Wednesday, October 28, 2020

Омо

 Омо нэг урт ноосон ороолт гартаа барьчихаж. Нэг үзүүрийг нь зангидаад нөгөө үзүүрт нь бас урт гэгчийн цагаан даавуу уячихсан байна. Тэгээд зангидсан үзүүрийг надад шидэж өгөөд тат гэнэ ээ. Би татлаа. Татаж ухраад ажлынхаа өрөө рүү орохдоо ороолтыг хаалганы завсар хавчуулчихав. Омо зайлуул цаанаас нь татаад л байна. Янз нь олс таталцдаг тоглоомын дүрмээр үзээд байгаа бололтой. Би ч өрөөний наана цаанаас хэсэг таталцаж байснаа гэнэт хаалга нээнгүүтээ ноосон ороолтыг тавьчихсан чинь буцаж харваад яг улаан нүүрэнд нь бууж байгаа харагдах юм. Ганцаараа элгээ хөштөл инээв. Зүүд байна даа гэж бодогдоход удахгүй сэрчих байх даа гэсэн харуусал ч төрөх шиг. “Зүүд мөн ч бай, биш ч бай миний амьдрах хугацаанаас адилхан л хумсалж байгаа юм чинь жаргалтай сайхан л өнгөрч байвал барав” гэсэн айхтар гүн ухаанлаг бодол бас тархины мухарт шигдэж хоцорсон нь таатай ч юм уу. Омодоо хайртай шүү.

No comments: