Friday, November 13, 2020

СҮНСТЭЙ БАЙШИН

 Арван гуравны Баасан гараг гэгээд нэг ийм аймшгийн өгүүллэг бантагнав. Сүнстэй. Аюутугай.

ЧҮНДЖ паблишингаар орж сонирхоорой.

***


СҮНСТЭЙ БАЙШИН Зохиолч Харрис Тобайас *** Арван гуравны Баасан гарагийг тохиолдуулаад аймшгийн өгүүллэг орчуулан хүргэж байна. Тухлан сууж, таалан болгооно уу. Өгүүллэгийн эх сурвалж: https://www.themoonlitroad.com/haunted/ Зургийн эх сурвалж: https://www.pinterest.com/pin/407012885057552916/ *** Арканзасын Блэйксли сууринд хүн бүрийн сайн мэдэх нэгэн сүнстэй байшин байжээ. Суурингийн хамгийн эртний дүүрэг дэх гудамжинд хэн ч тоолгүй хаясан, навсгар гундуухан байшин. Хааяадаа байшингаас шинэхэн барьсан талх, жигнэмгийн анхилуун сайхан үнэр гарах ба гудамжаар нэг тархах нь бий. Ингэх бүрийд нь тэр хавийн улс энэ байшин эрт дээр үед талхны газар байсан юм уу эсвэл хуучин эзэн нь гайхамшигтай талхчин байж дээ гэж ярьцгаана. Заримдаа хоосон байшингаас хөгжмийн дуу гарч, хүмүүсийн инээд сонсогдох нь олныг хамарсан сайхан үдэшлэг болж байна уу гэлтэй байдаг байв. Тэгэх болгонд нь хөрш зэргэлдээх улс нь “Сайхан үдэшлэг болж байх шиг байна даа. Намайг урьсан ч болоосой” гэж хоорондоо ярьцгаадаг байлаа. Хуучин байшинд ямар гээчийн сүнс шүглэснийг нь мэдэхгүй боловч, ямар ч байсан даруухан дөлгөөн сүнс гэдэг нь хэнд ч ил байв. Гэхдээ л хичнээн найрсаг байлаа гээд нэгэнт сүнс учраас хүмүүс айдаг байлаа. Найз нөхдөдөө эр зоригоо харуулах гэсэн хөвгүүд хаа нэгтээ довжоон дээр нь цухас гишгээд буцахаас өөрөөр байшинг зүглэх хэн ч үгүй. Нэгэнтээ тус сууринд холын хотоос нэгэн эр морилжээ. Эзгүй байшинг хараад хөршүүдээс “эзэн нь хэн бэ?” хэмээн асууж. Эзэн тодорхойгүй, татварыг нь төлөөд л авах боломжтой юм гэдгийг хүмүүс хэлсэн байна. Байшингийн жигтэй түүхийг хэн ч ярьсангүй. Мань эр захиргаан дээр очоод өнөөх байшинг худалдаад авчихлаа. Шинэ байшиндаа нүүж орсны дараахнаас эхлээд хачин явдал өрнөж эхлэв. Эвгүй дуу чимээ хаа нэгтээгээс гарч, өрөөнөөс өрөө дамжин элдэв гэрэл анивчаад, хүйтэн гал тогооноос шинэхэн талх жигнэмэгийн анхилуун үнэр ханхалж, хамгийн жигтэй нь шинэ эздийг унтах гэж ядаж байхад үдэшлэгийн чимээ оройжин нижигнэчихнэ. Хэд хоногийн дараа гэргий нь тэсэж дийлэхээ больж сүнстэй байшинд амьдрахгүй хэмээн хүүхдүүдээ аваад гарч одов. Хэсэг хугацааны дараа нөхөр ч бас тэсэхээ байлаа. Өөр газар амьдрахаас өөр аргагүй болсон бөгөөд байшингийн талаар хэлсэнгүй хэмээн мань эр хөршүүддээ жигтэйхэн уурлажээ. Байшингийн сүнстэй гэдгийг хэлсэнгүй гэж захиргааныханд ч бас уурлаж байв. Ер нь л өөрийг нь муухай чадлаа хэмээн хавийн бүх хүмүүст уурлаж байлаа. Тэгээд засаг дарга дээр давхиж очоод мөнгөө буцааж авъя хэмээн гомдолложээ. Цаадах нь ч байшинг зориулалтаар нь хэрэглэх боломжтой гэж үзээд худалдсан гэж мэтгэв. - Байшин сүнстэй байлаа гээд дотор нь амьдрах боломжгүй гэсэн үг биш шүү дээ. Сүнснүүдтэйгээ найзалж нөхөрлөөд, хамтдаа амьдрах аргаа л олбол болчихно тэр. – хэмээн тэрээр өнөөх эрд учирлаж гэнэ. Тэгэхээр нь нөгөө эр сүмийн ламтантай очиж уулзаад учир явдлаа тайлбарлав. Ламтан хариуд нь: - Манай сууринд ирээд сар гаруй болохдоо сүмд минь огт ирээгүй байж одоо ингээд асуудал гарахад л ирж байна уу даа? Гэхдээ яах вэ, суугаад юу болсныг ярь даа, - гэсээр хүлээн авлаа. Мань эр ч сууж байгаад хэрхэн сүнстэй байшин худалдаж авсан тухайгаа ламтанд тайлбарлан ярив. Өөрийн гэх тогтсон үзэлтэй, итгэл үнэмшлийн хувьд бага зэрэг хуучинсаг ч гэж хэлж болох тус ламтныг суурингийн улс ихээхэн ухаантай, мэргэн хүн хэмээн хүндэлдэг байжээ. Шинэ санааг хүлээж авахдаа нэг их таатай ханддаггүй ч гэсэн удаан ятгуулсны эцэст өнөөх байшинд очоод юу яриад байгааг нь харъя хэмээн зөвшөөрөв. Гэрт нь хамтдаа очлоо. Байшингийн ойролцоо ирэхэд таатай сайхан үнэр анхилав. - Энэ юу үнэртэнэ вэ? – хэмээн ламтан асуулаа. - Сүнс талх барьж байна аа, - хэмээн өнөөх эр хариулав. Байшинд орохын өмнө ламтан зогсоод анирдлаа. Тэгснээ эргэж хараад: - Хөгжим дугарч байх чинь, үдэшлэг болоод байгаа юм уу даа? – гэж асуухад мөнөөх эр: - Сүнс үдэшлэг хийж байна аа. – гэлээ. Дотогш ороод эзгүй байшин дотор тойрон алхсаны дараа ламтан ширээнд тухлан сууж гэрийн эзэн зочноо дайлах ундаа эрнэ. Олон жил дарсан лонхтой виски олоод ламтанд бас өөртөө хундагалав. Бие биедээ эрүүл энхийг ерөөгөөд хөнтөрч орхилоо. - Та тэгэхээр Литтл Рокоос энд Блэйкслид иржээ? – хэмээн ламтан асуулаа. – Манай аав, ээж хоёр Литтл Рокт суудаг байсан болохоор би тэндхийг сайн мэднэ шүү. Мөнөөх эр ч ламтны садан төрлийнхнөөс мэддэг болж таарчээ. Хоёул таньдаг хүмүүс, мэддэг зүйлсээ ярин ихэд хөгжүүн суухдаа нөхөрлөл бадамлан буйг мэдэрч байлаа. Цагийг тунчиг зугаатай өнгөрүүлж байсан тул нэг л мэдэхэд гурван цаг нисэх мэт хурдан өнгөрсөн байна. Яваад удтал эргэж ирэхгүй болохоор нь эхнэрийн сэтгэл түгшиж эхэллээ. - Ламтных руу яваад ирнэ гэж хэдэн цагийн өмнө явсан яачхав. Сүнснүүдэд баригдаа юм болов уу? – хэмээн өөртэйгээ ярьсаар ламтны гэр өөд явав. Ламтны гэргийд өөрийгөө танилцуулаад сүнсний тухай, нөхрүүдийнхээ төлөө сэтгэл түгшиж байгаагаа ярьсаар л хоёр эхнэр өнөөх байшин руу явж очив. Байшингийн гаднаас цонхоор шагайтал хоёр нөхөр нь ширээний ард суучихсан ихэд жаргалтай инээж ханиагаад байж байна гэнэ. Эхнэрүүд даруй байшинд орж нөхрүүдтэйгээ нийлсэн ба яриа хөөрөө ч сайхан нийлж байлаа. Тэдний хөгжилтэй инээлдэж хөөрөлдөх дуу ойр хавийн хөршүүдийн анхаарлыг татсан тул тэд ч бас ээлж дараалан байшинд нэмэгдэн ирж нийлсээр байв. Тун удалгүй гал тогоонд хүмүүс бужигнаж халуун хоолны үнэр хамар цоргиж эхэллээ. Нэгэн хөрш хийл барин орж ирэхэд өөр нэг нь гитараа авчрав. Ингээд нэг л мэдэхэд зөндөө олуул цуглаад үдэшлэг болчихсон байжээ. Хуучин байшин жинхэнэ хоолны үнэр, жинхэнэ инээд хөөрөөр бялхаж байв. Байшинд эргээд амьдрал буцалж эхэлсэн ба угаас ийм л байхыг тэр анхнаасаа хүссэн байж. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хуучин байшинд амьдрал дүүрсэн ба сүнснүүд амар тайван нойрсож, ахиад хэзээ ч харагдаж, сонсогдоогүй юм гэнэ билээ. ТӨГСӨВ. *** Англи хэлнээс орчуулсан: Д.Цогчулуун (ЧҮНДЖ Паблишинг) 2020.11.13

No comments: