Showing posts with label Дуу хөгжим. Show all posts
Showing posts with label Дуу хөгжим. Show all posts

Thursday, December 12, 2019

ДУУ БҮТСЭН ТҮҮХ - Дарамтанд

Хиандр Овогт Батбаярын Нямхишигээс болоод нэг ийм юм монголчилчихлоо. Күиний “Дарамтанд” дууны үг орчуулахад хамтран зүтгэхээр Ganaa, Khaliun Chinzorig хоёртой хамт намайг нэр цохон дуудсаныг хараад жаал нэт ухаж байгаад энэ сайхан мэдээллийг олоод хуваалцахгүй байж чадсангүй.

Дуу бүтсэн тухай хамтлагийнхан юу гэж ярьцгаасныг сонирхоно уу.

Рожер Тэйлор, 2002 онд
Бичсэн юм юу ч байхгүй, юу болсон бэ гэхээр, мануус зүгээр л нэг орой хөгжим тоглоод байж байтал Дэвид ороод ирэхээр нь бөөнөөрөө суугаад л өөр хүмүүсийн хөгжим тоглоод зугаацаж гарсан. Тэгсэн чинь Дэвид “Ингэхээр тэнэг юм аа. Хэдүүлээ зүгээр л шинийг зохиовол яасын?” гэсэн. Анх энэ дууг “Гудамжинд алхах хүмүүс” гэж нэрлэхээр ярилцаж байлаа, угаасаа ч гол санаа нь тэр байсан юм чинь. Олон замтай бичлэгүүдээ Нью Йорк руу авч очоод Дэвид бид хоёр тэр шөнөдөө найруулчихсан. Миний санаж байгаагаар нэг биднүүс басс дугаралтыг эхэлж тоглож байсан ч, пиццадаад ороод ирсэн чинь нөгөөхөө бүгд мартчихсан. Арай гэж нэг нь санасан, аан тийм, Жон санасан.

Рожер Тэйлор, 1981 онд
Дэвид Бови, Фрэдди бид гурав сүүлийн хэдэн жил нөхөрлөж байгаа юм. “Дарамтанд” бол зүгээр л санаандгүй хамтраад хийчихсэн дуу л даа. Хуучин дуунууд тоглож байгаад хэд хэдэн санаа бодож олоод, тэр нь явсаар байгаад “Дарамтанд” болчихсон, тэгээд л бичүүлсэн.

Жон Дийкон, 1982 онд
Фрэдди, Дэвид хоёр олон жил найзалж байгаа юм. Нэг удаа мануусын байсан студид тэр ирээд, биднүүсийг хөгжим тоглоод сууж байхад таарсан. Дуу бол уг нь Дэвид, Фрэдди хоёрын санаа байсан боловч биднийг бас бүтээлцсэн гэж оруулсан. Их сонирхолтой ажил болсон л доо, яагаад гэвэл Дэвид тэр басс дугаралтыг зохиосон юм, түүний бүтээл юм байгаам. Маш авъяастай хүн шүү, энэ дуу ч гэсэн миний дуртай хэдэн дууны нэг

Рожер Тэйлор, 1982 онд
Дарамтанд” дууг юуны тухай дуу гэхэд бүгдээрээ инээцгээсэн. Хараажаар л хайрын тухай дуу шүү дээ, огт күүл биш, ямар ч янз маяггүй.

Браин Мэй, 1982 онд
Их урт түүх ээ. Хамтрахад их хэцүү хүн л дээ, яагаад гэвэл хоёр өөр төрлийн арга барил тулж байгаа учраас. Бөөн урам зориг байсан боловч бас нөгөөтэйгүүр бөөн ядаргаа. Биднүүс нэлээн гөжүүд, өөрсдийнхөөрөө зүтгэдэг улс байв, нөгөө талд ноён Бови ч бас яг адил. Магадгүй бүр бид дөрвийг нийлүүлснээс илүү гөжүүд байсан байх. Гэхдээ хийсэн нь зөв байсан гэж боддог юм. “Дарамтанд”-ыг хийчихсэний дараа харин яаж гаргах, эсвэл ер нь гаргах хэрэг байгаа ч юм уу гэсэн бөөн маргаан болж билээ. Дэвид бүр эхнээс нь дахиад хийх хүсэлтэй байсан. Би ч бүр залхчихсан байлаа л даа, яагаад гэвэл надад таалагдаж байснаас шал өөр чиглэлд явчихсан байсан. Гэхдээ л гоё гоё юмтай дуу болсон. Арай гэж шийдэлд хүрээд, Фрэдди, Дэвид, Мак гурав сууж байгаад найруулгаа хийсэн. Нэлээн дарамттай хийцгээсэн шүү. Рожер бас хамт байлцаж, тэдний дунд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн, учир нь Дэвид тэр хоёр найзууд байсан юм.

Жон Дийкон, 1984 онд
Цомог дээр Бови болон Күин хамтарсан гэж бичсэн ч яг ихэнхи нь Фрэддигийн л юм дөө, гэхдээ бүгд өөрсдийн хувь нэмрээ оруулцгаасан. Басс дугаралтыг Дэвид хийсэн, тэрнийг нь сурах гэж би хэсэг нухсан л даа. Бас дунд хэсэгт Браинаас нэлээн юм орсон. Ерөнхийдөө их сонирхолтой ажил болсон, боломж олдвол Дэвид болон бусад хүмүүстэй ахиад хийсэн ч болохоор.

Фрэдди Мэркүри, 1985 онд
Биднүүс огт төлөвлөөгүй. Бови найзуудтайгаа тэнд ирчихсэн, мануусын хөгжим тоглоод байж байсан студи руу шөвөлзөж орж ирээд болдоггүй. Тэгээд бид түүний бас өөрсдийнхөө дууг тоглоод, ганц хоёр шил дарс суллаад байж байснаа гэнэт л “Цоо шинэ юм хийгээд үзвэл яасын?” гэцгээсэн. Тэгээд л энэ дуу төрсөн дөө. Яг сайхан дундаа орчихсон явж байтал Дэвид “Бурхан минь, энэ яг цус гаргана аа! Авчихъя л даа” гэж хэлснийг би санаж байна. Тэгээд л яг жинхэнээсээ ажил хэрэг болгож эхэлсэн. Уг нь бол зүгээр л хөнгөхөн маазраад тоглож байсан ч яг тэрнээс хойш “Ерөөсөө яг ингээд гоё явж байгаа дээр нь бариад авъя, аягүй бол маргааш хэдүүлээ мөрөө хөөгөөд хэдэн тийш явчихвал ахиад хэн нь ч санахгүй байх” гэж яриад үргэлжлүүлцгээсэн. Бараг л шууд утгаараа 24 цаг бичицгээсэн байх аа. Нухсаар байгаад дууныхаа голыг нь гаргаж авсныхаа дараа ахиад нэг өдөр ажиллаад дуусгасан даа.

Браин Мэй, 2002 онд
Швейцарьт Дэвидийн амьдарч байсан Монтрэод биднүүс нэг студитэй байлаа л даа. Мануустай уулзах гээд л ороод ирсэн хэрэг. Фрэддитэй хуучны танилууд. Жаал хууч хөөрцгөөж байгаад студи орж хөгжим тоглож зугаацацгаасан. Хуучин дуунуудаа тоглож байтал гэнэт нэг шинэ юм явж эхлэхээр нь “За, хэдүүлээ энийг бичүүлчихье” гэсэн. Ерөөсөө газар дээрээ огт санамсаргүй байхад л эхэлсэн юм. Бөөнөөрөө дэвсгэр хөгжмийг тус тусдаа явцгаагаад тэгээд хамт тоглосон. Тэгсэн чинь Дэвид хоолойг бичүүлэх сонин санаа гаргалаа. Мань эр угаасаа янз бүрийн юм хэдэн хэсэг цаасан дээр бичиж байгаад дээрээс нь нийлүүлээд үг зохиочихдогоороо алдартай хүн шүү дээ. Дууны үндсэн хэсгийг бичих ажилдаа ч тэгээд орцгоосон. Дэвсгэр аяыг бэлдэж дууссаны дараа Дэвид “Хэдүүлээ ингэе, тус тусдаа бичлэгийн өрөөнд орж байгаад ямархуу маягаар дуулж болох вэ гэж бодсоноороо, шууд л санаанд орсных нь зоргоор бичүүлээд, дараа нь тэрүүгээрээ найруулаад дуу хийчихье” гэсэн. Бид ч тэр ёсоор хийсэн. Анх дуулж эхэлсэн хэсгүүдээс ч бичлэгт багтсан. Фрэддигийн ббүүмбада гэж дуржигнуулдаг хэсэг анх биднүүсийн тоглож байхад байсан хэсэг л дээ, шууд л газар дээр нь тэгээд дуулчихсан. Марзан байгаа биз? Дууны үгний зарим хэсэг нь марзан байдгийн учир тэр л дээ. Бөөн холион бантан болоод ирэх үед хэн нэгэн нь удирдан чиглүүлэхгүй бол болохоо байгаад ирсэн болохоор Дэвид санаачлагаараа жолоог атгаж, дууны үгийг зохицуулаад, ямар утгатай болгохоо шийдэж билээ.

Эх сурвалж: https://genius.com/Queen-and-david-bowie-under-pressure-lyrics


Wednesday, December 11, 2019

Soul Asylum – Runaway Train

Босуулын унаа буцна гэж байхгүй
Буруу замаар ганц л чиглэлд
Хаа нэгтээг зорих ёстой ч юм шиг
Харин би тэнд нь алга, энд ч бас алга 
Босуулын унаанд ганц тасалбар авлаа
Бороонд тачигнатал хөхрөх солиот аятай
Зохицож эс чадна амьдралд, ялимгүй солиорол
Зовлон бүхнийг сөрөхөөс л ядаж амар биш үү. 
гэсэн утга бүхий үгтэй энэ дууны клип тухайн үедээ их л өвөрмөц санагддаг байж билээ. Гоцлооч Дэйв Пирнерийн зохиосон энэ дуу анх гараад л хүн болгонд таалагдсан ба дууны амжилт нь ямар клип гаргахаас бараг шууд шалтгаалаад байж.

Энэ талаар Дэйв ийнхүү өгүүлжээ.

Миний хувьд яг ингээд дууны клип жинхэнэ амьдралтай огтлолцож байгаад үнэндээ итгэмээргүй санагдаж байсан. Тухайн үед ёстой күүл санагдаж билээ, хүмүүсийг дуугаараа хөгжөөхийн хажуугаар бодит ертөнцөд эерэг нөлөө үзүүлнэ гэхээр. Иймэрхүү явдал хангалттай олон болохгүй шүү дээ. Нэг л мэдэхэд хийгдчихсэн дээ. Манай клипийг найруулсан Тони Кэй нэг өдөр “Сүүний сав, сүүний сав” гээд л үглээд байлаа. Юун тухай яриад байгааг нь асуусан чинь “Энэ сүүний саван дээр байгаа хүүхдүүд ээ. Бид тэднийг олох ёстой” гэсэн. Шууд л пөөх гэж бодогдсон. Зарим хүмүүс ерөөсөө ойлгохгүй байлаа. Тэднүүс “Энэ клипээрээ цомгоо сурталчлах ёстой юм биш үү. Тануус ямар нэгэн олон нийтийн юм уу улс төрийн зорилго сурталчлах ёсгүй шүү дээ” гэж ирээд л. Харин мануус “Тийм л дээ. Гэхдээ оролдоод үзэхэд болохгүй гэж үү?” гээд л. Хамтран ажиллагсадтайгаа хүртэл ингэж сөргөлдөж байсан даа. Яаж ийгээд л тухайн үед тогтолцооны эсрэг юм хийчихсэн. Би хувьдаа үүнийг их сайн амжилт гэж боддог.

Энэ клипийг хийхэд The Center for Missing and Exploited Children буюу Алдуул болон дарамтлуулсан хүүхдүүдэд туслах төв хэмээх байгууллагатай хамтарч ажиллаж байсан ба энэ бичлэгийн Америк хувилбарт орсон 36 хүүхдээс 26 нь олдсон байдаг байна. Энэ хувилбараас гадна Их Британи, Австрали зэрэг улсуудын хувилбарууд гарч байж.

Бүтэлтэй хэргүүдээс гадна харамсалтай хэргүүд ч гарч байжээ. Гитарчин Мөрфи нэгэн удаагийн ярилцлагад хэлснээр бол “Клипийн төгсгөл хэсэгт гарч байгаа алга болсон гэх охины аав нь эхнэртэйгээ хүүхдээ хэн нь авах талаар шүүхдэлцэж байхад хүүхэд нь гэрээсээ зугтсан гэж ярьж байсан ч сүүлд мэдэхэд эхнэр нь охиноо хөнөөгөөд, хашаандаа булчихсан байсан” гэнэ. Эвгүй эвгүй явдлууд ч олон байсан юм байна.



Ямартаа ч тухайн үедээ нэлээн шинэлэг клип хийсэн нь олон гэр бүлийг бүрэн бүтэн болгосон буянтай хамтлаг ажээ. Сүүлд Жэйми Н Коммонс, Скаилар Грэй хоёрын дуулсан шинэ хувилбараар ахиад гарсныг нь харж суухдаа энийг бичвэй.


Tuesday, December 10, 2019

Kovacs - ЧАМ ШИГ ТЭНЭГ

ЧАМ ШИГ ТЭНЭГ

Үхлүүт хаягдсан, өнөө ч амьд, олсонгүй яа чи намайг?
Өчнөөн нулимс, уйлаан майлаан, аймшигтай яа
Ирэхийг чинь тэвчин хүлээсээр, тувт гашуудсаар,
Хоосон горьдож дураар амьдрах; арилгасан юм уу, чи намайг?

Дуудах ч үгүй, тэврэх ч завгүй,
Дурлаж байсан чинь үнэн гэж үү?

Өр зүрх минь бүтэн эсэхийг мэдмээргүй байна уу?
Үг болоогүй хайрыг чинь мэдэх болов уу би, хэзээ ч юм?
Үнээн, миний нүд цэнхэр, яг л чиний гунигт сэтгэл шиг,
Чамд би таалагдах юм уу, чамайг дуурайж тэнэг аашлавал?
Чам шиг тэнэг.

Үгүйсгэж намайг мэтгээд яах вэ, дурсамжаа санаач
Үнссэнийг минь чи хэзээ ч сонсохгүй, үнэн хайраар
Ганцаар би тэмцэж сурсан, хамгаалах хэрэггүй
Гэртээ харих зам гэж надад үгүй, намайг чи арилгажээ.

Дуудах ч үгүй, тэврэх ч завгүй,
Дурлаж байсан чинь үнэн гэж үү?

Өр зүрх минь бүтэн эсэхийг мэдмээргүй байна уу?
Үг болоогүй хайрыг чинь мэдэх болов уу би, хэзээ ч юм?
Үнээн, миний нүд цэнхэр, яг л чиний гунигт сэтгэл шиг,
Чамд би таалагдах юм уу, чамайг дуурайж тэнэг аашлавал?
Чам шиг тэнэг.

Чамайг дуурайя гэвэл би, зовлон бүхнээсээ нуугдаж чадна, чам шиг
Чамтай адилхан байя гэвэл би, өмнөх шигээ л тэнэг байж чадна.

Өр зүрх минь бүтэн эсэхийг мэдмээргүй байна уу?
Үг болоогүй хайрыг чинь мэдэх болов уу би, хэзээ ч юм?
Үнээн, миний нүд цэнхэр, яг л чиний гунигт сэтгэл шиг,
Чамд би таалагдах юм уу, чамайг дуурайж тэнэг аашлавал?

Чам шиг тэнэг.
Чам шиг тэнэг.
Чиний мэддэг байсан тэнэг.
Чиний мэддэг байсан тэнэг.

Монголчилсон: Д.Цогчулуун (ЧҮНДЖ)
2019.12.10


Sunday, December 08, 2019

ТАГТАА

Бүтэн сайны үдээс хойш сонсоход тун тааламжтай дуу шүү.

Испани хэл ер нь гоё уянгалаг хэл ээ. Talk to her гээд англи үг гэхэд л Хабла кон элла гээд нээх зөөлхөн буух жишээний. Дууны нэрийг харин зүгээр "Тагтаа" болгочихлоо. Уг нь "Куккурукку тагтаа" юм.



ТАГТАА

Улсын хэлэлцэх нь уйт шөнийн уртыг
Уйлан дуулж бардаг болсон гэх
Улсын бас хэлэлцэх нь
Ууж идэхийг ч умартаж, хаясан гэх
Хүмүүс бас ярилцах нь мэгших тоолонд нь
Хурмаст тэнгэр хүртэл гашуудан чичирдэг гэх юм
Түүнийгээ бодон шаналсаар
Үхэн үхтлээ дуудсаар.

Ай яаяаяа хэмээн дуулсаар
Ай яаяаяа хэмээн хүлээсээр
Ай яаяаяа хэмээн дуулсаар
Амьсгалаан барж, үхтлээ дурлажээ.

Хөөрхий тэр тагтаа
Харуй бүрийгээс эхлэн дуулсаар
Хоосон тэр байшиндаа
Хаалга үүд нь цэлийтэл нээлттэй
Улс ярилцана, энэ тагтааг
Угаас түүний сүнс сүлд хэмээнэ
Ирэх нь өнгөрсөн гунигтай бүсгүйг
Хүлээсээр суугаа, гэж бас ярилцана

Куккуруку тагтаа минь
Куккуруку уйлахаан болиоч
Хөндий хүйтэн чулуу, тагтаа минь,
Хэзээ дурлалыг мэдрэх билээ?

Куккуруку, куккурукку
Куккуруку, куккурукку
Куккурукку, тагтаа минь уйлахаан болиоч...

Испани хэлнээс Гүүглийн орчуулах хэрэглүүр ашиглан Англи руу болгоод тэндээсээ монголчилсон Цогоо байна аа.

2019.12.08

Tuesday, December 03, 2019

Витни Хьюстон

Өнөө өглөө ирээд сонссон эхний дуу. Витни Хьюстон энэ бичлэг дээрээ их хөөрхөн харагддаг. Дуу нь ч нэг тийм аятайхан, хөнгөхөөн. Яг нэг тиймэрхүү рэгги маягийн ч гэмээр юм уу. Гэгээлэг. “Учир нь гэвэл чиний хайр минийх, миний хайр ч чинийх, үүрдийн амьдрал ч биднийг салгаж дийлэхгүй, Амистадын гинж ч биднийг барьж дийлэхгүй” гэж ирээд л.

Далимдуулаад ярихад, Амистад гэж киног үзсэн хүмүүс байгаа бол энэ үгийг учрыг мэдэх байх. Мэдэхгүй улсад товчхон хэлэхэд Амистад гэж усан онгоцоор Африкийн олзны улсыг боол болгон худалдах гэж тээвэрлэж явах замд нь нөхөд бослого гаргаад хөлгийн удирдлагыг авсан ба Америкт газардахад нь хөлгийн эзэд боолуудыг өөрсдийн өмч хэмээн буцааж авахыг завдаж бөөн шүүх цагдаа болцгоосон байдаг юм. Америкийн дээд шүүхээс тэдгээр боолуудыг хэн нэгний өмч биш эрх чөлөөт иргэж гэж шийдвэрлэсэн нь боолын дэглэмийг нураахад жинтэй хувь нэмэр оруулсан түүхэн шийдвэр байсан гэдэг билээ.

За дуугаа дагаад дуулаарай:

Чиний хайр бол минийх
Минийх ч бас чинийх
Үүрдийн амьдрал мануусыг салгаж дийлэхгүй
Амистадын гинж ч биднийг хорьж чадахгүй


Friday, November 22, 2019

Matchbox Twenty - Bright Lights

Хамаг хайр чинь яваад өгөхөөр
Хонгор минь ээ
Хожим тулах зовлонгоос минь
Хэн намайг аврах билээ.
Саатаж үлдэхэд чинь хангалттай
Сайхан зүйл олж хараач,
Хурц гэрэл чамайг минь авахгүй гэвэл
Хонгор минь бушуухан эргэ
Эргээд гэртээ ирээч

Энэ Матчбокс Түэнти бас л гоё хамтлаг шүү. Зөндөө олон гоё дуутай. Энэ дуу, Bent, If you're gone гуравт нь бол ухаангүй дуртай.


Tuesday, November 19, 2019

Үнсье, барья

Зүрхний андтайгаа "найз"-ласны 12 жилийн ой болж байгаа гэж фэйсбүүкээс сануулж байх юм. Өглөө харчихаад "Үнсье, барья" гэж бичих санаатай сууж байтал нөхөр өрсөөд мэссэнжэрээр мэнд хүргэчихлээ. Өрсүүлсэндээ шар хөдлөөд энэ постыг оруулж байна.

Өөр нэг зүрхний андтай гурвуулаа нэг удаа Зулзага явж билээ. Рэд хот чили пэппэрсийн энэ дууг сонсоод яг энэ эхлэл дээрх шиг нь л явж байхдаа их таашаалтай сонсож байснаа санагалзав. Үхтлээ инээж байснаа ч бас. Тэр аяллаас үлдсэн зургийг харж хааяа сайхан мишээдэг ээ.

Road trippin' with my two favorite allies
Fully loaded we got snacks and supplies
It's time to leave this town
It's time to steal away
Let's go get lost
Anywhere in the U.S.A.

Let's go get lost
Let's go get lost

Замд гарцгаая аа зүрхний хоёр андтайгаа
Зугаа болгох хүнс, зууш дүүрэн бэлдээстэй
Зайлъя энэ хотоос
Цаг нөхцөөе гадуур
Алга болоод өгье
Америкийн хаа ч юм

Алга болцгооё
Алга болцгооё

гэгээд л сайхан явж билээ.

Өө тийн бараг мартах шахлаа, "хайртай шүү, үнсье!"


Tuesday, October 29, 2019

УУЧЛААРАЙ ГЭХ Л ХАМГААС ХЭЦҮҮ МЭТ

Өчигдөр тохиосон ааш муутуудын өдрөөр хүн уурлуулсан хүн байгаа бол энэ дууг санал болгоё оо.

УУЧЛААРАЙ ГЭХ Л ХАМГААС ХЭЦҮҮ МЭТ

Чамаар дурлуулъя гэвэл яах ёстой вэ
Чиний анхааралд яавал би орох вэ
Аянгад ниргүүлбэл яах бол
Аяа, сэрээд хартал чи үгүй бол би яана вэ?

Чиний хүсэлд яавал би орох вэ
Чихэнд чинь яавал сонсогдох бол
Хамаг бүхэн дууссан гэвэл юугаа хэлэх вэ?
Хамгийн хэцүү юм уучлал гуйх л байна.

Уйтай юм аа, гунигтай юм
Үнэхээр гунигтай явдал аа
Улам бүр ужигран, бүдгэрсээр
Уйтай, гунигтай
Уулзаад ярилцаж болохгүй гэж үү?
Өө харуусан бодоход минь
Уучлаарай гэх л хамгаас хэцүү санагдана.


Tuesday, October 01, 2019

Kashmir - Led Zeppelin

Өө дөрвөн зүгийн салхины эцэг мину
Босгож өргөсөн дарвуулыг минь дүүргээч
Өргөн далай, цаг хугацаагаар орчсу
Биеэ нууж, араа бодолгүй, айдсаан залаад...

Oh, father of the four winds,
Fill my sails, across the sea of years
With no provision but an open face,
Along the straits of fear Ohh.

Лэд Зэппэлин, Пинк Флоид, Даир Стрэйтс (яахав сүүлийнх нь миний хувийн таашаал л даа) гээд жагсаагаад байвал энэ дэлхийн рокийн өндөр тэнгэрүүдийн суу билгийг гайхаад барахгүй юм аа. Хожуу үеийнхнийг нь ярьж ч эхлээгүй байна шүү дээ. Саяхан үзсэн Битлзийн ковэр кинон дээрх шиг үйл явдал болоод энэ хэдийг санах хүнгүй болчихвол дэлхий ямар уйтай байх бол?


Monday, August 26, 2019

Bishop Briggs - "River"

Бишоп Бриггс гэж дуучны энэ их хөөрхөн дуу юм. Саяхнаас хальт сонсож үзэв. 

Дахилт нь:

Shut your mouth, baby stand and deliver
Holy hands, oh they make me a sinner
Like a river, like a river
Shut your mouth and run me like a river

Choke this love till the veins start to shiver
One last breath till the tears start to wither
Like a river, like a river
Shut your mouth and run me like a river

Монголчилбоос:

бүү чалч, хонгор минь
босч зогсоод, болго
ариухан гараараа намайг
аяа, нүгэлтэн болгоод орхи
олныг эс өгүүлэн намайг
урсгаад орхи, яг л гол мэт

энэ дурлалыг базаж атгаад
эс ширхэгийг нь чивчиртэл боогооч
энэ нулимс эгштэл
эцсийн амьсгал сарнитал
олныг эс өгүүлэн намайг
урсгаад орхи, яг л гол мэт




Saturday, August 10, 2019

twenty one pilots - Stressed Out

Аймаар том болохоор
Айдас бүхэн ширгэнэ гэсэн
Би гэтэл гөлгөнөсөн хэвээр
Бусдын бодлыг сонссон хэвээр

Бүрзгэр царайт гэж намайг дууддаг
Бусдаас би хараат явдаг
Бүрзгэр царайт гэж намайг дууддаг
Бусдаас би хараат явдаг

Ухрааж болдогсон ч болоосой цагийг
Эртний сайхан үе руу буцаагаад
Унттал минь ээж дуу аялаад л
Бухимдаад сууж байна гэтэл би ингээд


Thursday, August 08, 2019

The Wallflowers - One Headlight

Дуртай дуунуудынхаа нэгийнх нь гоё бадгийг монголчлох гэж оролдов. Сайхан дуу шүү.

Хөгцөрч муудсан энэ газар
Хэмхэрч бутарсан хуучин тэрэг шиг
Хөдөлгөж асаах юу ч үгүй
Хямд дарс, тамхи ханхлуулсан
Хөсрийн энэ газар үргэлж л хөглөрүү
Хааяа шатаачихмаар ч юм шиг санагдаад.
Цаг үргэлж ганцаардсаар, би,
Би биш ч юм шиг
Өөрчлөгдөж гавьсан юм үгүй ч
Өмнөхөөсөө тэс ондоо, би.
Үрэгдэн буй хүсэл мөрөөдлийн
Хана хэрэм дунд хаа нэгтээ
Үхлийн тухай би бодно
Хороож барна, намайг.

Хөөе, хөөе, хөөе
Жаахан ч атугай оролдоод үзээч
Үүрдийн юм гэж үгүй сэн
Дутуу гацуугаас дээр юм
Хаа нэгтээ байж л таараа
Үнсгэлжин бид хоёр хамтдаа
Баглаж бүгдийг нь нийлүүлээд
Гэрээ зориод явна
Ганц гэрлээ асаагаад.


Saturday, July 27, 2019

Rag'n'Bone Man - Skin

Ер нь л сонсох бүр улам дотогшилдог сайхан дуу юм аа.

Тэр чимээг сонсох үед
Туурга хана нурж эхлэхэд
Чамайг би бодож байлаа
Чиний тухай

Хөдөрсөн арьс минь хөгширч
Хөрсөн амьсгал минь гүйцэх цагт
Чамайг л би бодох болно
Чиний тухай


Monday, July 01, 2019

ТАВТАЙ НОЙРСООРОЙ, САР АА

Хаалганд хадаас
Хаяанд шил
Шалаар тараасан
Шовх зүү, бас
Асаалттай зурагт
Би чиний эзгүйд
Буу агсан унтдаг.
Орны дэргэд ирт мэс
Атгасан гарт минь харилцуур утас
Шалан дээр нохойгоо хэвтүүлж
Тавиур дээр мөнгө зэхээстэй.
Цор ганцаар ахуйд зүүд хүртэл ирэхгүй
Зовж байна би, тэвчих арга алга.

Яалтай ч билээ би, ердөө л жаахан охин
Яах билээ, гэрэл бөхөж харанхуй нөмрөхөд,
Гэнэт сэвших салхи, гиншиж эхлэв үү
Гэр лүү минь дагасан тэр хүн гадаа ирэв үү.

Сар минь, амгалан нойрсооч,
Нарыг би одоо хүснэм
Яг өдийд л мандахгүй бол
Яалт ч үгүй би өнгөрчээ.
Сарыг бушуухан эс үдвээс
Саатах юмгүй цаг минь дуусаа.

Усан санд аварга загас
Урдах модонд чөтгөр шуламс
Гаж донтой хөршийн өвгөн
Ганихарч намайг байнга ажина.
Хөлийн чимээ хонгилд дугарах шиг
Орны хөндийд юу ч юм байх шиг
Гадаах бут руу гүйгээд орчихов уу
Цонхны цаадах тавцан дээр
Цомцойгоод сууж байна том хар хэрээ
Ханын цаанаас хэн нэгний
Хумсаараа маажих зэвүүн чимээ

Яалтай ч билээ би, ердөө л жаахан охин
Яах билээ, гэрэл бөхөж харанхуй нөмрөхөд,
Гэнэт сэвших салхи, гиншиж эхлэв үү
Гэр лүү минь дагасан тэр хүн гадаа ирэв үү.

Сар минь, амгалан нойрсооч,
Нарыг би одоо хүснэм
Яг өдийд л мандахгүй бол
Яалт ч үгүй би өнгөрчээ.
Сарыг бушуухан эс үдвээс
Саатах юмгүй цаг минь дуусаа.

Тэртээ дээр гарсан чи минь
Танхил намайгаа яаж аврах вэ?
Тийшээ намайг аваачхаар
Түнэр харанхуй айсуй
Хомхой амаа ангайсаар
Ор луу минь зүтгэж
Нүүрийг минь үнсэвч
Гарыг минь иднэ.

Яалтай ч билээ би, ердөө л жаахан охин
Яах билээ, гэрэл бөхөж харанхуй нөмрөхөд,
Гэнэт сэвших салхи, гиншиж эхлэв үү
Гэр лүү минь дагасан тэр хүн гадаа ирэв үү.

Сар минь, амгалан нойрсооч,
Нарыг би одоо хүснэм
Яг өдийд л мандахгүй бол
Яалт ч үгүй би өнгөрчээ.
Сарыг бушуухан эс үдвээс
Саатах юмгүй цаг минь дуусаа.

Сарыг бушуухан эс үдвээс
Саатах юмгүй цаг минь дуусаа.
Сарыг бушуухан эс үдвээс
Саатах юмгүй цаг минь дуусаа.


Wednesday, June 19, 2019

ӨРӨӨСӨН НҮДТЭЙ ТАХИА

Багадаа "Лалар хэрээ" гэж үлгэр уншиж байсан л биз дээ? Ганц нүдтэй гэсэн үг юм гэсэн. Би боддог юм энэ тухай. Өрөөсөн нүдтэй юм болов уу эсвэл угаасаа циклоп шиг магнайдаа ганц нүдтэйг хэлдэг юм болов уу?

ӨРӨӨСӨН НҮДТЭЙ ТАХИА 

Эцэг минь, эгч ахан дүүс минь
Эвлэлдээд олуул наарыч.
Галзуурч эмоороод хэрэг алга
Гиюүрлээс минь намайг аврыт.
Гал байна, ус байна
Алийг нь дагахаа ч мэдэх юм алга
Хайрлаж энэрэх үү, харзнаж суух уу
Хэрхэхээ ч мэдэж байгаа юм алга.

Наарыч, намайг тэврээч
Наарыч, гараас хазаад окыч.

Би яг л өрөөсөн нүдтэй тахиа, эсвэл хоёрхон хөлтэй нохой шиг
Галын өрөөнд тархиа агшааж бас зүлгэн дээр сарих нохой шиг.
Аавын гэрт дагуулж орох хүүхэн би лав биш
Аяа чөтгөрийн шаналлыг тэнгэр бурхан л ойлгоно биш үү
Хэний ч төлөө өөрчлөгдөж би чадахгүй ээ.



"One Eyed Chicken"

Oh Father come together
My sisters and all my brothers
Apathy getting crazy
Help me understand
There's water there fire
Which one should I aspire
Compassion or reaction
What will command

Reach out and hold me
Reach out and bite my hand

I'm like a one-eyed chicken and a two-legged dog
Shrinking heads in the kitchen then I piss on the lawn
I'm not the kind of woman that you want to take home
Only heaven knows a devils pain
I just can't change

Thursday, June 13, 2019

James Brown - Try me

Надад итгээч, итгээч надад
Хонгор минь хэлээч надад
Чи л хэрэгтэй байна гээд
Надад итгээч, итгээч дээ надад

Үнэн хайраар үргэлж бялхаана
Аяа аа, чи л хэрэгтэй байна.
 Тэврээч намайг, намайг тэврээч
Нөмөрт минь, дэргэд минь байгаач
Намайг тэврээч, намайг тэврээч
Нуугдах хэрэг үгүй, хайрт минь,
Аяа аа, чи л хэрэгтэй байна

Аяа аа, чи минь л хэрэгтэй байна
Алхаач, надтай хамт, яриач надад
Амирлуулаач зүрхний минь гунигийг үргээж
Алхаач, надтай хамт, яриач надад
Зөвхөн чиний минь хайр л
Зүрх сэтгэлийг минь үхлээс аварна.
Аяа аа, чи минь л хэрэгтэй байна


Saturday, May 04, 2019

НЭГЭН ХӨВГҮҮНИЙ ТУХАЙ

Ер нь кино бүрээс хамгийн таалагдсан хэсэг гэж байдаг. Миний хувьд энэ “НЭГЭН ХӨВГҮҮНИЙ ТУХАЙ” гээд кинотой анх арван хэдэн жилийн өмнө танилцсанаас хойш жилдээ ядаж нэг үзчихээд байдаг болсон юм. Энэ киноны хамгийн их таалагдсан хэсэг нь ерөнхийдөө энэ үзэгдэл байх. Гоё хэсэг ихтэй л дээ. Харилцан яриа энэ тэр гээд ер нь күүл кино.


Бичлэг дээрх үзэгдэл бол Маркус гээд хөвгүүн ээжийгээ баярлуулах гэж сургуулийн концертод дуулж байгаа хэсэг юм. Ээж нь нөхөртөө хаягдаж хүүтэйгээ үлдсэнээсээ хойш сэтгэл санаа тогтворгүй болж улмаар амиа хорлох оролдлого хийж байсан. Амиа хорлох оролдлого бүтэлгүйтэж сэтгэл санаа нь арай дээрдсэн хэдий ч сүүлийн үед өглөөгүүр гэнэтхэн уйлаад эхэлсэн нь хүүгийн сэтгэлийг түгшээд, нэгэнтээ ээжийнх нь хэлсэн “Чамайг дуулахаар миний сэтгэл цэлмэх юм” гэж хэлсэн үгийг санаж концертод дуулахаар шийддэг. Энэ шийдвэрээ найз Виллдээ хэлэхэд “Бүтэхгүй санаа. Олон нийтийн өмнө өөрийгөө алж байгаа хэрэг болно” гэж хэлсэн боловч Маркус нэгэнт шийдсэн байв.

Маркусын найз Вилл бол гуч гаран насны эрх чөлөөт иргэн. Аавынх нь эрт галавт зохиосон дууны зохиогчийн эрхийн татварыг хүртдэгийнхээ буянаар ямар ч ажил хийхгүй амьдардаг түүний амьдрал юу ч үгүй хоосон. Вилл ч амьдралдаа сэтгэл хангалуун. Хүүхнүүдтэй зугаацаж байгаад харьцаа нь яг ноцтой болох гээд ирэхийн алдад бушуухан салж сэтгэл амардаг байсан ч уулзаж байсан нэг бүсгүй нь түүнээс өрсөж харьцаагаа цэглэсэн удаатай. Яагаад гэдгийг нь ганц бие эх байснаас болов гэж ойлгосон Вилл тэрнээс хойш ганц бие бүсгүйчүүдтэй явж байхаар шийдэж нэг эмэгтэйг товлосон нь мөнөөх Маркусын ээжтэй найз байж таардаг.

Уг нь анх уулзахдаа нэг нэгэндээ тэгтлээ таалагдаагүй ч яаж ийгээд найзууд болчихдог. Яаж яваад найз болсныг ярьчихвал киног үзэх гэж бодсон улсад сонирхолгүй болчих байх тиймээс зүгээр л энэ үзэгдэл яагаад надад таалагддаг тухай ярья. Дээр хэлсэнчлэн Вилл энэ шийдвэрийг Маркусын хувьд амиа хорлосон хэрэг болно гэж үздэгийн учир нь нөхөр өөрөө хүмүүст нээлттэй байх дургүй. Магадгүй бага залуудаа Маркус шиг нөхөр байсан ч байж болох. Гашуун туршлагаасаа болоод өөрийнхөө амьдралд хэнийг ч оруулах дургүй, зүгээр л санаа зовох зүйлгүй амьдралын өнгөн хэсгийг илбээд өнгөрөхийг илүүд үзэж байсан болов уу гэж бодогддог юм. Маркуст өөрөө найр тавиагүй ч нөгөөх нь түүний амьдралд дайрч орж ирээд өөрийн гэсэн байр суурь эзлээд авчихсаныг явцын дунд ойлгодог.

Маркусыг болзошгүй ичгүүрээс гаргах гэж энд ингээд ирсэн боловч нөгөөх нь шийдвэртээ үнэнч. Яг л Виллийн бодож байсан шиг Маркусын үзүүлбэр харсаар байтал гамшиг болон хувирч байхад Вилл түүнийг аварч орж ирдэг. Гэхдээ үнэндээ Вилл өөрийгөө аварч байгаа хэрэг юм. Маркуст туслах гэсэндээ өөрийнхөө айдсыг давж гарч ирж байгааг нь хараад үзэгчдийн дунд сууж байсан дурлалт бүсгүйн сэтгэл хөдөлж байгаа нь Вилл түүний бодсон шиг хоосон хүн биш байжээ гэдгийг ухаарсных байх. Виллийн хувьд хэдий танихгүй ч энэ олон хүний өмнө гарч дуулна гэдэг бол түүний хувьд ерөөсөө хүмүүсийн бодол чухал биш болж өөрийн гэсэн үнэт зүйл буюу Маркусын нөхөрлөл хэр үнэтэй болсныг харуулж байгаа хэрэг.

Гэтэл үзүүлбэрийн дундаас эхлээд өөр зүйл харагдаж эхэлдэг. Маркус дуугаа дуусгачихаад байхад Вилл үргэлжлүүлсээр байдаг хэсэг л дээ.
He sang as if he knew me in all my dark despair
And then he looked right through me as if I wasn't there
Монголчилбол:
Бухимдаж цөхөрсөн намайг
Бүрэн гүйцэт мэдэх ч юм шиг
Дуугаан үргэлжлүүлж дуулсаар
Нэвт харна, намайг байхгүй мэт
гэж дуулдаг хэсэг дээр бол яахын аргагүй өөрийнхөө тухай дуулдаг. Нүдээ аниж байгаад л... Удаан хугацаанд бариад, түгжчихсэн байсан сэтгэл нь сагаж халгихдаа ийнхүү тайзан дээр нүдээ анин дуундаа автахад хүргэлээ дээ гэж би боддог юм. Заримдаа зүгээр л сайхан дуулаад өөрийгөө чөлөөлчихмөөр санагддаг шүү дээ.
Өө-өө-өө-лаалааалаа ...
Харин аз болоход тайзны ард зогсож байсан хүү бөмбөг шидэж авардаг.

So, there I was, killing them softly with my song... Or rather, being killed, and not that softly either... (Ингээд би байж байлаа, дуугаараа тэднийг зөөлхөн алаад... үнэндээ алуулаад, бас тийм ч зөөлөн биш) гэдэг хэсэг дээр дандаа инээд хүрдэг. Ямар ч хамаагүй кинон дээр үе үе ингээд үгээр наадаж байгаа хэсгүүдийг харахаар их таатай байдаг юм.

Үзээд суухад үнэхээр сайхан кино. Хөнгөн чанарын кино л доо. Гэхдээ үзээд дуусахад нэг тийм сайхан мэдрэмж төрүүлдэг. Эр хүн бүр өөрийн гэсэн арал дээр амьдардаг. Вилл энэ үгээр өөрийгөө тодорхойлдог ч арал дээр байлаа гээд бусдаас өөрийгөө тусгаарлах албагүй юм гэдгийг ойлгоод кино дуусдаг. Үнэндээ киноны нэрэнд буй НЭГЭН ХӨВГҮҮН нь Маркус биш Вилл юм.

Хью Грантын олон дүрүүдээс энэ дүр л миний хамгийн дуртай дүр байх. Бас Маркуст тоглосон Николас Холтыг одоо ингээд гайгүй том жүжигчин болж байгааг харах их таатай санагддаг. Яагаад ч юм хар багаас нь мэддэг хамаатны хүүхэд сайн явж байгааг хараад өмнөөс нь баярлах шиг мэдрэмж төрдөг гэх үү дээ.

Thursday, April 25, 2019

АДЬЯА МИНЬ ДЭЭ

"Адьяа минь ээ" гэж Махлагхан Сараа маань дуулж билээ. Хорвоогийн олон Адьяа нарт зориулъя аа.

АДЬЯА МИНЬ ДЭЭ

Адьяа минь ээ, чамайгаа би алдлаа
Адьяа минь ээ, би буруутай.
болгох гэж чадлаараа хичээснийг минь эс мэднэ үү?
өөрийнхөөрөө чамайг хайрлах гэснийг минь,
амар байсан даа, орхиод одоход...

Адьяа минь ээ, хаяад явснаас чинь хойш хөндий оргиод
амьдрал хэвийн үргэлжлүүлэх хэцүү юм
үргэлж л өөрийгөө болон бусдыг ажаад
буруутсан зүйлээ байнга л эрэх юм.

чичлээд заах хүн ч үлдсэнгүй
чиний буруу гэж хэнийгээ ч хэлэх вэ
уужиртал ярилцах хүн ч алга
угаас бидний гэмгүйг итгэх ч хүн алга

бидэн бүгд гэм үгүй мэндэлдэг
бүү эргэлз, Адьяа минь, бид гэмгүй хэвээрээ
бүгд л бүдэрдэг шүү дээ, ядах юмгүй
тэглээ гээд яах билээ?


Wednesday, April 24, 2019

ЧУЛУУН ШИЛТГЭЭНИЙ ЖЕННИ

"Хаан сэнтийний тоглоом" цувралын төгсгөлийн бүлгийн 2 дугаар анги дээр том юут Подрикийн дуулсан "Jenny of Oldstones" хэмээх дууны үгийг нөхөдтэйгээ хамтран монголчлов. Дууг Флоренс үнэхээр сайхан дуулж, клипний зураг гэж гайхамшигтай. Кино бүтээгчид олон сая фэнүүддээ энэ ангиар баяртай гэж хэлэх шиг боллоо. Сүүлийн анги хүртэл өч төчнөөн зүрх шархалж хоцрох учраас салах ёсыг эртхэн хийлгэж сэтгэл зүрхийг амрааюу гэсэн байх.



Халин одсон хаадын их танхимд
Ханьсаж Женни бүжнэ, сүнснүүдтэйгээ
Хаяад одсон, хайгаад олсон, бас
Хамгаас илүү хайрлаж асан тэдэнтэйгээ

Эрт цагт нөгчиж, тэнгэрт халин одоод,
Эдүгээ суу нь бүдгэрч, түүнд мартагдсан ч,
Чийг даасан хуучин чулуун танхимд
Чин зүрхний нь гуниг үргээн тойрон бүжнэ ээ.

Орхин одохыг бүсгүй хүсээгүйсэн, огтхон ч хүсээгүй,
Орхиж явахыг бүсгүй хүсээгүй, огтхон ч хүсээгүй ээ

Өдрийн турш, үдшийн бүрий хүртэл тэд бүжив.
Өргөн танхимд хүүгэх өлөн цаст шөнөөр ч бүжив.
Өвөл зун солигдож, ахиад л өвөл эгэх хүртэл
Өндөр хана хагарч, үйрэн унах хүртэл, тэд бүжив.

Орхин одохыг бүсгүй хүсээгүйсэн, огтхон ч хүсээгүй,
Орхиж явахыг бүсгүй хүсээгүй, огтхон ч хүсээгүй ээ
Орхин одохыг бүсгүй хүсээгүйсэн, огтхон ч хүсээгүй,
Орхиж явахыг бүсгүй хүсээгүй, огтхон ч хүсээгүй ээ

Халин одсон хаадын их танхимд
Ханьсаж Женни бүжнэ, сүнснүүдтэйгээ
Хаяад одсон, хайгаад олсон, бас
Хамгаас илүү хайрлаж асан тэдэнтэйгээ

2019.04.24
ЧҮНДЖ-ийнхэн хамтран сууж эх хэлнээ буулгав.

Хаантан
ДоЯам
Цогоо

Friday, April 19, 2019

ШУВУУХАЙ

Виктор Цойгийн "Кукушка" Полина Гагаринагийн дуулснаар



ШУВУУХАЙ

Бичигдэж хараахан амжаагүй дуу хэд билээ?
Хэлж өгөөч, шувуухай минь, дуулаач.

Хот хүрээнд амьдрах уу, аль эсвэл хөдөө гарах уу,
Чулуун шалан дээр зулах уу, аль эсвэл одот тэнгэрийг ширтэх үү?
Оддыг.

Нар минь, над руу хараач,
Алгаан атгаж нударга зангидав,
Дарьтай бол та, гал өрдөөч.
Яг ингээд...

Хүнгүй ганц жимээр хэн замнах билээ?
Хөнөөлт дайны талбарт хүчтэй бөгөөд зоригтой нь эрсдэж,
Хөлчүү ухаан саруулжиж, гар чангарахын алдад
Хэдхэн цөөхөн нь л гэгээн дурсамжид торойх юм даа.

Нар минь, над руу хараач,
Алгаан атгаж нударга зангидав,
Дарьтай бол та, гал өрдөөч.
Яг ингээд...

Дүүлэн нисэх эрх чөлөө минь хаана явна вэ?
Жаргах нарны зөөлөн туяаг
Хэнийхээ дэргэд угтаж явна вэ?
Хариулаач.

Чамтай байхад сайхан, үгүйд чинь гундуу,
Мөр болоод толгой ташуурын дор гудайна, тэвчээртэйеэ,
Ташуурын дор.

Жаахан тиймхэн л боллоо. Гэхдээ яах вэ ингэсгээд л Монголчлоод тавьчихъя. Цойгийн эх хувилбар нь гоё л доо. Гэхдээ Полинагийн энэ бас их аятайхан санагдаад байдаг юм.