Thursday, May 02, 2019

Greta Thunberg

16 настай Швед охин хоолой чичрүүлэн байж ЕХ-ны удирлагуудад цаг уурын өөрчлөлтийн тухай, биологийн маш олон төрөл зүйл өдөр бүр бүрмөсөн устаж үгүй болж байгаа тухай илтгэл тавьжээ. Өнөөгийн удирдагчдын босгож чадахгүй байгаа, босгохыг хүсэхгүй байгаа тэр ирээдүйд амьдрах хүний хувьд дуу хоолойгоо ингэж хүргэж явж байна шүү дээ.

Ялангуяа "To do your best is no longer good enough. We must all do the seemingly impossible." (Чадлаараа хичээхэд болчих байсан үе өнгөрсөн. Одоо бид бүтэх боломжгүй мэт зүйлийг бүтээх ёстой) гэж хэлсэн нь орой руу орох шиг болов.

Ойрмогхон НҮБ-ийн бил үү хаанахын билээ "Цаг уурын өөрчлөлт"-ийн тухай тайланг харсан. Дэлхийн бүх улсууд тэр асуудал дээр ач холбогдол өгөөд цаг уурын өөрчлөлтөд нөлөөлөхүйц хүчин зүйлүүдээ хянаад яваад байвал болохоор гэж хэлэгдэж байсан түвшинг аль эрт давж гараад одоо бол ерөөсөө сүйрлийн зам руу орсон байна гэж ойлгосон. Зарим улсууд байгаль хамгаалах, ногоон эдийн засаг гэх мэт зүйлсийг маш амжилттай хэрэгжүүлж, үлгэр жишээ болж байгаа ч үнэхээр бусад нь хичээхгүй байхад ганцаардаж байна.

Манай Монголд цаг уурын өөрчлөлт, хүлэмжийн хий, ногоон эдийн засаг гэж ярих нь битгий хэл зүгээр л байгаль хамгаалах тухай ярьж байгаа газар ч огт алга. Байгаль орчин гэж ярихаараа уул уурхайн компанитай тэмцэнэ гэх. Уул уурхайн компаниас цаана өч төчнөөн асуудал байна шүү дээ. Цөлжилт, хөрсний, агаарын, усны бохирдлууд, цэнгэг усны хомсдол, тоос шороо, шимт хөрс гээд бичээд байвал барагдахгүй. БНХАУ-ынхан аль эртнээс элсэн цөлүүдээ ургамалжуулах "Хятадын ногоон хэрэм" гэж хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд одоо үр дүн нь эхнээсээ гарч байна гэж өчигдөр интернэтээс харсан. Толгойтой газар яасан сайхан юм бэ.

Ерөнхийлөгч Элбэгдорж нэг удаа "Ногоон хэрэм" гэж яриадахсан юм. Их дээр үед л дээ. Одоогийн улс төрийнхний тооллоор бол бараг гэрлийн жилийн тэртээ байх. Ээлжит нэгэн хошгоруулалт байсан болж таарах шиг боллоо. Өөрөөр бол манайд юу ч алга. Зуун модны тэнд гадаадын иргэн өөрийн хөрөнгөөр өч төчнөөн мод суулгаад ойжуулаад өгснийг нь элсний карьер хийх гээд лиценз авчихсан, шүүхдэлцээд явж байгаа. Туулын шугуй гэж бидний үеийнхний дурсамжид л үлдэх янзтай, энэ эрчээрээ бол.

Энэ охины хэлсэнчлэн "орон гэр минь салж унаж байх үед орон гэрээ авч үлдэхийн тулд тодорхой хэмжээнд сандрах ёстой" байна аа. Хүмүүс ээ, энэ талаар бүгдээрээ ярьцгаая л даа.


No comments: