Thursday, November 06, 2014

ӨВӨЛ АЙСУЙ!

Номын тэмдэглэл бичилгүй хэсэг болчихжээ. Тэгээд бодов. Ямар номын тухай бичих вэ гэж. Ойрмогхон уншсан хоёр роман байна. Уншсан гэж нэгийг нь дахин уншиж байгаа юм. Нөгөөх нь Жорж Мартины "Хаан ширээний тоглоом" буюу "Гал мөсний дуун" цувралын эхний дэвтэр л дээ. Монгол хэлнээ орчуулагдаад өчигдрөөс худалдаанд гарсан байна билээ. Кино нь ЭйчБиӨү сувгаар цуврал болон гараад нэгэнт 4 улирлыг үдсэний дараа номыг нь унших хүсэл төрж байгаа нь энэ л дээ. Аливаа киноноос зохиол нь хамаагүй сайн байдаг гэсэн теоремыг л батлах гэж үзсэн хэрэг. 

Зохиолын хувьд их сонирхолтой хэлбэрээр бичигдсэн. Гол дүрийн хэд хэдэн хүнийг сонгон авч болж буй үйл явдлыг тэдний харж буй өнцгөөс тайлбарласан нь миний хувьд их сонирхолтой шийдэл болж уу гэж санагдсан. Ингэсэн нь тухайн баатрыг ямар үзэл бодолтой, ямар зарчимтай, үүссэн нөхцөл байдалд ямархуу маягаар хандаж байгааг харахад их дөхөм болгож өгсөн юм шиг. Мөн бусад баатруудынхаа үйлдлүүдийг өөрийнхөөрөө хэрхэн тайлбарлаж байгааг ч бас харуулсан нь жинхэнэ амьдрал дээрх хүмүүсийн харилцаанд үл ойлголцол хэрхэн үүсдэгийг сануулах мэт. 


Кино нь гараад удаж байгаа болохоор ихэнхи хүмүүс энэ зохиолын талаар мэдэж байгаа байх л даа. Номыг нь уншчихсан хүмүүс ч олон байгаа байх. Тэгэхдээ энд гардаг үйл явдлыг цухас ч болох нь ээ тайлбарлахгүйгээр энэхүү романы тэмдэглэлийг бичнэ гэж байж болшгүй хэрэг биз. Үндсэндээ Долоон ванлиг дахь эртний сурвалжит 7 том гэр бүлийн эрх мэдлийн төлөөх тэмцлийг харуулсан гэж үзэж болно. Өвөл, зун нь хэдэн жилээр ч хамаагүй үргэлжлэх үлгэр домгийн энэ газрын Умард зүгийг илбэн тохинуулагч Винтерфэлийн Старкийн удмынхны тухай энэхүү номонд зонхилон өгүүлэх боловч энд гарах дүр бүр нь тунчиг сонирхолтой. Хүний орчлонд байдаг хар цагаан бүхэн энд байраа олсон ба хааны ордон дахь эрх мэдэл, шунал тачаал, хайр дурлал, эд баялгийн төлөөх чимээгүй бөгөөд цуст дайныг уншигч танд таалагдахгүй байх аргагүйгээр дүрсэлсэн.


Зохиолыг унших зуур би Старкийнхны бардам бөгөөд нэр төрөө эрхэмлэх, зарчимч занг өөрийн эрхгүй хүндэтгэх сэтгэл төрж байсан ч хажуугаар нь чухам энэ занг нь зэмлэн бодож байлаа. Өөрийн эрхгүй тэдний төлөө санаа тавьж, амьд гарчихаасай гэж далд хүсэхдээ ингэж бодож байсан хэрэг л дээ. Уншигч танд ямар хүн таалагддаг вэ? Бүх төрлийн хүмүүс энд бий. Ухаантайгаас тэнэг хүртэл, зальтайгаас бодь сэтгэлтэн хүртэл, эрэлхэг зоригтойгоос аймхай хулчгар хүртэл бүх төрлийн хүмүүс таны замд таарах бөгөөд үлгэр домгийн аварга чоноос авахуулаад луу хүртэл гарна. Гол болон туслах дүрийн баатруудын харилцан яриа болон хэлж байгаа үгсийг туйлын үнэн гэж хүлээн авахаа та бүхэн азнасан нь дээр гэдгийг юуны өмнө анхааруулах хэрэгтэй байх. Үнэхээр өрөвдөөд явж байсан хүн өр лүү чинь өшиглөөд ороод ирэх вий. 


Эхний энэ роман дээр үйл явдал 3 газар өрнөдөг. Эхнийх нь мэдээж Долоон ванлигийн нийслэл Кингс Ландинг хотод хамаг хор найруулах ажиллагаанууд явагдах ба олон жилийн өмнө бут цохигдож, нуран унасан Таргареэн вангийн удмаас амьд үлдсэн хүү, охин хоёр Дорно зүгт далайн чанадаас эргэн ирж, өшөө авахаар чөлөөт хотуудаар хэсүүчлэн тусламж эрнэ. Харин энэ эрх мэдлийн тэмцлээс тэс өмнөө тэмцэл Вэстэросын умард хэсэгт хэдэн зууны турш үргэлжилж байдаг. Тэнгис далайг гаталж ирсэн (Монголын нууц товчоо шиг бичмээр санагдаад) Анхны хүмүүс ямар нэгэн ер бусын хүчинтэй тулалдан ялж энэ газар нутагт эзэн суух болсон гэгдэх бөгөөд ялагдсан дайсны хүчнийг дахин ирүүлэхгүйн тулд асар том Ханыг байгуулсан гэж домогт өгүүлэх аж. Мөс болон чулуу ашиглан босгосон энэхүү хана нь хэдэн зуун фут өндөр бөгөөд өрнөөс дорно хүртэл хэдэн зуун миль газарт үргэлжлэн Долоон ванлигийг зэрлэг Умардаас тусгаарлаж байдаг. Ханыг Шөнийн харуулууд хэмээх хүчин хамгаалах бөгөөд энд бүх Долоон ванлигаас ирсэн цэргүүд тусгай тангараг өргөн зүтгэдэг. Нэгэнт тангараг өргөсөн шөнийн харуул эхнэр, хүүхэд авахгүй, эд хөрөнгө, газар нутаг болон эрх мэдэл эзэмшихгүйгээр нэгэн сэтгэлээр Долоон ванлигийн төлөө Ханан дээр зүтгэсээр насыг барах учиртай. 


Хатуу ширүүн умардын эзэд болох Винтерфэлийн Старк бол Роберт хааны багын найз. Тэдний нөмөр нөөлөг байсан Жон Аррин нас барж тэргүүн сайдын орон зай суларсан ба ван өөрийн найз Нэд Старкийг түүний оронд томилохоор Винтерфэлд ирснээр романы гол үйл явдал эхэлнэ. Төрсөн нутаг шигээ эрс зантай Старк хэдий дургүй байсан ч найзынх нь амь насанд аюул заналхийлж байж магадгүй талаар олж мэдсэн тул Өмнө зүг Кингс Ландинг руу явахаас өөр аргагүй байдалд орно. Сурвалжит гэр бүлүүд бүгд өөрсдийн уриатай бөгөөд Старкийнхны уриа “Өвөл айсуй”. 


Хэтэрхий нуршихаасаа өмнө ингээд өндөрлөе дөө. Өвөл айсуй!

No comments: