Wednesday, May 06, 2020

ХАМГИЙН АУГАА БРИТАНИ МЕНЕЖЕР ХЭН БЭ?

БиБиСи Спортын Фил МакНулти 
2020 оны 4-р сарын 27



Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшх Британийн хамгийн аугаа менежер хэн бэ? гэсэн маргаан бол хөлбөмбөгийн фэнүүдийн дундах дуусашгүй маргаануудын нэг билээ.

Энэ өндөр хэргэмийг хүртэх эрхтэй Дэлхийн цом, Европын амжилтууд, дотоодын лигийн түрүү гээд өч төчнөөн амжилтууд бүхий маш олон эрхмүүдийг БиБиСи Спортын Фил МакНулти жагсааж санал асууснаас Сэр Алекс Фергюсон (40%) илт тасархай тэргүүлжээ. Араас нь 19% саналтай Боб Пэйсли, 10 хувийн саналтай Брайан Клоф нар орсон байна.

Санал асуулгад нэр нь орсон менежерүүдийг харцгаая.

МАТТ БАСБИ

Зураг дээр Матт Басби 1968 онд Манчестер Юнайтедтайгаа Европын цомын баяраа тэмдэглэж байна.
УДИРДАЖ БАЙСАН КЛУБ
Манчестер Юнайтед 1945-69, 1970-71

АМЖИЛТ
Европын цом: 1968
Нэгдүгээр дивизионы түрүү: 1952, 1956, 1957, 1965, 1967
Хөлбөмбөгийн холбооны цомын түрүү: 1948, 1963

Олд Траффордод нэр нь мөнхөд цуурайтаж, хөшөө баримал нь “Мөрөөдлийн театр”-ыг зорин ирэх өргөн олон дэмжигчдийн нэвт тольдон зогсож байдаг Манчестер Юнайтедын үндэс суурийг тавьсан өвөг дээдэс билээ. “Басбигийн хонгорууд” гэж алдаршсан аугаа бүрэлдэхүүнийг босгож лигийн түрүүг гурвантаа хүртсэн, 1958 оны 2-р сарын 6-ны Мюнхений гашуун ослын дараа Бобби Чарлтон, Денис Лоу, Жорж Бэст гурвалыг тойруулан ахин нэг аугаа бүрэлдэхүүн босгосон. 1968 оны 5-р сарын 29-ний өдөр Вэмблид Бэнфикаг 4-1ээр хожиж Европын цомыг хүртсэн анхны англи клуб болсноор түүний суу алдар нэгэнт мөнхөрсөн билээ.

ХАРРИ КАТТЕРИК

Зураг дээр Эвэртоны менежер Харри Каттерик
УДИРДАЖ БАЙСАН КЛУБ
Крюви 1951-53
Рочдэйл 1953-58
Шеффилд Вэнсдэй 1958-61
Эвэртон 1961-73
Прэстон 1975-77

АМЖИЛТ
Нэгдүгээр дивизионы түрүү: 1963, 1970 (Эвэртон)
Хөлбөмбөгийн холбооны цомын түрүү: 1966 (Эвэртон)

Каттерик бол Мерсисайдаас өөр газрынханд бол бараг мартагдаж баларсан, жар, далаад оны менежер юм. Өөрийнх нь нууцлаг, сонирхолтой, бараг уцаартай гэмээр аашнаас нь ч бас болсон байж болох. Түүнийг бараг анти-Шанкли гэхэд ч буруудахгүй. Хэвлэлийнхэнтэй маш муу харьцаатай, заримдаа багийн бүрэлдэхүүнийг цагаан толгойн үсгийн дарааллаар сонгож, тэрнийг нь шүүмжилсэн сэтгүүлчидтэй зад заргалдах гэхчлэн сонин авир гаргадаг байж. Эвэртоныг хэт судлаад байна гэсэн үндэслэлээр Гүүдисон паркад телевизийн камер оруулахыг хориглож байсан нь одоо үед бол санаанд ч орохгүй биз. Нэг удаа нэгэн сэтгүүлчид “тусгай” ярилцлага өгөхдөө Ховард Кендаллыг Ливерпүүл рүү явж байгаа хэмээн зарлаж байж. Мань тоглогчийг Прэстон Норт Эндээс Эвэртон руу ирж байгааг мэдсээр байж тэр шүү дээ. Энэ ярианд нь итгэсэн Билл Шанкли галзууртлаа уурлаж, ажлаа өгнө хэмээн сүрдүүлж байсан гэнэ. Каттерик хоёр ч удаа 1962-63, 1969-70 улирлуудад лигийн түрүү хүртэхдээ Алан Болл, Кендалл, Колин Харви гуравт тулгуурласан гайхамшигтай бүрэлдэхүүн босгосон байдаг. 1966 онд Хөлбөмбөгийн холбооны цомыг хүртэхдээ Шэффилд Вэнсдэйд хоёр бөмбөгөөр хожигдож яваад барьж хожжээ.

БРАЙАН КЛОФ

Ноттингэм Форестын 1980 оны Европын цомын шувтаргад Хамбургийг хожиж түрүүлсэн нь Брайан Клоф, Петер Тэйлор хоёрын хамтдаа хүртсэн сүүлийн цом байсан юм.
УДИРДАЖ БАЙСАН КЛУБ
Хартлпүүл 1965-67
Дарби Коунти 1967-73
Брайтон 1973-74
Лийдс Юнайтед 1974
Ноттингэм Форест 1975-93

АМЖИЛТ
Европын цом: 1979, 1980 (Ноттингэм Форест)
Нэгдүгээр дивизионы түрүү: 1972 (Дарби), 1978 (Ноттингэм Форест)
Лигийн цомын түрүү: 1978, 1979, 1989, 1990 (Ноттингэм Форест)

Гайхамшигт үйлээ хоёронтоо давтсан суутан билээ. Петер Тэйлортой нийлээд Клоф хоёрдугаар дивизионы Дарби Коунти болон Ноттингэм Форест клубуудыг амжилтын дээдэд хүргэсэн гавьяатан юм. Ноттингэм Форестод байхдаа бүр Европын цомд хоёр ч удаа дараалан түрүүлсэн. Эдгээр гайхалтай үзүүлэлтийнх нь дунд толбо болон үлдсэн хоёр ажил байдаг нь Брайтон дахь гамшиг, Лийдсээс 44 хоногийн дотор халагдсан явдал юм. Клофын арга барил ер бусын боловч, ямар ч маргаангүй ажилладаг байлаа. Дарби Коунтигаар лигийн түрүү хүртсэний дараа Форесттой хамт хоёрдугаар дивизионоос дэвшиж гарангуутаа дээд лигт түрүүлээд, хойд хоёр жил нь дараалан хоёр удаа Европын цомд түрүүлсэн, Дарбигаар 1973 онд энэ тэмцээний хагас шигшээ хүртэл явсан гэдгийг нь ч бас хэлэх нь илүүц биз. Дотоодын тэмцээнүүдэд ч бас түрүүлж байсан боловч Хөлбөмбөгийн холбооны цомд хараахан түрүүлээгүй. Хэдийгээр түүний Форест дахь ажил 1993 онд доод лиг рүү унаснаар дууссан боловч хийсэн ажил, байгуулсан гавьяа нь мөнхөд дуурсах биз ээ.

СЭР КЕННИ ДАЛГЛИШ

Дээд лигт Ливерпүүл болон Блакбурн Роверс клубын хамт түрүүлж байсан.

