Friday, March 09, 2012

Робин ван Персигийн хувьслын түүх



Робин ван Персийг магтан дуулахгүй долоо хоног ч гэж алга, магтаал нь ч нүдээ олно гэж жигтэйхэн. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд мань эр бараг ганцаараа шахуу Ливерпүүлийг Анфильдэд нь 2-1ээр хожсон. Мэдээж Войцек Шезнийн гайхамшигтай хаалтууд нэмэр болсон нь ойлгомжтой. Бас нэгэн ур чадварын төгс гоолыг хийсэн. Зарим хүмүүс Пэпэ Рэйнаг нарийн талдаа алдлаа гэж шүүмжлээд байгаа ч үнэндээ Алекс Сонгийн давуулж хаясан бөмбөгийг маш өндөр ур чадвар харуулан эхний хүрэлтээрээ шууд Рэйнагийн хажуугаар цохисон юм. Эхнийх нь ч гэсэн бас нэг иймэрхүү үлгэрийн гэмээр гоол байсан. Гэхдээ ван Перси иймэрхүү гоолуудыг байнга хийсээр бараг зуршил болчихсон. Хоёр гурван улирлын өмнө бол иймэрхүү хувьсал бараг боломжгүй харагдаж байсан юм шүү.

Аль 2005 оны үед л ван Персигийн үүрэг их чухал байсан ч байнгын гэмтэл бэртлээс болоод төдийлөн тоглож чадахгүй байв. Хоёр улиралд нийлээд дөнгөж 40 гаран тоглолт. Тэр үед тэрээр өмнө нь Деннис Бэргкампын тоглож байсан 10 дугаарын байрлал дээр тоглож байлаа. Биеийн хөдөлгөөн төстэйн дээр адилхан гайхалтай дамжуулалтууд, гоолууд хийх чадвартай байсан боловч хүмүүс түүнийг хангалттай боловсроогүй гэж тооцож байлаа. Тоглолтуудад бүгдэнд нь тоглохгүй нь мэдээж учраас ийм чухал байрлалд түүнийг тавих нь буруу гэж үзэх хүмүүс ч байсан юм. Вэнгэр ч түүнийг тэгж аль нэгэн дугаарын байрлал дээр зоохыг хүсээгүй. “Тэр бол хөлбөмбөгч хүн, ямар нэгэн онцгой зүйлийг бүтээх чадвартай. Гоол хангалтгүй хийж байж магадгүй, тэгэхдээ удахгүй нэмэгдээд л ирнэ” хэмээн Вэнгэр өчиж байлаа.

Вэнгэр ван Персиг 2009 оноос эхлэн чөлөөт довтлогчийн байрлалд тоглуулах боллоо. Энэ байрлалыг сүүлийн үед “хуурамч ес” гэж нэрлэх болсон. Энэ ажиллагаа маш амжилттай хэрэгжиж эхэлсэн боловч дөнгөж дөрөө олмогцоо манай баатар гэмтэж орхих нь тэр. Ингэсээр дөнгөж 2011 онд л түүний шилдэг тоглолтуудыг үзэж эхлэв. Мань эр ч тоглолтоо улам сайжруулаад зогсохгүй гоолын цуваа буулгаж гарсан юм. (Одоогийн байдлаар лигийн 43 тоглолтод 46 гоолтой байгаа) Ингэхэд ван Персигийн тоглолтын хувьслын талаар хүмүүс тэр бүр яриад байдаггүй. Вэнгэрийг тактикийн болоод стратегийн өөрчлөлт хийх бүрт ван Перси түүнд нь зохицуулан өөрчлөгдөхөөр барахгүй гоолыг ч хангалттай хийж байсан юм.

Хуурамч ес дугаар дээр 2009 онд тоглож байхдаа ван Перси өөрийн хөдөлгөөнөөрөө бусдыгаа тоглолтод идэвхитэй оролцуулдаг байсан нь түүнтэй довтлогчийн байрлал дээр хамтарч байсан Никлас Бэндтнэр, Эдуардо хоёрт их боломж олгодог байсан. Мөн Сэск Фабрегасын хажууд тактикийн тоглолт хийх хүн шаардлагагүй болсон нь их чухал. Хагас хамгаалалтын криэтив тоглолттой тоглогч нарыг өөрсдийн тоглодог 3 хагас хамгаалагчтай системд ашиглах болсон нь үүнд их нэмэр болсон. 2010/11 улирлын дунд үеэс эхлэн гэмтэл бэртлээс арай гэж нэг юм салахдаа гоолыг ёстой нэг урсгаж эхлэв. Энэ нь маш чухал байлаа. Яагаад гэвэл Арсеналын уураг тархи болсон Фабрегасаасаа хагацсан юм. Урьдчилан таамаглах аргагүй тоглолтоороо багаа байнга авардаг байсан тоглогчоосоо.

Энэ улиралд ван Персигийн тэсрэмтгий чанар нь Арсеналын шинэ стиль болсон хойноос урагш шууд довтлох хэв маягийн тоглолтыг тодорхойлж байгаа бөгөөд хэрвээ тэрбээр гоолуудыг ээлж дараалан хийдэггүй байсан бол өдийд бүгд энэ тактикийг бүтэлгүйтсэн тухай яриад байж байх байсан байлгүй. Түүний хоёр жигүүрийн туслагч нар болох Жэрвиньо, Тео хоёр их хэмжээний гоол хийхгүй байгаа боловч тун оновчтой дамжуулалтуудаар тэжээж байгаад ахлагч ван Перси талархалтай байгаа юм. Уг нь түүний гурван довтлогчтой систем одоогийн байгаагаас илүү гоол өгөх учиртай хэмээн Вэнгэр төлөвлөж байсан нь магад юм. (Вэнгэр: “Бидэнд оновчтой дамжуулалт маш ихээр өгдөг тоглогч нар байна. Миний бодлоор Жэрвиньо, Валкотт хоёрын ассистыг харах юм бол дэлхийн хамгийн шилдэг нийлүүлэгч нар. Гэхдээ би тэднийг өөрсдөө бас гоолоо нэмэх боломжтой гэдэгт итгэдэг. Бас хагасуудыгаа ч гоолдох байх гэж боддог. Маргаашнаас эхлээсэй гэж ч бодож байна” гэж Миланы тоглолтын өмнө хэлж байсан.)

Дээрх шалтгаанаар бас Робиныг багийн ахлагчаар томилсныг тайлбарлаж болно. Тэрээр тоглогчдын дунд нэр хүндтэй, мөн удирдагчийн чадварыг нь ч сайн бодолцсон байдаг. Баг хамгаалж байх үед хамгаалалтын байрлалдаа шалмаг шилждэг, хамгаалалтын зохион байгуулалтын тулгуур цэг болж өгдөг. Өөрийн энэ чанарыг тэрээр Арсеналын үндсэн сайт дээр өгсөн ярилцлагадаа тоглолтод дунджаар 11,5 км гүйдэг гэсэн үзүүлэлтээ улам сайжруулах хүсэлтэй байдаг тухай ярихдаа харуулсан юм. Нэг тоглолтод ямар ч тоглогч энэ хэмжээний гүйнэ гэдэг гайхалтай боловч хагас хамгаалагч хүн л энэ хэмжээний гүйхээр байтал ялангуяа довтлогч хүн ингэж гүйж байгаа нь бүүр гайхамшигтай юм. (ван Перси нэг тоглолтод дунджаар 6.148 миль гүйдэг нь Премьер Лигийн бусад ямар ч тоглогчоос илүү үзүүлэлт)

Хэн нэгнийг “төгс довтлогч” гэж хэлэхэд хэцүү байдаг ч ван Персийн тухай хэлэхэд энэ үг бүрэн тохирох юм. ван Персийн талбай дээрх хөдөлгөөн үнэхээр сайн, хамгаалагч нарыг байнга дагуулаастай. Боруссиа Дортмундын менежер Юрген Клопп “талбайн төв рүү тэгж гүн орж ирдэг мөртлөө эсрэг багийнхаа 16 дотор тэгж аюултай тоглодог тоглогчийг” их цөөхөн харж байсан тухайгаа хэлж байсан юм. Тэрээр Арсеналын талбай дээр 3-1 оноогоор хожигдохынхоо өмнө ван Персийн тэжээлийг нь тасдаж гоолдуулахгүй байх тухай ам гарч байсан боловч түүний тоглолтын хэв маяг огт мэдэгдэхгүй байлаа. Ван Перси өөрйиг нь барьж буй тоглогчоос маш амархан суларч байсан бөгөөд 16-гийн эргэн тойронд бөмбөг хүлээж авах юм бол бүхий л төрлийн зүйлс боломжтой болж байв. Чухам энэхүү өөрийн хөдөлгөөн болон онцгой ур чадварынхаа ачаар Ливерпүүлийн хаалганд 2 дахь гоолыг хийж чадсан юм. Яг одоогийн байдлаар Робин ван Персигийн хувьд хамгийн гайхалтай цаг мөчүүд үргэлжилж байгаа бөгөөд энэ мөч маш удаан үргэлжлээсэй гэж хүсч байна. Яагаад гэвэл тэр үүнийг хүртэх эрхтэй.

Робин ван Персигийн хувьслийн түүхийг аян замтай зүйрлэж болох юм. Фэйнордод байхдаа 11 дугаарын байрлалд тоглож байсан боловч эхлээд 10 дугаар, тэгээд хуурамч 9, эцэст нь одоогийн байгаа 9 дугаарын байрлал руу шилжсэн. Тэгэхдээ Робин ван Перси өөрийгөө “9 хагас” гэдэг байрлалын тоглогч гэж хэлдэг юм шүү.

нийтлэлийг орчуулсан Д.Цогчулуун

Thursday, December 16, 2010

Бэнжамин Баттоны хачирхалтай түүх, 2-р хэсэг

Хоёр.

“Өглөөний мэнд” хэмээн ноён Баттон Чизапикийн Барааны Дэлгүүрийн худалдагчтай мэндлэь. “Би хүүхэддээ хувцас авмаар байна” 

“Хүүхэд чинь хэдэн настай вэ?”

“Зургаан цаг орчим”

“Нярай хүүхдийн тасаг тэр хойгуур байгаа”

“Яагаад, тэр ч надад хэрэгтэй газар арай л биш байх даа. Тэр их том л доо. Бүүр асар том.”

“Тэнд том хүүхдүүдийнх ч байгаа”

“Хөвгүүдийн хувцасны тасаг хаана билээ?” хэмээн ноён Баттон дороо займчив. Энэ худалдагч тэрний ичгүүртэй нууцыг гадарлачихсан шиг санагдана. 

“Тэнд байгаа”

“За – “ тэрээр эргэлзлээ. Хүүгээ эрчүүдийг хувцасаар хувцаслах нэг л эвгүй санагдав. За байз, түүнд томхон шиг эрэгтэй хүүхдийн хувцас өмсгөөд, тэр урт сахлыг тайраад, буурал үсийг нь хүрэн өнгөөр будчих юм бол энэ муухай нууцыг бага ч атугай дарж өөрийгөө хүндэтгэх сэтгэлээ жаахан ч гэсэн хадгалах боломжтой юм биш үү, Балтиморын нийгэмд эзлэх байр суурийг үл тооцоод тэр шүү дээ.

Хөвгүүдийн хувцасны тасгийг сандран нэгжээд дөнгөж төрсөн Баттонд таарах хэмжээ олсонгүй. Тэр дэлгүүрт бурууг тохлоо. Мэдээж энэ бол тус дэлгүүрийг буруутгууштай тохиолдол байсан юм чинь.

“Хүү тань хэдэн настай гэлээ?” хэмээн худалдагч сонирхон асуув.

“Тэр зу... арван зургаан настай.”

“Өө, өршөөгөөрэй. Би таныг зургаан цагтай гэж хэллээ гэж бодоод байсан. Өсвөр насныхны хувцас хажуугийн тасагт бий.”

Ноён Баттон цөхрөнгүй эргэлээ. Тэгснээ зогтусаад, царай нь гэрэлтээд цонхон дээр байгаа хүүхэлдэй рүү хуруугаараа чичигнүүлэн заав. “Тэр байна!” хэмээн хашгараад “тэр хүүхэлдэйний хувцсыг авъя”

Худалдагч гөлөрч орхив. “Яагаад? Тэр чинь хүүхдийнх биш багт наадмаар хүүхэд болж өмсдөг хувцас шүү дээ. Та бараг өөрөө өмссөн ч болно” гэж тэрээр эсэргүүцэн хэлэв. 

“Зүгээр л боогоодох. Би наадхыг чинь авмаар байна” гэж үйлчлүүлэгч нь сандран тушаав.

Гайхаж хоцорсон худалдагч ёсчлон гүйцэтгэлээ.

Ноён Баттон эмнэлэгт эргэж ирээд боодолтой хувцсыг хүү рүүгээ бараг шидэж орхив. “Май наад хувцаснуудаа ав.”


Хөгшин эр боодолтойг задалсанаа гайхсан маягтай харав.

“Надад нэг л тэнэг харагдаад байна даа” гэж гомдоллож эхлэв. “би нэг тийм сармагчин шиг харагдмааргүй л санагдаад бай...”

“Чи угаасаа намайг сармагчин шиг харагдуулчихлаа.” хэмээн ноён Баттон хилэгнэн орилов. “Чиний тэнэг харагдах хамаагүй. Наадхаа өмсөхгүй бол би, би, би чамайг алгадна шүү.” Сүүлийн шийдвэрлэх үгийг хэлснийхээ дараа сандран шүлсээ залгисан боловч оновчтой үг хэлсэн гэдэгтээ итгэлтэй байлаа.

“За ойлголоо, аав аа. Та арай удаан амьдарсан юм чинь мэдэж байгаа байлгүй дээ. Хэлснээр тань болъё” хэмээн хөгшин эр дуулгавартай хүүгийн аягийг ав хавгүйхэн дуурайна.

"Аав" гэдэг үгийг сонсоод ноён Баттон яг л түрүүчийнх шигээ дагжин цочив.

“Алив тэгээд хурдалж үз.”

“Хурдалж байна аа, аав аа.”

Хүү нь хувцаслаад дууссаныг хараад ноён Баттон гутарч орхив. Урт эрээн оймс, ягаан өмд, өргөн цагаан зах бүхий бүстэй цамц. Харин цамцны дээгүүр хүүгийн эрүүнээс бүсэлхий хүртэл урт цайвар сахал унжина. Тааламжгүй дүр зураг.

“Байз!”

Ноён Баттон эмнэлгийн хайчийг шүүрч аваад сахалны ихээхэн хэсгийг тайрч орхив. Ингэж сайжруулаад байхад ч хүүгийн харагдах байдал олигтой дээрдсэнгүй. Сэгсгэр үс, ус гүйлгэнэсэн нүд, эртний гэмээр шүднүүд тун хөгжилтэй харагдах хувцаснаас нь эрс ялгарч харагдана. Гэсэн хэдий ч ноён Баттон зөрүүдлэсэн хэвээр гараа сунгаж “Алив дагаад яв!” гэж тушаав. 

Хүү нь түүний гараас итгэл дүүрэн атгалаа. “Та намайг хэн гэж нэрлэх вэ? Аав аа?” хэмээн эмнэлгээс гарах зуур хоолой чичрүүлэн асуув. “одоохондоо бэйби гэхиймүү? Яахав гайгүй нэр олтлоо?”

Ноён Баттон амандаа бувтнав. “Мэдэхгүй байна аа, чамайг ер нь Метусэла гэж нэрлэнэ ээ”

Бэнжамин Баттоны хачирхалтай түүх, 1-р хэсэг

Нэг.
1860-аад оны үед гэртээ амаржих явдал энгийн гэж тооцогддог байлаа. Одоо үед бол миний сонссоноор анагаахын дээд бурхдын зүйлчилсэний дагуу нярай багацуулын анхны уйлаан эмнэлгийн, ялангуяа загварлаг эмнэлэг байвал бүр сайн, мэдээгүйжүүлэх чадвартай агаарт цуурайтах ёстой болсон гэнэ. Тиймээс ноён болон хатагтай Рожер Баттоныхон 1860 оны зун цагт ууган үрээ эмнэлэгт амаржуулахаар шийдэхдээ тухайн үеийн моодноос багаар бодоход 50 жил түрүүлж явсан байна. Энэхүү цагаа олоогүй олоогүй үйлдэл нь миний одоо танд ярих гэж байгаа түүхтэй холбоотой эсэхийг харин хэлж мэдэхгүй юм.
Юу ч гэсэн болсон явдлыг сонсоод юу гэж үзэхээ өөрсдөө шийдэцгээнэ биз дээ.
Рожер Баттоныхон Иргэний дайны өмнөх Балтиморт нийгмийн болоод санхүүгийн хувьд тун атаархууштай байдалд байсан юм. Энэ ч гэр бүл, тэр ч гэр бүл гээд тухайн үеийн Өмнөдийн хүмүүсийн сайн мэдэх, нэр хүндтэй нь хамт элдэв гишүүнчлэл болон хүндэтгэл дагалдаж байдаг Өмнөдийн Холбоотнуудыг ихэвчлэн бүрдүүлж асан сурвалжтангуудтай садан төрлийн сүлбээтэй байж билээ. Хүүхэд гаргах ёстой гэсэн хуучны сайхан уламжлалын дагуу гаргаж байгаа эхний хүүхэд болохоор ноён Баттон зайлуул аргагүй балмагдаж байлаа. Хүү гараасаа тэгвэл Коннектикутын Йэлийн Коллежид оруулах юмсан гэж мань эр сэм хүснэ. Тус сургуульд өөрөө дөрвөн жилийн турш “Кафф” хэмээх хочоороо алдартай байж билээ.
Тэмдэглэлт үйл явдал тохиохоор сонгогдсон есдүгээр сарын тэр нэгэн өглөө тэрээр зургаан цагт босч, тун цэмцгэр ёслолын хувцсаан өмсөөд Балтиморын гудамжуудыг сүлжин эмнэлгийн зүг шөнийн харанхуйд шинэ амьдрал үүссэн болов уу гэж бодсоор яаран таваргаж гарлаа.
Мэрилэндийн Ноёд, Хатагтай Нарын Хувийн Эмнэлгээс яг нэг зуун ярд зайнд тэрээр өөрийн гэр бүлийнхний эмч Кийн эмчийг эмч нарын мэргэжлийн түгээмэл зуршил болсон гар угаах мэт хөдөлгөөнөө хийн шатаар уруудаж байхыг олж харлаа.
Рожер Баттон Болон Түүний Нөхдийн Хангамжийн Бөөний Худалдааны Компанийн Ерөнхийлөгч Ноён Рожер Баттон тухайн үеийн Өмнөдийн жентелмэн хүнээс гарч боломгүй хөдөлгөөн хийн Кийн эмч рүү гүйж эхлэв.
“Кийн эмч ээ, хүүе Кийн эмч ээ” хэмээн тэрээр дуудна.
Эмч түүнийг сонсоод эргэж харан ноён Баттоныг хүлээн зогсоход эмнэлгийн хүний ширүүн царайнд нь ихээхэн сонирхолтой хувирал үүсчээ.
“Яасан бэ?” хэмээн амьсгаагаа дарж ядсаар ноён Баттон асуугаад үргэлжлүүлэн “Юу болов? Тэр гайгүй юу? Хүү юу? Хэн бэ? Юу?” гэж асуултаар буллаа.
“Ойлгомжтой яриач” хэмээн Кийн эмч нэлээн цухалдангуй өнгөөр асуултыг нь таслав.
“Хүүхэд мэндлэв үү?” гэж ноён Баттон царайчиллаа.
Кийн эмч хөмсгөө зангидлаа. “Аа, тэгсэн гэх үү дээ, хмм, тэгж хэлж болох л юм” гэж хэлээд тэрээр ноён Баттон руу дахин жигтэй харц шидлээ.
“Эхнэр маань зүгээр биз дээ?”
“Тийм ээ”
“Хүү юу, Охин уу?”
“За болж үз! Одоо хангалттай” гэж Кийн эмч цухалдсанаа орилж “Өөрөө очоод харахгүй юу. Арай дэндүү юм!” Сүүлийн үгийг бараг нэг амьсгаагаар дуржигнуулснаа цааш эргэн амандаа бувтнаж эхлэв. “Ийм хэрэг миний мэргэжлийн карьерт тус болно гэж та бодож байна уу? Ахиад нэг байх юм бол ч намайг нэг мөсөн сүйрүүлнэ дээ, ер нь хэн ч байсан сүйрнэ дээ”
“Юу болоо вэ? Гурван ихэр төрөө юу?” хэмээн ноён Баттон эрэлхийлэв.
“Үгүй, гурван ихэр биш. Дахин хэлэхэд та өөрөө очоод хар. Тэгээд өөр эмч олж аваарай. Залуу минь би таныг энэ хорвоод тосч авч байсан. Танай гэр бүлийнхнийг дөчин жилийн турш эмчилсээр ирсэн. Тэгэхдээ одоо танайхаас харьцаагаа тасламаар байна. Таныг болон танай садангийнхнаас хэнийг ч дахиж хармааргүй байна. Үүрд баяртай.”
Ингэж хэлээд тэрээр огцом эргэн ганц ч үг хэлэлгүйгээр замын хажууд зогсож байсан сүйхэндээ суун алга болж өглөө.
Ноён Баттон явган зам дээр мэл гайхан, толгойноосоо хөлөө хүртэл салгалан зогсоно. Ямар будлиан болоод өнгөрчихөв? Мэрилэндийн Ноёд, Хатагтай Нарын Хувийн Эмнэлэг рүү орох хамаг хүсэл нь гэнэт алга болчихоод нэлээн байж байгаад арай гэж өөрийгөө хүчлэн байж довжоон дээр хөлөө зөөж ядан орж эхэллээ.
Танхимын бүүдгэр гэрэлд сувилагч бүсгүй ширээний ард сууна. Ичгүүрээ нууж ядан шүлсээ залгисаар ноён Баттон түүн рүү дөхөв.
“Өглөөний мэнд” хэмээн сувилагч бүсгүй түүн рүү тааламжтайяа мишээн мэндэллээ.
“Өглөөний мэнд. Би... би ноён Баттон байна”
Энийг сонсоод хөөрхий охины нүүрэнд хэлмэгдэн айх байдал үзэгдэв. Хөл дээрээ давхийн босохдоо эгээтэй л танхимын тааз хүртэл дүүлчихсэнгүй. Өөрийгөө арай гэж байран дээрээ зогсоож чадаж байх янзтай.
“Би хүүхдээ хармаар байна” хэмээн ноён Баттон нэхэв.
Сувилагч бүсгүй балмагдан тэрүүхэндээ чарлаж үзлээ. “Аа, нээрээ тийм, мэдээж бололгүй яахав” хэмээн замбараагүй хашгачиж эхлэв. “Дээшээгээ. Тийм, баруун шатаар дээшээгээ гар. Яваач... ДЭЭШЭЭГЭЭ!”
Бүсгүй гараараа явах чигийг нь зааж өгсөн учраас ноён Баттон зориг муутайхан эргэсээр хоёрдугаар давхар луу гарч эхлэхэд магнайных нь хүйтэн хөлс нь чийхарсан байлаа. Дээд давхарт өөр лүү чиглэсээр түмпэн барин ирсэн өөр нэг сувилагчид нэрээ хэллээ, “Би ноён Баттон” гэж арай гэж хэлээд “Би өөрийнхөө....”
Дүнннн. Түмпэн шалан дээр их чимээ гарган унаад шат руу өнхөрч эхлэв. Тан.. Түнн.. гэхчилэн нөгөө түмпэн эгээ л эрхэм ноёны айдсын хэмнэлийн дагуу дуу гаргасаар унаж байлаа.
“Би өөрийнхөө хүүхдийг хармаар байна!” хэмээн ноён Баттон бачимдан хашгарав. Хариугүй ухаан алдах гээд байж л дээ.
Түннн. Түмпэн доод давхрын шаланд хүрчээ. Сувилагч бүсгүй арай гэж өөрийгөө эзэмдэв бололтой ноён Баттон руу үнэн сэтгэлээсээ зэвүүцсэн шинжтэй харц чулуудав.
“За яахав, ноён Баттон, тэгдэг юм байж. Энэ бүхэн биднийг ямар эвгүй байдалд оруулсаныг та мэддэгсэн бол. Арай дэндүү юм. Энэний дараа манай эмнэлгийн нэр хүнд хэзээ ч өмнөх шигээ байхгүй байх...” хэмээн намуухан бөгөөд чичигнэсэн хоолойгоор үглэж эхлэхэд нь ноён Баттон:
“Хурдлаад өгөөч эээ! Би тэвчихгүй нь..” хэмээн яриаг нь таслав.
“За тэгвэл ноён Баттон, ийшээ явна уу.”
Мань эр бүсгүйг даган гэлдэрлээ. Урт хонгилын мухрын зүсэн зүйлийн уйлаан майлаан болсон өрөөнд тулав. Дашрамд хэлэхэд энэхүү өрөөг сүүлийн үеийн ярианы хэлэнд “уйлаан майлааны өрөө” гэж нэрлэх болсон гэлцдэг юм шүү. Тэд орцгоолоо.
“За тэгээд, аль нь минийх вэ?” гэж ноён Баттон давчдан асуув.
“Тэр байна!” хэмээн сувилагч заалаа.
Ноён Баттон хурууг нь дагуулаад харахад үзэгдсэн зүйл нь энэ байлаа. Том гэгчийн хөнжлөөр ороогоод нярайн орон дээр тал биеэрээ чихэгдээд суучихсан дал орчим насны хөгшин эр. Тачирхан үс нь бараг цал буурал, эрүүнийх нь буурал өнгөтэй сахал нь цонхноос сийгэх хүйтэн салхинаа нааш цааш намирна. Тэрээр ноён Баттон руу манарсан харцаар сүүмийн ширтэнэ.
“БИ ГАЛЗУУ ХҮН ШИГ ХАРАГДААД БАЙНА УУ?” хэмээн ноён Баттон бархирлаа. Түрүүхний айдас нь одоо хилэн болж хувирав. “Эмнэлгийнхний тэнэг тоглоом хийж болохоор хүн шиг харагдаад байна уу?”
“Бидэнд л лав тоглоом шиг санагдаагүй” хэмээн сувилагч мөн хатуухан өнгөөр хариулав. “Мэдээж таны галзуу үгүйг мэдэхгүй ч энэ бол таны хүү гэдгийг ямар ч байсан мэдэж байна.”
Ноён Баттоны магнайн хүйтэн хөлс бүүр ч нэмэгдэв. Нүдээ аниад, дахин нээж, тогтож харав. Алдаа алга аа, гурвыг хориор үржүүлээд арвыг нэмсэн настан буурал, гурвыг хориор үржүүлээд арвыг нэмсэн юм шиг харагдах хүү, нярайн орон дээр хөлөө унжуулаад сууж байна.
Хөгшин эр тэр хоёр луу ээлжлэн дуугүй ширтэж байснаа маш хөгшин бөгөөд цахиртсан хоолойгоор дугарав. “Та миний эцэг үү?”
Ноён Баттон, сувилагч хоёр салгалтлаа цочлоо.
Хөгшин эр гомдолтойёо үргэлжлүүлэн ярив: “Хэрвээ та мөн бол намайг эндээс гаргамаар байна, гаргадаггүй юм аа гэхэд ядаж нэг тухтайхан шиг савлууртай сандал авчраад өгмөөр байна.”
“Ямар гээчийн газраас ирсэн юм бэ, чи? Хэн бэ чи?” хэмээн ноён Баттон бачимдан хашгарав.
“Яг хэн гэдгээ би хэлж чадахгүй л дээ. Яагаад гэвэл би мэндлээд хэдхэн цаг л болж байгаа, гэхдээ ямар ч байсан овог маань Баттон болох юмдаг” хэмээн хөгшин эр гомдонгуй өнгөөрөө үргэлжлүүлэн гоншгонов.
“Муу худалч! Зүсээ хувиргасан луйварчин!”
Хөгшин эр ядарсан байдалтай сувилагч руу эргээд “Дөнгөж хорвоод мэндэлсэн үрээ ийм маягтай хүлээж авах ч гэж дээ. Буруу гэдгийг нь хэлээд өгөөч” хэмээн сул хоолойгоор гуйв.
“Та буруу бодож байна, ноён Баттон.” гэж сувилагч ширүүн хэллээ. “Энэ бол таны хүүхэд. Та түүнийгээ сайн хүмүүжүүлэх болно. Түүнийг аль болох хурдан, болж өгвөл өнөөдөр, гэр лүүгээ авч яваач ээ гэж бид хүсэх байна.”
“Гэр ий?” хэмээн ноён Баттон сэжиглэнгүй асуув.
“Тийм ээ, энд байлгаж чадашгүй нь ээ. Бид үнэхээр чадахгүй, яагаав нөгөө?”
“Надад бол таалагдаж байна” гэж хөгшин эр дахин гоншгонов. “Чимээгүйхэн залуу хүүхдүүдийг бол энд байлгаж болно оо. Энэ их уйлаан майлааны дунд би бүүр цурам хийж ч чадсангүй. Идэх юм өгөөч гэсэн чинь надад эд над лонхтой сүү өгч байгаа юм даа!” хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ.
Ноён Баттон хүүгийнхээ ойролцоох сандал дээр нүүрээ даран суулаа. “Ээ бурхан минь!” гэж цочирдон балмагдсандаа амандаа үглэнэ. “Хүмүүс юу гэж бол оо? Би яах вэ?”
“Та юу ч гэсэн гэртээ аваачих хэрэгтэй дээ” хэмээн сувилагч санал болгов. “маш яаралтай!”
Зовж шаналсан эрийн нүдний өмнө жигшүүрт дүр зураг амилан гарч ирэв, тэрээр хүн ам багширсан гудамжаар хажуудаа энэ хачин балиар хэлбэртэй зүйлийг дагуулан алхаж явна.
“Чадахгүй нь ээ, чадахгүй нь” хэмээн тэр гоншгононо.
Хүмүүс түүнийг зогсоогоод ярилцана. Тэр юу хэлэх вэ? Энэ, энэ-далан настныг танилцуулах хэрэгтэй болно шүү дээ. “Энэ миний хүү, өнөө өглөө төрсөн”. Тэгээд хөгшин эр хөнжлөөрөө сайн ороож аваад үргэлжлүүлэн сажилцгааж эхэлнэ, хөл үймээнтэй дэлгүүрүүдийн гадуур, боолчуудын зах – гэснээс ноён Баттоны сэтгэлд хүү нь хар арьстай байсан болоосой гэсэн харуусал халти ороод гарав – баячуудын тансаг байрнуудын гадуур, хөгшин настны асрамжийн газрын гадуур...
“Алив! Сэргэ дээ” хэмээн сувилагч тушаав.
“За байзаарай. Би энэ хөнжлөөр биеэ ороогоод гэрээдээ харина гэж бодож байгаа бол та бүхэн том эндүүрч байна шүү” хэмээн хөгшин эр гэнэт тунхаглалаа.
“Нярай хүүхдүүдийг хөнжлөөр л ороодог шүү дээ”
Хөгшин эр тасхийлгэснээ нэг цагаан өнгийн живхийг хилэнтэйеэ харууллаа. “Хараач! Энийг надад өмсгөх гээд байгаа юм даа”
“Нярай хүүхдүүд бүгд наадхыг чинь өмсдөг” хэмээн сувилагч зарчимтайгаар хариуллаа.
“За тэгвэл, энэ нярай хүүхэд хоёрхон минутын дараа юу ч үгүй зогсох байх шүү. Энэ хөнжил чинь загатнуулаад байна. Ядаж даавуу өгчихөж болоогүй юм байх даа”
“Наадахтайгаа байж бай! Наадахтайгаа байж бай!” гэж ноён Баттон сандран хэллээ. Тэрээр сувилагч руу эргэн “Одоо яах вэ?” хэмээн асуув.
“Хотын төв рүү очоод хүүдээ хувцас худалдаж ав даа”
Ноён Баттоны хүүгийн хоолой танхимаар нэг цуурайтлаа: “Аав аа, нэг таяг. Би таягтай болмоор байна”
Ноён Баттон гадна хаалгыг хар хүчээрээ тас саван гарч одлоо...

Tuesday, November 02, 2010

Миний багын бодол


Багадаа би их юм бодомтгой хүү байсан юм. Ном их уншдаг байсан болохоороо номон дээрхтэйгээ төстэй явдлуудыг дотроо ургуулан бодож суудаг асан. 

Амьдралын тухай
Үхлийн тухай би нэг удаа их удаан бодож байсан юмдаг. Амьдрал бол үхлийн үүдний өрөөн дэх хүлээлт гэж нэг газраас уншаад тэрэндээ бат итгэж бушуухан энэ амьдралыг дуусгаж дараагийнх руугаа орохсон гэж их яарах үе бас нэг хэсэг байсныг одоо бодохоор аймаар санагддаг юм. Ная гаран наслаад амьдралын хамаг юмыг үзэж дууссан хүн аятай амьдралаас уйдаж хэсэг явж байв. Зайлуул тэгэхэд бодож байснаа гүйцээсэн бол хайр дурлал, секс, гэр бүл хамгийн гол нь хүүхэдтэй байхын жаргалыг мэдэлгүй нөгөө ертөнцөд очих байж. Тэгээд хамгийн харамсалтай нь нөгөө ертөнцийн жаргалыг харьцуулах жишиг байхгүй учраас энэ хоёр ертөнцийг үнэлэх үнэлэмж байхгүй болох байж гэж бодохоор нэг л онцгүй. Энэ ертөнц маань нөгөөгөөс юугаараа илүүг би мэдэхгүй ч ядаж энд маань ийм юм байсан шүү гэсэн мэдээлэлтэйгээр тийшээ очихыг би одоо илүүд үзэж байгаа.

Тэр үед юу үзэж туулчихаад амьдралаас тэгтлээ уйдсанаа би одоо санадаггүй юм. Өвчин зовлон аз болоход намайг болон миний ойр тойрныхныг дайралгүй тойрч байсан. Үхэл хагацал зуурдаар биш ирдэг жамаараа ирж явж байсан. Бүтэлгүй дурлал битгий хэл дурлах, хайрлах гэдэг үгийг би зүгээр л монгол хэлний үгсийн сангийн жирийн нэг үг гэж боддог байсан. За тэр сексийн таашаал гэдгийг мэдрэх нь бүү хэл "хүүхэн" гэдэг үгийг хэлэхээсээ ичиж нүүр улайдаг байсан гэж бод. Амьтан хүнд дээрэлхүүлж байсан уу гэж үү? Үгүй чиш. Их сургуулийн 4 дүгээр күрсдээ л анх хүнтэй зодолдож, зодуулж үзэж байсан. Энэ блогийн хаа нэгтэй тэр талаараа дэлгэрэнгүй бичиж байсан санагдаж байна. 

Ямартаа ч амьдралаас нэгэнтээ их уйдаж, үхэл ямар байдаг бол гэж их бодож байсан юмдаг.

Үхлийн тухай
Дээр хэлсэнчлэн үхлийг би амьдралын дараагийн шат гэж боддог байсан юм. Үхэл гээд бодохоор асар том, уудам, харанхуй, ер бусын нууцлаг. Нууцлаг учраас аливаа сониуч хүмүүсийг соронз адил татдаг байсан байх. Хэрвээ би эрдэмтэн байсан бол Франкеншэйн шиг туршилт хийж үхсэнийг амьдруулах оролдого хийж, тэднээс амьдралын дараа юу болсоныг дэлгэрэнгүй лавлах байсан байх даа. Нээрээ амьдралын дараа гэж хэлсэнийх нэг бодлоо тулгачихъя. Хүмүүс үхлийн дараах амьдрал гэж их ярьдгийг би хувьдаа буруу гэж боддог. Амьдрал нь дуусч байгаа учраас амьдралын дараах үхэл гэж ярьвал их зохимжтой юм болов уу? Нэгэнт амьдрал нь төгсөж үхэл залгаж байгаа учраас тэр шүү дээ.

За тэгээд амьдрал онцгүй санагдсан учраас би үхэх талаар бодож эхэллээ. Үхэх их олон арга байдгийг угаасаа мэдэж цөхөх юм байхгүй байсан. Амиа хорлож байгаа хүмүүс ихэвчлэн өндрөөс унах, өөрийгөө боомилох, судсаа ханах, эм уух зэрэг аргуудаас сонгодог байсан байх. Өндрөөс унахыг би шууд хасч хаясан. Яагаад ч юм хүний амьдралын сүүлчийн хором зуун шиг удаан өнгөрдөг байх гэж би бат итгэж байсан болохоор зуун жил унахыг хүсээгүй байх л даа. Тэгээд урдаас улам ойртон ирж байгаа хатуу асфальтан хучлагатай талбай нэг их хүсээд байхаар зүйл биш санагдсан гэх үү дээ. Өөрийгөө боомилохыг ч би бас эхний бодолтоор хассан. Санаандгүй байдлаар өөрийнхөө хоолойг нэг удаа хальт боох шахаж байсан болохоор тэр эвгүй дурсамж намайг хорьж дийлсэн байх. Ер нь тэгээд намайг олсон хүнд нус, нулимс, шүлс, баасандаа хутгалдсан, тэгээд хэл нь алд дэлэм унжсан дүр зураг тэгтлээ таалагдана гэж бодоогүй л дээ. Эм уух гэдэг аргыг би санхүүгийн боломжоос шалтгаалаад хассан. За тэгээд мөнгө олдсон ч бай, нэг муу арван жилийн сурагчид нойрсуулах эм тэгж олноор өгөх аптек олдох байсан уу үгүй юу гэдэг бас л эргэлзээтэй. Ямар кинон дээр гардаг шиг аскорбины хүчил их хэмжээгээр идэлтэй нь биш. 


Тэгээд хамгийн зовлон багатай бөгөөд боломжтой хувилбар нь дүүрэн ваннтай усанд орж хэвтэж байгаад судсаа ханах л юм байна даа гэж би эцсийн дүгнэлтэд хүрэв. За тэгээд яг яаж үйлдвэл дээр байдаг бол гэж хэсэг бодов. Гарын бугалган тус газар хөндлөн ганц хэрчээд хаявал их цус гарч байгаа тухай кинон дээрээс харсан. Тэгэхдээ тэр буруу гэж би бодож байлаа. Яагаад гэвэл судас жоохон газраа зүсэгдэх учраас их хэмжээний цус бүлэгнэж цус алдалтыг зогсоох байх гэж. Тиймээс үүнийг хийх зөв арга бол хоёр гарын судсыг туушид нь их урт огтолж доош унжуулах. Ингэснээр их хэмжээний цус богино хугацаанд алдаж, улмаар үхэх боломжтой.

Ингэж бодоод би хэзээ үхвэл зохимжтой талаар хэсэг бодов. Өглөө үхвэл хүмүүсийг ажилдаа явахад саад болох юм байна. Өдөр үхэхээр ганцаараа бас жаахан эвгүй юм байна. Орой үхэхээр ажлаасаа ядраад ирж байгаа хүмүүст бас л саад болох юм байна. Шөнө гэхээр бас хүмүүсийг унтуулж амраахгүй гэх зэргээр бодож байгаад ер нь өдөр нь дээр юм байна гэж шийдэв. 


Шийдвэрийн тухай
За тэгээд нэг сайхан нартай өдөр үхнэ дээ гэж бодсон чинь амьдрал жигтэйхэн амттай санагдаад эхлэв ээ. Энэ нар, сар, мод, уулсыг амьдралынхаа хамгийн сүүлийн удаа харж байгаа гэж бодохоор хайран санагдаад, хараад л баймаар болж эхлэв. Хүүхдийн инээд, хүмүүсийн бужигнаан, дуртай кино, эмээ өвөө, аав ээж, хайртай дүү нар минь... Надаас хойш яана даа гэсэн өрөвчхөн бодол санаанаас гарахгүй. Харахаар л өрөвдөөд эд нар минь яана даа гэж. Тэдний амьдралыг өөрийгөө байхгүйгээр төсөөлж үзлээ. Угаасаа одоо байгаагаас нэг их онцын ялгаагүй санагдав. Бүгд л байгаараа байж байх юм. Яахав ам бүл 5 гэж л бүртгүүлэх юм даа. 

Бүхэл бүтэн хүн байхгүй болоод байхад энэ айлын юу ч өөрчлөгдөхгүй байна гэнэ ээ гэж би хилэгнэн бодов. Тэгээд буруутанг хайлаа. Мэдээж надаас өөр хэн байхав дээ. Айлын том гэдгээ мэддэг ч тэр үүргээ гүйцэтгэдэггүй нь надад айхтар харамсалтай санагдав. Дүү нартаа үлгэр дуурайл болох ёстой хүн чинь байгаа байхгүй нь мэдэгдэхгүй орчлонгийн үнэт зайг дэмий бөглөөд явдаг болохыг мэдээд их уур хүрч байна аа. Мэдээж хэнд ч хэрэггүй амьдарч байгаа юм чинь миний үхэл бас хэнд ч харуусал авчрахгүй. Намайг үхсэний дараа хэн ч дурсахгүй. Миний гэх юм хойно маань үлдэхгүй гэсэн харамсалтай үнэн намайг гүйцээд ирэхийн алдад би ерөөсөө үхэхээ түр хойшлуулъя гэж бодлоо. Тэртэй тэргүй хэзээ ч үхэж болох юм чинь ядаж хэсэг хүнд хэрэгтэй амьдраад авъя гэж шийдлээ. 

Тэр өдөр үхлийн тухай хэсэг бодсон бодол маань амьдрах юм бол олигтойхон шиг амьдрах хэрэгтэй гэсэн шийдвэрээр дуусч билээ.

Thursday, September 02, 2010

Шинэ блог

Блогоо хайхрахаа байгаад баахан форумдаад яваад байсан чинь хөөрхий бүүр өнгө алдаад онцгүй болчихож. Хүн амьтан ч орохоо байсан бололтой хогийн өвс ургаад, салхи нэвт үлээсэн балгас аятай сэтгэгдэл төрж байх юм. Нэг тиймэрхүү газрууд байдаг даа. Сүнстэй гэсэн цуу яриа яваад байдаг. Миний мэдэхийн Дамбадаржаагийн тэнд нэг тийм хашаа байшин байдаг юм. Хогийн өвс хашаагаар нь нэг ургачихсан. Байшингийх нь хамаг цонхнууд нь хагарч, гадна өнгөлгөө энэ тэр нь яйрин. Сүнстэй газар гэхээр ер нь тиймэрхүү дүр зураг санаанд ороод байдаг юм.

Сүнс гэснээс хааяа нэг аймшгийн кино үзмээр санагдаад байдаг байсан чинь больчихсон байхын. Айшгийн кино гэж бодохоор л айдас хүрээд байдаг болчихсон байна. Хөгширч байгаагийн шинж үү эсвэл өөр юмных уу?


Нэгэнт аймшгийн киноны тухай эхэлсэнийх тэр талаар хэсэг ярья л даа. Аймшгийн киног хэд ангилж болох юм шиг санагдаж байна. Нөгөө киног гоё кино, муухай кино, бас Энэтхэг кино гэж ангилдаг гэдэг шиг. Эхлээд киноных нь сэдэв. Хүн юунаас айдаг вэ? Мэдэхгүй юмнаасаа айдаг. Зөв. Хүмүүсийн огт мэддэггүй зүйл бол: ҮХЭЛ. Томоор бичихээр сүртэй харагдаж байгааг хэлэх хэрэгтэй байх. За тэгэхээр үхэл гардаггүй аймшгийн кино бараг байхгүй. Тэгэхээр үхлээс гадна юунаас айдаг вэ гэхээр яг процесс нь юм уу даа. Одоо жишээ нь хорт хавдар тусаад үхэж байгаа хүний тухай аймшгийн кино байдаггүй байх гэж бодож байна. Ихэвчлэн алуулж байгаа тухай гардаг. Яаж алуулж байгаагаасаа хамаарч аймшгийн киноны төрлүүд гарч ирж байгаа юм л даа.

Учир битүүлэг тахир дутуу ганцхан хүн нас биенд хүрсэн бүлэг залуусыг нэг нэгээр нь мөрдөж ална. Тэр бүлэг залуус нь дандаа царайлаг хүүхнүүд, булчинлаг залуусаас бүрдсэн байна. Хутга, сүх, заазуур, хөрөө, хадуур мэтээр зэвсэглэсэн эрэмдэгийг гарч ирэхэд бүгд амь тэмцэн зугтах ёстой. Тэгэхгүй эргээд зодолдох юм бол өөр жанр болоод явчихна.  (Аймшгийн кино гэдэг киног үзэхийг зөвлөж байна.) Тэгээд ч хэсэг залуу сайхан хүмүүс хөөрхий нэг царай муутай эрэмдэгийг бүлэглэн зодож танхайрч байгаа нь манай нийгмийн нэгэн салшгүй хэсэг болсон цөөнхийг дээрэлхсэн хэрэг болж улмаар шинэ үеийн хүмүүжилд арилж болшгүй муу нөлөө үзүүлэх болно. Тэгснээс зохиолын дагуу зугтаасан нь дээр. Иймэрхүү кинонууд нэг хэсэг нэлээн гарсан. Техасын цахилгаан хөрөөтэй аллага энэ тэр гээд байна байна. Энэ төрлийн кинонууд хөгжөөд сүүлдээ хүнийг яаж аймшигтайгаар алж байгааг харуулах вэ гэсэн нэгэн төрлийн марафон болж хувирсан. Шарж, түлж, жиргэж, тээрэмдэж энэ тэр гээд... Энэ төрлийн кинонуудыг Хөрөө гэдэг цуврал, Хостэл энэ тэр гэсэн кинонууд төлөөлж байна.

Энэ дээрх төрлийн киноны зарим нэг модификацууд байна л даа. Эрэмдэг хүний оронд мутацид орсон элдэв амьтад байна. Могой, царцаа, шувуу, матар, хүн энэ тэр гээд. Бас амилдаг мануухай, машин энэ тэр гээд. Энэ бүх кинонууд ёс юм шиг үргэлжлэл бий гэсэн ерөнхий сэдэвтэйгээр дуусдаг. Санаа нь бол Evil Never Dies гэж байгаа байх л даа. Тэгэхдээ яг жинхэнэ санаа нь киноныхоо амжилтаас хамаараад дараагийн ангийг хийх нүхээ малтаж байгаа болов уу гэж би хардаж байгаа.

За дээр дурдсан сэдвээс гадна үлгэр домгийн сэдэв аймшгийн киноны салбарт асар том байр суурьтай. Цус сорогчид, амьд үхдэлүүд буюу зомбинууд, вээрвольфийг одоо хүн-чоно гээд орчуулчихдаг болсон байна лээ. Би хаана билээ нэг газар харж байсан Чонын хувилгаан гээд орчуулчихсан байна лээ. Хувилгаан гэдгийг хувилдаг хүн, амьтан гэж ойлговол зохилтой. Тэрнээс бурхан шашны хувилгаан дээдэстэй хамаагүй үг. Бас яг хамаагүй гэж болохгүй юм байна. Тэр хувилгаад чинь хүн байснаа илүү гэгээлэг түвшин рүү хувирч байгаа юм чинь. Ямар ч гэсэн сэдвийн дагуу ярихад, энэ төрлийн кино нэг бодлын халдварт өвчний тухай кино шиг санагддаг болчихоод байгаа. Яг юугаар дамждаг гэхийнб дээ? Халдвар авсан хүний шүлсээр дамждаг байх. Шүлс нь цусаар дамжиж халдвар түгээдэг гэхиймүү? Эдгээр кинонуудын сонгодог жишээнүүд байна л даа Брам Стокэрын Дракула, Вампиртай хийсэн ярилцлага (аймшгийн гэхээсээ драмын төрлийн гэвэл илүү зохилтой), Дракулагийн хүү, охин, эхнэр, байшин энэ тэр гэсэн цус сорогчийн бүлгийн кинонууд, 28 өдрийн дараа, 28 сарын дараа энэ тэр гээд зомбитой кинонууд олон байна.

Өмнөх ангилалтай адилхан зарим нэг модификаци байна. Дээр үед Амьд үхдлүүд гэж гаргадаг байсан нэг киног санаж байна. Dawn of the Dead гээд. Нэг залуу эхнэртэйгээ нэг байшинд ирсэн чинь баахан үхдлүүд амилаад идэх гэж дайраад. Эхнэр нь алуулаад дараа нь толгойгоо барьчихсан бүжиглэж энэ тэр гардаг даа. Тэр кино бол анхных нь хувилбар болов уу гэж боддог юм. Нэгдүгээр анги нь аймшгийнх. Хоёр нь бас бараг аймшгийнх. Гурав дахь нь бол зомбитой, боевик, дээр нь инээдмийн болчихсон. Цус сорогчтой боевикуул бол сүүлийн үед хүчээ авч байгаа. Блэйд трилоги, Андерворлд трилоги, аа бас Резидэнд Ивил цуврал энэ тэр гээд. Энэ хэд бол аймшгийн кино биш гэдгийг манайхан анхаарна биз. Аа бас Үдшийн бүрийгээс үүрийн гэгээ хүртэл гээд нэг кино байдаг байх шүү. Жорж Клүни, Салма Хаек энэ тэр тоглодог. Күинтин Тарантино найруулсан болов уу? Родригэс ч юм уу?

Өөр бас нэг томоохон төрөл байна. Сүнс, хий үзэгдэл, учир битүүлэг нууцлаг зүйлс, эртний хараалууд энэ тэр гээд их олон юмыг багтааж болно. Эхний хоёр төрлийг ихэвчлэн Америкууд хийдэг бол энэ төрөлд Азиуд толгой цохьдог. Сүүлийн жилүүдэд харин Япон, Солонгосын сүнстэй кинонуудыг Америкууд дуурайж хийдэг болоод байгаа. Дээр үед Полтергэйст гээд нэг кино гардаг байсан даа. Спилбэргийнх ч бил үү? Тэр киноны зураг авч байхад зураг авалтын багийнхнаас хүн үхэж байсан энэ тэр гээд яриа байдаг байсан үнэн үү худлаа юу бүү мэд. Хайлааст гудамжний хар дарсан зүүд гээд Фрэдди Крюгэрийн тухай цуврал байна. Сүүлдээ л бүүр панаалтай болчихсон болохоос. Анх гарч байхад нь үзчихээд унтахаас айдаг байж билээ.

Энэ төрлийн нэг өвөрмөц модификаци байна. Юунаас айгаад байгаагаа ойлгохгүй ч дэлгэцэн дээр айж байгаа хүнийг дагаж айх гэдэг. Маань хөгжөөнө гээд баахан эмгэцүүл нэгнийгээ дагаж маань уншдаг шиг. Сонгодог жишээ нь: Блэйр вич прожэкт, Паранормал активити.

Харин энэ төрлөөр боевик кинонууд хийгдээгүй юм байхдаа?

Сүүлийн үед гоё аймшгийн кино гарахаа байжээ. Шалтгаан нь юу вэ? Хүмүүс айхаа больчихсон юм уу? Гоё оригиналь санаа гарахгүй байна уу? Минийхээр бол аль аль нь байх шиг байна. Аймшгийн кино үзсээр байгаад хүмүүс сүүлдээ дөжирсөн байна шт. Кинонкомпаниуд аймшгийн төрлийн кинонуудыг хэтэрхий сайн хийснээр босгоо өндөр тогтоочихоод одоо өөрсдөө тэрнийгээ давж чадахгүй бүдрээд байна л даа.

Аа нээрээ аймшгийн биш ч гэсэн хүн айлгах зориулалттай триллэр, саспэнс энэ тэр гэсэн төрлүүд байна. Энэ төрлийн киноноос миний хамгийн дуртай найруулагч бол мэдээж Альфрэд Хичкок. Хүмүүст хамгийн их мэдэгдсэн кино нь Психо, Арын цонх, Вертиго. Гайхамшигтай кинонууд шүү.

За за залхуу хүрчлээ. Дараа бичье. Уг нь блогийнхоо тухай бичье гэж орж ирсэн юмсан.