Saturday, April 27, 2019

АУГАА ДАРАНГУЙЛАГЧИЙН МОНОЛОГ

Орчуулагчийн өмнөтгөл: Дэлхийн хошин урлагийн эцэг байх гэж миний бодож явдаг Чарлз Спенсер Чаплины "Аугаа дарангуйлагч" хэмээх кинон дээр гардаг энэхүү суут илтгэлийг анх сонсоод л хэзээ нэгэн цагт Монгол хэл рүүгээ орчуулахсан гэж мөрөөдөж эхэлсэн билээ. Үнэхээр хэдийд ч хэлсэн үнэнд нийцэх цагийг эзэлсэн энэхүү үгийг байнга санаж, сэрж явууштай. Түүх болоод үлдчихгүй ингээд хэзээд үнэн байгаад байдаг нь гунигтай юм шүү.



Намайг өршөөгөөрэй, би эзэн хаан болж чадашгүй нь. Миний хийх хэрэг биш. Би хэнийг ч захирч, булаан эзлэхийг хүсэхгүй байна. Харин ч болж өгвөл хүн бүрт тусалмаар байна. Жүүдүүдэд ч, бусдад нь ч, хар хүмүүст, бас цагаан хүмүүст. Хүмүүс бид бүгд нэг нэгэндээ туслах дуртай, хүн чанар нь угаас тийм. Нэг нэгнийхээ аз жаргалыг мэдэрч амьдрахыг хүсдэг. Нэгнийхээ гуниг гутралыг идэж биш. Нэгнээ үзэн ядаж, хорсож амьдрахыг бид хүсдэггүй. Дэлхий ертөнц дээр хүн бүрт орон зай бий, сайхан Дэлхий минь хүн бүрийг тэтгэх хангалттай нөөцтэй.

Амьдралын зам эрх чөлөөтэй, сайхан байж болно, гэвч бид тэр замаа алджээ. Шунал тачаал хүмүүсийн сэтгэлийг хордуулж, хорвоог хорслоор дүүргэж, биднийг уй гашуу, цусан далайд галуун цуваагаар хөтөлжээ. Бид хурдан явахыг сурсан ч өөрсдийгөө түгжиж орхиж. Буй бүхнийг минь олж өгөх машин техник маань биднийг улам бэлэнчлэнгэ болгож. Мэдлэг их хуримтлуулсан ч юм бүхнийг шүүмжлэх болж. Ухаан суусан ч уцаар бас ихдэж. Хэт их бодсоор мэдрэмж буурч. Машин техникээс илүү хүн чанар үгүйлэгдэнэ. Ухаалаг байхаас илүү сайхан сэтгэл, өрөвч занг үгүйлнэ. Эдгээр зан үгүй бол амьдрал харгис болж, бүх зүйл алдагдана.

Нисэх онгоц, радио холбоо биднийг улам ойртуулсан. Эдгээр бүтээлүүдийн оршин буй нь хүмүүн төрөлхтөнд сайн сайхныг урин дуудна биш үү, бүгд ахан дүүс байж, нэгэн цул байхыг уриална биш үү. Одоо л гэхэд миний дуу хоолой хорвоогийн хэдэн сая хүний сонорт хүрч байна. Цөхөрч ядарсан хэдэн сая эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд. Гэмгүй нэгнээ тамлан зовоож, хорьж цагддаг тогтолцооны хэлмэгдэгсдийн сонорт. Намайг сонсож буй улсад хэлэх үг минь “БҮҮ ШАНТАР”. Бидний дээгүүр нүүгэлтэн буй энэ их уй гашуу бол дайран өнгөрөх шунал тачаалын нүүдэл төдий болой. Хүмүүн төрөлхтөний өсөн дэвшихээс эмээсэн улсын тэчьядсан атаархал төдий. Үзэн ядалт, хорсол бүхэн цагийн эрхээр урсан одож, дарангуйлан захирагч бүхэн үхэж далдрахад хүмүүсээс булаасан эрх мэдэл эргээд хүмүүстээ шилжих болно. Мөхөх тавилан хүмүүст байсаар байгаа цагт эрх чөлөө хэзээ ч үл устана.

Цэргүүд ээ, эдгээр зэрлэгүүдэд бүү бууж өг, та нарыг үзэн яддаг тэр хүмүүст, та нарыг боолчлон захирдаг, амь амьдралыг чинь дураар чиглүүлдэг, хийх зүйлийг чинь тушаадаг, юу бодож юу мэдрэхийг чинь цагдан хорьдог тэдгээр хүмүүст бууж өгч болохгүй. Цэрэглэн барьж, идэх уухыг чинь хориглон, хонь мал мэт үзэж, хорон сум мэт ашиглаж байгаа хүмүүс. Эдгээр хуурмаг хүмүүст битгий бууж өг, хуурмаг зүрх, хуурмаг ухаантай хуурмаг хүмүүсийг сөр. Та нар хуурмаг биш. Та нар хонь мал биш. Та нар бол хүмүүс. Хүмүүн төрөлхтөний хайр сэтгэл зүрхэнд тань бий. Та нарт хорсол үгүй. Хайрлуулж үзээгүй нэгнээс л хорсол гардаг, хайрлуулж үзээгүй хуурмаг хүмүүсээс.

Цэргүүд ээ, боолчлолын төлөө бүү тулалд. Харин эрх чөлөөний төлөө тэмц. Судар номонд “Бурхны хаанчлал хүний дотор оршин буй” хэмээн заасан байдаг. Ганц хүн биш, бүлэг улс биш, харин бүх хүний дотор гэж хэлсэн. Та бүхний дотор. Та нар, хүмүүс та нар, хүчийг эзэмшдэг. Машин бүтээх хүч чадал. Аз жаргалыг бүтээх хүч чадал. Та нар, хүмүүс та нар, эрх чөлөө, аз жаргалыг бүтээх, энэ амьдралаа гайхамшигт адал явдал болгон хувиргах хүч чадлыг эзэмшдэг. Тиймээс ардчиллын нэрийг барьж энэхүү хүч чадлаа ашиглан нэгдэцгээе.

Шинэ ертөнцийн төлөө, хүн бүрт тааваар ажиллах боломж өгдөг, өсвөрийн залууд ирээдүй, өтөл настанд баталгаа өгдөг тийм ертөнцийн төлөө тэмцэцгээе. Ийм амлалтыг өргөсөөр энэ зэрлэгүүд хүчийг олсон. Гэвч тэд бол хуурамч. Амлалтдаа огт хүрээгүй. Хүрэх ч үгүй. Дарангуйлагч нар өөрсдийгөө чөлөөлөөд бусдыг боолчилдог. Тэгэхээр одоо, биелээгүй амлалтуудын төлөө тэмцэцгээе. Хорвоог чөлөөлөхийн төлөө тэмцэцгээе, улс үндэстнүүдийн хил заагийг арилгацгаая, шунал тачаал, үзэн ядалт, хорсол хонзогнолыг арилгацгаая. Шалтгаан учрыг олж тогтоодог, шинжлэх ухаан, шинэ дэвшлийн замаар хүмүүн төрөлхтөний аз жаргалыг цогцлоох тэр л ертөнцийн төлөө тэмцэцгээе.

Цэргүүд ээ, ардчиллын нэрийг барьж бүгд нэгдэцгээе!

Орчуулсан: Д.Цогчулуун (ЧҮНДЖ)
2019.04.18

Thursday, April 25, 2019

ГАМШГИЙН СУРГУУЛЬ

Солонгост ирээд нэг их удаагүй байхад энд байдаг найз урд орой гэрт нь болсон инээдтэй явдлыг ярьж билээ. Хоёр хүүхэд нь зурагт үзээд тоглож байж. Зурагтаар гал гарч харагдахад том нь “ГАЛ, ГАЛ” гээд орилж л дээ. Амьхандаа зурагтаар гал гарч байгааг хүмүүст зарласан хэрэг. Гэтэл бага нь шууд нэг гараараа амаа дараад, нөгөө гараа толгой дээгүүрээ сүүдэрлэн барьж, бөгтийгөөд маш хурдтай хаалга руу гүйж гэнэ. Гал гарсан үед авах ёстой стандарт арга хэмжээ. Тухайн үед цэцэрлэгийн бага ангид байсан хүүхэд хүртэл ийм сургуультай. Бид хэд тэгэхэд хүүг нь өхөөрдөнгөө, жаал инээлдэж байсан ч би дотроо “Манайд арай ч ийм түвшинд хүртэл сургаагүй дээ” гэж атаархан бодоод өнгөрсөнсөн. Монголын сургууль, цэцэрлэгт заадаг эсэхийг мэдэхгүй юм.

Би дээхэн ЭмСиЭс Азиа Пасифик Брюэри ХХК-д (MCS Tiger) нэг хэсэг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байсан юм. Байх үедээ Онцгой Байдлын Газрынхантай хамтраад галын бэлэн байдлын сургууль хийж байлаа. Уг нь ХАБЭА-ын хуулиар бол албан байгууллага бүр жилдээ нэг удаа сургууль хийх ёстой байдаг болохоор ЭмСиЭс тэр дагуу ажилласан юм. Энэ дашрамд хэлэхэд ЭмСиЭсийнхэн олон улсын болон Монгол улсад мөрдөгддөг энэ төрлийн бүх стандартыг яс мөрддөг юм шүү. Тэр үеэр галын дохио өгөхөд хүмүүс гарч ирээд, алба хэлтсээрээ бөөгнөрөн цуглах газар очиж зогсоод, хэн байгаа хэн байхгүйг бүртгэж, аврах шаардлагатай эсэхийг тодорхойлох, зарим хүмүүс нь дуудлага өгч, дуудлагаар ирсэн галын машиныг угтаж аваад зөв газар аваачих гэх мэт хүн бүр урьдчилан томилсон үүргийн дагуу ажиллаж билээ. Яахав яг тухайн үед жижиг сажиг алдаа гэхээр зүйлс анзаарагдаж байсан ч бүхэл ажиллагааны хувьд их үр дүнтэй ажил боллоо гэсэн сэтгэгдэл төрсөн юм. Шинээр ажилд орж байгаа хүн бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг боловч ихэнхдээ танилцуулга, ярилцлага маягаар явагддаг тул яг ингээд биечлэн үзүүлэхэд хүмүүсийн ой тойнд маш тод томруун буудаг. Улмаар дараа нь элдэв зүйл боллоо гэхэд хэн юу хийх, хаана очих, яах ийхээ сайн мэдэж, бусдыгаа ч чиглүүлж чадах болно.

Өнөөдөр хүмүүсийн постыг харж байхад анхны ийм том хэмжээний ажиллагааг эхнээсээ л маш сайн дэгтэй, зохион байгуулалттай болно гэсэн бодолтой байсан бололтой. Юуг харуулсан бэ гэвэл гамшигт хэн нь ч бэлэн биш байгааг харуулж байна. Хэн хэн нь энэ ажиллагаанд шинэдэж байгаа тул алдаа хаа хаанаа гарч л таарна. Үүнд бухимдаж шүүмжлэхийг урьтал болголгүй, дараа дараагийн сургуулиар яг юу бэлдэх, хаана очих, хэрхэн очихоо товлоод, толгойдоо суулгаад авч байгаа нь энэ ажлын гол зорилго гэж ойлгож уужуу хандана уу. Зохион байгуулагч тал ч дараагийн ажиллагаанд хүн хүчээ зөв хуваарилах биз. Энэ ажлыг санаачлан хийсэн хүнд нь би л лав хувиасаа баяр хүргэмээр байна.

АДЬЯА МИНЬ ДЭЭ

"Адьяа минь ээ" гэж Махлагхан Сараа маань дуулж билээ. Хорвоогийн олон Адьяа нарт зориулъя аа.

АДЬЯА МИНЬ ДЭЭ

Адьяа минь ээ, чамайгаа би алдлаа
Адьяа минь ээ, би буруутай.
болгох гэж чадлаараа хичээснийг минь эс мэднэ үү?
өөрийнхөөрөө чамайг хайрлах гэснийг минь,
амар байсан даа, орхиод одоход...

Адьяа минь ээ, хаяад явснаас чинь хойш хөндий оргиод
амьдрал хэвийн үргэлжлүүлэх хэцүү юм
үргэлж л өөрийгөө болон бусдыг ажаад
буруутсан зүйлээ байнга л эрэх юм.

чичлээд заах хүн ч үлдсэнгүй
чиний буруу гэж хэнийгээ ч хэлэх вэ
уужиртал ярилцах хүн ч алга
угаас бидний гэмгүйг итгэх ч хүн алга

бидэн бүгд гэм үгүй мэндэлдэг
бүү эргэлз, Адьяа минь, бид гэмгүй хэвээрээ
бүгд л бүдэрдэг шүү дээ, ядах юмгүй
тэглээ гээд яах билээ?


Wednesday, April 24, 2019

ЧУЛУУН ШИЛТГЭЭНИЙ ЖЕННИ

"Хаан сэнтийний тоглоом" цувралын төгсгөлийн бүлгийн 2 дугаар анги дээр том юут Подрикийн дуулсан "Jenny of Oldstones" хэмээх дууны үгийг нөхөдтэйгээ хамтран монголчлов. Дууг Флоренс үнэхээр сайхан дуулж, клипний зураг гэж гайхамшигтай. Кино бүтээгчид олон сая фэнүүддээ энэ ангиар баяртай гэж хэлэх шиг боллоо. Сүүлийн анги хүртэл өч төчнөөн зүрх шархалж хоцрох учраас салах ёсыг эртхэн хийлгэж сэтгэл зүрхийг амрааюу гэсэн байх.



Халин одсон хаадын их танхимд
Ханьсаж Женни бүжнэ, сүнснүүдтэйгээ
Хаяад одсон, хайгаад олсон, бас
Хамгаас илүү хайрлаж асан тэдэнтэйгээ

Эрт цагт нөгчиж, тэнгэрт халин одоод,
Эдүгээ суу нь бүдгэрч, түүнд мартагдсан ч,
Чийг даасан хуучин чулуун танхимд
Чин зүрхний нь гуниг үргээн тойрон бүжнэ ээ.

Орхин одохыг бүсгүй хүсээгүйсэн, огтхон ч хүсээгүй,
Орхиж явахыг бүсгүй хүсээгүй, огтхон ч хүсээгүй ээ

Өдрийн турш, үдшийн бүрий хүртэл тэд бүжив.
Өргөн танхимд хүүгэх өлөн цаст шөнөөр ч бүжив.
Өвөл зун солигдож, ахиад л өвөл эгэх хүртэл
Өндөр хана хагарч, үйрэн унах хүртэл, тэд бүжив.

Орхин одохыг бүсгүй хүсээгүйсэн, огтхон ч хүсээгүй,
Орхиж явахыг бүсгүй хүсээгүй, огтхон ч хүсээгүй ээ
Орхин одохыг бүсгүй хүсээгүйсэн, огтхон ч хүсээгүй,
Орхиж явахыг бүсгүй хүсээгүй, огтхон ч хүсээгүй ээ

Халин одсон хаадын их танхимд
Ханьсаж Женни бүжнэ, сүнснүүдтэйгээ
Хаяад одсон, хайгаад олсон, бас
Хамгаас илүү хайрлаж асан тэдэнтэйгээ

2019.04.24
ЧҮНДЖ-ийнхэн хамтран сууж эх хэлнээ буулгав.

Хаантан
ДоЯам
Цогоо

Saturday, April 20, 2019

ЛОГИК ҮГҮЙСГЭЛ

ЛОГИК ҮГҮЙСГЭЛ
Зохиолч Ховард Шөнфэлд, 1951 он



Хиллбүрт Хүүпэр Аспасиа товлосон хуваарийн дагуу Харвард Их Сургуулийн шинэ улирлын нээлтэд илтгэл тавихаар лекцийн танхимд хүүхдийн тэргэн дээрээ сууж байв. Өмнө нь хэдэн мянган оюутнууд сууцгаана. Нялх суутныг ямар сэдвээр ярих бол хэмээн оюутнууд тэсэж ядан шивнэлдэцгээнэ.

Хүүпер тэргэн дээрээсээ урагш бөхийн чимээгээ аядахыг анхааруулан гараа өргөв.

- Өнөөдөр би энд хүний оюун ухааны үүслийн талаар хэлэлцэх болно. Хүмүүн төрөлхтөний оюун ухааныг удамшил тодорхойлдог уу, эсвэл орчин тодорхойлох уу? Эсвэл энэхүү машид хэтрүүлэн үнэлэгдсэн үзэгдлийг хөгжүүлэхэд энэ хоёр хоёул оролцсон болов уу? Миний үзэж байгаагаар бол оюун ухаан гэдэг нь бидний тухайн мөчид хүртэж буй хүнсний төрлийн үр дагавар болно. Миний өөрийн оршихуй үүнийг баталж байна. Хүүхдийн орны хашлага, манжин идсээр байгаад л би дэлхийн хамгийн ухаантай хүүхэд боллоо шүү дээ.

Хүүпер түр азнав. Танхимын арын эгнээнд хоёр оюутан Хүүперийн санааг хэлэлцээд ухаан алга.

- Хэрвээ түүний хэлж байгаа үнэн бол, удамшил болон орчны аль нь ч хүмүүний оюун ухааны хөгжилд хувь нэмэргүй юм, - гэж эхний оюутан хэллээ.

- Яг тийм, - гэж хоёр дахь нь зөвшөөрөв.

Эдгээр залуус идэш хүнсийг орчны нэг хэсэг гэж тоолгүй орхигдуулсан нь мэдээжийн хэрэг байлаа. Тэд хоёул сургуулийнхаа хүндэт оюутнууд бөгөөд хоёулаа ФайБэтаКаппа түлхүүрийн эзэн, эрдэм шинжилгээний хүрээний бүхий л төрлийн өргөмжлөл шагналыг хүртэж, багш нар болон бусад оюутнуудынхаа хүндэтгэлийг хүлээсэн, товчхондоо бүхий л төрлийн боловсрол сургалтын тогтолцоонд хамгийн шилдэг хэмээн үнэлэгдсэн оюутнууд билээ.

- Хэрвээ, удамшил болон орчны аль нь ч оюун ухааны хөгжилд нөлөөгүй юм бол бидэнд өдийг хүртэл заасан зүйлс худал болох нь, - хэмээн эхний оюутан өгүүлэв.

- Гэхдээ бидэнд заасан зүйлс баримтад тулгуурласан шүү дээ, - гэж хоёр дахь оюутан мэтгэлээ.

- Тэр үнэн. Тэгэхээр Хүүперийн хэлсэн худлаа болж таарах нь ээ.

- Хүүперийн хэлсэн зүйл худлаа гэвэл тэрээр хүүхдийн орны хөндлөвч мод, манжин идсээр ухаалаг болоогүй, бас тэгээд хоёр насандаа докторын зэрэг хүртээгүй, тэргэн дээрээсээ коллежийн оюутнуудад илтгэл тавиагүй байж таарна аа.

- Түүний хэлсэн үг худлаа бол наадах чинь үнэн болно.

- Түүний хэлсэн үг бол яахын аргагүй худлаа гэдгийг хоёулаа тогтоосон шүү дээ.

- Тэгсэн.

- Тэгвэл Хүүпер гэж байхгүй. Хэрвээ тэр одоо, өнгөрсөн болон ирээдүй цагт оршин байна гэвэл логикийн дүрэмд харш болно. Тиймээс тэрээр огт байхгүй, - хэмээн эхний оюутан бат итгэлтэй хэллээ.

Түүнийг энэ үгээ хэлж дуусав уу үгүй юу Хүүпер алга болж орхив. Бие нь цайрч эхэлснээ, тунгалаг боллоо. Тэгээд хэсэгхэн утаа пурхийгээд тэрээр оргүй алга боллоо. Түүнийг оршин байсан гэх аливаа баримт мэдээлэл бүгд мөнөөх хоёр логик сэтгэлгээтэй оюутны ачаар ямар ч ул мөргүй алга болов.

Арван жилийн дараа Хүүперийг алга болгосон өнөө хоёр оюутан Вашингтон хот руу явах галт тэргэнд сууж явна. Тэд хоёул алдар хүндтэй эрдэмтэд ба хүн төрөлхтөнд маш их нэмэр хандив оруулж, их сургуулийнхныхаа хүлээж байсан өндөр амжилтад бүх талаараа хүрчээ.

Нэг нь Манханттан төсөлд ажиллаж атомын бөмбөгийн боловсруулалтад хамаг цаг хугацаа, эрч хүчээ зориулжээ. Нөгөөх нь харин цоо шинэ хөнөөлт бактерийн төрөл илрүүлсэн нь дэлхийн бүхий л хүн амыг аравхан агшны дотор л хуйгаар нь устгаж мэдэх аюултай аж.

Хоёул Конгрессын хүндэтгэлийн одонг арван долоонтоо хүртэж, зэвсэгт хүчний хүрээнд олгодог бүхий л одон медалийг гүйцээсний дээр тэдний нэрээр АНУ-ын Тэнгисийн цэргийн ёслолын хорин буудлага үйлдэж хүндэтгэл үзүүлсэн, Үндэсний аж үйлдвэр эрхлэгчдийн холбооны хүндэт гишүүн, Ерөнхийлөгчийн илтгэлд арван хэдэнтээ эш татагдсан, хүмүүн төрөлхтөнд тод томруун танигдсан сайн үйлстэнгүүд билээ.

- Юу гээч хө, - гэж эхний сайн үйлстэн яриа өдөв.

- Юу гэнэ ээ, - гэж удаах сайн үйлстэн хариулна.

- Хоёулаа нялх Хүүпер дээр алдаа хийсэн шиг байна аа.

- Яахлээрээ?

- Цаадах чинь хүүхдийн орны хашлага, манжин идсээр байгаад л дэлхийн хамгийн ухаантай хүүхэд боллоо гэж хэлээгүй юу.

- Тэгсээн.

- Идэш хүнс чинь орчны нэг хэсэг шүү дээ.

- Юу гэж байгааг чинь ойлголоо. Тэгэхэд хэлж байсан зүйл нь бидэнд зааж байсан зүйлстэй огт харшилсан юм огт алга.

- Тэгэхээр түүний хэлсэн үнэн байж.

- Хэлсэн зүйлс нь үнэн юм бол тэр ч гэсэн амьд байх ёстой юм байна даа.

- Яг тийм.

- Яг л логикийн дагуу.

- Тэгвэл Хүүпер амьд. Хэрвээ тэр одоо, өнгөрсөн болон ирээдүй цагт оршин байхгүй гэвэл логикийн дүрэмд харш болно. Тиймээс тэрээр зүгээр л байгаа, - хэмээн хоёр сайн үйлстэн эрдэмтэд бат итгэлтэйгээр хэллээ. Тэднийг энэ үгээ хэлж дуусав уу үгүй юу Хүүпер гэнэт хоосон агаараас үүслээ. Түс тас нүргэлээд, цахилгаан цахиж сүр үзүүлснээ өнөөх чинь хүүхдийн тэргэн дээрээ суусан хэвээр гал тэрэгний суудлуудын хооронд бий болов.

- Ноёд оо, - хэмээн тэрээр резинэн зуултуураараа тэдний нүүр рүү зангаад, - үүнээс хойш аливаа зүйлийг яаран бүү дүгнэж байгаарай даа, - гэж хэлэв.

Гэхдээ тэгнэ гэдгийг нь хэдийн мэдэж байлаа.

Орчуулсан: Д.Цогчулуун (ЧҮНДЖ)
Зөгнөлт – 4
2019.03.29

Зургийн эх сурвалж: https://www.dreamstime.com/stock-illustration-vector-sketch-illustration-buggy-white-background-image77273853