Saturday, April 27, 2019

АУГАА ДАРАНГУЙЛАГЧИЙН МОНОЛОГ

Орчуулагчийн өмнөтгөл: Дэлхийн хошин урлагийн эцэг байх гэж миний бодож явдаг Чарлз Спенсер Чаплины "Аугаа дарангуйлагч" хэмээх кинон дээр гардаг энэхүү суут илтгэлийг анх сонсоод л хэзээ нэгэн цагт Монгол хэл рүүгээ орчуулахсан гэж мөрөөдөж эхэлсэн билээ. Үнэхээр хэдийд ч хэлсэн үнэнд нийцэх цагийг эзэлсэн энэхүү үгийг байнга санаж, сэрж явууштай. Түүх болоод үлдчихгүй ингээд хэзээд үнэн байгаад байдаг нь гунигтай юм шүү.



Намайг өршөөгөөрэй, би эзэн хаан болж чадашгүй нь. Миний хийх хэрэг биш. Би хэнийг ч захирч, булаан эзлэхийг хүсэхгүй байна. Харин ч болж өгвөл хүн бүрт тусалмаар байна. Жүүдүүдэд ч, бусдад нь ч, хар хүмүүст, бас цагаан хүмүүст. Хүмүүс бид бүгд нэг нэгэндээ туслах дуртай, хүн чанар нь угаас тийм. Нэг нэгнийхээ аз жаргалыг мэдэрч амьдрахыг хүсдэг. Нэгнийхээ гуниг гутралыг идэж биш. Нэгнээ үзэн ядаж, хорсож амьдрахыг бид хүсдэггүй. Дэлхий ертөнц дээр хүн бүрт орон зай бий, сайхан Дэлхий минь хүн бүрийг тэтгэх хангалттай нөөцтэй.

Амьдралын зам эрх чөлөөтэй, сайхан байж болно, гэвч бид тэр замаа алджээ. Шунал тачаал хүмүүсийн сэтгэлийг хордуулж, хорвоог хорслоор дүүргэж, биднийг уй гашуу, цусан далайд галуун цуваагаар хөтөлжээ. Бид хурдан явахыг сурсан ч өөрсдийгөө түгжиж орхиж. Буй бүхнийг минь олж өгөх машин техник маань биднийг улам бэлэнчлэнгэ болгож. Мэдлэг их хуримтлуулсан ч юм бүхнийг шүүмжлэх болж. Ухаан суусан ч уцаар бас ихдэж. Хэт их бодсоор мэдрэмж буурч. Машин техникээс илүү хүн чанар үгүйлэгдэнэ. Ухаалаг байхаас илүү сайхан сэтгэл, өрөвч занг үгүйлнэ. Эдгээр зан үгүй бол амьдрал харгис болж, бүх зүйл алдагдана.

Нисэх онгоц, радио холбоо биднийг улам ойртуулсан. Эдгээр бүтээлүүдийн оршин буй нь хүмүүн төрөлхтөнд сайн сайхныг урин дуудна биш үү, бүгд ахан дүүс байж, нэгэн цул байхыг уриална биш үү. Одоо л гэхэд миний дуу хоолой хорвоогийн хэдэн сая хүний сонорт хүрч байна. Цөхөрч ядарсан хэдэн сая эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд. Гэмгүй нэгнээ тамлан зовоож, хорьж цагддаг тогтолцооны хэлмэгдэгсдийн сонорт. Намайг сонсож буй улсад хэлэх үг минь “БҮҮ ШАНТАР”. Бидний дээгүүр нүүгэлтэн буй энэ их уй гашуу бол дайран өнгөрөх шунал тачаалын нүүдэл төдий болой. Хүмүүн төрөлхтөний өсөн дэвшихээс эмээсэн улсын тэчьядсан атаархал төдий. Үзэн ядалт, хорсол бүхэн цагийн эрхээр урсан одож, дарангуйлан захирагч бүхэн үхэж далдрахад хүмүүсээс булаасан эрх мэдэл эргээд хүмүүстээ шилжих болно. Мөхөх тавилан хүмүүст байсаар байгаа цагт эрх чөлөө хэзээ ч үл устана.

Цэргүүд ээ, эдгээр зэрлэгүүдэд бүү бууж өг, та нарыг үзэн яддаг тэр хүмүүст, та нарыг боолчлон захирдаг, амь амьдралыг чинь дураар чиглүүлдэг, хийх зүйлийг чинь тушаадаг, юу бодож юу мэдрэхийг чинь цагдан хорьдог тэдгээр хүмүүст бууж өгч болохгүй. Цэрэглэн барьж, идэх уухыг чинь хориглон, хонь мал мэт үзэж, хорон сум мэт ашиглаж байгаа хүмүүс. Эдгээр хуурмаг хүмүүст битгий бууж өг, хуурмаг зүрх, хуурмаг ухаантай хуурмаг хүмүүсийг сөр. Та нар хуурмаг биш. Та нар хонь мал биш. Та нар бол хүмүүс. Хүмүүн төрөлхтөний хайр сэтгэл зүрхэнд тань бий. Та нарт хорсол үгүй. Хайрлуулж үзээгүй нэгнээс л хорсол гардаг, хайрлуулж үзээгүй хуурмаг хүмүүсээс.

Цэргүүд ээ, боолчлолын төлөө бүү тулалд. Харин эрх чөлөөний төлөө тэмц. Судар номонд “Бурхны хаанчлал хүний дотор оршин буй” хэмээн заасан байдаг. Ганц хүн биш, бүлэг улс биш, харин бүх хүний дотор гэж хэлсэн. Та бүхний дотор. Та нар, хүмүүс та нар, хүчийг эзэмшдэг. Машин бүтээх хүч чадал. Аз жаргалыг бүтээх хүч чадал. Та нар, хүмүүс та нар, эрх чөлөө, аз жаргалыг бүтээх, энэ амьдралаа гайхамшигт адал явдал болгон хувиргах хүч чадлыг эзэмшдэг. Тиймээс ардчиллын нэрийг барьж энэхүү хүч чадлаа ашиглан нэгдэцгээе.

Шинэ ертөнцийн төлөө, хүн бүрт тааваар ажиллах боломж өгдөг, өсвөрийн залууд ирээдүй, өтөл настанд баталгаа өгдөг тийм ертөнцийн төлөө тэмцэцгээе. Ийм амлалтыг өргөсөөр энэ зэрлэгүүд хүчийг олсон. Гэвч тэд бол хуурамч. Амлалтдаа огт хүрээгүй. Хүрэх ч үгүй. Дарангуйлагч нар өөрсдийгөө чөлөөлөөд бусдыг боолчилдог. Тэгэхээр одоо, биелээгүй амлалтуудын төлөө тэмцэцгээе. Хорвоог чөлөөлөхийн төлөө тэмцэцгээе, улс үндэстнүүдийн хил заагийг арилгацгаая, шунал тачаал, үзэн ядалт, хорсол хонзогнолыг арилгацгаая. Шалтгаан учрыг олж тогтоодог, шинжлэх ухаан, шинэ дэвшлийн замаар хүмүүн төрөлхтөний аз жаргалыг цогцлоох тэр л ертөнцийн төлөө тэмцэцгээе.

Цэргүүд ээ, ардчиллын нэрийг барьж бүгд нэгдэцгээе!

Орчуулсан: Д.Цогчулуун (ЧҮНДЖ)
2019.04.18

No comments: