Ухаантай хүн гэж их уншдаг, сайн боловсрол эзэмшсэн (ялангуяа хүмүүнлэгийн чиглэлээр бол), газар орон их үзэж, гадаадын олон хэлээр ярьдаг хүнийг хэлдэг гэх түгээмэл ойлголт бий.
Гэтэл эдгээрийг бүгдийг хангах хэрнээ огт ухаангүй, эсвэл аль нь ч байхгүй хэрнээ төрөлхийн ухаалаг хүмүүс байж болно. Ухаан гэж зөвхөн эрдэм мэдлэг биш харин бусдыг ойлгох чадварыг хэлдэг. Бусадтай маргалдахдаа хүндэтгэлтэй хандах, хоолны ширээнд биеэ аятайхан авч явах, бусдад мэдэгдэлгүйгээр туслах (мэдэгдэхгүй байх нь маш чухал), хүрээлэн буй орчноо нандигнаж тамхины иш, тааруухан бодол зэрэг хог новш (тааруухан бодол бол яахын аргагүй айхтар хог новш юм шүү) тараахгүй байх гэх мэт мянга түмэн энгийн зүйлс нийлж байж ухаалаг болно.
Оросын Умард нутагт миний танил хэдэн тариачин амьдардаг байлаа. Жинхэнэ ухаалаг хүмүүс гэж тэднийг л хэлэх байх. Орон гэр нь үнэхээр нямбай, цэвэрхэн. Сайхан дуу хуурыг дуртайяа сонсчихдог. Болсон явдал, хөгтэй зүйлсийг хуучлах дуртай. Ахуй амьдрал нь жигдэрсэн тайван. Найрсаг бөгөөд зочломтгой. Зовлонд учирсан, баярлаж хөөрсөн нэгнээ чин сэтгэлээсээ ойлгож ханддаг тийм л хүмүүс байдаг сан.
Ухаан гэж бусдыг ойлгох, мэдрэх, хорвоо ертөнц болоод хүний араншинд хүлээцтэй хандах чадварыг хэлдэг билээ.
Дмитрий Сергеевич Лихачев, “Сайн, сайхны тухай захидал” номын хэсгээс
No comments:
Post a Comment