“Монологийг монголчлох аян”-ы ээлжит бичвэр. Аль Пачиногийн олон сайхан дүрүүдийн нэг болох дасгалжуулагч Тони Д'Аматогийн үгийг энд тэндхийн олон бичлэгт ашиглаж харагддаг. Багийнхныхаа урам зоригийг хурцлах энэ үгийг монголчилъюу гэж бодов.
***
Юу гэж хэлэхээ би сайн мэдэхгүй байна. Та бид мэргэжлийн замналынхаа хамгийн том шалгуурын өмнө ирлээ. Одоо зайлах аргагүй, багаараа хамтдаа сэхнэ эсвэл унана. Ямх ямхаар, дайралт нэг бүрээр эцсийг нь тултал үзнэ. Та бид яг одоо тамд байна. Ингээд балбуулж нүдүүлээд байгаад байж болно эсвэл тулсан саадыг сөрөн дайрч гэрэлд гарч болно. Хамтдаа ямх ямхаар мацаад гарч чадна.
Би та нарын өмнөөс хийж чадахгүй, дэндүү хөгширсөн байна. Залуус та бүхнийг ингээд тойруулж хараад, өөрийгөө өдий насны хүний хийж болох хамаг буруу сонголтуудыг хийснийг бодож сууна. Хамаг мөнгө төгрөгөө үрэн таран хийгээд, хайртай дотнын гэсэн хүмүүсээ бүгдийг нь өөрөөсөө хөндийрүүлчихэж. Одоо бүр толины өмнө зогсож өөрийгөө харахаас ч зүрхшээх болсон байна.
Хөгшрөхийн хэрээр амьдрал чамаас байгаа бүхнийг чинь булааж эхэлдэг. Хорвоогийн жам тэр. Энийг зөвхөн алдаж байж л ухаардаг. Амьдрал бол яг л хөлбөмбөг шиг ямх зайн төлөөх тэмцэл юм гэдгийг та нар ойлгоно. Учир нь амьдралд ч тэр, хөлбөмбөгт ч тэр алдаа гаргах боломж маш бага. Хагас алхам илүүдэх юм уу дутуудахад хамаг юм зөрөөд явчих үе бий. Бас хагас агшин эртдүүлэх юм уу хоцроход л барьцгүй болж алдах нь ч бий. Бидэнд ус агаар мэт хэрэгтэй эдгээр ямх ямхууд бидний эргэн тойронд байна. Тоглолтын агшин, хором бүрийг эдгээр ямхын чинээ зай бүрдүүлж байдаг. Бүгдээрээ хамтдаа энэ ямх зайн төлөө тэмцэх ёстой. Хамаг биеэ дайчлаад, бусдыгаа түлхээд ч болов зүтгэх хэрэгтэй. Яагаад гэвэл ямхын төдий энэ зай бүгд нийлээд ялах, ялагдахын зөрүү, үхэх сэхэхийн зааг болдог.
Энэ ямх зайн төлөө үхэн хатан зүтгэдэг хүн ялан дийлдэг гэдгийг би баттай хэлэх байна. Өөрийнхөө төлөө ямх зайг ч алдахгүй зүтгэж байвал чи амьдралд урагшилж чадах болно. Амьдрал тийм л байдаг, улаан нүүрэнд тулаад ирснийг дайраад гарах ёстой. Та нарыг би зүтгүүлж чадахгүй. Харин та нар хажуудаа зогсож буй залуус руу хар. Мөр зэрэгцээд энэ ямх зайн төлөө тэмцэхэд бэлэн хүмүүс харагдаж байгаа байх. Чиний төлөө, багийн төлөө хамаг чадлаа шавхан дайчлах хүмүүс харагдаж байгаа байх, чи ч бас тэдэнд тэгж харагдаж байгаа. Баг гэж тийм байдаг, хамтдаа сэхнэ, чадахгүй бол ганц ганцаараа үхэцгээнэ. Хөлбөмбөг гэж ийм байдаг, ийм ч байх ёстой юм. Одоо тэгэхээр, та нар яамаар байна?
Монголчлон бантагнасан Д.Цогчулуун
2020.03.03
Зургийн эх сурвалж: https://twitter.com/espn/status/1076519003504427008
Бичлэгийн хаяг: https://www.youtube.com/watch?v=_b7bgtu2O4E
No comments:
Post a Comment