Tuesday, April 13, 2010

Газар хөдөлбөл яах вэ?

Намайг жаахан байхад нэг удаа газар хөдөлсөнийг би санадаг юм. Манайх тэр үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод байлаа л даа. Барилгачдын 27 гэдэг гурван давхар байрны хамгийн дээд давхарт байдаг байсан.

Нэг өдөр гэртээ сууж байсан чинь хамаг юм салганаж хөдлөөд. Би гэртээ ганцаараа байсан юм шиг байна лээ. Гал тогоондоо байсан болохоор шууд л хамгийн хөдлөх магадлал багатайгаар нь паарнаасаа тэврээд суучихсан. Харж байсан чинь ширээн дээр тавьчихсан байсан хоёрын битаантай ус цалгиад л асгараад байна. Хэсэг хөдөлж байгаад зогслоо. Тэгэнгүүт нь шууд гүйгээд гарсан чинь гадаа бөөн хүмүүс. Бүгд гэрээсээ зугтаж гарцгаасан. Хэсэг хүлээлээ дахиж хөдөлдөггүй шүү. Тэгсэн ч гэсэн хэн ч гэр лүүгээ орохгүй байна. Би яахав жоохон байсан болохоор тэгэсгээд тоглож эхэлсэн. Харин хэсэг байж байгаад харсан чинь манай байрны хажууд байдаг уурын зуухны яндан савлаад л аймаар хөдөлж байнаа. Гүйгээд явж байхад газар хөдлөх мэдэгддэггүй юм билээ.

Дараа нь сонсох нь ээ нэлээн хүчтэй газар хөдлөлт болсоны зах зух нь манай тэрүүгээр дайрсан бололтой юм билээ.

Сүүлийн үеийн мэдээллүүдийг хараад байхад газар хөдлөлт/чичиргээний давтамж нэлээн ихэссэн бололтой юм аа. Өнгөрсөн хоёр жилд жил тутам өмнөх жилээсээ хоёр дахин ихээр бүртгэгдсэн мэдээлэл байна. Уржнан хотын төвд аймаар газар хөдөлнө гэсэн цуу тарснаас болж их олон айл гэр хорооололд байдаг төдийлөн зочлоод байдаггүй хамаатнууддаа гэнэтийн айлчлал хийснээр барахгүй хонож энэ тэр саймширч байж билээ. Энэ жил ч мөн адил газар хөдөлнө сүйрүүлнэ гэсэн цуу яриа газар авч, Хаити, Чилид болсон явдлууд бүүр дайран дээр нь давс гээч болсон.

Иймээс юмыг яаж мэдэхэв гээд хэрвээ муу юм болж газар хөдөлсөн тохиолдолд ямар арга хэмжээ авсан нь дээр болохыг доор жагсаасу:

  • Ширээн доор орж нуугдах ёстой гэсэн зөвлөгөө буруу гэсэн шүү. Хэрвээ дээрээс тааз нурах юм бол ширээ зэрэг нь нэг их саад болохгүй байх.
  • Тотгоны доор зогсох ч бас нэг их сайхан санаа биш гэж байна лээ.
  • Шат болон цахилгаан шат бол хамгийн аюултай цэгүүд. Барилгын үндсэн хэсгээс тусдаа давтамжаар хөдөлдөг учраас шатнууд түрүүлж нурах аюултай байдаг. Тухайн үедээ нураагүй байсан ч дараа нь нурах магадлалтай учраас сайтар шалгасны дараа шатаар буух буюу өгсвөл зохилтой.
  • Газар хөдөлсөн үед барилга байгууламжийн гадна хана руу зүглэх хэрэгтэй. Ер нь болж өгвөл гарчих хэрэгтэй. Хэрвээ гарч чадахгүй байвал аль болох гадна хананд ойрхон байрлах хэрэгтэй. Сүүлд нь гарахад амар байх болно.
  • Өрөөнд байгаа ямар нэгэн том зүйлийн хажууд атираад суух буюу хэвтэх боломжтой гурвалжин хэлбэртэй зай үлддэг. Газар хөдөлсөн бол өрөөнд байгаа аль нэг томоохон тавилгын дэргэд суух буюу хэвтэх хэрэгтэй.
  • Цаас хэлбэр дүрсээ бараг алддаггүй тул овоолоостой цаасны хажууд байрлахыг хичээсэн нь дээр.
  • Хэрвээ машинтайгаа явж байхад газар хөдөлж байгаа бол машинаасаа гараад хажууд нь суу. Мэдээж хот дотор өндөр барилгуудын дунд явж байгаа үед шүү дээ. Хөдөө хээр явж байгаа бол энэ нэг их хэрэгтэй арга хэмжээ биш л дээ.
  • За тэгээд мэдээж гал, хий энэ тэр гээд аюултай нөхцөл үүссэн бол аль болох холдох хэрэгтэй.
  • Бла бла бла....

Энэ мэдээллийг нэг Америк хүний зөвлөгөөнөөс авсан. Аврах албанд хорин хэдэн жил ажилласан туршлагатай хүн гэж байна лээ.

Яахав мэдээд авахад илүүдэхгүй мэдээлэл байна.

impromptu

Сүүлийн үед хүмүүс улс төр нийгмийн тухай их бичицгээдэг болжээ. Арга ч үгүй биз дээ бухимдал, цөхрөл хаа сайгүй нүүрлээд байхад.

Зурагтаар мэдээ үзэж суух зуур л бөөн бухимдал эрхгүй түрэн гарч ирнэ.
- Өө энэ муу дуракууд, намдаа хандивласан мөнгөө төсвөөс авах гэж гарцгаасан байх нь л дээ. Нэг нэг тэрбум төгрөгөөрөө аймаг тойргууддаа дорвитойхон юм хийхгүй аягүй бол эвтэйхэн дансны арга бодож олоод зувчуулна даа.
- Ээ зайлуул, бүтэн зунжингаа нам гүм байж байгаад гэнэт намар хам хум хиймэр болсон зам нь хоног хүрэхгүй хугацаанд эвдэрчихдэг гэнэ.
- Күэ энэ нэг муу гөлийсөн архичих уух мөрөөрөө уухгүй зүгээр байсан хүмүүст агсам тавьж байдаг.

Иймэрхүү бухимдал айл болгоны зурагтын өмнө заавал дугардаг гэдэгт би зуун хувь итгэдэг.

Улс төр муухай гэж хүн болгон хэлэх мөртөө яагаад тийшээгээ зүтгээд байдаг байнаа.

Thursday, April 01, 2010

Цас

Цас уг нь их гоё орсон. Даан ч сүүлдээ шуурга болчихсон болохоос. Цас, бороо ороход би дуртай. Амьсгалахад цээж сэнгэнээд хүйтэн нойтон агаар сэтгэл сэргэтэл уушиг сүлбээд гарахаар нэг л таатай.

Өглөө ажилдаа гарахын өмнө эхнэр, охин хоёроо харах би дуртай. Дуг нойрондоо дугжирч зүүдний ертөнцдөө хөлбөрч байгаа охиныхоо магнай дээрээс үнсэхэд нүүрэнд нь тодрох жаргалтай инээмсэглэлийг харах би дуртай. Жаргалтай хатны улаан хацар гарган унтах эхнэрийнхээ уруул дээрээс үнсээд гарах би бас дуртай. Энэ хоёроосоо би өдрийнхөө эрч хүчийг авч цэнэгээ дүүргэж аваад гардаг. Өглөө сэтгэл тэнүүн явахад өдрийн ажил сэтгэлчлэн бүтэх мэт санагдаад. Харин өглөөгүүр таагүй бодол өвөрлөж гарах юм өдөржингөө уцаартай бөгөөд дотор давчдаад бөөн бухимдал. Хүмүүс ер нь яах гэж шалтгаангүй байж нэгэндээ уурладаг юм бол оо?

Friday, March 19, 2010

Маартын 18

Өчигдөр өглөө долоон цагт бослоо. Ажилдаа явахаар босч байгаа нь тэр. Тэгээд хажууд байгаа цагны нүүрэн дээрээс он сар хараад Цэргийн баяр буюу Зэвсэгт Хүчний наян төдөн жилийн ой болж байгааг саналаа. Өвөөгөө санав. Өмнөх жилүүдэд энэ өдрийн өглөө сэрэнгүүтээ хамаг чадлаараа "Ахмад дайчинд баярын мэнд хүргэе" хэмээн орилдог байснаа санан аньсага чийглэх шахав. Хөөрхий өвөө эмээ хоёр маань ихэвчлэн сэрчихсэн байдаг байсан ч миний орилоонд цочоод "Яадаг муу цус вэ?" гэж эрхлүүлэнгүй муулдаг байсан нь санаанд тодхон.

Оюутан байхдаа би нагац аав, ээжийндээ байдаг байлаа. Шархадны Эрдэнэтолгой гэдэг буудалд. Өвөө маань "Дайнд оролцсон ахмад дайчин". Одоогоос арав гаран жилийн өмнө гэдэг чинь далан тав зургаатай. Тэгсэн хэрнээ их ануухан байлаа. Товор товор гээд л алхалчихна. Өөрийнх нь хэлдэгээр "Хог түүж" ирэхээр Нарантуул руу байнга явна. Уг нь бол хог түүдэггүй "юм мэддэггүй тэнэг хүнээс" /өөрийнх нь хэлдэгээр/ ямар ч хамаагүй юмыг хямд үнээр аваад Техникийн зах дээр авчирч арай илүү үнэ хүргэн зардаг байсан нэг бодлын сэргэлэн "ченж" хүн байсан юм.

Баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл алдарт морин марш хийсэн дивизд өвөө маань алба хаасан гэсэн. Бас болоогүй ээ жагсаалын даргын сэтэртэй. Би өвөөгөө шоолдын хаа хол баруун хязгаараас байлдах гээд очсоор байтал нь дайн дуусчихсан гээд. Өвөө маань нээрээ тэгсэн шүү гээд л инээнэ. Ная хол гарсан хүн гэхэд нуруугаараа надтай бараг ойролцоо байсан гэхээр залуудаа бол нэлээн сайхан гоймон шиг эр байсан болов уу гэж би боддог юм. Бас болоогүй ээ сайн дурын уран сайханч жүжигчин. Талийгаач Жасрай гуайн дээд талын дээд талын анги байсан гэсэн. Яагаад ч юм бурхан шашин гэхээр л уур нь хүрдэг байсын. Тэгсэн мөртлөө хааяа радиогоор янз бүрийн ном, маань явахаар дагаж дуржигнуулна. Багадаа ном үзэж байсан шиг байгаа юм. Эмээ тэр хоёр хоёулаа уншина шүү дээ.

Эмээ маань харин эсрэгээрээ их намхан. Бас хөөрхөн бүдүүн. Долоон сайхан хүүхэд, бас нөхрийнхөө дөрвөн дүүг өсгөж хүн болгосон буянтай буурал. Хөгшрөөд чихрэнд их дуртай болчихсон. Өвөө бид хоёроос чихэр нуугаад, тэрнийгээ байхгүйд гаргаж иддэг байсан шиг байгаа юм. Заримдаа гэрт гэнэт сүр сархийгээд л орохоор баригдаж байгаа юм. Гэр ахуйн ойр зуурын цахилгаан хэрэгслүүдийг засчихна шүү. Хужаа халуун тогоо задлачихсан хараад сууж байхыг нь хараад миний инээд хүрдэг байлаа. Тэгсэн чинь тэрнийгээ зассанаар барахгүй ойр хавийн айлуудын халуун тогоонуудыг засаад эхэлдийм даа. Бас хөөрхөн мөнгө авчихнаа.

Би оюутан байсан болохоор мөнгө муутай. Өвөө "наймаачин" болохоор "их баян". Түрийвчээ ухахад нь баахан 5000, 1000 харагдаад байхад л мөнгө байхгүй гэдэг байж билээ. Арван мянгатуудаа өөр газар хадгалдаг байсан юм. Өвөө бид хоёр аравт, хорьт, тавтын дэвсгэртүүдийг тоохгүй усны мөнгө гээд эмээд өгнө. Эмээ нөгөөдүүлийг нь багсайтал хураачихсан байдаг байсан. Хааяа надад амь тариа болно шүү дээ. Өглөө болгон өвөө хажуугийнхаа түмбүүшиг дээр 400 төгрөг тавина. Тэр нь миний ирэх очихын автобусны мөнгө + хоол идэх мөнгө. 200 төгрөгөөр яаж юм ид гэж байгаан бүү мэд.

Өөрөө нэг их гадуур хооллодоггүй болохоороо мэддэггүй байсан шиг байгаа юм. Хааяа би нөгөөхийг нь голноо. Угаасаа юунд хүрэхгүй нь тодорхой юм чинь. Тэгээд мөнгө нэмж нэхэхээр ёстой эрүү шүүлтэнд орж байж авна. Ихэнхи тохиолдолд би ёстой хамаг мэхээ хэрэглэж байж авдаг байсан ч заримдаа уурлаад хаалгаа саваад 400 төгрөгийг нь ч авахгүй гараад явчихна. Амьхандаа мөнгийг нь авахгүй явж өвөөг хохироож байгаа юм. Эмээ хойноос "Цогоо миний хүү эмээгээсээ ав" гээд л хоцорно. Маргааш өглөө нь харахаар түмбүүшиг дээр 1000 төгрөг энэ тэр харагдана шт. Надаас уучлал гуйж байгаа нь тэр. Миний хамгийн сайхан ааш гарна шүү дээ тэр өдөр. Аа яаяа мод хагалаад л, ус авна, өвөл байвал нүүрс энэ тэр оруулаад л.

Харин би удалгүй ажилд орж өвөөдөө дарамт болохоо больсон доо. Манай хашаанд метр гаран зузаантай хоёр гурван гуалин байсан юм. Бараг тав зургаан жил болсон. Тэрнийг хөрөөдөх гэж бараг гучин минут болдог байсан. Нэг удаа цалин буухаар нь Цайз зах дээрээс цахилгаан хөрөөтэй хүн дагуулж авчирч байгаад бүгдэнг нь хөрөөдүүлээд. Эмээ тэнд халаглаад л байна. "Ингээд тайрчихаар хурдан дуусчихдаг юм аа" гээд л. Нээрээ ч хурдан дууссан даа. Нэг бүтэн сайн өдөр Ю Би Эс телевизээр кино үзэх гээд сууж байсан чинь эмээ үглээд болдоггүй ээ. Мод хагалаад өг энэ тэр гээд. Эрх зээгийн царай гаргаад би чимээгүй суугаад байсан чинь зогсдоггүй шүү. Уур хүрээд байхаар нь би ухасхийж гараад л нэг тайрдсыг хага цохиж эхлэв. Нэг муу иргүй мөртлөө сайн хагалдаг мохоо сүхээ буулгатал эрхий хуруунаас дотогшоогоо алганы товгор хэсгийг тас цавчаад хаячихлаа. Харин цус гардаггүй шүү. Ер нь тэр дороо гардаггүй юм билээ. Сандраад эмээ рүү гүйж ороод хөвөн шатааж тавих гэтэл нөгөө тасдагдсан хэсэг нь санжчаад болдоггүй. Дургүй хүрээд нөгөөхийг нь тасдаж аваад гал руу хийчихсэн. Одоо тэрний сорви байдаг юм. Эмээ маань их сандарсан, уйлж байхыг нь хараад би их өрөвдөж билээ. Тэрнээс хойш би ч нэг их уурлаж юм хийхээ байж, эмээ ч надад ягшихаа байж билээ.

Хааяа гурвуулхнаа сайхан хоол хийж идэж булагнанаа. Эмээ ёстой гоё хоол хийдэг байсан юм. Хааяа тэр хоёр намайг хошгоруулж байгаад ногоотой хуурга хийлгэнэ. Би ногоотой хуурга сайн хийдэг байсан юм. Хоол гэснээс нэг удаа би тогоо дүүүрэн хоол хийлээ. Ёстой хичээж байгаад хийсэн хоол. Тэгсэн чинь хэн ч иддэггүй. Өвөө, эмээ тэгээд манай хашааныхнаас хэн нь ч идээгүй. Тэд нар айл хэсчээд ирсэн юм. Гэнэт бүүр аймаар уур хүрээд нөгөө тогоотой хоолоо тэр чигээр нь нохойд өгчихсөн. Тэгсэн чинь муу өвөө эмээ хоёр маань аягаа бариад хүрээд ирдэг байгаа. Яахав дээ нөгөө хоол байхгүй болчихон байсан юм чинь.

Ингээд бичээд байсан чинь би нээрээ аймаар эрх байжээ. Анх их сургуульд орсон жилээ хоол идээд сууж байсан чинь өвөө эмээ хоёр маань миний ард зогсчоод миний хавиргыг тоолж байж билээ. Өвөө баруун талыг, эмээ зүүн талыг. "Нэг, хоёр, гурав... арван нэг. Миний талд арван нэг тоологдож байна. Чинийх яаж байна?" гэж өвөө эмээгээс асууж байсан юмдаг. Тэгж тоолсныхоо дараахан хоорондоо нэг ярьж байсан гэсэн. "Энэ нэг хүүхдийг сайхан таргалуулахгүй бол болохгүй нь ээ" гэж. Их сургууль төгсдөг жилээ би овоо жин нэмсэн байсан шүү. Арай одооных шиг биш тэгэхдээ л илүүдэл жинтэй болох араандаа найдвартай орсон байсан. Намайг гэртээ хонохгүй гадуур хонохоор хоол тавьчихна. Гурав, дөрөв хоног шоудаад ирэхэд хөргөгчинд гурав, дөрвөн том аягатай хоол байж байдаг байж билээ.

Хоорондоо ярилцах гэснээс тэр хоёр маань их юм ярина аа. За муу Цогоогоо хоёрдугаар курст орохыг үзэх болов уу? Гурав, дөрөвдүгээр курс, их сургууль төгсөхийг харах болов уу? Хүнтэй суухыг нь харах болов уу? Энэ тэр гээд л байнга өөрсөддөө цаг заачихна. Тэгээд л хэн нь хэнээсээ өмнө үхэх вэ гээд л ярьж гарна. Би дунд орчихсон "Үгүй ээ өвөө түрүүлсэн нь дээр, эмээгээс хойш ёстой амьтан болно" гэх зэргээр тэнэг тэнэг юм ярьдаг байжээ. Одоо бодоход би яасан тэнэг, эрх, ухаангүй байж вэ??? Хангай шиг түшигтэй хоёр буурлынхаа хажууд буяныг нь эдэлж долоон жил амьдарсандаа би өөрийгөө азтай гэж тооцдог.

Хоёр хөгшин минь диваажинд очсон байх.

Friday, July 17, 2009

гарчигггүй

Нэг л жиндүүхэн санагдаж нойрноосоо сэрлээ. Урд шөнийн бүгчимд амь тэмцэн цонхоо дэлгэснээс салхи нэвт үлээжээ. Босч цонхоо хаагаад шилний цаадах орчинг харж зогслоо.

Бороо орж хоносон бололтой. Чийглэг бөгөөд уйтгартай. Вакум гэгдэх цагаан хүрээ бүхий цонхны шил “вакуум” байх ёстой дотор талаасаа цантан хөлөрсөн нь бороо үргэлжлүүлэн орсоор байгаа мэт сэтгэгдэл төрүүлэн цаанаа байгаа орчныг улам бүүдгэр харагдуулна. Байрны урд ургасан өндөр саглагар улиас модны мөчирс навчсаа даахгүй унжсан ч юм шиг, аль эсвэл цонхны шилэнд тогтсон хуурмаг борооны дуслуудыг үл даан тонгойсон ч юм шиг сонин сэтгэгдэл төрүүлнэ.

Бороо орохоор яагаад хүний сэтгэл тэгж их гунигт дарагддаг юм бол? Гуниг гэхээсээ илүү гүн бодол гэвэл тохиромжтой мэт. Борооноос болж гуниглан зогсохдоо би өөрийгөө уран бүтээлч биш гэдэгт их л харамсдаг юм. Элдвийг ургуулан бодож, төсөөлөн баяжуулаад дараа нь ямар нэг аргаар илэрхийлж бусдад харуулах юмсан гэж дандаа бодно. Тэгэх бүрдээ би өөрийн нагац эгчид халти атаархана.

Эгч маань зураач л даа. Амьдралын хэтэрхий материаллаг талд дарагдаад эгч маань бүтээл хийлгүй маш удсан. Монгол зургаар дагнасан болохоороо голдуу бурхан зурж гадаадынханд зарна. Зураас, нугалаа, үсний ширхэг бүрийг нэг бүрчлэн нарийн үзүүртэй бийрээрээ ширхэглэн дагуулж суугаа эгчийнхээ гарын хөдөлгөөнийг харан суух би их дуртай байж билээ. Хэдэн өдөр дараалан нойргүй сууж зургаа дуусгаад 300 500 доллараар зарчихлаа гэсээр инээн орж ирэх эгчийгээ хараад “авъяастай хүн ч гоё юм даа” гэж бахархан боддог байлаа. Мөнгөний ханш одоогийнхоос хавьгүй сайн байсан цаг дөө.

Наймаа голдуу хийсээр сүүлийн 10аад жилийн үдсэн байх аа. Их сэргэлэн. Нарны титмийн тэнд байдаг Говийн нэрийн барааны дэлгүүрээс ноолууран цамц авч гарч ирээд явж байтал нэг хүн нөгөөхийг нь сонирхсон юм байх. Тэр дор нь сэргэлэнтээд үнийг нь нугалж хэлээд л зарчихсан гэсэн. Гэртээ инээгээд л ороод ирж байгаа юм. Би худалдан авагчийг нь шоолоод. Хөөрхий зайлуул эгчид мөнгөө өгөөд инээгээд булан тойрсон чинь Говийн дэлгүүр, ороод харсан чинь нөгөө бараа нь хоёр дахин хямд.

Хоёр жилийн өмнө байх аа эгчийг маань Солонгост байдаг нэг урлан урьж хэдэн сараар ч билээ сууж уран бүтээлээ туурви гэж санал тавьсан юм. Бас цалинтай гэж байгаа. Сарын 800 ч бил үү 1000 ч билүү ногоон. Сайхан боломж байгаа биз. Авъяастай хүнд уран бүтээлээ туурвих орчныг нь бүрдүүлж өгөөд “юмаа хий, бид мөнгө өгье өө” гээд байдаг. Тэнд байсан хэдэн сар эгчийн минь хувьд хамгийн их бүтээлч хугацаа нь байсан байх аа.

Эгчийн зурагнуудаас заримыг нь доор орууллаа.