Хөгшин аавынхаа машины тухай дүү нартайгаа ярилцаж байгаад нэг явдлыг дурсав. Газ-69 гэж олны дунд нэршсэн тэрэг л дээ. Арай богиновтор 4 хаалгатайг нь А69, арай урт, арын кабинд ханаа дагасан вандан маягийн суудалтайг нь Б69 гэж ялгадаг байсныг хүмүүс мэддэг биз. Өвөөгийн тэрэг тийм урт суудалтай нь байсан юм. Уг нь даавуун бүхээгтэй байдгийг нь Монголын цаг уурт тохиромжтой, төмөр бүхээг болгож сайжруулсан тийм тэрэг байлаа.
Олон жилийн өмнө дөө. Нэг зун хүргэн ахынхан маань нутаг явахаар болов. Хүргэн ах, авга эгч, тэгэхэд дөнгөж мэндлээд удаагүй байсан Одноо дуу гурав маань Баян-Өлгий рүү онгоцоор явах болоход манайхан Дарханаас Улаанбаатар руу хүргэж өгсөн юм. Бөөнөөрөө чихээд л явсан. Газ-69ийн нэг авууштай нь тэр л дээ. Мааангар олон хүн ордог. Тэгээд манайхан хүнээ хүргэж өгөөд буцацгаав өө. Манайх гэр бүлээрээ, аав, ээж, дөрвөн хүүхэд, дээр нь аавын нэг найз, тэгээд авга ах Нямдорж. Удаан явцгаасан болохоор буцахдаа бүгд унтлаа. Арын кабиндаа манайхан гудас дэвсээд унтчихдаг байсан юм. Аав жолоо барьсаар байгаад ядарсан болохоор ахад түр шилжүүлээд, амрахаар хажуулсан байлаа. Ер нь бүгдээрээ л унтацгааж байсан. Дүү охин болон жолоо барьж байгаа ах хүү хоёроос бусад нь л даа.
Унтаж байтал нойрон дунд хэд хэд айхтар донслов. Тар няр буугаад л явчихсан. Дүү охины дуу хадаад л явчихлаа. Байдгаараа орилоод л байна. Нүдээ нээсэн чинь машины шал дээр харагдаж байх юм. Гайхаад хартал таазан дээр хэвтэж байна. Хамаг юм ундуй сундуй болсон. Унтаж байсан хоёр дүү бас гайхаж манарсан харцтай. Тэгээд бүгдээрээ гарцгаалаа машинаасаа. Таазан дээгүүр мөлхөөд урд талын жолоочийн хаалгаар л гарсан байх. Гараад хартал замын хажууд уруугаа харчихсан хэвтэж байдаг юм. Ээж ухаангүй. Чирч гулдраад гаргацгаалаа. Аавын хуйх нь урагдаад нүүр лүүгээ унжаад ороод ирчхэж. Дүү орилсоор л. Ах машинаа тойроод л гүйгээд байна. Дүүг доор нь орилоод байна гэж бодсон гэж сүүлд нь ярьж байсан. Нөхөр тэгэхэд аль эрт бидэнтэй цуг гараад ирчихсэн машины хажууд л орилоод байгаа юм. Ах сандарсандаа болоод харахгүй л хажуугаар нь гүйгээд байсан байна билээ.
За тэгээд ах машин тойрч гүйхээ болиод аавын толгойг боох ажиллагаа эхлэв. Тэр хооронд ээж ухаангүй хэвээрээ. Ээжийг сэргээх гэж янз бүрээр л үзсэн юм. Алгадаж малгадаад л. Тэгж байтал гэнэт өндийгөөд ирэв ээ. “Хүүхдүүд зүгээр үү?” “Зүгээр” гэнгүүт буцаад унаад өгсөн. Инээдмийн кинонд гардаг шиг л санагдаж байж билээ. Дахиад хэсэг татаж чангааж байгаад ээжийг босгож ирэнгүүт аавын толгойг ээж боолоо. Ахын боолт гэж сапирсан юм байсан л даа. Яг урагдсан хэсгийг нь тойруулаад л боочихсон байсан санагддаг юм. Хөөрхий сандарсан л даа. Тэгж байтал араас ирж явсан машинууд зогсоод яав ийв гэцгээгээд бид хэдийг суулгаж Баруунхараа хүргэж өгсөн. Баруунхараад манай садангийн айл байдаг байсан болохоор тэднийд очоод, аавыг эмнэлэгт хүргэж толгойд нь оёдол хийлгэж байж билээ. Машин хөмрөх үед жолоочийн суудлын арын завсарт хавчуулаад тавьсан байсан хорин литрийн канистрын амсар аавын толгойд тусч язласан байсныг сүүлд нь мэдсэн.
За тэгээд юу болсон бэ гэхээр ах хүү тамхи татна аа. Газ 69-ийн хаалганы цонх доошоо буудаггүй, урд талын жижигхэн салхивч, гурвалжингаар тамхиа гаргаж хаясан байгаа юм. Тэгтэл нүднийх нь буланд нөгөө тамхи шатахууны сав руу орчих шиг зэрвэс харагдаж л дээ. Гайхаад эргэж харахдаа жолоогоо зүүн тал руугаа цуг дарчихсан байгаа юм. Улаанбаатараас Дархан явах замд яг Баруунхараа руу урууддаг дээр нэг их сайхан шулуухан зам, хоёр талаараа наран цэцэг ургасан талбай байдгийн тэнд л дээ. Замын хажуугийн ховил руу шууд копутаараа шааж өндийж ирээд, хошуун дээрээ эргээд дээшээ хараад уначихсан гэдэг юм. Дүү охин сэрүүн, яг ахын ард суугаад зам руу харж явсан болохоор эхнээс нь авахуулаад л орилоод байсан гэсэн.
Тухайн үедээ миний хувьд төдийлөн аймаар санагдаагүй өнгөрсөн энэ явдлыг сүүлд бодохоор аймаар санагддаг юм. Даваадоржийнх гэдэг айл тэр чигээрээ байхгүй болж болох байж шүү дээ гэж бодогдоод. Яахав бага зэргийн хэтрүүлэгтэй л дээ. Аав толгойдоо оёдлын сорвитой болсноос өөр ямар ч хохиролгүй хал балгүй салснаа бодохоор азтай л өнгөрсөн санагддаг. Ахад харин нэг хэсэгтээ л хэцүү байсан байх даа хөөрхий. Дурсамж нэг иймэрхүү.
1 comment:
Уаз 469, Газ 66 шүү дээ.
Post a Comment