УДИРДАЖ БАЙСАН КЛУБ
Ливерпүүл 1985-91, 2011-12
Блакбурн Роверс 1991-95
Ньюкасл 1997-98
Селтик (түр) 2000

АМЖИЛТ
Нэгдүгээр дивизионы түрүү: 1986, 1988, 1990 (Ливерпүүл)
Премьер лигийн түрүү: 1995 (Блакбурн Роверс)
Хөлбөмбөгийн холбооны цомын түрүү: 1986, 1989 (Ливерпүүл)
Лигийн цомын түрүү: 2012 (Ливерпүүл)
Шотландын лигийн цомын түрүү: 2000 (Селтик)

Ливерпүүл клуб 1985 оны Хейсел цэнгэлдэхийн гамшгийн дараа Жо Фаганыг орлуулахаар тухайн үед тоглогч байсан Сэр Кенни Далглишийг тоглогч-менежерээр томилсон юм. Маш сонин томилгоо байсан авч мань эр энэ итгэлийг алдалгүй эхний улиралдаа Ливерпүүлийн анхны Лигийн түрүү, Холбооны хос цомыг авчирчээ. Дараагийн улиралдаа Жон Барнс, Петер Биэрдсли нарыг тойруулж гайхамшигтай бүрэлдэхүүн босгож 1987/88 улирлын түрүүг аваад, 1988/89 улиралд өнөөх хос цомоо ахин хүртэл замдаа ороод явж байсан ч Арсеналын Майкл Томас улирлын эцсийн минутад гоолдож үүнийг нь талаар болгосон юм. Ноттингэм Форест клубтэй Холбооны цомын хагас шигшээ тоглолт хийх гэж байх үед Хиллсбород осол болж Ливерпүүлийн 96 фэний амь насыг авч одсоноос хэдхэн долоо хоногийн дараа болсон тоглолт билээ. Ливерпүүл тэр жилдээ Холбооны цомд түрүүлж, хойд улиралд нь лигтээ түрүүлсэн боловч Ливерпүүлийн ноёрхлыг хадгалахын хажуугаар Хиллсборогийн ослоор үрэгдэгсдийн гэр бүлийнхэнд туслах зэрэг дарамтыг тэсэхээ байж, ядарсан Далглиш 1991 оны 2 дугаар сард ажлаа өгсөн юм. Улмаар тэр оныхоо 10 дугаар сард Блакбурн Роверсын жолоог атгасан ба нутгийн хүү Жак Волкерын дэмжлэгээр Премьер лигт түрүүлэх гэсэн хүслийг нь биелүүлжээ. Ингээд тэрээр нэг хэсэгтээ хөлбөмбөгийн менежментээс хэсэг завсарлаж байгаад Ньюкаслыг удирдахаар эргэж ирсэн юм. 2011 оны 1 дүгээр сард Рой Ходжсон ажлаасаа халагдахад Ливерпүүл клубынхээ удирдлагад түр хугацаагаар ирээд жинхэлж нэг улирлын дараа дахин халагдсан. Гэхдээ л халагдахаасаа өмнө Лигийн цомд түрүүлж, Холбооны цомын финал дээр Челсид хожигдсон билээ.

СЭР АЛЕКС ФЕРГЮСОН

Алекс Фергюсоны удирдлага дор Манчестер Юнайтед Премьер лигийн 13 түрүү хүртсэн байдаг.
УДИРДАЖ БАЙСАН КЛУБ
Ийст Стирлингшайр 1974
Сэйнт Миррен 1974-78
Абирдин 1978-86
Ман Юнайтед 1986-2013

АМЖИЛТ
Абирдин
Европын цомтой багуудын цомын түрүү: 1983
Шотландын премьер лигийн түрүү: 1980, 1984, 1985
Шотландын цомын түрүү: 1982, 1983, 1984, 1986
Шотландын лигийн цомын түрүү: 1986

Ман Юнайтед
Аваргуудын лигийн түрүү: 1999, 2008
Европын цомтой багуудын цомын түрүү: 1991
Премьер лигийн түрүү: 1993, 1994, 1996, 1997, 1999, 2000, 2001, 2003, 2007, 2008, 2009, 2011, 2013
Хөлбөмбөгийн холбооны цомын түрүү: 1990, 1994, 1996, 1999, 2004
Лигийн цомын түрүү: 1992, 2006, 2009, 2010

Хаанаас эхлэх вэ? Шотландын “Хуучин фирм”-ийн ноёрхлыг Абирдинаар эцэслээд зогсохгүй 1983 онд Реал Мадридыг хожиж Европын цомтой багуудын цомыг хүртэхдээ өөрийнхөө суу билгийг аль хэдийн харуулчихсан. Олд Траффорд дахь эхний хэдэн жил нь гуниг байсан боловч 1990 онд Холбооны цомд түрүүлснээр түүний Юнайтед дахь алтан он жилүүд эхэлсэн билээ. Фергюсоны удирдан манлайлах чанар, харизм, унтаршгүй гал нь хаанаас ч ил харагддаг байсны хажуугаар аугаа бүрэлдэхүүнийг хэрхэн босгож, бас хэдийд задлахыг түүнээс илүү сайн мэддэг хүн байгаагүй гэхэд болно. Алдар хүндийн оргил нь 1999 онд Аваргуудын лиг, Премьер лиг, Холбооны цом гурвыг нэг улиралд хүртсэн явдал маргаангүй биз ээ. Энэ амжилтыг Англид өөр ямар ч клуб давтаагүй хэвээр байгаа юм. Хорин зургаан жил атгасан жолоогоо 2013 онд Премьер лигийн цомыг 13 дахь удаагаа, өөрийн замналын 38 дахь цом болгон хүртсэний дараа хүлээлгэн өгсөн билээ. Түүн шиг менежер, түүнийг шиг замнал ахиад бараг гарахгүй л байх даа.

ЖОРЖ ГРЭМ

Буучдын боссын хувиар 8 жил ажиллахдаа Жорж Грэм 6 цом хүртсэн.
УДИРДАЖ БАЙСАН КЛУБ
Миллволл 1982-86
Арсенал 1986-95
Лийдс 1996-98
Тоттенам 1998-2001

АМЖИЛТ
Европын цомтой багуудын цомын түрүү: 1994
Нэгдүгээр дивизионы түрүү: 1989, 1991
Хөлбөмбөгийн холбооны цомын түрүү: 1993
Лигийн цомын түрүү: 1987, 1993 (Арсенал), 1999 (Тоттенам)

Рюн Хауг гэж агентаас бэлэн мөнгө авсан гэх үндэслэлээр Арсеналын менежерийн албанаас хусагдахаас өмнөх амжилт нь түүнийг хэр сайн менежер байсныг тодхон харуулдаг. Мань шотланд эр дээд зэргийн зохион байгуулалттай бүрэлдэхүүн босгосон бөгөөд багийн ахлагч Тони Адамсын толгойлсон Дэвид Сийман, Найжэл Винтербурн, Лий Диксон, Стив Боулд, Мартин Кеовн гэсэн бүрэлдэхүүнтэй хамгаалалтын төгс багийг бүрдүүлснээр ирээдүйд Арсэн Вэнгэрийн амжилтын хөрс суурь болсон нь маргаангүй билээ. Милволоос гараагаа даруухан эхэлсэн Грэм 1987 онд лигийн цомд Ливерпүүлийг хожиж түрүүлсэн ба улмаар хоёр жилийн дараа улирлын эцсийн минутад мөн Ливерпүүлийг хожиж анхны түрүүгээ авсан түүхтэй. Харин Арсенал дахь сүүлийн түрүү нь 1994 оны Европын цомтой багуудын цом байлаа. 1998 онд Арсеналын заналт дайсан Тоттенамын менежерээр томилогдсон нь тухайн үед аль аль талд нь цочир мэдээ байсан боловч 1999 оны лигийн цомын аваргаар Лейстерийг хожиж түрүүлснийг нь мартаж болохгүй юм.

ХОВАРД КЕНДАЛЛ

Ховард Кендаллын удирдлага дор Эвэртон клуб Нэгдүгээр дивизионыг түрүүг хоёр удаа, Холбооны цомын түрүү, мөн Европын цомтой багуудын цомын түрүү хүртэж байсан.
УДИРДАЖ БАЙСАН КЛУБ
Блакбурн Роверс 1979-81
Эвэртон 1981-87, 1990-93, 1997-98
Атлэтик Билбао 1987-89
Ман Сити 1989-90
Шанти 1994
Нотт Каунти 1995
Шеффилд Юнайтед 1995-97
Этникос Пирэиус 1998-99

АМЖИЛТ
Европын цомтой багуудын цомын түрүү: 1985
Нэгдүгээр дивизионы түрүү: 1985, 1987
Хөлбөмбөгийн холбооны цомын түрүү: 1985

Ховард Кендалл Эвэртонд ирсэн эхний хэдэн жилээ их хүнд өнгөрөөсөн гэхэд уран яруу тоглолттой, хүчирхэг баг босгонгоо 1980-аад онд ид ноёрхож асан Ливерпүүлтэй ана мана үзэлцсэн ховорхон менежер юм. 1985 онд Эвэртон лигтээ түрүүлээд, Европын цомтой багуудын цомыг авчихсан боловч Холбооны цомын финалаар нэмэлт цагт Манчестер Юнайтедад хожигдсон гэдэг нь нэгэн бахархууштай үзүүлэлт билээ. Өөрийн суу авьяас, дасан зохицох чадвараа 1986-87 улиралд гэмтэл бэртэлд гүйцэд нэрвэгдсэн бүрэлдэхүүнээр аваргын цом хүртэж харуулсан удаатай. 1985 онд Ливерпүүл, Ювэнтусын тоглолтоор Хэйсэл цэнгэлдэхэд гамшиг болж италийн 39 фэний амь үрэгдэж, Английн багууд Европын тавцанд өрсөлдөх эрхээ хасуулсны харгайгаар хоёр ч удаа боломжоо алдсандаа харамссан 41 настай эр шарандаа Атлэтик Билбаог зорьсон түүхтэй. Харамсалтай түүний менежерийн замнал өмнөх шигээ өндөрт ахиж гарсангүй. Төрөлх Эвэртондоо хоёр ч удаа эргэж очсон боловч нэгэнт өнгөрсөн эртний яруу алдар буцаж ирээ нь үгүй ээ.

БИЛЛ НИКОЛСОН

Билл Николсон тоглогчийн хувиар Спурсын төлөө 314 удаа тоглож, менежерийн хувиар 16 жил суужээ.
УДИРДАЖ БАЙСАН КЛУБ
Тоттэнам Хотспурс 1958-74

АМЖИЛТ
Европын цомтой багуудын цомын түрүү: 1963
УЕФА Цом: 1972
Нэгдүгээр дивизионы түрүү: 1961
Хөлбөмбөгийн холбооны цомын түрүү: 1961, 1962, 1967
Лигийн цомын түрүү: 1971, 1973

Урт удаан замналыг үзүүлсэн амжилттай нь харьцуул. 1961 оноос 1973 оныг хүртэлх амжилтууд, эх нутаг тивийн хэмжээний аваргын цомууд, домогт 1960-61 улирлын хос цом. Түүнээс хойш Спурсын менежер цом хүртсэн нь үгүй. Йоркширын уугуул мань эр үнэхээрийн тактикийн суутан байсан бөгөөд Дэйв Макай, Жимми Гривс зэрэг аугаа тоглогчдыг тойруулан баг босгож, гайхамшигтай хөлбөмбөг үзүүлж байсан учраас эдгээр эрхмүүдтэй нэгэн зиндаанд яригдах эрхтэй юм. Тоттэнамын түүхийн маргаангүй чухал дүр мөнөөсөө мөн.

БОБ ПЭЙСЛИ

Ливерпүүлийн жолоог атгасан есөн улирлынхаа зургаад нь улирлын шилдэг менежерээр тодорч байсан эрхэм Боб Пэйсли.
УДИРДАЖ БАЙСАН КЛУБ
Ливерпүүл 1974-83

АМЖИЛТ
Европын цомын түрүү: 1977, 1978, 1981
УЕФА Цом: 1976
Нэгдүгээр дивизионы түрүү: 1976, 1977, 1979, 1980, 1982, 1983
Лигийн цомын түрүү: 1981, 1982, 1983

Энэхүү чимээгүй суутан 1974 онд олон жилийн турш хамт ажилласан Билл Шанклигийн суудлыг хүлээж авахдаа тунчиг дурамжхан байсан гэдэг. Шанклигийн бүрдүүлж өгсөн суурийг үргэлжлүүлэн босгоод зогсохгүй бүр илүү сайжруулна гэж тухайн үед хэн ч бодоогүй байсан биз. Тоглож байсан хөлбөмбөгийг улам сайжруулаад 1977 онд клубын анхны Европын цомыг авчирч, ахиад хоёрыг нэмэхдээ лигийнхээ түрүүг ч зургаан удаа авсан байдаг. Тоглогчийн давуу болон сул талыг анзаарахдаа гаргууд байсны дээр тактикийн хувьд үнэхээр суутан байсан юм. Олны таалалд нийцсэн эелдэг даруу төрхийн цаана нуугдах төмөр мэт чанга араншингийн ачаар түүнийг жолоо атгах хугацаанд Ливерпүүлийн ноёрхлыг түлхэн унагах хэмжээний ширүүн өрсөлдөөн огт гарч байгаагүй юм.

СЭР АЛЬФ РАМЗИ

Сэр Альф Рамзи өнөөдрийг хүртэл Дэлхийн цом хүртэж байсан цорын ганц Британи менежер хэвээрээ л байна.
УДИРДАЖ БАЙСАН КЛУБ
Ипсвич 1955-63
Английн шигшээ 1963-74
Бирмингэм 1977-78

АМЖИЛТ
Дэлхийн цомын түрүү: 1966 (Английн шигшээ)
Нэгдүгээр дивизионы түрүү: 1962 (Ипсвич)

Сэр Альф Рамзигийн суу алдар 1966 оны Дэлхийн цомоор Английн шигшээг аваргалуулсан мөчөөс эхлэн мөнхөд батжих нь тодорхой болсон бөгөөд түүнээс хойш түрүү булаалдахаар тэрхүү өндөрлөгт дөхөж очсон англи менежер хараахан төрөөгүй байгаа билээ. Түүхэн байранд хэрхэн очсоныг нь эргэн санацгаая. Өмнөд бүсийн гуравдугаар дивизионд бүгэж асан Ипсвич Тауныг Хоёрдугаар дивизионы аварга болгоод, дээш дэвшин гарч ирсэн анхны улиралдаа Нэгдүгээр дивизионы аварга болгож байсан хүн юм шүү. Тоглогчдынхоо үнэнч дэмжлэгийг өөртөө татсан, үг цөөтэй Рамзи менежер Английн шигшээгийн хамтаар мөнхрөх нь дамжиггүй ч түүний жинхэнэ амжилт Портман Роод цэнгэлдэхэд тод зурайсан билээ.

ДОН РЕВИ

Лийдсийг Английн хөлбөмбөгийн дээд зиндаанд аваачаад, Англид төдийгүй Европын хэмжээнд хамгийн хэцүү баг болгосон хүн нь яахын аргагүй Дон Реви буй заа.
УДИРДАЖ БАЙСАН КЛУБ
Лийдс 1961-74
Английн шигшээ 1974-77
Арабын нэгдсэн эмират улсын шигшээ 1977-80
Аль Наср 1980-84
Аль Ахли 1984-85

АМЖИЛТ
Хот дундын яармагийн цомын түрүү: 1968, 1971
Нэгдүгээр дивизионы түрүү: 1969, 1974
Хөлбөмбөгийн холбооны цомын түрүү: 1972
Лигийн цомын түрүү: 1968

Лийдсийн жолоог атгаж асан Дон Реви бол суу билэгтэй боловч нэлээн яхирдуу менежер байлаа. Клубээс төрөн гарсан Жак Чарлтон, Билли Бремнер, Норман Хантер, Петер Лоример, Эдди Грэй зэрэг тоглогчыг бататган зангидсан Бобби Коллинс, Жон Жайлс гэх мэт тоглогчдоос бүрдсэн гайхамшигтай баг нь бүтэн арван жилийн турш жигд тоглосон билээ. Хэзээд нэг чигээр зүтгэх үлэмжийн гөжүүд тоглолттойн хажуугаар маш олон удаагийн “бараг л” гэсэн тохиолдлуудаас болоод менежер болон багийн аль нь ч хүртэх ёстой магтаалаа хүртэж чаддаггүй юм. Амжилтын жагсалтыг харахад л ойлгомжтой. Ойрхи Дорнодоос ирсэн саналыг хүлээж аваад ажлаа өгөн одсоноос хойш түүний Англи дахь замнал эцэс болсон боловч Элланд Роодод өөрийн ул мөрийг хэдийн үлдээсэн билээ.

БОББИ РОБСОН

Ипсвичийг удирдах 13 жилийн хугацаандаа Холбооны цом, УЕФА цом хүртэж байсан билээ.
УДИРДАЖ БАЙСАН КЛУБ
Фулэм 1968
Ипсвич 1968-82
Английн шигшээ 1982-90
ПСВ Айндховэн 1990-92, 1998-99
Спортинг Лисбон 1992-94
Порто 1994-96
Барселона 1996-97
Ньюкасл 1999-2004

АМЖИЛТ
УЕФА цомын түрүү: 1981 (Ипсвич)
Хөлбөмбөгийн холбооны цомын түрүү: 1978 (Ипсвич)
Эрэдивизийн түрүү (Голландын дээд лиг): 1991, 1992 (ПСВ Айндховэн)
Примейра дивизионы түрүү (Португалын дээд лиг): 1995, 1996 (Порто)
Копа дел Рей (Испанийн эзэн хааны нэрэмжит цомын тэмцээн): 1997 (Барселона)
Европын цомтой багуудын цомын түрүү: 1997 (Барселона)

Британийн хөлбөмбөгийн хамгийн цуутай, нэрд гарсан төлөөллүүдийн нэг болох Бобби Робсонд нойрмог Суффолкийн хамгийн алдартай багийг босгох боломж олдсон билээ. Анхандаа нэлээн базаахгүй эхэлсэн ч тэнд өнгөрөөсөн түүний сүүлийн арван улирлын есөн удаад нь Ипсвиччүүд Нэгдүгээр дивизионы эхний зургаад багтаж улирлыг дуусгасан ба хоёр ч удаа аман хүзүүдсэн байдаг. Ганц удаа 1977-78 улиралд тээр доор 18 дугаар байранд орж дуусгахдаа Вэмблигийн дэвжээн дээр Арсеналыг хожиж Холбооны цомын финалд түрүүлсэн юм. Голланд мастер Арнолд Мюрен, Франс Тиессен нарыг өмнөө барьж зүтгэсээр Ипсвич 1981 онд УЕФА цомд түрүүлсний дараа Робсон 1982 онд Рон Гринвүдийн халааг авахаар Английн шигшээ рүү явав. Шигшээгээ удирдаад 1986 онд Дэлхийн цомын шөвгийн наймд, дөрвөн жилийн дараа хагас шигшээд хүргэжээ. Үүнийхээ дараа гадаадын лигүүдэд маш амжилттай ажиллаж ПСВ Айндховэн, Портотой хамт лигийн түрүү, Барселонатай хамт 1997 онд Европын цомтой багуудын цомын түрүүг хүртэж байлаа.

БИЛЛ ШАНКЛИ

Ливерпүүлийн менежерийн хувиар Билл Шанкли гурван удаа лигт, нэг удаа УЕФА цомд түрүүлж байв.
УДИРДАЖ БАЙСАН КЛУБ
Карлайл 1949-51
Гримсби 1951-54
Хаддерсфилд 1956-59
Ливерпүүл 1959-74

АМЖИЛТ
УЕФА цомын түрүү: 1973
Нэгдүгээр дивизионы түрүү: 1964, 1966, 1973
Хөлбөмбөгийн холбооны цомын түрүү: 1965, 1974

Шанкли Ливерпүүлийг 1974 онд орхисон боловч Сэр Кенни Далглишийн хамтаар тус клубын хамгийн чухал төлөөллүүдийн нэг хэмээн тооцогдсоор байдаг билээ. Ливерпүүл клубын өнөөгийн байгаа бүхэн, түүнийг ирснээс хойш буй болсон бүхэн бүхлээрээ Шанклигийн анх ирж хоёрдугаар дивизионоос сугалж гаргаад, улсын хэмжээний урт удаан ноёрхлоо тогтоох хүртэл сэтгэл зүрхээ зориулж, хөгжөөн дэмжигчидтэй үүсгэсэн нягт холбоо харилцааны үр дүн дээр үүсэн боссон юм. Сэтгэл зүрхээс гадна түүний маш чадварлаг удирдах арга барил, нэрд гарсан илтгэх чадвартай нь хавсраад копуудын дунд бараг бурхан мэт шүтэгдэхэд хүргэсэн билээ. Ихэнх суутнуудын адил тэрбээр хоёр чунаг бүрэлдэхүүн босгосон юм. Нэг нь жараад оны үед Холбооны цомуудыг түүсэн, нөгөөх нь далаад оны эхээр лигийн түрүү хамж, УЕФА цомд түрүүлсэн ба мань эр хамгийн сүүлийн тоглолтоороо 1974 онд Ньюкасл Юнайтедын эсрэг Холбооны цомын финалд түрүүлсэн байдаг.

ЖОК СТАЙН

Жок Стайн бол Европын цомд түрүүлсэн хамгийн анхны британи менежер бөгөөд 1967 онд Селтикийг удирдаж байхдаа Интер Миланыг хожсон юм.
УДИРДАЖ БАЙСАН КЛУБ
Дунфермлайн 1960-64
Хиберниан 1964-65
Шотландын шигшээ 1965, 1978-85
Сэлтик 1965-78
Лийдс Юнайтед 1978

АМЖИЛТ
Шотландын цомын түрүү: 1961 (Дунфермлайн)
Европын цомын түрүү: 1967 (Сэлтик)
Шотландын нэгдүгээр дивизионы түрүү: 1966, 1967, 1968, 1969, 1970, 1971, 1972, 1973, 1974, 1977 (Сэлтик)
Шотландын лигийн цомын түрүү: 1966, 1967, 1968, 1969, 1970, 1975 (Сэлтик)

Яагаад гэж үү? Хариулт нь маш амархан. Зөвхөн Глазго хавийнхнаар бүрдүүлсэн багаа тоглуулсаар байгаад 1967 онд дийлдэшгүй Интер Миланыг 2-1ээр хожиж Европын цомд түрүүлсэн, мөн тус тэмцээнд түрүүлсэн хамгийн анхны Британи менежер гэдгээрээ л энэ жагсаалтад яахын аргагүй орох хүн. 1961 онд тэдний эсрэг Дунфермлайныг удирдаж Шотландын цомд түрүүлэх үед нь л Сэлтикийнхэн түүний чадварыг анзаарсан байсан юм. Сэлтикт Стайн үнэхээрийн босоо байж ес дараалан лигтээ түрүүлсэн ба 1970 онд Европын цомын финалд Фейнордод хожигдож аман хүзүүдэж байлаа. Сэлтикийн аугаа тоглогчдын хоёр бүтэн үеийн төлөөлөл болсон “Лисбоны арслангууд”-ын ахлагч Билли МакНейлл, арай хожмын үеийн Кенни Далглиш зэрэг тоглогчид түүний төлөө тоглож байв. Лийдс Юнайтедад хэсэг ажиллаж байгаад 1978 онд Шотландын шигшээг удирдах болсон ба 1985 оны 9 дүгээр сард өөд болох хүртлээ шигшээдээ ажилласан юм.

Монголчлон бантагнасан: Д.Цогчулуун
2020.04.29

Эх сурвалж: https://www.bbc.com/sport/football/52371056