өгч, асуулт асуудаг байсан байна.
- Хүмүүсийн ухаан хүрэхгүй л дээ.
- Хүрэлгүй яах вэ. Манай аав бол бараг багшийн хэмжээний мэдлэгтэй.
- Арай ч үгүй байх аа. Багш шиг их хэмжээний мэдлэгтэй хүн гэж хаа байсан юм.
- Аав бараг адилхан гэж би барьсан ч алзахгүй.

Маржид үүнтэй маргах хүсэл төрсөнгүй. Тэгээд,
- Би л лав танихгүй хүн манайд ирээд надад хичээл заагаасай гэж хүсэхгүй, гэв.

Томми чанга гэгч нь хөхөрч гарав.
- Чамд ёстой мэдэх юм алга аа, Маржи. Багш нар чинь ийм гэрт амьдардаггүй юм. Тэд тусдаа том байшинтай, хүүхдүүд бүгдээрээ тийшээ нь очдог байсан.
- Тэгээд хүүхдүүд бүгдээрээ адилхан юм үздэг байсан хэрэг үү?
- Мэдээж, нас чацуу бол тэгж л таарна.
- Гэхдээ, багш нар хичээл заалгаж байгаа хөвгүүд, охид бүрийн оюун ухааны түвшинд тааруулж өөр өөрөөр сургадаг гэж ээж хэлсэн шүү дээ.
- Яг адилхан. Гэхдээ одоогийнх шиг ингэж биш өөрөөр заадаг байсан. Чамд таалагдахгүй бол номыг нь уншихгүй байж болно оо.
- Таалагддаггүй гэж би хэлээгүй шүү дээ, - гэж Маржи бушуухан хэлэв. Энэ марзан сургуулийн тухай уншмаар л байлаа.

Талд нь ч ороогүй байтал Маржийн ээж дуудлаа,
- Маржи, хичээлээ хийгээрэй, - гэхэд нь Маржи өндийгөөд,
- Арай болоогүй байна аа, ээж ээ.
- Яг одоо. Томмигийн явах цаг ч бас болсон байх, - гэж Жонс ахайтан эрс хэллээ.
Маржи Томми руу хараад,
- Хичээлийн дараа наад номыг чинь хамтдаа уншиж болох уу? гэж асуухад цаадах нь,
- Магадгүй ээ, - гээд хайхрамжгүйгээр хариулаад тоосонд дарагдсан хуучин номоо сугандаа хавчуулан шүгэлдсээр гарч одов. Маржи хичээлийнхээ өрөөнд орлоо. Унтлагынх нь өрөөний зэргэлдээ орших тус өрөөнд оньсон багш нь асаалттай хүлээж байна. Ээж нь жаахан охид тогтсон цагт хичээл хийвэл илүү сайн сурдаг гэж хэлсэн болохоор багш нь Бямба болон Ням гарагуудаас бусад өдөр яг ижил цагт асаалттай байдаг билээ.

Асаалттай дэлгэцэн дээр нь “Өнөөдрийн тооны хичээл дээр энгийн бутархайг нэмэх талаар үзнэ. Өчигдрийн гэрийн даалгаврыг тохирох уншуурт оруулна уу” гэсэн бичиг гарчээ.

Маржи санаа алдаад хэлснээр нь хийв. Элэнц эцэг нь жаахан хүү байхдаа сурч байсан хуучин сургуулиудын тухай бодсоор л байлаа. Ойр орчны бүхий л хүүхдүүд цуглараад, сургуулийн хашаанд инээлдэн хашгачиж, хичээлийн танхимд хамтдаа суугаад л, сургуулийн дараа гэрээдээ хамтдаа хариад л. Адилхан юм заалгадаг байсан юм чинь гэрийн даалгавраа хамтдаа хийж ярилцаад, нэгэндээ туслаад л. Тэгээд багш нь хүмүүс байсан гэхээр...

Оньсон багшийн дэлгэц анивчихад дээр нь “½ бутархай дээр ¼ бутархайг нэмэхдээ...” гэсэн бичиг гарч иржээ.

Тэр эртний үеийн хүүхдүүд сургуульдаа ямар дуртай байсан бол гэж бодлоо. Хичнээн жаргалтай байсан бол доо.

Орчуулсан Д.Цогчулуун (ЧҮНДЖ)
Зөгнөлт – 2
2019.04.04

Зургийн эх сурвалж: https://media.gettyimages.com/vectors/computer-monitor-drawing-vector-id523182280

Wednesday, April 03, 2019

МАТЕМАТИКЧИД

МАТЕМАТИКЧИД
Зохиолч Артур Фелдман, 1953 он



Тэд цэцэрлэгт байлаа.
- Алив, Зои минь, дэрвэлзэхээ боливол чинь аав нь гоё юм ярьж өгнө шүү, - гэхэд Зои дүүжин орон дээр тухаллаа.
- Болсон явдал уу, аав аа?
- Яг миний ярьж байгаа шигээр болсон явдал даа, - гээд Дрэйк Хоукинс Зоигийн ягаахан хацрыг чимхэв.
- За тэгэхээр, энэ явдал хоёр мянга арван нэгэн жилийн өмнө 1985 онд болсон юм. Тухайн үеийн цаг тооллоор тэр л дээ. Аварга нохой оддын ордын Хөхдэй мэргэн одны нэгэн омгийн биес дэлхийг эзэлжээ.
- Ямар биес байсан юм бэ, аав аа?
- Хүмүүстэй их олон талаараа төстэй. Хоёр гар, хоёр хөл, ер нь хүмүүст заяасан бусад эрхтнүүд бүгд л байсан даа.
- Хүмүүсийг тэр Оддын биесээс ялгахын аргагүй адилхан байсан гэж үү, аав аа?
- Ялгаа байсан. Шинээр ирэгсэд нь бүгдээрээ дал мөрнөөсөө ургасан өдөт ногоон жигүүр, бас урт ягаан сүүлтэй байсан юм.
- Тэд хэдүүлээ ирсэн юм бэ, аав аа?
- Яг гурван сая дөчин эрэгтэй, гурван эмэгтэй ирсэн. Тэдгээр биес дэлхий дээр Сардини аралд анх үзэгдээд, таван долоо хоногийн дараа гэхэд бөмбөрцгийг бүхэлд нь эзэлчихсэн байсан даа.
- Дэлхийнхэн хариу тулалдаагүй юм уу, аав аа?
- Хүмүүс булаан эзлэгчдийн эсрэг буу зэвсэг, тэсрэх бөмбөг, атом цөмийн бөмбөгүүд, хий хүртэл ашиглаж тэмцсэн.
- Тэд нар нь ямар юм байсан юм бэ, аав аа?
- Өө тэр юмс нь үгүй болоод удаж байгаа. Зэр зэвсэг гэж нэрлэдэг байсан юм. Хүмүүс хоорондоо тийм юмаар тулалддаг байсан.
- Одоогийн бидэн шиг оюун санаагаараа биш гэж үү?
- Үгүй ээ, сая хэлсэн шиг буугаар л. Гэтэл булаан эзлэгчид зэр зэвсэгт дархлаатай байжээ.
- Дархлаа гэж юу гэсэн үг вэ?
- Элдэв хөнөөлөөс ангид гэсэн үг ээ. Дараа нь хүмүүс нян, бактери ашиглаад Оддын биестэй тэмцэж эхэлсэн.
- Тэр нь юу вэ?
- Жижигхээн, маш жижигхэн хорхойнуудыг хүмүүс булаан эзлэгчдийн биед хийж, өвчлүүлээд, үхүүлэх гэсэн юм. Гэтэл хорхойнууд Оддын биест ямар ч хөнөөл авчраагүй.
- Цааш нь яриарай, аав аа. Тэнгэрийн биес дэлхийг эзэлжээ гэдгээс үргэлжлүүлээд.
- Шинээр ирэгсэд дэлхийнхнээс хэтийдсэн ухаантай байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Нарийн ярьвал, булаан эзлэгсэд нь системдээ хамгийн аугаа математикчид нь байсан юм шүү.
- Систем гэж юу вэ? Бас математикчид гэж юу хийдэг улс вэ?
- Сүүн замыг хэлж байгаа юм аа. Математикч гэж хэмжих, жинлэх, бодох гэхчлэн тооны ухаанд сайн хүнийг хэлдэг.
- Тэгээд булаан эзлэгчид Дэлхийнхнийг хуйгаар нь устгасан уу?
- Үгүй дээ. Маш олноор нь устгасан боловч бас зөндөөнийг боолчилсон. Хүмүүс өмнө нь мал аж ахуй эрхэлдэг байсан шиг л шинээр ирэгсэд хүмүүсийг тэгж байлгадаг байжээ. Заримаар нь юм хийлгэж, заримыг нь заазалж хүнсэндээ хэрэглэдэг байсан.
- Аав аа, Оддын биес ямар хэлээр ярьдаг байсан бэ?
- Маш энгийн хэлээр ярьдаг байсан, гэхдээ хүмүүс тэрнийг нь огт эзэмшиж чадаагүй. Тиймээс булаан эзлэгчид асар ухаантай болохоор бөмбөрцгийн бүх хэлийг сурсан даа.
- Дэлхийнхэн булаан эзлэгчдийг юу гэж нэрлэдэг байсан бэ?
- Да-гас. Тал нь дагина, тал нь мангас.
- Тэгэхээр аав аа, Да-гасууд хамаг хүмүүсийг боолчилсны дараа Дэлхийд амар амгалан ноёлсон байх даа?
- Нэг хэсэгтээ л. Нэг удаа, хүмүүсийн хамгийн зоригтойнууд нь, Нөвол гэдэг хүнээр удирдуулаад Гринланд руу оргосон байна. Энэ Нөвол гэдэг хүн Дэлхийн тэргүүн сэтгэл зүйч байж л дээ.
- Сэтгэл зүйч гэж юу вэ?
- Санаа бодлыг зохицуулдаг хүн.
- Тэгвэл тэр их баян байжээ?
- Дэлхийдээ л хамгийн баян нь. Нэлээн тунгаасны эцэст Нөвол Да-гасуудыг дэлхийгээс арилгах арга олсон байна.
- Яаж тэр вэ, аав аа?
- Тэр хүн Да-гасуудад хүний сэтгэл хөдлөлүүдийг шингээх Нөвол-Хьюз, Илинскийн арга гэгчийг төгөлдөржүүлсэн юм.
- Шингээх гэдэг нь юу гэсэн үг вэ?
- Сэтгэл хөдлөлөөр дүүргээд, тэрнийгээ мэддэг болгочихсон гэсэн үг, - гэхэд Зениа яриаг нь таслан орж ирээд:
- Хүүхдэд ойлгомжгүй юм яриад байгаа юм биш үү дээ, Дрэйк?
- Үгүй ээ, ээж ээ. Аавыг тайлбарлахаар ойлгож байна. Битгий яриа таслаад бай л даа, - хэмээн Зои дургүйцэв. Дрэйк цааш үргэлжлүүлэн:
- Тэгээд Нөвол Да-гасуудыг хайр дурлал, атаа жөтөө, хүсэл мөрөөдөл, үзэн ядалт, хорон санаа, цөхрөл гутрал, итгэл найдвар, айдас хүйдэс, ичгүүр гутамшиг гэхчлэн хүний сэтгэл хөдлөлүүдээр дүүргэж орхисон байна. Төд удалгүй Да-гасууд яг л хүмүүс шиг аяглаж эхлээд, аравхан хоногийн дараа аймшигтай иргэний дайн өрнөн Да-гасуудын гуравны хоёр нь сүйдсэн юм даа.
- Аав аа, тэрнээс болоод Да-гасууд нэгнээ алж дуусгасан юм уу?
- Бараг л. Залибар гэх нэртэй биес тэдний дундаас тодорч гэгээрэл, ятгалгаараа бүх Да-гасуудыг ахан дүүс юм хэмээн номлосон. Булаан эзлэгчид маш хурдан түүнд дагаар орж, маргалдахаа болиод Дэлхийнхнийг улам ихээр боолчилсон доо.
- Аав аа, аав аа, Нөвол бас түүний найзууд ийм явдал болсонд жигтэйхэн харамсаа даа?
- Нэг хэсэгтээ л. Гэхдээ Нөвол нэг их удалгүй шийдвэрлэх цохилтоо хийсэн.
- Наадах чинь хэлц үг үү, аав аа? Шийдвэрлэх цохилт гээд.
- Тийм ээ. Үхлийн цохилт. Хамаг арга нь барагдаад шийдсэн мэхээ хийсэн.
- Би ойлголоо, аав аа. Эсрэг тал юу ч хийсэн гэсэн нам дарах хүчтэй санаа байж. Тэр юу байсан юм бэ, аав аа? Тэд юу хийсэн юм?
- Нөвол Да-гасуудад эргэн дурсах сэтгэл суулгачихсан.
- Эргэн дурсах сэтгэл гэж юу вэ?
- Гэрээ санахыг хэлдэг юм аа.
- Өө, аав минь ээ, Нөвол яасан ухаалаг хүн байж вэ? Энэ чинь Да-гасууд ардаа үлдээж ирсэн одоо санаад тийшээ буцах эрмэлзлэлээр дүүрсэн гэсэн үг биз дээ.
- Яг тэгсэн. Нэг л өдөр бүх Да-гасууд, бүрэн бүрэлдэхүүнээрээ аварга ногоон жигүүрээ дэвсээр Умард Америкийн Хар толгод дээр цугларч нэгэн дохиогоор Дэлхийгээс зэрэг нисэн одоцгоосон тэр өдөр хүмүүн төрөлхтөн “Биширтүгэй, залбиртугай, бурхны аврал бадартугай!” хэмээн дуугаа өргөцгөөж билээ.
- Аав аа, тэгээд бүх Да-гасууд Дэлхийгээс явцгаасан уу?
- Арай ч бүгд биш ээ. Хоёр Да-гас хүүхэд байсан юм. Дэлхий дээр мэндэлсэн хүү, охин хоёр бусадтайгаа хамт тэнгэр өөд ниссэн. Гэвч агаар мандлын адарт тулаад тэд эргэлзэж, сүүлээ эргүүлэн Дэлхий рүүгээ буцацгаасан даа. Тэдний нэрийг Зиззо, Зизза гэдэг байсан.
- Тэр Зиззо, Зизза хоёрт юу тохиолдсон бэ, аав аа?
- Яах вэ дээ, Да-гасууд мундаг математикчид байдаг юм чинь үржицгээсэн дээ.
- Аав минь ээ, яасан сайхан явдал вэ, -хэмээн Зои хөхрөөд далавчаа чичигнүүлэн дэрвэж гарлаа.

* Аварга нохой оддын орд – Canis Majoris оддын орд
** Хөхдэй мэргэн – Канис Мажорис оддын ордын хамгийн тод гэрэлтэх Сириүс хэмээх од. Грек хэлний “гэрэлтэх”, “шатах” гэсэн утгатай Seirios гэдэг үгнээс үүсэлтэй. Тэнгэрт гэрэлтэх хамгийн тод энэхүү одыг Монголчууд Хөхдэй мэргэн хэмээн нэрлэдэг.
*** Сүүн зам – Milky Way гэж манай нарны аймгийн оршин буй галактикийг хэлдэг.
**** Да-гас - Эх зохиол дээр An-vil (angel-devil) гэсэн байсныг Дагина-мангас гэж монголчлоод ийнхүү товчлов.

Орчуулсан: Д.Цогчулуун (ЧҮНДЖ)
Зөгнөлт – 1
2019.03.28

Зургийн эх сурвалж: http://getdrawings.com/man-with-wings-drawing?fbclid=IwAR17d0rCCpEQeqynFbY5G4_CH79L_SIUy3fSJj_5JYb5nrN1d2Ege6bkPjY#man-with-wings-drawing-58.jpg

Monday, March 25, 2019

Будант хайрхны дуу

Толкин уншлагын өдөр зориулав.

Билбо Баггинстай ажил хэргийн уулзалт хийхээр ирсэн Торин тэргүүтэй дварфууд эцэг өвгөдийн Будант хайрхнаа санагалзан ийнхүү дуулдаг билээ.


Хөхрөн цэнхэртэх алсын будант хүйтэн хайрхан өөд
Хэрэн сүлжих балар эртний хонгилууд, агуйн зүг
Үүр тэмдгэрэх цагаар бидэн явмуй
Үнэт алтыг олохоор бэдрэн одмуй.

Бараан амьтсын оромж болсон гүн харанхуй газарт,
Бүдгэрэн цуурайтах хөндий халилд,
Хонх мэт дүнгэнэсээр балт сүхнүүд унаж бүхийд
Хуучин цагийн дварфууд хүчит шившлэгээ үйлдвэй.

Эртний хаад, элфийн лордуудын төлөө тэд
Энгүй тансаг алт, эдлэлийг хайлж, давтан,
Хэвд цутгаад, бас цацрах гэрлийг барьж хамтад нь
Цавчих илдний хуйнд цаглашгүй эрдэнийг нуухаар бэхлэв.

Хүзүүний мөнгөн зүүлтэнд тэд
Холын оддыг хээрийн цэцэгс мэт хэлхэж,
Сүрлэг титэмсийг луугийн галаар урлаж,
Сүлжих утсыг сар нарны гэрлээр нийтгэв.

Хөхрөн цэнхэртэх алсын будант хүйтэн хайрхан өөд
Хэрэн сүлжих балар эртний хонгилууд, агуйн зүг
Үүр тэмдгэрэх цагаар бидэн явмуй
Удтал мартагдсан алтаан авахаар бэдрэн одмуй.

Алтаар тэд өөрсдөдөө аяга цом, аялгуут ятга сийлж,
Амьтан хүмүүс үл хөлхөх агуйн гүнд
Ая дуугаа олон зуун, олон дуунаар эгшиглүүлсээр атал
Анир нь эс хүрэв, хүмүүний болоод элфийн сонорт.

Уулсын өндөрт царс модод хавиралдана
Үдшийн бүрэнхийд салхин чимээ гингэнэнэ.
Улаан гал дүрэлзэж, хөх дөл цорволзоно,
Уулын модод бамбар мэт, гэрэл цацруулан шатсаар.

Цохилох хонхны дуу алсад бүдэгхэн дүнгэнэхүйд
Цонхигор царайт хүмүүс тэнгэр өөд хэлмэгдэн ширтмүй
Галнаас ч халуун луугийн хилэн дүрэлзэж
Газартай тэгшлэв, байр сууц, байшин цамхгуудыг.

Сарны гэрэлд уулсын утаа суунаглана,
Сүйрлийн дуун дварфуудад хэдийн хүрвэй.
Сөнөх тавилантай танхим, хонгилуудаа эгээрч
Өршөөлгүй түүний өлмийд хаяад одвой.

Хөхрөн цэнхэртэх алсын будант хүйтэн хайрхан өөд
Хэрэн сүлжих балар эртний хонгилууд, агуйн зүг
Үүр тэмдгэрэх цагаар бидэн явмуй
Үлдээсэн ятга, алтаа түүнээс эгүүлэн авахаар!

2019.03.25
#TolkienReadingDay

Saturday, March 23, 2019

Курт Воннегутын лекц

Америкийн зохиолч Курт Воннегут гэж нэлээн анархист маягийн нөхөр байлаа. Зайлуул саяхан 2017 онд өөд болсон. Олон хоржоонтой роман, тууж, өгүүллэгүүд бичсэн түүний "Ирээдүйд бичих захидал"-ыг манай ЧҮНДЖ хуудаснаа орчуулж гаргаж байсан удаатай. Тэрээр нэгэнтээ гоё өгүүллэг бичихэд хэрэгтэй найман зөвлөгөө өгсөн байдаг юм. Олныг эс өгүүлэн түүнийг нь хүргэсү.


  1. Огт танихгүй хүний цагийг ашиглахдаа тухайн хүнд цаг дэмий үрлээ дээ гэж бодогдуулахгүй байх хэрэгтэй. 
  2. Уншигчийн дэмжих ганц ч болтугай дүр өгөх хэрэгтэй. 
  3. Дүр болгон ямар нэг юм хүсч байх хэрэгтэй, ганц аяга ус ч болох нь ээ. 
  4. Өгүүлбэр болгон дүрийг илчлэх эсвэл үйлдлийг урагшлуулах гэсэн хоёр зүйлийн нэгийг хийх ёстой. 
  5. Төгсгөлд аль болох ойрхон эхлэ. 
  6. Садист бай. Гол дүр чинь хичнээн эелдэг энхрий, гэмгүй танхил байсан ч тэдэнд маш муу зүйл удаа дараа тохиолдуулж, уншигчддад тэдний хэр нуруутай гэдгийг нь харуул. 
  7. Ганц хүнд л таашаал өгөхөөр бич. Хэрвээ цонхоо дэлгээд хамаг ертөнцтэй нөхцвөл чиний өгүүллэг хатгаа тусчихна. 
  8. Уншигчдадаа аль болох хурдан, аль болох их мэдээлэл өг. Түгшүүр, хүлээлтийг чөтгөр аваг. Юу болж байгаа, яагаад, юунаас болоод гэдгийг уншигч бүрэн ойлгож, сүүлийн хуудсууд нь жоомонд идүүлчихвэл яаж дуусгахаа мэддэг байх ёстой. 


***

Курт Воннегутын 2004 оны 2-р сарын 4-ний өдөр нэг ийм лекц тавьж байсан байна. Өөр өөр зохиолуудын хэлбэрийг ийнхүү тайлбарлаж дуусаад хамгийн сүүлд иймэрхүү зүйл ярьжээ.

"...Маш сайхан зүйл тохиоход түүнийг анзаарч “Хүлээгээрэй, ийм юмыг аятайхан гэхгүй юм бол өөр юуг аятайхан гэхийг би мэдэхгүй юм” гэж хэлж сураад байгаа. Магадгүй та ч бас ийм зуршилтай болж болох юм шүү.
Тэгэхээр ингэе, би хэр удаан ярьснаа мэдэхгүй байна. 45 минут л ярих ёстой юм байгаам. За яах вэ, цааш ярих эсэхийг гар өргөөд л шийдчихье. Энд байгаа бүх хүмүүст хамаатай юм. Нас, хүйс, оюутан, багш ялгаагүй. Та бүхний хэд нь энэ боловсролын салбараар хүмүүжиж байх хугацааныхаа турш, бага сургууль, ахлах, их сургууль, их сургуулиас хойш гээд, аль ч хамаагүй үедээ чиний амьдралыг баяр баясгалан, бахархал хүндлэлтэй болгодог тийм багштай байсан бэ? Тийм багштай байсан хүн нь гараа өргөөч. Сайн байна. Тэгвэл одоо тэр багшийнхаа нэрийг дэргэдээ суугаа хүнд хэлэхгүй юу.
Болсон уу? Ийм л юмыг аятайхан гэхгүй юм бол өөр юуг аятайхан гэхийг би мэдэхгүй юм. Хөгжим өгнө үү."


гэж хэлээд лекцээ дуусгаж, юм бичсэн самбарыг тойрон бүжиглэсээр гарч оддог. Ер нь нэлээн ухаалаг хүн байсан санагддаг юм.

Мэдээлэл бэлтгэсэн: Д.Цогчулуун (ЧҮНДЖ)
Жич: Энэ бичлэг дээрх лекцийн өөр нэг хувилбарыг энэхүү линкээр орж уншаарай.
https://www.brainpickings.org/2012/11/26/kurt-vonnegut-on-the-shapes-of-stories/

Thursday, March 21, 2019

Яруу найргийн өдөр гэхээр нь...

СИЛВИА ПЛАТ - ТОЛЬ

Би тод томруун бас мөнгөлөг. Төсөөлөл надад үгүй.
Харсан бүхнийг чинь даруй хамж би залгилна,
Хайр, хар үгүй яг л байсан тэр чигээр нь.
Харгистаа биш ээ би, зүгээр л үнэнч...
Хүрээ дөрвөн өнцөгтэй бурхны жижигхэн нүд төдий.
Өөдөөс харсан ханыг өдөржингөө ширтэн би бясалгана
Өнгө нь ягаан, бас цоохор. Зөндөө удаан тийш ширтсээр
Зүрхний минь нэг хэсэг хэмээн бодох болсон. Заримдаа тэр анивчина,
Зүс царай, түнэр харанхуй байсхийгээд л биднийг салгана.

Би одоо нуур мэт. Бүсгүй миний дээрээс өнгийнө,
Бүх биеийг минь нэгжиж, өөрийгөө хайна.
Тэгээд цааш эргэнэ, нөгөө л худал, хуурмаг руу, сарны туяа, зулын гэрэл рүү.
Ар нурууг нь би харна, аанай л үнэнчээр, бас харуулна.
Зангирах нулимс, зангах хөдөлгөөнөөрөө намайг тэр урамшуулна.
Чухал билээ би түүнд. Чиглэж ирдэг, бас буцдаг.
Түнэр харанхуйг зүсэж түүний царай өглөө бүр ирдэг.
Жаахан охин дүрээ надад живүүлсэн түүн рүү, хөгшин эмгэн
Өдөр өдрөөр, дотроос минь, загас мэт чимээгүй зүтгэсээр.


The Mirror by Sylvia Plath

I am silver and exact. I have no preconceptions.
Whatever you see I swallow immediately
Just as it is, unmisted by love or dislike.
I am not cruel, only truthful---
The eye of a little god, four-cornered.
Most of the time I meditate on the opposite wall.
It is pink, with speckles. I have looked at it so long
I think it is a part of my heart. But it flickers.
Faces and darkness separate us over and over.

Now I am a lake. A woman bends over me,
Searching my reaches for what she really is.
Then she turns to those liars, the candles or the moon.
I see her back, and reflect it faithfully.
She rewards me with tears and an agitation of hands.
I am important to her. She comes and goes.
Each morning it is her face that replaces the darkness.
In me she has drowned a young girl, and in me an old woman
Rises toward her day after day, like a terrible fish.

СИЛЬВИЯ ПЛАТ

Я - точное, серебряное. Я без предубеждений.
Что ни увижу - глотаю сразу,
Как оно есть, незамутненное любовью, неприязнью.
Я не жестоко, только лишь правдиво -
Глаз маленького Бога о четырех углах.

Чаще всего я созерцаю стену супротив,
Ту, розовую, в крапинку. Так долго я глядело,
Что кажется теперь, она есть часть меня. Но меркнет свет,
И тьма и лица нас разделяют снова, снова, снова...

Теперь я - озеро. И женщина склонилась надо мной,
Исследуя мои сокровища, пытаясь
Найти себя, какая она есть.

Потом она идет к лжецам - к Луне, к свеч`ам.
Я вижу ее спину,
отражаю
ее и преданно, и верно.

Она вознаградит меня слезами, заламыванием рук.
Я в`ажно для нее. Она то возникает, то уходит.
И утром
ее лицо встает на смену тьме.
Во мне
и утопила
она молоденькую девушку.
Во мне
старуха к ней встает день ото дня,
как жутко-неминуемая рыба.

Tuesday, March 12, 2019

Эмили Дикинсоны шүлгүүдээс

Америкийн яруу найрагч Эмили Дикинсоны шүлгүүдээс хоёрыг орчуулснаа та бүхэнд толилуулъя. Таалан болгооно уу.



 **** 

Төгс амгалан ноёрхов гэж үе үе би боддогсон,
Тэр нь гэвч алсад, даан ч хүрэх аргагүй.
Сүйрэлд өртсөн хүмүүн эрэг харав хэмээн баярлавч
Энгүй далайн дунд хаа ч хүрэх аргагүй,

Үйлс нь хаясан хүмүүн чи үхэн зүтгэж, харуул
Горьдлого үгүй, яг л над шиг,
Хуурмаг эрэг хэдийг харсны эцэст
Хөрсөн дээр хөл тавихыг.

 ****

Цуургаа тайлаач Үхэл минь ээ!
Цөхөрч туйлдсан түмнийг оруулаач
Гиншин гаслах дуу нь бүдгэрч
Гишгэх газрынх нь тоо гүйцжээ

Таны шөнө хамгаас аниргүй
Таны тэврэлт хамгаас чанга
Таныг эрэхүйеэ дэндүү ойр
Таныг дурсахуйяа дэндүү нандин.


Орчуулсан: Д.Цогчулуун, Д.Оюунгэрэл (ЧҮНДЖ)
Зургийн эх сурвалж: https://www.thefamouspeople.com/profiles/emily-dickinson-121.php

Monday, March 11, 2019

ВОЛТ ВИТМАН - АЯА АХМАД МИНЬ! МИНИЙ Л АХМАД АА!

Энэ шүлгийг анх уншаад сэтгэл их хөдөлж байж билээ. Сүүлд Dead poet's society дээр Oh Captain! My Captain гээд ширээн дээр гараад зогсоцгоох үед нь дотор бүр нэг огшоод явчихаж билээ. "Хэзээ нэгэн цагт заавал орчуулна даа" гэж тэгэхэд бодогдсонсон. Зав гарахаараа нэг үзээд, ахиж нэг янзлаад гэхчлэн явж явж байгаад одоо оруулъя гэж шийдэв. Засаад байвал засаад л байх юм байна. 

ВОЛТ ВИТМАН - АЯА АХМАД МИНЬ! МИНИЙ Л АХМАД АА!

Аяа Ахмад минь! Миний л Ахмад аа! Аюумшигт аян маань эцэс болов,
Хөлөг минь хэцүү саад бүрийг гэтлэв, хүссэн харамжаа бид хүртэв,
Боомт дөхсөөр, хонхон дуун ойртсоор, хүмүүс бахдан шуугилдана,
Хүн бүрийн нүд хөлөг онгоцыг дагана, дүнсгэр бөгөөд гүжирмэг хөлгийг,
Гэвч, өө зүрх минь! Зүрх минь! Зүрх минь!
Өө цусран унах дуслууд,
Хөлгийн тавцан дээр миний Ахмад хэвтэнэ,
Хүйт дааж, хөрсөн цогцос.

Аяа Ахмад минь! Миний л Ахмад аа! Өндийн босоод хонхон дууг сонсооч,
Өндийгөөч, таны төлөө далбаа өргөнө, таны төлөө бүрээ цангинаастай,
Таны төлөө цэцэгсийн баглаа, навчсын ороомол, таны төлөө эрэг дүүрэн
Таныг дуудаж, түмэн олон найгалдана, тэдний царай баяраар бялхаастай,
Алив Ахмад минь! Хайрт эцэг минь!
Толгой доор чинь гараа ивье!
Хөлгийн тавцан дээр хүсэл мөрөөдлүүд хэвтэнэ,
Хөсөр унажээ, та, үхэтхийн.

Миний Ахмад хариу үл хэлнэ, уруул нь хувхай цагаан бас хөшингө,
Эцэг минь миний гарыг үл мэдэрнэ, судас цохилохгүй, хүсэл ч үгүй,
Хөлөг онгоц зангуугаа буулгаж, бат зогсоно, холын аян эцэслэж, гүйцсэн,
Аюумшигт аянаас ялгуусан хөлөг харьж ирсэн, зорилго биелсэн.
Баяр хөөр, өө эргийнхээн, цангинаач, өө хонх минь ээ!
Гэвч би эмгэнэн гашуудсаар
Хөлгийн тавцан дээгүүр алхална, Ахмадын хэвтээ
Хүйт дааж, хөрсөн цогцос.

1865



АНУ-ын ерөнхийлөгч Аврам Линколныг зуурдаар нас нөгчихөд Волт Витман ихэд гашуудан шүлэглэсэн гэдэг.

Орчуулсан: Д.Цогчулуун (ЧҮНДЖ)
Зургийн эх сурвалж: Волт Витманы өөрийнх нь гар бичмэл. Мөнгөний хэрэг гараад алдарт шүлгээ ийнхүү бичиж 100 доллараар зарж байсан гэнэ.

http://abrahamlincoln.org/lincoln-speaks/o-captain-captain/