Thursday, December 18, 2014

АРСЕНАЛ – МӨНГӨ ХАМААГҮЙ ЭЭ

Өнгөрсөн оны 9 сарын 6-нд орчуулж байсан нийтлэлээ эндээ оруулъя. Арсеналын санхүүтэй холбоотой материалыг сонирхож уншдаг хүн байвал уншина биз ээ. Энэ нийтлэлийг Швейцарь бадарчин гэж өөрийгөө нэрлэсэн Арсеналын фэний 2013 онд бичсэн учраас ихэнхи тоо баримтууд өнгөрсөн оныхоор байгааг анхаарна уу.

Арсэн Вэнгэр
Арсеналын энэ зуны наймааны стратеги фэнүүдийнхээ толгойг эргүүлж байна. Луис Суарезын дуусашгүй яриа хөөрөө, Гонзало Игуайны ярилцаж тохирсон гээд байсан наймааны бүтэлгүйтэл гэх мэт олон цуу байгаа ч гэсэн яг одоогийн байдлаар Арсенал нэг ч хүн аваагүй байгаа нь чухам үнэн билээ. Фэнүүдийн хүсэл болсон од тоглогч авчрах ч бүүр лөөлөө. (Орчуулагчийн тайлбар: Энэ нийтлэл 2013 оны 8-р сарын 12-нд бичигдсэн учраас Мэсүт Өзилийн тухай мэдээлэл байхгүй болно.) Тийм ээ, тэд Францийн 20 наснаас доошх шигшээгийн тоглогч Яаяа Саногог авсан, тэгэхдээ Францийн хоёрдугаар дивизионы Осерээс (Auxerre) үнэгүй авчирсан шүү дээ.

Харин эсрэг чиглэлд их олон хүнийг үдсэн. Жервиньо, Маннонэ, Аршавин, Журу, Кокэлин, Сантос, Шамах, тэгээд баахан залуу тоглогч нар. Эдгээр нөхөд өнгөрсөн жил үндсэн багийн бүрэлдэхүүнд хангалттай багтаж чадаагүйгээсээ болоод “хэрэггүй тоглогчид” гэсэн азгүй тодотголтой болцгоосон ч нөхөөсөнд ирэх тоглогчгүйгээр ингээд явуулахад харамсахаар хэмжээний туршлагатай тоглогч нар билээ.

Арсеналын өнгөрсөн улирлын төгсгөл рүү онцсайн тоглолтууд, Аваргуудын Лигийн эрх бүхий 4-р байрыг хамгийн сүүлийн тоглолтоор Ньюкаслыг талбай дээр нь 1-0оор хожиж өөрийн болгосныг нь үнэлэх хэрэгтэй.

"Би Кошелнитэй бүжиглэмээр байна"
Арсенал үнэхээр сайн тоглож байсан нь үнэн боловч томоохон тэмцээнүүдэд түрүүлэхүйц өрсөлдөгч байж чадаагүй, дотоодын цомын тэмцээнүүддээ доод лигийн багуудад хожигдож хасагдсан нь бас үнэн билээ. Тиймээс хүчээ бэхжүүлэх ёстой гэдэг нь маш тодорхой байсан. Гол тоглогч нараас ганц хоёр нь бэртчих юм бол багийн бүрэлдэхүүн эрс нимгэрч, хэдийгээр авъяастай гэдэг нь тодорхой боловч дарийн утаа үнэрлэж үзээгүй цэл залуу тоглогч нарт найдах хэрэг дахиад л гарна. Мэдээж улирлын өмнөх бэлтгэл тоглолтууд хангалттай шалгуур болж чадахгүй.

6-р сард Газидисийн их л итгэлтэй хэлж байсан яриануудыг харах юм бол INXS хамтлагийн дуулсанчлан “би гайхаж байна”. Зуны тэр сайхан өдрүүдэд Арсеналын гүйцэтгэх захирлын хэлсэн: “Энэ жил бид удаан хугацааны турш төлөвлөж байсан санхүүгийн хүчирхэг байдлаа харуулах алхмуудаа хийж эхлэх болно. Нөөцөнд хадгалж байсан тодорхой хэмжээний хуримтлал байгаа. Бид бас орлогын шинэ эх үүсвэрүүдтэй болсон учраас энэ бүхний үр дүнд та бүхнийг баярлуулах болно оо.” гэсэн сайхан үгс үү?

Энэ ер нь яг юу гэсэн үг вэ? Арсенал маань одоо 25 сая паундаар нэг од тоглогч аваад долоо хоногийн 200 мянган паундаар цалинжуулж чадна аа гэсэн үг мөн үү? Газидис шууд л хариулж байна: “Мэдээж бид тэгж чадна. Тэрнээс ч илүүг хийнэ шүү.
Премьер лигийн клубуудын бэлэн мөнгөний баланс
Тэр тоглоогүй ээ. Клубын бэлэн мөнгөний балансыг харахад цагаан цаасан дээр хар бэхээр Арсеналын худалдан авах чадварыг тод томруун харуулсан байна.

2011/12 улирлын төгсгөлд (клубуудын санхүүгийн тайлангаа хамгийн сүүлийн байдлаар өгсөн үе) Арсеналд 154 сая паунд бэлэн байгаа юм. Өрсөлдөгч нараасаа хамаагүй илүү, хамгийн ойрхон дөхөж очсон Манчестер Юнайтед гэхэд л 71 сая паунд (Их буучдын бэлэн мөнгөний талаас ч бага). Бүүр дэндүү нэг үзүүлэлт байгаа нь Арсеналын бэлэн мөнгө лигийн нийт 19 багийн мөнгийг нийлүүлсэнтэй бараг ойролцоо байгаа юм. (Тэр нь 181 сая паунд)
Премьер лигийн клубуудын бэлэн мөнгөний баланс

Тивийн хэмжээнд авч үзвэл асуудал арай өөр. Европын клубууд Арсеналаас бага мөнгөтэй боловч ихэнх хөрөнгөө бүрэлдэхүүнээ зузаатгахад чиглүүлж байгаа юм. Мэдээж санхүүгийн хувьд товхийсэн баг болох Баерн Мюнхен 95 сая паундтай, бас сонирхолтой нь Реал Мадрид ч бас 94 сая паундтай байгаа нь Арсеналаас даруй 60 орчим сая паундаар бага байна. Барселонад хамаагүй бага, 31 сая паунд, байсан бол хамаагүй орлого багатай Боруссиа Дортмунд, Ювэнтус зэрэг клубууд 4 болон 1 сая паунд гэсэн мөнгөнүүдтэй.

Клуб дөнгөж энэ жилээс л их мөнгөтэй гэж цээжээ дэлдэж эхэлж байгаа боловч их хэмжээний мөнгө зарцуулж чадна гэдэг нь их эртнээс мэдэгдэж байсан. Бүүр 2005 онд л гүйцэтгэх захирал асан Кэйт Эдэлман “Менежерт наймаанд зарцуулах хангалттай мөнгө байгаа” гэж хэлж байсан ба хоёр жилийн дараа “Санхүүгийн хувьд бид хангалттай хүчтэй байгаа. Арсэн ямар наймаа хийхийг хүснэ бид тэрнийг нь гаргаж чадна. Жилийн эцсээр бидэнд 70 сая паунд бэлнээр байсан. Энийг зарцуулъя гэж Арсэн хүсэх юм бол бид гаргаж өгч чадна.” гэж бүүр тоо заан хэлж байсан. Танил сонсогдож байгаа биз?

Газидис ч гэсэн ирснээсээ л хойш өмнөх захиралтайгаа адил зүйлсийг ярьж, “Нөөц бол байгаа. Хөрөнгө оруулах боломж бүхий хуримтлал байна” гэх зэргээр ярилцлага өгсөөр ирсэн. Клубын хувьд их том төлөвлөгөө яваад байгаа юм шиг харагдаж байсан боловч бас нөгөө талаар хүмүүсийг хошгоруулаад байж магадгүй нэг тийм заль шиг ч харагдахаар байлаа.
Арсеналын бэлэн мөнгөний баланс
Сүүлийн хэдэн жил Арсеналын бэлэн мөнгөний баланс тогтвортой өссөн үзүүлэлт харагдаж байгаа юм. Тодруулбал 2007 онд 74 сая паунд байснаа 2012 онд 154 сая паунд болж өссөн. 2012 оны 11-р сард урьдчилсан тайлангаар 123 сая паунд гэж арай бага гарч байсан нь жилийн тодорхой үеүдэд харилцан адилгүй байдаг бэлэн мөнгөний урсгалын онцлогийг харуулж байгаа юм. 5-р сард гэхэд улирлын тасалбарын захиалгаас хамаарч их хэмжээний мөнгө орж ирдэг бол 11-р сард цалин гэх мэт жилийн зарлагууд төлөгддөг учраас мөнгө багасдаг. Хэдий тийм боловч өсч байгаа хандлагыг батлах нэг зүйл байгаа нь 2012 оны 11-р сарын бэлэн мөнгө өнгөрсөн оныхоо мөн үеийн дүнгээс 8 саяар илүү байгаа юм.

Хэдий тийм боловч энэ их мөнгө бүгдээрээ наймаанд зарцуулагдах боломжтой гэж үзвэл арай өрөөсгөл ойлголт. Тийм ч амархан юм гэж байхгүй, нөгөө ядаргаатай зарлагуудыг гаргах гэх мэт их олон хүчин зүйлүүдээс хамаарна.

Мэдээж улирлын турш телевизийн цацалтын төлбөр, дурсгалын зүйлсийн худалдаа гэх мэт эх үүсвэрүүдээс мөнгө орж ирнэ. Бас тэдгээрийг бүгд мөнгө хэлбэрээр ирдэг гэж үзэж болохгүй. Жишээлэх юм бол Найктай хийсэн гэрээний эхний долоон жилийн төлбөр (2004-2011 оныг хамрах) болох 55 сая паунд 2006 оны 7-р сард урьдчилан төлөгдсөн. (Эмирэйтс цэнгэлдэхийн барилгын ажлыг санхүүжүүлэх зорилгоор)
Премьер лигийн клубуудын өр

Шинэ цэнгэлдэхтэй холбоотой өр Арсеналын стратегид нөлөөлсөн хэвээрээ л байна. Гари Нэвилл болон бусад хүмүүс энэ асуудал тэднийг зовоохоо больсон гэж үзэж байж болох ч Арсеналын нийт өр 2011/12 улирлын эцсээр 253 сая паунд байсан нь нөлөөлөх хүчин зүйл гэдгийг харуулж байгаа юм. Энэ нь цэнгэлдэхийн “моргэйж” буюу 225 сая паунд, хөгжөөн дэмжигчдийн хувь нийлүүлсэн облигац болох 27 сая паундаас бүрдэж байгаа. Премьер лигийн хүрээнд үүнээс илүү гарах өртэй баг гэвэл Глэйзерийн гэр бүлийн ачаар Манчестер Юнайтед клуб л байна.

2008 онд 411 сая паунд байснаа бодвол хамаагүй бага болчихсон байгаа ч гэсэн жилд хүү болон эргэн төлөлттэйгээ нийлээд 19 сая паундыг төлөх ёстой учраас хангалттай дарамт болж чадаж байгаа юм.
Арсеналын өр
Өндөр хүү төлж байгаа ч гэсэн Арсенал үлдэгдэл төлбөрийг хугацаанаас нь өмнө төлөхгүй нь байх магадлалтай. Бондын хугацаа 2029, 2031 оны үеэр дуусах бөгөөд одоо төлбөрийг барагдуулна гэвэл ирээдүйд орж ирэх бэлэн мөнгөний урсгалын дүнгээр төлж таарах ба энэ нь үлдэгдэл төлбөрөөс хамаагүй илүү болно. Ямар ч гэсэн 2010 оны тайлан дээр энэ талаар ингэж тусгасан байгаа: “Өглөгийн хэмжээ эрс багасах зүйл ойрын ирээдүйд харагдахгүй. Цэнгэлдэхийн санхүүжилтийн бондын төлбөр ирэх 21 жилийн хугацаанд хийгдэхээр төлөвлөгдсөн ба бид энэ төлөвлөгөөний дагуу эргэн төлөлтийг хийх болно.

Бас нэг чухал зүйл байгаа нь, бондын хэлцлийн дагуу Арсенал урьдчилсан тайландаа 24 сая паундыг өглөгт зарцуулах мөнгө хэлбэрээр байршуулах ёстой. Энгийнээр тайлбарлавал, энэ мөнгийг шинэ тоглогч авахад зарцуулах боломжгүй. Үүнтэй адил бас нэг зүйл байгаа нь үл хөдлөх хөрөнгөд ашиглаж болохгүй хөрөнгө. Гэхдээ энэ нь ердөө 1 сая паунд.

Өмчийн хөрөнгө оруулалт гэснээс Арсеналын урьдчилсан тайланд Күинсланд Рөүд төслөөс 20 сая паунд орж ирнэ гэж тусгасан байсан ба энэ нь “2 жилийн турш сар бүрийн төлбөр хэлбэрээр орж ирнэ” гэжээ. Мөн төлөвлөлтийн зөвшөөрөл нь бүтвэл Хорнси Рөүд, Холловэй Рөүд зэрэг хоёр жижгэвтэр төслүүдээс ч ойролцоогоор 20 сая орчим паунд орж ирнэ.
"Манай Герман ч том шүү"
Бэлэн мөнгөний хэмжээнд наймааны дүнгүүд ч тодорхой хувь нэмэр оруулсан. Яг одоогоор Арсеналын хувьд нэг их асуудал алга. Яагаад гэвэл урьдчилсан тайлангаар Арсенал бусад клубуудэд 31,6 сая паундын өглөгтэй, бусдаас 31,4 сая паундын авлагатай учраас ингэсгээд бараг алдагдалгүй шахуу гарж байгаа.

Эдгээрээс гадна клуб бусад клубуудэд нөхцөлт өглөгтэй байгаа. Үндсэн багт гарсан тоо, хожсон цом, шигшээдээ дуудагдах гэх мэт нөхцлүүд бүрдсэн тохиолдолд тоглогчийн хуучин клубт тодорхой хэмжээний төлбөр өгнө гэсэн үг. Эдгээрийг урьдчилсан тайланд 7,8 сая паунд гэж тусгасан байгаа боловч яг төлөх эсэх нь тодорхойгүй. Тийм ч учраас “нөхцөлт” хэмээн тодорхойлсон.
Эцэст нь солилцоо наймааны тухайд гэвэл өнгөрсөн хоёр цонхын дүн нэмэгдэнэ. Тэгэхдээ энэ тийм ч их хүчин зүйл байж чадахгүй. Энэ зун гэхэд Жервиньог Рома руу, Вито Маннонэг Сандерланд руу зарсан наймаанаас 10 сая паунд олсон бол өнгөрсөн 1-р сард Малагагаас Начо Монреалыг авсан наймаанд 8 сая паунд зарлагадсанаар 2 саяын орлоготой болж байна.

Эмирэйтстэй хийсэн ивээн тэтгэгчийн 150 сая паундын шинэ гэрээ (өмсгөлийн, цэнгэлдэхийн нэрийн) нөлөөгөө үзүүлж эхэлнэ. 2014 оноос эхлэн хэрэгжиж эхлэх ба 30 сая паундын урьдчилгаа төлбөр орж ирэх талаар яригдаж байгаа. Энэ талаар Газидис ингэж ярьсан: “Энэ санхүүгийн жилд манайд орж ирэх нэмэлт мөнгийг зуны наймаанд зарцуулах боломжтой.

Тэрээр цааш нь хэлэхдээ: “Энэ гэрээ бол тэр чигээрээ л хөлбөмбөгийн төлөө. Талбай дээр гаргаж фэнүүдийг баярлуулах хүн авахад хангалттай хөрөнгийг бидэнд өгч байгаа юм” гэж. Харин энэ үгийнх нь хариуд “амаар бус ажлаар дүгнэе” гэж хэлмээр санагдах юм.
Делойтын мөнгөний лиг
Газидис бас “Орлого маань нэмэгдсэнээр бид орлогоороо дэлхийд тавд жагсаж байна” гэж хэлсэн нь их эргэлзээ төрүүлж байгаа юм. Яагаад гэвэл Эмирэйтс цэнгэлдэхэд нүүж орсноосоо хойш сүүлийн 6 жилийн турш Делойтын мөнгөний лигийн тавдугаар байранд явж байгаа юм. Өнгөрсөн улиралд л ганц удаа Челсид энэ байраа алдсан. Лондонгийн хөршүүд маань Аваргуудын лигт түрүүлснээс нь болсон байж магадгүй, өөрөөр хэлбэл талбай дээр амжилт гаргасан учраас тэгсэн байх.

Үнэнийг хэлэхэд бусад клубуудээс илүү их орлого олдог учраас Арсеналд давуу тал байна. Эргэлтийн хөрөнгө нь 2011/12 улиралд 235 сая паунд байсан нь Англидаа гуравдугаарт орох үзүүлэлт бөгөөд хоёр жилийн дотор 300 саяас ч илүү гарах нь бараг ойлгомжтой. Өмнө дурьдсан Эмирэйтсийн ивээн тэтгэлгийн гэрээ нь одоогийнхоос 20 сая паундаар илүү бөгөөд 2014 оноос эхлэх Пумагийн өмсгөлийн гэрээ (албан ёсоор баталгаажаагүй ч их яригдаж байгаа) бас тэр хавьцаа байх юм. 2013/14 улирлаас мөрдөгдөж эхлэх Премьер лигийн телевизийн шинэ гэрээ топ дөрвөн клуб тус бүрд багаар бодоход 30 сая паундын нэмэлт ашиг өгөхөөр байгаа.

Нэмж хэлэхэд ихэнх наймаа төлбөрийг үе шат дараалан хийх замаар явагддаг учраас Арсенал бүх төлбөрүүдийг бөөнд нь хийх шаардлагагүй. Гэхдээ мэдээж бусад клубууд Арсеналын санхүүгийн чадлыг мэдэх учраас төлбөрийнхөө ихэнх хэсгийг урьдчилж авахаар шахаж магадгүй юм. Тэгсэн тохиолдолд ёстой л баян байсныхаа горыг амсаж дээ гэж хэлэх байх даа.
ПЛ-ийн клубуудын татварын өмнөх ашиг, алдагдал
Арсеналын одоогийн болон ирээдүйн мөнгөний урсгалын хэмжээг бодолцвол богино хугацааны зээл авах боломж ч харагдаж байгаа. Тэгэхдээ ингэх хэрэгтэй, эсвэл шаардлагатай гэсэн үг биш бөгөөд зүгээр ийм хувилбар бас нээлттэй гэдгийг харуулахыг зорьсон болно.

За ингэхээр Арсеналын наймаанд зориулсан мөнгөний хэмжээ хэд вэ? Өмнө дурдсан олон хувьсах зардлуудыг тооцоод харахад тийм ч амар биш боловч байнга дурдагдаад байдаг 70 сая паунд гэдэг нэг их хол зөрүүгүй байна. Үл хөдлөх хөрөнгө, ирээдүйд хийгдэх худалдааны гэрээ зэргийг оруулбал энэ дүн 100 сая паунд хүртэл өсөх боломжтой.

Арсенал санхүүгийн ашигтай ажилладагаараа алдаршаад удаж байгаа бөгөөд байнга л их хэмжээний ашигтай гардаг. 2011/12 улиралд Премьер лигт хамгийн их буюу 37 сая паунд татварын өмнө олсон ба сүүлийн 5 жилийн нийлбэрээр 190 сая паундын ашиг олоод байгаа юм. Бүр тодруулж хэлэх юм бол клубын хамгийн сүүлд алдагдалтай гарсан үе арван жилийн өмнө 2002 онд тохиож байжээ. Одоогийн энэ мэргэжлийн хөлбөмбөгийн ертөнцөд бараг ижил амжилт үзүүлсэн клуб байхгүй дээ.
Арсеналын татвараас өмнөх ашиг олсон байдал
Гэхдээ энэ том тоонууд хамаг асуудлыг зөв харуулахгүй байгаа. Санхүүгийн энэ сайхан үзүүлэлтүүдийн ихэнх нь тоглогчийн худалдаа (жишээ нь: 2011/12 улиралд 65 сая паунд), үл хөдлөх хөрөнгө (жишээ нь: 2010/11 улиралд 13 сая паунд) зэргээс хамаарсан байдаг. Эдгээр нэг удаагийн хүчин зүйлүүдийг хасчих юм бол Арсенал өнгөрсөн 2 жилд алдагдалтай ажилласан болж таарна. 2010/11 улиралд 4 сая паунд, 2011/12 улиралд бүүр санаа зовмоор 31 сая паундын алдагдал.
Тоглогчийн худалдаа Арсеналын ашигт үзүүлэх нөлөө
Тодруулж хэлбэл хөлбөмбөгийн ажиллагаанаас орох ашиг 2009 оноос эхлэн жигд багасч эхэлсэн ба өнгөрсөн улиралд гэхэд үйл ажиллагааны алдагдал 16 сая паунд хүрсэн.
Арсеналын хөлбөмбөгийн үйл ажиллагааны ашиг

Тэгэхээр Арсеналын мөнгө үрэхээс татгалзаад байгаа шалтгаан юу вэ? 

Энэ асуулт руу ингэж түргэн орохгүй ээ. Тоглогчийн үнэлгээний бууралт, элэгдэл, хорогдол гэх мэт мөнгөн бус нягтлан бодох бүртгэлийн үзүүлэлтүүд зэрэг олон давхар хүндрэлүүд байна. Хэтэрхий онолдож харагдахыг хүсэхгүй байгаа ч бэлэн мөнгөний ашгийн дүнг гаргаж авахын тулд эдгээрийг үйл ажиллагааны ашиг дээр нэмж ажлын капиталын хөдөлгөөнийг зохицуулах хэрэгтэй.

Ингэсний дараа Арсеналын үйл ажиллагааны мөнгөний урсгал 2011/12 улиралд сэтгэл хөдөлгөм 28 сая паунд болсон нь Премьер лигтээ гуравт орох үзүүлэлт. Асуудал юунд байна гэвэл Арсенал энэнээс их бага хэсгийг нь бүрэлдэхүүнээ сайжруулахад зарцуулсан. Энэ улиралд Арсеналын наймаанд зарцуулсан цэвэр дүн 2 сая паунд байсан ба ердөө дөрөвхөн клуб л Арсеналаас бага зарцуулсан байна.
Арсеналын мөнгөний урсгал
Боломжит мөнгөний ихэнх хэсэг нь үүний оронд Эмирэйтсийг санхүүжүүлэхэд зарцуулагдсан, 13 сая паундын хүү, 6 сая паундын үндсэн төлбөр. Мөн 9 сая паундыг клубын шинэчлэлийн ажилд зарцуулсан, цэнгэлдэхийн “Arsenalisation – Арсеналжуулалт” ажиллагаа, эмнэлгийн шинэ байгууламжууд, Лондонгийн Колни дэх бэлтгэлийн баазын зүлэг гэх мэт.

2007 оноос хойш Арсеналын цуглуулсан үйл ажиллагааны мөнгөний урсгалын хэмжээ 376 сая паунд. Олон жил дараалан эерэг мөнгөний урсгал (2006/07 – 38 сая, 2007/08 – 19 сая, 2008/09 – 6 сая, 2009/10 – 28 сая, 2010/11 – 33 сая) гарсны эцэст 2011/12 улиралд хасах 7 сая паундын мөнгөний урсгал гарсан.

Тэгэхдээ Арсеналын бэлэн мөнгөө хэрхэн зарцуулсан нь их сургамжтай. Тэд 71 сая паундыг хөрөнгө оруулалтын зардалд, 110 сая паундыг зээлийн хүүнд, 64 сая паундыг зээлийн эргэн төлөлтөд өгсөн байна. Хамгийн гайхмаар нь боломжит мөнгөний урсгалын ердөө 1 хувь нь солилцоо наймаанд хэрэглэгдсэн. Сүүлийн хоёр улиралд Арсенал их хэмжээний мөнгөөр (100 сая паундаас дээш) наймаа хийсэн боловч бас олон тоглогчийг их мөнгөөр зарснаар хасах зарцуулалттай болж гарсан.
Арсеналын бэлэн мөнгөний зарцуулалт
Энэ хугацаанд өөр мөнгө зарцуулсан зүйл гэвэл юу ч байхгүй. Бэлэн мөнгөний баланс нь 118 сая паундаар өссөн.

Эндээс мэдээжийн нэг асуулт урган гарч байна: Яагаад мөнгө зарцуулахгүй байна вэ? Шидэт хариулт байхгүй ээ. Тиймээс нөгөө байдаг хэдэн тайлбаруудаа сөхье.

1. Шинэ тоглогчийн нөлөө цалингийн цэсэнд байдаг.

Солилцоо наймааны талаар хүмүүс ярихдаа ихэвчлэн гаргадаг зүл бол шинэ хүний цалингийн цэс. Жишээ нь клуб 25 сая паундын тоглогчийг долоо хоногийн 100 мянган паундын цалинтай 5 жилээр авлаа гэхэд 50 сая паунд болно. Ер нь үнэн боловч бас бага зэрэг өрөөсгөл. Учир нь энэ дүн явж байгаа тоглогчдоос хэмнэгдэж байгаа зардлаар тэнцүүлэгдэж байгаа гэдгийг тооцох хэрэгтэй. Ялангуяа энэ жил Арсенал маш олон тоглогчдыг явуулсан энэ үед бүүр тодорхой.
Арсенал – Цалин, эргэлтийн хөрөнгө
Байнга өссөн цалингийн цэс Арсеналын хувьд асуудал болж байсан нь ойлгомжтой. 2009 оноос хойш цалингийн хэмжээ 38 хувиар өсөж 143 сая паунд болоход мөн энэ хугацаанд орлог 5 хувиар өссөн. Энэ хугацаанд хоёрдагч ивээн тэтгэгч олж чадаагүй нь худалдааны хэлтсийнхний алдаа гэж шүүмжлэхэд буруудахааргүй. Цалингийн цэс 2012/13 улиралд “Британи цөмөө хадгалах” ажиллагааны (Вилшэр, Валкотт, Гиббс, Окслэйд-Чэмберлэйн, Рамси, Женкинсоны гэрээг сунгасан) үр дүнд дахин нэмэгдэж 150 сая паунд гараад явчихсан.

Нөгөөтэйгүүр орлого 300 сая паунд болж өссөнөөр цалингийн цэс тогтвортой 180 сая паунд (эргэлтийн хөрөнгийн 60 хувь байвал найдвартай гэдэг) болж хангалттай урагшлах боломж олгоно. Харьцуулбал, Челсигийн одоогийн цалингийн цэс 176 сая паунд, Манчестер Юнайтедынх 162 сая паунд, Манчестер Сити 202 сая паунд.
Премьер лигийн цалингийн цэс
Гэхдээ эдгээр клубуудэд телевизийн шинэ гэрээнээс орж ирэх мөнгөний хязгаарлагдмал хэсэг нь тоглогчдын цалинд зарцуулагдана гэсэн Премьер лигийн шинэ дүрэм үйлчилж эхэлнэ. Тодорхой хэлбэл, нийт цалингийн цэсний хэмжээ нь 52 сая паундаас илүү гарч байгаа клубууд ирэх гурван жилд цалингийн цэсээ улиралд 4 сая паундаар өсгөх боломжтой. Энэ хязгаарлалт зөвхөн телевизийн гэрээнээс орж ирэх мөнгөнд хамаарах тул Арсеналын шинэ ивээн тэтгэгчийн гэрээ зэргээс орж ирэх мөнгийг цалингийн цэсэнд ашиглах боломжтой юм.

2. Аваргуудын лигт орж чадахгүй бол хэрэглэхээр хадгалж байгаа.

Олон хүмүүс Арсенал энэ их мөнгөө “зовох цагтаа” хэрэглэнэ гээд хадгалаад байгаа гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл Аваргуудын лигт орж чадаагүй тохиолдолд. Энэ бол Арсеналын хувьд их өгөөжтэй эх үүсвэр л дээ. 2012/13 улиралд л гэхэд зөвхөн телевизийн хуваарилалтаас 31 сая евро орж ирсэн. Харин Газидис энэ яриаг олон удаа няцаасан. Хамгийн сүүлд гэхэд энэ 6-р сард: “8-р сард болох Аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолт манай төлөвлөгөөнд нөлөөлөхгүй. Энэ биднийг тоглогч нартай ярилцахад хэзээ ч асуудал болж байгаагүй, төлөвлөгөөнд маань ч нөлөөлдөггүй” гэжээ.
Аваргуудын лигийн мөнгөний хуваарилалт
3. Тоглогч нар алга

Эдийн засгийн хамгийн суурь хуулиудын нэг болох эрэлт, нийлүүлэлтийн тухай хууль энд маш их хамааралтай. Өөрөөр хэлбэл, худалдаад авчих сайн тоглогч байхгүй бол хичнээн мөнгөтэй байгаад ч нэмэр байхгүй. Газидис 6-р сард ярилцлага өгөхдөө энэ талаар ярьсан: “Энэ ерөөсөө ганц манай шийдвэрээр болчихдог юм биш ээ, тоглогчийн өөрийн шийдвэр бас нөгөө клубын шийдвэр хэрэгтэй. Солилцоо наймааны зах зээл бол ганц талын шийдвэрээр биш олон талуудын шийдвэрүүдээс хамаардаг. Харин тэр олон талууд ихэвчлэн тодорхойгүй байдалд байдаг.

Энэ үнэн боловч бусад клубуудыг наймаа хийхэд саад болоогүй л байна. Жишээлбэл Манчестер Сити аль хэдийн Стеван Ёвэтич, Фернандиньо, Хесүс Навас, Алваро Нэгрэдо зэргийг авсан бол Спурс Паулиньо, Роберто Солдадо, Насер Чадли зэрэг тоглогчдыг авчихаад байна.

Вэнгэрийн үнэмшил муутай тайлбаруудын нэг бол “Зарим клубууд эрт хөдлөөд сонголт багасгачихлаа” гэдэг тайлбар. Ямар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг түрүүлж гаргаж байдаг буяны уралдаан байгаа биш дээ.
"Кавани – Үнэ нь арай биш ээ"
4. Үнэлгээ нь арай өндөр байна

Хэтэрсэн үнэ төлөхийг хэн хүсэх вэ дээ. Тэгэхдээ бэлэн мөнгөөр арвин байгаа Арсеналын давуу тал энд л харагдах ёстой. Өөртөө боломж үүсгэхийн тулд энийг л ашиглахгүй юм бол бусад клубуудээс илүү мөнгөтэй байсны хэрэг юунд гарах вэ? Зүйрлүүлж хэлэх юм бол Цэнтрал Тауэрт байдаг дэлгүүрүүдээр үйлчлүүлж тансаглахгүй ч гэсэн Сандэй Плазагаар хэсч цагаа үрж байхаар Гурван Галаас хэрэгтэй бараагаа хангалттай үнээр авчих хэмжээний л байгаа шүү дээ.

Хүмүүс Газидисийн “бөөн мөнгө байна” гэсэн яриа Арсеналд гай болж байна гэж шүүмжилж байгаа. Мэдээж хэлэлцээр хийхэд сул тал болж байгаа нь үнэн боловч бусад клубын гүйцэтгэх захирлууд Их буучдын санхүүгийн чадлыг мэддэг болсон нь сайн хэрэг юм.
"Olivier's Army"
5. Бусад клубууд илүү их төлөхөөс татгалздаггүй.

Арсенал хэдийгээр их боломжийн байдалд байгаа ч зарим нэг клуб бүр илүү их мөнгө зарцуулах боломжтой. Энэ тухай Газидис: “Дуусашгүй төсөвтэй хүмүүстэй би тэмцэж чадахгүй шүү дээ” гэсэн бол удирдах зөвлөлийн тэргүүн асан Петер Хилл-Вүүд: “Зарим нэг түвшинд бол бид өрсөлдөж дийлэхгүй ээ” хэмээн халаглаж байсан удаатай.

Мэдээж, энэ үнээн. Ялангуяа Парис Сан Жерман, Монако зэрэг клубууд Вэнгэрийн хэлсэнчлэн “Европын зүгээс илүү их өрсөлдөөн гаргах”-аар гарч ирээд байгаа үед. Тэгэхдээ сүүлийн хэдэн жилд Манчестер Юнайтед, Ливерпүүл, Тоттэнхам зэрэг клубууд манайхаас хамаагүй илүү ихийг зарцуулаад байгааг үүгээр тайлбарлах аргагүй юм.
Зөвшөөрөгдөх хэлбэлзлийн хэмжээ
6. Санхүүгийн Шударга Тоглолтын хэрэгжилт

Санхүүгийн Шударга Тоглолтын хүрээнд UEFA нийлбэр алдагдлыг тооцоолж эхэлнэ. Эхэн үед буюу 2013/14 улиралд 2 жилийн хяналтын хугацааг тэгээд цаашдаа 3 жилийн хугацааг хянаж эхэлнэ. Тиймээс Арсеналын сүүлийн үеийн их хэмжээний ашиг олсон явдал нь их боломжийн нөхцөлд байлгах ба орлогын шинэ эх үүсвэр гарч ирэхээс өмнө бага зэрэг алдагдал хүлээсэн ч алзахгүй. Мөн үүн дээр үндсэн хөрөнгийн элэгдэл, стадионы хөрөнгө оруулалт, залуучуудын багийн хөгжүүлэл зэрэг зардлыг үр ашгийн тооцооноос хасч бодох учраас санаа зовох зүйл байхгүй.

Хөндлөнгийн тэжээгчээр том том тоглогч нарыг худалдан авах чадварыг нь хязгаарлах замаар клубуудыг өөрсдийн олсон орлогоороо санхүүждаг болгох гэсэн гол чиглэлээр явагдаж байгаа UEFA-гийн Санхүүгийн Шударга Тоглолт өөрсдийнх нь арвилан хэмнэх ажиллагаанд маш эерэгээр нөлөөлнө гэж Арсеналчууд найдаж байгаа. Энэ талаар Газидис Санхүүгийн Шударга Тоглолт гарч ирснээрээ “хөлбөмбөг манайх руу чиглэж байна” гэж хэлсэн удаатай.
"You make me feel (mighty Monreal)"
7. Солилцоо наймааны зөв бүтэцгүй

Монако клубын гүйцэтгэх захирал асан Тор-Кристиан Карлсэн Манчестер Сити, Тоттэнхам Спурс хоёр багийн солилцоо наймааны талаар ярьж байхдаа ингэж хэлж байсан юм: “Премьер лигт жинхэнэ спортын захиралтай хоёрхон клуб л наймааны цонхоор хамгийн бэлтгэл сайтай, зөв бүтэц, бодлоготойгоор наймаагаа хийж байгаа нь тохиолдлын чанартай зүйл гэж бодохгүй байна.

Хэрвээ Арсеналд сүүлийн үеийн, уялдаа холбоотой солилцоо, наймааны бүтэц байдаг бол тэрнийгээ маш сайн нууцалдаг байх. Хөшигний ард их үйлдэл болдог байх л даа, тэгэхдээ үр дүн нь хаана байна вэ?

8. Эзэмшигчийн ноогдол ашгийг төлдөг байх.

Клубын эзэн Стан Кроэнкэ өөрийн олон тооны спортын клубуудээс ногдол ашиг авч байсан гэх баримт байдаггүй ч гэсэн фэнүүдийн дунд нөхрийг тэгж авах гээд байгаа байх гэсэн сэрдэлт их газар авсан байдаг. 2012 оны Хувьцаа Эзэмшигчдийн Хурал дээр Арсеналаас ногдол ашиг авах эсэх талаар асуухад хариулт нь их ойлгомжгүй удирдах зөвлөлийнхөн л шийднэ дээ гэсэн маягийн юм байсан.

Тэр дараа нь “Би мөнгө хүрэлцэхгүй байна гэж хэзээ ч хэлж байгаагүй”, “бидний зорилт бол цом авах” гэх мэт үг нэмж хэлж байсан боловч Премьер лигийг санхүүгийн хувьд тэргүүлдэг хэрнээ 4-р байрт орсондоо сэтгэл хангалуун байгаа бололтой байна.
"Кроэнкэ – Нам гүм"
9. Клубыг зарахад амархан

Ийм өндөр бэлэн мөнгөний баланстай байхад их сайхан боловч амжилттай байвал бүр илүү үнэ хүрнэ. Хөлбөмбөгт хөрөнгө оруулж байгаа хүмүүсийн ихэнх нь санхүүгийн сонирхол багатай байдаг. Кроэнкэ өөрөө хүртэл хэлж байсан: “Миний спортод оролцдог шалтгаан бол би ялах дуртай. Ерөөсөө л энэний төлөө. Бусад зүйлс бол зүгээр л тодруулга төдий.

Мэдээж тийм. Яг цэвэр санхүүгийн үүднээс авч үзвэл огт хөрөнгө оруулахгүй байх гэсэн талбай дээрх амжилтыг бууруулах нь ойлгомжтой сонгогдоогүй боломжийн өртөг бас байгаа. 2006 онд бондын төлөвлөгөөний танилцуулга дээр байсанчлан: “Эмирэйтс Цэнгэлдэх рүү нүүснээр орлого өсч, илүү сайн баг бүрдүүлэх боломж үүсэх ба энэ нь үр ашигтай эргэлт болно.

Газидис энэ зун яг үүнийг давтан хэлсэн: “Спортын амжилт гаргахын тулд эдийн засгийн суурийг нь бэлдэх хэрэгтэй, гэхдээ санхүүгийн сайн суурь бэлдэхийн тулд спортын амжилт гаргах хэрэгтэй” гэж.

Тийм ч учраас бондын бүтцэд сайн чанартай бзрэлдэхүүнтэй байлгах зорилго бүхий Солилцоо Наймааны Данс гэдэг зүйл орсон. Үүнд тоглогч зарсан орлогын 70 хувийг тоглогч нарт хөрөнгө оруулахад зарцуулах ёстой гэж заасан ба бас “бусад хөлбөмбөгийн үндсэн хөрөнгө болон өглөг урьдчилан дарахад ашиглана” гэж заасан байдаг.
Премьер лигийн хуваарилалт
Энэ дансыг хэрхэн ашигласан нь хамаагүй, тэгэхдээ Арсенал болгоомжтой байснаараа мөнгө алдаж байна. Премьер лиг телевизийн мөнгөний хуваарилалтыг харьцангуй тэгш хийдэг. Байрнуудын хооронд 0,8 сая орчим паундын зөрөөтэй. Харин Аваргуудын лигт бол их өөр. 2011/12 улиралд Арсенал их сайн 28 сая еврог хасагдах шатанд орсны төлөө авсан бол Челси түрүүлээд 60 сая евро авч байх жишээтэй.

Мөн талбай дээр амжилт муутай байгаа нь зар сурталчилгааны багийнхны шинэ гэрээ, шинэ ивээн тэтгэгч олох ажилд огт нэмэр болохгүй байна. Өмсгөлийн шинэ ивээн тэтгэлгийг гэрээнд зарим нэг тоглолтын үзүүлэлттэй хамаатай заалтууд орсон гэдгийг бид мэднэ. Жишээлэхэд Арсенал Аваргуудын лигт оролцож чадахгүй бол таван жилийн 150 сая паундын гэрээний дүн тодорхой хэмжээгээр буурна.
"Газидис – зоригтой хөвгүүд амлалтаа биелүүлдэг дээ "
Арсеналын олон жил ашигтай ажиллаж ирсний өөр нэг тал нь гэвэл тэд Премьер лигээс байгууллагын орлогын албан татвар төлсөн цөөхөн клубуудын нэг. Өнгөрсөн улиралд гэхэд 4,6 сая паундыг төлсөн нь лигтээ хамгийн өндөр. Нийгэмд үзүүлж байгаа талаас нь авч үзвэл их хүндтэй хэрэг л дээ гэхдээ энэ мөнгөө шинэ довтлогч авахад хэрэглэж болох л байсан шүү дээ.

Арсенал муу тоглосон уу үгүй юу гэдэг нь хамаагүй. Ихэнх ажиглагч нар Газидисийн “Манайх зарцуулсан мөнгөнөөсөө хамаагүй сайн тоглосон. Ямар ч хэмжүүрээр авч үзсэн сүүлийн 15 жилийн турш шүү” гэж хэлсэнтэй санал нийлэх байх. Үүнтэй санал нийлж байгаа ч гэсэн клуб өөрт байгаа нөөцөө хангалтгүй ашиглаж байгаад сэтгэл дундуур байх нь зүйн хэрэг.

Арсенал бол ерөөсөө муу баг биш, улирлын өмнөх тоглолтууд, Ман Ситиг хожсон тоглолт гээд харахад их урамтай тоглож байгаа, гэхдээ хүчээ зузаатгахгүй бол аваргын төлөө өрсөлдөнө гэхэд хэцүү л харагдаж байна. Мэдээж наймааны цонх хаагдахаас өмнө чухал наймаа хийж амжих зай байгаа нь тодорхой.
"Oh, Mickey, you're so fine"
Арсеналын ямар ч фэн клубээ Лийдс шиг болчихоосой гэж хүсэхгүй нь лав, тэгээд ч клуб тэр байдалд өөрсдийгөө оруулаад байхаар нөхцлөөс хамаагүй хол байгаа. Мөн түүнчлэн том наймаа хийгээд хүн авчихлаа гээд шууд цомын цангааг тайлаад эхлэнэ гэсэн баталгаа болохгүй боловч тэрхүү нэр төрийн төлөө тэмцэж, тулалдах илүү боломж авчирч өгөх болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа ихэнх өрсөлдөгч нар маань удирдлага, менежментээ хольж, сольж байгаа энэ үед.

Ямартаа ч гэсэн наймаа хийгдсэн тохиолдолд Газидисийн Арсенал бол “маш том амбицтай”, “дэлхийн аль ч клубтэй өрсөлдөхөд бэлэн” гэсэн үгнүүд биеллээ олох юм даа. Арсеналын нэрт фэн Спайк Лий нэг удаа хэлсэнчлэн “Зөв л зүйл хийгээрэй дээ”.

Орчуулсан: Цогоо
Эх сурвалж: The Swiss Rambler - Швейцарь Бадарчин

No comments: