Thursday, December 11, 2014

Азийн цагаан дагина ч гэж дээ...




Азийн цагаан дагина ч гэж дээ, дээхний хошин шог дээр гардаг шиг хогондоо л цайрч харагддаггүй юм бол одоо өвөл болж байгаа гээд харагдчих юм бараг байхгүй болсон цаг юм уу даа. Осолдохгүй тэгээс доош градустайдаа л хүйтэн хонож байх шиг байна. Бусдаараа бол ч мэдэхгүй ээ. Лавсайн орсон зузаан цасыг хүрз, хамуур, тармуур, шармуур, шүүрмүүр ашиглаж ирээд л цэвэрлэхэд хөлс асгараад бие сайхан амардагсан. Одоо ч үлээхэд л арилдаг хэдэн цайвар ширхэг хялмаалмар болоод.

“Намайг бага байхад..” гэж ирээд л хүмүүс дурсах дуртай байдаг даа. Олоон жилийн өмнө 11 сарын 29-ны өглөө урд орой нь уусан архины шарыг үлдэн хөөх зорилгоор Шархаданд байдаг өвөөгийнхөө хашааны цасыг цэвэрлэж билээ. Хоёр найзтайгаа гурвуулаа хашааны хаалганаас гэрийн үүд рүү, хойно байх зуны амбаар луу, нагац ахын байшингийн довжоо руу, тэгээд нүүрсний амбаар, эцэст нь зүүн урд буланд байрлах жорлон руу гэсэн хэд хэдэн маршрутаар зам засаж байхыг маань нагац ах тавлангуй харж зогссонсон. Цас цэвэрлэж дуусаад усан хулгана болсон гурван чөрчгөр оюутнууд гэрйн үүдэнд гутлын цасаа гөвөөд гэрт ороход пийшин халуу дүүгээд, дээр нь тогоонд хариулсан цайнаас өтгөн уур савсаад л. Талийгч эмээ маань бид гурвын урд оройны паянг ярьж шоолсоор хийцтэй цайгаа аягалсныг нь уухад “Ай даа, хагас сайны өглөө нэг ийм байдагсандаа” гэж бодогдож билээ. “Энэ голынх нь зайлуул огт хөдлөхгүй унтах юм аа” гэж хөөрхий найзыг маань цаашлуулахад, захад унтаад шөнөжин “хөөмийлсөн” найз маань давхар ичээстэй. Хэдий том болсон гэж өөрсдөө бодож байсан ч хүнээс ичиж нүүр улайх хэмжээний жаахан байсан нь одоо бодохоор сайхан ч юм даа.

Өвөл их сайхан улирал. Зун, намрын босгосон тоос, шороог гөвж ариусгаад байгаа ч юм шиг. Үлгэрлэвэл сайхан хөөсөрсөн угаалгын нунтаг шиг. Хэхэ. Өвлийн өглөө уулын орой дээр гараад цээж дүүрэн амьсгаа аваад хэнгэнэтэл буцаан гаргах ч таатай шүү дээ. Богинын амны дээр гарч зогсож байгаад л доошоогоо салхи татуулан гулгахад, хэлнийхээ үзүүрийг төмөрт наалдуулчихаад авч чадахгүй хэсэг түнтгэнэж байгаад гэнэт ширхийтэл нь гэдийчихэд нулимс хар аяндаа цийлэгнэхэд, гадаа хүйтэн байгааг ажралгүй өдөржин, оройжин тоглож байгаад хацар, чихээ гэнэт часхийн дугарахыг мэдэрмэгц газраас цас атган авч хайр найргүй үрчин эмчлэхийг оролдоход, толийтол хөлдсөн голын мандал дээр тэшүүр углаад гулгах гэж паацганаж яваад тас гэдэргээ савж унахад өвөл гэдэг хамгийн сайхан улирал гэдгийг мэдэрдэг байсансан.

Хоёр гурван жилийн өмнө Сибирь лүү ажлаар яваад ёстой атаархаж үзээгүйгээрээ атаархаж билээ. Еруда гээд бүүр газрын мухрын жижиг хотын ойролцоох уурхайн тосгон орсон юм. Тааруухан зассан зурвас дээр онгоц газардахдаа нэлээн түжигнэж, донсолж байгаад зогсох хүртэл “Хүний нутагт ясаа тавих нь ээ дээ” гэсэн айдастай байсан маань онгоцноос буугаад нэвсгэр цасан бүрхүүлийг хармагц ор мөргүй арилав. Бодоод үз л дээ метр орчим зузаан цас хаа сайгүй. Замд таарсан тосгоны хашаануудын үзүүр нь цасан дундаас бараг харагдах үгүйтэй цухуйж байгаа юм. Жижиг тэрэгнүүд бол хашаан дотроо цасанд дарагдаастай. Байшингууд ч бас цасан дунд байрлуулчихсан жижигхэн тоглоомууд шиг. Замын хажуугийн шигүү ойн моддын ихэнх нь мөчир дээрх цасаа дааж ядаад бөхийсөн нь намайг мэхийн ёсолж хүлээж авч байгаа ч юм шиг. Сайхан сэтгэгдэл алхам тутамд төрөөд тэнд өнгөрүүлсэн хагас сарын томилолт гэрлийн хурдаар өнгөрч билээ.

Өглөө охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр гарахдаа зам дээр буусан цөөн хэдэн цасан ширхэгийг чамлан бодож байсан бодлоо ийнхүү сийрүүлснийг маань уншигч та ойлгоно биз ээ.

2014.12.11

Зургийг Робер Данкан.
http://www.robertduncanstudios.com/original-art

No comments: