Wednesday, April 03, 2019

МАТЕМАТИКЧИД

МАТЕМАТИКЧИД
Зохиолч Артур Фелдман, 1953 он



Тэд цэцэрлэгт байлаа.
- Алив, Зои минь, дэрвэлзэхээ боливол чинь аав нь гоё юм ярьж өгнө шүү, - гэхэд Зои дүүжин орон дээр тухаллаа.
- Болсон явдал уу, аав аа?
- Яг миний ярьж байгаа шигээр болсон явдал даа, - гээд Дрэйк Хоукинс Зоигийн ягаахан хацрыг чимхэв.
- За тэгэхээр, энэ явдал хоёр мянга арван нэгэн жилийн өмнө 1985 онд болсон юм. Тухайн үеийн цаг тооллоор тэр л дээ. Аварга нохой оддын ордын Хөхдэй мэргэн одны нэгэн омгийн биес дэлхийг эзэлжээ.
- Ямар биес байсан юм бэ, аав аа?
- Хүмүүстэй их олон талаараа төстэй. Хоёр гар, хоёр хөл, ер нь хүмүүст заяасан бусад эрхтнүүд бүгд л байсан даа.
- Хүмүүсийг тэр Оддын биесээс ялгахын аргагүй адилхан байсан гэж үү, аав аа?
- Ялгаа байсан. Шинээр ирэгсэд нь бүгдээрээ дал мөрнөөсөө ургасан өдөт ногоон жигүүр, бас урт ягаан сүүлтэй байсан юм.
- Тэд хэдүүлээ ирсэн юм бэ, аав аа?
- Яг гурван сая дөчин эрэгтэй, гурван эмэгтэй ирсэн. Тэдгээр биес дэлхий дээр Сардини аралд анх үзэгдээд, таван долоо хоногийн дараа гэхэд бөмбөрцгийг бүхэлд нь эзэлчихсэн байсан даа.
- Дэлхийнхэн хариу тулалдаагүй юм уу, аав аа?
- Хүмүүс булаан эзлэгчдийн эсрэг буу зэвсэг, тэсрэх бөмбөг, атом цөмийн бөмбөгүүд, хий хүртэл ашиглаж тэмцсэн.
- Тэд нар нь ямар юм байсан юм бэ, аав аа?
- Өө тэр юмс нь үгүй болоод удаж байгаа. Зэр зэвсэг гэж нэрлэдэг байсан юм. Хүмүүс хоорондоо тийм юмаар тулалддаг байсан.
- Одоогийн бидэн шиг оюун санаагаараа биш гэж үү?
- Үгүй ээ, сая хэлсэн шиг буугаар л. Гэтэл булаан эзлэгчид зэр зэвсэгт дархлаатай байжээ.
- Дархлаа гэж юу гэсэн үг вэ?
- Элдэв хөнөөлөөс ангид гэсэн үг ээ. Дараа нь хүмүүс нян, бактери ашиглаад Оддын биестэй тэмцэж эхэлсэн.
- Тэр нь юу вэ?
- Жижигхээн, маш жижигхэн хорхойнуудыг хүмүүс булаан эзлэгчдийн биед хийж, өвчлүүлээд, үхүүлэх гэсэн юм. Гэтэл хорхойнууд Оддын биест ямар ч хөнөөл авчраагүй.
- Цааш нь яриарай, аав аа. Тэнгэрийн биес дэлхийг эзэлжээ гэдгээс үргэлжлүүлээд.
- Шинээр ирэгсэд дэлхийнхнээс хэтийдсэн ухаантай байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Нарийн ярьвал, булаан эзлэгсэд нь системдээ хамгийн аугаа математикчид нь байсан юм шүү.
- Систем гэж юу вэ? Бас математикчид гэж юу хийдэг улс вэ?
- Сүүн замыг хэлж байгаа юм аа. Математикч гэж хэмжих, жинлэх, бодох гэхчлэн тооны ухаанд сайн хүнийг хэлдэг.
- Тэгээд булаан эзлэгчид Дэлхийнхнийг хуйгаар нь устгасан уу?
- Үгүй дээ. Маш олноор нь устгасан боловч бас зөндөөнийг боолчилсон. Хүмүүс өмнө нь мал аж ахуй эрхэлдэг байсан шиг л шинээр ирэгсэд хүмүүсийг тэгж байлгадаг байжээ. Заримаар нь юм хийлгэж, заримыг нь заазалж хүнсэндээ хэрэглэдэг байсан.
- Аав аа, Оддын биес ямар хэлээр ярьдаг байсан бэ?
- Маш энгийн хэлээр ярьдаг байсан, гэхдээ хүмүүс тэрнийг нь огт эзэмшиж чадаагүй. Тиймээс булаан эзлэгчид асар ухаантай болохоор бөмбөрцгийн бүх хэлийг сурсан даа.
- Дэлхийнхэн булаан эзлэгчдийг юу гэж нэрлэдэг байсан бэ?
- Да-гас. Тал нь дагина, тал нь мангас.
- Тэгэхээр аав аа, Да-гасууд хамаг хүмүүсийг боолчилсны дараа Дэлхийд амар амгалан ноёлсон байх даа?
- Нэг хэсэгтээ л. Нэг удаа, хүмүүсийн хамгийн зоригтойнууд нь, Нөвол гэдэг хүнээр удирдуулаад Гринланд руу оргосон байна. Энэ Нөвол гэдэг хүн Дэлхийн тэргүүн сэтгэл зүйч байж л дээ.
- Сэтгэл зүйч гэж юу вэ?
- Санаа бодлыг зохицуулдаг хүн.
- Тэгвэл тэр их баян байжээ?
- Дэлхийдээ л хамгийн баян нь. Нэлээн тунгаасны эцэст Нөвол Да-гасуудыг дэлхийгээс арилгах арга олсон байна.
- Яаж тэр вэ, аав аа?
- Тэр хүн Да-гасуудад хүний сэтгэл хөдлөлүүдийг шингээх Нөвол-Хьюз, Илинскийн арга гэгчийг төгөлдөржүүлсэн юм.
- Шингээх гэдэг нь юу гэсэн үг вэ?
- Сэтгэл хөдлөлөөр дүүргээд, тэрнийгээ мэддэг болгочихсон гэсэн үг, - гэхэд Зениа яриаг нь таслан орж ирээд:
- Хүүхдэд ойлгомжгүй юм яриад байгаа юм биш үү дээ, Дрэйк?
- Үгүй ээ, ээж ээ. Аавыг тайлбарлахаар ойлгож байна. Битгий яриа таслаад бай л даа, - хэмээн Зои дургүйцэв. Дрэйк цааш үргэлжлүүлэн:
- Тэгээд Нөвол Да-гасуудыг хайр дурлал, атаа жөтөө, хүсэл мөрөөдөл, үзэн ядалт, хорон санаа, цөхрөл гутрал, итгэл найдвар, айдас хүйдэс, ичгүүр гутамшиг гэхчлэн хүний сэтгэл хөдлөлүүдээр дүүргэж орхисон байна. Төд удалгүй Да-гасууд яг л хүмүүс шиг аяглаж эхлээд, аравхан хоногийн дараа аймшигтай иргэний дайн өрнөн Да-гасуудын гуравны хоёр нь сүйдсэн юм даа.
- Аав аа, тэрнээс болоод Да-гасууд нэгнээ алж дуусгасан юм уу?
- Бараг л. Залибар гэх нэртэй биес тэдний дундаас тодорч гэгээрэл, ятгалгаараа бүх Да-гасуудыг ахан дүүс юм хэмээн номлосон. Булаан эзлэгчид маш хурдан түүнд дагаар орж, маргалдахаа болиод Дэлхийнхнийг улам ихээр боолчилсон доо.
- Аав аа, аав аа, Нөвол бас түүний найзууд ийм явдал болсонд жигтэйхэн харамсаа даа?
- Нэг хэсэгтээ л. Гэхдээ Нөвол нэг их удалгүй шийдвэрлэх цохилтоо хийсэн.
- Наадах чинь хэлц үг үү, аав аа? Шийдвэрлэх цохилт гээд.
- Тийм ээ. Үхлийн цохилт. Хамаг арга нь барагдаад шийдсэн мэхээ хийсэн.
- Би ойлголоо, аав аа. Эсрэг тал юу ч хийсэн гэсэн нам дарах хүчтэй санаа байж. Тэр юу байсан юм бэ, аав аа? Тэд юу хийсэн юм?
- Нөвол Да-гасуудад эргэн дурсах сэтгэл суулгачихсан.
- Эргэн дурсах сэтгэл гэж юу вэ?
- Гэрээ санахыг хэлдэг юм аа.
- Өө, аав минь ээ, Нөвол яасан ухаалаг хүн байж вэ? Энэ чинь Да-гасууд ардаа үлдээж ирсэн одоо санаад тийшээ буцах эрмэлзлэлээр дүүрсэн гэсэн үг биз дээ.
- Яг тэгсэн. Нэг л өдөр бүх Да-гасууд, бүрэн бүрэлдэхүүнээрээ аварга ногоон жигүүрээ дэвсээр Умард Америкийн Хар толгод дээр цугларч нэгэн дохиогоор Дэлхийгээс зэрэг нисэн одоцгоосон тэр өдөр хүмүүн төрөлхтөн “Биширтүгэй, залбиртугай, бурхны аврал бадартугай!” хэмээн дуугаа өргөцгөөж билээ.
- Аав аа, тэгээд бүх Да-гасууд Дэлхийгээс явцгаасан уу?
- Арай ч бүгд биш ээ. Хоёр Да-гас хүүхэд байсан юм. Дэлхий дээр мэндэлсэн хүү, охин хоёр бусадтайгаа хамт тэнгэр өөд ниссэн. Гэвч агаар мандлын адарт тулаад тэд эргэлзэж, сүүлээ эргүүлэн Дэлхий рүүгээ буцацгаасан даа. Тэдний нэрийг Зиззо, Зизза гэдэг байсан.
- Тэр Зиззо, Зизза хоёрт юу тохиолдсон бэ, аав аа?
- Яах вэ дээ, Да-гасууд мундаг математикчид байдаг юм чинь үржицгээсэн дээ.
- Аав минь ээ, яасан сайхан явдал вэ, -хэмээн Зои хөхрөөд далавчаа чичигнүүлэн дэрвэж гарлаа.

* Аварга нохой оддын орд – Canis Majoris оддын орд
** Хөхдэй мэргэн – Канис Мажорис оддын ордын хамгийн тод гэрэлтэх Сириүс хэмээх од. Грек хэлний “гэрэлтэх”, “шатах” гэсэн утгатай Seirios гэдэг үгнээс үүсэлтэй. Тэнгэрт гэрэлтэх хамгийн тод энэхүү одыг Монголчууд Хөхдэй мэргэн хэмээн нэрлэдэг.
*** Сүүн зам – Milky Way гэж манай нарны аймгийн оршин буй галактикийг хэлдэг.
**** Да-гас - Эх зохиол дээр An-vil (angel-devil) гэсэн байсныг Дагина-мангас гэж монголчлоод ийнхүү товчлов.

Орчуулсан: Д.Цогчулуун (ЧҮНДЖ)
Зөгнөлт – 1
2019.03.28

Зургийн эх сурвалж: http://getdrawings.com/man-with-wings-drawing?fbclid=IwAR17d0rCCpEQeqynFbY5G4_CH79L_SIUy3fSJj_5JYb5nrN1d2Ege6bkPjY#man-with-wings-drawing-58.jpg

No comments: