Friday, April 20, 2018

ВЭНГЭР АУТ

Арсэн Вэнгэр энэ улирлыг дуусгаад ажлаа өгөхөө зарлаж Гүүнервэрст тэсрэлт болов.



Сүүлийн хэдэн жилд урьдын хүчирхэг Арсеналаас нэр л үлдсэн байна гэдгийг хаа сайгүй ярьцгааж байна. Ана мана үзэлцдэг байсан Юнайтедын домогт тоглогч нар хуучны ногоон зүлгэн дээрх ширүүн тулаануудыг дурсахдаа тоглолтын өмнө хонгилд байхаас эхлээд л тоглогчдыг харж сүрддэг байсан тухайгаа ярьж, одоогийн бүрэлдэхүүнийг тавлаастай. Яагаад ийм байдалд хүрэв. Арсеналд анх ирэхдээ шинэ цагийн түүчээ болж, Арсеналын төдийгүй Английн хөлбөмбөгийн хөгжлийг шинэ шатанд гаргаж ирсэн хэмээн хүн бүр түүнийг үнэлдэг. Үнэхээр ч түүний Арсенал дахь эхний хэдэн жил амжилтаар дүүрэн байсан. Английн Премьер лигийн алтан цомтой клуб манайхаас өөр байхгүй шүү дээ.

Кристофер Ноланы Харанхуйн хөлөг баатар дээр Бэтмэний тухай прокурор Харви Дэнтийн хэлдэг үг сүүлийн хэдэн жил тувт Арсэн Вэнгэрийг санагдуулаад байдаг болсон юм. “Баатар чигээрээ үхэх юм уу хэт удаан амьдраад дайсан болж хувирах болно” гэж Бэтмэнийг хэлдэг ч эцсийн дүнд өөрийгөө хэлсэн байдаг. Яг энэн шиг цагтаа Арсеналын гэрэл цацруулсан хөлөг баатар байсан Арсэн Вэнгэр өнөөдөр ингээд WengerOut гэж хөөгдөхдөө тулжээ. Өөрийнх нь л буруу. Уржнан, тэрний урд жил, үгүй байг гэхэд өнгөрсөн жил нэр төртэйгээр салах ёс хийгээд явж болох байсан ч өөрөө тэгэхийг хүсэлгүй хайртай хэмээн зарладаг клубээ нуман тулгуурт оруулан байж хоёр жилийн гэрээ шинэчлэн байгуулсан. Гэрээгээ сунгах үгүйгээ зарлалгүй хэт удаан хүлээлгэсэн нь тоглогчдын сэтгэлзүйд сөргөөр нөлөөллөө гэж өөрөө ч өнгөрсөн зун хүлээн зөвшөөрсөн.

Миний мэдэхийн л Арсенал үргэлж шилжилтийн байдалд байсан клуб. Намайг дэмжиж эхэлдэг жил клубын ахлагч Патрик Виеираг зарчихсан. Цаадах нь явах дургүй байсан л гэдэг. Гэхдээ зарчихсан. Дараа нь Деннис, тэгээд Пирес, Люнберг, Анри гэхчлэн ойр ойрхон том нэрнүүдээс хагацаж гарсан. “Михайлд нэг бодол бий” гэж бүгд итгэж байсан болохоор юу ч хэлээгүй. Жилийн жилд л Арсенал үнэхээр гайхамшигтай сайхан хөлбөмбөг үзүүлж бахдам тоглож байсан ч нэг жижигхээн юм л дутаад байгаа юм шиг санагддаг байлаа. “За дараагийн улиралд Өвгөн учрыг нь олчихно оо” гэж бүгд найдсаар. Арсеналын залуус юу юугүй л пижигнүүлээд алга болно доо гэж хүн болгон дотроо эмээгээстэй. Юнайтедын 92 оны төгсөгч нар шиг үе тэнгийн шижигнэсэн залуус гарч ирэх нь үү гэж нэг хэсэг айлгасан шүү. Фабрегас, Хлеб, Фламини, Насритангууд. Аргагүй шүү дээ цоо шинэ цэнгэлдэхэд орсон банк, зээл энэ тэр гээд өч төчнөөн дарамтан дунд өдий зэрэгтэй яваа нь их юм гэж гүүнерүүд түүнийг өмөөрч байв. Анх цэнгэлдэх сольж байхад “Арсенал удахгүй аварга том цэнгэлдэхэд орж байгаад тивийн аваргуудын төлөө Барса, Баерн тэргүүтэнтэй ана мана үзэлцдэг болно” гэсэн амлалт өгч байсныг санаж байна.

Манайх шинэ цэнгэлдэхийн өрийн дарамтан доор “тарчилж” байх тэр үед Баерн бас шинээр цэнгэлдэх босгоод тийшээгээ нүүж орсныг хэн ч ярьдаггүй. Тэр хугацаанд тэд лав манайх шиг ингэж чацга царайлаагүй байх шүү. Магадгүй сайн тоглодог байсан болохоор нь өмөөрч шалтаг хэлэх шаардлага гараагүй ч юм бил үү. Ингээд нэг л мэдэхэд “шинэчлэл”, “эрч хүч”, “ялахын төлөөх эрмэлзэл” гэх мэт сэтгэл шошготой байсан Арсэн Вэнгэрийг хүмүүс “чөдөр тушаа”, “дарангуйлагч”, “амиа бодогч” гэхчлэн цоллодог болж эхэлсэн байлаа. Үргэлж хөдөлж, хөгжиж байгаа хөлбөмбөгийн ертөнцийн хурдыг гүйцэж чадахгүй, гүйцэхийг ч хүсэхгүй хойш чангаагаад байхаар арга ч үгүй биз. Улирлууд ээлж дараагаар өнгөрөхийн хэрээр талбай дээрх тоглолт илт муудаж, сэтгэлгүй зүтгэлгүй тоглогч нараар дүүрсээр. Улирлыг маш муу эхлүүлээд яван чангарах, эсвэл айхтар сайн эхлүүлээд явцын дунд эрч саарсаар салгалж дуусдаг зүй тогтол нэгэнт тогтжээ. Хуучны сайхан Арсеналаас сүг сүүдэр ч үлдсэнгүй. Шалтгаан нь юу вэ? Мөнгө? Тоглогч? Энэ олон жилд Арсенал клубын шийдвэр гаргах, асуудал шийдэх түвшинд ганц л хүн тогтмол байсан.

Английн нэг үг байдаг юм. A man should know when to leave the party.
Бас нэг үг. Better late than never.

Вэнгэрийг явж байгаа тухай сонссон талаараа бичиж эхэлтэл өөрийн бодож байснаасаа нэлээн таагүй ч гэмээр уур амьсгалтай юм биччихэж. Яалт ч үгүй өнөөгийн сэтгэгдэл энэ аж. Гэхдээ л яг ингээд “Вэнгэр явлаа” гэсэн мэдээлэл сонсохоор өөрийн эрхгүй гуниг төрж байгаа нь нэгэн эрин өндөрлөж байгааг эрхгүй мэдэрснийх буй за. Нөгөөтэйгүүр манхайн цайж байгаа үүрийн туяатай зэрэгцээд “Өнөөдөр ямар өдөр байх бол?” хэмээн үл мэдэг түгшүүртэй мэт боловч эрхгүй догдлонгуй мэдрэмж бас нэн таатай.

Ганц юманд маш их итгэлтэй байна. Олон жилийн дараа энэ цаг үеийг дурсахдаа Арсэн Вэнгэрийг “Арсеналын түүхэн дэх шилдэг менежерүүдийн нэг байсан даа” гэж бодох нь тодорхой. Гэхдээ өнөөдөр биш. Маргааш ч биш. Олон жилийн дараа.

САЙХАН ДУРСАМЖ ҮЛДЭЭСЭНД БАЯРЛАЛАА, НОЁН ВЭНГЭР, БАЯРТАЙ!

No comments: