Friday, April 12, 2019

ГАРЦААГҮЙ АМИА ХОРЛОЛТ

ГАРЦААГҮЙ АМИА ХОРЛОЛТ
Зохиолч С. Фоулер Раит, 1951 он



- Ердөө л хоёрхон агшинд Дэлхий тэр аяараа дүрэлзэх галд автаад л алга болно, - хэмээн Н.Ю. Лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан гэргийдээ сонирхуулан ярина.

- Гэрэл ганц мэлтэсгээд л хорвоо ертөнцөөс нэг гараг үүрд алга болно. Хамгийн гайхалтай нь ерөөсөө маш энгийн байгаа юм. Зүгээр л хашааныхаа амбаар савандаа сууж байгаад л хийчхэж болохоор. Хэрэг болох зүйл нь ердөө л гуравхан бодис, маш амархан олдоцтой, тэгээд тэднийгээ тохирох хэмжээгээр холиод хуйлаастай халуун төмөр утас байхад болно.

- Тэгвэл тэр бодисуудыг нь бүрмөсөн устгаад байхгүй болгочихсон нь дээр юм биш үү? – хэмээн гэргий нь лавлав.

- Харамсалтай нь бүр маш түгээмэл тархсан, хаа сайгүй хэрэглэгддэг болохоор бүрмөсөн устгах ямар ч боломжгүй.

- Тэгэхээр энэ талаар ямар нэг тэнэг хүн, эсвэл бүр ямар ч авралгүй болсон гэмт хэрэгтэн ч юм уу олоод мэдчихвэл хүн төрөлхтөнтэй хамт гарагийн амиа хорлолт хийх боломжтой гэх гээд байна уу?

- Ойлгохгүй байх боломжгүй л дээ, – хэмээн мань судлаач гаансаа тайвнаар нэрэнгээ, - Гэхдээ одоогоор зөвхөн А зэрэглэлийн гуч орчим хүн л энэ талаар мэдэж байгаа. Орц найрлагын талаар хэнд ч хэлэхгүй гэж бид нууцын тангараг өргөсөн болохоор би чамд ч хэлж чадашгүй. Гэхдээ бидний дундаас хэн нэгэн нь одоо эсвэл хэзээ нэгэн цагт...

- Яаж яваад ийм олон хүн мэддэг болчихсон юм бэ?

- Нэгдүгээр зэрэглэлийнхний бүгдээрээ оролцдог долоо хоногийн хурлын үеэр ийм байж болох юм гэсэн яриа гарсан юм л даа. Бидний хэсэг хүмүүс тэр талаар тодорхой үе шат хүртэл нь туршилт хийгээд, цааш нь математикийн тооцоолол хийж үзсэн. Бүх гаргалгаа ижил үр дүнг зааж байна билээ. Туршилтаар заавал үзүүлж батлах боломжгүй ч дүгнэлтэд бол ямар ч эргэлзэх зүйл байхгүй.

- Тэгвэл энэ талаар бүх мэдээлэл баримтыг бүрэн устгаад, энэхүү түйтгэрт мэдлэгийг агуулж байгаа та нарын ой санамжаас ч гэсэн нэн даруй зайлуулах хэрэгтэй юм биш үү.

- Наад талаар чинь бидэнд ярилцсан зүйлс байгаа. Маргаашийн тусгай хурлаар ч бас ахин ярилцана. Тэр чиглэлд ч шийдвэр гарч магад. Гэхдээ ийм олон тооны улсын дунд үзэл бодлын зөрчил байх нь жирийн үзэгдэл шүү дээ. Манай өмнөх хурал дээр гурван хүн шууд л эсэргүүцсэн. Шинжлэх ухааны ямар ч мэдээлэлтэй тийнхүү харьцаж болохгүй гээд тэд эрс эсэргүүцсэн дээ. Гэхдээ нэг зовлонтой юм нь юу вэ гэвэл, тооцооллыг нь устгалаа ч гэсэн яг ажиллагаа, орц найрлага нь маш энгийн болохоор ой тойноос гарна гэж байхгүй, ялангуяа бидэн шиг улсынхаас бол бүр үгүй.

- Тэгвэл хамгийн ойлгомжтой юм нь... Ямарваа эсэргүүцэл тулгарвал, зүгээр миний бодлоор шүү дээ, тэр эсэргүүцээд байгаа нөхдийг аргалж барахааргүй элдэв балай юм хийчихээс нь өмнө урьтаад үхлийн танхимд түгжчихвэл болох юм биш үү.

Графтон санал нийлэв. Ярих юм ингээд дууссан тул гэргий нь унтахаар хажууллаа.

Нойр нь хулжчихжээ. Өнгөрдөг долоо хоногжингоо л тэрээр өчүүхэн төдий гомдонгуутаа дэлхийг тэр аяар нь сүйрүүлж чадах мэдлэг хүн бүрт байдаг ертөнцөд амьдарвал ямар байх тухай төсөөлж өнгөрөөсөн билээ. Удахгүй дурын увайгүй этгээдийн амнаас гараад ирж мэдэх “Миний хүссэнийг өгөхгүй бол бүгдээрээ цагийн дараа үхэцгээе” гэсэн сүрдүүлэг хамгийн зоригтой хүнийг ч хүртэл ахин бодоход хүргэнэ дээ.

Ийм юм болохгүй байсан ч гэсэн яг энэ мэдээлэл олон нийтэд нээлттэй байгаа үед Дэлхий маань хэр удаан тогтнох бол? Сар бүр л янз бүрийн яс угсааны, бүх төрлийн ажил алба эрхэлдэг хэдэн мянган хүн амиа хорлож байна. Тэдний дундаас бүгдийг араасаа чирээд сүр дуулиантай явах сонирхолтой хүн гарахгүй гэж үү? Энэ мэдлэгийг түмэнд түгээхэд Дэлхий ганц ч долоо хоног тэсэхгүй. Гэвч одоо яалтай ч билээ.

Гэтэл гүн нойрсож тархиа амраагаад, дөнгөж боссон гэргий нь цочиж уулгалмаар санаа хэллээ.

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү амьдралд ойр, хатуу шийдвэрүүдийг гаргах чадвартай. Гэргий нь унтаж буй хүүхэд рүүгээ харлаа, тэгээд хажуу өрөөнд унтаж буй нэг насаар эгч охиноо бодож байснаа ийнхүү хэлэв.

- Энэ гучин хүн цаашаагаа мэдлэг дамжуулахаас нь өмнө устгачихвал их сайн байхсан.
- Пээ, хонгор минь, ямар хүмүүс гэдгийг нь бодоод үзээч! Профессор Грибштейн, тэгээд доктор Торнтон, бас...
- Доктор Торнтон ч дээ. Надад лав анхнаасаа таалагдаж байгаагүй, - хэмээн гэргий нь энгийн л эмэгтэй хүний янзаар хариуллаа.

Тухайн үедээ энэ чивэлт бодлын талаар ахиж бодолгүй тэр чигт нь хаячихсан бөгөөд нөгөө цөөнх нэлээн хэдүүлээ болчихоод энэ мэдлэгийг тараах хэрэгтэй гэж яршиг болж Зөвлөл дээр бөөн хэрүүл болоогүй бол санаанд нь хэзээ ч орж ирэхгүй ч байж мэдэхээр байв. Нэг нь бүр энэ нээлтийн талаар олон нийтэд зарлан тунхаглаж, өөрсдөө Гучийн Зөвлөл болоод дэлхийг удирдан захирч, хүмүүс бидний өлмийд айдаст автан мөлхөх ёстой гэсэн юм ярьж байсныг яана... Тэр үед л үүнийг амархаан гэгч нь хийж болох юм гэж бодогдсон. Дараагийн хурал дээр бүгд ирэхэд би л ганцаараа байхгүй! Томуу тусаад босож ч чадахгүй болсон. Жинхнээсээ. Томуугийн шинж үзүүлэх амархан л даа. Дараагийн дайнд хэрэглэх үнэргүй хорт хийг туршихад арван долоохон агшны дотор хоёр зуун үхэр чадхийж билээ. Хурлын танхимын дээд тавиур дээрх цилиндр саванд байгаагаас ч бага хэмжээг хэрэглээд тэр шүү дээ! Тусгай хамгаалалтын зориулалтаар тэнд байлгадаг юм л даа. Маш найдвартай лацадсан. Гэхдээ зэврүүлэх чадалтай хүчлийг цилиндрийн ханан дээр асгаад идэх цагийг нь тохируулж болно. (Тэд яаж үхсэнээ ч мэдэж амжихгүй, ер нь хэн ч мэдэж чадахгүй гэдэг нь л чухал) Явж явж энэ их боломжийн санаа байна шүү. Сайхан сэтгэлтэй, ухаалаг, хайр булаам Мауд минь хүртэл үүнийг зөв зүйл гэж бодож байхад. Яг цаг нь тулаад бодоод байх нь ээ, тэр ч бас доктор Торнтонд дургүй болж таарав. Тэгээд ч үүний дараагаар мань эрийн албан тушаалын байдал ч хэмжээлшгүй сайжраад ирж байгаа юм.

Ингээд ээлжит Зөвлөлийн хурлаар төлөвлөгөөгөө хэрэгжүүлэв. Хэн ч түүнийг сэжиглэсэнгүй. Ганц алдаа нь зөвшөөрөх байх гэж бодоод Маудад хэлсэн явдал болов. Үнэхээр ч гэргий нь маргаангүй зөв гэж хэлжээ.

Одоо хамаг хүч түүний гарт төвлөрсөн тул хамгийн ухаалаг чиглэлийг сонгох хэрэгтэй хэмээн мань судлаач хэллээ.

Мауд олныг эргэцүүлэв. Олон зүйлийнх нь дунд эр нөхөр нь хэзээ нэгэн цагт өөд болохоор бол араасаа дагуулчихъя гэж бодох болов уу гэх эргэлзээ ч байлаа. Унтаж буй хүүхэд рүүгээ ахин нэг хараад амьдралд ойр зүйлийг хийв. Хор худалдаж авахад хэцүүгүй газар тэд амьдардаг. Өглөөний кофенд нь холиод өгчихсөн.

Эр нөхөр нь өөрийгөө өмнөх хорин есөн хүний үхэлд буруутай, бас хайхрамжгүйгээс болоод үлдчихлээ гэж ихэд гутрангуй, сэтгэл санаагаар унаад байсан тухай гэргий нь цурхиран хэлсэн тул амиа хорлосон явдал болох нь гарцаагүй. Гэргий өөрийн зүг ирэх хардлагыг арилгах нь зүйн хэрэг. Хоёр хүүхдийнхээ төлөө амьдрах хэрэгтэй биз дээ. Хэдэн сая хүний үхлийг тоодоггүй мөртөө хуулийнхан ганц хүний үхэл дээр хэрхэн сүржигнэдгийг тэрээр маш сайн мэдэх билээ.

Орчуулсан: Д.Цогчулуун (ЧҮНДЖ)
Зөгнөлт – 3
2019.04.12

Зургийн эх сурвалж: https://www.behance.net/gallery/58030919/My-jelly-brain-(overthinking)

No comments: