Бүү март, Арван нэгдүгээр сарын тавныг бүү мартацгаа!
***
“Монологийг монголчлох аян”-ы ээлжит нэгэн бичвэр. Олон сарын өмнө энэ киноны энэ хэсгийг монголчлоодох гэсэн дуудлагыг эрхэм найз Tathagata өгчилгөж билээ. Нэг үсгээр дагнах гэж нэлээн хичээгээд чадахгүй цөхөрч орхисон байснаа сая хальт гар хүрсэн болоод орууллаа. Угаасаа нэг үсгээр дагнахад бүтэхгүй бололтой. Үүнээс цааш газар үгүй хэмээн бууж өгөв.***
- Би таныг яах ч үгүй гэдгээ амлая.
- Та хэн бэ?
- Хэн бэ гэж үү? Хэн гэдэг бол юу гэдгээс үүдэн гарах нэгэн хэлбэр төдий, би юу вэ хэмээвээс баг зүүсэн хүн билээ.
- Би харж байна л даа.
- Мэдээж та харж чадна. Таны харах чадварт эргэлзсэн минь үгүй билээ. Харин баг зүүсэн хүнийг хэн бэ гэж асууж байгааг тань л элэглэсэн төдий.
- Өө, за.
- Гэхдээ үлэмжийн сайхан энэхүү үдэш, тохуутай энгийн баг мэт харагдах дүр царайныхаа цаад утгыг тайлан хэлэхийг зөвшөөрнө үү.
Харцгаа! Хаа ч харагдах хошин жүжигчин мэт энэ хүмүүн, хоног өдрүүд шиг холилдон сүлэлдэх хувь тавилангийн эрхээр хохирогч бас хэрэгтэн хэмээн хөсөр хаягдсан. Харагдах төрх нь ихэрхэг сэтгэлийн халхавч төдий боловч хэдийн хоосорч, хаягдсан хүн зоны хэлэх үг дуу хоолойн илэрхийлэл.
Гэхдээ хуучран замхарсан цагийн энэ хилэгнэлийг дуудан авчрахын учир нь юу хэмээвээс хүмүүний хүсэл зоригийг хавчин хяхаж, хүчлэн дарах хязгааргүй хомхой, ховдог, хөнөөлт бүхнийг хаацайлан хямгадах эдгээр харх төрхтнүүдийг нухчин дарж, хуйгаар нь сөнөөхийн цондон буюу! Өс хонзонгоос өөр ямар ч ял шийтгэл үгүй, цусан өшөөг цухалдсан олны эш болгон барьж, цөхрөл гутрал биш харин өмөг түшиг, өнө мөнхийн сэрэмж хэмээх утгаар нь бэлэгдэх билээ. Хий сүржин үгээр дүүргэж, хэтэрхий нуршин улиглаж ханасан тул энгийн сайхан үгээр энд тантай ийнхүү танилцаж байгаадаа ихэд талархаж буйгаа хэлэхийн ялдамд дуудах нэрээ Вий хэмээн мэдүүлсүгэй.
***
Монголчлон бантагнасан Д.Цогчулуун
2020.02.25
Зургийн эх сурвалж: https://www.behance.net/gallery/10868343/V-for-Vendetta
Бичлэгийн хаяг: https://www.youtube.com/watch?v=Z4RCK8LAFM0
No comments:
Post a Comment