Sunday, June 19, 2022

SHE’S THE ONE


Робби Виллиамсын тоглолтуудын бичлэгийг их үздэг байлаа. Ялангуяа энэ Нэбвортод болсон тоглолтын бараг бүх дууны бичлэгийг жагсаалтад хийж байгаад сонсож байсан юм. Энэ тоглолтын энэ дуунд их дуртай. Яадаг вэ гэхээр Робби үзэгчид дунд зогсож байгаа хосуудтай ярилцдаг юм. Тэр хоёр хүний тэр өдрийн үзвэрийг маш дурсамжтай болгож өгч байгаа нь их гоё санагддаг.

- Үзэгч та нар дунд өнөөдөр дурлачхаад явж байгаа хүн байна уу? Өө энэ доор байгаа та хоёр, та хоёр хэр удаа... ноёнтон та надтай бага зэрэг төстэй юм уу даа? Тийм ээ. Та их царайлаг хүн юм аа. Маш царайлаг. Та хоёр хэр удаан үерхэж байна даа?
- (Эмэгтэй нь хариу хэлж байна)
- (үзэгчдэд хандан) Гэрлээд арван жил болж байгаа гэнэ ээ. Наадах чинь миний хамгийн удаан үерхлээс бараг есөн жил гурван сараар илүү урт юм байна шүү. Та хоёр хүүхэдтэй юу? Хоёр хүүхэдтэй гэж үү? Хэдэн настай вэ? Аравтай, зургаатай. Одоо хаана байгаа юм? Маргааш зурагтаар та хоёрыг харах нь ээ. Эхнэрээ үнс дээ. Яг тэр, хайр яг энд байна. Баяр хүргэе та хоёрт. Гоё харагдаж байна. Энэ дууг та хоёрт зориулъя.
Гээд дуугаа дуулж эхэлдэг. Дуулах явцдаа эмэгтэйн нэрийг дуундаа оруулж дуулаад л. Тэгснээ дууны дундуур өмсөж байсан хүрмээ Кэйлид тайлж өгдөг. Нөгөөх нь бүр баярын нулимсаа барьж дийлэхгүй нөхрөө тэврээд уйлдаг. Гэхдээ хамгийн гоё нь энэ бичлэгийн доор коммэнт дунд нөхрийн бичсэн коммэнт байдаг. Гурван жилийн өмнө бичсэн: “We are still together and it’ll be 27 years married later this year , wouldn’t change a thing about that night so long ago now.” (Бид хоёр одоо ч хэвээрээ, энэ жил гэрлэсний 27 жилийн ой болно. Тэр шөнийн юуг ч өөрчлөхгүй. Их удаж дээ) гээд коммэнт. Одоо бол гэрлээд гучин жил болж байгаа байх нь.
Хүрмээ тайлж өгч байгаа хэсэг нь энэ бичлэгийн хамгийн их ухрааж харсан хэсэг байдаг юм байна. Яахав дараа нь Робби хүрмээ өөр хүрмээр сольж авдаг л даа. Гэхдээ л энэ хоёрын хувьд бол тэр орой мартагдашгүй байсан биз.
Бичлэгийн хаяг:



Saturday, June 11, 2022

Teenage Dirtbag

 Түрүүн ажил дээрээ ирчхээд юм хийнгээ ютүбээр ерээд оны альт хамтлагуудын дуу тавьчихсан сонсож суулаа. Wheatus хамтлагийн Teenage Dirtbag гээд дуу явж байна. Дууны гол баатар залуугийн крашилдаг охины найз залуу гэж нэг саахуу юмны тухай дүрсэлдэг хэсэг байдаг юм.

Найз залуу нь гэж нэг шодой шиг юм
Сургууль соёлоор буу шийдэм агсаад
гэх анзааны үгтэй. Тэгсэн чинь "He brings a gun to school" гэж дуулдаг хэсэг дээр нь "буу" гэдгийг нь дарчихсан байх юм. Тэгэхээр нь бодов. "За арга ч үгүй юм даа. Балай америкууд сургууль дээрээ автомат буу барьж ирээд шүршчихээд байгаа юм чинь" гэж, тэгснээ цааш үргэлжлүүлэн бодов "Нисванисын Сургууль нураасайг бол нэрнээс нь болоод шууд хориглох байж дээ".
Энэ хүртэл уншсан хүмүүст бэлэг болгож энэ дууг зориулъя.



Tuesday, May 10, 2022

ТЭРСҮҮД ДАЙЧИН

 ТЭРСҮҮД ДАЙЧИН

гээл нэг ийм дууг ойрноос сонсдог болоод байгаа. Өмнө нь эдний Европ бэхлэлт гээд дууг их сонсдог байсан болохоор энэ дуу ч хэмнэл чимээ нь гоё таарав. Дууг нь зүгээр оруулчих гэхээр аль нэг хэсгээс нь хальт бантагнахгүй бол болохгүй санагдаад дахилтыг нь нэг иймэрхүү юу яалаа. Ами бидрохи гэдэг нь бенгали хэлээр "би тэрслэгч" гэсэн утгатай үг юм байна.
***
Ami bidrohi!
Тэрсүүд дайчин билээ би, ганцаар босно
Тэргүүн гудайлгүй сөрөн тэмцэнэ
Талхинд зовсон олны хайлах дуун
Тэнгэрт хүрэхээ болих хүртэл
Тарамдах дарангуйлагчийн цавчих дуун
Тулааны талбарт аниргүйтэх хүртэл
Түрлэг уухайг минь сонсохтун!
Ami Bidrohi!
Ami Bidrohi!
***
Ami bidrohi!
I am the Rebel Warrior
I have risen alone
With my head held high
I will only rest when the cries of the oppressed
No longer reach the sky
When the sound of the sword of the oppressor
No longer rings in battle
Hear my war cry!
***



Monday, May 09, 2022

Жаргалтай цагийн тухай Толкин гуай

 Жаргалтай цагийн тухай Толкин гуай ийн өгүүлжээ. Яг өөрөө сууж байгаад хэлсэн ч юм биш, зүгээр л Силмариллион туульс дээр саарал элф Синдаруудын тухай бичиж байхдаа л нэг иймэрхүү өгүүлбэр оруулсан төдий. Уг нь Бэлэриандын морикүэнди хаан Элү Тинголийн удирдлага дор цэцэглэн дэвжиж байсан Дориат хотын тухай боловч амьдралын ямар ч тохиолыг хэлж болууштай санагдав.

- But of bliss and glad life there is little to be said, before it ends; as works fair and wonderful, while they still endure for eyes to see, are ever their own record, and only when they are in peril or broken for ever do they pass into song.
Монголчилвоос:
- Аа гэхдээ аз жаргалтай, амар тайван амьдралын тухайд дуусахаас нь өмнө ярих юмс бага, хийж ахуй үйл шударга ариун, үнэн бахдалтай нь харахад бүхний нүднээ ил тул бичиж тэмдэглэх нь илүүц агаад гагцхүү гамшигт нэрвэгдэж, гарцаагүй сүйрэл нүүрлэхүйеэ дуу болон үлдэх билээ.

Tuesday, May 03, 2022

Б.Занданхүү

 Б.Занданхүү | Яруу найрач

***
Мөрөөдөн дуулдаг байлаа
Мөрөөдөн уйлдаг байлаа
Мөнх бусын орчлонд...
/72-р тал/
***
Танил бүрхэг өвлийн өдөр
хэн ч над руу цас шидсэнгүй
Хацар норгоод газарт бутрах
тийм л энхрийллийг би хүссэн
Хавар цагийн зөөлөн гуниг
дотоод сэтгэлд минь өлгийтэй хэвээр
Хариг цаг тооллын гүнд булшлагднам
Цасан шуурга исгэрнэ
Өө, одоо надад инээмсэглэл зохихгүй
цас шидэх хэрэггүй
Өсөж торнисон гэрийн дулаан
миний улиралд хайрагдчихсан
Өвөл минь би чиний цас.
Хунгарласан гунигийг минь хөлдөө
Өөдөөс нь алхаж исгэрэх дуунд чинь
шууръя, цагаахан даль цэцэг шиг
хүсэл алга болжээ.
/16-р тал/
***
Гэмшил хожимдож
Гадаа шуурга эхэллээ
Гэрлийн шил хагарах дуулдана
Сэтгэл бас харанхуйлчихлаа
Улигт шуургыг би хүсээгүй
Урам итгэл минь алдраагүй
Харин тэгтэл хувь заяа
Хатуу гартаа ташуур барьжээ
Гэсгээгдэгсэд энэлэн шаналтугай
Гэм нүглийг бурхан өгсөн
Хөлчүү дээдсийн шагнал болгосон
Хундага дарс энэ байна
Хөнтөрч орхиод бүхнийг мартъя
Хувь заяа минь илдээ далай.
2000 он
/23-р тал/
***
Миний улиралд дасаагүй
Харийн хүний араас
Намар шиг ширтэх
Надад сайхан байгаагүй
Цас бороо шиг аашиндаа
Үнэнч оршдогийн төлөө
Цагийн цагт дандаа
Шаналж дурладгийн төлөө
Шувууд ниссэн оддог
Өвс навч хагдардаг
Шунал тачаал л үлддэг
Өө, миний улирал, миний л...
***
Гэлмэгт шөнийн дальдчаа лаа
Гэрлээ дуусгаад бөхсөн байнам
Гэнэтхэн итгэл минь дэргэд нь урсаад
Гэмшил мэт царцсан байнам
Өө, би улаахан модтой дурлам холхид
Өвлийн бодлоор дулаацах л байсан
Гэрэлгүй лааны альхан булангаас
Гэртээ харихаа ч мэдэж л байсан
Санаа минь гил хархан торгомсог намиатах
Саарал ертөнцийн буйдад тийм дотносог харь
Инээмсэглэл минь зам заах
Идэрхэг хүсэл нь чулуун бие...
/39-р тал/
***
"Цадсаны дараах хоолны таваг шиг"
Царайлаг охидын өмнө
Гараа хумиж элгээ тэврээд
Гайхалтай сайхан бохь мөрөөднөм
Гоо сайхан гэдэг ёс байхаа больсон
Гомдолтой энэ цаг үед
Ренбрандтын сэтгэлийн гэгээт ертөнцөд
Эмсгий охин зорчих боллоо.
/41-р тал/
***
Үүр цайх нь үхэл амсхийх шиг...
/44-р тал/
***
Зөөлөн цагаан цасанд
Нүүрээ шургуулж мэгшлээ
Зөрөөд төөрөөд хаачих вэ дээ
Энэ л уйтхан орчлонд
/47-р тал/
***
Олон хундага дарсыг эгнүүлж өрөөд
Охидын төлөө өөрийнхөө төлөө согтмоор байна
Он цаг, шаналан гуниг юу юм бэ?
Огторгуй цэнхэрхэн байхад амьд байх сайхан
Цэнгэлтэй өдрүүдийн хань нөхөд минь
Цэвэрхэн дурсамжаа өвөртлөөрэй
Дараа өдөр дахин уулзахгүй, хичнээн сайхан
Давхар хуудастай номынхоо завсарт үлдэцгээе
Хайрлах гэж л би амьд яваа шүү
Хамгийн олон ерөөл дэвшүүлж хундага тулгая
Олон олон хундага дарсыг ганцхан удаа
Охидын төлөө, өөрийнхөө төлөө...
2001.06.10 Улаанбаатр
/64-р тал/
"Бурхангүй газар" | шүлгийн түүвэр


Wednesday, January 12, 2022

Тамхи гэснээс,

 Тамхи гэснээс, би нэг удаа тамхинд оръё гэж шийдэж билээ. Зургаа мургаад л байсан санагдана. Ангийн тамхи татдаг хүүхдүүд л нэлээн күүл санагдаад дуурайх гэсэн юм уу даа. Аав ээж хоёр хоёулаа тамхи татдаггүй мөртөө гэрт нэг блок тамхи байгаад л байдаг байсан юм. Тэндээс нэг хайрцгийг авч задлаад жорлонд орж сууж байгаад бүгдийг нь угсруулаад татчихаж билээ. Дотор муухайрч, толгой эргэж байсан ч гэсэн гүрийсээр дуусгах үед миний тамхичны карьер бас дууссан бололтой байдаг. Уушгилж татдаг техник байдаг энэ тэрийг нь мэддэггүй зүгээр л сороод үлээгээд байсан юм шиг байгаа юм. Уушгилж үзсэн бол тэгээд үхчих байсан биз. Оюутан байхдаа архины даруулга болгож ганц хоёр л сорж байснаас бусдаар ерөөсөө тамхинд дурлалгүй өдий хүрлээ дээ.

Wednesday, January 05, 2022

Дархан бэрийн тухай

Энэ постыг хараад бичсэн пост

https://www.facebook.com/ZolzayaBatkhuyag/posts/pfbid0tm4YNJPyh8XCnNYeVhr1aYAx5TofLx9T9sVHijTiPYhvz8on5dQeJnHY9eTDPgmAl

***

Уг нь тухайн айлын дотоод асуудал, хувь хүмүүсийн хоорондын харьцаанд л тусгалаа олох учиртай гэж бодож явдаг нэг монгол ёс ингээд замаа алдаж байгааг харах онцгүй л байна. Бэр хадмын харьцааны тухай янз бүрээр зөндөө л ярьдаг. Шинэ ирсэн бэр дасан зохицож, тэр айлын хүн болох хүртлээ их хугацаа, их дарамт туулдаг нь яах аргагүй үнэн. Тэр явцыг хурдасгадаг нэг явдал энэ бэр дархлах ёс гэж би боддог юм. Дархан бэрийн хүүхэд болохоороо би мэдэж байна л даа. Авгууд маань ээжийг анх ирэхэд нь их хатуу байсан гэлцдэг юм. Нэлээн консерватив үзэл хүмүүжилтэй баруун монгол айлд харьцангуй либерал хүмүүжилтэй Улаанбаатарын бэр дасан зохицох гэж удах нь ойлгомжтой. Аав ээж хоёрын хайр дурлалын түүх энэ тэр гэсэн өөр бас бус асуудлууд ч байсан. Ганцаараа уйлаад л суудаг байлаа гэж сүүлд ярьж байсан. Гурван хүүтэй болсны дараа хөгшин аав бүүр зориуд гэрийн бүх хүмүүсийг байлгаж байгаад ээжийг дархан бэр болгож ёслосон гэдэг юм. “Манай том бэр одоо дархан болсон, үүнээс хойш айлгаж ичээж дээрэлхэж болохгүй” энэ тэр гэсэн анхааруулга маягийн юм уу даа. Одоо бол ээж хадмуудаа бүрэн байлдан дагуулсан хүн. Дархан бэр болохоороо ч биш угаасаа байгаа хүн нь тийм дайчин махруу болохоор хүмүүсийг татдаг. Гэхдээ “Дархан бэр” гэж хөгшин ааваар хүндлүүлсэн нь тухайн үедээ их нэмэр болсон байх гэж бодож явдаг юм.
Хүмүүс сүүлийн хэдэн жил “Дархан бэр гэж юу байсан юм? Ялгалаа, гадуурхлаа” гэхчлэн эсэргүүцээд байгаад би эмзэглэж явдаг. Энэ цол ээжийн хэцүү үед нэмэр болсон гэж боддог болохоор цаашдаа нэг иймэрхүү туйлширсан маргааны ээлжит сэдэв болж замхраад хэний ч хүндэлдэггүй нэг тийм булчирхай шиг юм болчих вий гэж харамсаж явдаг. Гэр бүл доторх иймэрхүү нарийн харьцааг сум орон нутгийн захиргаанаас өргөмжлөл олгоод шийднэ гэж ч юу байх вэ. Тэгээд бүүр журам мурам ч гаргасан байх шиг. Арай дэндүү байна аа.

Wednesday, December 15, 2021

Гоё хүүхэн гудамжаар алхаж явав.

 Гоё хүүхэн гудамжаар алхаж явав. Урин налархай хөдөлгөөнийг нөхөр нь нүд жартайлган ажиж суухыг гэргий нь анзаармагц нөхөр хэлрүүн:

- Хайр аа, энэ хүүхний өмссөн байгаа нь эртээд миний хайрын авъя гээд байсан гуталтай их адилхан юм уу даа? Чамд бол илүү гоё харагдхаар юм байна шүү.
- Хн. Чиний наад нүд гэж. Шал өөр гутал байхад. Тэр чинь арай өөр загвартай байсан.
- Сонин юм даа, яг л мөн юм шиг харагдсан даа. Алив ахиад сайн хараадахъя. – гэгээд нөхөр түрүүний хүүхнийг араас нь бүүр сайн харж авав. Гутлыг нь шүү, гутлыг нь.
“Амьдрах ухаан” сургалтын төвөөс залуу нөхрүүдэд зориулсан сургалтын материал дээрээс...

Thursday, December 09, 2021

Өглөө ажилдаа явж байгаад

 Өглөө ажилдаа явж байгаад гэрэл дохион дээр зогсож таарав. Эхлээд нэг бүсгүй хоёр гараа халаасандаа шургуулчихсан зам хөндлөн гарч байна. Араас нь өөр нэг залуу нэлээн сүүлдэж бараг гэрэл солигдхын алдтай мөн л халаасандаа гараа хийсэн чигтээ хөнгөн шогшоод гарч байх юм. Тэр залуу, бүсгүй хоёр хоорондоо хамааралтай үгүйг мэдэхгүй ч ингэж гүйх осолтой байдаг юм даа хэмээн бодсоор ногоон гэрлээрээ цааш явав.

Тэртээ хоёр мянга хэдэн оны хавар юм уу даа би ШУТИС-ийн оюутан байлаа. Угаасан цэвэр хувцас нь дуусчхаараа костюм пиджакаа гаргаж өмсдөг зарим нэг найзыгаа бодвол би сайн дураараа гоонж өмсдөг сүрхий хүүхэд байв. Тэр найзынхаа тухай ярих гээгүй юм. Намайг костюм пиджак өмсөж ирэхээр их сургуулийн ангийнхан маань хэрэндээ хөл болж, бас хөөрхөн тэмдэглэдэг байсныг ч ярих гээгүй байна л даа. Хавар гээд эхэлж байсан даа, тэр нэг хавар ШУТИС-ийн нэгдүгээр байрны тэндээс Багшийн дээд рүү маягтай хөнгөхөн шогшиж явав. Залуучуудын холбооны байр өнгөрөөд Спортын ордон эхэлдгийн тэнд цагаан газар дээр айхтар бүдэрдэг юм даа. Хөп гээд л гараараа тулангуутаа "бардам зангаас минь өөр шалбарсан юм алга даа" гэсэншүү юм бодох маягтай шалавхан босч ирээд алгаа гөвж байтал хажуу талаас сийгээд явчихдаг юм. Гайхаад хартал хайран сайхан брюкэн өмд минь урин хаврын сэвшээ салхинд улс Монголын минь далбаа аятай дэрвэлзтэл намирч байх нь тэр. Халаасанд байсан гар тэндээсээ сугарч гарахдаа ташаанаас нарийн шилбэ хүртэл оёдлоор нь цуу татаад явчихсан юм байж л дээ. Пүү чёрт ёстой нүд боллоо доо. Багшийн дээдэд байсан найзынхаа байранд яаж ийж очоод оёулсан байдаг ч бил үү, эсвэл шууд гүлдийж 13 номерын автобусаар Шархад харьж очоод аргалсан байдаг ч бил үү, ямартаа ч тэндээс хойшх кадр байдаггүй юм. Их ичсэн дурсамжийг албаар арилгасан байх магадлалтай л даа. Хашир хөөн гэж хаширсан хүнийг хэлнэ ээ гэдэгчлэн түрүүний тэр хөнгөхөн шогшиж явсан залуу, түүний өмнөхөн явсан бүсгүй хоёрыг "Халаасандаа хоёр гараа шургуулчхаад гүйх ч нэг их ухаалаг үйлдэл биш дээ" гэсэн бодлоор харж сууснаас үүдэлтэй ийм нэг дурсамж сэдэрснийг нөхөдтэй хуваалцав. Та бүгдийн өнөөдрийн ажил бүтэмжтэй байг ээ.

Wednesday, December 08, 2021

ГЭМ, ЗЭМ

 Буковскийн шүлгийг давалгаалж байгаа юм байна. Хэрэгт дуртай юм болохоор бас л дагаад намирчихлаа. Хааяа дутаж үзмээр л байдаг ч чаддаггүй юм аа.

***
бүтэлгүйтэж орхисныхоо дараа
Бетховэн сонсоод
хойноос нь мах шарж байгаад
хийх бүтээхдээ эргэж орох санаатай
яг л, муудалцаж салсан амрагаа
эргээд хайрлахтай ижил ч юм уу
бүтээх үйлдэхийг хаячхаагүй юм аа
харин жаахан орхисон төдий.
эргүүлж авах нь уу намайг?
нөгөө ертөнцийн үүдийг онголзуулаад л
нөхөр Достоевский, рулет нааддаг байж
Мөрийч, магадгүй бусад номуудаа ч
тэгсээр бичиж гүйцээгээ биз.
мөрийтэй тоглож, зовлоо гээд
бүтээл туурвих ёстой гэж
би лав хэлэхгүй.
бүтээлийг тэгж хийх ёстой гэсэн
барьцтай арга ч гэж хаа байхав.
тойруулга руу яах ч гэж явав даа,
тоймгүй олон бусад юмсыг яах ч гэж хийв дээ.
эргээд харахад бүгдээрээ л хоосон чалчаа үгс төдий,
тийм биз?
авираад гарах дараагийн уул, дараагийн уналт
ахиад зөндөө хүлээж буй.
бохирсон хөлөө тэнийлгэж босоод
алив дараагийнх руу явцгаая!
ай тэр Достоевский, айхтар гөлөг байж шүү.
***
2021.12.08



Өглөө ажилдаа явж байтал

 Өглөө ажилдаа явж байтал манайх руу эргэдгийн наахантаа хоёр жижигхэн цагаан тэрэг замын хажуу руу шахаад зогсчихсон, цаахантаа жолооч нар нь бололтой хоёр залуухан бүсгүй томоотой нь аргагүй сууж байна. Халти ажваас нэг нь нөгөөгийнхөө араас жаахан түлхсэн бололтой, гэвч ил тод ажиглагдах хонхорхой, уранхай шинж тэмдэг лав л алга. Тус бүрийн даатгалаа дуудчихаад хорвоогийн явдлыг бясалгасан шиг сууж байгаа нь тэр бололтой. Хоорондоо харьцаж муудалцах шаардлагагүй болохоор цаг явж өгөхгүй байгаа юм болов уу хэмээн бодолхийлсээр би ажил руугаа орж явчхав өө.

Friday, December 03, 2021

Муухай эмо юм уншчихлаа. Хуваалцхаас.


- Өчигдөр надад дурлахыг чинь би мэдэрсэн.
- Яаж?
- Надад хүрэхдээ өмнөхөөсөө ондоо хүрсэн.
- Үгүй дээ. Би дандаа хүрдгээрээ л хүрсэн. Чамайг их эртнээс хайрлаж байгаа шүү дээ. Харин өчигдөр чи надад хайртайгаа мэдэрсэн.
Малена Край
«Эцсийн зурвас»

ТЭРГҮҮН ЭХ ХАМБА ДАРВИ ОДРЭЙДЫН ХИЧЭЭЛ

 


“Манхан” киног үзэх бэлтгэл ажил болгож Фрэнк Хэрбэртийн зургаан боть номыг уншиж эхлүүлсэн байсныг өчигдөр дуусгалаа. Анх 1965 онд хэвлэгдэж байсан Манхан (Dune) хэмээх энэ уран зөгнөлт романы үргэлжлэл болгож:
- Dune Messiah (Манханы Зөнч, 1969),
- Children of Dune (Манханы хүүхдүүд, 1976),
- God Emperor of Dune (Манханы эзэн бурхан, 1981),
- Heretics of Dune (Манханы тэрслэгсэд, 1984),
- Chapterhouse: Dune (Төв байр: Манхан, 1985) гэсэн таван роман гарсан байдаг. Хэрбэртийг 1986 онд нас нөгчсөний дараагаар түүний хүү Брайан Хэрбэрт, зохиолч Кэвин Ж. Андэрсоны хамт зохиолыг үргэлжлүүлэн олон боть (бараг арван хэдэн ширхэг) романуудыг гаргасан байна.

Ном дээр гардаг Бэнэ Жэссэритийн тухай би өмнө пост дээр оруулж байсан тул дэлгэрэнгүй тайлбарлахаас зайлсхийгээд энэхүү Дарви Одрэйдыг хэн бэ гэдгийг цухас танилцуулъя. Дарви Одрэйд бол Фрэнк Хэрбэртийн зургаан цувралын сүүлийнх болох Төв байр: Манхан романы гол дүрүүдийн нэг юм. Манхан романы гол дүр Пол Атрейдесын удмын хүн гэж гардаг ба Полын ээж Жэссикатай маш адилхан төрхтэй гэж дүрсэлсэн байдаг. Бэнэ Жэссэритийн толгойлогчийг Mother Superior гэдгийг би Тэргүүн эх хамба гэж монголчлов. Reverend Mother цол бүхий олон томцуулын тэргүүнд заларч буй гэдэг утгаар нь. (Рэвэрэнд гэдэг нь христитгэлт сүм хийдийн мяндагтныг хүндэтгэн дууддаг цол учраас ойролцоогоор нь хамба гэх маягийн)

Монголчилж буй энэ хэсэгт Одрэйд хэсэг хүмүүсээ дагуулаад гарцаагүй үхэл рүү явах үедээ дайсны хүмүүс рүү сэтгэл санааны дайралт хийж байгаа хэсэгт иймэрхүү хичээл болоод өнгөрдгийг хальт хуваалцъюу гэж санаад л. Утга зөрүү санагдвал бантагнасан миний чадал муу нь тэр зэрэг буй за.

***
Дарви Одрэйдын тухай нэмэлт мэдээлэл: https://dune.fandom.com/wiki/Darwi_Odrade
Зургийн эх сурвалж: https://www.mmo-champion.com/.../2491661-TV-Denis...
***

Бэнэ Жэссэритийн дэг жаягаар нэвт сургуулилсан түүний нүдэнд Иксийнхэн яаж ч зүсээ өөрчлөөд яалт ч үгүй танигддаг билээ. Тэдний нийгмийн суурь бүтэц нь хувь хүмүүст өөрийн өнгөө шингээсэн байдаг юм. Иксчүүд шинжлэх ухаандаа “улс төр, эдийн засгийн захиалгаар боломжит гэж үзсэн эрдэм шинжилгээг явуулах” гэсэн Хогбэнийхэрхүү хандлагатай байдаг. Энэ нь гэнэн итгэмтгий Иксийн ард түмний мөрөөдөл хүнд сурталтны төвлөрлийн бодит байдал буюу шинэ маягийн язгууртны үүсэл болсныг л харуулж буй хэрэг. Дайсантай ямар ч таатай байдлаар хэлцэл хийж тал нийлсэн хамаагүй угаас уруудах зам руугаа орсон нь Иксийг яагаад ч өөдлөхөөргүй байранд аваачжээ.

Бидний тулаан яаж өндөрлөхөөс ямар ч хамаарал байхгүй, Икс сөнөж байна. Бодит жишээ гэвэл Иксүүдээс сүүлийн хэдэн зууны турш ямар ч аугаа нээлт гарсангүй.

Сүипол эргэж ирлээ.
- Угтах хүн ирэхийг хүлээж бай гэнэ ээ.

Одрэйд энэ мөчид яриа үүсгэж Сүипол, хяналтын камер, өөрийн хөлөг дээрх улстай ярилцъя гэж шийдлээ.
- Сүипол, чи энэ бидний өмнө яваа Иксчүүдийг анзаарав уу?
- Тийм ээ, Тэргүүн эх хамбатан.
- Наадуулаа сайн хараад ав. Мөхөж буй нийгмийн бүтээгдэхүүнүүд. Ямар ч төрлийн хүнд суртлын аппаратаас гайхамшигтай шинэлэг нээлтийг сайнаар хүлээн авч хэрэглээнд нэвтрүүлнэ гэж найдах бол маш гэнэн хэрэг болно. Хүнд сурталтнууд өөр шалгуур тавьдаг. Юу гэдгийг нь мэдэх үү?
- Үгүй ээ, Тэргүүн эх хамбатан. – гэж хариулахаасаа өмнө Сүипол эргэн тойрноо сайтар нягтлан харав.

Мэдэж байна! Гэхдээ миний юу хийж байгааг ч бас мэдэж байна. Гайгүй ирээдүйтэй хүүхэд байж уу? Би ташаа бодож байжээ.

- Нэг иймэрхүү л шалгуур асуултууд байдаг юм, Сүипол. Хэн гавъяаг нь хүртэх вэ? Асуудал гаргавал хэн лайг нь үүрэх вэ? Хүчний тэнцвэрийг алдагдуулж биднийг ажилгүй болгочихгүй байгаа? Эсвэл манайхаас дорд аль нэг газрыг илүү ач холбогдолтой болгоод өсгөчихгүй байгаа?

Сүипол яг ярианы хэмнэлд тааруулан толгой дохин сонсох авч хяналтын камер руу хяламхийсэн нь илэрхий болгочихов уу даа. Одоо бол хамаа алга.

- Эдгээр асуултууд улс төрийн чанартай асуултууд. Хүнд суртлын чиг хандлага бол өөрчлөлтөд дасан зохицохын яг эсрэг байдгийг харуулж байгаа юм. Өөрчлөлтөд дасан зохицох чадвар бол амьд оршихуйн тэсэж үлдэх хамгийн чухал чадвар билээ. – хэмээн Одрэйд өгүүлэв.

Одоо гэрийн эзэдтэй шууд ярих цаг.

Одрэйд дээш харж гэрлийн бүрхүүлд суурилуулсан хяналтын камер луу хандан:
- Тэр Иксчүүдийг хараарай. Тэдний “урьдаас товлогдсон тодорхой ертөнцийн тухай бодол” нь юу ч тохиолдож байж болох боломж бүхий “хязгаар үгүй ертөнцийн тухай бодолд” зай тавьж өгчээ. Бүтээлч анархизм энэ ертөнцөд амьд гарах зам болно.
- Энэ хичээлд тань талархлаа, Тэргүүн эх хамбатан.

***

Орчуулсан: Д.Цогчулуун
ЧҮНДЖ Паблишинг
2021.12.03 

Saturday, November 06, 2021

ПОСЛЕДНИЙ ТОСТ

 ЧҮНДЖ паблишингийн хамтран зүтгэгч Оюунгэрэлийг доорх орчуулгаар өдөөн хатгаж байгаад өөрийнх нь хувилбарыг орчуулуулж авсан минь энэ буюу. Баяр гуай яагаад Анна Ахматовагийн энэ шүлгийг онцолж орчуулуулж байгааг нь мэдэхгүй боловч олон хүний хувилбарыг уншихад их зугаатай байлаа.

***
Миний хувилбар
***
Эцсийн сөгнөл
Балгас болсон гэрийнхээ төлөө
Балмад хэцүү амьдралынхаа төлөө
Хамтдаа атал ганцаарддагийнхаа төлөө
Зориуд чиний сайн сайхны төлөө
Ууя би.
Хуурмаг үгс хайргүй давуулдаг уруулын чинь төлөө
Хүйтэн цэвдэг, жиндүү гөлгөр харцны чинь төлөө
Харгис хэцүү, энэрэлгүй балмад хорвоогийн төлөө
Хайрлан энэрч авраагүй бурханы төлөө
Ууя би.

***




Анна Ахматова
ЖАРГААХ ДУГАРАА
Ундуй голомт
Сундуй амьдрал
Хажуудаа уйдаах
Хар хүн чиний төлөө тогтооё.
Завхуул хуурмаг уруул
Цэхэлзүүр хүйтэн нүд
Бусармаг хадуун хорвоо
Бурхан мартсан өөртөө ч барья.
Орчуулсан: Д.Оюунгэрэл ЧҮНДЖ паблишинг
Орос эх нь: ПОСЛЕДНИЙ ТОСТ
Я пью за разорённый дом,
За злую жизнь мою,
За одиночество вдвоём,
И за тебя я пью, —
За ложь меня предавших губ,
За мертвый холод глаз,
За то, что мир жесток и груб,
За то, что Бог не спас.

Friday, November 05, 2021

Дориунцэцэг

 Дориунцэцэг (цаашид "ДЦ" гэх) болон Гэнэнбат (цаашид "ГБ" гэх) хоёрын хоорондын харилцан яриа.

ДЦ:
- Чамайг ийм ядуу гэж мэдсэн бол гэрлэхгүй байх байсан юм.
ГБ:
- Күэ ер. "Энэ хорвоод надад чамаас өөр юу ч байхгүй" гэж хэлж байхад минь юугаа бодож байсан толгой вэ?
Гэнэнбат минь дээ.



Wednesday, July 21, 2021

энэ бол би..

 Буниул мань хоёрын бантан.

***
энэ бол би...
аанай л гостуу,
үүрийн гурван цагт
хоёр лонх дарстай
арван таван найрагтай
энэ бол би...
хөгшин баагий
үүр шөнийн заагаар
шар сэмжлэх хүсэлдээ
шаналж, тарчилж суугаа
энэ бол би...
шааригтай баагий
элэг маань дууссан
бөөр араас нь
нойр булчирхай гэж баас
цусны даралт гэж дээд цэг
хог болгосон он жилүүдээс минь
үлдэж багшарсан айдсууд минь
хөлий минь хуруунуудад
хөгийн инээд хүргэнэ
хамт амьдрах нэг ч авгай алга
ядаад
Жонни Карсоны шоуг хань болоод үзчих
Флоренс Найтингейл ч алга
Хэрэв цус харваад энд унаад өгвөл
зургаан өдөр тэр чигээрээ гулдайх биз
өлсөж гүйцсэн гурван муур
өвдөг, тохой, толгой, бугуйнаас идэж эхлэх биз
сонгодог хөгжим радиогоор эгшиглэв ...
хөгшин хүний тухай найраг
ахиж бичихгүй гэж өөртөө амласан юмсан
гэвч
энэ нь арай хөгжилтэй юм,
өршөөж бас болмоор ч юм,
өөрийгөө ашиглаж ханасан л баймаар юм,
үүрийн гурван цаг
би бичгийн машинаас
эрээн болсон цаасаа татлаа
хундагтай шавхрууг гүйцээж татаад
ахиад нэгийг хундгаллаа
ахиад л нөгөө муу хоосон цаас
Энэ удаа
аз таарах ч юм билүү
эхлээд
надад
дараа нь
чамд
- Буковски