Ёстой солиотой нийтлэл уншлаа. Энэ бараг ойрын хэдэн жилийн дотор кино болж гарах байх.
1996 оны 6 сард Айдахо Фоллс гэж хотод 18 настай Анжи Додж гэж эмэгтэйг гэрт нь хүчиндээд, хоолойг нь хэрчиж алсан хэрэг гарчээ. Хэргийн газарт үзлэг хийсэн цагдаа нар алуурчны үрийн шингэнийг талийгчийн биеэс олсон нь хэргийг амархан шийдчих байх гэсэн итгэл төрүүлжээ. Үрийн шингэнээс ДНХ-ийн дээж аваад, харьцуулаад л болчих юм байх гэж бодоцгоож. Гэтэл нөгөө ДНХ-тэй таарах сэжигтэн байдаггүй. Тэр хавиар байсан хамаг хүмүүсийн үрийн шингэнээс дээж авж харьцуулаад алиныхтай нь ч таарсангүй. Мухардалд оржээ. Ядахад мөрдөн байцаагч нар нь жирийн эргүүлийн цагдаа хийж байгаад тушаал дэвшсэн туршлагагүй нөхөд байж таарсан байна. Хаа газрын хийцгүйрээд дэмий зөнгөртөж байдаг залуусын нэг болох Кристофер Тапп гэж хүүгээс ч бас дээж авсан байна. Нөхрийнх мэдээж таарсангүй. Хэрэг бараг унтрах тийшээ хандахад охины ээж Кэрол Додж аргаа барж эхэлсэн байна. Байнга цагдаагийн газраар орж хэргийн явцыг асууж улиг болсон ба цагдаагийн газрын ар талаас ордог хаалгыг бараг “Кэролын хаалга” гэж нэрлэхдээ тулсан байжээ. 5000 долларын шагнал амлаад ч хэргийн талаар мэдээлэл, сураг гарсангүй. “Гашуудалдаа солиорч яваа ээж байна” гээд хүмүүс ч олигтой хайхраагүй байна.
Ингээд хэрэг бараг замхарч байтал аллагаас яг долоон сарын дараа зэргэлдээх муж улсад Кристофер Таппын сайн найз Бенжамин Хоббс гэж нөхөр нэгэн эмэгтэйд хутга тулган хүчирхийлсэн хэргээр баривчлагджээ. Анжиг алсан арга барилтай төстэй байна гэж мөрдөн байцаагч нар үзээд Айдахо Фоллсоос гаралтай мань хүн дээр хэрэг үүсгэхээр шийдэв. Таппыг ирж мэдүүлэг өг гэж. “Би тэр өдөр өөр газар өөр эмэгтэйтэй байсан. Энэ хэргийн талаар юу ч мэдэхгүй” гэж цаадах нь ирэнгүүтээ шууд л хэлсэн гэдэг. Уг нь нөгөөх дээр нь хэрэг үүсгэх гэж байсан мөрдөгч нар яваандаа Тапп тэр хоёрыг хамтраад энэ хэргийг үйлдсэн байж болох юм гэсэн дүгнэлтэд хүрчээ. Цагдаа нар Хоббсыг хэрэгт сэжиглэж байгаа гээд түүнийг барихад хэрэг болох мэдээлэл нэхсээр байсан боловч нөхөр юу ч мэдэхгүй гэж зүтгээд л байж. Гурван долоо хоногийн дотор 9 удаа байцаагдаж, долоон удаа полиграфт орж (үнэн худлыг шалгагч) нийтдээ 100 гаруй цагийн турш эрчимтэй байцаагдсан байна. Байцаалтын явцын бичлэг дээрээс харахад харваас жаахан хүү уйлан барин ярьж байгааг сүүлд нь хүмүүс харжээ. Цагдаа нар “чи худлаа хэлээд байна полиграф хэзээ ч худлаа хэлдэггүй”, “чамайг цаазаар аваачна”, “хийн танхимд хордуулна”, “бидэнтэй хамтарч, хэргээ хүлээвэл ял өгөхгүй” гэхчлэн сүрдүүлсээр байж. Сүүлдээ хүү ядраад, цагдаа нараас салахын түүс болж, залхсандаа цагдаа нарын хэлсэн янз бүрийн хувилбарыг зөвшөөрч эхэлсэн байна. Нийтдээ байцаалтын явцад зургаан өөр хувилбар хэлсэн байдаг. Аллага болж байхад өрөөнд хамт байсан гэж хүлээн зөвшөөрөхөд нь мань хоёрын үрийн шингэнээс дээж авч шалгасан ч таарсангүй. Цагдаа нар ахиад өөр хүн хамт байсан юм биш үү гээд байцаахад нь хүү ахиад өөр нэг хүний нэр хэлж. Тэр нөхрийнх нь ч бас таарсангүй. Ингээд цагдаа нар түүнийг худал мэдүүлэг өглөө гээд өмнө тохиролцсон ял хүлээлгэхгүй гэдэг тохироогоо цуцалжээ. Хэргийг хүлээхгүй бол чамайг цаазаар аваачна гэж сүрдүүлсээр байсан тул хөөрхий Кристофер Тапп амиа аврахын тулд хэргийг хүлээжээ. Гэтэл нөгөө хоёрыг нь суллаж явуулангуутаа Таппыг хүн амины хэргээр буруутган баривчилж орхих нь тэр. Хамаг эд мөрийн баримтаар биш гэдэг нь нотлогдсоор байхад тэр шүү. “Өөрийгөө авч гарах гэж үгээр нь явсаар байгаад нүхэнд хэтэрхийн гүн орчихсон” гэж сүүлд нь тэрээр ярьсан байна. 1998 онд болсон шүүх хурал дээр гэрчийн этгээд түүнийг нэгэн үдэшлэг дээр аллагын тухай ярьж байхыг сонссон гэх мэт мэдүүлэг өгсөн ба тангарагтнууд 13 цаг орчим хэлэлцээд Таппыг хүчин, санаатай аллага, үхлийн аюултай хүйтэн зэвсэг хэрэглэсэн гэх хэргүүдэд буруутай хэмээн шийдэж, улмаар шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноожээ. Шийдвэрийг сонсуутаа сандал дээрээ лагхийн унаад толгойгоо барин гасалж байгаа зураг нь ч хэвлэл мэдээллээр тухайн үедээ их тархсан байдаг гэнэ. Хүмүүс бүр түүнийг цаазаар авах ял оноохыг хүсч байсан гэдэг.
Кэрол Додж цагдаа нарт уурласан хэвээрээ л байв. Таппыг уг хэрэгт буруутай гэж яв цав нотлох юу ч байгаагүйн дээр нөгөө гайтай ДНХ хэнийх гэдгийг нь мэддэггүй. Цагдаа нар болохоор өөр нэг хүн цуг байсан байх, Тапп тэр хүнийг илчлэхгүй байна гэсэн болохоор л Кэрол уурлаад байж. Тэгээд өнөө ДНХ хэнийх болохыг олж илрүүлэхээр чармайж эхлэв. Тапп хуульчидтайгаа хамт гэм буруугүй гэдгээ баталж шоронгоос гарахаар тэмцэж, Кэрол охиныхоо биеэс гарсан ДНХ-ийн эзнийг олох гэж зүтгээд аль аль нь л бүтэл муутай явсаар 2009 онтой золгож, алуурчны ДНХ гэмт хэрэгтнүүдийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд нэвтэрсэн ч бас л үр дүнгүй. Кэрол хэдэн жилийн дараа ДНХ-ийн шинжилгээ хийдэг нэг компанитай холбоо тогтоож өнөөх дээжээ шалгуулахад сэжигтэн нь 85% цагаан арьстай хүн болох нь тогтоогджээ. Кэрол үргэлжлүүлээд судлаад л байж. Тэгсээр улсын шүүх эмнэлэг, ДНХ-ийн шилдэг мэргэжилтэн доктор Грег Хампикиан гэдэг хүнтэй холбогдож. Мань хүн энэ хэргийн талаар хэдийн мэддэг болсон байжээ. Тапп хуульчдаараа дамжуулан түүнтэй холбоо тогтоож өөрийнх нь гэм бурууг тодруулж өгөхийг хүссэн байсан аж. Доктор Хампикиан нь “Айдахогийн гэм буруугүй улс” хэмээх төсөл үүсгээд хэрэгжүүлж байсан үе гэнэ. Хилс хэргээр ял үүрч байгаа хүмүүсийг өмгөөлөх чиглэлээр ажилладаг төсөл юм байна. Ингээд хоёр талаас хүсэлт авсан доктор Хампикиан дадлагынхаа оюутанд нөгөө байцаалтын бичлэгүүдийг судлах үүрэг өгтөл цаадах нь тун удалгүй “Энэ хүү буруугүй юм байна. Цагдаа нар хамаг үгийг нь хэлж өгсөн байна” гэсээр ороод иржээ. Ингээд тэд хэргийг шийдвэрлэхээр авсан байна. Энэ хэргийг үйлдсэн байж мэдэх хүн бүрээс ДНХ-ийн шинжилгээ авахыг хүссэн боловч улсаас зөвшөөрсөнгүй. Нөхөд нөгөө дээжийг олон нийтийн ашигладаг ancestry.ком зэрэг сайтуудын өгөгдлийн баазууд дахь мэдээлэлтэй харьцуулж эхлэв. Тэндээс төстэй байж мэдэх нэг хүнийг олсон боловч бас л тохирсонгүй. Кристофер Таппыг хэрэгт буруутай, бас хамтран зүтгэгч байсан гэдэгт бат итгэлтэй байлаа. Мэдээллийн эрх чөлөөний хуулийн дагуу орон нутгийн сониныхон Таппын байцаалтын үеийн бичлэгүүдийг олж авсныгаа Кэролд үзүүлсэн байна. Нийт 25 цагийн бичлэгийг үзсэний дараагаар тэрээр Таппыг охиных нь аллагад буруугүй гэдэгт бүрэн итгэжээ. Ингээд хилс хэргээр буруутгагдан хоригдож байгаа Таппыг чөлөөлүүлэхээр тэмцэж эхлэв. Энэ бол 2016 он. Бараг хорин жил шахам шоронд хоригдсоных нь дараа. Цагдаа нар хэрхэн хүч хэрэглэж, тулгах замаар хэргийг нь хүлээлгэсний олон нийтэд дэлгэж тэмцсээр байгаад нөхрийн хэргийг прокуророор шалгуулж, цаадуул нь ялыг нь хэвээр үлдээгээд хугацааг нь дуусгаж өгье гэсэн санал тавьж. Тапп зөвшөөрсөнгүй. Тэгэхээр нь за тэгвэл хүчингийн хэрэгт буруугүй гээд, нөгөө хоёр хэрэгт буруутай хэвээр нь гээд хугацааг нь дуусгаж өгье гэхэд хорин жил шоронд хилсээр суусан Кристофер Тапп зөвшөөрчээ. Ингээд 2017 оны 3 сарын 22-ны өдөр суллагдсан байна.
Ингээд Крис суллагдсан ч өнөөх ДНХ-ийн эзэн олдоогүй цагт түүний гэм буруугүйг батлах юм юу ч байсангүй. 2017 он гэхэд Айдахо Фоллсын цагдаагийн дарга солигдов. Тэр үед 12 хүний аминд хүрч, 45 хүнийг хүчиндсэн Калифорнийн “Алтан мужийн алуурчин” хэмээх гэмт хэрэгтнийг илрүүлэхэд генетикийн удам судлал гэх шинэ технологи маш том хувь нэмэр оруулсан байна. Үндсэндээ гэмт хэргийн газраас олдсон ДНХ-ийн мэдээллийг олон нийтийн ancentry.ком гэх мэт сайтууд дээрх мэдээлэлтэй харьцуулдаг гэнэ. Цагдаа нар уг технологийг энэ хэрэгт голлон хэрэглэхээр болжээ. Тэд Сесе Мур гэх мэргэжилтэнтэй холбогдож энэ талаар хамтран ажиллахыг хүссэн боловч наадах нь дургүйцжээ. Дээжийг хэтэрхий олон жил хадгалагдаж, муудсан байх гэж үзсэн болохоор тэр гэнэ. Кэрол түүнтэй уулзаж гуйж гувшсаар байгаад арайхийн зөвшөөрүүлсэн тул 2018 оны зун өнөөх дээжийг судалж эхэлжээ. Аз болоход дээж олигтой муудаж шалиагүй байв. Дээжээс олдсон гениэр удмын шинжилгээ хийж явсаар Кларенс Уссери гэж хүний үр удам байж болох юм хэмээн тогтоожээ. Төрсний гэрчилгээ болон эмгэнэлийн бичгээр мөшгисөөр байгаад 1996 оны үед хэрэг үйлдсэн байж болох насны 6 хүнийг олж илрүүлсний нэг нь тухайн үед Айдаход амьдарч байсан болж таарав. Цагдаа нар нөгөө хүнээс дээж автал таарсангүй. Үлдсэн тавынх нь ч бас. Ингээд ахиад л мухардалд оржээ. Тэр гэр бүлээс л гаралтай хүн гэж бат итгэсэн байсан болохоор Мур юу өнгөрөөчихснөө баахан шалгажээ. Нэг нөхрийн анхны гэрлэлт л сэжигтэй санагдаад байж. Нэлээн залуудаа сууж байгаад шууд салсан юм байна. Их дээр үед, бас залуудаа байсан болохоор хүүхэд шуухадтэй эсэх нь тодорхойгүй. Ингээд байж байтал Миссүри мужийн нэгэн номын сангаас хариу нь олджээ. Өнөөх салсан Хэлэн Дорнелл гэх эмэгтэйгийнх нь эмгэнэл гараад ирэх нь тэр. Өөд болсон эмээ нь хүү болон ач хүүтэй байсныг, бас тэд нар нь төрсөн эцгийнхээ биш хойд эцгийнхээ Дриппс хэмээх овгийг авсан гэдгийг тэр эмгэнэлээс мэдэж авав. Тэгээд өнөөх ач хүү Дриппс нь Айдахо Фоллст 1996 онд амьдарч байснаар барахгүй алуулсан охины яг эсрэг талын байшинд амьдардаг байсныг нь олж мэдэцгээжээ. Анх хэрэг гарахад байцаагдаж байсан олон хүний дунд ч бас багтсан байж. Ингээд мань хүнээс ДНХ-ийн дээж авах ажиллагаа эхэлжээ. Нэлээн дагаж байж арайхын татсан тамхиных нь акуркийг авч шинжилгээнд өгөхөд хариу нь яг таарсан байна. Ийнхүү хорин жил, нэг зуун шинжилгээний дараа анх удаа таарсан гэх хариу гарч ирэв. Цагдаа нар Брайан Лэйи Дриппс хэмээх шинэ нэртэй боллоо. Баривчлаад цагдаагийн газар авчраад таван цаг орчим байцаагаад, ДНХ-ийн мэдээллийг үзүүлсний эцэс өнөөх нь тамхи нэхээд “За нөхөд өө, энийг бичлэгт оруулсан нь дээр байх шүү” гэж хэлээд хэргээ улайсан байна. Анжи Додж бүсгүйг хүчиндээд, алснаа хүлээгээд, хэрэг үйлдэхдээ ганцаараа байсан гэж хэлжээ. Түүний шүүх хурал 2021 оны 7 дугаар сард болохоор товлогдсон байна. Өөрөө буруугүй хэмээн мэтгэж байгаа бөгөөд шүүхээс буруутай нь батлагдвал ялын дээд хэмжээ авна.
Гэмт этгээдийг баривчилсныхаа дараа Кэролд хэн гэдэг хүн, хаанаас баривчилснаа дуулгах гэж маш олуулаа цуглажээ. ДНХ-ийн шинжилгээнийхэн, цагдаа нар гээд гэрт багтахгүй олон хүн ирсэн нь уг хэргийн мөрдөх ажлын өрнөл, явцад түүний хэр их нөлөөтэй оролцсоныг харуулж байгаа юм. Нэрийг нь сонсоод л Кэрол сандлаасаа гулсаад унаж. Энэ хүнээс ДНХ-ийн дээж аваад өгөөчээ гэж зөндөө гуйж гувшаад бараагүй, тухайн үед энэ хүнээс мэдүүлэг авсан цагдаа нар тайландаа тусгаагүй гэх мэт маш олон алдаа завхралууд байсан байна. "Энэ хэргийг бүүр 23 жилийн өмнө илрүүлэх боломжтой байсан байна гэж бодохоор би маш их уурлаж байна. Би бүр үүдэн дээр нь сууж байсан. Охиноо оршуулчихаад гэрт нь очоод цонхоор нь харж байхдаа ч тэднийх рүү харж байсан байна шүү дээ. Маш ойрхон мөртөө дэндүү хол" хэмээн Кэрол Додж харамсан ярьжээ.
Хэрэг үйлдсэн хүн олдсоноор Кристофер Таппын өмнөх хэргийг цагаатгах ажил улам эрчимтэй явагдаж 2019 оны 7 дугаар сард албан ёсоор цагаатгажээ. Нөхөр одоо Айдахо Фоллс хотын захиргаатай шүүхдэлцэхээр төлөвлөж байгаа юм байна. Мөн түүнд тохиолдсон энэ явдлаас улбаалж муж улсаас хилс хэргээр буруутгагдаж ял эдэлсэн хүмүүст нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл гарч байгаа гэнэ.
Энэ хүртэл тогтож уншсан бол ТА шүү гэе даа. БиБиСи дээрх “The mother and the murderer” (https://www.bbc.co.uk/news/extra/u5IdEAokvl/idaho-falls-murder-of-angie-dodge) хэмээх Гарет Эвансын нийтлэлээс тоймлож базсан Д.Цогчулуун
2020.03.13