Friday, July 17, 2009

гарчигггүй

Нэг л жиндүүхэн санагдаж нойрноосоо сэрлээ. Урд шөнийн бүгчимд амь тэмцэн цонхоо дэлгэснээс салхи нэвт үлээжээ. Босч цонхоо хаагаад шилний цаадах орчинг харж зогслоо.

Бороо орж хоносон бололтой. Чийглэг бөгөөд уйтгартай. Вакум гэгдэх цагаан хүрээ бүхий цонхны шил “вакуум” байх ёстой дотор талаасаа цантан хөлөрсөн нь бороо үргэлжлүүлэн орсоор байгаа мэт сэтгэгдэл төрүүлэн цаанаа байгаа орчныг улам бүүдгэр харагдуулна. Байрны урд ургасан өндөр саглагар улиас модны мөчирс навчсаа даахгүй унжсан ч юм шиг, аль эсвэл цонхны шилэнд тогтсон хуурмаг борооны дуслуудыг үл даан тонгойсон ч юм шиг сонин сэтгэгдэл төрүүлнэ.

Бороо орохоор яагаад хүний сэтгэл тэгж их гунигт дарагддаг юм бол? Гуниг гэхээсээ илүү гүн бодол гэвэл тохиромжтой мэт. Борооноос болж гуниглан зогсохдоо би өөрийгөө уран бүтээлч биш гэдэгт их л харамсдаг юм. Элдвийг ургуулан бодож, төсөөлөн баяжуулаад дараа нь ямар нэг аргаар илэрхийлж бусдад харуулах юмсан гэж дандаа бодно. Тэгэх бүрдээ би өөрийн нагац эгчид халти атаархана.

Эгч маань зураач л даа. Амьдралын хэтэрхий материаллаг талд дарагдаад эгч маань бүтээл хийлгүй маш удсан. Монгол зургаар дагнасан болохоороо голдуу бурхан зурж гадаадынханд зарна. Зураас, нугалаа, үсний ширхэг бүрийг нэг бүрчлэн нарийн үзүүртэй бийрээрээ ширхэглэн дагуулж суугаа эгчийнхээ гарын хөдөлгөөнийг харан суух би их дуртай байж билээ. Хэдэн өдөр дараалан нойргүй сууж зургаа дуусгаад 300 500 доллараар зарчихлаа гэсээр инээн орж ирэх эгчийгээ хараад “авъяастай хүн ч гоё юм даа” гэж бахархан боддог байлаа. Мөнгөний ханш одоогийнхоос хавьгүй сайн байсан цаг дөө.

Наймаа голдуу хийсээр сүүлийн 10аад жилийн үдсэн байх аа. Их сэргэлэн. Нарны титмийн тэнд байдаг Говийн нэрийн барааны дэлгүүрээс ноолууран цамц авч гарч ирээд явж байтал нэг хүн нөгөөхийг нь сонирхсон юм байх. Тэр дор нь сэргэлэнтээд үнийг нь нугалж хэлээд л зарчихсан гэсэн. Гэртээ инээгээд л ороод ирж байгаа юм. Би худалдан авагчийг нь шоолоод. Хөөрхий зайлуул эгчид мөнгөө өгөөд инээгээд булан тойрсон чинь Говийн дэлгүүр, ороод харсан чинь нөгөө бараа нь хоёр дахин хямд.

Хоёр жилийн өмнө байх аа эгчийг маань Солонгост байдаг нэг урлан урьж хэдэн сараар ч билээ сууж уран бүтээлээ туурви гэж санал тавьсан юм. Бас цалинтай гэж байгаа. Сарын 800 ч бил үү 1000 ч билүү ногоон. Сайхан боломж байгаа биз. Авъяастай хүнд уран бүтээлээ туурвих орчныг нь бүрдүүлж өгөөд “юмаа хий, бид мөнгө өгье өө” гээд байдаг. Тэнд байсан хэдэн сар эгчийн минь хувьд хамгийн их бүтээлч хугацаа нь байсан байх аа.

Эгчийн зурагнуудаас заримыг нь доор орууллаа.






3 comments:

Skitai said...

Yoo yostoi yanztai

Anonymous said...

Tsogoo ih udaj udaj neg bichleg oruulah yum...
heduun ochih geed uneheer chadaagui. ochij hamt yarij suusan bol goyo l bh bsan bhdaa... :-S

Anonymous said...

aan tiin uugii bna..