Өглөө ажилдаа явж байгаад гэрэл дохион дээр зогсож таарав. Эхлээд нэг бүсгүй хоёр гараа халаасандаа шургуулчихсан зам хөндлөн гарч байна. Араас нь өөр нэг залуу нэлээн сүүлдэж бараг гэрэл солигдхын алдтай мөн л халаасандаа гараа хийсэн чигтээ хөнгөн шогшоод гарч байх юм. Тэр залуу, бүсгүй хоёр хоорондоо хамааралтай үгүйг мэдэхгүй ч ингэж гүйх осолтой байдаг юм даа хэмээн бодсоор ногоон гэрлээрээ цааш явав.
Тэртээ хоёр мянга хэдэн оны хавар юм уу даа би ШУТИС-ийн оюутан байлаа. Угаасан цэвэр хувцас нь дуусчхаараа костюм пиджакаа гаргаж өмсдөг зарим нэг найзыгаа бодвол би сайн дураараа гоонж өмсдөг сүрхий хүүхэд байв. Тэр найзынхаа тухай ярих гээгүй юм. Намайг костюм пиджак өмсөж ирэхээр их сургуулийн ангийнхан маань хэрэндээ хөл болж, бас хөөрхөн тэмдэглэдэг байсныг ч ярих гээгүй байна л даа. Хавар гээд эхэлж байсан даа, тэр нэг хавар ШУТИС-ийн нэгдүгээр байрны тэндээс Багшийн дээд рүү маягтай хөнгөхөн шогшиж явав. Залуучуудын холбооны байр өнгөрөөд Спортын ордон эхэлдгийн тэнд цагаан газар дээр айхтар бүдэрдэг юм даа. Хөп гээд л гараараа тулангуутаа "бардам зангаас минь өөр шалбарсан юм алга даа" гэсэншүү юм бодох маягтай шалавхан босч ирээд алгаа гөвж байтал хажуу талаас сийгээд явчихдаг юм. Гайхаад хартал хайран сайхан брюкэн өмд минь урин хаврын сэвшээ салхинд улс Монголын минь далбаа аятай дэрвэлзтэл намирч байх нь тэр. Халаасанд байсан гар тэндээсээ сугарч гарахдаа ташаанаас нарийн шилбэ хүртэл оёдлоор нь цуу татаад явчихсан юм байж л дээ. Пүү чёрт ёстой нүд боллоо доо. Багшийн дээдэд байсан найзынхаа байранд яаж ийж очоод оёулсан байдаг ч бил үү, эсвэл шууд гүлдийж 13 номерын автобусаар Шархад харьж очоод аргалсан байдаг ч бил үү, ямартаа ч тэндээс хойшх кадр байдаггүй юм. Их ичсэн дурсамжийг албаар арилгасан байх магадлалтай л даа. Хашир хөөн гэж хаширсан хүнийг хэлнэ ээ гэдэгчлэн түрүүний тэр хөнгөхөн шогшиж явсан залуу, түүний өмнөхөн явсан бүсгүй хоёрыг "Халаасандаа хоёр гараа шургуулчхаад гүйх ч нэг их ухаалаг үйлдэл биш дээ" гэсэн бодлоор харж сууснаас үүдэлтэй ийм нэг дурсамж сэдэрснийг нөхөдтэй хуваалцав. Та бүгдийн өнөөдрийн ажил бүтэмжтэй байг ээ.
No comments:
Post a Comment