Компьютерийнхээ хуучин файлуудыг ухаж яваад аль дээр үед Оюу Толгойд ажиллаж байхдаа бичиж байсан энэ нэг блогийн нооргийг олж унштал үргэлжлүүлэн бичмээр санагдав. Таалан болгооно уу.
"Сайн байцгаана уу? Журмын олон нөхөд минь.Бараг 3 жилийн өмнө бичиж байсан энэхүү нооргоо уншиж байсан чинь тэр үеийн сэтгэгдэл шууд л босч ирж байна.
Улаанбаатар ч онцгүй байлаа шүү. Ядаж байхад Гүүглийнхээ нууц үгийг, нууц хариулттайгаа цуг мартаад. Блогоо үргэлжлүүлэх ямар ч боломжгүй болчихдог байшт. Тэгээгүй бол би сайхан бичих байсан юм шүү.
Ажил дээрээ ирсэн чинь нээх сайхан амсхийх шиг болж байна даа. Энд ирэхээр ингэдэг юм аа. Ойр зуурын жижиг сажиг проблемууд мартагдаад сайхан амарч буй мэт. Улаанбаатарт байснаасаа илүү аюултай орчинд орж ирж байж яахаараа ингэдийн бол? Улаанбаатарт амьдрахад хэцүү болж байх шиг байнаа. Автобусны мөнгөгүй бол гадагшаа гарах талаар бодоод хэрэггүй. Гэртээ кино үзээд л хэвтэж байсан нь дээр. Уул нь мэдээ үзвэл үзэх л дээ. Гэхдээ зурагтаар хэрүүл шуугиан, бялууны том нь чамд жижиг нь надад ирчихэж гэсэн далд утга бүхий мэтгэлцээнүүд. Арай гэж хэрүүл дуусмагц залгаад Солонгосын гутранги үзэл нэвт шингэсэн баахан сериалууд. Мангар урт нэг кино үргэлжлүүлээд гараад байна уу даа гэж бодохоор. Жүжигчид нь хувцсаа солиод л өөр сувгаар гараад байгаа юм шиг. Монголын гэсэн бүх сувгаар бараг зэрэг шахуу гарна. Сумо байна. Бүх сувгаар шууд дамжуулна. За яахав сайхан монгол аавын хүү тэнд ааглаж бярлаж эдэлж байж болно. Гэхдээ л харийн юмыг хамжааргатай гаргаж баймаар байна.
Монголын гэсэн ямар юманд хүн дуртай байна? Зурагтаар гаргаж байгаа үндэсний ямар сонирхолтой юм байна? Юу ч байхгүй. Хааяа үндэсний бөх гарахаар хэдэн хорхойтой над мэтийн гарууд л харна. Сумо бөхийн хурдан шуурхай, шударга өрсөлдөөнөөс болоод одоо тэднийг харахаар нэг л болхи, хөдөлж цөхсөн юмс харагдахын. Ядаж байхад ард түмний хүндлэл ахадсан ачаа болчихсон хэдэн бөхчүүд нь ааг цоог гээд цаанаа л нэг ёозгүй. Одоо цагаан сарын барилдаан болох гэж байна. Ноднингийн цагаан сараар бас л онцгүй байлаа шүү. Энэ удаагийнх сайхан болоосой. Сүхбат аварга маань зодог тайлдаг маш харамсалтай юм болсон. Уул нь байж байсан бол үндэсний бөхийн барилдаануудыг үзэх хүсэл минь хэвээрээ л байх байсан байх. Хүний урманд харчихмаар уран хурц барилдаантай бөх алга аа.
Үндсэрхэг үзлээ бэхжүүлэхийн тулд үндэсний бахархлаа дээшлүүлэх хэрэгтэй гэж би үздэг хүн л дээ. Үндэсний бахархлыг харин яаж дээшлүүлэх вэ? Үндэсний бахархал гэнгүүт олон хүний толгойд 13 дугаар зуун, Чингис, Хубилай гэх мэт хаад, тэгснээ бүүр Хүннү Сүннү гээд л ороод ирж байгаан. Хүннү чинь Монгол биш шт. Зүгээр л одоогийн Монгол улс байгаа нутаг дээр байсан нэг том нүүдэлчдийн улс байхгүй юу. Хүн улс гэж. Харин Сүннү гэдэг үгийг би бодохлээр нэг л сонин байгаад байгаан. Хүннү – Хүн, Сүннү – Сүн. Сүн улс гэвэл нэг л хятад маягтай. Тэгэхлээр “Эцэг өвгөд, Хүннү, Сүннү минь” гэж байгаа улс хужаагийн эрлийзүүд байх гэсэн гаргалгаа байж болж байгаан.
За энэ ч яахав. Yндэсний бахархал гэхээр иймэрхүү юм бодоод байгаа хүмүүсийг би болиосой гэж маш их хүсдэг юм. Өнгөрснөөрөө амьдрах ямар ч утгагүй. Уолт Диснейн “Хаан Арслан” гэдэг хүүхэлдэйн кинон дээр Тимоны хэлдэгчлэн “бөгсөө ардаа хаях” хэрэгтэй юм.
Сар орчмын өмнө би 1954 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аваргын Тэмцээний финалын тоглолтын тухай орчуулж байсан юм. Германууд Унгартай тоглохоор үлдсэн байлаа. Унгарууд тэр үед үнэн хүчийг үзүүлсэн дэлхийн хамгийн шилдэг баг байлаа. Ер нь л бараг аваргууд хэмээн албан бусаар тооцогдчихсон байсан үе. Пушкаш тэргүүтэй Унгарын “Алтан баг” хэсгийн тоглолт дээр Германы багийг 6-0 гэсэн харьцаагаар бут ниргэж байсан тул финалыг бараг авчихсан хэмээн тооцож байсан байх. Гэтэл гайхамшиг болж германууд хожчих нь тэр. Ингэснээр тэр үед дайны дараа маш хүнд байдалд ороод ард түмнийх нь сэтгэл санаа маш доор унасан байсан Германуудад итгэл найдварын оч болж өгсөн гэдэг. Эдийн засгийн хөгжил нь хурдасч одоогийн их хөгжилт орон болох замдаа орсон гэдэг юм."
Дээр хэлсэн энэ хөлбөмбөгийн бахархлыг манайхан саяхан бөөнөөрөө мэдэрсэн байх. Түвшинбаярыг тэр Казакийг өргөж байхад ард түмэн маань зэрэг өргөлцөж байсан байх гэж би бодож байна. Яг дэвжээний хажууд байсан дасгалжуулагч Болдбаатар ах шиг. Та нар анзаарсан уу байдгаараа биеэ чангалчихсан дагаад налж байсныг нь?
Урд өдрийнх нь Гүндэгмаагийн азгүйтлийг бодон харуусч байсан бүх харамсал хормын төдийд огт байхгүй болж ялалтын ааг монгол гэж цээжээ дэлддэг бүх л хүмүүсийн баярын уухай болон түрэн гарсан. Та тэр өдөр монголд байсан уу? Та замын цагдаа нарыг тийм өгөөмөр байхыг харсан уу? Сарын өмнө иргэний дайн болох вий гэж далдхан эмээж байсан хүмүүсийг та тэгэхэд таних байсан уу? Хувьсгалт намынхныг хаа тааралдсан газар устга гэх нь холгүй байсан ардчилсан намын лидерүүдийг та тэр өдөр таних байсан уу? Энэ өдрөөс өөр цагт согтуу төрийн тэргүүдийг та уучилж чадах байсан уу? Ард түмэн маань нэг юм гэдгийг тэгэхэд та мэдэрсэн үү? Нэг зовлонд уйлж, нэг ялалтыг даган баярлаж байгааг нь та харсан уу?
Спортын аль нэг агшин миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөж байсан тохиолдол яахын аргагүй тэр байсан. Өмнө нь би Сүхбат аваргыг зодог тайлах талаараа шийдвэрээ наадамчин олны баяр хөөр дээр ус асгах мэт хэлэхэд өөрийн эрхгүй харуусан уйлж байсан. Харин Түвшинбаярыг Олимпын аварга авахад би Монгол гэдгээрээ омогшин баярын нулимс асгаруулж байсан. Дараахан нь телевизийн нэг сувгийн хөтлөгч залуу харийн нэг орны алтан медальтанд хандан “Байнаа наад алт чинь манайд” гэж хэлэхэд бас л цээж өөд юм огшоод ирж байна лээ.
Ард түмэн ялалтад дуртай байдаг гэдгийг тэр өдөр би ойлгохын дээдээр ойлгож авсан.
1 comment:
haLLo... bicheed baigaarai ;)
Post a Comment