Saturday, September 05, 2020

ХЭЛ УСНЫ ТУХАЙ


Багадаа хаа нэгтээгээс “Хүүхэд дөрвөн нас хүртлээ сурсан хэлээ насан туршдаа мартдаггүй” гэж сонссон уу эсвэл уншсан уу мэдэхгүй, ямартаа ч байнга санаанд явдаг юм. Дээр хэлж байсанчлан дүү бид хэдийг бага байхад аав маань Сэлэнгийн барилга угсралтын конторт инженерээр томилогдож очиж билээ. (Энэ ялдамд хайрт аавдаа Барилгачдын баярын мэндийг ахин хүргэе!) Сэлэнгийн Сүхбаатар хотод оросын телевизийн суваг ороод ирдэг. Монголынхоос ялгаатай нь эфир орой зургаан цагаас биш өдөр болгон, өглөөнөөс орой болтол гардаг байлаа. Зурагт үзсээр байгаад орос хэлийг сурчихсан юм. Тэрнээс болсон уу ямар ч байсан одоо хэр нь орос хэлийг уншиж, сонсохдоо маш сайн ойлгодог. Ярих бичихдээ маруухан. Орох хэсэг нь сайн ч гарах хэсэг нь маш хангалтгүй.


Багаасаа л голдуу монгол зохиолчдын Монголоо гэсэн утга санаа бүхий ном уншиж өссөн болоод тэр үү ер нь харийн гэх юманд жаахан бишүүрхүү маягтай. Гэхдээ хар багаасаа л оросын телевиз үзэж өссөн болохоор орос талдаа бас жаахан элгэмсүү. Англи хэл сурахдаа элдэв цензургүй шууд шунгаад орж явчихсан учраас барууны соёлын нөлөөнд бас автсан ч юм шиг өөртөө санагддаг. Эсвэл яг үзэл бодол төлөвшиж байх үед тэр чиглэлийн юмс голдуу уншиж таарсан болохоор ч тэр юм уу. Энэ нэг ийм эрлийздүү гэмээр хандлагаа би нэлээн дээхэн анзаарсан болохоор хүүхэдтэй болохоороо ер нь эхлээд “Би Монгол хүн” гэдэг үзлийг суулгаж өгөх хэрэгтэй юм байна даа гэж бодох болсон юм. Болж өгвөл гадаад хэлд сургахгүй 3, 4, 5 дугаар анги хүртэл явуулсан ч яах вэ гэж бодож байлаа л даа. Эх хэлээр амлуулчихвал цаашдаа алзахгүй л гэж дотроо төлөвлөж байсан хэрэг. Амьдралд ам гарч болох биш, Монголоосоо гадагш гарахгүй гэж боддог байсан би ч ингээд Солонгост суралцахаар ирж таараад гэр бүлээ нааш татахаас аргагүй болов. Яг л охины сургуульд орох насанд хүрдэг жил наашаа ирж таарсан. Охиноо ядаж Монгол хэлээрээ уншиж бичиж сураг гэж бодоод тэр хоёроосоо тусдаа нэг жил ганцаараа суулаа. Охин ч тэр хооронд Монгол сургуулийн нэгдүгээр ангийг дүүргэж авав. Одоо бол монголоороо сайн уншина.

Хэлний талаар манай гэрт охин бидний хооронд хоёр л дүрэм байдаг. Нэгдүгээрт, гэртээ байгаа үед хоорондоо зөвхөн монголоор л ярина. Англи, солонгос үг хэрэглэхгүй. Хоёрдугаарт, аль нэг хэлээр ярих үедээ өөр хэлний үг холихгүй. Англиар бол англиараа, солонгосоор бол солонгосоороо.

Англи, солонгос хэлтэй орчинд бараг битүү шахуу хүрээлэгдчихсэн байгаа болохоор миний охины монгол хэлний баялаг үнэхээр жулдаад байгаад л үнэхээр сэтгэл зовж байна. Аав ээж нь хичнээн монголоор ярилаа гээд өдөртөө хэдхэн зуун үгээс хэтрэхгүй, харин нөгөө хэлүүд бол битүү бүчиж байна. Угаасаа тэр хэлүүд байхгүй бол амьдрал нь явах ч үгүй л дээ. Ямар сайндаа би солонгос нэвтрүүлэг үзэх дургүй гээд өөрөө гэртээ байгаа үедээ охиндоо солонгос юм үзүүлдэггүй. Далдуур үзээд байгааг нь мэдэж байгаа. Гэхдээ л хэрэндээ бачуураад ямар сайндаа монгол хэлний багшаар хичээл заалгая гэж шийдэх вэ дээ.

Манай гэр бүлийн ийм бичил орчинд хүртэл монгол хэлээ эзэмших, монгол хүн байх тухай тэмцэл гэх үү эрмэлзэл гэх үү юм өрнөөд байхад Өвөр Монголд эх хэлээрээ суралцах эрхээ хадгалан, хамгаалах тухай тийм том тэмцэл гарахгүй байх аргагүй юм аа гэж дотроо дэмжин сууна. “Үнэхээр Хятадын Коммунист Намаас гарсан шийд бол тэгээд хэнбугай нь ч мянга тэлчлээд дийлэхгүй л дээ. Хонгконгийг харахгүй юу” гэсэн гутранги бодол толгойд эргэлдэх боловч тэглээ гээд хүлцэнгүй толгой гудайн суулгүй махны машины өөдөөс сөрөн тэмцэж байгаа улсыг хараад битүүхэн бахархах, айх. Царай таних технологи нэвтрүүлээд удаж байгаа газар шүү дээ. Бултаж мурих ямар ч аргагүй. Кирилл үсэг нэвтрүүлэх замаар Монголыг эвдсэн Зөвлөлтийн бодлогын харгайгаар одоо Монгол улсын хүмүүс нь монгол бичгээ “хэрэггүй, хэцүү, хуучирсан” гэж ад үзэх маягтай. Хэрвээ Думдадын энэ бодлого тэр чигээрээ хэвээр үлдвэл ахиад хорь гучин жилийн дараа Монгол хэл, бичгийн боловсрол бараг Монгол улсад л үлдэх байх. Гэтэл манайхны байгаа царай. Ерөнхий боловсролын хөтөлбөртөө монгол бичгийг оруулсан ч юм уу дөө. Уран зохиолын хичээлийн цагийг хассан л гээд байгаа. Уг нь уран зохиолын хичээл дээр жинхэнэ монгол хүмүүсийн тухай, монголынхоо тухай үзэж, уншиж эх оронч сэтгэлгээ суух учиртай гэж би боддог. Бусын эрхшээлд буй элгэн төрлүүд тэнд тэгж тэлчилж байхад туурга тусгаар Монгол хүмүүс нь тус тусдаа довоо шарлуулаад л байж байх ч гэж.

Тэр өвөрлөгч хүүхдийн барьсан дарцаг дээрх үг л бодогдоод байна. Гунигтай.

Өрөөлийн хэл бол багаж юм
Өөрийн хэл бол амь юм.

2020.09.05
 

No comments: