Thursday, December 18, 2014

ЙЕНС ЛЕМАНН: “БИД БАЙРЛАЛ БҮР ДЭЭР ДЭЛХИЙН ШИЛДГҮҮД БАЙСАН”


Арсеналын Бэлтгэлийн Төвийн ярилцлагын өрөөнүүдийн нэгний хананд байрлуулсан 2003/04 улирлын “Ялагдашгүй” багийн зурагны наана Йенс Леманн суугаад ярилцлага өгсөн юм.

10 жилийн өмнө Арсенал, шинэ Герман хаалгачтайгаа цуг рекорд амжилттай улирлыг өнгөрүүлж олон хүний хувьд Премьер лигийн хамгийн шилдэг баг гэгдэх болсон билээ.

Леманны хувьд Лондонгийн амьдрал төгс гэмээр эхэлсэн нь энэ. Гучин найман тоглолтоос 26 хожил, 12 тэнцээ, нэг ч хожигдолгүй. Герман эр маань 48 удаагийн тоглолтын дараа Английн лигт анх удаа хожигдож үзсэн билээ.

2005 онд Хөлбөмбөгийн Холбооны Цомд түрүүлснийхээ хойд жилд Аваргуудын лигийн 10 тоглолт дараалан гоол алдаагүй супер хамгаалалтын цөм болж явахдаа Виллареалын плэймэкер Хуан Роман Рикэлмэгийн пенальтыг хааснаар Парист Барселона багтай тоглох финалын тасалбарыг багтаа авч өгсөн гавъяатай хүн. Ихийг амлаж байсан зун Леманн болон түүний багийн нөхөд нь клуб, шигшээгийн түвшинд тун харамсалтайгаар бүдэрцгээсэн юм.

Леманн Арсеналаас Штутгарт руу 2008 онд явсан ба зодог тайлсан байж байгаад 3 жилийн дараа эргэн ирж Блакпүүлийн эсрэг 3-1ээр хожиход клубын төлөө 200 дахь тоглолтоо хийсэн. 2010/11 улирлын төгсгөлд бүрмөсөн зодог тайлсан боловч Арсеналтай холбоогоо улам бэхжүүлж УЕФА-гийн дасгалжуулагчийн лицензээ авахдаа багачуудын багтай хамтран ажиллаж байсан юм.

Фэнэрбахчэг 5-0оор хожиж Аваргуудын лигт 16 дахь улиралдаа дараалан шалгарсны маргааш Йенс Леманн Арсеналцэгкомд ярилцлага өгсөн юм. Лондонгийн Колни дахь бэлтгэлийн баазад тэрээр Англид үдсэн гайхамшигт анхны улирал, 2006 оны зун, зодог тайлсан тухай зэрэг сэдвээр ярилцлаа.

Йенс, та Арсеналд 2003 онд ирсэн. Энэ талаар хэр санаж байна вэ? 
Их хурдан шийдэгдсэн л дээ. Би дуудлага авсан, хоёр хоногийн дотор очих ёстой болсон. Ням гаригт байсан л даа, би өөрйин болон хадам аав, ээжүүддээ “мэдээ дуулгая” гэж хэлсэн. Нөхөд бол бид хоёрыг хүүхэдтэй болсон энэ тэр гэх байх гэж бодож байсан байж магадгүй. Тэгээд биднийг Лондон явах гэж байгаа гэхэд тэд үнэхээр гайхсан. Тэгээд хэзээ явах тухай асуухад нь би “Маргааш” гэхэд тэд жинхэнэ цочирдсон доо. Том хүү энд ирээд зогисуулаад болдоггүй. Эмчид очоод үзүүлсэн чинь энд нүүж ирснээс болоод сэтгэлзүйн цочролд орсон байна гэдэг байгаа. Гэнэт орчноо солиод Англи сургуульд орж, цоо шинэ хэл үзэж эхэлсэн нь сэтгэлзүйн хувьд их хүнд цохилт болсон шиг байгаа юм. Хэсэг хугацааны дараа төвхнөөд ирсэн чинь гайгүй болсон шүү. Хүүхдүүдийн маань хувьд их хэцүү шилжилт болсон доо.

Та өмнө нь АС Миланд тоглож байгаад их түргэн Герман руу буцаад ирсэн. Англид ирэхэд хэр байв? 
Миний хувьд шийдвэрээ их амархан гаргасан. Боруссиа Дортмунд санхүүгийн хүндрэлд орчихсон байсныг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Миланд жаахан тоглосон шүү гэдгээ үргэлж өөртөө сануулж байдаг байсан болохоор өөр улсад хөлбөмбөг тоглохыг үргэлж хүсдэг байлаа. Миланд байхад Ливерпүүл рүү явах боломж байсан ч Дортмунд руу явах гэж байсан тул татгалзсан. Хэрвээ Ливерпүүл рүү явчихсан бол Арсеналд ирэхгүй байх байсан. Мэдээж Арсеналд ирж Премьер Лигт түрүүлсэн болохоор тэр нь хамгийн сайн шийдвэр болсон л доо.

Анхны улиралдаа “Ялагдашгүй” болсон. Ингэнэ гэж төсөөлж байв уу? 
Мэдээж үгүй. Энд анх ирэхдээ аль болох хурдан идээшихийг хичээнэ гэж босст хэлж байсан юм. Германаар ярьдаг гэдгийг нь мэддэг байсан болохоор ойлгохгүй юм гарвал тайлбарлаж өгч байхыг хүссэн байлаа. Би хамгаалалтынхныг зохион байгуулахдаа их сайн байсан боловч өөр хэлээр ярих юм бол хэцүү байх байх гэж бодож байсан. Тэгсэн харин их амархан байсан шүү. Англи хэлний 100 орчим үг мэдэж байхад л хангалттай. Тэгээд ч ихэнхи үгс нь Германаас хурдан байдаг. Жишээ нь “эргэ - turn” гэж хэлэхэд германаар бол “dreh dich um” гэдэг. Эх хэлтэй маань харьцуулбал зарим үгнүүд нь илүү богино, илүү ойлгомжтой байсан.

Үзүүлж байсан амжилтаа хэр том болохыг бодож байв уу? 
Бид дараагийн тоглолтдоо л анхаарал тавьдаг байсан. Олд Траффордод нэг чухал тоглолт болж ван Нистелройд хожлын гоол хийх боломж гарахад хөндлөвч цохичихож билээ. Манай тоглолтуудын мөн чанар нэг тиймэрхүү л байсан байх. Бид өөрсдийгөө тийм сайн, хэн ч биднийг хожиж чадахгүй гэж боддоггүй байсан. Тоглолт болгоны дараа гэр лүүгээ залгахдаа сэтгэлээр унасан дүр үзүүлж, хожигдчихлоо гэж тоглодог байлаа. Эхнэр маань “худлаа яриад бай, та нар ямар хожигдох биш” гэж хэлдэг байсан. Нэлээн хэдэн сар ингэж явсан шүү.

Тэр бүрэлдэхүүн юугаараа онцлог байв? 
Би их мундаг хүмүүстэй тоглож байсан. Талбай дээр байрлал болгонд дэлхийн энтэй тоглогч нар байлаа шүү дээ. Арын дөрвийг хэрхэн зохион байгуулбал зохилтойг Сол Кэмбел, Мартин Кеовн хоёроос суралцсан. Германд бид нар тэгж тоглодог байсан боловч ердөө л хандлага төдий байсан. Яг тэгж тоглоно, ингэж хөдөлнө, зайнуудыг хэрхэн хадгалах вэ гэсэн систем байдаггүй байлаа. Энэ бүхнийг би Арсеналд ирээд сурсан. Фэнүүд болон хэвлэл мэдээллийнхэнд миний тоглолтын арга барил их сонин санагдсан байх. Би хаалганыхаа өмнө 30-40 ярдын зайд цэвэрлэгч хийчихдэг байсан. Бид байнга урагш шахаад тоглочихдог байсны зэрэгцээ Коло Турэ, Ашли Коул, Лоурен, Сол Кэмбел зэрэг хурдтай хамгаалагч нартай байхадард нь цэвэрлэгч хийхэд асуудалгүй байлаа. Намайг буруу шийдвэр гаргаад алдаа хийлээ гэхэд тэд аварчихаж дөнгөхтэй гэдгийг би мэддэг байсан.

Аваргуудын лигийн финал хүртэлх тоглолтодуудад Рикэлмэгийн пенальтыг хаасан нь хамгийн тод дурсамж байх болов уу? 
Босс намайг сэлгээнд суулгахад би бясалгалд явж эхэлсэн. Хаалгачийн хувьд сэлгээнд сууна гэдэг нь тоглохын тулд өөр тийшээ явах хэрэгтэй гэсэн үг. Би тэгэхэд 34 настай байсан. Тэгээд Германд болох ДАШТ-ний урд жил байсан. Би ч Оливер Кантай шигшээгийн гарааны төлөө өрсөлдөж байсан үе л дээ. Тоглохгүй байж болохгүй байсан үе. Би өөрийн бодлыг өөрчилж эхэлсэн. Сэлгээнд суунгуутаа “За, өөрөөр хийж эхлэх хэрэгтэй” гэж бодсон. 10 тоглолтын дараа би түүнд намайг тоглуулах хэрэгтэй гэдгийг харуулж чадсан ч бясалгалдаа явсаар л байсан. Их ядармаар байсан ч бас их сонирхолтой. Энийг яагаад хэлж байна вэ гэхээр пенальтын хувьд би их эерэг байдаг байсан. Одоо бодоход 2006 оны улирлын эцэс хүртэл би сэлгээнд суухаасаа айгаад бараг алдаа гаргаагүй. Айлынхан өөрсдөө пенальт олж авсан ч гэсэн би тэрнийг заавал хаах ёстой гэж бодсон. “За айл пенальт авчихлаа. Хаах ёстой” гэж.


Рикэлмэ манай эсрэг бараг 180 минут тоглочихсон байсан нь их сайн юм болсон. Тоглогчдыг талбай дээр ажиглахад дарамтад орохоороо яадгийг анзаардаг болчихдог. Тоглолтын хамгийн сүүлийн минутад пенальт цохино гэдэг бол хамгийн том дарамт. Дамжуулалт өгч байгаа, хаалга руу цохиж байгаа биеийн хөдөлгөөнүүдийг нь хараад яг аль хэсэг рүү цохих вэ гэдгийг би мэдсэн л дээ. Миний зөн, миний ажиглалт намайг хөөдөөгүй шүү. Их сайхан байсан. (Мэндээд зориулаад энэ болон дараах хэсгийг мишээл тодруулан орчуулав. :) )

Сүүлд 2006 оны ДАШТ-нд Германы төлөө тоглох завшаан гарахад бас л ийм эгзэгтэй үе таарсан. Аргентины эсрэг пенальтаар тоглолт шийдэгдэх боллоо. Камбиассо Интер Миланд тоглож байсан. (Хагас шигшээд түүний пенальтыг хааж байсан) Хүмүүсийн яаж өшиглөдөг тухай шипи надад байсан юм. Тэгсэн Камбиассо тэрэн дээр байдаггүй. Нөхрийг хааш нь цохих бол доо гэж бодож эхлэв. Түүнийг гүйж байхад нь Арсеналд Виллареалын эсрэг бэлтгэл хийж байхдаа Камбиассогийн хэд хэдэн цохилтыг харж байснаа саналаа. Нэг цохилтоороо зүүн хөлөөрөө хана давуулаад хаалгачийн зүүн буланд хийж байсныг санасан юм. Тэгж цохиход болно гэж тэр бодох байхдаа гэж бодов. Өшиглөх гээд гүйж байх зуур нь л энэ бүхэн толгой дотор бужигнаад л ороод ирж байгаа юм. Яг өшиглөх гээд далайсан хөлөө буулгахад нь “За тийшээгээ л үсэрье” гэж бодсон. Яг сайхан болсон. Сайн бэлтгэлийн л ач шүү дээ. Арсеналд анх ирэхэд Пат Райсын хэлсэн анхны үгнүүдийн нэг нь “Йенс, бэлдэж чадахгүй бол, чадахгүй байхад бэлдэх хэрэгтэй ('Jens, if you fail to prepare, prepare to fail')” гэсэн үг байсан юм. Яг дараа нь энэ үг санаанд орсон шүү.

Та бас Роберто Аяалагийн цохилтыг хаасан шүү дээ. Түүний нэр шипин дээр чинь байсан. Андреас Копкэ, Хууб Стивенсийн хүү хоёрын мэдээллийг яагаад тоогоогүй юм?
Би карьерынхаа хамгийн чухал пенальтуудыг бүгдийг нь хааж байсан. Залуу байхдаа ч, том болоод мэргэжлийн карьерынхаа турш ч гэсэн бүгдийг нь хааж, хожиж байсан. Хаалгачийн хувьд би дандаа тактикийн дагуу тоглохыг хичээдэг байсан. Өөр тал руу үсэрч чаддаггүй. Шипи дээр бичсэн байсныг дагалгүй өөрийн үсрэхийг хүссэн тал руугаа үсэрч цохилтыг хаасан нь бас л тийм учиртай.

ДАШТ-нд тоглох ямар байв?
Германы ард түмэн одоо болтол их бахархдаг. 2006 оны төлөө хүмүүс над дээр ирж талархдаг хэвээрээ шүү. Энэ бол багийн хүчин зүтгэл байсан. ДАШТ-ий өмнө их сонин байсан л даа хэвлэл мэдээллээр муулаад, тоглолт ч олигтой болдоггүй. Юрген Клинсманыг парламентын өмнө гарч ирж асуултанд хариулахыг хүртэл шаардаж байсан шүү дээ. Улс төрчид маань муу тоглолтоос ичихгүйн тул тэр. Мэдээж тэр “Би очихгүй ээ” гэж хариулсан. Бөөн юм болоод бид нарыг чинь хамгийн муу гэж муу хэлж байсан, ялангуяа Германы хамгийн том шар сонин “Билд” дээр. Ард түмэн өөр ойлголттой, биднийг дэмжиж байгаа юм байна гэдгийг мэдрэх хүртлээ байнга муулаастай байлаа. Тэмцээн эхэлчихсэн хойно тэд өөрчлөгдөх хэрэгтэй болсон. Гэнэт л биднийг магтаад, сайн байна гээд л. Эхний бүтэн, хагас долоо хоногт тэд нар их сөрөг мэдээлэлтэй байсан. Тэгснээ гэнэт өөрчлөгдсөн. Цаг агаар ч сайхан байлаа. Нээлтийн тоглолтоос хоёр хоногийн өмнө Берлинд бэлтгэл хийж байхад 11 градустай, бороо орж байсныг санаж байна. Маргааш нь Мюнхенд нисээд очсон чинь 30 градустай байсан. Тэгээд ДАШТ эхлэхэд үнэхээр гоё байсан.

Хагас шигшээд Италид хожигдсон талаар. Их хэцүү байсан байх даа?
Тийм ээ, надад их хэцүү байсан. Бараг хамгийн сүүлийн минутад л алдсан шүү дээ. Тэр тохиолдолд дандаа л хэцүү байдаг. Миний хамгийн том харамслуудын нэг байх. Бараг л хожих гэж байсан. Пенальтид ч бэлдэж эхэлсэн байсан. Хоёр удаа пенальтаар хожиж финалд хүрэх хэцүү л дээ. Статистикийн хувьд ч боломж бол маш бага.

Зодог тайлж, хөлбөмбөгөөс ангижрах ямаршуухан юм бэ дэ?
Эхэндээ ч тийм хэцүү байгаагүй. Амралтанд яваад л уртасгасан амралттай байгаа юм шиг санагдаж байсан. Миний асуудал гэхээр байнга бэлтгэл хийх ёстой байдаг. Тамирчин хүний хувьд байнгын бэлтгэлтэй байсан бол зүгээр шууд зогсчихож болдоггүй. Зүрх томорсон байдаг учраас байнга дасгал хийж байх хэрэгтэй. Юу ч хийхгүй бол булчин татаж жинхэнэ асуудал үүснэ. Гурав, дөрвөн сар дасгао хийж байхдаа дахиад өөр нэг газар ганц хоёр сар тоглож таарна гэдгээ мэдэж байсан. Энийг дотроо мэдэрч байсан болохоор дасгалаа үргэлжлүүлсээр байсан. Биеийн хувьд би хүчтэй байсан. Герри Пейтон намайг тоглож чадаж байгаа эсэхийг үзэхээр дуудсан. Түүнд их таалагдсан юм шиг байгаа юм. Миний бөмбөгтэй харьцах чадвар, шийдвэр гаргалт хоёр тун сайн байсан. Хоёр, гурван сар болсон чинь Войцек Шезни, Вито Маннонэ, Лукаш Фабиански гурав гурвуулаа гэмтчихдэг юм. Тэд намайг дуудсан. Миний хувьд гайхамшигтай боломж. Надад нэг тоглолт шагналаар ирсэн. Миний Арсеналын төлөө хийсэн 200 дахь тоглолт. Анх ирээд явахдаа 199 тоглолттой байсан бол эргэж ирээд 200 дахиа хийсэн. Надад үнэхээр сайхан санагдаж байлаа. Ямар ч дарамтгүй. Өмнө нь бөөн дарамттай, маш их ядардаг байсан. Эргэж ирэхэд үнэхээр тааламжтай. Бэлтгэл хийж, хөлбөмбөг тоглох их таалагдсан.

Бантагнасан: Цогоо
Эх сурвалж: Арсенал цэг ком

No comments: