Wednesday, December 04, 2019

Healthcare cost in the US

Саяхан Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, сөрөг хүчин болох Хөдөлмөрийн намын тэргүүн Жэрэми Корбин хоёрын мэтгэлцээний үеэр Корбин цаадхыгаа Брэкситийн дараа Америктай хийх хэлэлцээрээр Их Британийн эрүүл мэндийн үйлчилгээг Америкийн талд хариуцуулах тухай ярилцаж тохирсон байсан тухай баримтыг илчилсэн билээ. Лондон хотын захирагч байсан Борис Жонсон, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хоёр хоёулаа энэ яриаг үгүйсгэж байгаа ч гэсэн ер нь бараг үнэн бололтой.

За тэдний улс төр ч яах вэ харин энэ Америкийн эрүүл мэндийн үйлчилгээний хөлс, төлбөр гэж нээрээ тэнгэрийн үнэтэй байдаг юм байна шүү. Ер нь хэцүү гэж сонсож байсан л даа, мэр сэр. Энэ бичлэг дээр мэдээж жаахан дэгсдүүлсэн байж мэдэх л дээ, ядаж л дунджаар тэд гэж хэлж байгаа нь бодвол дунджаасаа жаахан дээхнүүр үнийг хэлдэг ч юм уу. Гэхдээ л аймаар байна шүү дээ. Түргэн тусламж дуудлагаар ирэхдээ 2500 доллар, эмнэлэгт амаржихад 10000 доллар, төрүүлсэн хүүхэдтэйгээ “skin to skin contact” үүсгэхэд 40 доллар ч гэх шиг. Аймаар юм.

Монголын тухай ч ярихаа больё. Солонгосын эрүүл мэндийн даатгалын систем бол ёстой гоё шүү. Солонгост байнга оршин суугаа бүх хүн улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хамрагдах ёстой. Би гэхэд сарын 50 мянга орчим вон төлдөг. Уг нь 100 орчим мянган вон, гэхдээ үлдсэнийг нь улсаас. Тэгээд миний даатгалд гэр бүлийн бүх гишүүд хамрагдаад явдаг. Даатгалтай хүнд бол эмнэлгийн үйлчилгээ үнэн гоё, урамтай хямдарна шүү дээ. Одоо жишээ нь эмнэлэгт очоод үзүүлээд, шинжилгээ өгч, эм бичүүлээд гарахад нийтдээ бараг 60-70 хувь хямдарна. Наад зах нь эмийн сангаас 30-40 мянгын эмийг 10-15 мянган воноор авч байх жишээтэй. Атаархмаар шүү.


No comments: