Wednesday, July 18, 2018

Бийдл туульчийн үлгэрүүд

Бийдл туульчийн үлгэрүүд

Эртний эх бичээсээс орчуулсан Хэрмайони Грэйнжер
Ж.К.Роулинг

Танилцуулга

Бийдл туульчийн үлгэрүүд нь залуу шидтэн охид, хөвгүүдэд зориулсан үлгэрүүд юм. Хэдэн зууны турш ард түмний дунд ам дамжин яригдаж, уншигдсаар ирсэн Дэвхэрдэг тогоо, Аз жаргалын оргилуур зэрэг үлгэрүүдийг нь Хогвартсын сурагчдын сайн мэддэгээрээ Маглуудын (ид шидгүй хүмүүс) Үнсгэлжин, Нойрсож буй гоо бүсгүйн үлгэрүүдтэй дүйцэхүйц билээ.

Бийдлийн үлгэрүүд нь олон талаараа манай шидэт үлгэрүүдтэй төстэй, тухайлбал, сайхан сэтгэлтэн ихэнх тохиолдолд шагналаа авдаг бол хорон санаат шийтгэлээ эдэлнэ. Гэвч нэг маш тодорхой ялгаа бий. Маглуудын шидэт үлгэрт гол баатруудад тулгарах саадын үр үндэс нь ид шид байх нь түгээмэл. Хорон санаат шулам амтат алиманд хор шингээх, эсвэл гүнжийг зуун жилийн гүн нойронд автуулах, хунтайжийг харахын эцэсгүй муухай адгуус болгон хувиргах гэх мэт. Харин Бийдл туульчийн үлгэрүүдэд гол баатар залуус, бүсгүйчүүл нь өөрсдөө ид шид хийж мэддэг хүмүүс боловч яг л энгийн бидэнтэй адил элдэв хүндрэл, саад тотгортой тулгарч байдаг. Үе үеийн шидтэн эцэг эхчүүдэд “ид шид бол асуудлын шийдлээс гадна эх үүсвэр юм” хэмээх амьдралын чухал хичээлийг хүүхдүүддээ тайлбарлахад Бийдлийн үлгэрүүд ихээхэн тус болсоор иржээ.



Эдгээр үлгэрүүд болон магл үлгэрүүдийн хоорондох өөр нэг томоохон ялгаа нь гэвэл Бийдлийн шидтэн бүсгүйчүүд нь магл үлгэрийн бүсгүйчүүдээсээ хавьгүй идэвхитэй байдаг. Аша, Альтэда, Амата, Баббитти Раббитти зэрэг шидтэн бүсгүйчүүд тавтай нойрсож эсвэл гээгдсэн шаахайг нь авчирч өгөхийг хүлээн дэмий суухын орон хувь тавилангийнхаа төлөө өөрсдөө зүтгэцгээдэг. Энэ хэдээс арай өөр ганц хүн байгаа нь “Хувилгааны үсэрхэг зүрх” үлгэрийн нэр тодорхойгүй залуу бүсгүй бөгөөд хэдийгээр манайхны үлгэрийн гүнжээс гарахуйц авир гаргасан боловч түүний хувьд үлгэр амар сайхандаа жаргаж төгссөнгүй.

Туульч Бийдл арвантавдугаар зуунд амьдарч байсан бөгөөд амьдралынх нь ихэнх хэсэг машид нууцлаг байдаг. Ямар ч байсан Йоркширт төрсөн нь мэдэгддэг ба үлдэж хоцорсон ганц модон цээж баримлаас нь харвал бавгар сахалтай нэгэн байсан бололтой. Үлгэрүүд нь түүний үзэл бодлын үнэн тусгал байсан гэж үзвэл, тэрээр маглуудад нааштай ханддаг бөгөөд тэднийг хорон санаат, өстөн дайсан гэхээсээ илүү зүгээр л үл мэдэгчид гэж үздэг байсан бололтой. Мөн тэрээр Хар шидээс ихээхэн жийрхэж, шидтэнүүдийн хамгийн муу талууд нь өөрсдийн авъяас чадварыг зөвхөн хүмүүсээс л гарч болох харгис хэрцгий, хайхрамжгүй, бас аархуу зангаар хэрэглэснээс болж тодордог хэмээн итгэдэг байжээ. Түүний үлгэрт ялгуусан амжилт олж буй залуус, бүсгүйчүүл нь хүчирхэг шидтэн биш харин төлөв даруу, ухаалаг, цэцэн цэлмэг хүмүүс байдаг.

Түүнтэй ижил араншинтай орчин цагийн шидтэн байсан нь мэдээж Мерлиний нэгдүгээр зэргийн одонт, Хогвартсын ид шидийн ухааны сургуулийн захирал, Олон улсын шидтэнүүдийн холбооны ерөнхий толгойлогч, Визенгамотын тэргүүн хувилгаан, профессор Албус Персивал Вулфрик Брайан Дамблдор билээ. Хэдийгээр үзэл бодол ойролцоо нь илэрхий боловч түүний Хогвартсын сан хөмрөгт гэрээслэн үлдээсэн эд зүйлсийн дотор Бийдл туульчийн үлгэрүүдийн тухай тэмдэглэл, өгүүллүүд байсан нь ихээхэн сонирхолтой олдвор болсон юм. Өөртөө зориулж бичиж байсан эсвэл хожим нийтлүүлэхээр зэхэж байсан эсэх нь тодорхойгүй боловч Хогвартсын одоогийн захирал профессор Минерва МакГонагаллын зөвшөөрөн соёрхсоны дагуу профессор Дамблдорын эдгээр тэмдэглэлүүдийг, тус үлгэрүүдийг Хэрмайони Грэйнжерийн цоо шинээр орчуулсны хамтаар ийнхүү хэвлэн нийтэлж байгаа болно. Шидтэний түүхэн замнал, хувийн дурсамж, бас үлгэр бүрийн амин сэдвийн дагуух оюун гэгээрүүлсэн мэдээлэл бүхий Профессор Дамблдорын нэмэлт тэмдэглэлүүд нь шинэ үеийн залуу шидтэн болон магл уншигчдад Бийдл туульчийн үлгэрүүдийг таашаан уншихад онцгой дэм болно хэмээн бид найдаж байна. Түүнийг биечлэн таньдаг байсан олон хүмүүс энэхүү номоос олсон орлого бүхэн Хүүхдийн сайн сайхны төлөөх сайн үйлийн аянд хандивлагдана гэдгийг мэдсэн бол профессор Дамблдор нэн даруй гар сунган туслах байсан гэдэгт итгэж байгаа билээ.

Профессор Дамблдорын тэмдэглэлүүдэд нэг жижигхэн тодруулга хийсэн нь дээр байх гэж үзэж байна. Бидний мэдэж байгаагаар эдгээр тэмдэглэлүүдийг Хогвартсын одон орон судлалын цамхаг дээрх эмгэнэлт явдал болохоос барагцаалбал 18 сарын өмнө бичсэн гэдэг нь тодорхой байдаг. Саяхан дууссан шидтэний дайны түүхийн талаарх мэдээлэлтэй хүмүүс (Харри Поттерын амьдралын тухай долоон боть номыг уншсан хүмүүсийг энд оруулж болох юм) профессор Дамблдорыг сүүлийн үлгэрийн талаар өөрийн мэдэж байгаагаас хавьгүй багыг тэмдэглэлдээ оруулсан байгааг мэдэх болно. Тэгж танаж бичсэний учир нь магадгүй Дамблдорын хамгийн ойрын, хамгийн алдартай шавьдаа олон жилийн өмнө хэлж байсан үгэнд оршиж байж ч болох юм.

“Энэ бол гайхалтай бас гамшигтай эд, тийм ч учраас анхааралтай, нандигнаж хандах нь зүйтэй.”

Түүнтэй санал нийлэх эсэх нь төдийлөн хамааралгүй ч профессор Дамблдорыг ирээдүйн уншигчдыг өөртэйгээ адил алдаа гаргаж, хохирохгүй байгаасай хэмээн тунгаасныг нь уучлан үзэж болно гэж бид бодож байна.


Ж.К.Роулинг
2008 он

Тэмдэглэлийн тухай тэмдэглэл

Профессор Дамблдорын тэмдэглэлүүд шидтэн уншигчид руу хандан бичигдсэн бололтой байсан тул би зарим хэсэгт маглуудад ойлгомжтой байлгах үүднээс тайлбар зүүлт оруулсан болно.

ЖКР

(Үлгэрүүд тун удахгүй ЧҮНДЖ хуудаснаа)

Sunday, June 24, 2018

"ХҮҮХДЭЭ УЙЛУУЛСАН НЬ" цувралаас...

(Red Turtle киног үзээгүй бөгөөд ойрын үед үзэх гэж байгаа хүн байвал энэ постыг алгассан нь бараг дээр байх. Яг үйл явдлыг нь ярихгүй ч санаа өгч магадгүй зүйлс байгаа тул зайлсхийгээрэй. Анхааруулсан шүү.)

Хэд хоногийн өмнө хүүхэдтэй цуг үзэх киногоо сонгох гэж хэсэг суулаа. Компьютер дээр байсан ДиСигийн цувралууд, Диснейгийн кинонуудыг гүйцээсэн бөгөөд заримыг нь хэдэнтээ давтан үзсэн тохиолдол байсан тул шинэ юм үзэхийг эрмэлзэв. Студио Гиблигийн кинонуудыг манай атаман нэг л тоож өгдөггүй. Хэлийг нь ойлгохгүй байна гэдгээр шалтаглаад тойроод гүйчих юм. Уг нь Мононокэ гүнж, Сэн энэ тэр гээд күүл мөртөө хөөрхөн охид байгаад байдаг. Тэгээд тойрч тойрч байгаад дараа ганцаараа үзье дээ гэж бодож байсан “Red turtle” киног эхлүүлчихлээ. Нөхөр эхэндээ нэлээн дургүй сууж байна. Сүүлдээ бүүр атийчихсан аймаар анхааралтай үзээд л байна.

Киноны дундуур бидний харилцан ярилцаж байсан үгсийн заримыг сийрүүлвээс:
- Далайн усыг яагаад ууж болдоггүй юм бэ?
- Борооны ус яагаад цэвэр байдаг юм?
- Азтай ах юм аа.
- Азгүй ах юм аа.
- Хөөрхий яст мэлхий үхчихлээ... Яагаад хүмүүс амьтан алдаг юм бэ?
- Эмэгтэй нь нүцгэн байх шиг байна!!
- Аав ээж хоёр нь үхчихсэн үү?
- Ээжийнх нь хөлнөөс цус гарч байна.
- Энэ хүү нь хаачих гээд байна? Ээжийг хаяад явчихаж байгаа юм байх даа???!
- Энэ хүү нь яагаад гуниглаад байгаа юм бол?
- Би л лав та хоёрыг хэзээ ч хаяж явахгүй!!
- Энэ хүү нь тэгээд хаашаа явж байгаа юм бол?
- Хань гэж юу юм?
- Хүү нь аягүй бол үхчихсэн байх аа. Хаана очсоныг нь гаргахгүй байна.
- Энэ ах яачив? Үхчихсэн үү?
- Яагаад үхчихэв?
- Эмэгтэй нь яагаад усан дотор зогсоод байна? Живэх гэж байгаа юм уу?
- Ямар гунигтай юм бэ.....
- Мэлхий болчихлоо. Яст мэлхий болчихлоо.
- Энэ яагаад яст мэлхий болчихов оо?
- Та яагаад надад ийм кино үзүүлж байгаа юм бэ?
- Яагаад дандаа ийм уйлуулдаг кино татаад байдаг юм бэ???

гээд цурхиртал хэсэг уйлав аа хөөрхий. Амьдрал ийм байдаг, хүн анхнаасаа ганцаараа байж байгаад, ханиа олж гэр бүл үүсгээд, хүүхэд нь ч бас цааш салбарлаад өөрийн гэрийг үүсгээд явдаг, хүүхэд шуухад нь явахаар аав ээж нь хоёулхнаа үлдээд, тэгээд өөд болцгоодог гээд амьдралыг ерөнхийд нь тайлбарлаж өгөөд нэмэр болсонгүй, эцсийн бүлэгт би шал дэмий кино татаж үзүүлсэн хүн болоод буруутаж дуусав. Ер нь тэгдийм дөө. Дандаа л миний буруу болдын. Тхх. Угаасаа.



#ЭнэрлэнгийнЯриа 

Tuesday, May 22, 2018

БАЯРТАЙ, САНТИ!

Нарлаг Испанийн Малагаас арвантавхан саяар хулуусан эрдэнэ мину.

Хөлбөмбөгт хэлж ирдэггүй хийсч ирдэг гэмтлээс болж Арсеналынхаа төлөө сүүлийн жил хагас бараг тоглосонгүй. Хийлгэсэн хагалгаа нь бүтэлгүйтэж үхжил явагдаад ахиллын өсгийнөөс 8 см хүртэл идэгдсэн байсан гэж сүүлд уншиж байсан. Бараг босоод алхаж байвал дээдийн заяа гэж эмч нар хэлсэн гэнэм. Гарын шивээстэй хэсгийг арьснаас авч өсгийний арьсыг нөхсөн зургийг нь харж сэтгэл эмзэглэж л байлаа. Гоолдох бүрдээ гарт нь шивээстэй охиныхоо нэрийг үнсдэг байсансан.

Анх ирэхэд нь энэ шавилхан нөхөр ч дээ гээд жаахан эргэлзэнгүй байсан ч удалгүй бүхний хайртай тоглогч болчихсон байж билээ. Ихэнх тоглогч нар баруун, эсвэл зүүн хөлөөрөө тоглодог бол мань эр хоёулангаар нь яг ижилхэн тоглодог. Тэр чинээгээрээ маш аюултай байдаг байж билээ. Намхан нөхрийг айлынхан биедээд дээрэлхээд гараад ирэх байх гэхээр огт биедүүлэхгүй, бөмбөгөө ч алдахгүй жижигхэн зайнд ёстой ганган амьтан байлаа даа. Халл Ситид хийдэг тэр чөлөөт цохилт уу? Ай даа.

Арсеналын ютүб сувгийн видеонуудыг хааяа үзнэ ээ. Нөхөр тэнд байнга инээж л явна. Ер нь бэлтгэлийн үеийн зураг, бичлэг харж байхад тувт мишээл тодруулж явдаг. Ер нь хүмүүст тоглолтоороо ч тэр, харьцаагаар ч тэр баяр баясгалан төрүүлж явдаг хүн шиг харагддаг. Зургаахан жил болоод явж байгаа ч зохих ёсоор хүндэтгэлтэй үдэж өгч чадсангүй дээ. Аз тохиож ямар нэг клубтэй гэрээ байгуулж чадвал олон жилийн өмнө Эдуардод алга ташсан шиг Ашбуртон Гровсдоо түүнд зориулан дуугаа дуулж, алга нижигнүүлэн таших болтугай!

Өө-өө Сан-ти Ка-зооо-рлаааа
Өө-өө Сан-ти Ка-зооо-рлаааа
Өө-өө Сан-ти Ка-зооо-рлаааа



Saturday, April 28, 2018

Freddie Mercury - I Was Born To Love You

Чамайг хайрлах гэж л би мэндэлсэн юм
Цохилох зүрхнийхээ булгилах тоолонгоор
Чамайгаа би асрахаар төрсөн юм, тийм,
Урсан өнгөрөх өдөр бүр,
Ойлгооч.
Чамайг хайрлах гэж л би мэндэлсэн юм
Цохилох зүрхнийхээ булгилах тоолонгоор
Чамайгаа би асрахаар төрсөн юм, тийм,
Урсан өнгөрөх өдөр бүр,

Чи зөвхөн надад заяагдсан ижил минь
Би харин чиний залуу
Чамайг надад л зориулж бүтээсэн
Зөвхөн миний цорын ганц экстаз
Чиний хайрыг булаах ганц боломж өгье гэвэл
Тэр л ганц боломжийн төлөө юу ч хийхээс буцахгүй би

Азаа үзье чиний төлөө би
Аядуу зөөлнөөр дурлалцах гэсэн юм би чамтай
Мөрөөдөлдөө хөтлөгдөж харалган болжээ би
Миний мөрөөдөл харин үргэлж биелдэг
Энэ бүхэн надад тохиолдож байгаад
Итгэж би ерөөс чадахгүй нь
Үнэхээрийн гайхамшигтай
Сайхан мэдрэмж төрж байна

Чамайг хайрлах гэж л би мэндэлсэн юм
Цохилох зүрхнийхээ булгилах тоолонгоор
Чамайгаа би асрахаар төрсөн юм, тийм,
Урсан өнгөрөх өдөр бүр,
Чамайг би хайрламаар байна
Чиний гэсэн юм бүхнийг би хайрлан биширнэ
Чамайгаа би хайрламаар байна, хайрламаар байна, хайртай
Чамайг хайрлахаар мэндэлсэн
Чамайг хайрлахаар мэндэлсэн
Тийм ээ, чамайг хайрлахаар би мэндэлсэн
Чамайг хайрлахаар мэндэлсэн
Чамайг хайрлахаар мэндэлсэн
Урсан өнгөрөх өдөр бүр чамайг хайрлахаар би мэндэлсэн.

Үнэхээрийн гайхамшигтай
Сайхан мэдрэмж төрж байна


Friday, April 20, 2018

ВЭНГЭР АУТ

Арсэн Вэнгэр энэ улирлыг дуусгаад ажлаа өгөхөө зарлаж Гүүнервэрст тэсрэлт болов.



Сүүлийн хэдэн жилд урьдын хүчирхэг Арсеналаас нэр л үлдсэн байна гэдгийг хаа сайгүй ярьцгааж байна. Ана мана үзэлцдэг байсан Юнайтедын домогт тоглогч нар хуучны ногоон зүлгэн дээрх ширүүн тулаануудыг дурсахдаа тоглолтын өмнө хонгилд байхаас эхлээд л тоглогчдыг харж сүрддэг байсан тухайгаа ярьж, одоогийн бүрэлдэхүүнийг тавлаастай. Яагаад ийм байдалд хүрэв. Арсеналд анх ирэхдээ шинэ цагийн түүчээ болж, Арсеналын төдийгүй Английн хөлбөмбөгийн хөгжлийг шинэ шатанд гаргаж ирсэн хэмээн хүн бүр түүнийг үнэлдэг. Үнэхээр ч түүний Арсенал дахь эхний хэдэн жил амжилтаар дүүрэн байсан. Английн Премьер лигийн алтан цомтой клуб манайхаас өөр байхгүй шүү дээ.

Кристофер Ноланы Харанхуйн хөлөг баатар дээр Бэтмэний тухай прокурор Харви Дэнтийн хэлдэг үг сүүлийн хэдэн жил тувт Арсэн Вэнгэрийг санагдуулаад байдаг болсон юм. “Баатар чигээрээ үхэх юм уу хэт удаан амьдраад дайсан болж хувирах болно” гэж Бэтмэнийг хэлдэг ч эцсийн дүнд өөрийгөө хэлсэн байдаг. Яг энэн шиг цагтаа Арсеналын гэрэл цацруулсан хөлөг баатар байсан Арсэн Вэнгэр өнөөдөр ингээд WengerOut гэж хөөгдөхдөө тулжээ. Өөрийнх нь л буруу. Уржнан, тэрний урд жил, үгүй байг гэхэд өнгөрсөн жил нэр төртэйгээр салах ёс хийгээд явж болох байсан ч өөрөө тэгэхийг хүсэлгүй хайртай хэмээн зарладаг клубээ нуман тулгуурт оруулан байж хоёр жилийн гэрээ шинэчлэн байгуулсан. Гэрээгээ сунгах үгүйгээ зарлалгүй хэт удаан хүлээлгэсэн нь тоглогчдын сэтгэлзүйд сөргөөр нөлөөллөө гэж өөрөө ч өнгөрсөн зун хүлээн зөвшөөрсөн.

Миний мэдэхийн л Арсенал үргэлж шилжилтийн байдалд байсан клуб. Намайг дэмжиж эхэлдэг жил клубын ахлагч Патрик Виеираг зарчихсан. Цаадах нь явах дургүй байсан л гэдэг. Гэхдээ зарчихсан. Дараа нь Деннис, тэгээд Пирес, Люнберг, Анри гэхчлэн ойр ойрхон том нэрнүүдээс хагацаж гарсан. “Михайлд нэг бодол бий” гэж бүгд итгэж байсан болохоор юу ч хэлээгүй. Жилийн жилд л Арсенал үнэхээр гайхамшигтай сайхан хөлбөмбөг үзүүлж бахдам тоглож байсан ч нэг жижигхээн юм л дутаад байгаа юм шиг санагддаг байлаа. “За дараагийн улиралд Өвгөн учрыг нь олчихно оо” гэж бүгд найдсаар. Арсеналын залуус юу юугүй л пижигнүүлээд алга болно доо гэж хүн болгон дотроо эмээгээстэй. Юнайтедын 92 оны төгсөгч нар шиг үе тэнгийн шижигнэсэн залуус гарч ирэх нь үү гэж нэг хэсэг айлгасан шүү. Фабрегас, Хлеб, Фламини, Насритангууд. Аргагүй шүү дээ цоо шинэ цэнгэлдэхэд орсон банк, зээл энэ тэр гээд өч төчнөөн дарамтан дунд өдий зэрэгтэй яваа нь их юм гэж гүүнерүүд түүнийг өмөөрч байв. Анх цэнгэлдэх сольж байхад “Арсенал удахгүй аварга том цэнгэлдэхэд орж байгаад тивийн аваргуудын төлөө Барса, Баерн тэргүүтэнтэй ана мана үзэлцдэг болно” гэсэн амлалт өгч байсныг санаж байна.

Манайх шинэ цэнгэлдэхийн өрийн дарамтан доор “тарчилж” байх тэр үед Баерн бас шинээр цэнгэлдэх босгоод тийшээгээ нүүж орсныг хэн ч ярьдаггүй. Тэр хугацаанд тэд лав манайх шиг ингэж чацга царайлаагүй байх шүү. Магадгүй сайн тоглодог байсан болохоор нь өмөөрч шалтаг хэлэх шаардлага гараагүй ч юм бил үү. Ингээд нэг л мэдэхэд “шинэчлэл”, “эрч хүч”, “ялахын төлөөх эрмэлзэл” гэх мэт сэтгэл шошготой байсан Арсэн Вэнгэрийг хүмүүс “чөдөр тушаа”, “дарангуйлагч”, “амиа бодогч” гэхчлэн цоллодог болж эхэлсэн байлаа. Үргэлж хөдөлж, хөгжиж байгаа хөлбөмбөгийн ертөнцийн хурдыг гүйцэж чадахгүй, гүйцэхийг ч хүсэхгүй хойш чангаагаад байхаар арга ч үгүй биз. Улирлууд ээлж дараагаар өнгөрөхийн хэрээр талбай дээрх тоглолт илт муудаж, сэтгэлгүй зүтгэлгүй тоглогч нараар дүүрсээр. Улирлыг маш муу эхлүүлээд яван чангарах, эсвэл айхтар сайн эхлүүлээд явцын дунд эрч саарсаар салгалж дуусдаг зүй тогтол нэгэнт тогтжээ. Хуучны сайхан Арсеналаас сүг сүүдэр ч үлдсэнгүй. Шалтгаан нь юу вэ? Мөнгө? Тоглогч? Энэ олон жилд Арсенал клубын шийдвэр гаргах, асуудал шийдэх түвшинд ганц л хүн тогтмол байсан.

Английн нэг үг байдаг юм. A man should know when to leave the party.
Бас нэг үг. Better late than never.

Вэнгэрийг явж байгаа тухай сонссон талаараа бичиж эхэлтэл өөрийн бодож байснаасаа нэлээн таагүй ч гэмээр уур амьсгалтай юм биччихэж. Яалт ч үгүй өнөөгийн сэтгэгдэл энэ аж. Гэхдээ л яг ингээд “Вэнгэр явлаа” гэсэн мэдээлэл сонсохоор өөрийн эрхгүй гуниг төрж байгаа нь нэгэн эрин өндөрлөж байгааг эрхгүй мэдэрснийх буй за. Нөгөөтэйгүүр манхайн цайж байгаа үүрийн туяатай зэрэгцээд “Өнөөдөр ямар өдөр байх бол?” хэмээн үл мэдэг түгшүүртэй мэт боловч эрхгүй догдлонгуй мэдрэмж бас нэн таатай.

Ганц юманд маш их итгэлтэй байна. Олон жилийн дараа энэ цаг үеийг дурсахдаа Арсэн Вэнгэрийг “Арсеналын түүхэн дэх шилдэг менежерүүдийн нэг байсан даа” гэж бодох нь тодорхой. Гэхдээ өнөөдөр биш. Маргааш ч биш. Олон жилийн дараа.

САЙХАН ДУРСАМЖ ҮЛДЭЭСЭНД БАЯРЛАЛАА, НОЁН ВЭНГЭР, БАЯРТАЙ!