Friday, December 05, 2014

Тиерри Анри: Надад гоол хийх төрөлхийн авъяас байгаагүй

[Спортын цонх сэтгүүлийн болон Спортын цонх форумын 9 жилийн ойд зориулан Близзард сэтгүүлийн Тиерри Марчандын хийсэн ярилцлагыг орчуулан хүргэв. ]

Хүндэтгэл гэж юу болохыг Нью Йорк Рэд Буллсын залуу тоглогч нарт ойлгуулахын тулд өөрийн хур туршлагыг ашиглаж байсан тухайгаа Тиерри Анри дурсав. Зургийг: Mike Stobe/Getty Images

Мэргэжлийн хөл бөмбөгчийн гарааг эхэлсэн анхны тоглолтоо одоо ингээд эргээд харахад “Их эрт байж дээ” эсвэл “Өчигдөрхөн юм шиг санагдах юм” гэсэн бодлын аль нь төрж байна?
[Хэсэг эргэлзсэнээ] Аль алинаас нь л байна. Тэгэхдээ бүх юм цаанаасаа заяагдсан байгаагүй юм шүү гэдгийг л өөртөө давтан хэлдэг. Би өөрийн зам мөрийг үргэлж анзаарч, өөрийгөө үргэлж чиглүүлэх ажлуудыг хийдэг байсан. Ялангуяа надад заяагаагүй зүйлсийг олохын тулд бүүр их. Яагаад “ажил” гэдэг үгийг сонгож хэрэглээд байна вэ гэхээр ерөөсөө энэ л миний хамгийн чухал үндэс байсан болохоор. Чамд “авъяас” байгаад ажиллаж чадахгүй бол яах вэ? Миний хувьд золиос гэж байгаагүй. Би хүссэн зүйлээ л хийдэг. Би ажиллах дуртай байсан, би хийдэг бүх зүйлдээ хамгийн шилдэг нь байхыг хүссэн, бөмбөг мөргөх, чөлөөт цохилт, тоглолтыг унших гэх мэт.

Тэгэхээр таны авъяас юу байв?
Би их хурдан байсан. Нэг гоол хийхийн тулд бараг 10 боломж гаргадаг байлаа, харин боломжуудыг би байнга гаргаж байсан. “Чи дандаа ийм боломжуудыг үүсгэхгүй шүү дээ. Олдсон дээр нь л хийдэг болох хэрэгтэй” гэж би өөртөө хэлдэг байв. Тэгээд хаалгачийн өмнө оччихоод хэт их юм бодож эргэлзэхгүйн тулд би төгсгөлөө сайн хийхээр ажиллаж эхэллээ. Тэгвэл бодох шаардлагагүй хамаг юм шууд л рефлексээрээ хийгдээд эхэлнэ шүү дээ. Довтлогчийн хувьд хамгийн хэцүү юм гэвэл бодох цагтай байх. Тиймээс тухайн үед Монакогийн фитнессийн дасгалжуулагч байсан Клод Пуэльтэй хамт зөндөө олон цагийг манекентэй талбай дээр сургуулилж өнгөрүүлдэг байлаа. Надад гоол хийх төрөлхийн авъяас байгаагүй юм. Миний мэргэжлийн хөлбөмбөгийн гараа жигүүрийн тоглогчоор эхэлсэн болохоор хөндлөн дамжуулалт өгөх талаар ч хичээллэдэг байсан маань гоолын дамжуулалт өгдөг хүний үүргийг ойлгоход их дөхөм болсон. Бид нар гоол хийсэн хүнийг магтан дуулдаг ч түүнийг гоол хийлгэхийн тулд хамгаалалтын ар луу тэр хөндлөн дамжуулалтыг өгөх бөх зүрх гаргасан хүнийг мартдаг шүү дээ.

Таны бодлоор шударга бус байна уу? 
Үгүй л дээ. Угаасаа тийм л байдаг. Их муу тоглож байсан ч хожлын гоол хийж тоглолтыг аварч байсан тохиолдол минь хэр их билээ? Талбайн төв хэсэгт дахин тоглож эхэлснээрээ энэ бүх зүйлсийг улам сайн ойлгож эхэлсэн. Деннис Бергкамп, Робер Пирэс нарын тухай ярих болгонд хүмүүс надад “Энэ хоёр чамайг ч угжиж байсан даа” гэж их хэлдэг. Үгүй ээ, бид бие биенээ угждаг байсан юм. Энэ чинь багийн тоглолт шүү дээ. Би даруухан зан гаргаж байгаа ч юм биш тэгэхдээ гоол хийсэн хүн хамаг магтаалыг авах ёсгүй. Гоол хийсэн мөртөө гутармаар тоглож байсан үе ч зөндөө шүү.

Гоол хийхийн жаргал, гоолын дамжуулалт өгөхийн жаргал хоёрын хооронд хэр зөрүү байна?
Миний хувьд гэвэл өөрөө хийчих боломжтой байсан ч хүнд дамжуулах үе л хамгийн сайхан. Өөрөө гоол хийчих чадвартай гэдгээ мэдэж байсан ч бөмбөгөө дамжуулдаг. Хуваалцаж байна шүү дээ. Нөгөө залуугийн нүд гялалзаад л ирнэ. Чи мэднэ, тэр мэднэ, бүгдээрээ мэднэ. Хүмүүс намайг ингээд [хоёр гараараа хүмүүсийг дуудаж байгаа хөдөлгөөн хийж үзүүлэв] бусдыгаа дуудахаар ерөөсөө ойлгодоггүй. Энэ чинь “Хүмүүс ээ намайг хараарай, би гоолдчихлоо” гэж байгаа биш харин “Нааш ир, цугтаа тэмдэглье, хамтдаа” гэсэн хөдөлгөөн байхгүй юу.

‘Надад гоол хийх төрөлхийн авъяас байгаагүй’ – Тиерри Анри 2002 онд Арсеналын төлөө хийсэн гоолоо тэмдэглээд явж байна. Зургийг: Tom Jenkins, Guardian

Гоолын баяр чинь одоо бараг өөрөө тусдаа шоу, тоглоом шахуу болчихсон юм биш үү?
Намайг мэддэг хүмүүс хийсэн алдаагаа мартахын тулд 10 минут шахуу болдог гэдгийг хэлэх байх л даа. 7-0оор хожиж явсан ч “Энэ боломж тоглолтын цорын ганц боломж байж болох байсан шүү дээ, арай дээр байх ёстой байсан юм” гээд өөртэйгээ яриад явж байдаг.

Та тэгэхээр байнга төгс төгөлдөр байхыг эрхэмлэдэг байх нь ээ?
Энэ зан маань намайг ямар ч гэсэн хийсэн гавъяандаа сэтгэлээ цатгахүй л байлгадаг байсан. Үргэлж урагшаа тэмүүлээстэй. Энэ зан маань надад үргэлж таалагддаг, үргэлж ийм чигээрээ байхыг ч хүсдэг. Ямар нэгэн юманд бухимдсан үедээ сайн тоглолт гаргадгийг маань манай багийнхан хэлэх биз. Пат [Виейра] энийг сайн мэддэг байсан болохоор үргэлж ядаргаа болдог байлаа. Дургүй хүрсэн үедээ би сайн тоглодог юм.

Тоглогчийн урт карьерын нууц юунд оршдог вэ?
Эхлээд гэмтэл бэртлээс холуур байх хэрэгтэй. Би ер нь харьцангуй эрүүл амьдралын хэв маягтай хүн л дээ. Би ер нь нэг их ууж, партиддаг хүн биш. Би хэн нэгэнтэй халз тоглох гэж байгаа бол чамаас хүчтэй гэдгээ мэдрүүлж тоглодог. Ерөөсөө л тэр. Лилиан Тюрам надад энийг сургасан юм. Зорилго нь ерөөсөө өөрийн хүрч чадах хэмжээнд очих. Зүгээр ч нэг оччих юм биш тэнд очихыг хүсэх, бүүр тэмүүлэх хэрэгтэй.

Тэгэхээр таны авъяас бол тэр тэмүүлэл байх нь ээ?
Яг тийм. Тэр байхад бүх юм таны гарт, ажиллах уу эсвэл болих уу гэдэг л байна. Залуусыг бэлтгэл дээр оройтож ирэхэд би их дургүй, өдөрт ердөө ганц цаг хагасын л бэлтгэл шүү дээ. Амьдралдаа ганц удаа Монакод байхдаа би бэлтгэлээс хоцорч үзсэн. Миний буруу ч байгаагүй юм. Тэгэхэд Жеан Тигана надад сүүлийн удаа шүү гэж маш сайн ойлгуулж байсан юм. Түүний зөв. Машинтай байж бэлтгэлээс хоцорч байгаа бол тоглолт дээр хичнээн гүйгээд ч хоцрох л болно.

Энэ 20 жилийн турш тоглохдоо өөрийгөө ер нь хэр чамлаж байв?
Өдөр бүр. Дөнгөж тоглоод дууссан биш дараагийн тоглолтоор өөрийгөө дүгнүүлэхийг би дандаа боддог байсан. Болоод өнгөрсөн юм бол өнгөрсөн. Тэр бол сэтгүүлч та нарын сэтгэгдлээ бичих талбар.

Та тэгэхдээ тоглогч хүний хүрч болох бүхэнд хүрсэн шүү дээ, клубууд, Францын шигшээ гээд. Хамгийн дээд оргилд хүрчихлээ дээ гэж бодогдож байсангүй юу?
Үгүй. Ер нь хүн хэзээ ч ханаж, цадаж болохгүй. Үргэлж даварч байх хэрэгтэй.

Оргилд гарчихсан хүн яаж тийм байх вэ?
Тоглолт болгоныг уул гэж бод. Тоглох болгондоо уул өөд авираад буцаад буудаг. Дараагийн тоглолтоор дахиад л авирна. Тэгээд энэ уулс бүгд өөр өөр. Заримдаа зогсоод амсхийнэ, гүнзгийн амьсгаа авна. Заримдаа бол ерөөсөө авирах ч үгүй, яагаад гэвэл чи маш муу тоглоно.

Тэгэхдээ тоглолт болгон Дэлхийн аваргын финал шиг байхгүй шүү дээ?
Дэлхийн аваргын финалд тоглосноос 3 сарын дараа Украйнд 200 үзэгчийн өмнө 23 наснаас доош шигшээгийн бүрэлдэхүүнд тоглож үзэх юм бол сансраас бууж, газар дэлхийдээ ирдэг юм даа. (1998 онд ийм явдал болсон) Хүмүүс миний амьдралын энэ үзэгдлийг арилгачихсан л байдаг байх, гэхдээ би бол бахархдаг юм. Сайхан санагдсан гэж би хэлэхгүй, тэгэхдээ л өөрийгөө хэр тоглогч вэ гэдгийг дахиж дүгнэхэд их хэрэг болсон. Би 1997 онд Малайзад болсон 20 хүртэлх насныхны ДАШТ-д тоглосон үеийн төлөөлөгч л дөө, Силвэст, Галлас, Люццин гээд намайг цааш хөгжихөд тусласан олон тоглогч нар байна. Горьдлого багт (Францын залуусын шигшээгийн хоч Espoirs. Энэ үгийн утга нь итгэл, найдвар. Нөхөр бага зэрэг чамлангуй өнгөөр хэрэглэсэн учраас горьдлого компани гэдэг шиг утгаар хэрэглэв. Францын шигшээгийн дэмжигч нөхөд маань өршөөх биз ээ. Орчуулагч) эргээд очиход үнэхээр таалагдаагүй ч би тэдгээр тоглогч нарын дэргэд хамраа сөхөж чадаагүй. Тэгээд л тоглосон. Заримдаа сайн тоглоод, зарим тоглолтод муу. Хүмүүс “Энэ нөхөр сэтгэлээсээ тоглохгүй байна” гэж ярьцгааж байлаа. Гэтэл гуравхан сарын өмнө би Дэлхийн аваргын цомыг өргөөд зогсож байсан шүү дээ. Горьдлогынхны бүрэлдэхүүнд байхдаа нэг удаа үндсэн багтай хамт зочлон тоглолт хийж байсан юм. Онгоцонд би бүүр арын суудалд суусан юм. Ердөө л хэдхэн долоо хоногийн өмнө би 10 гаран эгнээний өмнө байлаа шүү дээ. Белгид Б шигшээтэй хамт 202 үзэгчийн өмнө тоглож байснаа ч санадаг. Украйнаас хоёрхон хүнээр илүү шүү. Би мартаагүй ээ.

Тиерри Анри, Юри Жоркаев хоёр 1998 оны Парисын тэнгэр доор Дэлхийн аваргын цомыг үнсэж байна. Зургийг: Gabriel Bouys/EPA

Тэр үед юу бодогдож байв даа?
Сайн ажиллана, бүх юм хуучин шигээ болно гэж л бодож байсан. Үнэхээр хэцүү байсан ч би эргээд ирсэн. Унаж тусаж байж бусдын ачаар л хүн болно шүү дээ. Чи хэн ч байлаа гэсэн баг байхгүй бол юу ч биш.

Хөлбөмбөгт урт хугацааны карьер хамгийн хэцүү зүйл үү?
Мэдээж. Бас хамгийн том шагнал. Ялангуяа довтлогчийн хувьд, тэр олон залуу тоглогч нар гарч ирж байхад. Энд бол тоглож чадах эсэх тухай биш сайн тоглолт гаргах үүргийн тухай яригдаад ирнэ шүү дээ. Урт удаан хугацааны карьер шиг үзэсгэлэнтэй цом байхгүй. Хүмүүсийн хүлээлт маш өндөр байгаа үед байнга нэг түвшний тоглолт үзүүлнэ гэдэг. Рональдо, Месси гээд л. Хүмүүс тэднийг яаж нэгэн жигд өндөр түвшний тоглолт үзүүлж байгааг ойлгодог болов уу? Үргэлж орой дээр байх ямар хэцүү гэдгийг хүмүүс мэдэх үү?

Тамирчин, од гэдэг нь тэднийг хүн биш ч юм шиг санагдуулж байна аа...
Үнэн үнэн. Гэхдээ энэ чинь хөлбөмбөг шүү дээ. “Тоглож чаддаг болоод л чи талбай дээр гарч байна шүү” гэж би хэлэх дуртай. Чиний бие, сэтгэл ямар байгааг үзэгчид мэдэх албагүй. “Аа, өнөөдөр чи юу ч хийж чадахгүй нь ээ” гэж өөртөө хэлж байсан өдрүүд хичнээн олон гэж санана. Гэхдээ би тийм өдрүүдэд хичнээн гоол хийж байсныг чи мэдэх юм бол гайхна даа. Прагад Спартын эсрэг Арсеналтай Аваргуудын лигийн тоглолт хийснийг би санадаг юм. Өсгийний гэмтлээ дөнгөж эдгээгээд багийн бүрэлдэхүүнд орж байлаа л даа. Тоглолтын өмнөх өдөр л бэлтгэлээ хийж эхэлсэн хэрэг. Тэгсэн менежер хэлж байна: “Чамайг аваад явна тэгэхдээ сэлгээнд л суулгана шүү”. Тоглолт эхдээд хэдхэн минутын дараа Хосэ Антонио Рейес гэмтчихдэг юм. Хэн халаалт хийж байгааг ч харсангүй, ямар ч гэсэн намайг дуудахгүй нь ойлгомжтой гэсэн юм бодоод л сууж байсан чинь менежер намайг дуудлаа. Би ч ороод явчихсан. Хоёр гоол хийгээд Иан Райтын 185 гоолын амжилтыг эвдэж байлаа. Бие чинь таагүй байхдаа ч багтаа тусалж чадна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй.

Анх гараагаа эхэлж байх үедээ авсан огт мартагддаггүй зөвлөгөөнүүд байна биз?
Сая хэлсэн дээ Тюрам хэлсэн гээд. Туту надтай маш ширүүн харьцдаг байлаа. Би ч тэрэнд нь байнга талархаж явдаг юм. Хамгийн хэрэгтэйнүүд нь гэвэл мэдээж миний аавын зөвлөгөөнүүд байна. Кристиан Дамиано, Жерар Улье, өсвөрийн багийн бүх дасгалжуулагч нарынх. Гэхдээ Туту маш ширүүн, тоглолтын үеэр, бэлтгэл дээр ч тэр. Ярьж хэлэхдээ ч ширүүн байсан. Надад их хэрэг болсон. Тэгээд шигшээд анх орохдоо Дисаи, Лизаразу, Зизу, Жоркаев гэх мэт тоглогч нарт таалагдах ёстой гээд. Монакод байхад Сонни Андерсон, Микаэл Мадар зэрэг тоглогч нарт олигтой хөндлөн дамжуулалт өгөхгүй бол бөмбөгийг Ла Турбиегээс (Монакогийн бэлтгэлийн талбай) гартал өшиглөчихдөг байлаа. Тэгээд хэнийг бөмбөгөнд явуулна гээч? Давид Трезегэ бид хоёр. Дэлхийн аварга болчихоод байхад хүртэл Тигана надаар өмсгөлийн цүнхүүдийг үүрүүлдэг байлаа шүү дээ. Нэг эмэгтэй, бас ганц хоёр өмсгөл хариуцсан ажилтан байсан ч тэр “Хэрэггүй, хэрэггүй, өсвөрийнхөн наадхыг чинь хийх ёстой юм” гэдэг байлаа.

Рэд Буллсын өсвөрийнхөнд одоо ингэж хэлж байгаа юу? 
Байнга шүү дээ. Гэхдээ мэдээж надаас өөр хүн хэлэхээргүй тохиолдолд л.

Боловсролын асуудал байх нь ээ?
Монакод залуу тоглогч байхад шүүгээнүүдэд нэр байдаггүй байлаа. Мэргэжлийнхэн ирж дууссаны дараа суух газраа олдог байв шүү. Бас багийн автобус өглөөний 10 цагт явахаар байвал би хоцрохгүйн тулд 2 цагийн өмнө ирээд хүлээдэг байлаа. Тэгээд сууж болно гэж хэлтэл суухгүй хүлээдэг байсан.

Энэ дэг хөлбөмбөгөөс арилж байгаа талаар ямар сэтгэгдэлтэй байна?
Харамсалтай. Нэг юм гээгдээд байгаа ч юм шиг. Мэргэжлийн тоглогч болно гэдэг хүн болгоны чадах юм биш байх ёстой. Үүнд хүрнэ гэдэг өөрөө их том амжилт байх ёстой юм. Залуу байхдаа би бүх мэргэжлийнхэн дээр очиж мэндэлдэг байлаа. Одоо бараг л эсрэгээрээ болчихоод байгаа юм биш үү. Бүүр 21, 22 нас хүрч байж иллэг хийлгэдэг болж эхэлж байлаа. Биднүүсийг иллэгийн орон дээр хэвтэж байхыг Тигана харах юм бол “Та нар энд юу хийж байгаа юм? Хаана чинь өвдөөд байгаа юм? Нуруу юу? Лиг 1-т тавхан секунд тоглоод нуруугаа өвтгөчихсөн үү? Гарцгаа, гүйцгээ, наад ороо Франк Дюма, Энцо Скифо эд нарт суллаж өг” гэж ирээд л загнадаг байлаа. Түүний ч зөв.

Танд иймэрхүү дэг таалагддаг бололтой?
Тийм ээ. Бүүр хэтэрхий. Хүмүүс бэлтгэлээс хоцорч ирэхийг харахаар л эгдүү хүрээд явчихдаг. Эргэн тойрноо хар л даа. Залуусыг бэлтгэлээс хоцруулж, саатуулахаар юм юу байгаа юм бэ? Зургаан жилийн өмнө Сан Антонио Спурсынхан Тони Паркерт шидэлтийн дасгалжуулагч гаргаж өгч билээ. Тони Паркерт шүү дээ. Энэ бол доромжлол биш, харин түүнд сайжруулах ёстой зүйл байгаа бол тэрнийг нь улам сайн болгохыг л зорьсон хэрэг.

Иймэрхүү зүйлсийг хийж байж хөлбөмбөгчид өөрсдийн биеийн чадлаас давсан зүйл хийх байх даа?
Би дамжуулалтан дээрээ их ажиллаж байсан. Залуу байхдаа, жигүүрт тоглодог байхдаа, Арсеналд очоод төвд тоглодог байхдаа ч тэр.

Таны анзаарснаар өнгөрсөн хорин жилд хөлбөмбөгт гарсан томоохон өөрчлөлтүүд юу байв?
Рональдог хар, Бразилынх нь. Өмнө хэний ч харж байгаагүй зүйлсийг хийсэн. Ромарио, Жорж Вэа нартай хамт төвийн довтлогчийн гэдэг байрлалыг бараг шинээр нээлээ шүү дээ. Урдаас татаж төв рүү орж ирж бөмбөг аваад жигүүр лүү гүйж төвийн хамгаалагч нарыг өөртөө татаад, гүйлт, хууралт, бөмбөг залалтаараа хуурч байсан анхны тоглогч нар бол тэд. Өмнө хэн тэгж байсан юм бэ? Герд Мюллер үү? Паоло Росси юу? Үгүй. Жорж Веа надад их нөлөөлсөн тоглогч. Би бараг тоглолтыг нь дуурайдаг байсан байх. Ер нь байрлалыг шинээр нээсэн гэх тоглогч нар хэр олон бол? Цөөхөн л болов уу. Яах вэ үр дагавар нь гэвэл хэвлэл мэдээллийнхэн, маркетингийн хүмүүс хөлбөмбөгийн тоглолтуудыг ганц хүний тоглолт шиг харуулаад эхэлсэн. Гоол яаж эхэлж, хэрхэн өрнөсөн гэх мэт тоглолт дээрх хамтарсан зүтгэлийг харуулахаа байсан. Бүх зүйлийг ганц тоглогч руу тухайлан чиглээд ирсэн. Энэ чинь хөлбөмбөг биш шүү дээ.

Биеийн тамирын тухай ярих юм бол Мюллер, Росси нар Веа, Рональдо энэ тэрээс тэс өмнөө хүмүүс байх аа?
Мэдээж. Тэгэхдээ бид заавал тийм байх ёстой гэж ойлгож болохгүй шүү дээ. Хэнд нь Кристиано Рональдогийн бие заяах вэ? Хэн нь Месси шиг тоглодог болох вэ? Эн хоёр бол цаанаасаа төрмөл хүмүүс. Гэхдээ хүмүүсийг сургамаар байвал, хөлбөмбөгийн тухай ярьмаар байвал залууст Шавигийн хийдэг юмыг зааж болно. Шавигийн хийдгийг зааж болох ч Рональдогийнхыг үгүй л болов уу. Хамгийн үнэн зүйл гэвэл надад хууралтууд (step-over, nutmeg хоёрыг ерөнхийд нь хууралт гээд явчихлаа) харуулаад байвал би тэрнийг талбай дээр хиймээр санагдана. Бага байхдаа би Платинигийн дамжуулалтыг авч байгаа Польшийн Збегниев Бониек шиг болохыг хүсдэг байлаа. Рональдо эсрэг тоглогчийг гоёмсог биш ч эвтэйхэн хуураад гарчихдаг байсан. Хүн болгон Зизу, Мэсси, Кристиано Рональдо шиг биш шүү дээ. Сүүлийн дөрвөн жилд яагаад ганц ч Испани тоглогч Баллон Д’Ор аваагүйг их гайхаж байгаа. Хөлбөмбөгт тоглогчийг хэт шүтэж байна. Одод сайн л даа. Тэгэхдээ багийн бүрэлдэхүүнд тоглож байхдаа л.

Нэлээн Америк маягийн байр суурь байна шүү...
Нэг юм хэлье. Майкл Жорданы үед би өссөн. Анх гарч ирж байхдаа зарим тоглолтод ганцаа 60 оноо энэ тэр авдаг байсан шүү дээ. Чикагод Скотти Пиппэн, Хорас Грант зэрэг тоглогч нарыг ирснээс хойш оноо нь цөөрсөн ч цом авах нь ихэссэн. Тэр бөөн одод дундах од байсан. Хамгийн сайн тоглолтоо гаргаж чадахгүй байх үед сул талыг нь бусад нь нөхчихдөг байсан байхгүй юу.

Каталанчууд Манчестер Юнайтедыг хожиж Аваргуудын лигт түрүүлэх үед. Зургийг: Giampiero Sposito/Reuters

Хөлбөмбөгч хүн дуусгах цаг нь ирсэн гэдгийг яаж мэдэх вэ?
[Удаан завсарласнаа] Мэдэхгүй дээ. Хөлбөмбөгт хайртай нь бол хэвээрээ л байх байх. Гэхдээ өөрийгөө хүчлээд эхэлбэл юм болов уу. Би бол “За бэлтгэлийн талбай руу очих ёстой юм шүү” гэж өөртөө хэлж чадахгүй. Амьсгалж байгаа үедээ амьсгалах ёстой шүү гэж боддоггүй биз дээ. Ерөөсөө л байгалиасаа заяасан байдаг. Миний хувьд хөлбөмбөг яг л тийм. Бие өвдөөд ч юм уу өнжихийг биш харин сэтгэлээ хүчилдэг болоод ирвэл байх. Байнга очмооргүй санагдаад ирвэл л болих байх даа.

Тэр үед юу үлдэх бол?
Үндсэн суурь нь л үлдэх байх. Би хөлбөмбөгийг сураагүй, намайг боловсруулсан. Өөр ойлголт шүү. Клэйрфонтэйнд Кристиан Домиано болон бусад хүмүүс биднийг боловсруулсан. Хожих, хожигдохын алинд нь ч бидэнд өөрсдийн онцлог байсан юм. Бид өөрсдийн онцлог тоглолтоор тоглож, хөлбөмбөгийг хүндэлдэг байлаа. Тэд энэ үзлийг бидний цусанд шингээсэн. Өөрсдийн авсан боловсролоор л амьдарна шүү дээ. Эцэг эх маань заримдаа намайг хэт хатуу байна гэж гомдоллохоор “Би хаана боловсорсон билээ?” гэж хариулдаг юм.

Та өөрийгөө хатуу хүн гэж боддог байх нь ээ?
Тийм. Би их хатуу, ялангуяа хөлбөмбөгийн тал дээр маш өөнтөгч шүү. Мэдээж хөлбөмбөгийг хайрлах хайр, хүндэтгэлийг л шаарддаг.

Өөрсдийн онцлог гэж ярихдаа яг юун тухай хэлэв? Клуб үү, эсвэл тоглолтын хэв маяг уу?
Ер нь хоёулаа даа. Барсад өөрсдийн онцлог байдаг. Дасгалжуулагчаас сонсож байсан хамгийн сайхан зүйл юу вэ гэвэл 2009 оны Аваргуудын лигийн финалын өмнө Гуардиолагийн хэлсэн үг. “Залуус аа, тоглолтын дараа хүмүүс Барса хөлбөмбөг тоглолоо гэж хүмүүс яриасай гэж би хүсж байна. Өнөөдөр алдах ёсгүй ганц зүйл маань манай онцлог. За сайхан тоглоорой” гэж хэлж билээ. Клэйрфонтэйнд ч гэсэн яг тийм байсан. Нэг удаа Франциско Фильо “Хойшоогоо дамжуулж болохгүй шүү” гэж хэлж байлаа. Тухайн тоглолтын сэдэв нь тэр. Тэгж тоглонгоо хожих даалгавартай. Бас нэг удаа тоглолтын турш хөлд сууж бөмбөг салгахгүй зүгээр л бөмбөг таслах ёстой байсан. Өөрөөр хэлбэл тэр биднийг тоглолт уншуулж сургаж байсан юм. 

Наадах чинь тэгэхдээ хөлбөмбөгийн гол зүйл болсон хожил гэдгээс хазайгаад явчихаж байгаа юм биш үү? 
Үгүй ээ. Яагаад гэвэл ялалт өөрийн онцлог шинж чанарыг цогцлоодог. Өөрсдийн зарчмыг мартаад ирвэл харин хожил хэцүү болдог шүү дээ.

Та яах вэ? Менежер болбол юу ч хамаагүй хийх үү?
Менежерийн хувьд бол өөрийн онцлогийг батлах нь чухал. Чиний онцлог хамгаалалт бол хамаа алга. Хамгаалж байгаад л хож. Тэгэхдээ хожигдоод эхлэнгүүтээ тэрнийгээ өөрчилж болохгүй. 2009 онд Гуардиола тоглолтын үр дүнгийн тухай яриагүй. 2006 оны финалаар Арсэн ч гэсэн тэгээгүй. Тэр хоёр хоёулаа хийсэн бүхэн нь үзэсгэлэнтэй байгаасай гэж хүсдэг гоо сайхныг таашаагч нар. Хийж байгаа зүйлдээ хайртай хүмүүс л тэгдэг. Зураг зурахдаа харсан хүмүүс нь таашаагаасай гэж боддог биз дээ.

Анхны тоглолтоосоо хойш 20 жил өнгөрөөд байхад юу бодогдож байх юм?
Илүү цагаар хийсэн бэлтгэлүүдээ л дурсаж байна. Үнэхээр хэрэг болсон шүү. “Энийг зөв хийхгүй бол миний оронд өөр хүн хийчихнэ дээ” гэж бодоод л хийдэг байлаа. Хөлбөмбөгийн замналаа дууссанаас минь хойш хүмүүс намайг дурсдаг байгаасай гэж хүсдэг. Өөрийн ул мөрийг үлдээхсэн гэж үргэлж мөрөөддөг байлаа.

Хүндэтгэл үзүүлээсэй гэж үү?
Тийм ээ, миний хийсэн ажлын чанарт. Хөхүүд, Арсеналын, Барсагийн энэ ялан дийлсэн үеийн төлөөлөгч байснаараа би үнэхээр их бахархдаг.

Хөлбөмбөгчийн хувиар өнгөрүүлсэн энэ 20 жилээс ганц дурсамжийг сонгох бол алийг сонгох вэ?
Хөлбөмбөгийн талбай дээр тоглож байхыг аав маань харсан мөчийг. Яагаад гэвэл бүх юм тэндээс л эхэлсэн. Бусад нь бол түүх болж үлдсэн, хүн болгон мэднэ шүү дээ.

Менежер Тиерри Анри, тоглогч Тиерри Анри шиг ийм өөнтөгч байх болов уу?
Би ямар ч байсан хүмүүсийг хөлбөмбөгт хүндэтгэлтэй хандаасай гэж хүсэх байх. Оройжин шоуддаг хүн гайхамшигтай сайхан карьертай байна гэж байхгүй. Би ч бусдын адил шоудаж л байсан. Гэхдээ алдаа чинь зуршил болох ёсгүй. Миний хувьд өөрийгөө дайчилж, сайжирч байж таашаал авдаг. Би зүгээр л зугаацах зорилгоор хөлбөмбөг тоглож чадахгүй. Чи тоглоно эсвэл тоглохгүй. Хожил бол тухайн нэг киноны эцэст гарч байгаа нэрсийн жагсаалтын хэсэг шүү дээ.

Бантагнасан: Цогоо
Эх сурвалж: http://www.theguardian.com/football/2014/dec/02/thierry-henry-arsenal-arsene-wenger-barcelona-career

No comments: