Thursday, December 16, 2010

Бэнжамин Баттоны хачирхалтай түүх, 1-р хэсэг

Нэг.
1860-аад оны үед гэртээ амаржих явдал энгийн гэж тооцогддог байлаа. Одоо үед бол миний сонссоноор анагаахын дээд бурхдын зүйлчилсэний дагуу нярай багацуулын анхны уйлаан эмнэлгийн, ялангуяа загварлаг эмнэлэг байвал бүр сайн, мэдээгүйжүүлэх чадвартай агаарт цуурайтах ёстой болсон гэнэ. Тиймээс ноён болон хатагтай Рожер Баттоныхон 1860 оны зун цагт ууган үрээ эмнэлэгт амаржуулахаар шийдэхдээ тухайн үеийн моодноос багаар бодоход 50 жил түрүүлж явсан байна. Энэхүү цагаа олоогүй олоогүй үйлдэл нь миний одоо танд ярих гэж байгаа түүхтэй холбоотой эсэхийг харин хэлж мэдэхгүй юм.
Юу ч гэсэн болсон явдлыг сонсоод юу гэж үзэхээ өөрсдөө шийдэцгээнэ биз дээ.
Рожер Баттоныхон Иргэний дайны өмнөх Балтиморт нийгмийн болоод санхүүгийн хувьд тун атаархууштай байдалд байсан юм. Энэ ч гэр бүл, тэр ч гэр бүл гээд тухайн үеийн Өмнөдийн хүмүүсийн сайн мэдэх, нэр хүндтэй нь хамт элдэв гишүүнчлэл болон хүндэтгэл дагалдаж байдаг Өмнөдийн Холбоотнуудыг ихэвчлэн бүрдүүлж асан сурвалжтангуудтай садан төрлийн сүлбээтэй байж билээ. Хүүхэд гаргах ёстой гэсэн хуучны сайхан уламжлалын дагуу гаргаж байгаа эхний хүүхэд болохоор ноён Баттон зайлуул аргагүй балмагдаж байлаа. Хүү гараасаа тэгвэл Коннектикутын Йэлийн Коллежид оруулах юмсан гэж мань эр сэм хүснэ. Тус сургуульд өөрөө дөрвөн жилийн турш “Кафф” хэмээх хочоороо алдартай байж билээ.
Тэмдэглэлт үйл явдал тохиохоор сонгогдсон есдүгээр сарын тэр нэгэн өглөө тэрээр зургаан цагт босч, тун цэмцгэр ёслолын хувцсаан өмсөөд Балтиморын гудамжуудыг сүлжин эмнэлгийн зүг шөнийн харанхуйд шинэ амьдрал үүссэн болов уу гэж бодсоор яаран таваргаж гарлаа.
Мэрилэндийн Ноёд, Хатагтай Нарын Хувийн Эмнэлгээс яг нэг зуун ярд зайнд тэрээр өөрийн гэр бүлийнхний эмч Кийн эмчийг эмч нарын мэргэжлийн түгээмэл зуршил болсон гар угаах мэт хөдөлгөөнөө хийн шатаар уруудаж байхыг олж харлаа.
Рожер Баттон Болон Түүний Нөхдийн Хангамжийн Бөөний Худалдааны Компанийн Ерөнхийлөгч Ноён Рожер Баттон тухайн үеийн Өмнөдийн жентелмэн хүнээс гарч боломгүй хөдөлгөөн хийн Кийн эмч рүү гүйж эхлэв.
“Кийн эмч ээ, хүүе Кийн эмч ээ” хэмээн тэрээр дуудна.
Эмч түүнийг сонсоод эргэж харан ноён Баттоныг хүлээн зогсоход эмнэлгийн хүний ширүүн царайнд нь ихээхэн сонирхолтой хувирал үүсчээ.
“Яасан бэ?” хэмээн амьсгаагаа дарж ядсаар ноён Баттон асуугаад үргэлжлүүлэн “Юу болов? Тэр гайгүй юу? Хүү юу? Хэн бэ? Юу?” гэж асуултаар буллаа.
“Ойлгомжтой яриач” хэмээн Кийн эмч нэлээн цухалдангуй өнгөөр асуултыг нь таслав.
“Хүүхэд мэндлэв үү?” гэж ноён Баттон царайчиллаа.
Кийн эмч хөмсгөө зангидлаа. “Аа, тэгсэн гэх үү дээ, хмм, тэгж хэлж болох л юм” гэж хэлээд тэрээр ноён Баттон руу дахин жигтэй харц шидлээ.
“Эхнэр маань зүгээр биз дээ?”
“Тийм ээ”
“Хүү юу, Охин уу?”
“За болж үз! Одоо хангалттай” гэж Кийн эмч цухалдсанаа орилж “Өөрөө очоод харахгүй юу. Арай дэндүү юм!” Сүүлийн үгийг бараг нэг амьсгаагаар дуржигнуулснаа цааш эргэн амандаа бувтнаж эхлэв. “Ийм хэрэг миний мэргэжлийн карьерт тус болно гэж та бодож байна уу? Ахиад нэг байх юм бол ч намайг нэг мөсөн сүйрүүлнэ дээ, ер нь хэн ч байсан сүйрнэ дээ”
“Юу болоо вэ? Гурван ихэр төрөө юу?” хэмээн ноён Баттон эрэлхийлэв.
“Үгүй, гурван ихэр биш. Дахин хэлэхэд та өөрөө очоод хар. Тэгээд өөр эмч олж аваарай. Залуу минь би таныг энэ хорвоод тосч авч байсан. Танай гэр бүлийнхнийг дөчин жилийн турш эмчилсээр ирсэн. Тэгэхдээ одоо танайхаас харьцаагаа тасламаар байна. Таныг болон танай садангийнхнаас хэнийг ч дахиж хармааргүй байна. Үүрд баяртай.”
Ингэж хэлээд тэрээр огцом эргэн ганц ч үг хэлэлгүйгээр замын хажууд зогсож байсан сүйхэндээ суун алга болж өглөө.
Ноён Баттон явган зам дээр мэл гайхан, толгойноосоо хөлөө хүртэл салгалан зогсоно. Ямар будлиан болоод өнгөрчихөв? Мэрилэндийн Ноёд, Хатагтай Нарын Хувийн Эмнэлэг рүү орох хамаг хүсэл нь гэнэт алга болчихоод нэлээн байж байгаад арай гэж өөрийгөө хүчлэн байж довжоон дээр хөлөө зөөж ядан орж эхэллээ.
Танхимын бүүдгэр гэрэлд сувилагч бүсгүй ширээний ард сууна. Ичгүүрээ нууж ядан шүлсээ залгисаар ноён Баттон түүн рүү дөхөв.
“Өглөөний мэнд” хэмээн сувилагч бүсгүй түүн рүү тааламжтайяа мишээн мэндэллээ.
“Өглөөний мэнд. Би... би ноён Баттон байна”
Энийг сонсоод хөөрхий охины нүүрэнд хэлмэгдэн айх байдал үзэгдэв. Хөл дээрээ давхийн босохдоо эгээтэй л танхимын тааз хүртэл дүүлчихсэнгүй. Өөрийгөө арай гэж байран дээрээ зогсоож чадаж байх янзтай.
“Би хүүхдээ хармаар байна” хэмээн ноён Баттон нэхэв.
Сувилагч бүсгүй балмагдан тэрүүхэндээ чарлаж үзлээ. “Аа, нээрээ тийм, мэдээж бололгүй яахав” хэмээн замбараагүй хашгачиж эхлэв. “Дээшээгээ. Тийм, баруун шатаар дээшээгээ гар. Яваач... ДЭЭШЭЭГЭЭ!”
Бүсгүй гараараа явах чигийг нь зааж өгсөн учраас ноён Баттон зориг муутайхан эргэсээр хоёрдугаар давхар луу гарч эхлэхэд магнайных нь хүйтэн хөлс нь чийхарсан байлаа. Дээд давхарт өөр лүү чиглэсээр түмпэн барин ирсэн өөр нэг сувилагчид нэрээ хэллээ, “Би ноён Баттон” гэж арай гэж хэлээд “Би өөрийнхөө....”
Дүнннн. Түмпэн шалан дээр их чимээ гарган унаад шат руу өнхөрч эхлэв. Тан.. Түнн.. гэхчилэн нөгөө түмпэн эгээ л эрхэм ноёны айдсын хэмнэлийн дагуу дуу гаргасаар унаж байлаа.
“Би өөрийнхөө хүүхдийг хармаар байна!” хэмээн ноён Баттон бачимдан хашгарав. Хариугүй ухаан алдах гээд байж л дээ.
Түннн. Түмпэн доод давхрын шаланд хүрчээ. Сувилагч бүсгүй арай гэж өөрийгөө эзэмдэв бололтой ноён Баттон руу үнэн сэтгэлээсээ зэвүүцсэн шинжтэй харц чулуудав.
“За яахав, ноён Баттон, тэгдэг юм байж. Энэ бүхэн биднийг ямар эвгүй байдалд оруулсаныг та мэддэгсэн бол. Арай дэндүү юм. Энэний дараа манай эмнэлгийн нэр хүнд хэзээ ч өмнөх шигээ байхгүй байх...” хэмээн намуухан бөгөөд чичигнэсэн хоолойгоор үглэж эхлэхэд нь ноён Баттон:
“Хурдлаад өгөөч эээ! Би тэвчихгүй нь..” хэмээн яриаг нь таслав.
“За тэгвэл ноён Баттон, ийшээ явна уу.”
Мань эр бүсгүйг даган гэлдэрлээ. Урт хонгилын мухрын зүсэн зүйлийн уйлаан майлаан болсон өрөөнд тулав. Дашрамд хэлэхэд энэхүү өрөөг сүүлийн үеийн ярианы хэлэнд “уйлаан майлааны өрөө” гэж нэрлэх болсон гэлцдэг юм шүү. Тэд орцгоолоо.
“За тэгээд, аль нь минийх вэ?” гэж ноён Баттон давчдан асуув.
“Тэр байна!” хэмээн сувилагч заалаа.
Ноён Баттон хурууг нь дагуулаад харахад үзэгдсэн зүйл нь энэ байлаа. Том гэгчийн хөнжлөөр ороогоод нярайн орон дээр тал биеэрээ чихэгдээд суучихсан дал орчим насны хөгшин эр. Тачирхан үс нь бараг цал буурал, эрүүнийх нь буурал өнгөтэй сахал нь цонхноос сийгэх хүйтэн салхинаа нааш цааш намирна. Тэрээр ноён Баттон руу манарсан харцаар сүүмийн ширтэнэ.
“БИ ГАЛЗУУ ХҮН ШИГ ХАРАГДААД БАЙНА УУ?” хэмээн ноён Баттон бархирлаа. Түрүүхний айдас нь одоо хилэн болж хувирав. “Эмнэлгийнхний тэнэг тоглоом хийж болохоор хүн шиг харагдаад байна уу?”
“Бидэнд л лав тоглоом шиг санагдаагүй” хэмээн сувилагч мөн хатуухан өнгөөр хариулав. “Мэдээж таны галзуу үгүйг мэдэхгүй ч энэ бол таны хүү гэдгийг ямар ч байсан мэдэж байна.”
Ноён Баттоны магнайн хүйтэн хөлс бүүр ч нэмэгдэв. Нүдээ аниад, дахин нээж, тогтож харав. Алдаа алга аа, гурвыг хориор үржүүлээд арвыг нэмсэн настан буурал, гурвыг хориор үржүүлээд арвыг нэмсэн юм шиг харагдах хүү, нярайн орон дээр хөлөө унжуулаад сууж байна.
Хөгшин эр тэр хоёр луу ээлжлэн дуугүй ширтэж байснаа маш хөгшин бөгөөд цахиртсан хоолойгоор дугарав. “Та миний эцэг үү?”
Ноён Баттон, сувилагч хоёр салгалтлаа цочлоо.
Хөгшин эр гомдолтойёо үргэлжлүүлэн ярив: “Хэрвээ та мөн бол намайг эндээс гаргамаар байна, гаргадаггүй юм аа гэхэд ядаж нэг тухтайхан шиг савлууртай сандал авчраад өгмөөр байна.”
“Ямар гээчийн газраас ирсэн юм бэ, чи? Хэн бэ чи?” хэмээн ноён Баттон бачимдан хашгарав.
“Яг хэн гэдгээ би хэлж чадахгүй л дээ. Яагаад гэвэл би мэндлээд хэдхэн цаг л болж байгаа, гэхдээ ямар ч байсан овог маань Баттон болох юмдаг” хэмээн хөгшин эр гомдонгуй өнгөөрөө үргэлжлүүлэн гоншгонов.
“Муу худалч! Зүсээ хувиргасан луйварчин!”
Хөгшин эр ядарсан байдалтай сувилагч руу эргээд “Дөнгөж хорвоод мэндэлсэн үрээ ийм маягтай хүлээж авах ч гэж дээ. Буруу гэдгийг нь хэлээд өгөөч” хэмээн сул хоолойгоор гуйв.
“Та буруу бодож байна, ноён Баттон.” гэж сувилагч ширүүн хэллээ. “Энэ бол таны хүүхэд. Та түүнийгээ сайн хүмүүжүүлэх болно. Түүнийг аль болох хурдан, болж өгвөл өнөөдөр, гэр лүүгээ авч яваач ээ гэж бид хүсэх байна.”
“Гэр ий?” хэмээн ноён Баттон сэжиглэнгүй асуув.
“Тийм ээ, энд байлгаж чадашгүй нь ээ. Бид үнэхээр чадахгүй, яагаав нөгөө?”
“Надад бол таалагдаж байна” гэж хөгшин эр дахин гоншгонов. “Чимээгүйхэн залуу хүүхдүүдийг бол энд байлгаж болно оо. Энэ их уйлаан майлааны дунд би бүүр цурам хийж ч чадсангүй. Идэх юм өгөөч гэсэн чинь надад эд над лонхтой сүү өгч байгаа юм даа!” хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ.
Ноён Баттон хүүгийнхээ ойролцоох сандал дээр нүүрээ даран суулаа. “Ээ бурхан минь!” гэж цочирдон балмагдсандаа амандаа үглэнэ. “Хүмүүс юу гэж бол оо? Би яах вэ?”
“Та юу ч гэсэн гэртээ аваачих хэрэгтэй дээ” хэмээн сувилагч санал болгов. “маш яаралтай!”
Зовж шаналсан эрийн нүдний өмнө жигшүүрт дүр зураг амилан гарч ирэв, тэрээр хүн ам багширсан гудамжаар хажуудаа энэ хачин балиар хэлбэртэй зүйлийг дагуулан алхаж явна.
“Чадахгүй нь ээ, чадахгүй нь” хэмээн тэр гоншгононо.
Хүмүүс түүнийг зогсоогоод ярилцана. Тэр юу хэлэх вэ? Энэ, энэ-далан настныг танилцуулах хэрэгтэй болно шүү дээ. “Энэ миний хүү, өнөө өглөө төрсөн”. Тэгээд хөгшин эр хөнжлөөрөө сайн ороож аваад үргэлжлүүлэн сажилцгааж эхэлнэ, хөл үймээнтэй дэлгүүрүүдийн гадуур, боолчуудын зах – гэснээс ноён Баттоны сэтгэлд хүү нь хар арьстай байсан болоосой гэсэн харуусал халти ороод гарав – баячуудын тансаг байрнуудын гадуур, хөгшин настны асрамжийн газрын гадуур...
“Алив! Сэргэ дээ” хэмээн сувилагч тушаав.
“За байзаарай. Би энэ хөнжлөөр биеэ ороогоод гэрээдээ харина гэж бодож байгаа бол та бүхэн том эндүүрч байна шүү” хэмээн хөгшин эр гэнэт тунхаглалаа.
“Нярай хүүхдүүдийг хөнжлөөр л ороодог шүү дээ”
Хөгшин эр тасхийлгэснээ нэг цагаан өнгийн живхийг хилэнтэйеэ харууллаа. “Хараач! Энийг надад өмсгөх гээд байгаа юм даа”
“Нярай хүүхдүүд бүгд наадхыг чинь өмсдөг” хэмээн сувилагч зарчимтайгаар хариуллаа.
“За тэгвэл, энэ нярай хүүхэд хоёрхон минутын дараа юу ч үгүй зогсох байх шүү. Энэ хөнжил чинь загатнуулаад байна. Ядаж даавуу өгчихөж болоогүй юм байх даа”
“Наадахтайгаа байж бай! Наадахтайгаа байж бай!” гэж ноён Баттон сандран хэллээ. Тэрээр сувилагч руу эргэн “Одоо яах вэ?” хэмээн асуув.
“Хотын төв рүү очоод хүүдээ хувцас худалдаж ав даа”
Ноён Баттоны хүүгийн хоолой танхимаар нэг цуурайтлаа: “Аав аа, нэг таяг. Би таягтай болмоор байна”
Ноён Баттон гадна хаалгыг хар хүчээрээ тас саван гарч одлоо...

No comments: