Thursday, February 14, 2019

ТАЛАРХАХЫН УЧИР ИНУ

Миний амьдралд надтай таараад өнгөрсөн, таалагдаад нөхөрлөсөн, бас хажууд үргэлж байсаар ирсэн та бүхэндээ талархаж явдгаа үүгээр хэлье ээ. Их ой учраас бичиж байгааг ойлгоорой. Түүнээс биш төрсөн өдөр бол зүгээр л нарнаас нарны хоорон дахь эгэл нэгэн өдөр билээ.

Эхээс унаж, эцгээр овоглогдоод 40 жил болохдоо зөв сайхан амьдарч, бусдад гай тарихгүй шиг явах юмсан хэмээн хичээсээр өдийг хүрлээ, би. Ах эгчдээ ачлалтай, дүү, үеэлүүддээ нөмөртэй явахыг эрмэлзэв. Мөр бүтэн, өлмий тэгш, бас сэтгэл тэнүүн өсгөн хүмүүжүүлсэн ижий, аав, элгэн садандаа талархнам. Надад заяасан эрүүл бие саруул ухаан бол хайртай та нарын минь хөлс, нулимсны охь билээ. Үүрд ачлая уу.

Уур, шуналыг тэвчиж, уужим ухаан, тэнүүн сэтгэлийг шүтсээр ирэв, би. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийнх бүтнэ гэж боддог хүн билээ. Алдсан зүйл олон ч оносон зүйл нь бүр олон байх гэж найднам. Алдаа оноо минь олон нөхдийг надад өгөв. Миний эрдэнэс билээ, та нар минь. Сагаж үсрэхэд минь татан буулгаж, салж унахад минь өөд татан босгох улс - нөхөд минь. Үргэлж талархая уу.

Хажууд үргэлж түшиж, ханьсан жаргах гэргий болоод охиноо үргэлж хайрладгаа ахин нэг хэлье үү. Гуниглах цаг инээмсэглэх төдий намайг өргөж, гутрах цагт тэврэлтээрээ тэнгэр цэлмүүлэх шидтэй билээ, та хоёр минь. Миний амьдралын чихэр болоод давс нь та хоёр шүү. Үүрдийн хайрыг амлая уу.

Жаахан сүртэй биччихлээ. Хэтэрхий нуршуу бол уучлаарай. Богинохон хувилбар нь: "Та нартаа хайртай шүү, үнсье!"

No comments: