Thursday, September 02, 2010

Шинэ блог

Блогоо хайхрахаа байгаад баахан форумдаад яваад байсан чинь хөөрхий бүүр өнгө алдаад онцгүй болчихож. Хүн амьтан ч орохоо байсан бололтой хогийн өвс ургаад, салхи нэвт үлээсэн балгас аятай сэтгэгдэл төрж байх юм. Нэг тиймэрхүү газрууд байдаг даа. Сүнстэй гэсэн цуу яриа яваад байдаг. Миний мэдэхийн Дамбадаржаагийн тэнд нэг тийм хашаа байшин байдаг юм. Хогийн өвс хашаагаар нь нэг ургачихсан. Байшингийх нь хамаг цонхнууд нь хагарч, гадна өнгөлгөө энэ тэр нь яйрин. Сүнстэй газар гэхээр ер нь тиймэрхүү дүр зураг санаанд ороод байдаг юм.

Сүнс гэснээс хааяа нэг аймшгийн кино үзмээр санагдаад байдаг байсан чинь больчихсон байхын. Айшгийн кино гэж бодохоор л айдас хүрээд байдаг болчихсон байна. Хөгширч байгаагийн шинж үү эсвэл өөр юмных уу?


Нэгэнт аймшгийн киноны тухай эхэлсэнийх тэр талаар хэсэг ярья л даа. Аймшгийн киног хэд ангилж болох юм шиг санагдаж байна. Нөгөө киног гоё кино, муухай кино, бас Энэтхэг кино гэж ангилдаг гэдэг шиг. Эхлээд киноных нь сэдэв. Хүн юунаас айдаг вэ? Мэдэхгүй юмнаасаа айдаг. Зөв. Хүмүүсийн огт мэддэггүй зүйл бол: ҮХЭЛ. Томоор бичихээр сүртэй харагдаж байгааг хэлэх хэрэгтэй байх. За тэгэхээр үхэл гардаггүй аймшгийн кино бараг байхгүй. Тэгэхээр үхлээс гадна юунаас айдаг вэ гэхээр яг процесс нь юм уу даа. Одоо жишээ нь хорт хавдар тусаад үхэж байгаа хүний тухай аймшгийн кино байдаггүй байх гэж бодож байна. Ихэвчлэн алуулж байгаа тухай гардаг. Яаж алуулж байгаагаасаа хамаарч аймшгийн киноны төрлүүд гарч ирж байгаа юм л даа.

Учир битүүлэг тахир дутуу ганцхан хүн нас биенд хүрсэн бүлэг залуусыг нэг нэгээр нь мөрдөж ална. Тэр бүлэг залуус нь дандаа царайлаг хүүхнүүд, булчинлаг залуусаас бүрдсэн байна. Хутга, сүх, заазуур, хөрөө, хадуур мэтээр зэвсэглэсэн эрэмдэгийг гарч ирэхэд бүгд амь тэмцэн зугтах ёстой. Тэгэхгүй эргээд зодолдох юм бол өөр жанр болоод явчихна.  (Аймшгийн кино гэдэг киног үзэхийг зөвлөж байна.) Тэгээд ч хэсэг залуу сайхан хүмүүс хөөрхий нэг царай муутай эрэмдэгийг бүлэглэн зодож танхайрч байгаа нь манай нийгмийн нэгэн салшгүй хэсэг болсон цөөнхийг дээрэлхсэн хэрэг болж улмаар шинэ үеийн хүмүүжилд арилж болшгүй муу нөлөө үзүүлэх болно. Тэгснээс зохиолын дагуу зугтаасан нь дээр. Иймэрхүү кинонууд нэг хэсэг нэлээн гарсан. Техасын цахилгаан хөрөөтэй аллага энэ тэр гээд байна байна. Энэ төрлийн кинонууд хөгжөөд сүүлдээ хүнийг яаж аймшигтайгаар алж байгааг харуулах вэ гэсэн нэгэн төрлийн марафон болж хувирсан. Шарж, түлж, жиргэж, тээрэмдэж энэ тэр гээд... Энэ төрлийн кинонуудыг Хөрөө гэдэг цуврал, Хостэл энэ тэр гэсэн кинонууд төлөөлж байна.

Энэ дээрх төрлийн киноны зарим нэг модификацууд байна л даа. Эрэмдэг хүний оронд мутацид орсон элдэв амьтад байна. Могой, царцаа, шувуу, матар, хүн энэ тэр гээд. Бас амилдаг мануухай, машин энэ тэр гээд. Энэ бүх кинонууд ёс юм шиг үргэлжлэл бий гэсэн ерөнхий сэдэвтэйгээр дуусдаг. Санаа нь бол Evil Never Dies гэж байгаа байх л даа. Тэгэхдээ яг жинхэнэ санаа нь киноныхоо амжилтаас хамаараад дараагийн ангийг хийх нүхээ малтаж байгаа болов уу гэж би хардаж байгаа.

За дээр дурдсан сэдвээс гадна үлгэр домгийн сэдэв аймшгийн киноны салбарт асар том байр суурьтай. Цус сорогчид, амьд үхдэлүүд буюу зомбинууд, вээрвольфийг одоо хүн-чоно гээд орчуулчихдаг болсон байна лээ. Би хаана билээ нэг газар харж байсан Чонын хувилгаан гээд орчуулчихсан байна лээ. Хувилгаан гэдгийг хувилдаг хүн, амьтан гэж ойлговол зохилтой. Тэрнээс бурхан шашны хувилгаан дээдэстэй хамаагүй үг. Бас яг хамаагүй гэж болохгүй юм байна. Тэр хувилгаад чинь хүн байснаа илүү гэгээлэг түвшин рүү хувирч байгаа юм чинь. Ямар ч гэсэн сэдвийн дагуу ярихад, энэ төрлийн кино нэг бодлын халдварт өвчний тухай кино шиг санагддаг болчихоод байгаа. Яг юугаар дамждаг гэхийнб дээ? Халдвар авсан хүний шүлсээр дамждаг байх. Шүлс нь цусаар дамжиж халдвар түгээдэг гэхиймүү? Эдгээр кинонуудын сонгодог жишээнүүд байна л даа Брам Стокэрын Дракула, Вампиртай хийсэн ярилцлага (аймшгийн гэхээсээ драмын төрлийн гэвэл илүү зохилтой), Дракулагийн хүү, охин, эхнэр, байшин энэ тэр гэсэн цус сорогчийн бүлгийн кинонууд, 28 өдрийн дараа, 28 сарын дараа энэ тэр гээд зомбитой кинонууд олон байна.

Өмнөх ангилалтай адилхан зарим нэг модификаци байна. Дээр үед Амьд үхдлүүд гэж гаргадаг байсан нэг киног санаж байна. Dawn of the Dead гээд. Нэг залуу эхнэртэйгээ нэг байшинд ирсэн чинь баахан үхдлүүд амилаад идэх гэж дайраад. Эхнэр нь алуулаад дараа нь толгойгоо барьчихсан бүжиглэж энэ тэр гардаг даа. Тэр кино бол анхных нь хувилбар болов уу гэж боддог юм. Нэгдүгээр анги нь аймшгийнх. Хоёр нь бас бараг аймшгийнх. Гурав дахь нь бол зомбитой, боевик, дээр нь инээдмийн болчихсон. Цус сорогчтой боевикуул бол сүүлийн үед хүчээ авч байгаа. Блэйд трилоги, Андерворлд трилоги, аа бас Резидэнд Ивил цуврал энэ тэр гээд. Энэ хэд бол аймшгийн кино биш гэдгийг манайхан анхаарна биз. Аа бас Үдшийн бүрийгээс үүрийн гэгээ хүртэл гээд нэг кино байдаг байх шүү. Жорж Клүни, Салма Хаек энэ тэр тоглодог. Күинтин Тарантино найруулсан болов уу? Родригэс ч юм уу?

Өөр бас нэг томоохон төрөл байна. Сүнс, хий үзэгдэл, учир битүүлэг нууцлаг зүйлс, эртний хараалууд энэ тэр гээд их олон юмыг багтааж болно. Эхний хоёр төрлийг ихэвчлэн Америкууд хийдэг бол энэ төрөлд Азиуд толгой цохьдог. Сүүлийн жилүүдэд харин Япон, Солонгосын сүнстэй кинонуудыг Америкууд дуурайж хийдэг болоод байгаа. Дээр үед Полтергэйст гээд нэг кино гардаг байсан даа. Спилбэргийнх ч бил үү? Тэр киноны зураг авч байхад зураг авалтын багийнхнаас хүн үхэж байсан энэ тэр гээд яриа байдаг байсан үнэн үү худлаа юу бүү мэд. Хайлааст гудамжний хар дарсан зүүд гээд Фрэдди Крюгэрийн тухай цуврал байна. Сүүлдээ л бүүр панаалтай болчихсон болохоос. Анх гарч байхад нь үзчихээд унтахаас айдаг байж билээ.

Энэ төрлийн нэг өвөрмөц модификаци байна. Юунаас айгаад байгаагаа ойлгохгүй ч дэлгэцэн дээр айж байгаа хүнийг дагаж айх гэдэг. Маань хөгжөөнө гээд баахан эмгэцүүл нэгнийгээ дагаж маань уншдаг шиг. Сонгодог жишээ нь: Блэйр вич прожэкт, Паранормал активити.

Харин энэ төрлөөр боевик кинонууд хийгдээгүй юм байхдаа?

Сүүлийн үед гоё аймшгийн кино гарахаа байжээ. Шалтгаан нь юу вэ? Хүмүүс айхаа больчихсон юм уу? Гоё оригиналь санаа гарахгүй байна уу? Минийхээр бол аль аль нь байх шиг байна. Аймшгийн кино үзсээр байгаад хүмүүс сүүлдээ дөжирсөн байна шт. Кинонкомпаниуд аймшгийн төрлийн кинонуудыг хэтэрхий сайн хийснээр босгоо өндөр тогтоочихоод одоо өөрсдөө тэрнийгээ давж чадахгүй бүдрээд байна л даа.

Аа нээрээ аймшгийн биш ч гэсэн хүн айлгах зориулалттай триллэр, саспэнс энэ тэр гэсэн төрлүүд байна. Энэ төрлийн киноноос миний хамгийн дуртай найруулагч бол мэдээж Альфрэд Хичкок. Хүмүүст хамгийн их мэдэгдсэн кино нь Психо, Арын цонх, Вертиго. Гайхамшигтай кинонууд шүү.

За за залхуу хүрчлээ. Дараа бичье. Уг нь блогийнхоо тухай бичье гэж орж ирсэн юмсан.

No comments: