Tuesday, May 22, 2018

БАЯРТАЙ, САНТИ!

Нарлаг Испанийн Малагаас арвантавхан саяар хулуусан эрдэнэ мину.

Хөлбөмбөгт хэлж ирдэггүй хийсч ирдэг гэмтлээс болж Арсеналынхаа төлөө сүүлийн жил хагас бараг тоглосонгүй. Хийлгэсэн хагалгаа нь бүтэлгүйтэж үхжил явагдаад ахиллын өсгийнөөс 8 см хүртэл идэгдсэн байсан гэж сүүлд уншиж байсан. Бараг босоод алхаж байвал дээдийн заяа гэж эмч нар хэлсэн гэнэм. Гарын шивээстэй хэсгийг арьснаас авч өсгийний арьсыг нөхсөн зургийг нь харж сэтгэл эмзэглэж л байлаа. Гоолдох бүрдээ гарт нь шивээстэй охиныхоо нэрийг үнсдэг байсансан.

Анх ирэхэд нь энэ шавилхан нөхөр ч дээ гээд жаахан эргэлзэнгүй байсан ч удалгүй бүхний хайртай тоглогч болчихсон байж билээ. Ихэнх тоглогч нар баруун, эсвэл зүүн хөлөөрөө тоглодог бол мань эр хоёулангаар нь яг ижилхэн тоглодог. Тэр чинээгээрээ маш аюултай байдаг байж билээ. Намхан нөхрийг айлынхан биедээд дээрэлхээд гараад ирэх байх гэхээр огт биедүүлэхгүй, бөмбөгөө ч алдахгүй жижигхэн зайнд ёстой ганган амьтан байлаа даа. Халл Ситид хийдэг тэр чөлөөт цохилт уу? Ай даа.

Арсеналын ютүб сувгийн видеонуудыг хааяа үзнэ ээ. Нөхөр тэнд байнга инээж л явна. Ер нь бэлтгэлийн үеийн зураг, бичлэг харж байхад тувт мишээл тодруулж явдаг. Ер нь хүмүүст тоглолтоороо ч тэр, харьцаагаар ч тэр баяр баясгалан төрүүлж явдаг хүн шиг харагддаг. Зургаахан жил болоод явж байгаа ч зохих ёсоор хүндэтгэлтэй үдэж өгч чадсангүй дээ. Аз тохиож ямар нэг клубтэй гэрээ байгуулж чадвал олон жилийн өмнө Эдуардод алга ташсан шиг Ашбуртон Гровсдоо түүнд зориулан дуугаа дуулж, алга нижигнүүлэн таших болтугай!

Өө-өө Сан-ти Ка-зооо-рлаааа
Өө-өө Сан-ти Ка-зооо-рлаааа
Өө-өө Сан-ти Ка-зооо-рлаааа



Saturday, April 28, 2018

Freddie Mercury - I Was Born To Love You

Чамайг хайрлах гэж л би мэндэлсэн юм
Цохилох зүрхнийхээ булгилах тоолонгоор
Чамайгаа би асрахаар төрсөн юм, тийм,
Урсан өнгөрөх өдөр бүр,
Ойлгооч.
Чамайг хайрлах гэж л би мэндэлсэн юм
Цохилох зүрхнийхээ булгилах тоолонгоор
Чамайгаа би асрахаар төрсөн юм, тийм,
Урсан өнгөрөх өдөр бүр,

Чи зөвхөн надад заяагдсан ижил минь
Би харин чиний залуу
Чамайг надад л зориулж бүтээсэн
Зөвхөн миний цорын ганц экстаз
Чиний хайрыг булаах ганц боломж өгье гэвэл
Тэр л ганц боломжийн төлөө юу ч хийхээс буцахгүй би

Азаа үзье чиний төлөө би
Аядуу зөөлнөөр дурлалцах гэсэн юм би чамтай
Мөрөөдөлдөө хөтлөгдөж харалган болжээ би
Миний мөрөөдөл харин үргэлж биелдэг
Энэ бүхэн надад тохиолдож байгаад
Итгэж би ерөөс чадахгүй нь
Үнэхээрийн гайхамшигтай
Сайхан мэдрэмж төрж байна

Чамайг хайрлах гэж л би мэндэлсэн юм
Цохилох зүрхнийхээ булгилах тоолонгоор
Чамайгаа би асрахаар төрсөн юм, тийм,
Урсан өнгөрөх өдөр бүр,
Чамайг би хайрламаар байна
Чиний гэсэн юм бүхнийг би хайрлан биширнэ
Чамайгаа би хайрламаар байна, хайрламаар байна, хайртай
Чамайг хайрлахаар мэндэлсэн
Чамайг хайрлахаар мэндэлсэн
Тийм ээ, чамайг хайрлахаар би мэндэлсэн
Чамайг хайрлахаар мэндэлсэн
Чамайг хайрлахаар мэндэлсэн
Урсан өнгөрөх өдөр бүр чамайг хайрлахаар би мэндэлсэн.

Үнэхээрийн гайхамшигтай
Сайхан мэдрэмж төрж байна


Friday, April 20, 2018

ВЭНГЭР АУТ

Арсэн Вэнгэр энэ улирлыг дуусгаад ажлаа өгөхөө зарлаж Гүүнервэрст тэсрэлт болов.



Сүүлийн хэдэн жилд урьдын хүчирхэг Арсеналаас нэр л үлдсэн байна гэдгийг хаа сайгүй ярьцгааж байна. Ана мана үзэлцдэг байсан Юнайтедын домогт тоглогч нар хуучны ногоон зүлгэн дээрх ширүүн тулаануудыг дурсахдаа тоглолтын өмнө хонгилд байхаас эхлээд л тоглогчдыг харж сүрддэг байсан тухайгаа ярьж, одоогийн бүрэлдэхүүнийг тавлаастай. Яагаад ийм байдалд хүрэв. Арсеналд анх ирэхдээ шинэ цагийн түүчээ болж, Арсеналын төдийгүй Английн хөлбөмбөгийн хөгжлийг шинэ шатанд гаргаж ирсэн хэмээн хүн бүр түүнийг үнэлдэг. Үнэхээр ч түүний Арсенал дахь эхний хэдэн жил амжилтаар дүүрэн байсан. Английн Премьер лигийн алтан цомтой клуб манайхаас өөр байхгүй шүү дээ.

Кристофер Ноланы Харанхуйн хөлөг баатар дээр Бэтмэний тухай прокурор Харви Дэнтийн хэлдэг үг сүүлийн хэдэн жил тувт Арсэн Вэнгэрийг санагдуулаад байдаг болсон юм. “Баатар чигээрээ үхэх юм уу хэт удаан амьдраад дайсан болж хувирах болно” гэж Бэтмэнийг хэлдэг ч эцсийн дүнд өөрийгөө хэлсэн байдаг. Яг энэн шиг цагтаа Арсеналын гэрэл цацруулсан хөлөг баатар байсан Арсэн Вэнгэр өнөөдөр ингээд WengerOut гэж хөөгдөхдөө тулжээ. Өөрийнх нь л буруу. Уржнан, тэрний урд жил, үгүй байг гэхэд өнгөрсөн жил нэр төртэйгээр салах ёс хийгээд явж болох байсан ч өөрөө тэгэхийг хүсэлгүй хайртай хэмээн зарладаг клубээ нуман тулгуурт оруулан байж хоёр жилийн гэрээ шинэчлэн байгуулсан. Гэрээгээ сунгах үгүйгээ зарлалгүй хэт удаан хүлээлгэсэн нь тоглогчдын сэтгэлзүйд сөргөөр нөлөөллөө гэж өөрөө ч өнгөрсөн зун хүлээн зөвшөөрсөн.

Миний мэдэхийн л Арсенал үргэлж шилжилтийн байдалд байсан клуб. Намайг дэмжиж эхэлдэг жил клубын ахлагч Патрик Виеираг зарчихсан. Цаадах нь явах дургүй байсан л гэдэг. Гэхдээ зарчихсан. Дараа нь Деннис, тэгээд Пирес, Люнберг, Анри гэхчлэн ойр ойрхон том нэрнүүдээс хагацаж гарсан. “Михайлд нэг бодол бий” гэж бүгд итгэж байсан болохоор юу ч хэлээгүй. Жилийн жилд л Арсенал үнэхээр гайхамшигтай сайхан хөлбөмбөг үзүүлж бахдам тоглож байсан ч нэг жижигхээн юм л дутаад байгаа юм шиг санагддаг байлаа. “За дараагийн улиралд Өвгөн учрыг нь олчихно оо” гэж бүгд найдсаар. Арсеналын залуус юу юугүй л пижигнүүлээд алга болно доо гэж хүн болгон дотроо эмээгээстэй. Юнайтедын 92 оны төгсөгч нар шиг үе тэнгийн шижигнэсэн залуус гарч ирэх нь үү гэж нэг хэсэг айлгасан шүү. Фабрегас, Хлеб, Фламини, Насритангууд. Аргагүй шүү дээ цоо шинэ цэнгэлдэхэд орсон банк, зээл энэ тэр гээд өч төчнөөн дарамтан дунд өдий зэрэгтэй яваа нь их юм гэж гүүнерүүд түүнийг өмөөрч байв. Анх цэнгэлдэх сольж байхад “Арсенал удахгүй аварга том цэнгэлдэхэд орж байгаад тивийн аваргуудын төлөө Барса, Баерн тэргүүтэнтэй ана мана үзэлцдэг болно” гэсэн амлалт өгч байсныг санаж байна.

Манайх шинэ цэнгэлдэхийн өрийн дарамтан доор “тарчилж” байх тэр үед Баерн бас шинээр цэнгэлдэх босгоод тийшээгээ нүүж орсныг хэн ч ярьдаггүй. Тэр хугацаанд тэд лав манайх шиг ингэж чацга царайлаагүй байх шүү. Магадгүй сайн тоглодог байсан болохоор нь өмөөрч шалтаг хэлэх шаардлага гараагүй ч юм бил үү. Ингээд нэг л мэдэхэд “шинэчлэл”, “эрч хүч”, “ялахын төлөөх эрмэлзэл” гэх мэт сэтгэл шошготой байсан Арсэн Вэнгэрийг хүмүүс “чөдөр тушаа”, “дарангуйлагч”, “амиа бодогч” гэхчлэн цоллодог болж эхэлсэн байлаа. Үргэлж хөдөлж, хөгжиж байгаа хөлбөмбөгийн ертөнцийн хурдыг гүйцэж чадахгүй, гүйцэхийг ч хүсэхгүй хойш чангаагаад байхаар арга ч үгүй биз. Улирлууд ээлж дараагаар өнгөрөхийн хэрээр талбай дээрх тоглолт илт муудаж, сэтгэлгүй зүтгэлгүй тоглогч нараар дүүрсээр. Улирлыг маш муу эхлүүлээд яван чангарах, эсвэл айхтар сайн эхлүүлээд явцын дунд эрч саарсаар салгалж дуусдаг зүй тогтол нэгэнт тогтжээ. Хуучны сайхан Арсеналаас сүг сүүдэр ч үлдсэнгүй. Шалтгаан нь юу вэ? Мөнгө? Тоглогч? Энэ олон жилд Арсенал клубын шийдвэр гаргах, асуудал шийдэх түвшинд ганц л хүн тогтмол байсан.

Английн нэг үг байдаг юм. A man should know when to leave the party.
Бас нэг үг. Better late than never.

Вэнгэрийг явж байгаа тухай сонссон талаараа бичиж эхэлтэл өөрийн бодож байснаасаа нэлээн таагүй ч гэмээр уур амьсгалтай юм биччихэж. Яалт ч үгүй өнөөгийн сэтгэгдэл энэ аж. Гэхдээ л яг ингээд “Вэнгэр явлаа” гэсэн мэдээлэл сонсохоор өөрийн эрхгүй гуниг төрж байгаа нь нэгэн эрин өндөрлөж байгааг эрхгүй мэдэрснийх буй за. Нөгөөтэйгүүр манхайн цайж байгаа үүрийн туяатай зэрэгцээд “Өнөөдөр ямар өдөр байх бол?” хэмээн үл мэдэг түгшүүртэй мэт боловч эрхгүй догдлонгуй мэдрэмж бас нэн таатай.

Ганц юманд маш их итгэлтэй байна. Олон жилийн дараа энэ цаг үеийг дурсахдаа Арсэн Вэнгэрийг “Арсеналын түүхэн дэх шилдэг менежерүүдийн нэг байсан даа” гэж бодох нь тодорхой. Гэхдээ өнөөдөр биш. Маргааш ч биш. Олон жилийн дараа.

САЙХАН ДУРСАМЖ ҮЛДЭЭСЭНД БАЯРЛАЛАА, НОЁН ВЭНГЭР, БАЯРТАЙ!

Wednesday, April 18, 2018

ГАЗ ЖАРАН ЕСТЭЙ ДУРСАМЖ


Хөгшин аавынхаа машины тухай дүү нартайгаа ярилцаж байгаад нэг явдлыг дурсав. Газ-69 гэж олны дунд нэршсэн тэрэг л дээ. Арай богиновтор 4 хаалгатайг нь А69, арай урт, арын кабинд ханаа дагасан вандан маягийн суудалтайг нь Б69 гэж ялгадаг байсныг хүмүүс мэддэг биз. Өвөөгийн тэрэг тийм урт суудалтай нь байсан юм. Уг нь даавуун бүхээгтэй байдгийг нь Монголын цаг уурт тохиромжтой, төмөр бүхээг болгож сайжруулсан тийм тэрэг байлаа.

Олон жилийн өмнө дөө. Нэг зун хүргэн ахынхан маань нутаг явахаар болов. Хүргэн ах, авга эгч, тэгэхэд дөнгөж мэндлээд удаагүй байсан Одноо дуу гурав маань Баян-Өлгий рүү онгоцоор явах болоход манайхан Дарханаас Улаанбаатар руу хүргэж өгсөн юм. Бөөнөөрөө чихээд л явсан. Газ-69ийн нэг авууштай нь тэр л дээ. Мааангар олон хүн ордог. Тэгээд манайхан хүнээ хүргэж өгөөд буцацгаав өө. Манайх гэр бүлээрээ, аав, ээж, дөрвөн хүүхэд, дээр нь аавын нэг найз, тэгээд авга ах Нямдорж. Удаан явцгаасан болохоор буцахдаа бүгд унтлаа. Арын кабиндаа манайхан гудас дэвсээд унтчихдаг байсан юм. Аав жолоо барьсаар байгаад ядарсан болохоор ахад түр шилжүүлээд, амрахаар хажуулсан байлаа. Ер нь бүгдээрээ л унтацгааж байсан. Дүү охин болон жолоо барьж байгаа ах хүү хоёроос бусад нь л даа.

Унтаж байтал нойрон дунд хэд хэд айхтар донслов. Тар няр буугаад л явчихсан. Дүү охины дуу хадаад л явчихлаа. Байдгаараа орилоод л байна. Нүдээ нээсэн чинь машины шал дээр харагдаж байх юм. Гайхаад хартал таазан дээр хэвтэж байна. Хамаг юм ундуй сундуй болсон. Унтаж байсан хоёр дүү бас гайхаж манарсан харцтай. Тэгээд бүгдээрээ гарцгаалаа машинаасаа. Таазан дээгүүр мөлхөөд урд талын жолоочийн хаалгаар л гарсан байх. Гараад хартал замын хажууд уруугаа харчихсан хэвтэж байдаг юм. Ээж ухаангүй. Чирч гулдраад гаргацгаалаа. Аавын хуйх нь урагдаад нүүр лүүгээ унжаад ороод ирчхэж. Дүү орилсоор л. Ах машинаа тойроод л гүйгээд байна. Дүүг доор нь орилоод байна гэж бодсон гэж сүүлд нь ярьж байсан. Нөхөр тэгэхэд аль эрт бидэнтэй цуг гараад ирчихсэн машины хажууд л орилоод байгаа юм. Ах сандарсандаа болоод харахгүй л хажуугаар нь гүйгээд байсан байна билээ.

За тэгээд ах машин тойрч гүйхээ болиод аавын толгойг боох ажиллагаа эхлэв. Тэр хооронд ээж ухаангүй хэвээрээ. Ээжийг сэргээх гэж янз бүрээр л үзсэн юм. Алгадаж малгадаад л. Тэгж байтал гэнэт өндийгөөд ирэв ээ. “Хүүхдүүд зүгээр үү?” “Зүгээр” гэнгүүт буцаад унаад өгсөн. Инээдмийн кинонд гардаг шиг л санагдаж байж билээ. Дахиад хэсэг татаж чангааж байгаад ээжийг босгож ирэнгүүт аавын толгойг ээж боолоо. Ахын боолт гэж сапирсан юм байсан л даа. Яг урагдсан хэсгийг нь тойруулаад л боочихсон байсан санагддаг юм. Хөөрхий сандарсан л даа. Тэгж байтал араас ирж явсан машинууд зогсоод яав ийв гэцгээгээд бид хэдийг суулгаж Баруунхараа хүргэж өгсөн. Баруунхараад манай садангийн айл байдаг байсан болохоор тэднийд очоод, аавыг эмнэлэгт хүргэж толгойд нь оёдол хийлгэж байж билээ. Машин хөмрөх үед жолоочийн суудлын арын завсарт хавчуулаад тавьсан байсан хорин литрийн канистрын амсар аавын толгойд тусч язласан байсныг сүүлд нь мэдсэн.

За тэгээд юу болсон бэ гэхээр ах хүү тамхи татна аа. Газ 69-ийн хаалганы цонх доошоо буудаггүй, урд талын жижигхэн салхивч, гурвалжингаар тамхиа гаргаж хаясан байгаа юм. Тэгтэл нүднийх нь буланд нөгөө тамхи шатахууны сав руу орчих шиг зэрвэс харагдаж л дээ. Гайхаад эргэж харахдаа жолоогоо зүүн тал руугаа цуг дарчихсан байгаа юм. Улаанбаатараас Дархан явах замд яг Баруунхараа руу урууддаг дээр нэг их сайхан шулуухан зам, хоёр талаараа наран цэцэг ургасан талбай байдгийн тэнд л дээ. Замын хажуугийн ховил руу шууд копутаараа шааж өндийж ирээд, хошуун дээрээ эргээд дээшээ хараад уначихсан гэдэг юм. Дүү охин сэрүүн, яг ахын ард суугаад зам руу харж явсан болохоор эхнээс нь авахуулаад л орилоод байсан гэсэн.

Тухайн үедээ миний хувьд төдийлөн аймаар санагдаагүй өнгөрсөн энэ явдлыг сүүлд бодохоор аймаар санагддаг юм. Даваадоржийнх гэдэг айл тэр чигээрээ байхгүй болж болох байж шүү дээ гэж бодогдоод. Яахав бага зэргийн хэтрүүлэгтэй л дээ. Аав толгойдоо оёдлын сорвитой болсноос өөр ямар ч хохиролгүй хал балгүй салснаа бодохоор азтай л өнгөрсөн санагддаг. Ахад харин нэг хэсэгтээ л хэцүү байсан байх даа хөөрхий. Дурсамж нэг иймэрхүү.

Saturday, November 18, 2017

АНИРГҮЙН ЧИМЭЭ

Саймон Гарфункел хоёрын гайхамшигтай дуунуудын нэгийг гэнэт монголчилмоор санагдаад. Дууны үг англиараа хавсаргасан бичлэгийн тайлбар хэсэг бий.

АНИРГҮЙН ЧИМЭЭ

Түнэр харанхуй – миний анд,
Тухлан ярилцахаар би ирэв, ахиад л.
Чимээгүй сүүдэгнэх нэгэн үзэгдэл бүртийсээр
Чивэлт үрээ унтах зуур минь үлдээн оджээ
Тархинд суулгасан өнөөх үр нь харин
Тэндээ байсаар л
Аниргүйн чимээн дунд.

Тавгүй зүүдэнд би ганцаар
Бүдэг гэрлийн цагирган бүрхүүл доогуур
Хүрмээ чийгтэж, зах нь хайртал
Туучин алхав чулуун замаар.
Элдэв өнгийн эрээн гэрэл
Эгээтэй л нүдийг минь нэвт сүлбэсэнгүй
Шөнийн харанхуйг зуран хуваасан тэр гэрэл
Аниргүйн чимээг нэвтлэн алдана.

Бялхан цацрах тунгалаг гэрэлд
Буман хүмүн, магадгүй бүр их,
Бүхнийг үл өгүүлэн ярилцаж,
Бусдыг анирдалгүй бүгдийг сонсож,
Сэтгэл шингээгүй дуу бичицгээвч
Харин, ганц үг ган хийж
Аниргүйн чимээг хөндөж эс зүрхлэнэ.

“Тэнэгүүд” хэмээн би уурлав.
“Тахал мэт тархдаг нам гүмийг
Та нар эс мэднэ үү.
Үгийг минь сонс, хичээл болно.
Гарыг минь барь, таныг түшье”
Хэлэх үг минь чимээгүй дусал мэт унав
Аниргүйн чимээнд цуурайтан одов.

Харин хүмүүс бөхийсөөр, залбирсаар
Эрээн гэрлэн хиймэл бурхаддаа.
Түүнээс гарах гэрлэн дохио анивчсаар
Үг үүсгэж анхааруулан гэрэлтэж
Ийн хэлрүүн:
“Зөнч мэргэн үгсийг
Сийрүүлэн бичив.
Хонгилын хана, түрээсийн танхимд
Аниргүйн чимээнд аяар шивнэтүгэй”


Hello darkness, my old friend
I've come to talk with you again
Because a vision softly creeping
Left its seeds while I was sleeping
And the vision that was planted in my brain
Still remains
Within the sound of silence

In restless dreams I walked alone
Narrow streets of cobblestone
'Neath the halo of a street lamp
I turned my collar to the cold and damp
When my eyes were stabbed by the flash of a neon light
That split the night
And touched the sound of silence

And in the naked light I saw
Ten thousand people maybe more
People talking without speaking
People hearing without listening
People writing songs that voices never shared
No one dared
Disturb the sound of silence

"Fools," said I, "you do not know
Silence like a cancer grows
Hear my words that I might teach you
Take my arms that I might reach you"
But my words like silent raindrops fell
And echoed in the wells of silence

And the people bowed and prayed
To the neon god they made
And the sign flashed out its warning
In the words that it was forming
And the sign said "The words of the prophets are written on the subway walls
And tenement halls
And whispered in the sound of silence"