Saturday, April 27, 2019

АУГАА ДАРАНГУЙЛАГЧИЙН МОНОЛОГ

Орчуулагчийн өмнөтгөл: Дэлхийн хошин урлагийн эцэг байх гэж миний бодож явдаг Чарлз Спенсер Чаплины "Аугаа дарангуйлагч" хэмээх кинон дээр гардаг энэхүү суут илтгэлийг анх сонсоод л хэзээ нэгэн цагт Монгол хэл рүүгээ орчуулахсан гэж мөрөөдөж эхэлсэн билээ. Үнэхээр хэдийд ч хэлсэн үнэнд нийцэх цагийг эзэлсэн энэхүү үгийг байнга санаж, сэрж явууштай. Түүх болоод үлдчихгүй ингээд хэзээд үнэн байгаад байдаг нь гунигтай юм шүү.



Намайг өршөөгөөрэй, би эзэн хаан болж чадашгүй нь. Миний хийх хэрэг биш. Би хэнийг ч захирч, булаан эзлэхийг хүсэхгүй байна. Харин ч болж өгвөл хүн бүрт тусалмаар байна. Жүүдүүдэд ч, бусдад нь ч, хар хүмүүст, бас цагаан хүмүүст. Хүмүүс бид бүгд нэг нэгэндээ туслах дуртай, хүн чанар нь угаас тийм. Нэг нэгнийхээ аз жаргалыг мэдэрч амьдрахыг хүсдэг. Нэгнийхээ гуниг гутралыг идэж биш. Нэгнээ үзэн ядаж, хорсож амьдрахыг бид хүсдэггүй. Дэлхий ертөнц дээр хүн бүрт орон зай бий, сайхан Дэлхий минь хүн бүрийг тэтгэх хангалттай нөөцтэй.

Амьдралын зам эрх чөлөөтэй, сайхан байж болно, гэвч бид тэр замаа алджээ. Шунал тачаал хүмүүсийн сэтгэлийг хордуулж, хорвоог хорслоор дүүргэж, биднийг уй гашуу, цусан далайд галуун цуваагаар хөтөлжээ. Бид хурдан явахыг сурсан ч өөрсдийгөө түгжиж орхиж. Буй бүхнийг минь олж өгөх машин техник маань биднийг улам бэлэнчлэнгэ болгож. Мэдлэг их хуримтлуулсан ч юм бүхнийг шүүмжлэх болж. Ухаан суусан ч уцаар бас ихдэж. Хэт их бодсоор мэдрэмж буурч. Машин техникээс илүү хүн чанар үгүйлэгдэнэ. Ухаалаг байхаас илүү сайхан сэтгэл, өрөвч занг үгүйлнэ. Эдгээр зан үгүй бол амьдрал харгис болж, бүх зүйл алдагдана.

Нисэх онгоц, радио холбоо биднийг улам ойртуулсан. Эдгээр бүтээлүүдийн оршин буй нь хүмүүн төрөлхтөнд сайн сайхныг урин дуудна биш үү, бүгд ахан дүүс байж, нэгэн цул байхыг уриална биш үү. Одоо л гэхэд миний дуу хоолой хорвоогийн хэдэн сая хүний сонорт хүрч байна. Цөхөрч ядарсан хэдэн сая эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд. Гэмгүй нэгнээ тамлан зовоож, хорьж цагддаг тогтолцооны хэлмэгдэгсдийн сонорт. Намайг сонсож буй улсад хэлэх үг минь “БҮҮ ШАНТАР”. Бидний дээгүүр нүүгэлтэн буй энэ их уй гашуу бол дайран өнгөрөх шунал тачаалын нүүдэл төдий болой. Хүмүүн төрөлхтөний өсөн дэвшихээс эмээсэн улсын тэчьядсан атаархал төдий. Үзэн ядалт, хорсол бүхэн цагийн эрхээр урсан одож, дарангуйлан захирагч бүхэн үхэж далдрахад хүмүүсээс булаасан эрх мэдэл эргээд хүмүүстээ шилжих болно. Мөхөх тавилан хүмүүст байсаар байгаа цагт эрх чөлөө хэзээ ч үл устана.

Цэргүүд ээ, эдгээр зэрлэгүүдэд бүү бууж өг, та нарыг үзэн яддаг тэр хүмүүст, та нарыг боолчлон захирдаг, амь амьдралыг чинь дураар чиглүүлдэг, хийх зүйлийг чинь тушаадаг, юу бодож юу мэдрэхийг чинь цагдан хорьдог тэдгээр хүмүүст бууж өгч болохгүй. Цэрэглэн барьж, идэх уухыг чинь хориглон, хонь мал мэт үзэж, хорон сум мэт ашиглаж байгаа хүмүүс. Эдгээр хуурмаг хүмүүст битгий бууж өг, хуурмаг зүрх, хуурмаг ухаантай хуурмаг хүмүүсийг сөр. Та нар хуурмаг биш. Та нар хонь мал биш. Та нар бол хүмүүс. Хүмүүн төрөлхтөний хайр сэтгэл зүрхэнд тань бий. Та нарт хорсол үгүй. Хайрлуулж үзээгүй нэгнээс л хорсол гардаг, хайрлуулж үзээгүй хуурмаг хүмүүсээс.

Цэргүүд ээ, боолчлолын төлөө бүү тулалд. Харин эрх чөлөөний төлөө тэмц. Судар номонд “Бурхны хаанчлал хүний дотор оршин буй” хэмээн заасан байдаг. Ганц хүн биш, бүлэг улс биш, харин бүх хүний дотор гэж хэлсэн. Та бүхний дотор. Та нар, хүмүүс та нар, хүчийг эзэмшдэг. Машин бүтээх хүч чадал. Аз жаргалыг бүтээх хүч чадал. Та нар, хүмүүс та нар, эрх чөлөө, аз жаргалыг бүтээх, энэ амьдралаа гайхамшигт адал явдал болгон хувиргах хүч чадлыг эзэмшдэг. Тиймээс ардчиллын нэрийг барьж энэхүү хүч чадлаа ашиглан нэгдэцгээе.

Шинэ ертөнцийн төлөө, хүн бүрт тааваар ажиллах боломж өгдөг, өсвөрийн залууд ирээдүй, өтөл настанд баталгаа өгдөг тийм ертөнцийн төлөө тэмцэцгээе. Ийм амлалтыг өргөсөөр энэ зэрлэгүүд хүчийг олсон. Гэвч тэд бол хуурамч. Амлалтдаа огт хүрээгүй. Хүрэх ч үгүй. Дарангуйлагч нар өөрсдийгөө чөлөөлөөд бусдыг боолчилдог. Тэгэхээр одоо, биелээгүй амлалтуудын төлөө тэмцэцгээе. Хорвоог чөлөөлөхийн төлөө тэмцэцгээе, улс үндэстнүүдийн хил заагийг арилгацгаая, шунал тачаал, үзэн ядалт, хорсол хонзогнолыг арилгацгаая. Шалтгаан учрыг олж тогтоодог, шинжлэх ухаан, шинэ дэвшлийн замаар хүмүүн төрөлхтөний аз жаргалыг цогцлоох тэр л ертөнцийн төлөө тэмцэцгээе.

Цэргүүд ээ, ардчиллын нэрийг барьж бүгд нэгдэцгээе!

Орчуулсан: Д.Цогчулуун (ЧҮНДЖ)
2019.04.18

Thursday, April 25, 2019

ГАМШГИЙН СУРГУУЛЬ

Солонгост ирээд нэг их удаагүй байхад энд байдаг найз урд орой гэрт нь болсон инээдтэй явдлыг ярьж билээ. Хоёр хүүхэд нь зурагт үзээд тоглож байж. Зурагтаар гал гарч харагдахад том нь “ГАЛ, ГАЛ” гээд орилж л дээ. Амьхандаа зурагтаар гал гарч байгааг хүмүүст зарласан хэрэг. Гэтэл бага нь шууд нэг гараараа амаа дараад, нөгөө гараа толгой дээгүүрээ сүүдэрлэн барьж, бөгтийгөөд маш хурдтай хаалга руу гүйж гэнэ. Гал гарсан үед авах ёстой стандарт арга хэмжээ. Тухайн үед цэцэрлэгийн бага ангид байсан хүүхэд хүртэл ийм сургуультай. Бид хэд тэгэхэд хүүг нь өхөөрдөнгөө, жаал инээлдэж байсан ч би дотроо “Манайд арай ч ийм түвшинд хүртэл сургаагүй дээ” гэж атаархан бодоод өнгөрсөнсөн. Монголын сургууль, цэцэрлэгт заадаг эсэхийг мэдэхгүй юм.

Би дээхэн ЭмСиЭс Азиа Пасифик Брюэри ХХК-д (MCS Tiger) нэг хэсэг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байсан юм. Байх үедээ Онцгой Байдлын Газрынхантай хамтраад галын бэлэн байдлын сургууль хийж байлаа. Уг нь ХАБЭА-ын хуулиар бол албан байгууллага бүр жилдээ нэг удаа сургууль хийх ёстой байдаг болохоор ЭмСиЭс тэр дагуу ажилласан юм. Энэ дашрамд хэлэхэд ЭмСиЭсийнхэн олон улсын болон Монгол улсад мөрдөгддөг энэ төрлийн бүх стандартыг яс мөрддөг юм шүү. Тэр үеэр галын дохио өгөхөд хүмүүс гарч ирээд, алба хэлтсээрээ бөөгнөрөн цуглах газар очиж зогсоод, хэн байгаа хэн байхгүйг бүртгэж, аврах шаардлагатай эсэхийг тодорхойлох, зарим хүмүүс нь дуудлага өгч, дуудлагаар ирсэн галын машиныг угтаж аваад зөв газар аваачих гэх мэт хүн бүр урьдчилан томилсон үүргийн дагуу ажиллаж билээ. Яахав яг тухайн үед жижиг сажиг алдаа гэхээр зүйлс анзаарагдаж байсан ч бүхэл ажиллагааны хувьд их үр дүнтэй ажил боллоо гэсэн сэтгэгдэл төрсөн юм. Шинээр ажилд орж байгаа хүн бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг боловч ихэнхдээ танилцуулга, ярилцлага маягаар явагддаг тул яг ингээд биечлэн үзүүлэхэд хүмүүсийн ой тойнд маш тод томруун буудаг. Улмаар дараа нь элдэв зүйл боллоо гэхэд хэн юу хийх, хаана очих, яах ийхээ сайн мэдэж, бусдыгаа ч чиглүүлж чадах болно.

Өнөөдөр хүмүүсийн постыг харж байхад анхны ийм том хэмжээний ажиллагааг эхнээсээ л маш сайн дэгтэй, зохион байгуулалттай болно гэсэн бодолтой байсан бололтой. Юуг харуулсан бэ гэвэл гамшигт хэн нь ч бэлэн биш байгааг харуулж байна. Хэн хэн нь энэ ажиллагаанд шинэдэж байгаа тул алдаа хаа хаанаа гарч л таарна. Үүнд бухимдаж шүүмжлэхийг урьтал болголгүй, дараа дараагийн сургуулиар яг юу бэлдэх, хаана очих, хэрхэн очихоо товлоод, толгойдоо суулгаад авч байгаа нь энэ ажлын гол зорилго гэж ойлгож уужуу хандана уу. Зохион байгуулагч тал ч дараагийн ажиллагаанд хүн хүчээ зөв хуваарилах биз. Энэ ажлыг санаачлан хийсэн хүнд нь би л лав хувиасаа баяр хүргэмээр байна.

АДЬЯА МИНЬ ДЭЭ

"Адьяа минь ээ" гэж Махлагхан Сараа маань дуулж билээ. Хорвоогийн олон Адьяа нарт зориулъя аа.

АДЬЯА МИНЬ ДЭЭ

Адьяа минь ээ, чамайгаа би алдлаа
Адьяа минь ээ, би буруутай.
болгох гэж чадлаараа хичээснийг минь эс мэднэ үү?
өөрийнхөөрөө чамайг хайрлах гэснийг минь,
амар байсан даа, орхиод одоход...

Адьяа минь ээ, хаяад явснаас чинь хойш хөндий оргиод
амьдрал хэвийн үргэлжлүүлэх хэцүү юм
үргэлж л өөрийгөө болон бусдыг ажаад
буруутсан зүйлээ байнга л эрэх юм.

чичлээд заах хүн ч үлдсэнгүй
чиний буруу гэж хэнийгээ ч хэлэх вэ
уужиртал ярилцах хүн ч алга
угаас бидний гэмгүйг итгэх ч хүн алга

бидэн бүгд гэм үгүй мэндэлдэг
бүү эргэлз, Адьяа минь, бид гэмгүй хэвээрээ
бүгд л бүдэрдэг шүү дээ, ядах юмгүй
тэглээ гээд яах билээ?


Wednesday, April 24, 2019

ЧУЛУУН ШИЛТГЭЭНИЙ ЖЕННИ

"Хаан сэнтийний тоглоом" цувралын төгсгөлийн бүлгийн 2 дугаар анги дээр том юут Подрикийн дуулсан "Jenny of Oldstones" хэмээх дууны үгийг нөхөдтэйгээ хамтран монголчлов. Дууг Флоренс үнэхээр сайхан дуулж, клипний зураг гэж гайхамшигтай. Кино бүтээгчид олон сая фэнүүддээ энэ ангиар баяртай гэж хэлэх шиг боллоо. Сүүлийн анги хүртэл өч төчнөөн зүрх шархалж хоцрох учраас салах ёсыг эртхэн хийлгэж сэтгэл зүрхийг амрааюу гэсэн байх.



Халин одсон хаадын их танхимд
Ханьсаж Женни бүжнэ, сүнснүүдтэйгээ
Хаяад одсон, хайгаад олсон, бас
Хамгаас илүү хайрлаж асан тэдэнтэйгээ

Эрт цагт нөгчиж, тэнгэрт халин одоод,
Эдүгээ суу нь бүдгэрч, түүнд мартагдсан ч,
Чийг даасан хуучин чулуун танхимд
Чин зүрхний нь гуниг үргээн тойрон бүжнэ ээ.

Орхин одохыг бүсгүй хүсээгүйсэн, огтхон ч хүсээгүй,
Орхиж явахыг бүсгүй хүсээгүй, огтхон ч хүсээгүй ээ

Өдрийн турш, үдшийн бүрий хүртэл тэд бүжив.
Өргөн танхимд хүүгэх өлөн цаст шөнөөр ч бүжив.
Өвөл зун солигдож, ахиад л өвөл эгэх хүртэл
Өндөр хана хагарч, үйрэн унах хүртэл, тэд бүжив.

Орхин одохыг бүсгүй хүсээгүйсэн, огтхон ч хүсээгүй,
Орхиж явахыг бүсгүй хүсээгүй, огтхон ч хүсээгүй ээ
Орхин одохыг бүсгүй хүсээгүйсэн, огтхон ч хүсээгүй,
Орхиж явахыг бүсгүй хүсээгүй, огтхон ч хүсээгүй ээ

Халин одсон хаадын их танхимд
Ханьсаж Женни бүжнэ, сүнснүүдтэйгээ
Хаяад одсон, хайгаад олсон, бас
Хамгаас илүү хайрлаж асан тэдэнтэйгээ

2019.04.24
ЧҮНДЖ-ийнхэн хамтран сууж эх хэлнээ буулгав.

Хаантан
ДоЯам
Цогоо

Saturday, April 20, 2019

ЛОГИК ҮГҮЙСГЭЛ

ЛОГИК ҮГҮЙСГЭЛ
Зохиолч Ховард Шөнфэлд, 1951 он



Хиллбүрт Хүүпэр Аспасиа товлосон хуваарийн дагуу Харвард Их Сургуулийн шинэ улирлын нээлтэд илтгэл тавихаар лекцийн танхимд хүүхдийн тэргэн дээрээ сууж байв. Өмнө нь хэдэн мянган оюутнууд сууцгаана. Нялх суутныг ямар сэдвээр ярих бол хэмээн оюутнууд тэсэж ядан шивнэлдэцгээнэ.

Хүүпер тэргэн дээрээсээ урагш бөхийн чимээгээ аядахыг анхааруулан гараа өргөв.

- Өнөөдөр би энд хүний оюун ухааны үүслийн талаар хэлэлцэх болно. Хүмүүн төрөлхтөний оюун ухааныг удамшил тодорхойлдог уу, эсвэл орчин тодорхойлох уу? Эсвэл энэхүү машид хэтрүүлэн үнэлэгдсэн үзэгдлийг хөгжүүлэхэд энэ хоёр хоёул оролцсон болов уу? Миний үзэж байгаагаар бол оюун ухаан гэдэг нь бидний тухайн мөчид хүртэж буй хүнсний төрлийн үр дагавар болно. Миний өөрийн оршихуй үүнийг баталж байна. Хүүхдийн орны хашлага, манжин идсээр байгаад л би дэлхийн хамгийн ухаантай хүүхэд боллоо шүү дээ.

Хүүпер түр азнав. Танхимын арын эгнээнд хоёр оюутан Хүүперийн санааг хэлэлцээд ухаан алга.

- Хэрвээ түүний хэлж байгаа үнэн бол, удамшил болон орчны аль нь ч хүмүүний оюун ухааны хөгжилд хувь нэмэргүй юм, - гэж эхний оюутан хэллээ.

- Яг тийм, - гэж хоёр дахь нь зөвшөөрөв.

Эдгээр залуус идэш хүнсийг орчны нэг хэсэг гэж тоолгүй орхигдуулсан нь мэдээжийн хэрэг байлаа. Тэд хоёул сургуулийнхаа хүндэт оюутнууд бөгөөд хоёулаа ФайБэтаКаппа түлхүүрийн эзэн, эрдэм шинжилгээний хүрээний бүхий л төрлийн өргөмжлөл шагналыг хүртэж, багш нар болон бусад оюутнуудынхаа хүндэтгэлийг хүлээсэн, товчхондоо бүхий л төрлийн боловсрол сургалтын тогтолцоонд хамгийн шилдэг хэмээн үнэлэгдсэн оюутнууд билээ.

- Хэрвээ, удамшил болон орчны аль нь ч оюун ухааны хөгжилд нөлөөгүй юм бол бидэнд өдийг хүртэл заасан зүйлс худал болох нь, - хэмээн эхний оюутан өгүүлэв.

- Гэхдээ бидэнд заасан зүйлс баримтад тулгуурласан шүү дээ, - гэж хоёр дахь оюутан мэтгэлээ.

- Тэр үнэн. Тэгэхээр Хүүперийн хэлсэн худлаа болж таарах нь ээ.

- Хүүперийн хэлсэн зүйл худлаа гэвэл тэрээр хүүхдийн орны хөндлөвч мод, манжин идсээр ухаалаг болоогүй, бас тэгээд хоёр насандаа докторын зэрэг хүртээгүй, тэргэн дээрээсээ коллежийн оюутнуудад илтгэл тавиагүй байж таарна аа.

- Түүний хэлсэн үг худлаа бол наадах чинь үнэн болно.

- Түүний хэлсэн үг бол яахын аргагүй худлаа гэдгийг хоёулаа тогтоосон шүү дээ.

- Тэгсэн.

- Тэгвэл Хүүпер гэж байхгүй. Хэрвээ тэр одоо, өнгөрсөн болон ирээдүй цагт оршин байна гэвэл логикийн дүрэмд харш болно. Тиймээс тэрээр огт байхгүй, - хэмээн эхний оюутан бат итгэлтэй хэллээ.

Түүнийг энэ үгээ хэлж дуусав уу үгүй юу Хүүпер алга болж орхив. Бие нь цайрч эхэлснээ, тунгалаг боллоо. Тэгээд хэсэгхэн утаа пурхийгээд тэрээр оргүй алга боллоо. Түүнийг оршин байсан гэх аливаа баримт мэдээлэл бүгд мөнөөх хоёр логик сэтгэлгээтэй оюутны ачаар ямар ч ул мөргүй алга болов.

Арван жилийн дараа Хүүперийг алга болгосон өнөө хоёр оюутан Вашингтон хот руу явах галт тэргэнд сууж явна. Тэд хоёул алдар хүндтэй эрдэмтэд ба хүн төрөлхтөнд маш их нэмэр хандив оруулж, их сургуулийнхныхаа хүлээж байсан өндөр амжилтад бүх талаараа хүрчээ.

Нэг нь Манханттан төсөлд ажиллаж атомын бөмбөгийн боловсруулалтад хамаг цаг хугацаа, эрч хүчээ зориулжээ. Нөгөөх нь харин цоо шинэ хөнөөлт бактерийн төрөл илрүүлсэн нь дэлхийн бүхий л хүн амыг аравхан агшны дотор л хуйгаар нь устгаж мэдэх аюултай аж.

Хоёул Конгрессын хүндэтгэлийн одонг арван долоонтоо хүртэж, зэвсэгт хүчний хүрээнд олгодог бүхий л одон медалийг гүйцээсний дээр тэдний нэрээр АНУ-ын Тэнгисийн цэргийн ёслолын хорин буудлага үйлдэж хүндэтгэл үзүүлсэн, Үндэсний аж үйлдвэр эрхлэгчдийн холбооны хүндэт гишүүн, Ерөнхийлөгчийн илтгэлд арван хэдэнтээ эш татагдсан, хүмүүн төрөлхтөнд тод томруун танигдсан сайн үйлстэнгүүд билээ.

- Юу гээч хө, - гэж эхний сайн үйлстэн яриа өдөв.

- Юу гэнэ ээ, - гэж удаах сайн үйлстэн хариулна.

- Хоёулаа нялх Хүүпер дээр алдаа хийсэн шиг байна аа.

- Яахлээрээ?

- Цаадах чинь хүүхдийн орны хашлага, манжин идсээр байгаад л дэлхийн хамгийн ухаантай хүүхэд боллоо гэж хэлээгүй юу.

- Тэгсээн.

- Идэш хүнс чинь орчны нэг хэсэг шүү дээ.

- Юу гэж байгааг чинь ойлголоо. Тэгэхэд хэлж байсан зүйл нь бидэнд зааж байсан зүйлстэй огт харшилсан юм огт алга.

- Тэгэхээр түүний хэлсэн үнэн байж.

- Хэлсэн зүйлс нь үнэн юм бол тэр ч гэсэн амьд байх ёстой юм байна даа.

- Яг тийм.

- Яг л логикийн дагуу.

- Тэгвэл Хүүпер амьд. Хэрвээ тэр одоо, өнгөрсөн болон ирээдүй цагт оршин байхгүй гэвэл логикийн дүрэмд харш болно. Тиймээс тэрээр зүгээр л байгаа, - хэмээн хоёр сайн үйлстэн эрдэмтэд бат итгэлтэйгээр хэллээ. Тэднийг энэ үгээ хэлж дуусав уу үгүй юу Хүүпер гэнэт хоосон агаараас үүслээ. Түс тас нүргэлээд, цахилгаан цахиж сүр үзүүлснээ өнөөх чинь хүүхдийн тэргэн дээрээ суусан хэвээр гал тэрэгний суудлуудын хооронд бий болов.

- Ноёд оо, - хэмээн тэрээр резинэн зуултуураараа тэдний нүүр рүү зангаад, - үүнээс хойш аливаа зүйлийг яаран бүү дүгнэж байгаарай даа, - гэж хэлэв.

Гэхдээ тэгнэ гэдгийг нь хэдийн мэдэж байлаа.

Орчуулсан: Д.Цогчулуун (ЧҮНДЖ)
Зөгнөлт – 4
2019.03.29

Зургийн эх сурвалж: https://www.dreamstime.com/stock-illustration-vector-sketch-illustration-buggy-white-background-image77273853

Friday, April 19, 2019

ШУВУУХАЙ

Виктор Цойгийн "Кукушка" Полина Гагаринагийн дуулснаар



ШУВУУХАЙ

Бичигдэж хараахан амжаагүй дуу хэд билээ?
Хэлж өгөөч, шувуухай минь, дуулаач.

Хот хүрээнд амьдрах уу, аль эсвэл хөдөө гарах уу,
Чулуун шалан дээр зулах уу, аль эсвэл одот тэнгэрийг ширтэх үү?
Оддыг.

Нар минь, над руу хараач,
Алгаан атгаж нударга зангидав,
Дарьтай бол та, гал өрдөөч.
Яг ингээд...

Хүнгүй ганц жимээр хэн замнах билээ?
Хөнөөлт дайны талбарт хүчтэй бөгөөд зоригтой нь эрсдэж,
Хөлчүү ухаан саруулжиж, гар чангарахын алдад
Хэдхэн цөөхөн нь л гэгээн дурсамжид торойх юм даа.

Нар минь, над руу хараач,
Алгаан атгаж нударга зангидав,
Дарьтай бол та, гал өрдөөч.
Яг ингээд...

Дүүлэн нисэх эрх чөлөө минь хаана явна вэ?
Жаргах нарны зөөлөн туяаг
Хэнийхээ дэргэд угтаж явна вэ?
Хариулаач.

Чамтай байхад сайхан, үгүйд чинь гундуу,
Мөр болоод толгой ташуурын дор гудайна, тэвчээртэйеэ,
Ташуурын дор.

Жаахан тиймхэн л боллоо. Гэхдээ яах вэ ингэсгээд л Монголчлоод тавьчихъя. Цойгийн эх хувилбар нь гоё л доо. Гэхдээ Полинагийн энэ бас их аятайхан санагдаад байдаг юм.

Wednesday, April 17, 2019

Temuulen ft Behi-The Wave



Хайраас чи бүү ай
Хажууд чинь би байна
Ганцаардлаас бүү ай
Гараас чинь би атгая
Хөлгүй их далайд
Хөвөн чамайг бодон зогсоод, зогсоод
Сэтгэлд минь тавтай морил
Уйтгар гунигт минь чи урсан хөвөөч
Давалгаалж ирэх амьдралд
Миний ертөнцийг чимэн гэрэлтүүлээч
Хайраа чамд өгсөн
Хажууд чинь би байна
Одоо үүрд хамтдаа
Он жилүүдийг үдье
Чинийхээ бодлын гүнд
Чамайг хүсэн би жаргаана, жаргаана
Сэтгэлд минь тавтай морил
Амьдрал минь одоо чамаар дүүрэн
Тэртээх гэрлийн зүгт
Тэмүүлж хамтдаа сэлүүрдээд
Өө хайрт минь


Be not afraid of love
I’ll be by your side
Be not afraid of loneliness
I’ll hold your hands
I’ll stand afloat
In the deepest ocean
Thinking of you
Welcome to my heart
Sorrows of mine please flow away
Waves of life
Brighten my world

I gave my love to you
I stay by your side
Now we’re together forever
See the years pass us by
I’ll stay deep in your thoughts
I’ll be craving for you,
I’ll thrill you.
Welcome to my heart
Now, my life is filled by you
Let’s head to the light afar
Together we keep rowing
Oh, my love.

БЭЛЭВСЭН

БЭЛЭВСЭН
Зохиолч Жулиа Лемир-Коссэт
(Widow by Julia Lemyre-Cossette)



Арлын хамгийн өндөр газарт суулгасан модон сандал дээр тэнгисийн зүг ширтэн суув. Цэлмэг хөх тэнгэр, доор нь байгаа тэнгис хоёул төгсгөлгүй мэт тэртээ алсран цэлэлзэх нь хаа нэгтээ очоод нийлэхийг хүсч буй мэт. Байгалийн үзэмж сэтгэл догдлуулам сайхан байсан ч миний сэтгэл үймэрч сэмрээд, хэзээ ч ахин олдохгүй зүйлээ тэсгэлгүй хүсэмжилнэ. Тэнгисийн давсархаг агаар наранд борлосон арьсыг минь зөөлөн илбэж, хөх даавуун даашинзны хормой хөл шүргэн дэрвэлзсээр. Тээр доор номин цэнхэр давалгаанууд эргийн жижиг агуйнуудыг нэлэнхүйд нь бүрхэн хуйларч, түрхрэх нь бүгтхэн сонсогдоно. Элсэн шаргал цохионууд дээрээс төөнөх нарны илчийг өөртөө шингээх мэт. Би ахиж гэрээ олох болов уу? “Зүрх байгаа газар гэр буй” гэлцдэг биз. Зүрх минь шаналлаар дүүрэн, гэр гэчихээр юм огт үгүй.

Эр нөхөр минь бараг гурван сарын өмнө өөд болсон, би бэлэвсэн. Гучин гурван настай, амжилттай бизнес эрхлэгч эмэгтэйг ийн нэрлэх нь үнэхээр санаанд оромгүй, тохиромжгүй мэт санагдана. Бэлэвсэн, бэлэвсэн... гэгдэх хүмүүс чинь үлгэрт гардаг ааштай хөгшин авгай нар байдаг биш бил үү? Үлгэрийг аймаар болгох зориулалттай хөгшин, үрчлээтэй, царай муутай авгайчууд. Гэвч ганц бие гэж хэлэхээр үүнээс долоон дор санагдах юм. Яг л нэг бүтэлгүйтчихсэн хүн шиг, гэтэл бидний бүх юм үнэхээр сайхан байсан шүү дээ. Бид жинхэнээсээ аз жаргалтай байсан. Би ямар хүний сонирхол татахааргүй, эсвэл ажилдаа хэт улайрч ажил амьдралын тэнцвэрээ алдаад ганцаар яваа хүн биш. Хүнтэй хамтд амьдарч, хариуцлага үүрч чаддаггүй хүн байгаа биш. Би бүгдийг нь хийсэн. Бүгдийг зохих ёсоор нь. Би аз жаргалаа олсон, жинхэнэ хайраа олсон байсан. Гэтэл амьдрал энэрэх сэтгэлгүйгээр намайг дээрэмдчихсэн.

Би хүмүүст ганц бие харагдахыг хүсэхгүй. Угаасаа ч ганцаар гэж санагдахгүй байна. Тайлж зүрхлэхгүй байгаа бөгжөө нэг л мэдэхэд хуруугаараа оролчихсон сууж байдаг. Зүрхлэхгүй, хүсэхгүй... Үнэнийг хэлэхэд бөгж байгаа тулдаа асуулт цөөн ч байх шиг, ялангуяа намайг хэн ч танихгүй, хэл нэвтрэлцэхгүй, миний явдлыг огт гадарлахгүй газар байгаа болохоор. Намайг сонирхсон эрчүүд хуруун дахийг минь хараад замаа хөөж одно. Хүмүүс миний амрагийн явдлыг сонирхож асуух ч үгүй. Намайг аз жаргалтайгаар гэрлэсэн гэж үзээд, тэр тайлбартаа сэтгэл хангалуун байх шиг. Бүтэлгүй болзоонууд, ядаргаатай найз залуусын тухай яриа илүү сонирхолтой байдаг байх л даа.

Тэгээд ч би түүнийгээ мэдэрсээр байгаа үед яаж ганцаар байх билээ. Тэр минь үргэлж надтай хамт байдаг. Бодолд минь. Зүрхэнд минь. Оршуулга, будаалгыг нь төлөвлөж байхдаа би яг л хоорондоо ярьж шийддэг байсан шигээ түүнтэй ярилцаж байлаа.

- Цэцгэнд яасан их мөнгө зарж байна аа? – хэмээн тэр минь намайг компьтер дээрээ сууж байхад араас өнгийн асууна – Солиормоор юм! Би одоо ямар нэг юмны хаан байгаа биш, ер нь надад цэцэгний хэрэг гэж юу байна?

- Чамд цэцэг хэрэгтэй байлгүй яах вэ? Бүх юм үзэсгэлэнтэй, донжтой байгаасай гэж би хүсч байна. – гэж би төсөөллийн нөхөртөө хариу хэлнэ.

- Гэхдээ тэнд байгааг нь би мэдэх ч үгүй шүү дээ. Мөнгөө хэмнэ л дээ. Ийм их цэцгийг худалдаж авахгүй байлаа гээд хүмүүс огт анзаарахгүй. Хэн ч анзаарахгүй дээ, хонгор минь.

- Оршуулган дээр чинь огт цэцэг байхгүй бол анзаарч л таарна даа. Чамтай салах ёс гүйцэтгэх үед бүх юм сайхан байгаасай гэж би хүсч байна. Чамайг хэр их хайрладаг байсныг минь хүмүүс мэдрээсэй гэж би хүсч байна. Итгэж үзээрэй, хонгор минь, намайг их мөнгө зарцууллаа гэж хэлэхгүй ч огт цэцэггүй байвал хорголоо тоолжээ гэж ярьцгаана шүү. Хүмүүсийн анхаарал цэцгэн дээр биш чам дээр байгаасай гэж хүсч байна. Тэгэхээр хүмүүст цэцэг алга даа гэж бодогдуулахгүйн тулд тэнд цэцэг байж байх ёстой, - гэж би өөрийн эрхгүй дуржигнуулан ярьж байгаагаа төсөөллөө. Түүнд заавал тайлбарлаж өгөх ёстой байсан шүү дээ.

- Пөөх. Би ёстой нэг ч үг ойлгосонгүй. – гэж тэр хариулав. Намайг дэмий сүржигнэлээ гэж бодохоороо даажигнан ирмэдэг шигээ ирмээд, - За, ойлголоо доо, чи минь л жаргалтай байвал цэцгүүдээ ав даа, гэхдээ хэт их мөнгө битгий зараарай, гуйж байна. – гэнэ.

Тэгээд мөрөөр минь чанга тэврэн энхрийлэх нь бараг л мэдрэгдсэн тул би буулт хийж захиалгынхаа тоог талд нь хүртэл буурууллаа. Түүний минь зөв дөө, би арай л хэтрүүлээд байсан юм.

Би галзуураагүй юм шүү. Огт үгүй. Энэ бол миний гашуудал. Хэрвээ сэтгэл зүйчтэй уулзаад асуувал тэд “намайг болсон явдалд дасан зохицуулах гэсэндээ оюун ухаан маань хуучин дурсамжин дундаас харилцан яриа зохиож байна” гэх маягийн юм хэлнэ гэж барьсан ч алзахгүй. Тэгсэн ч байж болох. Шаналсан зүрхийг анагаах зөөлөн түрхлэг шиг л. Эсвэл тэр минь жинхэнээсээ намайг тойроод явж байгаа байх. Эсвэл түүнийгээ тавьж явуулж чадахгүй байгаа миний буруу ч юм уу. Эсвэл бүгдээрээ ч юм уу.

Бэлэвсэн. Яасан жигтэй үг вэ.

Оршуулгын маргааш би унтлагын өрөөнийхөө толины өмнө зогсож байлаа. Түүнийгээ өөд болсноос хойш туж хуучин футболкийг нь өмсөж байсан юм. Бараг л намайг тэврээд байгаа юм шиг санагддаг. Бараг л. Урд өдөр нь дээш шууж боосон байсан үсээ задалж амжилгүй ядраад орон дээрээ унаад өгсөн болохоор орооцолдож, мушгирсан байлаа. Улайсан нүдийг минь тойроод хөхөмдүү сүүдэр унажээ. Өглөөн нарны гэрэл тусч байх тэр мөчид би толин дээрх тусгалаа харж байгаад тэр үгийг анх удаа чангаар хэлж үзлээ.

Бэлэвсэн.

Миний хоолой үнэхээр цочирдмоор сонсогдов.

Бэлэвсэн.

Ямар ч утгагүй үг.

Бэлэвсэн.

Хоосон үг.

Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн. Бэлэвсэн.

Нулимс мэлмэрсээр бөмбөрөн унаж хацар даган зугуухнаар халуу дүүгүүлэн урсав. Чихэнд нэг л наалдацгүй хөндий сонсогдоно. Намайг хэлээгүй ээ. Би огтоос биш. Би бэлэвсэн биш. Эр нөхөр минь зүгээр л өөд болсон.

Тэр өдөр би Ром нисэх маргаашийнх нь тасалбар авч, ачаагаа бэлдэхээс өөр юм хийсэнгүй. Гэвч байгаа бүх хувцас минь намайг ганцаар болсон гэж сануулаад байсан болохоор олигтой хувцас ч авч чадсангүй, орхиж болшгүй түүнийхээ футболк, усны хувцас, дотуур хувцас, энгэсэг будаг сэлтээс гадна онгоцонд өмсөх жийнсэн өмд, футболк л авлаа. Цэцгэнд зарцуулах хэрэггүй гэж намайг ятгаж болиулсан мөнгийг нь Италид очоод шинээр хувцас худалдаж авахдаа хэрэглэж таарах ёстой байж.

Ромд очоод би ажлаас ирсэн бүх имэйл, дуудлагуудад хариул өгөлгүй хаялаа. Ажлынхан маань намайг эргэж ирэх эсэхийг мэдэх санаатай л холбоо барих гэж оролдсон болов уу. Би өөрөө ч яахаа мэдэх юм алга. Амальфи эрэг орох галт тэрэгний тасалбар авлаа. Авчирсан усны хувцсаа тэнд л өмсөж болох юм байна гэж бодсон хэрэг. Поситанод нэг цомхон байр оллоо. Уулын бэлд далай руу харсан том тагт бүхий жижигхэн ягаан зуслангийн байшин. Дүнхийсэн том уулын бэлд өчүүхэн гэдгээ мэдрэх сүрдэм. Надад таалагдаж байна. Анх ирэхдээ Итали хэл огт мэддэггүй байсан ч хоёр сарын дараа гэхэд хүнс базааж, тэнгисийн эргийн барнуудас лимончелло* захиалах, байрны эзэгтэйтэй яриа үүсгэн, ойр зуур явахаар бол зүг чигээ асуухтайгаа болжээ. Хэлний бэрхшээлтэй болохоор хавийн улстай төдий л дотносохгүй. Хүмүүст тэр талаар яриад байхгүй нь нэг бодлын сэтгэлд амар. Ярья гэсэн ч чадахгүй байсан биз.

Ихэнх өдрүүдийг чулуун тагтан дээрх олон өнгийн том жинтүүнүүд дээр суугаад дарс шимж, шинэхэн төмс, бяслаг, мах идэж өнгөрөөж байлаа. Авч ирсэн номондоо огт хүрээгүй, хажууд эвхээстэй хэвээр. Хавтсыг нь ч сөхөж чадахгүй юм шиг санагдах тул би оронд нь тэнгис өөд хараа бэлчээж, давалгаан цувааг ажигласаар өөрийн бодолдоо, дурсамждаа бэдрэн сууна. Доошоо эрэг рүү очоод хэдэн цагаар ч хамаагүй усанд сэлнэ. Сонин санагдаад гүнд шумбах амьсгалын баг худалдаад авчихсан. Уг нь гэрээс гарахдаа мартаж орхисон биеийн алчуур, шаахай зэргийг авах санаатай эргийн дэлгүүр орсон юм. Усны мандалд доош харан хөвж, доогуур сэлэлдэх загасыг ажиглангаа нил ягаан өнгийн хуванцар хоолойгоор тайван амьсгална. Загаснууд үнэхээр амгалан амьдрах юм, тойрч сэлээд л, идээд, үржээд. Ерөөс тэд ховсдох увдистай мэт. Тиймдээ ч тэр үү өдөр бүр давалгааны аясаар хөвөлзөнгөө тэднийг хараад л баймаар. Орон зайд замхарч, хэн ч биш болоод хаана ч эс орших мэт сэтгэн, хөвөөд.

Заримдаа би тосгоноор алхаж шүрэн зүүлт зэрэг өнгө бүрийн бараа өрөөтэй дэлгүүрүүдийг ажиглан явдаг. Зүймэл чулуун замтай гудамжаар зургаан ямхын шөвгөн өсгийт жийсэн бүсгүйн алхаж явахыг хараад, эр нөхөр минь миний бүсэлхийнээс тэврэн өөртөө наагаад тонгойж чихэнд минь, - Яагаад ийм гудамжинд тийм шөвгөн өсгийт өмсөөд алхахыг сайхан санаа гэж боддог юм бол? Шагайгаа мултлах гээ юм болов уу? – гэж шивнэж байгаа нь бараг л сонсогдсон. Яг тэр агшинд тэр минь хаа сайгүй байсан. Амьсгаа давчдуулж, хурууны үзүүрийг жирсхийлгээд. Би зогтусаад, өөрийн эрхгүй инээмсэглэн нүдээ анихад, түүний амьсгал хацар тэгээд чихэн дээр минь мэдрэгдсэн. Зүрх догдлон булиглаж, хацар халуу дүүгээд түүнтэйгээ хамт байх гэж чадлаараа тэмцсэн боловч нүдээ нээхэд минь дүүрэн хүнтэй гудамж хоосон цэлийгээд байж байхыг сэтгэлдээ мэдэрч байлаа. Тиймээс би нүдээ тас аниж, түүнтэйгээ дахиад ганц хором ч атугай хамт байв.

Урд шөнө нойр хулжаад унтаж чадахгүй байсан болохоор шөнө дунд гарч уул өөд алхав. Сарны гэрэлд жим даган ууланд гараад оргил дээрээс нар мандахыг, тэнгисийн мандлыг зүйрлэж хэлэмгүй яруу өнгөөр гэрэлтүүлэхийг харлаа. Үнэхээрийн үзэсгэлэн төгөлдөр байсан ч миний дотор хөндий хэвээр. Юу ч байхгүй хоосон. Тэр мөчид түүнийгээ мэдэрч чадаагүйдээ бачимдаж удтал уйллаа.

Тэндээс доош буугаад шууд боомт дээр очиж Капри хүрэх усан онгоцонд суув. Дэлхийн хамгийн сайхан арлуудын нэг гэх. Яагаад гэдэг нь илт байлаа. Үнэхээр өнгөлөг, зүсэн зүйлийн худалдаачин, загасчид боомт дээр багшралдаж, далайн эрэг тийш харсан өч төчнөөн зоогийн газрууд тасралтгүй үргэлжилсэн сайхан хот юм. Уулын оргил өөд хүргэх дүүжин сандлыг алгасаад овон товонтой нарийхан шороон жимээр өгсөв. Усан үзэм, оливийн модод, өнгө бүрийн цэцэгсээр хучигдсан сайхан байшингууд ээлж дараагаар өнгөрсөөр. Ягаан, шар, цэнхэр өнгийн жижигхэн байшингууд... Хоёр цаг орчим алхаад би түр амсхийж замд таарсан муурыг эрхлүүлэнгээ цэцэгсийн анхилуун үнэрийг таашааж, наранд биеэ ээн зогсов. Орой дээр байх хотын төв талбайд хүрэхдээ би бүр хөлөрч орхисон байсан тул модон сандал дээр тухлангаа өргөн хүрээтэй сүрлэн бүрх малгайн доороо нуугдлаа.

Ард минь хүн зон дүүрэн оволзох гудамжинд хүүхдүүд тойрон гүйлдэж эцэг эхээсээ желато** авч өгөхийг гуйн шуугилдаж, амраг хосууд янз бүрийн өнцгөөр зургаа татуулж, анд нөхөд мөстэй лимончелло шимэн хашаандаа налайж, нутгийн иргэд итали хүмүүсийн зангаар гараа савчуулан ярилцацгаана.

Бэлэвсэн.

Үгүй. Би бэлэвсэн байж чадахгүй. Яаж ч харсан энэ үгээр өөрийгөө төсөөлж чадахгүй нь. Ордоггүй, таардаггүй, таалагддаггүй гутал шиг байна.

Би сандлаас босч арлын гүн рүү, хүмүүсийн шуугианаас хол, вангийн цайз рүү явлаа. Сүрлэг байгууламж арлын хамгийн өндөр хэсэгт, эргийн цохион дээрээс тэнгисийг тольдон байрлах аж. Балгас гэхэд энэхүү асар том чулуун барилга хэвээ сайн хадгалжээ. Улаан чулуун хана нь өрөөнүүдийг таатай сэрүүн байлгах бөгөөд тэндээс гаруут үд дундын нар хайр найргүй шарж тэнгисийн сэвшээ салхи үлээхэд л жаахан арай дээрдэнэ. Ханын цаадтай эгц цохио шууд тэнгистэй залгах бөгөөд тэнгисийн давалгаа шуугин ирж хаданд цохисоор, цохисоор, цохисоор. Яг л миний зүрхний хэмнэл мэт жигд хэмнэлээр.

Би бөгжөө хуруунаасаа сугалан авч мөнгөн тойрог, мөсөн гоёлын нь гялалзахыг харлаа. Алгуурхнаар алгаа тэнийлгэн хажуу тийш эргүүлж бөгжийг цохио давуулан унагав. Усанд унах чимээг нь ч сонссонгүй, унаж байгаа барааг нь ч харъя гэсэнгүй.
Зүрх байгаа газар гэр буй, бас итали хэлний бэлэвсэн гэдэг үгийг би мэдэхгүй.

* Limoncello – Италийн өмнөд нутгийнхны түгээмэл хэрэглэдэг нимбэгийн дарс
** Gelato – Итали маягийн мөхөөлдөс

Орчуулсан: Д.Цогчулуун (ЧҮНДЖ)
2019.04.16

Эх сурвалж: https://www.writersdigest.com/
Зургийн эх сурвалж: Пинтерест

Friday, April 12, 2019

ГАРЦААГҮЙ АМИА ХОРЛОЛТ

ГАРЦААГҮЙ АМИА ХОРЛОЛТ
Зохиолч С. Фоулер Раит, 1951 он



- Ердөө л хоёрхон агшинд Дэлхий тэр аяараа дүрэлзэх галд автаад л алга болно, - хэмээн Н.Ю. Лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан гэргийдээ сонирхуулан ярина.

- Гэрэл ганц мэлтэсгээд л хорвоо ертөнцөөс нэг гараг үүрд алга болно. Хамгийн гайхалтай нь ерөөсөө маш энгийн байгаа юм. Зүгээр л хашааныхаа амбаар савандаа сууж байгаад л хийчхэж болохоор. Хэрэг болох зүйл нь ердөө л гуравхан бодис, маш амархан олдоцтой, тэгээд тэднийгээ тохирох хэмжээгээр холиод хуйлаастай халуун төмөр утас байхад болно.

- Тэгвэл тэр бодисуудыг нь бүрмөсөн устгаад байхгүй болгочихсон нь дээр юм биш үү? – хэмээн гэргий нь лавлав.

- Харамсалтай нь бүр маш түгээмэл тархсан, хаа сайгүй хэрэглэгддэг болохоор бүрмөсөн устгах ямар ч боломжгүй.

- Тэгэхээр энэ талаар ямар нэг тэнэг хүн, эсвэл бүр ямар ч авралгүй болсон гэмт хэрэгтэн ч юм уу олоод мэдчихвэл хүн төрөлхтөнтэй хамт гарагийн амиа хорлолт хийх боломжтой гэх гээд байна уу?

- Ойлгохгүй байх боломжгүй л дээ, – хэмээн мань судлаач гаансаа тайвнаар нэрэнгээ, - Гэхдээ одоогоор зөвхөн А зэрэглэлийн гуч орчим хүн л энэ талаар мэдэж байгаа. Орц найрлагын талаар хэнд ч хэлэхгүй гэж бид нууцын тангараг өргөсөн болохоор би чамд ч хэлж чадашгүй. Гэхдээ бидний дундаас хэн нэгэн нь одоо эсвэл хэзээ нэгэн цагт...

- Яаж яваад ийм олон хүн мэддэг болчихсон юм бэ?

- Нэгдүгээр зэрэглэлийнхний бүгдээрээ оролцдог долоо хоногийн хурлын үеэр ийм байж болох юм гэсэн яриа гарсан юм л даа. Бидний хэсэг хүмүүс тэр талаар тодорхой үе шат хүртэл нь туршилт хийгээд, цааш нь математикийн тооцоолол хийж үзсэн. Бүх гаргалгаа ижил үр дүнг зааж байна билээ. Туршилтаар заавал үзүүлж батлах боломжгүй ч дүгнэлтэд бол ямар ч эргэлзэх зүйл байхгүй.

- Тэгвэл энэ талаар бүх мэдээлэл баримтыг бүрэн устгаад, энэхүү түйтгэрт мэдлэгийг агуулж байгаа та нарын ой санамжаас ч гэсэн нэн даруй зайлуулах хэрэгтэй юм биш үү.

- Наад талаар чинь бидэнд ярилцсан зүйлс байгаа. Маргаашийн тусгай хурлаар ч бас ахин ярилцана. Тэр чиглэлд ч шийдвэр гарч магад. Гэхдээ ийм олон тооны улсын дунд үзэл бодлын зөрчил байх нь жирийн үзэгдэл шүү дээ. Манай өмнөх хурал дээр гурван хүн шууд л эсэргүүцсэн. Шинжлэх ухааны ямар ч мэдээлэлтэй тийнхүү харьцаж болохгүй гээд тэд эрс эсэргүүцсэн дээ. Гэхдээ нэг зовлонтой юм нь юу вэ гэвэл, тооцооллыг нь устгалаа ч гэсэн яг ажиллагаа, орц найрлага нь маш энгийн болохоор ой тойноос гарна гэж байхгүй, ялангуяа бидэн шиг улсынхаас бол бүр үгүй.

- Тэгвэл хамгийн ойлгомжтой юм нь... Ямарваа эсэргүүцэл тулгарвал, зүгээр миний бодлоор шүү дээ, тэр эсэргүүцээд байгаа нөхдийг аргалж барахааргүй элдэв балай юм хийчихээс нь өмнө урьтаад үхлийн танхимд түгжчихвэл болох юм биш үү.

Графтон санал нийлэв. Ярих юм ингээд дууссан тул гэргий нь унтахаар хажууллаа.

Нойр нь хулжчихжээ. Өнгөрдөг долоо хоногжингоо л тэрээр өчүүхэн төдий гомдонгуутаа дэлхийг тэр аяар нь сүйрүүлж чадах мэдлэг хүн бүрт байдаг ертөнцөд амьдарвал ямар байх тухай төсөөлж өнгөрөөсөн билээ. Удахгүй дурын увайгүй этгээдийн амнаас гараад ирж мэдэх “Миний хүссэнийг өгөхгүй бол бүгдээрээ цагийн дараа үхэцгээе” гэсэн сүрдүүлэг хамгийн зоригтой хүнийг ч хүртэл ахин бодоход хүргэнэ дээ.

Ийм юм болохгүй байсан ч гэсэн яг энэ мэдээлэл олон нийтэд нээлттэй байгаа үед Дэлхий маань хэр удаан тогтнох бол? Сар бүр л янз бүрийн яс угсааны, бүх төрлийн ажил алба эрхэлдэг хэдэн мянган хүн амиа хорлож байна. Тэдний дундаас бүгдийг араасаа чирээд сүр дуулиантай явах сонирхолтой хүн гарахгүй гэж үү? Энэ мэдлэгийг түмэнд түгээхэд Дэлхий ганц ч долоо хоног тэсэхгүй. Гэвч одоо яалтай ч билээ.

Гэтэл гүн нойрсож тархиа амраагаад, дөнгөж боссон гэргий нь цочиж уулгалмаар санаа хэллээ.

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү амьдралд ойр, хатуу шийдвэрүүдийг гаргах чадвартай. Гэргий нь унтаж буй хүүхэд рүүгээ харлаа, тэгээд хажуу өрөөнд унтаж буй нэг насаар эгч охиноо бодож байснаа ийнхүү хэлэв.

- Энэ гучин хүн цаашаагаа мэдлэг дамжуулахаас нь өмнө устгачихвал их сайн байхсан.
- Пээ, хонгор минь, ямар хүмүүс гэдгийг нь бодоод үзээч! Профессор Грибштейн, тэгээд доктор Торнтон, бас...
- Доктор Торнтон ч дээ. Надад лав анхнаасаа таалагдаж байгаагүй, - хэмээн гэргий нь энгийн л эмэгтэй хүний янзаар хариуллаа.

Тухайн үедээ энэ чивэлт бодлын талаар ахиж бодолгүй тэр чигт нь хаячихсан бөгөөд нөгөө цөөнх нэлээн хэдүүлээ болчихоод энэ мэдлэгийг тараах хэрэгтэй гэж яршиг болж Зөвлөл дээр бөөн хэрүүл болоогүй бол санаанд нь хэзээ ч орж ирэхгүй ч байж мэдэхээр байв. Нэг нь бүр энэ нээлтийн талаар олон нийтэд зарлан тунхаглаж, өөрсдөө Гучийн Зөвлөл болоод дэлхийг удирдан захирч, хүмүүс бидний өлмийд айдаст автан мөлхөх ёстой гэсэн юм ярьж байсныг яана... Тэр үед л үүнийг амархаан гэгч нь хийж болох юм гэж бодогдсон. Дараагийн хурал дээр бүгд ирэхэд би л ганцаараа байхгүй! Томуу тусаад босож ч чадахгүй болсон. Жинхнээсээ. Томуугийн шинж үзүүлэх амархан л даа. Дараагийн дайнд хэрэглэх үнэргүй хорт хийг туршихад арван долоохон агшны дотор хоёр зуун үхэр чадхийж билээ. Хурлын танхимын дээд тавиур дээрх цилиндр саванд байгаагаас ч бага хэмжээг хэрэглээд тэр шүү дээ! Тусгай хамгаалалтын зориулалтаар тэнд байлгадаг юм л даа. Маш найдвартай лацадсан. Гэхдээ зэврүүлэх чадалтай хүчлийг цилиндрийн ханан дээр асгаад идэх цагийг нь тохируулж болно. (Тэд яаж үхсэнээ ч мэдэж амжихгүй, ер нь хэн ч мэдэж чадахгүй гэдэг нь л чухал) Явж явж энэ их боломжийн санаа байна шүү. Сайхан сэтгэлтэй, ухаалаг, хайр булаам Мауд минь хүртэл үүнийг зөв зүйл гэж бодож байхад. Яг цаг нь тулаад бодоод байх нь ээ, тэр ч бас доктор Торнтонд дургүй болж таарав. Тэгээд ч үүний дараагаар мань эрийн албан тушаалын байдал ч хэмжээлшгүй сайжраад ирж байгаа юм.

Ингээд ээлжит Зөвлөлийн хурлаар төлөвлөгөөгөө хэрэгжүүлэв. Хэн ч түүнийг сэжиглэсэнгүй. Ганц алдаа нь зөвшөөрөх байх гэж бодоод Маудад хэлсэн явдал болов. Үнэхээр ч гэргий нь маргаангүй зөв гэж хэлжээ.

Одоо хамаг хүч түүний гарт төвлөрсөн тул хамгийн ухаалаг чиглэлийг сонгох хэрэгтэй хэмээн мань судлаач хэллээ.

Мауд олныг эргэцүүлэв. Олон зүйлийнх нь дунд эр нөхөр нь хэзээ нэгэн цагт өөд болохоор бол араасаа дагуулчихъя гэж бодох болов уу гэх эргэлзээ ч байлаа. Унтаж буй хүүхэд рүүгээ ахин нэг хараад амьдралд ойр зүйлийг хийв. Хор худалдаж авахад хэцүүгүй газар тэд амьдардаг. Өглөөний кофенд нь холиод өгчихсөн.

Эр нөхөр нь өөрийгөө өмнөх хорин есөн хүний үхэлд буруутай, бас хайхрамжгүйгээс болоод үлдчихлээ гэж ихэд гутрангуй, сэтгэл санаагаар унаад байсан тухай гэргий нь цурхиран хэлсэн тул амиа хорлосон явдал болох нь гарцаагүй. Гэргий өөрийн зүг ирэх хардлагыг арилгах нь зүйн хэрэг. Хоёр хүүхдийнхээ төлөө амьдрах хэрэгтэй биз дээ. Хэдэн сая хүний үхлийг тоодоггүй мөртөө хуулийнхан ганц хүний үхэл дээр хэрхэн сүржигнэдгийг тэрээр маш сайн мэдэх билээ.

Орчуулсан: Д.Цогчулуун (ЧҮНДЖ)
Зөгнөлт – 3
2019.04.12

Зургийн эх сурвалж: https://www.behance.net/gallery/58030919/My-jelly-brain-(overthinking)

Tuesday, April 09, 2019

Дайдо - Цагаан дарцаг

За эмочдодоо зориулаад "Цагаан дарцаг" хэмээх сайхан дууг монголчиллоо. Таалан болгооно уу.

Дайдо - Цагаан дарцаг

чамд би хайртай гэж хэлэх ёсгүй,
чин сэтгэлийн минь хайр дууссан гэж
бодож явдгийг чинь мэднэ ээ, гэхдээ
хэлээгүй ч гэсэн мэдэрч яваа минь
хэцүү хэрэг биш гэж үү?

зовоох гээгүй юм шүү чамайг, би амлая
зогссон газраасаа үргэлжлүүлэх хүсэл ч алга

гар өргөн би бууж өгөхгүй ээ
гарцаагүй энэ хөлөгтэйгээ хамт живье
үүдэндээ цагаан дарцаг ч өлгөлгүй
үүрдийн хайраа тээсээр би явъя

эргэж ирье гэвч би
эгэлгүй их сүйрлийг үлдээж одсонсон
дандаа чамайг зовоодгоос болоод
дахин надтай ярихгүй гэвэл, би ойлгоно оо

“бүх юм дууссан” гээд буруу хараад явбал
буруутгахгүй ээ, чиний зөв

гар өргөн би бууж өгөхгүй ээ
гарцаагүй энэ хөлөгтэйгээ хамт живье
үүдэндээ цагаан дарцаг ч өлгөлгүй
үүрдийн хайраа тээсээр би явъя

бидний зам огтлолцоно
би үүнд итгэлтэй
байсан бүхэн
байх болно, яг хэвээрээ
гэвч би хэлээ хазна
гэмгүй царайлж дуугүй өнгөрнө
магад чи эс анзаарна
мартаж гэж буруу бодно

гар өргөн би бууж өгөхгүй ээ
гарцаагүй энэ хөлөгтэйгээ хамт живье
үүдэндээ цагаан дарцаг ч өлгөлгүй
үүрдийн хайраа тээсээр би явъя

гар өргөн би бууж өгөхгүй ээ
гарцаагүй энэ хөлөгтэйгээ хамт живье
үүдэндээ цагаан дарцаг ч өлгөлгүй
үүрдийн хайраа тээсээр би явъя

гар өргөн би бууж өгөхгүй ээ
гарцаагүй энэ хөлөгтэйгээ хамт живье
үүдэндээ цагаан дарцаг ч өлгөлгүй
үүрдийн хайраа тээсээр би явъя



Д.Цогчулуун 2019.04.09

Monday, April 08, 2019

ХИЧНЭЭН ЖАРГАЛТАЙ

ХИЧНЭЭН ЖАРГАЛТАЙ
Зохиолч Айзэк Азимов, 1951 он



Маржи тэр шөнийн тухай тэмдэглэлдээ хүртэл бичиж байсан удаатай. 2155 оны 5 дугаар сарын 17 гэж толгойлсон хуудсан дээр тэрбээр “Өнөөдөр Томми жинхэнэ ном олов!” гэж дурайлган бичжээ.

Их эртний ном байлаа. Маржийн хөгшин аав нэгэнтээ бага насныхаа тухай хуучлах зуураа түүнд хөгшин аав нь бүх түүх, үлгэрүүдийг цаасан дээр хэвлэж гаргадаг цаг үе байсан тухай ярьж байсныг дурсаж билээ. Шарлаж үрчийгээд дарайчихсан хуудсуудыг нь эргүүлэхэд дэлгэцэн дээгүүр урсаж өнгөрөх ёстой нөгөө үсэгнүүд нь огт хөдлөхгүй байрандаа байцгааж байсан нь их марзан санагдсансан. Тэгээд өмнөх хуудас уруу буцаагаад эргүүлэхэд эхэнд уншиж байсан үгс нь яг л тэр хэвээрээ байж байсныг яана.

- Арай ч дээ, хайран юм, - хэмээн Томми шогшроод - Нэг номыг уншиж дуусгаад ингээд хаячихдаг байсан юм байх даа. Манай зурагтын дэлгэц дээр л гэхэд хэдэн сая ном байгаа байх, цаана нь зөндөө зай бий. Би л лав тэрийг хаяж чадахгүй, - гэж ярив.

- Манайх ч гэсэн, - гэж Маржи хэллээ. Тэрээр арван нэгэн настай байсан бөгөөд Томмид байсан шиг тийм олон теленом харж байгаагүй билээ. Томми арван гуравтай.

- Хаанаас олоо вэ?
- Гэрээсээ, Дээврийн хөндийгөөс - гэж Томми номоо унших зуураа өөд харалгүй хариулав.
- Юун тухай юм бэ дээ?
- Сургууль.
Маржи дүрсхийгээд л явчихав.
- Сургууль аа? Сургуулийн тухай бичээд байх юу байдаг юм? Би сургуулийг жигшдэг.

Маржи угаас сургуулийг үздэггүй, одоо бүр ч илүү үзэн ядах болжээ. Оньсон багш нь газарзүйн хичээл дээр тувт шалгалт авсаар, түүний дүн нь улам муудсаар эцэстээ ээж нь гунигтайяа толгой сэгсрээд дүүргийн засварчинг дуудсан билээ.

Тэр хүн нь дүүрэн багаж, төмөр утас, тоног төхөөрөмж бүхий хайрцаг барьсан улаан царайтай, намхан махлаг эр байсан юм. Түүн рүү харж инээмсэглээд алим өгснөө багшийг тэр дор нь задлаад тавьчихсан. Буцааж угсарч чаддаггүй байгаасай хэмээн Маржи дэмий горьдсон ч засварчин ажлаа сайн мэддэг байсан тул цаг гарны дараа өнөөх муухай хар юм чинь хичээл зааж, асуулт асуудаг том дэлгэцтэйгээ эргээд л босоод ирж билээ. Энэ хэсэг нь тийм ч муухай биш. Харин Маржийн хамгийн дургүй хэсэг нь гэрийн даалгавар, шалгалтын хариугаа шургуулдаг уншууртай хэсэг нь байлаа. Аль зургаан настайд нь л бичүүлж сургасан товшуураар хичээлээ бичээд оруулахад оньсон багш нь тэр даруй шалгаад дүнг нь тавина.

Засварчин ажлаа дуусгаад аанай л инээмсэглээд түүний толгойг зөөлөн илбэжээ. Тэгээд ээжид нь хандан,
- Энэ жаахан охины буруу биш байна аа, Жонс ахайтаан. Газарзүйн хичээлийн хэсгийг арай түргэнээр тохируулчихсан байж. Заримдаа ингэдэг юм. Би хурдыг нь жаахан сааруулаад арван настны түвшинд тохируулчихлаа. Харин ч охины тань ерөнхий түвшин тун сайн байна шүү, - гэж хэлээд охины толгойг ахиад л зөөлөн илбэжээ.

Маржи гонсгор хоцров. Багшийг нь бүр аваад явчихаасай гэж дотроо тэсгэлгүй хүсэж байж л дээ. Томмигийн багшийн түүхийн хичээлийн хэсэг тэр чигтээ хоосорчихсон гээд нэг удаа аваад явчихаж байсан билээ.

Охин Томмид хандан,
- Ямар нь сургуулийн тухай юм бичдэг байна аа? гэж асуухад цаадах нь түүн рүү ихэрхүү янзтай харснаа,
- Яагаад гэвэл манайх шиг сургууль биш болохоор, мангар минь. Зуу зуун жилийн өмнө байсан хуучин маягийн сургуулийн тухай юм, гэлээ.

Тэгснээ үгээ зөөн алгуурхнаар,
- Зуу зуун жилийн өмнө, - гэж давтан хэлэв.

Маржи гомдлоо.

- Тэр олон жилийн өмнө ямар сургууль байсныг би яаж мэдэх юм, - гээд тэрээр Томмигийн араас тонгойн номыг хэсэг уншсанаа, - Тэдэнд бас багш байжээ, - гэж асуув.
- Мэдээж багш байж л таараа шүү дээ. Гэхдээ энгийн багш биш. Хүн байсан байна.
- Хүн гэнэ ээ? Хүн яаж багшилдаг юм бэ?
- Хүмүүс хөвгүүд охидод элдэв юм яриад, даалгавар өгч, асуулт асуудаг байсан байна.
- Хүмүүсийн ухаан хүрэхгүй л дээ.
- Хүрэлгүй яах вэ. Манай аав бол бараг багшийн хэмжээний мэдлэгтэй.
- Арай ч үгүй байх аа. Багш шиг их хэмжээний мэдлэгтэй хүн гэж хаа байсан юм.
- Аав бараг адилхан гэж би барьсан ч алзахгүй.

Маржид үүнтэй маргах хүсэл төрсөнгүй. Тэгээд,
- Би л лав танихгүй хүн манайд ирээд надад хичээл заагаасай гэж хүсэхгүй, гэв.

Томми чанга гэгч нь хөхөрч гарав.
- Чамд ёстой мэдэх юм алга аа, Маржи. Багш нар чинь ийм гэрт амьдардаггүй юм. Тэд тусдаа том байшинтай, хүүхдүүд бүгдээрээ тийшээ нь очдог байсан.
- Тэгээд хүүхдүүд бүгдээрээ адилхан юм үздэг байсан хэрэг үү?
- Мэдээж, нас чацуу бол тэгж л таарна.
- Гэхдээ, багш нар хичээл заалгаж байгаа хөвгүүд, охид бүрийн оюун ухааны түвшинд тааруулж өөр өөрөөр сургадаг гэж ээж хэлсэн шүү дээ.
- Яг адилхан. Гэхдээ одоогийнх шиг ингэж биш өөрөөр заадаг байсан. Чамд таалагдахгүй бол номыг нь уншихгүй байж болно оо.
- Таалагддаггүй гэж би хэлээгүй шүү дээ, - гэж Маржи бушуухан хэлэв. Энэ марзан сургуулийн тухай уншмаар л байлаа.

Талд нь ч ороогүй байтал Маржийн ээж дуудлаа,
- Маржи, хичээлээ хийгээрэй, - гэхэд нь Маржи өндийгөөд,
- Арай болоогүй байна аа, ээж ээ.
- Яг одоо. Томмигийн явах цаг ч бас болсон байх, - гэж Жонс ахайтан эрс хэллээ.
Маржи Томми руу хараад,
- Хичээлийн дараа наад номыг чинь хамтдаа уншиж болох уу? гэж асуухад цаадах нь,
- Магадгүй ээ, - гээд хайхрамжгүйгээр хариулаад тоосонд дарагдсан хуучин номоо сугандаа хавчуулан шүгэлдсээр гарч одов. Маржи хичээлийнхээ өрөөнд орлоо. Унтлагынх нь өрөөний зэргэлдээ орших тус өрөөнд оньсон багш нь асаалттай хүлээж байна. Ээж нь жаахан охид тогтсон цагт хичээл хийвэл илүү сайн сурдаг гэж хэлсэн болохоор багш нь Бямба болон Ням гарагуудаас бусад өдөр яг ижил цагт асаалттай байдаг билээ.

Асаалттай дэлгэцэн дээр нь “Өнөөдрийн тооны хичээл дээр энгийн бутархайг нэмэх талаар үзнэ. Өчигдрийн гэрийн даалгаврыг тохирох уншуурт оруулна уу” гэсэн бичиг гарчээ.

Маржи санаа алдаад хэлснээр нь хийв. Элэнц эцэг нь жаахан хүү байхдаа сурч байсан хуучин сургуулиудын тухай бодсоор л байлаа. Ойр орчны бүхий л хүүхдүүд цуглараад, сургуулийн хашаанд инээлдэн хашгачиж, хичээлийн танхимд хамтдаа суугаад л, сургуулийн дараа гэрээдээ хамтдаа хариад л. Адилхан юм заалгадаг байсан юм чинь гэрийн даалгавраа хамтдаа хийж ярилцаад, нэгэндээ туслаад л. Тэгээд багш нь хүмүүс байсан гэхээр...

Оньсон багшийн дэлгэц анивчихад дээр нь “½ бутархай дээр ¼ бутархайг нэмэхдээ...” гэсэн бичиг гарч иржээ.

Тэр эртний үеийн хүүхдүүд сургуульдаа ямар дуртай байсан бол гэж бодлоо. Хичнээн жаргалтай байсан бол доо.

Орчуулсан Д.Цогчулуун (ЧҮНДЖ)
Зөгнөлт – 2
2019.04.04

Зургийн эх сурвалж: https://media.gettyimages.com/vectors/computer-monitor-drawing-vector-id523182280

Sunday, April 07, 2019

ХЭРВЭЭ ЧИ ИНЭЭМСЭГЛЭВЭЛ...

Хоакин Финиксийн тоглосон Жокер киноны трэйлер цацагдаж, газар газрын кино сонирхогчид болон ДиСичдийн сэтгэлийг хөвсөлзүүлж орхив. Ютүб дээр уг киноны трэйлерийн бичлэг доорх сэтгэгдлүүд дээр түмэн шаагилдаж, “Киног нь хийх хэрэг ч алга. Зөвхөн трэйлерээр нь л Хоакин андад Оскарыг нь өгчилгөе” хэмээн дүрэлзэцгээнэ. Трэйлерийн хувьд ярих юм алга. Жастис лигийн нөхдөөс ангид “Харанхуйн хөлөг баатар” гурамсан бүтээлтэй адилхан тусдаа маягийн кино гэж байгаа ч надад хамаа алга. ДиСигийн маань л нэр шавраас гарч цайрч байвал боллоо.

Трэйлер дээр хэрэглэгдсэн Нат Кинг Коолын “ИНЭЭМСЭГЛЭЛ” гээд дууг монголчиллоо. Таалан болгооно уу.

Зүрх чинь шимшрэвч инээмсэглэ
Зүсэгдэж урагдан байвч инээмсэглэ
Тэнгэрт үүл байгаа цагт, та тэвчиж л таарна
Айдас, гунигаа үлдэн инээмсэглэж л чадвал.
Инээмсэглээч, магадгүй маргаашнаас
Наран мандаж таныг ивээн гэрэлтүүлээ ч үү.

Өөдрөг дүрээр царайгаан гэрэлтүүлээч
Гуниг бүхнийг тэндээс арилгаач
Мэлтрэх нулимс анивчуут дусахад бэлэн хэдий
Ханцуй шамлан зүтгэх цаг одоо бус уу.
Уйллаа гээд яалтай ч билээ?
Амьдрал гэдэг сайхан гэдгийг
Инээмсэглэн байж мэднэ биш үү?

Ханцуй шамлан зүтгэх цаг одоо бус уу
Инээмсэглээч, уйллаа гээд яах билээ?
Амьдрал гэдэг сайхан гэдгийг
Инээмсэглэн л байж мэднэ биш үү?

Ballads Of The Day (1956) цомгоос.


Saturday, April 06, 2019

Хан академи

Боловсролын системийн тухай найзын минь бичвэрийн доорх сэтгэгдэл дунд нэг хүн алт шиг сайхан мэдээлэл шигтгээд орхисон байсныг өчигдөр олж уншаад жигтэйхэн баярлаж билээ.

Хан Академи гэж эчнээ сургалтын цахим талбар байдгийг бүгд мэдэх байх. Тэднийхэн бага ангийн хүүхдийн хөтөлбөр санал болгодог гэдгийг тэрхүү сэтгэгдлээс хараад орж үзвэй. Үнэхээр сайхан эд байна. Хүүхдийнхээ нэрээр бүртгэл үүсгэж ороод үзүүлэхийг сонирхсон хичээлүүдээ сонгоод сонгоод явчихна. Би охины тооны хичээл, монгол хэлний мэдлэгт жаахан сэтгэл чилж явдаг тул эндээс боломжтойгоор нь тооны хичээлийг түлхүү үзүүлье гэж шийдсэн.

Өнөө өглөө нөхөрт үүнийг танилцуулаад бүртгэлээр нь оруулж тооны хичээлийг одоо байгаа ангийнх нь түвшинд буюу 4-р ангийнхаар нь үзүүлтэл нэн дуртай үзэж эхлэв. Зарим нэг ойлгохгүй байсан юмсаа ч ойлголоо гэж өөрөө хэлж байна. Бараг суурин дээрээ 12 бичлэг үзээд, бас хөөрхөн хэдэн бодлого бодоод өөрийн хэр түвшинд явааг сориод авчихаж байгаа юм. Хамгийн аятайхан нь хүүхдийн хэр явцтай байгааг би өөрийн бүртгэлээр ийнхүү ороод харах боломжтой. Одоохондоо тоогоор нь жаал дагнаж байгаад физик, химийн хичээлүүдийг үзүүлэх бодолтой байна. Англи хэлний дүрэм, Америкийн түүх энэ тэр гэсэн хичээлүүд ч байна. Ямар ч гэсэн мат, хими, физик гэх мэт байгалийн ухаануудын суурийг нь аятайхан тавиад өгчихвөл хэн хэндээ амар юм уу гэж ихэд олзуурхсанаа нүүрномын өргөн түмэнтэй хуваалцюу хэмээв.

Охины хичээлийн явцыг ингээд харчих боломжтой
Миний хувьд анх англи хэл сурч байхдаа яг ингээд хичээл дээр хэрэглэдэг англи үгсийг төдийлөн сайн мэдэхгүй нэлээн төвөг болж байсан болохоор охиндоо анхнаас нь ингээд заалгах боломж олдож байгаад их баяртай байгаа. Англи хэлний мэдлэг сайжрахын дээр бусад хичээлүүдээ ч ингээд ойлгомжтойгоор заалгаад явчихвал ёстой хэн хэндээ амар байна. Бичлэгээ хамтдаа үзээд, хааяа түр зогсознож байгаад хажуугаас нь монголоор тайлбарлаад явчихад бол яг болж байгаа юм.

Буян нь дэлгэрсэн https://www.khanacademy.org/ дээрх мэдээллийг хуваалцсан Д.Цогчулуун гэж хүн байна аа. Сургуулийн насны хүүхдүүдтэй улсад хэрэг болуужин, цааш нь түгээгээрэй.

Wednesday, April 03, 2019

МАТЕМАТИКЧИД

МАТЕМАТИКЧИД
Зохиолч Артур Фелдман, 1953 он



Тэд цэцэрлэгт байлаа.
- Алив, Зои минь, дэрвэлзэхээ боливол чинь аав нь гоё юм ярьж өгнө шүү, - гэхэд Зои дүүжин орон дээр тухаллаа.
- Болсон явдал уу, аав аа?
- Яг миний ярьж байгаа шигээр болсон явдал даа, - гээд Дрэйк Хоукинс Зоигийн ягаахан хацрыг чимхэв.
- За тэгэхээр, энэ явдал хоёр мянга арван нэгэн жилийн өмнө 1985 онд болсон юм. Тухайн үеийн цаг тооллоор тэр л дээ. Аварга нохой оддын ордын Хөхдэй мэргэн одны нэгэн омгийн биес дэлхийг эзэлжээ.
- Ямар биес байсан юм бэ, аав аа?
- Хүмүүстэй их олон талаараа төстэй. Хоёр гар, хоёр хөл, ер нь хүмүүст заяасан бусад эрхтнүүд бүгд л байсан даа.
- Хүмүүсийг тэр Оддын биесээс ялгахын аргагүй адилхан байсан гэж үү, аав аа?
- Ялгаа байсан. Шинээр ирэгсэд нь бүгдээрээ дал мөрнөөсөө ургасан өдөт ногоон жигүүр, бас урт ягаан сүүлтэй байсан юм.
- Тэд хэдүүлээ ирсэн юм бэ, аав аа?
- Яг гурван сая дөчин эрэгтэй, гурван эмэгтэй ирсэн. Тэдгээр биес дэлхий дээр Сардини аралд анх үзэгдээд, таван долоо хоногийн дараа гэхэд бөмбөрцгийг бүхэлд нь эзэлчихсэн байсан даа.
- Дэлхийнхэн хариу тулалдаагүй юм уу, аав аа?
- Хүмүүс булаан эзлэгчдийн эсрэг буу зэвсэг, тэсрэх бөмбөг, атом цөмийн бөмбөгүүд, хий хүртэл ашиглаж тэмцсэн.
- Тэд нар нь ямар юм байсан юм бэ, аав аа?
- Өө тэр юмс нь үгүй болоод удаж байгаа. Зэр зэвсэг гэж нэрлэдэг байсан юм. Хүмүүс хоорондоо тийм юмаар тулалддаг байсан.
- Одоогийн бидэн шиг оюун санаагаараа биш гэж үү?
- Үгүй ээ, сая хэлсэн шиг буугаар л. Гэтэл булаан эзлэгчид зэр зэвсэгт дархлаатай байжээ.
- Дархлаа гэж юу гэсэн үг вэ?
- Элдэв хөнөөлөөс ангид гэсэн үг ээ. Дараа нь хүмүүс нян, бактери ашиглаад Оддын биестэй тэмцэж эхэлсэн.
- Тэр нь юу вэ?
- Жижигхээн, маш жижигхэн хорхойнуудыг хүмүүс булаан эзлэгчдийн биед хийж, өвчлүүлээд, үхүүлэх гэсэн юм. Гэтэл хорхойнууд Оддын биест ямар ч хөнөөл авчраагүй.
- Цааш нь яриарай, аав аа. Тэнгэрийн биес дэлхийг эзэлжээ гэдгээс үргэлжлүүлээд.
- Шинээр ирэгсэд дэлхийнхнээс хэтийдсэн ухаантай байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Нарийн ярьвал, булаан эзлэгсэд нь системдээ хамгийн аугаа математикчид нь байсан юм шүү.
- Систем гэж юу вэ? Бас математикчид гэж юу хийдэг улс вэ?
- Сүүн замыг хэлж байгаа юм аа. Математикч гэж хэмжих, жинлэх, бодох гэхчлэн тооны ухаанд сайн хүнийг хэлдэг.
- Тэгээд булаан эзлэгчид Дэлхийнхнийг хуйгаар нь устгасан уу?
- Үгүй дээ. Маш олноор нь устгасан боловч бас зөндөөнийг боолчилсон. Хүмүүс өмнө нь мал аж ахуй эрхэлдэг байсан шиг л шинээр ирэгсэд хүмүүсийг тэгж байлгадаг байжээ. Заримаар нь юм хийлгэж, заримыг нь заазалж хүнсэндээ хэрэглэдэг байсан.
- Аав аа, Оддын биес ямар хэлээр ярьдаг байсан бэ?
- Маш энгийн хэлээр ярьдаг байсан, гэхдээ хүмүүс тэрнийг нь огт эзэмшиж чадаагүй. Тиймээс булаан эзлэгчид асар ухаантай болохоор бөмбөрцгийн бүх хэлийг сурсан даа.
- Дэлхийнхэн булаан эзлэгчдийг юу гэж нэрлэдэг байсан бэ?
- Да-гас. Тал нь дагина, тал нь мангас.
- Тэгэхээр аав аа, Да-гасууд хамаг хүмүүсийг боолчилсны дараа Дэлхийд амар амгалан ноёлсон байх даа?
- Нэг хэсэгтээ л. Нэг удаа, хүмүүсийн хамгийн зоригтойнууд нь, Нөвол гэдэг хүнээр удирдуулаад Гринланд руу оргосон байна. Энэ Нөвол гэдэг хүн Дэлхийн тэргүүн сэтгэл зүйч байж л дээ.
- Сэтгэл зүйч гэж юу вэ?
- Санаа бодлыг зохицуулдаг хүн.
- Тэгвэл тэр их баян байжээ?
- Дэлхийдээ л хамгийн баян нь. Нэлээн тунгаасны эцэст Нөвол Да-гасуудыг дэлхийгээс арилгах арга олсон байна.
- Яаж тэр вэ, аав аа?
- Тэр хүн Да-гасуудад хүний сэтгэл хөдлөлүүдийг шингээх Нөвол-Хьюз, Илинскийн арга гэгчийг төгөлдөржүүлсэн юм.
- Шингээх гэдэг нь юу гэсэн үг вэ?
- Сэтгэл хөдлөлөөр дүүргээд, тэрнийгээ мэддэг болгочихсон гэсэн үг, - гэхэд Зениа яриаг нь таслан орж ирээд:
- Хүүхдэд ойлгомжгүй юм яриад байгаа юм биш үү дээ, Дрэйк?
- Үгүй ээ, ээж ээ. Аавыг тайлбарлахаар ойлгож байна. Битгий яриа таслаад бай л даа, - хэмээн Зои дургүйцэв. Дрэйк цааш үргэлжлүүлэн:
- Тэгээд Нөвол Да-гасуудыг хайр дурлал, атаа жөтөө, хүсэл мөрөөдөл, үзэн ядалт, хорон санаа, цөхрөл гутрал, итгэл найдвар, айдас хүйдэс, ичгүүр гутамшиг гэхчлэн хүний сэтгэл хөдлөлүүдээр дүүргэж орхисон байна. Төд удалгүй Да-гасууд яг л хүмүүс шиг аяглаж эхлээд, аравхан хоногийн дараа аймшигтай иргэний дайн өрнөн Да-гасуудын гуравны хоёр нь сүйдсэн юм даа.
- Аав аа, тэрнээс болоод Да-гасууд нэгнээ алж дуусгасан юм уу?
- Бараг л. Залибар гэх нэртэй биес тэдний дундаас тодорч гэгээрэл, ятгалгаараа бүх Да-гасуудыг ахан дүүс юм хэмээн номлосон. Булаан эзлэгчид маш хурдан түүнд дагаар орж, маргалдахаа болиод Дэлхийнхнийг улам ихээр боолчилсон доо.
- Аав аа, аав аа, Нөвол бас түүний найзууд ийм явдал болсонд жигтэйхэн харамсаа даа?
- Нэг хэсэгтээ л. Гэхдээ Нөвол нэг их удалгүй шийдвэрлэх цохилтоо хийсэн.
- Наадах чинь хэлц үг үү, аав аа? Шийдвэрлэх цохилт гээд.
- Тийм ээ. Үхлийн цохилт. Хамаг арга нь барагдаад шийдсэн мэхээ хийсэн.
- Би ойлголоо, аав аа. Эсрэг тал юу ч хийсэн гэсэн нам дарах хүчтэй санаа байж. Тэр юу байсан юм бэ, аав аа? Тэд юу хийсэн юм?
- Нөвол Да-гасуудад эргэн дурсах сэтгэл суулгачихсан.
- Эргэн дурсах сэтгэл гэж юу вэ?
- Гэрээ санахыг хэлдэг юм аа.
- Өө, аав минь ээ, Нөвол яасан ухаалаг хүн байж вэ? Энэ чинь Да-гасууд ардаа үлдээж ирсэн одоо санаад тийшээ буцах эрмэлзлэлээр дүүрсэн гэсэн үг биз дээ.
- Яг тэгсэн. Нэг л өдөр бүх Да-гасууд, бүрэн бүрэлдэхүүнээрээ аварга ногоон жигүүрээ дэвсээр Умард Америкийн Хар толгод дээр цугларч нэгэн дохиогоор Дэлхийгээс зэрэг нисэн одоцгоосон тэр өдөр хүмүүн төрөлхтөн “Биширтүгэй, залбиртугай, бурхны аврал бадартугай!” хэмээн дуугаа өргөцгөөж билээ.
- Аав аа, тэгээд бүх Да-гасууд Дэлхийгээс явцгаасан уу?
- Арай ч бүгд биш ээ. Хоёр Да-гас хүүхэд байсан юм. Дэлхий дээр мэндэлсэн хүү, охин хоёр бусадтайгаа хамт тэнгэр өөд ниссэн. Гэвч агаар мандлын адарт тулаад тэд эргэлзэж, сүүлээ эргүүлэн Дэлхий рүүгээ буцацгаасан даа. Тэдний нэрийг Зиззо, Зизза гэдэг байсан.
- Тэр Зиззо, Зизза хоёрт юу тохиолдсон бэ, аав аа?
- Яах вэ дээ, Да-гасууд мундаг математикчид байдаг юм чинь үржицгээсэн дээ.
- Аав минь ээ, яасан сайхан явдал вэ, -хэмээн Зои хөхрөөд далавчаа чичигнүүлэн дэрвэж гарлаа.

* Аварга нохой оддын орд – Canis Majoris оддын орд
** Хөхдэй мэргэн – Канис Мажорис оддын ордын хамгийн тод гэрэлтэх Сириүс хэмээх од. Грек хэлний “гэрэлтэх”, “шатах” гэсэн утгатай Seirios гэдэг үгнээс үүсэлтэй. Тэнгэрт гэрэлтэх хамгийн тод энэхүү одыг Монголчууд Хөхдэй мэргэн хэмээн нэрлэдэг.
*** Сүүн зам – Milky Way гэж манай нарны аймгийн оршин буй галактикийг хэлдэг.
**** Да-гас - Эх зохиол дээр An-vil (angel-devil) гэсэн байсныг Дагина-мангас гэж монголчлоод ийнхүү товчлов.

Орчуулсан: Д.Цогчулуун (ЧҮНДЖ)
Зөгнөлт – 1
2019.03.28

Зургийн эх сурвалж: http://getdrawings.com/man-with-wings-drawing?fbclid=IwAR17d0rCCpEQeqynFbY5G4_CH79L_SIUy3fSJj_5JYb5nrN1d2Ege6bkPjY#man-with-wings-drawing-58.jpg

Шар талын эхэнд

Шар талын эхэнд
Сар гартал суулаа даа
Садан төрөлөө бодохоор
Санаа зовохдоо дуулсан юм.

Цаас үгүй газар
Цамцан дээрээ бичлээ
Бэх үгүй газар
Цусаараа бичлээ.

Зандаа найзын хуваалцсан дууны ютүб дээрх хувилбарыг олоод ирлээ. Аянга гэж Өвөр Монголын энэ дуучин, бас бүжигчин хүү сэтгэл хөдөлгөм сайхан дуулсан байна.


Monday, April 01, 2019

ГАНЦ БИЕ ЭХЧҮҮДИЙН ТУХАЙ

Жерри Магуаир гээд кино байдаг юм. Кюба Гүүдинг Жуниор гээд жүжигчнийг миний хувьд нээж өгсөн сайхан кино. Том Круз, тэгээд хөөрхөн Ренэ Зэллвэгэр. Дэлхийн олон мянган романтикуудын амны уншлага болсон олон сайхан үгс энэ кинон дээр л анх хэлэгдсэн гэхэд бараг болно доо. Чи л намайг бүтэн болгодог (You complete me), Сайн уу гэхэд чинь би хайлаад урсчихсан (You had me at Hello) гэх мэт үгсээс гадна Мөнгө харуулаад аль (Show me the money), Kwan гээд олон үгс байдаг. Ер нь л киноны хувьд чулуу гэж бодож явдаг юм.

Энэ кинон дээрээс сурсан олон хэллэгүүдийн нэг хоёрыг нь яг энэ харилцан яриан дээрээс сурч билээ.

Жерри: Чиний карьертай холбоогүй нэг асуулт асууж болох уу?
Род: Өө за, одоо ингээд найзууд болчихож байгаа юм уу?
Жерри: Ганц би эхтэй болзох талаар юу мэдэх вэ?
Род: Мэдэлгүй дээ. Ганц бие эхийн өсгөсөн хүү шүү дээ.
Ж: Тэгвэл хэл дээ, одоо бараг сар болох гэж байна, тэр Сан Диегод өөр ажилд орох гээд байна аа.
Р: Юуны өмнө, ганц бие эхчүүдэд “болзоо” гэж байдаггүй юм. (First, single mothers don't "date.") Циркэд очоод үзчихсэн байдаг, юу гэх гээд байгааг ойлгож байна уу? Хүүхэлдэйн театр ороод утсан хүүхэлдэйг харчихсан байдаг юм. Чи хайртай юм уу?
Ж: Яаж мэдэх вэ?
Р: Мэдэгдэнэ шүү дээ. Чичрээд л, дотроос чинь төөнөөд л. Яагаа вэ?
Ж: Үгүй ээ, ёстой мэдэх юм алга.
Р: Тэгвэл чи чухал ярих ёстой.
Ж: Гэхдээ ямар ч гэсэн явах гэж байгаа нь ёстой таалагдахгүй байгаа.
Р: Түүний хувьд шударга биш байгаа биз дээ. Ганц бие эх гэж хөндөж болохгүй ариун зүйл байдаг юм даа, хөгшөөн. (A single mother, that's a sacred thing, man.)
Ж: Хүүхэд нь ёстой гайхалтай.
Р: Үгүй шүү. Жинхэнэ эр хүн ганц бие эхийн умайнаас зулгаадаггүй. (A real man does not shoplift the pootie from a single mom.)
Ж: Би умайнаас нь зулгаагаагүй ээ. Бид хоёр хоёулаа хамтдаа л... үгүй ээ, насанд хүрсэн хоёр хүн, харилцан ойлголцоод... За за за, умайнаас зулгаасан юм байна аа.
Р: Ичээч чи, ичээч.

Ер нь энэ Род Тидвелл гэж баагий киноны турш амьдралын хичээл орсоор байгаад таардаг. Яг энэ дээр гэхэд л ганц бие эхийг хайрлах тухай хичээл заачихаж байгаа юм. Хамгийн сүүлд хэлсэн тэр “умайнаас зулгаах” гэдэг хэллэг нь гэхэд ганц бие эхчүүдтэй унтаж хэвтэх зорилгоор хүүхэдтэй нь дотно болохыг хэлж байгаа юм. Жинхэнэ эрчүүд тэгдэггүй л гээд байгаа хэрэг. Ер нь гоё кино шүү.