Showing posts with label Зөвлөгөө. Show all posts
Showing posts with label Зөвлөгөө. Show all posts

Monday, May 13, 2019

“АЛСУУР ДАЯЛЖ АНХНЫ ЗОРИЛГОДОО ХӨТЛӨХҮЙ” ГЭДЭГ МЭХ ХЭРЭГЛЭСЭН МИНЬ

Миний биеийг захиран зарцуулах эрхтэй гэрийн ерөнхий сайдаас гадна нэг Атамантай хүн билээ. Өрхийн тэргүүн хэмээх бэлэгдлийн чанартай цол төдий гэдгийг манай гэр бүл доторх удирдлагын тогтолцоо яв цав харуулдгийг хааяа бодож гүн санаа алдах явдал мэр сэр бий. Гэхдээ удирдлагын тогтолцооны энэхүү гажуудлаас болоод үүрэг нөлөө нойл зааж байгаа юу гэвэл бас үгүй юм. Жишээлэхэд, би вээр Атаманы төрөл бүрийн боловсролын асуудалд хөндлөнгийн болон дотоодын аудитын үүргийг давхар хаших ба хааяа сурган хүмүүжүүлэгчийн үүрэг гүйцэтгэгч ч хийх нь бий. (мэдэж байгаа, тогтолцооны гажуудал, системийн завхрал, ашиг сонирхлын зөрчил бүгд байгаа)

Сүүлийн үед коачинг, менторинг гэх болсон арга хэмжээг Атаманы а гэж анх дугарсан үеэс хэрэгжүүлж эхэлсэн байдаг юм. Гэхдээ энэ арга хэмжээ зөв хэрэгжсэн үедээ хүлээн авагч нь коач буюу ментороосоо өөрийн амьдралд хэрэгтэй зөвлөгөө, сэтгэл санааны дэмжлэг авдаг бол минийх шал эсрэгээрээ билээ. Юу гэвэл, би түүнийг мэндлэнгүүт өөрийн хамсаатан болгох атгаг төлөвлөгөө шууд боловсруулсан юм. Уншсан ном, үзсэн киногоо сэтгэл сэргэтэл чөлөөтэй ярьж суудаг хамсаатантай болсноор гэр бүл доторх миний байр суурь өндөр байх болно гэж тооцоолсон хэрэг л дээ.

Одоо ингээд 8-9 жилийн мастер төлөвлөгөөний хэрэгжиж байгаа байдлыг харахад дуртай зүйл бүр дээр нь дөрөөлж тэр чиглэлийн гайгүй шиг кинонуудыг санал болгон хамт үзэх замаар ерөнхийдөө нэлээн амжилт олоод байгаа. Цаашдаа ч энэ эрчээрээ гайгүй сайн явах боломжтой гэсэн хэтийн төлөв харагдаж байна.

Хэрхэн хэрэгжүүлэв ээ хэмээвээс.
Эхний ээлжинд дада дүдү гээд байж байх үед нь хурц тод өнгөтэй, хөгжүүн хөхиүн дуу хууртай кинонууд үзүүлэх. Энэ үед киног дуу хууртай байж болдог гэдгийг таниулах зориулалттай тул болж өгвөл өөрийн дуртай кинонуудыг үзүүлэх хэрэгтэй. Бас өөрийн дуртай дуунуудыг сонсгож чихэнд нь дасгавал зохино. Кино болон хөгжмийн сонголт хийх эрх надад байсан тул энэ үе шат их амархан байсан.

Хамаг ухаан уралдуулах үе шат нөхрийн гарт зурагтын удирдлага очсон үед тохионо. Өмнөх үе шатандаа бэлтгэл ажиллагааг маш сайн хийсэн бол энэ үе тийм ч хэцүү биш. Өөрөөр нь сонголт хийлгэж байгаа мэт харагдуулах хэрэгтэй. Хоёр юм уу гурван киног санал болгож алийг нь үзэх хүсэлтэй байгааг байнга асууж бай. Ер нь бол нөхрийг сонголтоо өөрөө хийж байна гэсэн сэтгэгдэлтэй л явуулах хэрэгтэй. Манайхны сонгууль шиг л. Сонголтыг нь харин өөрөө бэлдэж өгнө. Ер нь бол эхэн үед аль болох өргөн хүрээтэй явуулах хэрэгтэй. Юу хүсч байгааг нь өгч байгаа мэт харагдахаар. Миний хувьд дуу хөгжмийн тал дээр голдуу өөрийн дуртай дуу хуурыг сонсгож байсан ба цаг үедээ хит болж байгаа орчин үеийн дуунуудаас аль болох зайлсхийхийг хичээсэн. Өөрөө том болохоороо тэртэй тэргүй сонсох байх гэж бодож явдаг тул аль болох хөгжмийн мэдрэмж суулгах болов уу гэж бодсон дуу хуурт гол анхаарлаа хандуулсан. Рок дуунууд, поп дуунууд аль алийг нь л сонсгож байсны ачаар одоо аавын дуртай гэх тодотголтой дуунуудыг дагаад сонсдог болсон. Кэйпопыг бол ерөөсөө шууд хорио цээрт оруулсан. Хүмүүс нь гоё ганган, дууны ая, бүжгийн хөдөлгөөн нь энгийн бөгөөд дагаад аялахуйц байдаг тул хүмүүсийг амархан урхиддаг. Тиймээс бүр огт сонсгох хэрэггүй. “Аав та яагаад Солонгосуудад дургүй байдаг юм бэ?” гэж асуусан удаа бий. Тэр үед нь зохих үнэн тайлбарыг өгсөн болно.

Киноны хувьд өөрийн айконик гэж бодсон хэд хэдэн сонгодог бүтээлүүдийг насанд нь тохируулаад үзүүлсээр ирсэн ба одоо миний атаман суперкалифражилистикэкспиалидошиус гэдэг үгийг 4 секундэд бүтэн хэлж чаддаг болсон. Миний урхидах үндсэн аргуудын нэг бол нэг кинон дээр гардаг өөр нэг киноны тухай хэсэгт ач холбогдол өгч нөхрийг анзааруулах. Жишээ болгон хэлэхэд, Мэри Поппинсыг зүгээр шууд үзүүлэх гэж оролдоход анхандаа тийм ч дуртай байгаагүй. Хуучны кино байна гээд. Тэгэхээр нь Марвелийн “Галактикийн хамгаалагчид” киноны хоёрдугаар ангийг үзүүллээ. Ёонду тэнгэрээс бууж ирж байхад нь “Чи яг Мэри Поппинс шиг харагдаж байна” гэдэг хэсэг дээр би зориуд өргөлт өгөв. “Нээрээ яг Мэри Поппинс шиг байна шүү” гэж атаманд сонсогдохуйц хэлэхэд нөхрийн сонирхол хөдөлж юун хүн болохыг лавлахад нь би Ютүб дээрээс өмнө нь хайж бэлдсэн байсан бичлэгийг үзүүллээ. Суперкалифражилистикэкспиалидошиус гэдэг дууг үзүүлэнгээ түүнийг багадаа энэ үгийг хэлж чадахгүй супадош гэж хэлж байсныг нь сануулж шарыг нь жаахан малтав. Галактикийн хамгаалагч нарыг үзэж дуусаад шууд Мэри Поппинсыг үзэх хүсэлт ирэв. Би ч үүнд бас бэлдээд хамгийн гоё блүрэй бичлэгтэйг татаж авсан байсан тул шууд үзүүллээ. Ингээд манай атаман 2019 оны 2 дугаар сарын 14-нийг тэсэн ядан хүлээж эхэлсэн юм даа. Эмили Блантын тоглосон хоёрдугаар анги нь энэ өдөр нээлтээ хийнэ гэдгийг өөрөө гүүглдэж олж мэдсэн юм. Ер нь миний хэлсэн юмнуудыг давхар гүүглдэж, юүтүбдэж шалгадаг зуршилтай болсон байгааг нь би их сайшааж байгаа. Кино хэлэхээр заавал трэйлерийг нь шалгана.



Хамгийн сүүлийн амжилт гэвэл Студио Гиблид орууллаа. Анх хоёр жилийн өмнө Мононокэ гүнжийг шууд үзүүлэх гэж оролдоход “хэлийг нь ойлгохгүй” хэмээн эрс эсэргүүцэж байсан тул би түр хойш тавиад байсан билээ. Сүүлийн үед нөхөр атаман хайр дурлалын сэдэвтэй кино болон номыг нэн хүчтэй сонирхох болсонтой холбогдуулаад ойрмогхон гарсан Чиний нэр... хэмээх хөөрхөн хүүхэлдэйг үзүүлж хорхойг нь хөдөлгөв. Нихон хэлээр нь яриулаад, англи орчуулгыг дэлгэцийн доогуур урсгах маягаар. Ер нь өөрөө нэтфликсээс голцуу ингэж үзэж дассан болохоор Гиблийд оруулах цаг нь болсон гэж үзсэн хэрэг л дээ. Чиний нэрийн дараа шууд Мононокэ гүнжийг үзүүлсэн. Ер нь хүчирхэг эмэгтэйчүүдтэй кинонд дуртай нөхөр юм байгаам. Тэгээд тэндээс үргэлжлүүлээд Понё, Кикигийн хүргэлтийн үйлчилгээ, Ховлын нүүдэг шилтгээн, Чихиро энэ тэр гээд дамжиж өгсөөн. Арай л Гэрэлт цохнуудын булш руу оруулчихаагүй. Уйлуулдаг кино үзэх үү гэхэд яахын гэхээр нь тэгээд больсон. Гэхдээ ямар ч байсан “Япон хүүхэлдэй үзье л даа” гэдэг болсоон.

Анх атаманы бичиг үсэг тайлагдаагүй байдалд хязгаарлагдаад сүүдэр ший, дуу хуурт түлхүү анхаарч ажиллахдаа ном уншлагыг орхигдуулсан нэг том алдаа буй. Энэ алдааг ойрын үед шаргуу засах зорилгоор түүний дуртай кинонуудын нэг болох Харри Поттерын бүрэн цувралыг англи хэлээр бэлдсэн ба Монгол нь хараахан гарч дуусаагүй. Бөгжний эзний Хоббитыг бас аваад хажууд нь тавьчихсан. Силмариллион, Бөгжний эзэн зэргийг бол цагийн явцад авахаар төлөвлөсөн байгаа. Одоогоор уншихад хэлний бэрхшээл их гарах байх гэж бодож байгаа юм. Ер нь нэг их хүчлэхгүй ч ном уншаарай гэж үе үе дугарсхийгээд л байж байна.

Зургийн эх сурвалж: https://www.theguardian.com/film/2018/nov/23/mary-poppins-why-we-need-a-spoonful-of-sugar-more-than-ever

Saturday, April 06, 2019

Хан академи

Боловсролын системийн тухай найзын минь бичвэрийн доорх сэтгэгдэл дунд нэг хүн алт шиг сайхан мэдээлэл шигтгээд орхисон байсныг өчигдөр олж уншаад жигтэйхэн баярлаж билээ.

Хан Академи гэж эчнээ сургалтын цахим талбар байдгийг бүгд мэдэх байх. Тэднийхэн бага ангийн хүүхдийн хөтөлбөр санал болгодог гэдгийг тэрхүү сэтгэгдлээс хараад орж үзвэй. Үнэхээр сайхан эд байна. Хүүхдийнхээ нэрээр бүртгэл үүсгэж ороод үзүүлэхийг сонирхсон хичээлүүдээ сонгоод сонгоод явчихна. Би охины тооны хичээл, монгол хэлний мэдлэгт жаахан сэтгэл чилж явдаг тул эндээс боломжтойгоор нь тооны хичээлийг түлхүү үзүүлье гэж шийдсэн.

Өнөө өглөө нөхөрт үүнийг танилцуулаад бүртгэлээр нь оруулж тооны хичээлийг одоо байгаа ангийнх нь түвшинд буюу 4-р ангийнхаар нь үзүүлтэл нэн дуртай үзэж эхлэв. Зарим нэг ойлгохгүй байсан юмсаа ч ойлголоо гэж өөрөө хэлж байна. Бараг суурин дээрээ 12 бичлэг үзээд, бас хөөрхөн хэдэн бодлого бодоод өөрийн хэр түвшинд явааг сориод авчихаж байгаа юм. Хамгийн аятайхан нь хүүхдийн хэр явцтай байгааг би өөрийн бүртгэлээр ийнхүү ороод харах боломжтой. Одоохондоо тоогоор нь жаал дагнаж байгаад физик, химийн хичээлүүдийг үзүүлэх бодолтой байна. Англи хэлний дүрэм, Америкийн түүх энэ тэр гэсэн хичээлүүд ч байна. Ямар ч гэсэн мат, хими, физик гэх мэт байгалийн ухаануудын суурийг нь аятайхан тавиад өгчихвөл хэн хэндээ амар юм уу гэж ихэд олзуурхсанаа нүүрномын өргөн түмэнтэй хуваалцюу хэмээв.

Охины хичээлийн явцыг ингээд харчих боломжтой
Миний хувьд анх англи хэл сурч байхдаа яг ингээд хичээл дээр хэрэглэдэг англи үгсийг төдийлөн сайн мэдэхгүй нэлээн төвөг болж байсан болохоор охиндоо анхнаас нь ингээд заалгах боломж олдож байгаад их баяртай байгаа. Англи хэлний мэдлэг сайжрахын дээр бусад хичээлүүдээ ч ингээд ойлгомжтойгоор заалгаад явчихвал ёстой хэн хэндээ амар байна. Бичлэгээ хамтдаа үзээд, хааяа түр зогсознож байгаад хажуугаас нь монголоор тайлбарлаад явчихад бол яг болж байгаа юм.

Буян нь дэлгэрсэн https://www.khanacademy.org/ дээрх мэдээллийг хуваалцсан Д.Цогчулуун гэж хүн байна аа. Сургуулийн насны хүүхдүүдтэй улсад хэрэг болуужин, цааш нь түгээгээрэй.

Tuesday, March 05, 2019

Өрлөгчний гаслан

Ажлын байрны аюулгүй байдлын тухай миний мэдэх хамгийн шилдэг ухуулга. Мэддэг улс даан ч цөөхөн байх л даа.

ӨРЛӨГЧНИЙ ГАСЛАН

Эрхэм ноёнтон танд өөрийн золгүй явдлаа өчье.
Яг үүнийг бичиж ахуйдаа яав ч сайн харагдахгүй ээ, би.
Хамаг бие минь хөхөрч харлаад, хацар нүүр минь үхлийн саарал.
Энэхүү захиаг бичиж, энэ өдөр очоогүйн шалтгааныг учирлая.

14 дүгээр давхарт ажиллахдаа хэсэг тоосгыг цэвэрлэх хэрэгтэй боллоо.
Тээр дээрээс тоосго шидэх тийм ч сайхан санаа биш.
Адайр ааштай ахлагч уурлаад
Ар нуруундаа үүрэг бэхэлж доошоо зөө хэмээв.

Тоолж баршгүй тэр олон тоосгыг улаан гараар зөөх, үгүй мөн удаан болохоор
Торх оосорлож өргөөд газарт гадаслаж бэхлэв.
Бушуу түргэн амжуулах гэсэндээ яарахдаа
Дүүрэн тоосготой торх өөрөөс минь хүнд байх юм гэж санасангүй.

Газарт бэхлэсэн аргамжийг тайлахад гараас минь угзраад тугалга шиг л хүнд
Бэхэлгээ олсыг зуурсан чигээр дээш би одов.
Пуужин аятай хөөрөх зуураа замын талд
Доош унах торхтой таарлаа.

Газрыг зорин хурдлах торх мөрийг минь хугалаад одоход
Гаслан дүүлсээр би оройд тулж дамрыг мөргөлөө.
Өвчиндөө манарсан би олсоо тас зуурсаар
Өнөөх торх харин тэр доор хагас ачаагаа газраар тараав.

Торхоор дүүрэн тоосгоны тал нь асгараад унахын цагт
Миний жин түүнийхээс илүү болох нь гарцаагүй, би доошоо.
Өвчиндөө шаналсан би өнөөх олсоо тас зуурсаар
Өөдөө хурдлах тээгэлсэн торхтой замын талд ахиад л тулгарав.

Өндөр барилгын тал дунд тохиосон энэ тулгаралтын хүчээр
Таарсан газар бүрт өвчин үлдээж, тархи толгой минь доргисон ч
Газар уруу чиглэн унахдаа олсоон би тас зуурсаар
Торхноос унаж газраар тарсан тоосгонуудын дээрээс яг газардав.

Хөсөр унаад хэвтэх зуураа хамаг аюул өнгөрсөнд тооцсон боловч
Хүнд торх дээшилсээр дамарт тулж ёроол нь задарлаа.
Шүршүүр аятай тоосгонууд над дээр унахад зайлах аргагүй би хөөрхий.
Шаналж зовоод, цусанд хутгалдан хэвтэхдээ гайтай олсыг хаялаа.

Торгоох юмгүй болсон торх доош хурдалж эхлэв.
Зугтах аргагүй миний яг дээрээс унав.
Гурван хавирга, зүүн гарыг минь хугалсан тул
Ажилдаа ирээгүйг минь ойлгож үзээч хэмээн би хүснэм.


Автын үзлэг

Ойрмогхон автомашинаа үзлэгт хамруулав. Хоёр жилдээ нэг удаа үзүүлэх ёстой байдаг юм байна. Манайхан шиг улсын бүх автомашиныг зэрэг үзэж нерв бардаггүй, машин тус бүрийн улсад анх бүртгүүлсэн өдөр нь үзчихдэг гэнэ ээ. Одоо жишээ нь манай тэрэг анх 2 дугаар сарын 25-нд бүртгүүлсэн бол хоёр жил тутамд энэ өдрөөс өмнө, оройтлоо гэхэд үүнээс хойш нэг сарын дотор үзлэг оношилгоонд орж байх ёстой байдаг нь их таалагдав.

Болзолт өдрөөс нь өмнө оношилгооны газар руу яваад очлоо. Цомхоон газар байна. Мөнгө хураах, үйлчлүүлэгчдийн хүлээх зориулалттай нэг жижиг байшин, байшин ч гэж дээ тоноглосон контейнер л юм, тэгээд үзлэгийн бас нэг жижиг байшин хоёулаа нийлээд ёстой л 0.07 га газар дээр өлхөн багтахаар юм. Олон машин байх юм байх гэж бодтол ёстой хөл хөдөлгөөнгүй нам гүм газар байна. Очоод зогсонгуут нэг механик залуу ирээд нөгөө контейнер руу орохыг заагаад өөрөө тэргийг маань нөгөө жижиг байшингийн тийшээ аваачаад зогсоочихов. Заасан газар руу нь ороход үзлэг оношилгооны мөнгө гээд 50 мянга жаахан гаран вон хурааж байна. Төгрөгөөр бол 100 мянга гаран юм уу даа. Тэгээд л хүлээгээд суучихаж байгаа юм. Тэр доор миний тэргийг үзлэг оруулж байгааг харангаа кофе уусан шиг. Гэрэл чийдэнг нь шалгаад л, дээгүүр доогуур нь шагайж янз бүрийн багажаар хэмжилт хийж байх бололтой, тойроод л. Нэг их удсангүй ээ. Гучин минут орчим л болов. Доошоо буугаад очиход “Элдэв асуудал алга. Ахиад хоёр жилийн дараа уулзацгаая” гэх маягийн юм хэлээд мэхийн ёслоод үлдэв.

Гэрэл зураг буулгаж авахаа мартсан тул интернэтээс төстэй зураг авч хэрэглэв. (https://kr.polomap.com/%EA%B0%95%EB%A6%89%EC%8B%9C/8015)
Үзлэгийн энэхүү цэг нь ажлын таван хоног дээр Бямба гарагийн үдээс өмнө ажилладаг юм байна. Бямба гарагт бол цаг товлож байж үздэг гэнэ. Бусад өдөр нь бол үдээс хойш 16 цаг хүртэл хүлээж аваад үздэг гэж байна. Би үдийн цайнаас жаахан өмнө ирсэн тул миний араас ахиад хоёр тэрэг ирж үзүүлсэн. Намайг явах гэж байхад нэг нь дуусаад араас гарч байгаа харагдсан. Ажиллах хүчний хувьд гэвэл инээд хүрмээр цомхон юм. Хоёр механик, тэгээд мөнгө хураагч нэг бүсгүй. Ингээд автын үзлэгийг улс даяар тогтсон нэг хугацаанд биш жил тойрон иймэрхүү маягаар хийдэг болчихвол хаа хаанаа их амар байх биш үү гэж бодсоор би ажил руугаа явсан даа.

Монголд автын үзлэг, оношилгоонд өөрийн биеэр бол орж үзээгүй л дээ. Харин хажуугаар нь явж үзсэн. Хавийн газрын хөдөлгөөнийг хязгаарласан их дараалал, бөөн “яриа, хөөрөө” болсон л газар байдаг юм билээ. Солонгосын эндэх шиг ийм аятайхан цэгцтэй байдаг бол хичнээн сайхан гэж бодож байлаа. Угаасаа Солонгосын ихэнх юманд иймэрхүү маягаар атаархаад явдаг юм өө. Эмнэлгийн үйлчилгээ, даатгал, татварын бүртгэл, хоорондын уялдаа холбоо гэх мэтийг яриад ч баршгүй мэт.

Жич: Монголд ийм зохицуулалттай болсон байсныг мэдээгүй ийнхүү шүүмжилжээ.



Wednesday, January 30, 2019

Кои но ёкан

Кои но ёкан (恋の予感) гэж хэлц байдаг гэнэ ээ. Нихон үг юм байна. Хэн нэгнийг хараад "Энэ хүнд би дурлах нь тодорхой юм байна" гэсэн мэдрэмж төрж сэтгэл хөдлөн дотор сайхан болохыг ийнхүү үгээр илэрхийлжээ. Анхны харцаар дурлахыг өөр үгээр илэрхийлдэг гэнэ.

Энэ тухай: http://www.bbc.com/culture/story/20180103-the-untranslatable-japanese-phrase-that-predicts-love


Tuesday, April 13, 2010

Газар хөдөлбөл яах вэ?

Намайг жаахан байхад нэг удаа газар хөдөлсөнийг би санадаг юм. Манайх тэр үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод байлаа л даа. Барилгачдын 27 гэдэг гурван давхар байрны хамгийн дээд давхарт байдаг байсан.

Нэг өдөр гэртээ сууж байсан чинь хамаг юм салганаж хөдлөөд. Би гэртээ ганцаараа байсан юм шиг байна лээ. Гал тогоондоо байсан болохоор шууд л хамгийн хөдлөх магадлал багатайгаар нь паарнаасаа тэврээд суучихсан. Харж байсан чинь ширээн дээр тавьчихсан байсан хоёрын битаантай ус цалгиад л асгараад байна. Хэсэг хөдөлж байгаад зогслоо. Тэгэнгүүт нь шууд гүйгээд гарсан чинь гадаа бөөн хүмүүс. Бүгд гэрээсээ зугтаж гарцгаасан. Хэсэг хүлээлээ дахиж хөдөлдөггүй шүү. Тэгсэн ч гэсэн хэн ч гэр лүүгээ орохгүй байна. Би яахав жоохон байсан болохоор тэгэсгээд тоглож эхэлсэн. Харин хэсэг байж байгаад харсан чинь манай байрны хажууд байдаг уурын зуухны яндан савлаад л аймаар хөдөлж байнаа. Гүйгээд явж байхад газар хөдлөх мэдэгддэггүй юм билээ.

Дараа нь сонсох нь ээ нэлээн хүчтэй газар хөдлөлт болсоны зах зух нь манай тэрүүгээр дайрсан бололтой юм билээ.

Сүүлийн үеийн мэдээллүүдийг хараад байхад газар хөдлөлт/чичиргээний давтамж нэлээн ихэссэн бололтой юм аа. Өнгөрсөн хоёр жилд жил тутам өмнөх жилээсээ хоёр дахин ихээр бүртгэгдсэн мэдээлэл байна. Уржнан хотын төвд аймаар газар хөдөлнө гэсэн цуу тарснаас болж их олон айл гэр хорооололд байдаг төдийлөн зочлоод байдаггүй хамаатнууддаа гэнэтийн айлчлал хийснээр барахгүй хонож энэ тэр саймширч байж билээ. Энэ жил ч мөн адил газар хөдөлнө сүйрүүлнэ гэсэн цуу яриа газар авч, Хаити, Чилид болсон явдлууд бүүр дайран дээр нь давс гээч болсон.

Иймээс юмыг яаж мэдэхэв гээд хэрвээ муу юм болж газар хөдөлсөн тохиолдолд ямар арга хэмжээ авсан нь дээр болохыг доор жагсаасу:

  • Ширээн доор орж нуугдах ёстой гэсэн зөвлөгөө буруу гэсэн шүү. Хэрвээ дээрээс тааз нурах юм бол ширээ зэрэг нь нэг их саад болохгүй байх.
  • Тотгоны доор зогсох ч бас нэг их сайхан санаа биш гэж байна лээ.
  • Шат болон цахилгаан шат бол хамгийн аюултай цэгүүд. Барилгын үндсэн хэсгээс тусдаа давтамжаар хөдөлдөг учраас шатнууд түрүүлж нурах аюултай байдаг. Тухайн үедээ нураагүй байсан ч дараа нь нурах магадлалтай учраас сайтар шалгасны дараа шатаар буух буюу өгсвөл зохилтой.
  • Газар хөдөлсөн үед барилга байгууламжийн гадна хана руу зүглэх хэрэгтэй. Ер нь болж өгвөл гарчих хэрэгтэй. Хэрвээ гарч чадахгүй байвал аль болох гадна хананд ойрхон байрлах хэрэгтэй. Сүүлд нь гарахад амар байх болно.
  • Өрөөнд байгаа ямар нэгэн том зүйлийн хажууд атираад суух буюу хэвтэх боломжтой гурвалжин хэлбэртэй зай үлддэг. Газар хөдөлсөн бол өрөөнд байгаа аль нэг томоохон тавилгын дэргэд суух буюу хэвтэх хэрэгтэй.
  • Цаас хэлбэр дүрсээ бараг алддаггүй тул овоолоостой цаасны хажууд байрлахыг хичээсэн нь дээр.
  • Хэрвээ машинтайгаа явж байхад газар хөдөлж байгаа бол машинаасаа гараад хажууд нь суу. Мэдээж хот дотор өндөр барилгуудын дунд явж байгаа үед шүү дээ. Хөдөө хээр явж байгаа бол энэ нэг их хэрэгтэй арга хэмжээ биш л дээ.
  • За тэгээд мэдээж гал, хий энэ тэр гээд аюултай нөхцөл үүссэн бол аль болох холдох хэрэгтэй.
  • Бла бла бла....

Энэ мэдээллийг нэг Америк хүний зөвлөгөөнөөс авсан. Аврах албанд хорин хэдэн жил ажилласан туршлагатай хүн гэж байна лээ.

Яахав мэдээд авахад илүүдэхгүй мэдээлэл байна.