Б.Занданхүү | Яруу найрач
***
Мөрөөдөн дуулдаг байлаа
Мөрөөдөн уйлдаг байлаа
Мөнх бусын орчлонд...
/72-р тал/
***
Танил бүрхэг өвлийн өдөр
хэн ч над руу цас шидсэнгүй
Хацар норгоод газарт бутрах
тийм л энхрийллийг би хүссэн
Хавар цагийн зөөлөн гуниг
дотоод сэтгэлд минь өлгийтэй хэвээр
Хариг цаг тооллын гүнд булшлагднам
Цасан шуурга исгэрнэ
Өө, одоо надад инээмсэглэл зохихгүй
цас шидэх хэрэггүй
Өсөж торнисон гэрийн дулаан
миний улиралд хайрагдчихсан
Өвөл минь би чиний цас.
Хунгарласан гунигийг минь хөлдөө
Өөдөөс нь алхаж исгэрэх дуунд чинь
шууръя, цагаахан даль цэцэг шиг
хүсэл алга болжээ.
/16-р тал/
***
Гэмшил хожимдож
Гадаа шуурга эхэллээ
Гэрлийн шил хагарах дуулдана
Сэтгэл бас харанхуйлчихлаа
Улигт шуургыг би хүсээгүй
Урам итгэл минь алдраагүй
Харин тэгтэл хувь заяа
Хатуу гартаа ташуур барьжээ
Гэсгээгдэгсэд энэлэн шаналтугай
Гэм нүглийг бурхан өгсөн
Хөлчүү дээдсийн шагнал болгосон
Хундага дарс энэ байна
Хөнтөрч орхиод бүхнийг мартъя
Хувь заяа минь илдээ далай.
2000 он
/23-р тал/
***
Миний улиралд дасаагүй
Харийн хүний араас
Намар шиг ширтэх
Надад сайхан байгаагүй
Цас бороо шиг аашиндаа
Үнэнч оршдогийн төлөө
Цагийн цагт дандаа
Шаналж дурладгийн төлөө
Шувууд ниссэн оддог
Өвс навч хагдардаг
Шунал тачаал л үлддэг
Өө, миний улирал, миний л...
***
Гэлмэгт шөнийн дальдчаа лаа
Гэрлээ дуусгаад бөхсөн байнам
Гэнэтхэн итгэл минь дэргэд нь урсаад
Гэмшил мэт царцсан байнам
Өө, би улаахан модтой дурлам холхид
Өвлийн бодлоор дулаацах л байсан
Гэрэлгүй лааны альхан булангаас
Гэртээ харихаа ч мэдэж л байсан
Санаа минь гил хархан торгомсог намиатах
Саарал ертөнцийн буйдад тийм дотносог харь
Инээмсэглэл минь зам заах
Идэрхэг хүсэл нь чулуун бие...
/39-р тал/
***
"Цадсаны дараах хоолны таваг шиг"
Царайлаг охидын өмнө
Гараа хумиж элгээ тэврээд
Гайхалтай сайхан бохь мөрөөднөм
Гоо сайхан гэдэг ёс байхаа больсон
Гомдолтой энэ цаг үед
Ренбрандтын сэтгэлийн гэгээт ертөнцөд
Эмсгий охин зорчих боллоо.
/41-р тал/
***
Үүр цайх нь үхэл амсхийх шиг...
/44-р тал/
***
Зөөлөн цагаан цасанд
Нүүрээ шургуулж мэгшлээ
Зөрөөд төөрөөд хаачих вэ дээ
Энэ л уйтхан орчлонд
/47-р тал/
***
Олон хундага дарсыг эгнүүлж өрөөд
Охидын төлөө өөрийнхөө төлөө согтмоор байна
Он цаг, шаналан гуниг юу юм бэ?
Огторгуй цэнхэрхэн байхад амьд байх сайхан
Цэнгэлтэй өдрүүдийн хань нөхөд минь
Цэвэрхэн дурсамжаа өвөртлөөрэй
Дараа өдөр дахин уулзахгүй, хичнээн сайхан
Давхар хуудастай номынхоо завсарт үлдэцгээе
Хайрлах гэж л би амьд яваа шүү
Хамгийн олон ерөөл дэвшүүлж хундага тулгая
Олон олон хундага дарсыг ганцхан удаа
Охидын төлөө, өөрийнхөө төлөө...
2001.06.10 Улаанбаатр
/64-р тал/
No comments:
Post a Comment