Saturday, May 04, 2019

НЭГЭН ХӨВГҮҮНИЙ ТУХАЙ

Ер нь кино бүрээс хамгийн таалагдсан хэсэг гэж байдаг. Миний хувьд энэ “НЭГЭН ХӨВГҮҮНИЙ ТУХАЙ” гээд кинотой анх арван хэдэн жилийн өмнө танилцсанаас хойш жилдээ ядаж нэг үзчихээд байдаг болсон юм. Энэ киноны хамгийн их таалагдсан хэсэг нь ерөнхийдөө энэ үзэгдэл байх. Гоё хэсэг ихтэй л дээ. Харилцан яриа энэ тэр гээд ер нь күүл кино.


Бичлэг дээрх үзэгдэл бол Маркус гээд хөвгүүн ээжийгээ баярлуулах гэж сургуулийн концертод дуулж байгаа хэсэг юм. Ээж нь нөхөртөө хаягдаж хүүтэйгээ үлдсэнээсээ хойш сэтгэл санаа тогтворгүй болж улмаар амиа хорлох оролдлого хийж байсан. Амиа хорлох оролдлого бүтэлгүйтэж сэтгэл санаа нь арай дээрдсэн хэдий ч сүүлийн үед өглөөгүүр гэнэтхэн уйлаад эхэлсэн нь хүүгийн сэтгэлийг түгшээд, нэгэнтээ ээжийнх нь хэлсэн “Чамайг дуулахаар миний сэтгэл цэлмэх юм” гэж хэлсэн үгийг санаж концертод дуулахаар шийддэг. Энэ шийдвэрээ найз Виллдээ хэлэхэд “Бүтэхгүй санаа. Олон нийтийн өмнө өөрийгөө алж байгаа хэрэг болно” гэж хэлсэн боловч Маркус нэгэнт шийдсэн байв.

Маркусын найз Вилл бол гуч гаран насны эрх чөлөөт иргэн. Аавынх нь эрт галавт зохиосон дууны зохиогчийн эрхийн татварыг хүртдэгийнхээ буянаар ямар ч ажил хийхгүй амьдардаг түүний амьдрал юу ч үгүй хоосон. Вилл ч амьдралдаа сэтгэл хангалуун. Хүүхнүүдтэй зугаацаж байгаад харьцаа нь яг ноцтой болох гээд ирэхийн алдад бушуухан салж сэтгэл амардаг байсан ч уулзаж байсан нэг бүсгүй нь түүнээс өрсөж харьцаагаа цэглэсэн удаатай. Яагаад гэдгийг нь ганц бие эх байснаас болов гэж ойлгосон Вилл тэрнээс хойш ганц бие бүсгүйчүүдтэй явж байхаар шийдэж нэг эмэгтэйг товлосон нь мөнөөх Маркусын ээжтэй найз байж таардаг.

Уг нь анх уулзахдаа нэг нэгэндээ тэгтлээ таалагдаагүй ч яаж ийгээд найзууд болчихдог. Яаж яваад найз болсныг ярьчихвал киног үзэх гэж бодсон улсад сонирхолгүй болчих байх тиймээс зүгээр л энэ үзэгдэл яагаад надад таалагддаг тухай ярья. Дээр хэлсэнчлэн Вилл энэ шийдвэрийг Маркусын хувьд амиа хорлосон хэрэг болно гэж үздэгийн учир нь нөхөр өөрөө хүмүүст нээлттэй байх дургүй. Магадгүй бага залуудаа Маркус шиг нөхөр байсан ч байж болох. Гашуун туршлагаасаа болоод өөрийнхөө амьдралд хэнийг ч оруулах дургүй, зүгээр л санаа зовох зүйлгүй амьдралын өнгөн хэсгийг илбээд өнгөрөхийг илүүд үзэж байсан болов уу гэж бодогддог юм. Маркуст өөрөө найр тавиагүй ч нөгөөх нь түүний амьдралд дайрч орж ирээд өөрийн гэсэн байр суурь эзлээд авчихсаныг явцын дунд ойлгодог.

Маркусыг болзошгүй ичгүүрээс гаргах гэж энд ингээд ирсэн боловч нөгөөх нь шийдвэртээ үнэнч. Яг л Виллийн бодож байсан шиг Маркусын үзүүлбэр харсаар байтал гамшиг болон хувирч байхад Вилл түүнийг аварч орж ирдэг. Гэхдээ үнэндээ Вилл өөрийгөө аварч байгаа хэрэг юм. Маркуст туслах гэсэндээ өөрийнхөө айдсыг давж гарч ирж байгааг нь хараад үзэгчдийн дунд сууж байсан дурлалт бүсгүйн сэтгэл хөдөлж байгаа нь Вилл түүний бодсон шиг хоосон хүн биш байжээ гэдгийг ухаарсных байх. Виллийн хувьд хэдий танихгүй ч энэ олон хүний өмнө гарч дуулна гэдэг бол түүний хувьд ерөөсөө хүмүүсийн бодол чухал биш болж өөрийн гэсэн үнэт зүйл буюу Маркусын нөхөрлөл хэр үнэтэй болсныг харуулж байгаа хэрэг.

Гэтэл үзүүлбэрийн дундаас эхлээд өөр зүйл харагдаж эхэлдэг. Маркус дуугаа дуусгачихаад байхад Вилл үргэлжлүүлсээр байдаг хэсэг л дээ.
He sang as if he knew me in all my dark despair
And then he looked right through me as if I wasn't there
Монголчилбол:
Бухимдаж цөхөрсөн намайг
Бүрэн гүйцэт мэдэх ч юм шиг
Дуугаан үргэлжлүүлж дуулсаар
Нэвт харна, намайг байхгүй мэт
гэж дуулдаг хэсэг дээр бол яахын аргагүй өөрийнхөө тухай дуулдаг. Нүдээ аниж байгаад л... Удаан хугацаанд бариад, түгжчихсэн байсан сэтгэл нь сагаж халгихдаа ийнхүү тайзан дээр нүдээ анин дуундаа автахад хүргэлээ дээ гэж би боддог юм. Заримдаа зүгээр л сайхан дуулаад өөрийгөө чөлөөлчихмөөр санагддаг шүү дээ.
Өө-өө-өө-лаалааалаа ...
Харин аз болоход тайзны ард зогсож байсан хүү бөмбөг шидэж авардаг.

So, there I was, killing them softly with my song... Or rather, being killed, and not that softly either... (Ингээд би байж байлаа, дуугаараа тэднийг зөөлхөн алаад... үнэндээ алуулаад, бас тийм ч зөөлөн биш) гэдэг хэсэг дээр дандаа инээд хүрдэг. Ямар ч хамаагүй кинон дээр үе үе ингээд үгээр наадаж байгаа хэсгүүдийг харахаар их таатай байдаг юм.

Үзээд суухад үнэхээр сайхан кино. Хөнгөн чанарын кино л доо. Гэхдээ үзээд дуусахад нэг тийм сайхан мэдрэмж төрүүлдэг. Эр хүн бүр өөрийн гэсэн арал дээр амьдардаг. Вилл энэ үгээр өөрийгөө тодорхойлдог ч арал дээр байлаа гээд бусдаас өөрийгөө тусгаарлах албагүй юм гэдгийг ойлгоод кино дуусдаг. Үнэндээ киноны нэрэнд буй НЭГЭН ХӨВГҮҮН нь Маркус биш Вилл юм.

Хью Грантын олон дүрүүдээс энэ дүр л миний хамгийн дуртай дүр байх. Бас Маркуст тоглосон Николас Холтыг одоо ингээд гайгүй том жүжигчин болж байгааг харах их таатай санагддаг. Яагаад ч юм хар багаас нь мэддэг хамаатны хүүхэд сайн явж байгааг хараад өмнөөс нь баярлах шиг мэдрэмж төрдөг гэх үү дээ.

No comments: