Wednesday, February 20, 2019

Рохирримын довтолгоо

Шинэ бүлгэмдээ мэндийн сэржим болгож энэхүү богино орчуулгыг өргөе ээ. Хаа нэг онгод залрахад энэ мэт зурвас орчуулга оруулаад байх байх аа.

Зохиолч: Жон Роналд Роуэл Толкин
"Бөгжний эзэн" гутгаар дэвтэр: Хаантан дахин залрав
Боть 5, Бүлэг 3: Рохирримын довтолгоо (хэсэгчлэн хөрвүүлэв)

Тэр дуунаар атирч асан хаантны дүр гэнэт цэхрэв. Өндөр бөгөөд бардам төрхийг олсон тэрбээр дөрөөн дээрээ өндийн зогсож урд хожид эгэл хүмүүний хэзээ ч гаргаж байгаагүй цээл тунгалаг хоолойгоор машид их дуун гаргаж уухайлруун:

Босоцгоо, босоцгоо, Тэодэны морьтнууд аа!
Бузар үйлс сэргэсэн байна: гал бас хөнөөл!
Жадаа сэгсэртүгэй, бамбай хамхалтугай,
Илдэт өдөр, цуст өдөр, наран эндээс мандтугай!
Мордоцгоо, довтолцгоо! Гондор руу давхицгаа!

Чингээд тэрээр өөрийн тугч Гутлафаас их эвэр бүрээгээ авч үлээхэд үлэмж хэтий хүчийг нь эс дийлсэн бүрээ бутран уналаа. Тэр даруй түүний дагуул дайчдын бүхий л бүрээнүүд дуу дуугаа авалцан нүргэлэх тэрхэн агшнаа Роханы эвэр бүрээн дуу уудам талын угалз, уул хадны аянга мэт нэн сүртэй.

Мордоцгоо, довтолцгоо! Гондор руу давхицгаа!

Гэнэт хаантан Цасандэлтээ давиран гуугалахад хүлэг нь дүүлэн цахилав. Ногоон зүлгэн дээрх цагаан морь бүхий туг нь түүний ард салхин дэрвэлзэн намирахад тэрбээр түүчээлэн давхисаар. Түүний араас бүлийнх нь хөлөг баатрууд нүргэлэн довтоллоо. Гэвч тэр бүгдийн урд. Эомэр ч тэнд давхина. Дуулганы нь цагаан дэл салхин мэт довтолгоонд арагш суналзан намирна. Тэргүүн эорэдын эгнээ далайн давалгаа эрэг цохин хөөсрөх мэт нөмрөн давалгаалсан ч Тэодэнийг аанай л эс гүйцнэ. Хувилгаан чадлыг олсон мэт, эс бөгөөс эцэг өвгөдийн тулааны хилэнт уухай судсанд нь гал мэт цахилан харгилдаж тэрээр Цасандэлт дээрээ эрт цагийн бурхан мэт бахтайяа, эгээ л энэ ертөнцийн балчир ахуйд Валарын тулаанд цавчилдаж асан Агуу Ороме аятай сүрлэг заларч явна. Алтан бамбайгаа өргөхөд, ай хайрхан, Наран мэт гялбам гэрэлтэж, хүлэг морины нь туурайд цавчигдах өвсний толгой ногоорон дүрэлзэв. Өрүүн цэлмэж, тэнгисийн цэнгэг салхин үлээхийн хэрээр бүрий гийн Мордорын цэргүүд хэлмэгдэн цочирдож, аврал эрэн зугтсаар, алуулах нь алуулж, хилэнт туурай тэднийг цавчлан давхисаар. Тэр агшинд Роханы дайчид уухайн дуу өргөлөө, алан цавчих зуураа аялгуу дуугаан өргөцгөөнө. Тулааны бахдал тэднийх тул бахдан хөөрсөн дуу нь баяр бөгөөд түгшүүрийг Хот хүртэл түгээлээ.

2019.02.20
Цогоо


No comments: