Tuesday, November 02, 2010

Миний багын бодол


Багадаа би их юм бодомтгой хүү байсан юм. Ном их уншдаг байсан болохоороо номон дээрхтэйгээ төстэй явдлуудыг дотроо ургуулан бодож суудаг асан. 

Амьдралын тухай
Үхлийн тухай би нэг удаа их удаан бодож байсан юмдаг. Амьдрал бол үхлийн үүдний өрөөн дэх хүлээлт гэж нэг газраас уншаад тэрэндээ бат итгэж бушуухан энэ амьдралыг дуусгаж дараагийнх руугаа орохсон гэж их яарах үе бас нэг хэсэг байсныг одоо бодохоор аймаар санагддаг юм. Ная гаран наслаад амьдралын хамаг юмыг үзэж дууссан хүн аятай амьдралаас уйдаж хэсэг явж байв. Зайлуул тэгэхэд бодож байснаа гүйцээсэн бол хайр дурлал, секс, гэр бүл хамгийн гол нь хүүхэдтэй байхын жаргалыг мэдэлгүй нөгөө ертөнцөд очих байж. Тэгээд хамгийн харамсалтай нь нөгөө ертөнцийн жаргалыг харьцуулах жишиг байхгүй учраас энэ хоёр ертөнцийг үнэлэх үнэлэмж байхгүй болох байж гэж бодохоор нэг л онцгүй. Энэ ертөнц маань нөгөөгөөс юугаараа илүүг би мэдэхгүй ч ядаж энд маань ийм юм байсан шүү гэсэн мэдээлэлтэйгээр тийшээ очихыг би одоо илүүд үзэж байгаа.

Тэр үед юу үзэж туулчихаад амьдралаас тэгтлээ уйдсанаа би одоо санадаггүй юм. Өвчин зовлон аз болоход намайг болон миний ойр тойрныхныг дайралгүй тойрч байсан. Үхэл хагацал зуурдаар биш ирдэг жамаараа ирж явж байсан. Бүтэлгүй дурлал битгий хэл дурлах, хайрлах гэдэг үгийг би зүгээр л монгол хэлний үгсийн сангийн жирийн нэг үг гэж боддог байсан. За тэр сексийн таашаал гэдгийг мэдрэх нь бүү хэл "хүүхэн" гэдэг үгийг хэлэхээсээ ичиж нүүр улайдаг байсан гэж бод. Амьтан хүнд дээрэлхүүлж байсан уу гэж үү? Үгүй чиш. Их сургуулийн 4 дүгээр күрсдээ л анх хүнтэй зодолдож, зодуулж үзэж байсан. Энэ блогийн хаа нэгтэй тэр талаараа дэлгэрэнгүй бичиж байсан санагдаж байна. 

Ямартаа ч амьдралаас нэгэнтээ их уйдаж, үхэл ямар байдаг бол гэж их бодож байсан юмдаг.

Үхлийн тухай
Дээр хэлсэнчлэн үхлийг би амьдралын дараагийн шат гэж боддог байсан юм. Үхэл гээд бодохоор асар том, уудам, харанхуй, ер бусын нууцлаг. Нууцлаг учраас аливаа сониуч хүмүүсийг соронз адил татдаг байсан байх. Хэрвээ би эрдэмтэн байсан бол Франкеншэйн шиг туршилт хийж үхсэнийг амьдруулах оролдого хийж, тэднээс амьдралын дараа юу болсоныг дэлгэрэнгүй лавлах байсан байх даа. Нээрээ амьдралын дараа гэж хэлсэнийх нэг бодлоо тулгачихъя. Хүмүүс үхлийн дараах амьдрал гэж их ярьдгийг би хувьдаа буруу гэж боддог. Амьдрал нь дуусч байгаа учраас амьдралын дараах үхэл гэж ярьвал их зохимжтой юм болов уу? Нэгэнт амьдрал нь төгсөж үхэл залгаж байгаа учраас тэр шүү дээ.

За тэгээд амьдрал онцгүй санагдсан учраас би үхэх талаар бодож эхэллээ. Үхэх их олон арга байдгийг угаасаа мэдэж цөхөх юм байхгүй байсан. Амиа хорлож байгаа хүмүүс ихэвчлэн өндрөөс унах, өөрийгөө боомилох, судсаа ханах, эм уух зэрэг аргуудаас сонгодог байсан байх. Өндрөөс унахыг би шууд хасч хаясан. Яагаад ч юм хүний амьдралын сүүлчийн хором зуун шиг удаан өнгөрдөг байх гэж би бат итгэж байсан болохоор зуун жил унахыг хүсээгүй байх л даа. Тэгээд урдаас улам ойртон ирж байгаа хатуу асфальтан хучлагатай талбай нэг их хүсээд байхаар зүйл биш санагдсан гэх үү дээ. Өөрийгөө боомилохыг ч би бас эхний бодолтоор хассан. Санаандгүй байдлаар өөрийнхөө хоолойг нэг удаа хальт боох шахаж байсан болохоор тэр эвгүй дурсамж намайг хорьж дийлсэн байх. Ер нь тэгээд намайг олсон хүнд нус, нулимс, шүлс, баасандаа хутгалдсан, тэгээд хэл нь алд дэлэм унжсан дүр зураг тэгтлээ таалагдана гэж бодоогүй л дээ. Эм уух гэдэг аргыг би санхүүгийн боломжоос шалтгаалаад хассан. За тэгээд мөнгө олдсон ч бай, нэг муу арван жилийн сурагчид нойрсуулах эм тэгж олноор өгөх аптек олдох байсан уу үгүй юу гэдэг бас л эргэлзээтэй. Ямар кинон дээр гардаг шиг аскорбины хүчил их хэмжээгээр идэлтэй нь биш. 


Тэгээд хамгийн зовлон багатай бөгөөд боломжтой хувилбар нь дүүрэн ваннтай усанд орж хэвтэж байгаад судсаа ханах л юм байна даа гэж би эцсийн дүгнэлтэд хүрэв. За тэгээд яг яаж үйлдвэл дээр байдаг бол гэж хэсэг бодов. Гарын бугалган тус газар хөндлөн ганц хэрчээд хаявал их цус гарч байгаа тухай кинон дээрээс харсан. Тэгэхдээ тэр буруу гэж би бодож байлаа. Яагаад гэвэл судас жоохон газраа зүсэгдэх учраас их хэмжээний цус бүлэгнэж цус алдалтыг зогсоох байх гэж. Тиймээс үүнийг хийх зөв арга бол хоёр гарын судсыг туушид нь их урт огтолж доош унжуулах. Ингэснээр их хэмжээний цус богино хугацаанд алдаж, улмаар үхэх боломжтой.

Ингэж бодоод би хэзээ үхвэл зохимжтой талаар хэсэг бодов. Өглөө үхвэл хүмүүсийг ажилдаа явахад саад болох юм байна. Өдөр үхэхээр ганцаараа бас жаахан эвгүй юм байна. Орой үхэхээр ажлаасаа ядраад ирж байгаа хүмүүст бас л саад болох юм байна. Шөнө гэхээр бас хүмүүсийг унтуулж амраахгүй гэх зэргээр бодож байгаад ер нь өдөр нь дээр юм байна гэж шийдэв. 


Шийдвэрийн тухай
За тэгээд нэг сайхан нартай өдөр үхнэ дээ гэж бодсон чинь амьдрал жигтэйхэн амттай санагдаад эхлэв ээ. Энэ нар, сар, мод, уулсыг амьдралынхаа хамгийн сүүлийн удаа харж байгаа гэж бодохоор хайран санагдаад, хараад л баймаар болж эхлэв. Хүүхдийн инээд, хүмүүсийн бужигнаан, дуртай кино, эмээ өвөө, аав ээж, хайртай дүү нар минь... Надаас хойш яана даа гэсэн өрөвчхөн бодол санаанаас гарахгүй. Харахаар л өрөвдөөд эд нар минь яана даа гэж. Тэдний амьдралыг өөрийгөө байхгүйгээр төсөөлж үзлээ. Угаасаа одоо байгаагаас нэг их онцын ялгаагүй санагдав. Бүгд л байгаараа байж байх юм. Яахав ам бүл 5 гэж л бүртгүүлэх юм даа. 

Бүхэл бүтэн хүн байхгүй болоод байхад энэ айлын юу ч өөрчлөгдөхгүй байна гэнэ ээ гэж би хилэгнэн бодов. Тэгээд буруутанг хайлаа. Мэдээж надаас өөр хэн байхав дээ. Айлын том гэдгээ мэддэг ч тэр үүргээ гүйцэтгэдэггүй нь надад айхтар харамсалтай санагдав. Дүү нартаа үлгэр дуурайл болох ёстой хүн чинь байгаа байхгүй нь мэдэгдэхгүй орчлонгийн үнэт зайг дэмий бөглөөд явдаг болохыг мэдээд их уур хүрч байна аа. Мэдээж хэнд ч хэрэггүй амьдарч байгаа юм чинь миний үхэл бас хэнд ч харуусал авчрахгүй. Намайг үхсэний дараа хэн ч дурсахгүй. Миний гэх юм хойно маань үлдэхгүй гэсэн харамсалтай үнэн намайг гүйцээд ирэхийн алдад би ерөөсөө үхэхээ түр хойшлуулъя гэж бодлоо. Тэртэй тэргүй хэзээ ч үхэж болох юм чинь ядаж хэсэг хүнд хэрэгтэй амьдраад авъя гэж шийдлээ. 

Тэр өдөр үхлийн тухай хэсэг бодсон бодол маань амьдрах юм бол олигтойхон шиг амьдрах хэрэгтэй гэсэн шийдвэрээр дуусч билээ.

3 comments:

Charol said...

he he he tuulj garch baisan huuhed nasnii mini bodliig sanagduulchihlaa. LIKE

slngo said...

neere ch haaya neg tiim bodol orj irdeg bsan shu baga bhad, harin odoo bol bur iluu iheer horogdoh shinjtei shu..

Сүрэн said...

Huuhed baihdaa bugdeeree l uhliin tuhai bodoj ergetsuuldeg baih, ta gehdee neleed ul tuhtai bodjee.