Monday, February 18, 2019

Пинк Флоид - Цаг хугацаа

Сая цайны цагаар агуу Пинк Флоидын "Цаг хугацаа"-г монголчлох хүсэл гэнэт оргилоод өнгөрөв. Ямар ч гэсэн эхний байдлаар нэг иймэрхүү маягтай. Муухан л болох шиг боллоо. Санал шүүмж бичээрэй нөхөд минь.

Пинк Флоид - Цаг хугацаа

Дүнсгэр өдрийг дүүргэх агшин бүр цохилон арилсаар
Залхуурч ганьхаран цагийг чи дэмий нөгцөөнө.
Төрөлх суурингийн шороог бужигнуулан хэсүүчилсээр, чи
Хэн нэгэн, эсвэл юу ч юм замыг чинь чиглүүлэхийг хүлээсээр.

Наранд ээж хэвтсээр залхаад
Гэртээ сууж гаднах бороог ширтэнэ.
Нас залуу, амьдрал урт гэсээр
Өнөөдрийг чи дэмий өнгөрөөнө.

Гэвч нэг л өдөр чи ухаарна
Гэмгүй арван жил ийнхүү өнгөрснийг мэднэ.
Гүйж эхлэхийг хэн ч чамд сануулсангүй
Гарааны дохиог мэдэлгүй өнгөрөөжээ.

Тэгээд чи гүйнэ, нарыг элдэж зөндөө гүйнэ, нар шингэнэ
Тойргоо гүйцээгээд араас чинь нэхэн гарч ирнэ
Нар яг л хэвээрээ, харьцангуй, харин чи хөгширсөөр
Амьсгаа чинь богиноссоор, өдөр ирэх тутам үхэлд ойртсоор.

Жилүүд улам богиносч
Цаг улам л ховордоно
Төлөвлөсөн бүхэн огт үгүй болж,
Эсвэл хагас хуудас эрээчвэр болно
Аниргүй цөхрөлдөө хоргодох гэдэг Англи зан.
Цаг нэгэнд оджээ
Дуу минь ч дууслаа
Хэлэх үгс дахиад байгаа гэж бодсонсон.

Гэр минь, гэртээ би эргэн ирлээ
Чадаж байгаа дээрээ энд байхыг хүсэх юм
Даарч ядраад гэртээ ирлээ
Дулаан галын илчинд яс амар, сайхан юм.

Алсад, талбайн чанад
Төмөр хонхны дуу хангинана
Итгэл өвөрлөгчдийг өвдөг сөхрүүлэн
Зөөлөн уншлагат шидэт тарнийн дууг анирдуулна.



No comments: