“Манхан” киног үзэх бэлтгэл ажил болгож Фрэнк Хэрбэртийн зургаан боть номыг уншиж эхлүүлсэн байсныг өчигдөр дуусгалаа. Анх 1965 онд хэвлэгдэж байсан Манхан (Dune) хэмээх энэ уран зөгнөлт романы үргэлжлэл болгож:
- Dune Messiah (Манханы Зөнч, 1969),
- Children of Dune (Манханы хүүхдүүд, 1976),
- God Emperor of Dune (Манханы эзэн бурхан, 1981),
- Heretics of Dune (Манханы тэрслэгсэд, 1984),
- Chapterhouse: Dune (Төв байр: Манхан, 1985) гэсэн таван роман гарсан байдаг. Хэрбэртийг 1986 онд нас нөгчсөний дараагаар түүний хүү Брайан Хэрбэрт, зохиолч Кэвин Ж. Андэрсоны хамт зохиолыг үргэлжлүүлэн олон боть (бараг арван хэдэн ширхэг) романуудыг гаргасан байна.
Ном дээр гардаг Бэнэ Жэссэритийн тухай би өмнө пост дээр оруулж байсан тул дэлгэрэнгүй тайлбарлахаас зайлсхийгээд энэхүү Дарви Одрэйдыг хэн бэ гэдгийг цухас танилцуулъя. Дарви Одрэйд бол Фрэнк Хэрбэртийн зургаан цувралын сүүлийнх болох Төв байр: Манхан романы гол дүрүүдийн нэг юм. Манхан романы гол дүр Пол Атрейдесын удмын хүн гэж гардаг ба Полын ээж Жэссикатай маш адилхан төрхтэй гэж дүрсэлсэн байдаг. Бэнэ Жэссэритийн толгойлогчийг Mother Superior гэдгийг би Тэргүүн эх хамба гэж монголчлов. Reverend Mother цол бүхий олон томцуулын тэргүүнд заларч буй гэдэг утгаар нь. (Рэвэрэнд гэдэг нь христитгэлт сүм хийдийн мяндагтныг хүндэтгэн дууддаг цол учраас ойролцоогоор нь хамба гэх маягийн)
Монголчилж буй энэ хэсэгт Одрэйд хэсэг хүмүүсээ дагуулаад гарцаагүй үхэл рүү явах үедээ дайсны хүмүүс рүү сэтгэл санааны дайралт хийж байгаа хэсэгт иймэрхүү хичээл болоод өнгөрдгийг хальт хуваалцъюу гэж санаад л. Утга зөрүү санагдвал бантагнасан миний чадал муу нь тэр зэрэг буй за.
***
Дарви Одрэйдын тухай нэмэлт мэдээлэл: https://dune.fandom.com/wiki/Darwi_Odrade
Зургийн эх сурвалж: https://www.mmo-champion.com/.../2491661-TV-Denis...
***
Бэнэ Жэссэритийн дэг жаягаар нэвт сургуулилсан түүний нүдэнд Иксийнхэн яаж ч зүсээ өөрчлөөд яалт ч үгүй танигддаг билээ. Тэдний нийгмийн суурь бүтэц нь хувь хүмүүст өөрийн өнгөө шингээсэн байдаг юм. Иксчүүд шинжлэх ухаандаа “улс төр, эдийн засгийн захиалгаар боломжит гэж үзсэн эрдэм шинжилгээг явуулах” гэсэн Хогбэнийхэрхүү хандлагатай байдаг. Энэ нь гэнэн итгэмтгий Иксийн ард түмний мөрөөдөл хүнд сурталтны төвлөрлийн бодит байдал буюу шинэ маягийн язгууртны үүсэл болсныг л харуулж буй хэрэг. Дайсантай ямар ч таатай байдлаар хэлцэл хийж тал нийлсэн хамаагүй угаас уруудах зам руугаа орсон нь Иксийг яагаад ч өөдлөхөөргүй байранд аваачжээ.
Бидний тулаан яаж өндөрлөхөөс ямар ч хамаарал байхгүй, Икс сөнөж байна. Бодит жишээ гэвэл Иксүүдээс сүүлийн хэдэн зууны турш ямар ч аугаа нээлт гарсангүй.
Сүипол эргэж ирлээ.
- Угтах хүн ирэхийг хүлээж бай гэнэ ээ.
Одрэйд энэ мөчид яриа үүсгэж Сүипол, хяналтын камер, өөрийн хөлөг дээрх улстай ярилцъя гэж шийдлээ.
- Сүипол, чи энэ бидний өмнө яваа Иксчүүдийг анзаарав уу?
- Тийм ээ, Тэргүүн эх хамбатан.
- Наадуулаа сайн хараад ав. Мөхөж буй нийгмийн бүтээгдэхүүнүүд. Ямар ч төрлийн хүнд суртлын аппаратаас гайхамшигтай шинэлэг нээлтийг сайнаар хүлээн авч хэрэглээнд нэвтрүүлнэ гэж найдах бол маш гэнэн хэрэг болно. Хүнд сурталтнууд өөр шалгуур тавьдаг. Юу гэдгийг нь мэдэх үү?
- Үгүй ээ, Тэргүүн эх хамбатан. – гэж хариулахаасаа өмнө Сүипол эргэн тойрноо сайтар нягтлан харав.
Мэдэж байна! Гэхдээ миний юу хийж байгааг ч бас мэдэж байна. Гайгүй ирээдүйтэй хүүхэд байж уу? Би ташаа бодож байжээ.
- Нэг иймэрхүү л шалгуур асуултууд байдаг юм, Сүипол. Хэн гавъяаг нь хүртэх вэ? Асуудал гаргавал хэн лайг нь үүрэх вэ? Хүчний тэнцвэрийг алдагдуулж биднийг ажилгүй болгочихгүй байгаа? Эсвэл манайхаас дорд аль нэг газрыг илүү ач холбогдолтой болгоод өсгөчихгүй байгаа?
Сүипол яг ярианы хэмнэлд тааруулан толгой дохин сонсох авч хяналтын камер руу хяламхийсэн нь илэрхий болгочихов уу даа. Одоо бол хамаа алга.
- Эдгээр асуултууд улс төрийн чанартай асуултууд. Хүнд суртлын чиг хандлага бол өөрчлөлтөд дасан зохицохын яг эсрэг байдгийг харуулж байгаа юм. Өөрчлөлтөд дасан зохицох чадвар бол амьд оршихуйн тэсэж үлдэх хамгийн чухал чадвар билээ. – хэмээн Одрэйд өгүүлэв.
Одоо гэрийн эзэдтэй шууд ярих цаг.
Одрэйд дээш харж гэрлийн бүрхүүлд суурилуулсан хяналтын камер луу хандан:
- Тэр Иксчүүдийг хараарай. Тэдний “урьдаас товлогдсон тодорхой ертөнцийн тухай бодол” нь юу ч тохиолдож байж болох боломж бүхий “хязгаар үгүй ертөнцийн тухай бодолд” зай тавьж өгчээ. Бүтээлч анархизм энэ ертөнцөд амьд гарах зам болно.
- Энэ хичээлд тань талархлаа, Тэргүүн эх хамбатан.
***
Орчуулсан: Д.Цогчулуун
ЧҮНДЖ Паблишинг
2021.12.03
No comments:
Post a Comment