Өчигдөр өглөө долоон цагт бослоо. Ажилдаа явахаар босч байгаа нь тэр. Тэгээд хажууд байгаа цагны нүүрэн дээрээс он сар хараад Цэргийн баяр буюу Зэвсэгт Хүчний наян төдөн жилийн ой болж байгааг саналаа. Өвөөгөө санав. Өмнөх жилүүдэд энэ өдрийн өглөө сэрэнгүүтээ хамаг чадлаараа "Ахмад дайчинд баярын мэнд хүргэе" хэмээн орилдог байснаа санан аньсага чийглэх шахав. Хөөрхий өвөө эмээ хоёр маань ихэвчлэн сэрчихсэн байдаг байсан ч миний орилоонд цочоод "Яадаг муу цус вэ?" гэж эрхлүүлэнгүй муулдаг байсан нь санаанд тодхон.
Оюутан байхдаа би нагац аав, ээжийндээ байдаг байлаа. Шархадны Эрдэнэтолгой гэдэг буудалд. Өвөө маань "Дайнд оролцсон ахмад дайчин". Одоогоос арав гаран жилийн өмнө гэдэг чинь далан тав зургаатай. Тэгсэн хэрнээ их ануухан байлаа. Товор товор гээд л алхалчихна. Өөрийнх нь хэлдэгээр "Хог түүж" ирэхээр Нарантуул руу байнга явна. Уг нь бол хог түүдэггүй "юм мэддэггүй тэнэг хүнээс" /өөрийнх нь хэлдэгээр/ ямар ч хамаагүй юмыг хямд үнээр аваад Техникийн зах дээр авчирч арай илүү үнэ хүргэн зардаг байсан нэг бодлын сэргэлэн "ченж" хүн байсан юм.
Баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл алдарт морин марш хийсэн дивизд өвөө маань алба хаасан гэсэн. Бас болоогүй ээ жагсаалын даргын сэтэртэй. Би өвөөгөө шоолдын хаа хол баруун хязгаараас байлдах гээд очсоор байтал нь дайн дуусчихсан гээд. Өвөө маань нээрээ тэгсэн шүү гээд л инээнэ. Ная хол гарсан хүн гэхэд нуруугаараа надтай бараг ойролцоо байсан гэхээр залуудаа бол нэлээн сайхан гоймон шиг эр байсан болов уу гэж би боддог юм. Бас болоогүй ээ сайн дурын уран сайханч жүжигчин. Талийгаач Жасрай гуайн дээд талын дээд талын анги байсан гэсэн. Яагаад ч юм бурхан шашин гэхээр л уур нь хүрдэг байсын. Тэгсэн мөртлөө хааяа радиогоор янз бүрийн ном, маань явахаар дагаж дуржигнуулна. Багадаа ном үзэж байсан шиг байгаа юм. Эмээ тэр хоёр хоёулаа уншина шүү дээ.
Эмээ маань харин эсрэгээрээ их намхан. Бас хөөрхөн бүдүүн. Долоон сайхан хүүхэд, бас нөхрийнхөө дөрвөн дүүг өсгөж хүн болгосон буянтай буурал. Хөгшрөөд чихрэнд их дуртай болчихсон. Өвөө бид хоёроос чихэр нуугаад, тэрнийгээ байхгүйд гаргаж иддэг байсан шиг байгаа юм. Заримдаа гэрт гэнэт сүр сархийгээд л орохоор баригдаж байгаа юм. Гэр ахуйн ойр зуурын цахилгаан хэрэгслүүдийг засчихна шүү. Хужаа халуун тогоо задлачихсан хараад сууж байхыг нь хараад миний инээд хүрдэг байлаа. Тэгсэн чинь тэрнийгээ зассанаар барахгүй ойр хавийн айлуудын халуун тогоонуудыг засаад эхэлдийм даа. Бас хөөрхөн мөнгө авчихнаа.
Би оюутан байсан болохоор мөнгө муутай. Өвөө "наймаачин" болохоор "их баян". Түрийвчээ ухахад нь баахан 5000, 1000 харагдаад байхад л мөнгө байхгүй гэдэг байж билээ. Арван мянгатуудаа өөр газар хадгалдаг байсан юм. Өвөө бид хоёр аравт, хорьт, тавтын дэвсгэртүүдийг тоохгүй усны мөнгө гээд эмээд өгнө. Эмээ нөгөөдүүлийг нь багсайтал хураачихсан байдаг байсан. Хааяа надад амь тариа болно шүү дээ. Өглөө болгон өвөө хажуугийнхаа түмбүүшиг дээр 400 төгрөг тавина. Тэр нь миний ирэх очихын автобусны мөнгө + хоол идэх мөнгө. 200 төгрөгөөр яаж юм ид гэж байгаан бүү мэд.
Өөрөө нэг их гадуур хооллодоггүй болохоороо мэддэггүй байсан шиг байгаа юм. Хааяа би нөгөөхийг нь голноо. Угаасаа юунд хүрэхгүй нь тодорхой юм чинь. Тэгээд мөнгө нэмж нэхэхээр ёстой эрүү шүүлтэнд орж байж авна. Ихэнхи тохиолдолд би ёстой хамаг мэхээ хэрэглэж байж авдаг байсан ч заримдаа уурлаад хаалгаа саваад 400 төгрөгийг нь ч авахгүй гараад явчихна. Амьхандаа мөнгийг нь авахгүй явж өвөөг хохироож байгаа юм. Эмээ хойноос "Цогоо миний хүү эмээгээсээ ав" гээд л хоцорно. Маргааш өглөө нь харахаар түмбүүшиг дээр 1000 төгрөг энэ тэр харагдана шт. Надаас уучлал гуйж байгаа нь тэр. Миний хамгийн сайхан ааш гарна шүү дээ тэр өдөр. Аа яаяа мод хагалаад л, ус авна, өвөл байвал нүүрс энэ тэр оруулаад л.
Харин би удалгүй ажилд орж өвөөдөө дарамт болохоо больсон доо. Манай хашаанд метр гаран зузаантай хоёр гурван гуалин байсан юм. Бараг тав зургаан жил болсон. Тэрнийг хөрөөдөх гэж бараг гучин минут болдог байсан. Нэг удаа цалин буухаар нь Цайз зах дээрээс цахилгаан хөрөөтэй хүн дагуулж авчирч байгаад бүгдэнг нь хөрөөдүүлээд. Эмээ тэнд халаглаад л байна. "Ингээд тайрчихаар хурдан дуусчихдаг юм аа" гээд л. Нээрээ ч хурдан дууссан даа. Нэг бүтэн сайн өдөр Ю Би Эс телевизээр кино үзэх гээд сууж байсан чинь эмээ үглээд болдоггүй ээ. Мод хагалаад өг энэ тэр гээд. Эрх зээгийн царай гаргаад би чимээгүй суугаад байсан чинь зогсдоггүй шүү. Уур хүрээд байхаар нь би ухасхийж гараад л нэг тайрдсыг хага цохиж эхлэв. Нэг муу иргүй мөртлөө сайн хагалдаг мохоо сүхээ буулгатал эрхий хуруунаас дотогшоогоо алганы товгор хэсгийг тас цавчаад хаячихлаа. Харин цус гардаггүй шүү. Ер нь тэр дороо гардаггүй юм билээ. Сандраад эмээ рүү гүйж ороод хөвөн шатааж тавих гэтэл нөгөө тасдагдсан хэсэг нь санжчаад болдоггүй. Дургүй хүрээд нөгөөхийг нь тасдаж аваад гал руу хийчихсэн. Одоо тэрний сорви байдаг юм. Эмээ маань их сандарсан, уйлж байхыг нь хараад би их өрөвдөж билээ. Тэрнээс хойш би ч нэг их уурлаж юм хийхээ байж, эмээ ч надад ягшихаа байж билээ.
Хааяа гурвуулхнаа сайхан хоол хийж идэж булагнанаа. Эмээ ёстой гоё хоол хийдэг байсан юм. Хааяа тэр хоёр намайг хошгоруулж байгаад ногоотой хуурга хийлгэнэ. Би ногоотой хуурга сайн хийдэг байсан юм. Хоол гэснээс нэг удаа би тогоо дүүүрэн хоол хийлээ. Ёстой хичээж байгаад хийсэн хоол. Тэгсэн чинь хэн ч иддэггүй. Өвөө, эмээ тэгээд манай хашааныхнаас хэн нь ч идээгүй. Тэд нар айл хэсчээд ирсэн юм. Гэнэт бүүр аймаар уур хүрээд нөгөө тогоотой хоолоо тэр чигээр нь нохойд өгчихсөн. Тэгсэн чинь муу өвөө эмээ хоёр маань аягаа бариад хүрээд ирдэг байгаа. Яахав дээ нөгөө хоол байхгүй болчихон байсан юм чинь.
Ингээд бичээд байсан чинь би нээрээ аймаар эрх байжээ. Анх их сургуульд орсон жилээ хоол идээд сууж байсан чинь өвөө эмээ хоёр маань миний ард зогсчоод миний хавиргыг тоолж байж билээ. Өвөө баруун талыг, эмээ зүүн талыг. "Нэг, хоёр, гурав... арван нэг. Миний талд арван нэг тоологдож байна. Чинийх яаж байна?" гэж өвөө эмээгээс асууж байсан юмдаг. Тэгж тоолсныхоо дараахан хоорондоо нэг ярьж байсан гэсэн. "Энэ нэг хүүхдийг сайхан таргалуулахгүй бол болохгүй нь ээ" гэж. Их сургууль төгсдөг жилээ би овоо жин нэмсэн байсан шүү. Арай одооных шиг биш тэгэхдээ л илүүдэл жинтэй болох араандаа найдвартай орсон байсан. Намайг гэртээ хонохгүй гадуур хонохоор хоол тавьчихна. Гурав, дөрөв хоног шоудаад ирэхэд хөргөгчинд гурав, дөрвөн том аягатай хоол байж байдаг байж билээ.
Хоорондоо ярилцах гэснээс тэр хоёр маань их юм ярина аа. За муу Цогоогоо хоёрдугаар курст орохыг үзэх болов уу? Гурав, дөрөвдүгээр курс, их сургууль төгсөхийг харах болов уу? Хүнтэй суухыг нь харах болов уу? Энэ тэр гээд л байнга өөрсөддөө цаг заачихна. Тэгээд л хэн нь хэнээсээ өмнө үхэх вэ гээд л ярьж гарна. Би дунд орчихсон "Үгүй ээ өвөө түрүүлсэн нь дээр, эмээгээс хойш ёстой амьтан болно" гэх зэргээр тэнэг тэнэг юм ярьдаг байжээ. Одоо бодоход би яасан тэнэг, эрх, ухаангүй байж вэ??? Хангай шиг түшигтэй хоёр буурлынхаа хажууд буяныг нь эдэлж долоон жил амьдарсандаа би өөрийгөө азтай гэж тооцдог.
Хоёр хөгшин минь диваажинд очсон байх.
1 comment:
Би бас эмээ өвөөгийн хүү, гоё сонсогдож байна.
Одоо ч гэсэн эрх шд тийм ээ ккк.
Манай өвөө бас ахмад дайчин, чөлөөлөх дайн гэж морин аялалд явсан гэдэг байсан хаха
Post a Comment