Wednesday, June 21, 2017

Аж үйлдвэрийн 4-р хувьсгал

Сүүлийн үеийн шинэ сонин гэвэл дэлхий нийтийн соёл иргэншил аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалдаа ороод л явж байна. Энэ бичлэг дээр энэхүү хувьсгалын нүүр царай болсон шилдэг, шинэлэг технологи, мэдлэгүүдийг хураангуйлан үзүүлжээ. 3 дугаар ангийн хүүхдүүд бүтээл уралдуулж, 18 настай хүүхэд шинэ нээлт хийн, хүний ясыг шинээр тарьж ургуулан, саажилттай хүнийг бүрэн эдгээх зам нэгэнт шулуудаад явж байгаа энэ сайхан цаг үед манай сайхан Монгол оронд юу болж байна даа?

Төмөр зам тавих л байсан юм гээд халаглаад сууж байна. Урдаа барьдаг их сургуулийн физикийн ангийг цорын ганц оюутан сонгож орохдоо тулсан байна. Ард түмний нийтлэг эрх ашгийг тоодог хүн алга. Хувийн, тодорхой бүлэг хүмүүсийн эрх ашиг, агшин зуурын ашиг хонжоог урдаа барьж, ичих нүүрэндээ төө зузаан илэг наасан улс төрч, нийгмийн зүтгэлтнүүд. Өнөөдөр л өөрийгөө аргалж, бор ходоодоо божийлгож байвал маргааш Монгол улсын хэрхэх нь сонин биш мэт аяглаж байгаа улс маш олон юм. Үүнд улс төрчдийн гэхээсээ илүү довоо шарлуулаад, хувиа хичээгээд яваа иргэн бүр буруутай. Шударга бус байдал газар аваад, хаа сайгүй ил цагаан болоод байхад хараа ч үгүй юм шиг хээв нэг явдаг та бидний буруу. Цучил дамжуулж өгөх ёстой бидний царай, түүнийг буухиалан авч цааш өртөөлөх учиртай хойч үеийн минь байдал. Таарч дээ л гэж халагламаар. Салбар бүртээ түүчээ болоод яваа залуус байгааг огт үгүйсгэхгүй. Гэвч ард түмний нийт цулыг бүрдүүлэх үндсэн хэсгийн байгаа байдалд үнэхээр гутах юм. Бидний хийж чадах юм юу байгаа юм? гэж бухимдах улс ч байгаа байх. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхөө л байчихъя. Үр хүүхдээ зөв хүмүүжүүлье. Эрдэм мэдлэгийг шүтье. Хуучны лоозонгууд нэг иймэрхүү байсан даа.


No comments: